Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2023/02035

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 24 өдөр

 Дугаар 102/ШШ2023/02035

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Залуус хотхоны 11 дүгээр байр, 01 тоот хаягт оршин суух, Гөрөөчийн овогтой Цэдэнгийн А /РД: Ч7/-ийн нэхэмжлэлтэй,

           

Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, ХД 36 байр, 02 тоот хаягт оршин суух, Боржигин овогтой Чулуунбатын Т /РД: Х7/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 44-34 УНБ улсын дугаартай XINFENG YT600 маркийн өрмийн машиныг Ч.Тийн эзэмшлээс гаргуулж, уг тээврийн хэрэгслийг Ц.Аын нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. Хариуцагч Ч. Хариуцагчийн өмгөөлөгч  Г. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч Ч.Тхолбогдуулан 44-34 УНБ улсын дугаартай XINFENG YT600 маркийн өрмийн машиныг Ч.Тийн эзэмшлээс гаргуулж, уг тээврийн хэрэгслийг Ц.Аын нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэгч Ц.А нь нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаад байгаа өрмийн машин буюу тээврийн хэрэгслийг Бүгд найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын өөртөө засах орноос Монгол Улсын хилээр 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр оруулж ирсэн. Уг машины өмчлөгч эзэмшигч нь бол Ц.А юм. Ц.А 2018 оны 5 дугаар сарын 21-ны өдөр Ч.Ттой зээлийн гэрээ байгуулж 200,000,000 төгрөг зээлэхээр тохиролцож, талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т заасны дагуу гэрээг бичгээр байгуулж гарын үсгээ зурж баталгаажуулсан байдаг. Энэ зээлийн гэрээгээр 200,000,000 төгрөгийг гэрээнд зааснаар 10 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцсон байдаг. Ц.Аын хувьд энэ зээлийн гэрээний баталгаа болгож барьцаалах зорилгоор маргаан бүхий тээврийн хэрэгслийг Ч.Тийн нэр дээр бүртгүүлсэн. Яагаад гэвэл тухайн тээврийн хэрэгсэл 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Монгол улсын хилээр орж ирээд эзэмшигчид түүний нэр бүртгэгдээгүй буюу тээврийн хэрэгслийн гэрчилгээ аваагүй байсан. Зээлийн гэрээний барьцаа болгох үүднээс шууд тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчээр хариуцагч Ч.Тийг бүртгүүлсэн байдаг. Гэтэл хариуцагчийн зүгээс 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээнд заасны 200,000,000 төгрөгийг, зээлийн хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлээгүй. Хариуцагчийн зүгээс зээлийн гэрээнд заасан зээлийн хөрөнгийг зээлдүүлэгчид шилжүүлээгүй учраас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 196 дугаар зүйлийн 196.1.1-т зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй байна. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т барьцааны гэрээ бичгээр байгуулна гэж заасан. мөн Иргэний хуулийн 156.3.Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Үүнээс дүгнээд үзэхэд хариуцагчийн зүгээс зээлийн баталгаа болгох зорилгоор зээлийн гэрээ байгуулж тээврийн хэрэгслийн эзэмшигчээр бүртгэгдсэн. Тээврийн хэрэгслийн эзэмшигчээр бүртгэгдсэн боловч зээлийн хөрөнгийг шилжүүлээгүй. Талуудын хооронд тухайн тээврийн хэрэгсэлтэй  холбоотой харилцаа хүчин төгөлдөр харилцаа гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй. Иймд тухайн тээврийн хэрэгслийг хариуцагчийн эзэмшлээс гаргуулж, 2022 онд прокурорын тогтоол гарч тухайн тогтоолоор энэ тээврийн хэрэгслийг битүүмжилнэ гэдэг байдлаар нэхэмжлэгчээс бодитоор гаргуулж одоогоор эзэмшил нь Ч.Т дээр байгаа. Иймд тухайн тээврийн хэрэгслийг бодитоор гаргуулъя, тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчийн бүртгэлийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Мөнх-Орчон гэдэг хүнээс надад өрмийн ажлын санал тавьсан. Дорнод аймагт зөвшөөрөл бүх зүйл нь гарсан хамтарч ажиллая, намайг санхүүжилтээ гаргачих гэж хэлсэн. Ингээд Мөнх-Орчлон бид хоёр Ц.А гэдэг хүнтэй уулзаад ажлын талаар ярилцсан. Ц.А, Мөнх-Орчлон хоёр надаас эхний ээлжид 200,000,00 төгрөг нэхсэн. Нийт 239,700,000 төгрөгийг Ц.А, Мөнх-Орчлон хоёрт өгсөн. Ц.А тухайн үед авснаа хүлээн зөвшөөрдөг. Би тухайн хамтарч ажиллаж байгаа ажлаас “хэдийд ямар ашиг авах талаар асуухад” Ц.А “намайг чи мөнгөө өгчих, мөнгөнийхөө оронд өрмийн машиныг чи ав гээд, бид хоёр улсын бүртгэлийн машин шилжүүлдэг газар хамт очсон. Тухайн үед худалдах, худалдан авах гэрээ хийх үү гэхэд өөрсдөө биеэрээ ирсэн учир шаардлагагүй гэсэн. Ц.Аоос хамтарч ажилласан ашгийн мөнгө хэдэнд яаж орж ирэхээр талаар ярилцаж мөнгө өгтөл мөнгө авсны дараа Ц.Аын зан байдал өөрчлөгдсөн. Ц.А гялс мөнгө өг гэсээр байгаад Мөнх-Орчлон руу бүх мөнгийг шилжүүлсэн. Эхлээд 200,000,000 төгрөг дараа нь 39,700,000 төгрөг авсан. Би бүх байр саваа тавьж тэр мөнгийг өгсөн. Хөрөнгө оруулалт оруулсан учир мөнгө төгрөг авмаар байдаг. Жил хүлээсэн ямар ч мөнгө орж ирээгүй. Би Дорнод аймаг явж тухайн ажил байгаа газар очсон. Намайг очиход нэг архичин манаач, дээр үеийн явдаггүй камаз машинууд байсан. Зээлийн гэрээ гэж яриад байна. Би мөнгө өгсөн айдастай байсан. Бид нар анхнаасаа зээлийн гэрээ гэж яриагүй. Хамтран ажиллах гэж ярьсан. Тухайн хамтран ажиллах гэрээгээ баталгаажуулаад худалдах худалдан авах гэрээгээ хийе гэж нотариат дээр очсон чинь чи нэр дээрээ шилжүүлээд авсан учир худалдах, худалдан авах гэрээ хийх боломжгүй гэсэн. Худалдах, худалдан авах гэрээ хийх боломжгүй учир зээлийн гэрээ хийсэн. Би 2019 онд Мөнх-Орчлон, Ц.А хоёрыг цагдаад өгсөн. Миний машиныг авч явчхаад олдохгүй байсан. Цагдаа, шүүхэд өгсний дараа намайг Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүхэд өгсөн байна. Өөрөө ч надтай уулзаагүй. Ц.А мөнгөө авчхаад аргацаасаар өдий хүрсэн гэв.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, тээврийн хэрэгслийн пүүний баримт, Авто тээврийн үндэсний төвийн оношилгооны орлогын болон татвар төлсөн баримт, Ц.А болон Ч.Т нарын хооронд 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээ, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, 44-34 УНБ улсын дугаартай XINFENG YT600 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1465 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай тогтоол, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 27ка1-2596 дугаартай албан бичиг, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 190904659 дугаартай тогтоол, Хаан банк дахь Ч.Тийн дипозит дансны дэлгэрэнгүй хуулга, Голомт банкны төлбөрийн баримт, Хаан банкны Ч.Тоос Ц.Аод 4,200,000 төгрөг шилжүүлсэн баримт, Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт Ч.Т, Э.Энхтөр нараас гаргасан гомдол, Хаан банк ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 6804 дугаартай Ц.Аын данс эзэмшигчийн тодорхойлолт, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 27 ка1/5251 дугаартай албан бичиг, мөрдөгчийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай санал, материалыг шилжүүлэхэд дагалдах баримтад тусгах мэдээлэл, Ч.Т болон Ц.Мөнх-Орчлон нарын хооронд 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ, А.Одгэрэлийн иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, Ц.Аын нас барсны гэрчилгээ, Тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, Ч.Тийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЗ/52 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ДШМ/216 дугаартай магадлал, яллах дүгнэлтийн хавсралт, Голомт банк дахь Э.Мөнх-Орчлонгийн дансны хуулга, эрүүгийн хэрэгт гэрчээр Ч.Энхмаа, Д.Батбилэг нараас мэдүүлэг авсан тэмдэглэл, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 04 дугаартай гомдлыг хүлээн авч, прокурорын шийдвэр хүчингүй болгох тухай тогтоол, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн мөрдөгчийг хэргээс татгалзан гаргах тухай тогтоол, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банк, Капитрон банк, Төрийн банк дахь Ц.Аын дансны дэлгэрэнгүй хуулга, Ариг банк, тээвэр хөгжлийн банк, М банк, Голомт банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Богд банкуудад Ц.Аын данс эзэмшдэггүй тухай тодорхойлолт, эрүүгийн хэрэгт Ц.Аоос мэдүүлэг авсан тэмдэглэл, гэрч Ц.А, Э.Мөнх-Орчлон нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл, Хаан банк дахь А.Одгэрэлийн дипозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна. Хариуцагчийн хүсэлтээр гэрчээр Д.Батбилэг, Ц.Сэржмядаг, Ч.Энхмаагийн мэдүүлэг авсан.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Ч.Т нь зээлийн гэрээний зүйлийг Ц.Аод шилжүүлээгүй тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, түүнчлэн Ц.Аоос тээврийн хэрэгслийг шилжүүлэх үндэслэл болсон барьцааны гэрээ бичгээр байгуулах хэлбэрийг шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул барьцаа хөрөнгийг буцаан гаргуулахаар шаардлага гаргасан.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд: Хариуцагч Ч.Т нь 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Э.Мөнх-Орчлонгоор дамжуулан Ц.Аод 200,000,000 төгрөг өгсөн бөгөөд энэ мөнгөний баталгаа болгож тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчээр Ч.Тийг бүртгүүлж, Ц.А нь тээврийн хэрэгслийг өөрөө бодитоор эзэмшиж байсан. Ч.Тоос авсан дээрх мөнгийг хүү, урамшууллыг хамт буцаан төлөөгүй нөхцөлд тухайн тээврийн хэрэгслийг зарж мөнгө гаргаж авах боломжтой гэж баталгаа гаргасан.  

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэг талаас Ч.Т, нөгөө талаас Ц.А нар 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч тал болох Ч.Т нь 200,000,000 төгрөгийг худгийн өрөмдлөгийн ажлыг санхүүжүүлэх зориулалтаар, 4 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч тал болох Ц.А нь зээлийн үндсэн төлбөр болон хүү, урамшуулал 110,000,000 төгрөг төлөх, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 44-34 УНБ улсын дугаартай XINFENG YT600 маркийн өрмийн зориулалттай тээврийн хэрэгслийг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.

 

5. Талуудын маргааны зүйл нь хариуцагч Ч.Тоос 200,000,000 төгрөгийг Ц.Аод өгсөн эсэх, талуудын хооронд зээлийн гэрээ, эсхүл хамтран ажиллах гэрээ байгуулагдсан эсэх талаар маргаж байна.

 

6. Хариуцагч талаас Дорнод аймагт худгийн өрөмдлөг хийхээр хамтран ажиллах санал тавьсан гэж тайлбарлаж байгаа боловч талууд худгийн өрөмдлөг хийх зорилгоор хамтын үйл ажиллагааны талуудын эрх үүрэг, удирдлагын бүтэц, ашиг, алдагдлыг хуваарилах журам, гэрээнээс гарах журам, гэрээг дуусгавар болгох үндэслэл, дундын эд хөрөнгийг хуваарилах журам зэргийг тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Харин хариуцагч Ч.Тоос Ц.Аын Дорнод аймагт хийх худгийн өрөмдлөгийн үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор мөнгөн хөрөнгө шилжүүлэх, нэхэмжлэгч Ц.А нь шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг, хүү, урамшууллын хамт буцаан шилжүүлэхээр тохиролцсон болох нь талуудын хооронд бичгээр байгуулсан зээлийн гэрээ,  талуудын тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

7. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна байна гэж үзлээ.

 

8. Хариуцагч Ч.Тоос 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 30,00,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 21,000,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 149,000,000 төгрөг, нийт 200,000,000 төгрөгийг Э.Мөнх-Орчлонд шилжүүлэн өгсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон, талууд энэ үйл баримтын талаар маргаагүй. Харин хариуцагч Ч.Тийг үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн эсэх талаар маргасан.

 

9. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд гэрч Э.Мөнх-Орчлонгийн “... Ч.Т, Ц.А хоёрын уулзах бүх тохиолдолд би хамт байгаагүй. 5 дугаар сарын 21-ний өдөр “... бид хоёр гэрээ хийлээ. Гэрээ хийсэн учраас мөнгө төгрөгөө өгч авалцахдаа өөрөөр чинь дамжуулж байна” гэсэн. Ч.Ттой шууд уулзсан. Ц.Атой ч шууд уулзсан. Гэхдээ тус тусдаа уулзсан. Ц.Атой 5 дугаар сарын 22-ны өдөр уулзсан” гэж мэдүүлсэн. /хэргийн 138-139 тал/,

хариуцагч Ч.Тийн шүүх хуралдаанд “Ц.А өөрөө мөнгөө Мөнх-Орчлонд өг гээд, би машиныг нэр дээр шилжүүлэх гэж бүтэн өдөржин явсан. Мөнгө төгрөгийн асуудлыг Мөнх-Орчлон мэддэг бид хоёрыг удаан хугацаанд 2017 оноос хойш өрмийн цооног ийм ажил гүйцэтгэсэн гэж ярьж байсан” гэж тайлбарласан.

Мөн хариуцагч Ч.Тоос “Анх автомашиныг миний нэр дээр шилжүүлэхэд гэрээ огт яригдаагүй, 3 сарын дараа авсан мөнгөө өгнө гэж байсан. 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр миний мөнгө орж ирэх ёстой байсан. Ерөөсөө орж ирээгүй. Миний мөнгө орж ирэхгүй байсан учраас 2018 оны 09 дүгээр сард гэрээ байгуулсан” гэх тайлбар нь талуудын хооронд бичгээр байгуулсан зээлийн гэрээг гэрчилсэн нотариатын дардасны огноо, гэрч Ц.Сэржмядагийн мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдож байна.

Дээрх гэрч Э.Мөнх-Орчлонгийн мэдүүлэг, хариуцагч Ч.Тийн тайлбар, Ч.Тоос мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс хойно нэхэмжлэгч Ц.А нь 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагч Ч.Ттой зээлийн гэрээг нөхөж бичгээр байгуулсан үйл баримт зэргийг харьцуулан үзэхэд хариуцагч Ч.Тийг зээлийн гэрээний үүргийг Э.Мөнх-Орчлонд хүлээлгэн өгсөн үйлдлийг зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч Ч.Т нь үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээд болох Э.Мөнх-Орчлонд шилжүүлсэн байх бөгөөд ийнхүү үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгүүлэгч Ц.А зөвшөөрсөн болох нь баримтаар тогтоогдож байх тул хариуцагч Ч.Тийг 200,000,000 төгрөгийг Ц.Аод хүлээлгэн өгсөнд тооцох үндэслэлтэй байна.

 

10. Хариуцагч Ч.Т нь нэхэмжлэгч Ц.Атой байгуулсан зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэсэн, харин зээлдэгч Ц.А нь зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүргээ гүйцэтгээгүй болох нь тогтоогдож байна гэж үзлээ.

 

11. Хариуцагч Ч.Т нь Ц.Аод шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн баталгаа болгож, тээврийн хэрэгслийн эзэмшигчээр өөрийг нь бүртгүүлсэн бөгөөд нэхэмжлэгч Ц.А нь шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүргээ гүйцэтгээгүй тул тээврийн хэрэгслийг буцаан шилжүүлэхгүй гэж, нэхэмжлэгч талаас талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан боловч барьцааны гэрээг бичгээр байгуулаагүй, хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул гэрээний дагуу шилжүүлсэн тээврийн хэрэгслийг буцаан гаргуулахаар шаардсан.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд маргаан бүхий тээврийн хэрэгслийн эзэмшигчээр Ч.Тийг бүртгүүлж, тухайн тээврийн хэрэгслийг Ц.А бодитоор эзэмшиж байсан бөгөөд зээлийн мөнгөн хөрөнгийг төлөх үүргээ гүйцэтгэсэн үед буцаан шилжүүлэх нөхцөлтэйгөөр Ц.А өмчлөх эрхээ хариуцагч Ч.Тшилжүүлсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

 

12. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч Ц.А нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгө болох тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгч Ч.Тийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч Ц.А үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч Ч.Т уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

 

13. Нэхэмжлэгч Ц.А нь 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тээврийн хэрэгслийг Ч.Тшилжүүлэх хүсэл зоригоо илэрхийлсэн “өөрийн биеэр шилжүүлэв” гэсэн баримт бичиг үйлдэж, талууд гарын үсэг зурсан баримтаар нотлогдож байх тул /хэргийн 1 хавтас 249 тал/ Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2-т зааснаар бичгээр хэлцэл хийх шаардлагыг хангасан, мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.5-д заасантай нийцсэн гэж үзэхээр байна.

14. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-д зааснаар үүрэг хүлээгч Ц.А мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч Ч.Т бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч Ч.Тоос шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй байх тул хариуцагч Ч.Т тээврийн хэрэгслийг бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болсон байна.

 

15. Иймд талуудын хооронд байгуулагдсан фидуцийн гэрээ дуусгавар болсон байх тул нэхэмжлэгч 44-34 УНБ улсын дугаартай XINFENG YT600 маркийн өрмийн машиныг Ч.Тийн эзэмшлээс гаргуулж, уг тээврийн хэрэгслийг Ц.Аын нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгахыг шаардах эрхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

16. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 235 дугаар зүйлийн 231.1, 235 дугаар зүйлийн 235.4-д заасныг баримтлан 44-34 УНБ улсын дугаартай XINFENG YT600 маркийн өрмийн машиныг Ч.Тийн эзэмшлээс гаргуулж, уг тээврийн хэрэгслийг Ц.Аын нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ч.БАТЧИМЭГ