Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 1153

 

 

 

 

 

 

 

 

 

Р.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/00876 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Р.Бын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Ж, Б.А нарт холбогдох,

 

Гэрээний хохиролд 581 210 959 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Зохигчдын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Р.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Оюунболд,

Хариуцагч Б.Ж,

Хариуцагч Б.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхболд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 12 дугаар сард Б.Ж болон Б.А нартай Дундговь аймгийн Өндөршил суманд байрлалтай жоншны уурхайгаас жонш олборлоход хамтран ажиллахаар амаар тохиролцсон.

Р.Б нь Б.Ж, Б.А нарт 120 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай өгсөн ба хугацаа дуусах үед 140 000 000 төгрөг болгон буцаан авах, Б.Ж, Б.А нар нь өөрийн тоног төхөөрөмж, ажилчдаар ханган жонш олборлох үйл ажиллагаанд хамтрах, ашиг гэж 220 000 000 төгрөгтэй тэнцэх жонш өгөх, бусад олсон ашгийг Б.Ж, Б.А нар авахаар ярилцсан.

Би “А Ү А” ББСБ-аас 140 000 000 төгрөгийг зээлж 120 000 000 төгрөгийг Б.Ж, Б.А нарт бэлнээр болон тэдний хэлсэн банкны харилцах дансанд 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд өгсөн. 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Б.Ад бэлнээр 30 000 000 төгрөг, дансаар 5 000 000 төгрөг өгсөн. Дараа нь 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Б.Жы шилжүүл гэж хэлсэн дансанд 8 000 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр түлшинд зориулж 35 000 000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 40 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.

Ингээд жонш олборлолтын үйл ажиллагаа явагдаж эхэлсэн бөгөөд би ганц, хоёр удаа л олборлолтын талбайд очсон. Тухайн үед Б.Агийн техникүүд байсан бөгөөд надаас нийтдээ 120 000 000 төгрөг авсан гэдгийг мэдэж байсан. 2 сарын дараа Б.Жтай уулзаж тохиролцсон 140 000 000 төгрөгийг асуухад Б.А жонш зарсан мөнгөө аваад явсан, чиний мөнгийг ямар ч байсан өгнө гэж хэлсэн.  Банк бус санхүүгийн байгууллага надаас 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээл 140 000 000 төгрөг, үндсэн хүү 255 610 959 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 47 600 000 төгрөг, нийт 443 210 959 төгрөгийг төл гэсэн мэдэгдэл ирүүлсэн. Би 43 500 000 төгрөгийг төлсөн. Иймд зээлийн гэрээний дагуу нийт 399 710 959 төгрөг, зээлийн хүүнд төлсөн 43 500 000 төгрөгийг хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хохирол гэж үзэж байна.

Мөн надад хамтран ажиллах гэрээний дагуу 1 500 тонн жонш буюу 220 000 000 төгрөг өгөх байсан бөгөөд үүнээс 1 000 тонн жоншны үнэ 82 000 000 төгрөгийг хасч тооцон 138 000 000 төгрөгийг нэхэмжилж байна.

Иймд Б.А, Б.Ж нараас нийт 581 210 959 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Ж шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбартаа: Б.А бид хоёр 2014 оны 11 дүгээр сард Дундговь аймгийн Өндөршил суманд “Т Ш” ХХК тусгай зөвшөөрлийн дагуу эзэмшиж байсан уурхайд жонш олборлолтын үйл ажиллагаа явуулахаар н.П-тэй амаар тохирсон.  Б.А бид хоёрт мөнгө байгаагүй учир Р.Бтой ярилцаж мөнгө авахаар болсон. Тухайн үед би уурхайн талыг, Б.А техник, ажиллах хүчийг, Р.Б санхүүжилтийг гарган бид гурав хамтарч ажилласан.

Р.Боос авсан 120 000 000 төгрөгийн 80 000 000 төгрөгийг “Т Ш” ХХК-ийн захирал н.Пд өгсөн ба үлдсэн мөнгийг нь жонш олборлолтын үйл ажиллагаанд зарцуулсан.

Б.А эхний ээлжид зарсан 1 000 тонн жоншны үнэ 150 000 000 төгрөгөөс Р.Бод өгөх 140 000 000 төгрөгийг өгөөгүй, бид маргалдаж Б.А бүх машин техникээ аваад явсан. Б.А уг 1 800 тонн жоншийг н.Х гэх найздаа зарсан бөгөөд 1 000 тонн жоншны үнэ 150 000 000 төгрөгийг Б.А авч 800 тонн жонш н.Хад үлдсэн. Сүүлд нь би очоод авах гэтэл чиний юм биш гээд өгөөгүй.

Би өөртөө 1 ч тонн жонш ашиглаагүй. “Т Ш” ХХК-ийн захирал Н.П жоншны тусгай зөвшөөрлийн эрхээ шилжүүлж өгөөгүй. Р.Быг банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч, хүү алданги төлснийг үгүйсгэхгүй. Би нэхэмжилсэн мөнгө төгрөгийг хариуцахгүй гэжээ.

 

Хариуцагч Б.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбарт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А Р.Бтой хамтран ажиллах гэрээний талаар амаар болон бичгээр хийсэн тохиролцоо байхгүй. Б.А Б.Ж нар Дундговь аймгийн Өндөршил сумын нутаг дэвсгэрт байрлах жоншны уурхайн эзэн, тусгай зөвшөөрөл эзэмшигч “Т Ш” ХХК-ийн захирал Н.Птэй уулзаж тухайн орд газрыг түрээслэх биш зээлээр худалдах, худалдан авахаар тохиролцсон. Худалдах, худалдан авах гэрээ байгуулан газар эзэмших эрх Б.Жд бүрэн шилжихээр тохирсон ба газрын төлбөрийг үе шаттай төлөхөөр болсон.

Энэ тохиролцооны дагуу Б.А нь өөрийн бүх техник хэрэгслээ ашиглан олборлолт явуулахаар болсон. Олборлолт явуулахаасаа өмнө Р.Б гэх хүнээс 30 000 000 төгрөг авч газрын төлбөр гэж Н.Пд өгсөн.

Б.А нь Р.Бтой ашиг хуваах тохиролцоо хийгээгүй, Уурхайн үйл ажиллагааг эхлүүлээд эхний ээлжийн өнгөн хөрс олборлох үйл ажиллагааг Б.А өөрийн биеэр гардан хийж 1 000 тонн жонш олборлон 150 000 000 төгрөгөөр зарсан. Үүнийг үйл ажиллагааны зардалд зарцуулсан, өөрт ашигласан зүйл байхгүй.

Б.А өөрөө олборлолт явуулахаа больсны дараагаар өөрийн авчирсан техник хэрэгслээ Б.Ж, Р.Б нарт олборлолтонд ашиглаарай гээд үлдээсэн бөгөөд тэд түүний техник хэрэгслийг ашиглаж 1 800 тонн жонш олборлосон. Б.А нь Р.Бтой ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй, өглөг, авлагын тооцоо байхгүй, түүний нэхэмжлэлд дурдсан асуудалд хамааралгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч Б.Агаас 60 000 000 төгрөг, хариуцагч Б.Жаас 60 000 000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Р.Бод олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 461 210 959 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3 064 005 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Агаас 457 950 төгрөг, хариуцагч Б.Жаас 457 950 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Р.Бод олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нотлох баримтыг буруу үнэлсэн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч Р.Б нь хариуцагч Б.А, Б.Ж нартай Дундговь аймгийн Өндөршил суманд “Т Ш” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй уурхайд жонш олборлолтын үйл ажиллагаа явуулах, Б.Ж уурхайн газраар, Б.А тоног төхөөрөмж, ажилчдаар хангах, Р.Б 120 000 000 төгрөгийн санхүүжилтийг гарган олборлолтын ажлыг эхлүүлж 2 сарын дараа 140 000 000 төгрөг болгон буцаан авах, мөн олборлолтоос 220 000 000 төгрөгтэй тэнцэх жонш авах, Б.А, Б.Ж нар бусад олсон ашгийг авахаар амаар харилцан тохиролцсон нь талуудын хооронд Иргэний хуульд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх талуудын хоорондын харилцааг зөв тодорхойлж хамтран ажиллах гэрээг амаар байгуулсан гэж зөв дүгнэн нэхэмжлэгч Р.Бын оруулсан 120 000 000 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн атлаа хариуцагч нарын гэрээний үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгчид учруулсан хохирлыг хариуцагч нар төлөх үүрэггүй, зээл авсан этгээд өөрөө хариуцна, 220 000 000 төгрөгтэй тэнцэх хэмжээний жонш авна гэдэг нь баримтаар нотлогдоогүй гэж дүгнэсэн нь шүүх нотлох баримтыг дутуу үнэлж, Иргэний хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Хамтран ажиллах гэрээний үйл ажиллагаа нь ашиг олоход чиглэгдсэн байх ёстой бөгөөд Р.Бын хувьд жонш олборлох хамтын үйл ажиллагааг санхүүжүүлэх үүргээ биелүүлсэн бөгөөд өөрийн оруулсан хөрөнгийн ашиг, үр шимийг нь хүртэх зорилготой байсан нь тодорхой.

Гэтэл хариуцагч нар Р.Бын “Алтан Үс Ану” ББСБ-аас зээлж оруулсан хөрөнгөөр уурхайн үйл ажиллагааг эхлүүлж жонш олборлосон атлаа тохиролцсон ёсоор Р.Бод өгөх мөнгийг өгөхгүй өөрсдөө ашиг олж уурхайг хаяж явж гэрээний үүргээ зөрчсөн.

Анхан шатны шүүх зээлийг жонш олборлох зорилгоор бус бизнесийн зориулалтаар зээлсэн, хамтын гэрээнд хамааралгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.Хамтын гэрээгээр тохиролцсон ёсоор хөрөнгийг цаг тухайд нь гаргаж өгсөн бол нэхэмжлэгч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гэж 443 210 959 төгрөгийг төлж хохирохгүй байсан.

Түүнчлэн хамтран ажиллах гэрээний дагуу Р.Бод 220 000 000 төгрөгтэй тэнцэх хэмжээний жонш өгөх тохиролцоо байсныг хариуцагч үгүйсгээгүй, хүлээн зөвшөөрсөн байхад баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хангахгүй орхисон хэсэг буюу 461 210 959 төгрөгийг хангаж, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч Б.Ж уг мөнгөнөөс 80 000 000 төгрөгийг “Т Ш” ХХК-ийн захирал н.Пд, үлдэх хэсгийг жонш олборлолтын үйл ажиллагаанд зарцуулсан хэмээн тайлбарласныг хариуцагч Б.А үгүйсгээгүй гэж дүгнэсэн.

Гэтэл Б.А нь олборлолт явуулахаасаа өмнө жоншны уурхайн газрын төлбөрт 30 000 000 төгрөгийг Р.Боос авч газрын эзэнд дамжуулж өгсөн. Энэ мөнгөнөөс нь Б.А нь нэг ч төгрөг хувьдаа авсан зүйл байхгүй гэдгээ тодорхой дурдсан. Б.А нь Р.Боос 120 000 000 төгрөгөөс нэг ч төгрөгийг хувьдаа болон жонш олборлох үйл ажиллагаанд зарцуулаагүй.

Энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Р.Боос Б.Ж, Б.А нар нь 120 000 000 төгрөг авсан болох нь тогтоогдсон гэдэг дүгнэлтийг үгүйсгэж байгаа.

Өөрөөр хэлбэл Б.А нь Р.Боос 30 000 000 төгрөг авч цааш дамжуулж өгсөн болохоос Р.Боос мөнгө төгрөг зээлж авсан, гэрээ хэлцэл байгуулсан, Р.Бын өмнө үүрэг гүйцэтгэх, үүрэг хүлээсэн эрх зүйн харилцаа огт үүсээгүй учраас нэхэмжлэгч Р.Бын нэхэмжилж байгаа төлбөрийг төлөх үндэслэл байхгүй.

Хэрэгт авагдсан талуудын тайлбар болон гэрч Б.Баянмөнхийн мэдүүлгээс үзвэл 2014 оны 12 дугаар сараас 2015 оны 02 дугаар сар хүртэл Б.А нь Б.Жтай жонш олборлох үйл ажиллагаа явуулсан, 2015 оны 02 дугаар сараас хойш Б.Ж нь нэхэмжлэгч Р.Бтой хамтарч жонш олборлох үйл ажиллагаа явуулсан болох нь хангалттай нотлогдож байгаа бөгөөд нэхэмжлэгчээс авсан гэх 120 000 000 төгрөгийн 80 000 000 төгрөг нь газрын  төлбөрт зарцуулагдаж, үлдсэн 40 000 000 төгрөг нь Б.Ж, Р.Б нар жонш олборлох явцад зарцуулагдсан төлбөр юм.

Анхан шатны шүүх талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн. Гэтэл зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх ямар ч үндэслэл баримт байхгүй.

Нэхэмжлэгч Р.Б нь анх Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Б.Агийн эзэмшлийн “ЖК С” ХХК-аас төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байсан. Энэ нь хамтран ажиллах гэрээ байгуулагдаагүй, гэрээний талууд нь тодорхой бус байсан гэдгийг хангалттай нотолж байна.

Нэхэмжлэгч Р.Б нь өөрт хохирол учирсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа ч өөрөө 1 800 тонн жонш олборлосон, 1 000 тонн жоншийг өөрөө зах зээлийн ханшнаас доогуур зарсан, 800 тонн жоншийг зарж борлуулж чадаагүй байгаа нь өөрийн цэвэр бизнесийн эрсдэл болохоос хариуцагч нарын учруулсан хохирол гэж үзэх үндэслэлгүй.

Иймд хариуцагч Б.Агаас 60 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Р.Б хариуцагч Б.А, Б.Ж нарт холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 581 210 959 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх Р.Б, Б.А, Б.Ж нарын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

Учир нь Р.Б 120 000 000 төгрөгийг Б.А, Б.Ж нарт 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хугацаанд шилжүүлсэн, Б.А, Б.Ж нар нь уг мөнгөнөөс 80 000 000 төгрөгийг Дундговь аймгийн Өндөршил сумын нутагт жоншны орд тусгай зөвшөөрөл бүхий “Т Ш” ХХК-ийн захирал Н.Пд уг ордны ашиглалттай холбоотой төлбөрт шилжүүлсэн, 40 000 000 төгрөгийг жонш олборлох үйл ажиллагаанд зарцуулжээ.

Улмаар Б.Ж нь уурхайн үйл ажиллагааг хариуцан, Б.А нь техник тоног төхөөрөмж, ажиллах хүч гаргах үүргийг хүлээж 2015 оны 02 сар хүртэл хугацаанд 1 500 тонн жонш олборложээ.

Хамтран ажиллах гэрээг талууд амаар байгуулж болох бөгөөд бичгээр байгуулах талаар хэлбэрийн шаардлагыг хуулиар зохицуулаагүй.

Р.Бын гаргасан 120 000 000 төгрөгийг бусдаас зээл хэлбэрээр авсан талаар Б.А Б.Ж нар нь мэдэж байсан гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Улмаар эхний ээлжид уг төлбөрийг төлөх байсан гэх үйл баримт тогтоогдсон бөгөөд уг тохиролцоог зөрчсөний улмаас Р.Бод хохирол учирсан. Хохирлын хэмжээг анхан шатны шүүх үндсэн зээл болох 120 000 000 төгрөгийг Б.А, Б.Ж нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар дүгнэсэн нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2 дахь хэсэгт заасантай нийцнэ.

Нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээний дагуу ашиг гэж 220 000 000 төгрөг авахаар тохиролцсон гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/00876 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч Б.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч  гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 464 004 төгрөг, хариуцагч Б.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457 950 төгрөгийг тус тус  улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                А.МӨНХЗУЛ

 

                                       ШҮҮГЧИД                                Н.БАТЗОРИГ

 

                                                      Э.ЗОЛЗАЯА