Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 1408

 

В.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 104/ШШ2019/00122 дугаар шийдвэртэй, В.О-ийн нэхэмжлэлтэй, З.З-д холбогдох, гэрээний үүрэг, түүнээс учирсан хохирол 129 606 360 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч В.О-, хариуцагчийн өмгөөлөгч В.Оюунсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Миний бие хариуцагч З.З-ын нагац эгч. Тэрээр арав гаруй жилийн өмнөөс бизнес эрхэлж эхэлсэн бөгөөд би өөрийн өмч, хөрөнгийг барьцаалж мөнгө гаргах эсхүл байгаа бэлэн мөнгөө өгөх зэргээр бизнесийг нь санхүүжүүлж ирсэн. Эхний 7-8 жил бизнес нь амжилттай байсан боловч сүүлийн 2 жил доголдсон. Бид 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр нэг жилийн хугацаатай гэрээ байгуулж, надаас зээлсэн мөнгөө төлөх ёстой байсан боловч төлөөгүй. 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гэрээний хугацаа дуусч, хариуцагч төлбөрийн боломжгүй болсон тул гэрээнд тохирсон ёсоор “Автохит” машины дулаан хучлаганы патент миний нэр дээр шилжих байсан. Би патентыг авах шаардлагагүй “мөнгөтэй хүнтэй хамтарч энэ бизнесийг хийж, амьдралаа залгуулж байя” гэтэл “удахгүй мөнгийг чинь” өгнө гэсээр өдийг хүрэв.

Иймд хариуцагчийн зээлсэн 98 000 000 төгрөгийг гаргуулах, төлбөрийг төлөх боломжгүй гэвэл үүргийн гүйцэтгэлийг “Автохит” дулаан хучлаганы патентыг миний нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн шаардлагаа нэмэгдүүлэн өөрчилж байна. Үүнд, үндсэн зээлийн төлбөр 52 000 000 төгрөг, хүүгийн төлбөр 28 080 000 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 34 320 000 төгрөг, хохирол 15 206 360 төгрөг нийт 129 606 360 төгрөг гаргуулахаар шаардаж, харин үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр бусдад худалдсан орон сууцны үнэ 52 000 000 төгрөг, Сэлэнгэ аймагт байрлах 3 өрөө орон сууцаа 1 өрөө болгосны 22 000 000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр “М-” ХХК-иас газар болон орон сууцаа барьцаалж, зээл авсан. Энэ үед 55 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан. 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүртэл газар болон орон сууцанд 44 000 000 төгрөгийн хүү төлсөн байдаг. Зээлээ төлөхөд аль аль нь боломжгүй боллоо гээд орон сууцаа худалдаад, газраа авч үлдсэн. 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 77 000 000 төгрөгийн гэрээ байгуулсан. З.З-тай 3 удаагийн гэрээ хийсэн. Энэ гэрээнүүд болон мөнгөтэй холбоотой бүх баримтыг ялгасан. 2015 онд “чи хучлага хийхгүй юм чинь би нэг найзтайгаа хамт хучлага хийе” гэж хэлэхэд “за” гэсэн. Тухайн үед би боломжгүй болж найзынхаа газрыг зараад бизнесээ эхлүүлэх болсон. Тэр жилд хэн нь ч бизнес эрхлээгүй. Би өөрийн мөнгө яахав хүний мөнгийг өгье гэж бодсон. Улмаар 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гэрээ №1 үндэслээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний хүүхэд хариуцагчийн ажилд 4, 5 сар тусалсан. Хариуцагч бизнесээ эрхэлснээр 3 өрөө орон сууцтай болсон. Урьд энэ хэргийг шүүх шийдвэрлээд 52 000 000 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн. Би гомдол гаргаж Улсын дээд шүүхэд хандсан. Тэр үед миний бэлдсэн материал хангалтгүй байсан, одоо бол хангалттай. Хариуцагч тал мөнгийг өгнө эсхүл өгөхгүй гэж тайлбараа өөрчилдөг.

2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаар хариуцагч тодорхой маргаан байхгүй гэдэг. 3 төрлийн гэрээнд хариуцагчаар гарын үсэг зуруулсан. Үнэн ба худлыг дэлгэрэнгүй гаргаж харьцуулсан байгаа. 16, 17 удаагийн шүүх хуралдаан болж, 33, 34 удаа ямар ч үр ашиггүй цагдаад өргөдөл өгөөд прокурорт хандсан. Энэ маргаанд ээжийгээ /миний төрсөн эгч/ оролцуулахаа болъё гэсэн. Тэгээд хариуцагч “миний эрхэлдэг бизнес улирлын чанартай, хямралын үе эхэлж худалдан авалт эрс муудсан зэргээс хамаарч бизнес зогсонги байдалд орсон амжилттай явж байгаа үедээ мөнгөө төлөөд явж байсан” гэж үнэн мэдүүлсэн. Үүний дараа дүүгийнхээ мууг үзэж байгаа юм уу гэдэг, үнэндээ миний мууг үзэж байна. Нотлогдохгүй зүйлийг төөрөгдүүлж, шүүгчээр худал зүйлийг нотлох баримтаар гаргуулсан.

2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал бүх баримтыг түүвэрлэсэн. Миний өгсөн болон хариуцагчийн өгсөн мөнгөний баримт. Энэ хугацаанд би хариуцагчид ялгаа дүнгээр 171 662 440 төгрөг өгсөн. Миний өгсөн мөнгө 186 903 440 төгрөг, үүнээс хариуцагч надад 12 273 000 төгрөгийг өгч 174 630 440 төгрөг үлдсэн гэж бодсон. Дахин энэ үнийн дүнг бодоод 1 000 544 төгрөг энэ тооцоонд орох мөнгө биш учир 171 662 440 төгрөг болсон. Хариуцагчийн өмгөөлөгч энэ олон материалыг цэгцлэх аргагүй сайн худал хэлээд байхад болдог гэсэн учир би гэрээ №1, №2, №3 гэж ялгасан байгаа. 173 000 000 төгрөгийн гэрээнд хамааралтай мөнгө харин бид нарын хоорондын хамааралтай мөнгө 74 000 000 төгрөгийн задаргаа баримтаар давхцуулалгүй ялгаж хавсаргасан байгаа. 52 000 000 төгрөг, 22 000 000 төгрөг, 74 000 000 төгрөг гээд бүх гэрээг ялгасан. З.З- яагаад өгсөн гээд байдаг вэ гэхээр 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр авсан 3.4 хувийн хүүтэй 50 500 000 төгрөгийн хүүг төлснөө надад хамааруулж тооцоод байдаг. Би тооцоо болгоных нь ард өгсөн өдөр мөнгөтэй хамааралтай зэргээр бүгдийг нь ялгаад бичсэн. Үүнд маргах арга байхгүй.

Хариуцагч нь өөрийнхөө бизнесийн төлөө авсан мөнгөний хүүг надад өгснөөр гүжирдэж болно гэж бодсон бол үгүй. Бүх тооцоог гаргасан. 52 000 000 төгрөг нь 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 500 000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн    14 500 000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдөр байрны урьдчилгаа 37 000 000 төгрөгийн зээл юм. Үүнийг хэлэхээр энэ надад хамаагүй гэж хэлдэг. Тэгээд хамааралтай гэдгийг яаж нотолдог вэ гэхээр тооцооны хяналтын картаар 37 000 000 төгрөг З.З-д хамааралтай гэдгийг нотолсон. Ингээд гэрээ №1-тэй холбоотой нэхэмжлэх үндэслэлтэй болж байна. Гэтэл өөр бусад этгээдэд хамааралтай зээлийн хүүд төлсөн төлбөрийг надад өгсөн гэж тайлбарлан бүгдийг нь өгсөн гээд байдаг. Бидний хоорондын тооцоог баримтаар нь гаргаад хүснэгт хийсэн. Хариуцагч тал худал мэдүүлээд байдаг болохоос дотроо яаж тооцоо гаргахыг мэдэж байгаа, хүлээн зөвшөөрсөн учир энэ тооцоотой танилцдаггүй. Хэргийн материалтай ч танилцдаггүй. Тооцоог нягтлан шинжилдэггүй. Учир нь намайг өгсөн, авснаа сайн тооцож чадна гэдгийг мэдэж байгаа, ийм үндэслэлээр би 52 000 000 төгрөг нэхсэн. Дүүдээ 2015 онд “автомашины хучлагыг хийе”, 2016 онд “Орос Улсад очоод машины хучлагыг хийе гэсэн санал гаргасан, байгаа ажлаа хийгээд хэн хэн нь унахгүй байя гэж гуйсан боловч хүлээн зөвшөөрөөгүй, эхийнхээ үгэнд орсон. Иймд дээрх 129 606 360 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, 3856 Улсын бүртгэлийн дугаартай, 2006 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн иргэн З.З-ын эзэмшлийн автомашины хучлага нэртэй шинэ бүтээл, 2609 дугаар патентаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч тайлбартаа: В.О- эгчээс зах зээлийн хамгийн өндөр хүүгээр болон хүүгүй мөнгө зээлж, буцаан өгдөг байсан. Өөрөөр хэлбэл, бид нэгэндээ харилцан туслалцаж байсан. 2011 оноос нэхэмжлэгч нь өөрийн өмчийг банк бус санхүүгийн байгууллагад барьцаалан зээл аваад надад өгч эргэлдүүлдэг байсан. Энэ нь би банк бус санхүүгийн байгууллага болон нэхэмжлэгч хоёуланд нь хүү төлдөг байсан юм. Миний бизнес амжилттай үед зээл болон зээлийн хүүг цаг тухайд нь төлсөөр ирсэн. Ажил маань улирлын чанартай, автомашины өвлийн хучлага хийж борлуулдаг. Өнгөрсөн 3 жил өвөл дулаахан болж бүтээгдэхүүний эрэлт суларсан мөн санхүүгийн хямрал эхэлж худалдан авалт эрс муудсан учраас бизнес зогсонги байдалд орсон. 2014 оны 3 дугаар сард “банк бус санхүүгийн байгууллагаас мөнгө нэхэгдээд байна эгч нь байр үнэтэй байгаа дээр зараад зээлийг чөлөөлөөд үлдсэнийг нь чи надаас зээлж бизнесээ хийж, дахиад энэ банк бус санхүүгийн байгууллагаас зээл ав” гэхэд нь би байраа зарж болохгүй гэдгийг олон удаа сануулсан. Гэтэл удахгүй байраа зараад зээлийг чөлөөлсөн. Мөн дахиад нөгөө банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан гээд 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр өөрөө бичсэн 3-н зээлийн гэрээг манайд авч ирээд гарын үсэг зур гэсэн. Тэр үед тооцоогоо сайн нягтлалгүй зурсан. Уг гэрээнүүдийн нэг нь энэ нэхэмжлэлд дурдагдсан гэрээ юм.

Өөрөөр хэлбэл, энэ гэрээний 52 000 000 төгрөгийг бэлэн эсвэл дансаар авсан баримт байхгүй ба зөвхөн 29 500 000 төгрөг миний дансанд орж ирсэн байна. Өнгөрсөн хугацаанд би төлбөр тооцоо, өглөг, авлагын тэмдэглэл хөтлөх, баримт үйлдэх асуудлыг муу хийж байсан. Үнэндээ нэхэмжлэгчид итгэж өр төлбөрийн тооцоог ерөнхийдөө өөрийнх нь дэвтэрт хийдэг байсан. Нэхэмжлэлд дурдсан машины хучлагын патентын хувьд бид хоорондоо ямар ч патент барьцаалсан гэрээ хийгээгүй ба уг гэрээнд барьцаанд байгаа болно гэж бичсэн байгаа нь буруу. В.О- эгчийн зуучилсан бусад зээлдүүлэгчид миний бизнесийн байдлыг ойлгож зарим нь хүүгээ 2-3 дахин бууруулж зарим нь хүү тооцохгүй гэж байхад нагац эгч минь хамгийн өндөр хүү цаашлаад миний патентуудыг авах гэх мэтээр дайрч байгаа нь харамсалтай байна. Энэ зээлийн гэрээнүүдийг сайн шалгах хэрэгтэй, давхардсан байх магадлалтай. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хавсаргасан баримтууд нь тооцож, дүгнэх боломжгүй, ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр өглөө эрт орж ирээд энэ дээр гарын үсэг зурчих гэхэд нь би зурсан. Тухайн үед манай ажилчдад “З.З- дампуурсан надтай хамт ажил хий” гэж хэлсэн байсан, та “ийм зүйл яриад яваад байх юм” гэхэд “одоо чамаас мөнгөө авна, шүүхэд өгнө” гэдэг. Надад юу ч байхгүй, 2015 оны 5 дугаар сард өөрийн автомашинаа ломбардад тавиад түүнд мөнгийг нь өгсөн гэдгээ хэлсэн боловч зөрүүдлээд шүүхэд хандсан. Эхний шүүх хуралдааны үеэр би бүх тооцоог хүснэгтээр гаргасан. Бид хоёрын хооронд хийсэн анхны тохиролцоо бол В.О- эгч өөрийнхөө хөрөнгийг барьцаанд тавиад надад зээл өгч, би тэр зээлийг нь төлөх мөн В.О- эгчид урамшуулал олгохоор тохиролцсон. Ингээд би өөрт байгаа бүх хөрөнгөө энэ зээлийн хүүд өгсөн. 43 000 000 төгрөг өгнө гэж хэлсэн гээд байгаа, бид уулзалдаагүй, шүүх хуралдаанууд дээр ч би тэгэж хэлээгүй.

Гэрээ байгуулагдаад гэрээнд заасан мөнгө нь миний дансруу шилжих ёстой атал      52 000 000 төгрөг, 22 000 000 төгрөг, 70 000 000 төгрөг аль нь ч миний дансанд ороогүй      42 000 000 төгрөг баримтгүй. 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн тайлбарт 123 000 000 төгрөг илүү өгсөн. Тэгээд дансны хуулгаа гаргаж шүүхэд өгсөн. Тухайн үед В.О- эгч банк бус санхүүгийн байгууллагаас зээл аваад тэр мөнгөө надад өгнө гэж хэлж байсан боловч бүтнээр нь өгөөгүй. 14 500 000 төгрөгийг 2,3 сарын зайтай, тодорхойгүй над руу шилжүүлсэн. Энэхүү мөнгөний хүүг хаана төлөх вэ гэхэд “М-” ХХК-ийн дансыг өгч энэ данс руу хий эсхүл надад өгөөрэй гэсэн. Тэр данс болон нэхэмжлэгчид бэлнээр мөнгө өгч байсан. 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэл нийт 49 256 600 төгрөгийг бэлнээр 12 247 000 төгрөг, дансаар 37 010 000 төгрөг өгсөн. В.О-д дансаар 29 937 000 төгрөгийг шилжүүлсэн. Бэлнээр 12 390 000 төгрөг өгсөн. Эвлэрэх нөхцөл нь бүх бизнест хамтарч ажиллах, өөрийг нь оролцуулах гэдэг. Үүнээс үзэхэд анхнаасаа миний зохион бүтээсэн утаагүй болгох зуух, машины хучлагын патентыг өөрийн болгож авах зорилготой байна. Миний зохиосон бүтээлүүд нь дэлхийн оюуны өмчийн байгууллагаас алтан медаль авсан. Машины хучлага өвөрмөц бөгөөд анх худалдаанд гараад амжилттай байсан. Утаагүй яндан бүтээж медаль авсан. Одоо бүх бизнест хамтарч ажиллана гээд байгаа нь дараа нь олох орлого ашгийг харж шунаад байгаа. Ийм зүйл байж болохгүй. Энэ нь удаа дараагийн шүүх хуралдаанд хэлсэн түүний тайлбараас харагдаж байна. Бид хоорондоо ярилцаад бүх тооцоогоо тулгасан, дээрх гэрээний мөнгө 52 000 000 төгрөгийг тайлбарлахдаа 2,3 янзаар тайлбарладаг. Миний дансаар 52 000 000 төгрөг ороогүй. Гарын үсэг зурсан үйлдэл нь өглөө эрт 7 цагт орж ирээд гарын үсгээ зурчих гэсэн. Тухайн үед эгчдээ итгэж байсан учраас зурсан. Одоо ингээд тооцоолоод байгаа мөнгөн дүн зөрж байна. 3 гэрээний үнийн дүнг нэмэхээр 144 000 000 төгрөг болж байхад 186 000 000 төгрөг өгсөн гээд байгаа. Баримтгүй 42 000 000 төгрөгийг өгнө гэж хэзээ ч байхгүй. Нэмэгдүүлсэн хүү, хохирол гээд дур зоргоороо нэхэж байна. Эцсийн дүндээ намайг хуурч бага хэмжээний заль гаргасан бол надад хохиролтой бөгөөд би хүлээн зөвшөөрөхгүй. Хамгийн сүүлд өөрийн автомашинаа барьцаалаад сүүлийн мөнгө гээд өгсөн. Одоо би хөдөлмөрийн чадваргүй байгаа. 52 000 000 төгрөг, 70 000 000 төгрөг, 22 000 000 төгрөгийг 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр аваагүй, над руу шилжүүлээгүй. 14 500 000 төгрөгийг 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн баримт байгаа. Үүссэн байдлаар нэхэмжлэгч сэтгэл эмзэглүүлэхээр зүйл ярьж байна. Мөнгө төгрөг өгсөн, авсан талаар би хүлээн зөвшөөрөөгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Боржигон Зансайтын Золжаргалаас 51 335 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Аюуш Викторын Оюунгэрэлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 78 271 360 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч В.О- 3856 Улсын бүртгэлийн дугаартай, 2006 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн иргэн З.З-ын эзэмшлийн автомашины хучлага нэртэй шинэ бүтээл, 2609 дугаар патентаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас татгалзсаныг баталж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дах хэсэгт зааснаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШЗ2016/19724 дугаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь энэ хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч В.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 806 050 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч З.З-аас 414 625 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч В.О-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Шүүх мөнгөний тооцоог буруу тооцоолж 51 335 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэснийг болон нэхэмжлэгчийн байр түрээсэлсний нүүлгэлтийн зардлыг надаар төлүүлэхээр шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Би түүнд өгөх ёстой мөнгийг өгсөн. Шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт доорх зүйлүүдийг тусгаагүй, буруу дүгнэлт, тооцоо хийсэн байх тул шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэл, шаардлагад 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээ №1 гэгчийг заасан хэдий ч шүүгч 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн хамтран ажиллах гэрээ гэх баримтыг үндэслэн шийдвэрээ гаргасан байх ба зохигчид 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээг хийхдээ 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн хамтран ажиллах гэрээ нэртэй зээлийн гэрээний үүрэгт холбогдуулан тооцоо нийлж хийсэн мэтээр дүгнэн бичжээ. 2014 оны 4 дүгээр сарын 01-ний зээлийн гэрээ №1-д эрх зүйн ямар нэгэн өөр дүгнэлт өгөөгүй байна. Хэрэв 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээ №1 нь тооцоо нийлснээс үүдэлтэй гэрээ юм бол урьд өмнө нь буюу 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хариуцагч нь нэхэмжлэгчид /банк бус санхүүгийн байгууллагын захирал О.Г-д өгсөн мөнгийг оруулан тооцсон/ нийтдээ 81 946 600 төгрөгийг өгсөн буюу авсан мөнгөнөөсөө 44 346 600 төгрөг илүү төлсөн байхад шүүхээс хийсэн тооцоолол нь эрс зөрүүтэй, илтэд буруу гарсан тооцоо, шийдвэр болсон байна.

Шүүх хуралдааны үеэр өмгөөлөгч миний бие банк бус санхүүгийн байгууллагаас нэхэмжлэгч В.О-д олгосон 3 000 000 төгрөгийн баримтаас бусад бүх бэлэн мөнгөний орлого зарлагын баримтууд хуурамч гэж тайлбарлаад ер нь нэхэмжлэгч нь банк бус санхүүгийн байгууллагаас мөнгө аваагүй, мөнгө тушаагаа ч үгүй хариуцагчийн банк бус санхүүгийн байгууллагад төлсөн мөнгө ч тус байгууллагын дансанд ч ороогүй гэж тайлбарлахад нэхэмжлэгч юу ч хэлээгүй, хариулж мэтгэлцээгүй, дуугүй байсан. Шүүх тооцоог бодох шийдвэр гаргахдаа бэлэн мөнгөний орлого, зарлагын баримтуудыг /цаашид БМОЗ гэх/ тооцоондоо оруулаагүй байх бөгөөд бэлэн мөнгөний орлого, зарлагын баримтуудад ямар нэгэн дүгнэлт өгөөгүй байна. Миний бие нь бэлэн мөнгөний орлого, зарлагын баримтуудыг шүүх хуралдааны үеэр шинжлэн судлуулсан билээ. Шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт 2012 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс өмнөх тооцоог оруулж дүгнэсэн нь нэхэмжлэлийн үндэслэлд бичигдээгүй цаг хугацааны тооцоог оруулсан нь шүүгч хэргийг шийдвэрлэхдээ субьектив байдлаар хандаж нэхэмжлэгчийн талыг барьж шударга бус шийдлээ гэж үзэхэд хүргэж байна.

Шүүх, хариуцагч нь нэхэмжлэгчээс 37 600 000 төгрөг авсан гэдгээ баримтаар нотолж чадаагүй гэж дүгнэж бичжээ. Гэтэл өмгөөлөгч миний бие шүүх хуралдаанаар З.З-ын В.О-ээс авсан, З.З-аас В.О-д болон банк бус санхүүгийн байгууллагад төлсөн мөнгөний жагсаалтыг хэргийн хэддүгээр хавтасны хэддүгээр хуудсанд байгааг нэг бүрчлэн бичсэн бичгийг шүүхэд өгсөн байхад энэхүү баримтыг судлахгүйгээр шийдвэр гаргасан атлаа З.З-аас В.О-д төлүүлэхээр гаргасан 51 335 000 төгрөгийн дүнг гаргахдаа хариуцагч Золжаргал нь нэхэмжлэгч В.О-ээс 37 600 000 төгрөг авсан гэж үзвэл үүргийн гүйцэтгэлийг энэхүү дүнгээр тооцсон байгаа нь хариуцагч нэхэмжлэгчээс 37 600 000 төгрөг авсан гэдгээ баримтаар нотолж чадаагүй гэсэн шүүгчийн дүгнэлттэй нь зөрчилдөж байна. Мөн хариуцагч З.З-ын нэхэмжлэгчид төлөх мөнгөний тооцоог гаргахдаа үнэлсэн санхүүгийн баримтуудыг шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт бичсэн байх ба нэхэмжлэгчээс хариуцагчид мөнгө шилжүүлсэн баримтыг заан бичсэн байна. Эдгээрээс үзвэл, нэхэмжлэгчээс банк бус санхүүгийн байгууллагад мөнгө тушаасан бэлэн мөнгөний орлогын баримт байна.

Түүнчлэн, хариуцагч З.З-аас банк бус санхүүгийн байгууллагад шилжүүлсэн баримт гэх баримт нь хариуцагчийн дансны хуулга биш харин нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн хүснэгтүүдийн нэг байна. Эдгээр байдал нь 2012 оны 6, 7 дугаар сард авсан зээлийн үлдэгдлээс хариуцагч нь 31 500 000 төгрөг, 2014 оны 02 дугаар сард авсан 15 000 000 төгрөгийн зээл төлөгдөөгүй байна гэсэн буруу дүгнэлт гэдгийг баталж байна.

2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны үед нэхэмжлэгч нь хариуцагчаас 19 000 000 төгрөг авсан гэдгээ удаа дараа хэлсэн боловч энэ тухай нэхэмжлэгчээс асууж тодруулаагүй улмаар тооцож гаргасан тооцоондоо оруулаагүй, шийдвэртээ ч дурдаагүй байна. Шийдвэрийн 11 дүгээр хуудас, доороосоо 1 дэх мөрөнд хариуцагчаас 414 625 төгрөг гаргуулж нэхэмжлэгч В.О-д олгов гэж миний нэрийг бичсэн байна.

Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн орон сууцыг хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс зарж банк бус санхүүгийн байгууллагын зээлийн төлбөрт өгч бусдын орон сууцыг түрээсэлсэнтэй холбоотой түрээсийн төлбөр 1 200 000 төгрөг, нүүлгэлтийн зардал 170 000 төгрөг нэхэмжилснийг шүүх ханган шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Мөн, хүү шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь буруу. Шүүхийн зээлийн гэрээ гэх баримттай холбогдуулан хийсэн эрх зүйн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид тооцоо нийлээгүй гэж шийдвэртээ бичсэн байна. Энэхүү хэрэг Л.Э шүүгчид хуваарилагдсанаас хойш энэ нь үнэн ба зохигчдыг тооцоо нийлэхийг шүүх даалгаагүй. Харин 2016 оны 6 дугаар сард н.Ц шүүгч хариуцагчийн хүсэлтээр захирамж гаргаж зохигчид тооцоо нийлэхийг даалгасан боловч зохигчид тооцоо нийлэх гэж тооцоог нягталж ихэнх тооцоог зөвшилцсөн боловч зарим тооцоон дээр санал зөрөлдсөнөөс тооцоог эцэслэн нийлээгүй юм.

Хариуцагчийн өмгөөлөгч би шүүхэд 2016 оны 7 дугаар сараас эхлэн банк бус санхүүгийн байгууллагаас маргаантай холбоотой санхүүгийн баримтуудыг гаргуулах талаар удаа дараа хүсэлт гаргаж, шүүх уг хүсэлтийг хангасан шүүгчийн захирамж гаргасан боловч уг байгууллага нь захирамжаар даалгасан даалгаврыг биелүүлээгүй өдий хүрсэн. Хариуцагч тал санхүүгийн чадавхгүй. Нэхэмжлэгчид 2016 оны 6 дугаар сараас хойш 3 жил доромжлуулсан, энэхүү хэрэг ээдрээ төвөгтэй байгаа тул цагдаагийн байгууллагад хандан хэрэг бүртгэлийн хэрэг 2018 оны 4 дүгээр сард нээгдэн шалгаж байгаа боловч тухайн хэргийн сэжигтэн В.О- нь цагдаа дээр очихгүй, хаана амьдарч байгаа нь тодорхойгүйгээс цагдаагийнхан ажлаа хийж чадахгүй удааширч байна. Нэхэмжлэгчийг  дайчлан баривчилж сэтгэцийг нь шалгуулна гэж хэлсэн мөрдөгч н.Батчулуун нь солигдсон. Одоо 6 дах мөрдөгч, 2 дах прокурор нь ажиллаж байгаа болно. Хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны үеэр миний бие нь нэхэмжлэгчид хандаж нэг бүрчлэн тооцоогоо тулгая гэхэд нэг ч үг дуугараагүй. Энэ үед шүүгч асууж тодруулж хариулт аваагүйд гомдолтой байна. Дээрх 2 шалтгааны улмаас иргэний хэргийн шүүхэд хандаж шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй юм. Хариуцагч талд хандан хавтаст хэргээс хэрэгт ач холбогдолгүй шаардлагагүй баримтуудыг хэргээс хасуулах санал байна уу гэж асуухад би хариулаагүй. З.З-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг шүүх хуралдааны үед гаргасан боловч хүсэлтийг авч хэлэлцээгүй, хавтаст хэрэгт байгаа БМОЗ-ын баримтуудын талаар хэргийн оролцогчдоос асуугаагүй, тооцоондоо оруулаагүй орхигдуулсанд гомдолтой байна. Иймд тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг хүчингүй болгож 2, 3 дугаар заалтыг хэвээр үлдээж хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан  шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч В.О- нь хариуцагч З.З-д холбогдуулан гэрээний үүрэг, түүнээс учирсан хохиролд нийт 129 606 360 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч З.З-тай байгуулсан 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 98 000 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг “Автохит” дулаан хучлаганы патентыг өөрийн нэр дээр шилжүүлэх гэж тодорхойлсон байх боловч /1хх1-2/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагаа өөрчилж, үндсэн зээлийн төлбөр 52 000 000 төгрөг, хүүгийн төлбөр 28 080 000 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү                34 320 000 төгрөг, хохиролд орон сууц хөлсөлсний төлбөр 1 200 000 төгрөг, нүүлгэлтийн зардал 170 000 төгрөг, барьцаалан зээлдүүлэх газраас авсан зээлийн хүү 767 360 төгрөг, газрын үнэ 10 000 000 төгрөг нийт 15 206 360 төгрөг, дээрхийг нэгтгээд 129 606 360 төгрөг гэж үнийн дүнг нэмэгдүүлэн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагаасаа татгалзсан байна. /5хх25/

 

Хариуцагч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ, 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээнд тооцоог нягтлахгүйгээр гарын үсэг зурсан, энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч нь мөнгөн хөрөнгө надад өгөөгүй /1хх14-15/ 37 000 000 төгрөгөөс үлдэгдэл 12 000 000 төгрөг, хүү 6 000 000 төгрөг нийт 18 000 000 төгрөгийг зөвшөөрч бусад хэсгийг эс зөвшөөрнө гэж тайлбарласан. /2хх106-107/ нэхэмжлэгчид төлөх төлбөрийг бүрэн төлсөн тул шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж, үүний дараа буюу 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гаргасан тайлбартаа В.О-д 43 649 500 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үүнээс хууль бус аргаар зээл олгосон гэх үндэслэлээр 8 649 500 төгрөгийг хасч 35 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө гэжээ. /6хх207-210/ Хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны явцад 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр мөнгө аваагүй, 14 500 000 төгрөг авсан баримт байгаа, мөнгө өгсөн, авсан талаар би хүлээн зөвшөөрөхгүй гэж өөр өөр байдлаар тайлбарлаж байжээ. /7хх162-163, /

 

Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараас үзвэл, нэхэмжлэгч нь хариуцагч З.З-ын бизнесийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг “М” ББСБ ХХК-д барьцаалан зээл авсан, уг зээлийн гэрээний үүргээс гадна нэхэмжлэгчид 1 хувийн хүү нэмж төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй. Харин өгсөн, авсан мөнгөний тооцоолол болон тэдгээрийн хооронд үүссэн үүрэг бүрэн биелэгдсэн эсэх талаар маргасан байна.

 

Талуудын хооронд 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр /2хх45/, 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр /1хх49,50,51/ тус тус бичгийн гэрээ байгуулагдсан байна. Эдгээр гэрээний агуулгаас үзвэл, зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа В.О-, З.З- нарын хооронд үүссэн байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч хариуцагчид шилжүүлээгүй боловч 2012 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нь хариуцагчид бэлэн болон бэлэн бусаар мөнгө шилжүүлэн өгсөн нь хэрэгт авагдсан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, дансны хуулгууд, талуудын харилцан гарын үсэг зурж баталгаажуулсан мөнгө өгсөн, авсан талаарх баримт болон тэдгээрийн тайлбараар тогтоогдсон байна. Шүүх талууд гэрээг байгуулахдаа эхлээд амаар гэрээний гол нөхцөлийг тохирсон дараа нь үүрэг гүйцэтгэгч мөнгө шилжүүлэх үүргээ гүйцэтгэсэн, үүрэг гүйцэтгэгдсэний дараа бичгээр гэрээ байгуулсан, энэ дараалал нь хууль зөрчөөгүй, зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэхгүй гээд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас мөнгийг буцаан өгөх үүргийг шаардах эрхтэй гэсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Түүнчлэн, шүүх талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхтэй боловч 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээ №1-д заасан сарын 4.5 хувийн хүүгээр бус зохигчид анх байгуулсан 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн хамтран ажиллах нэртэй гэрээнд заасан сарын 1 хувийн хүүгээр зээлийн хүүг тооцох үндэслэлтэй гэснийг буруутгахгүй.

 

Хариуцагч тал давж заалдах гомдлын үндэслэлээ, шүүх тооцооллыг буруу хийсэн, нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй гэрээг дүгнэсэн, хуурамч нотлох баримтуудыг үнэлсэн, нүүлгэлт болон түрээсийн зардлыг хариуцах үндэслэлгүй, нэхэмжлэгчийн нэрийг андуурч В.Оюунсүрэнд олгов гэж хариуцагчийн өмгөөлөгчийн нэрийг бичсэн, талуудыг тооцоо нийлэхийг даалгасан шүүгчийн захирамж биелэгдээгүй, банк бус санхүүгийн байгууллагаас баримт гаргуулах удаа дараагийн хүсэлтийг шүүх захирамжаар хангасан боловч уг байгууллага нь захирамжийг биелүүлээгүй, хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй гэх агуулгаар тайлбарлажээ.

 

Хэргийн баримтаас үзвэл, нэхэмжлэгч В.О- нь “М-” ХХК-тай 2012 оны 6 дугаар сарын 12-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж /1хх246-248/ 25 000 000 төгрөгийг сарын 3.2 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай зээлсэн, мөн 2012 оны 7 дугаар сарын 27-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ /1хх243-245/ байгуулж, 30 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай зээлсэн байна. Улмаар, талууд 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” /2хх45/ нэртэй баримт үйлдэж, дээрх банк бус санхүүгийн байгууллагаас зээлсэн 55 000 000 төгрөгийн 50 500 000 төгрөгийг З.З-д түүний “Аряа” ХХК-ийн материал татах эргэлтэд оруулж, үйл ажиллагааг нь дэмжихээр тохирч зээлүүлэн, зээлдэгч нь сар бүрийн 30-ны өдрийн дотор хүүний мөнгийг төлөх бөгөөд зээлдүүлэгчид 1 хувийн хүү бодож олгох, 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор зээлийг төлж барагдуулах, хугацаа хэтэрвэл “Автохит” дулаан хучлаганы патентыг зээлдүүлэгчийн нэр дээр шилжүүлэх нөхцлүүдийг тохиролцож, талууд харилцан гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Энэхүү үйл баримтад үндэслэн нэхэмжлэлд дурдсан 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээнүүд байгуулагдсан тул шүүх дээр дурдсанаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, харин хүүг анх байгуулсан 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн хамтран ажиллах нэртэй гэрээнд заасан 1 хувийн хүүгээр тооцсон нь зөв болжээ. Иймд 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээний талаар эрх зүйн дүгнэлт өгөөгүй гэж үзэхгүй.

 

Түүнчлэн, хариуцагч нь 2012 оны 6, 7 дугаар сард авсан зээлийн үлдэгдлээс                  31 500 000 төгрөг, зохигчдын маргаагүй 15 000 000 төгрөг нийт 46 500 000 төгрөгийг төлөөгүй, нэхэмжлэгч В.О- нь “М-” ХХК-тай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний үүрэгт 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 42 322 600 төгрөг /2хх38/ төлсөн, үүнээс гадна З.З-ын нэмж зээлсэн 15 000 000 төгрөгийн талаар хариуцагч үгүйсгэж маргаагүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзлээ.

 

Өөрөөр хэлбэл, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлж, бичгээр байгуулсан гэрээний төлөгдөөгүй үлдэгдэл 31 500 000 төгрөгт сарын                       1 хувийн хүүг 11 сарын хугацаагаар тооцож 3 465 000 төгрөг нийт 34 965 000 төгрөгийн үнийн дүн дээр талуудын маргаагүй 15 000 000 төгрөгийг нэмж гэрээний үүрэгт нийт 49 965 000 төгрөг, орон сууц хөлсөлсөн 1 200 000 төгрөг, нүүлгэлтийн зардал 170 000 төгрөг, нийт           51 335 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь зөв байна. Иймээс хариуцагч талаас гаргасан шүүх 51 335 000 төгрөгийн тооцооллыг шийдвэртээ дэлгэрэнгүй тусгаагүй гэсэн гомдол хангагдах үндэслэлгүй.

Шүүх хариуцагчид холбогдох төлбөрөөс ямар тооцооллыг хэрхэн буруу хийсэн нь хэргийн баримтаар тогтоогдоогүй болно. Мөн бусдын орон сууц хөлсөлсний төлбөр 1 200 000 төгрөг, нүүлгэлтийн зардал 170 000 төгрөгийг шүүх хангаж шийдвэрлэхдээ хэргийн баримтад тулгуурлан, талуудын маргаагүй үйл баримтад үндэслэсэн байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нь хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаанд энэхүү иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлээгүй гэх боловч шүүх хуралдааны тэмдэглэлээс /7хх160/ үзвэл, хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө, хариуцагчийн өмгөөлөгчид хүсэлт байгаа эсэхийг тодруулахад, тэрээр “хэргийг шийдвэрлэхгүй удаа дараа хойшлуулсан гээд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлттэй байгаа гэсэн нь тусгагдсан байна. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад                                хэргийн оролцогч талуудаас гаргасан хүсэлт бүрийг хуульд заасан эрх хэмжээнийхээ дагуу шийдвэрлэсэн байна. Мөн шүүх хуурамч нотлох баримтуудыг үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй. Түүнчлэн, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШЗ2016/23892 дугаар захирамжаар зохигчдын тооцоо нийлэх хүсэлтийг /1хх27-30/ тус шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 23591 дугаартай шүүгчийн захирамжаар /1хх32/ хангаж шийдвэрлэснийг үндэслэн талууд тооцоо нийлсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй тул дээрх баримтыг зохигчоос гаргуулах нь зүйтэй гэж үзээд баримт ирүүлэхийг даалгасан байна. /1хх150-153/ 23892 дугаартай шүүгчийн захирамж нь зохигчдын тооцоо нийлэх тухай хүсэлтийг хангасан захирамжид үндэслэсэн тул тооцоо нийлээгүй талуудаас баримт ирүүлээгүй нь шүүгчийн захирамж биелэгдээгүй гэж үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, тооцоо нийлэх, нийлсэн бол тухайн баримтыг ирүүлэх эсэх нь хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрх тул энэ талаарх гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “М-” ХХК-тай холбоотой тус байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, талуудын хооронд үүссэн зээлийн маргаанд хамааралтай үйл баримтыг тодруулахаар зээлийн болон барьцааны гэрээ, эргэн төлөлтийн талаарх баримтуудыг гаргуулах хүсэлт гаргаж, шүүх тухайн хүсэлт тус бүрийг захирамжаар хангаж, тус банк бус санхүүгийн байгууллага нь холбогдох баримтыг ирүүлж, улмаар, В.О-, З.З- нарын хоорондын тооцоог мэдэхгүй, цаашид тус байгууллагыг оролцуулахгүй байхыг хүссэн /4хх54/ байх тул тухайн шүүгчийн захирамж биелэгдээгүй гэж үзэхгүй.

 

Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...хариуцагч З.З-аас 414 625 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч В.Оюунсүрэнд олгов” гэсэн байх боловч шийдвэрийн тогтоох хэсэгт В.О-д гэж зөвтгөсөн байгааг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 104/ШШ2019/00122 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч З.З- /өмгөөлөгч В.О/-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 414 625 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                                        ШҮҮГЧИД                               Ч.ЦЭНД

 

                                                                                         Т.ТУЯА