Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2021/00172

 

В.Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 104/ШШ2019/00122 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1408 дугаар магадлалтай,

В.Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй,

З.Золжаргалд холбогдох

Гэрээний үүрэг, түүнээс учирсан хохиролд 129,606,360 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Би З.Золжаргалын нагац эгч бөгөөд 10-аад жилийн өмнөөс дүүгээ бизнест хөл тавьсан цагаас нь жил бүр өөрийн өмчөөр барьцаа болгож, мөнгө олж өгч, эсвэл бэлэн мөнгө өгч бизнесийг нь санхүүжүүлж ирсэн. Эхний 7-8 жил бизнес нь амжилттай явагдаж ирсэн ба сүүлийн 2 жил бизнес нь доголдож, 2014 оны 04 дүгээр сарын 01-нд надтай хийсэн гэрээний дагуу 2015 оны 04 дүгээр сарын 01-нд надад төлбөр төлөх хугацаа дуусч, түүнээс хойш дахин 1 жил болсон. 2015 оны 04 дүгээр сарын 01-нд бидний гэрээний хугацаа дуусч, төлбөрийн боломжгүй болсон тул гэрээнд тусгаснаар түүний Автохит машины дулаан хучлаганы патент миний нэр дээр шилжих ба би заавал тийм шаардлага тавилгүйгээр би ядаж мөнгөтэй хүнтэй хамтарч энэ бизнесийг хийж, амьдралаа залгуулж байя, удахгүй мөнгийг чинь өгнө гэснээр өдийг хүрэв. Өнөөдрийн байдлаар гэрээнд тусгасны дагуу З.Золжаргал нь дор хаяж 98,000,000 төгрөг төлөх үүрэгтэй ба түүнийг төлөх боломжгүй гэж байгаа тул гэрээний үүрэгт заасны дагуу би патентаа авч, патенттай холбоотой үйл ажиллагаагаа эрхэлж амьдралаа залгуулах хүсэлтэй тул Автохит дулаан хучлаганы патентыг миний нэр дээр шилжүүлж бизнес хийх нөхцөлийг хангаж, 98,000,000 төгрөгийг төлүүлэх, Автохит дулаан хучлаганы патентыг миний нэр дээр шилжүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2014 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зарсан байрны 52,000,000 төгрөг, Сэлэнгэд байрлах 3 өрөө байрыг 1 өрөө байр болгосны 22,000,000 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Мөнгөн зоосоос газар болон байраа барьцаалж зээл хийсэн. Тэгэхэд 55,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдлийг барагдуулаагүй байсан. 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүртэл газар болон байрандаа 44,000,000 төгрөгийн хүү төлсөн байдаг. Зээлээ төлөхөд аль аль нь боломжгүй боллоо гээд ядаж байраа зараад газартайгаа үлдье гээд би байраа зарсан. 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 77,000,000 төгрөгийг З.Золжаргалтай 3 удаагийн гэрээ хийсэн. Энэ бүх мөнгө төгрөгтэй холбоотой баримтыг бүгдийг ялгаж гаргасан. Тэгээд 2015 онд чи хучлага хийхгүй юм чинь би нэг найзтайгаа хамт хучлага хийе гэж хэлэхэд за гэсэн. Тэгтэл тэр найз нь надад 1 хувийн хүүтэй мөнгө зээлэх ёстой гэсэн. Тухайн үед би боломжгүй болж найзынхаа газрыг зараад бизнесээ эхлүүлэх болсон. Тэр жилдээ хэн нь ч бизнес эрхлээгүй. Би өөрийн мөнгө яахав хүний мөнгийг өгье гэж бодсон. 2016 оны 03 сарын 22-ны өдөр шүүхэд анхны нэхэмжлэлээ өгсөн. Тэгэхэд ойлгомжгүй байна. Энэ 3 гэрээгээ салгаж ялгаж өг гэсэн. Тэгээд 2016 оны 04 сарын 01-ний өдөр гэрээ 1-ийг үндэслээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний хүүхэд энэ хүний ажилд 4, 5 сар тусалсан. Энэ хүн бизнесээ эрхэлж 3 өрөө байртай болсон. Намайг бүх ажилд нь тусалж байхад ядаж 1 өрөө байрандаа оруулах болов уу гэж бодсон. Тэгэхэд энэ хүн өөрийн эхнэртэйгээ муудалцаад өөр шинэ эхнэртэй болсон. Шүүх хурал болж 52,000,000 төгрөг дээр шийдвэр гарсан. Би Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандсан. Тус шүүхээс шийдвэрийг хэвээр үлдээсэн. Дахин Улсын дээд шүүхэд хандсан. Одоо миний бүрдүүлсэн материал хангалттай. Хариуцагч талаас өгнө өгөхгүй гэсэн 2, 3 удаа тайлбараа өөрчилсөн. 2016 оны 10 сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаар хариуцагч тодорхой маргаан байхгүй. 3 төрлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Үнэн ба худлыг дэлгэрэнгүй гаргаж харьцуулсан байгаа. Үүнд З.Золжаргалын амьдрал итгэхийн аргагүй хүнд байдалд орсон гэсэн энэ үнэн. Би хариу тайлбартаа миний бие хүнд өвдсөн гэж хэлсэн нь үнэн. Ингээд 16, 17 удаагийн шүүх хуралдаан болж, 33, 34 удаа ямар ч үр ашиггүй цагдаад өргөдөл өгөөд прокурорт хандсан. Тэгээд хариуцагч өөрөө миний эрхэлдэг бизнес улирлын чанартай. Хямралын үе эхэлж худалдан авалт эрс муудсан зэргээс хамаарч миний бизнес зогсонги байдалд орсон гэдэг. Амжилттай явж байгаа үедээ би мөнгөө төлөөд явж байсан гэж үнэн мэдүүлэг хэлж байсан. Энэ хүмүүс үнэхээр нотлогдохгүй зүйл дээр худлаа төөрөгдүүлж шүүхээр худал зүйлийг хүртэл нотлох баримтаар гаргаж авсан. Миний хүүгийн дансаар мөнгө орж гарсан. Төрсөн эгч, дүү нар өөрсдийн мууг үзэх гэж ийм зүйлд хүргэж байгаа гэсэн. 2012 оны 06 сарын 15-ны өдрөөс 2015 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал бүх баримтыг түүвэрлэсэн. Миний өгсөн болон хариуцагчийн өгсөн мөнгөний баримт. Энэ хугацаанд би хариуцагчид ялгаа дүнгээр 171,662,440 төгрөг өгсөн байдаг. Миний өгсөн мөнгө 186,903,440 төгрөг, үүнээс хариуцагч надад 12,273,000 төгрөг өгч 174,630,440 төгрөг үлдсэн гэж бодсон. Дахин энэ үнийн дүнг бодоод 1,000,544 төгрөг энэ тооцоонд орох мөнгө биш учир 171,662,440 төгрөг болсон. Хариуцагчийн өмгөөлөгч энэ олон материалыг цэгцлэх аргагүй худал хэлээд байхад болдог гэсэн учир би гэрээ №1, №2, №3 гэж ялгасан байгаа. Энэ 173,000,000 төгрөг гэрээнд хамааралтай өгөө авааны мөнгө харин бид нарын хоорондын хамааралтай 74,000,000 төгрөгийн задаргаа баримтаар давхцуулалгүй ялгаж хавсаргасан байгаа. 52,000,000 төгрөг, 22,000,000 төгрөг, 74,000,000 төгрөг гээд бүх гэрээг ялгасан. З.Золжаргал яагаад өгсөн гээд байдаг вэ гэхээр 2014 оны 02 сарын 21-ний өдөр авсан 3.4 хувийн хүүтэй 50,500,000 төгрөгийн хүүг төлснөө надад хамааруулж тооцоод байдаг. Би тооцоо болгоных нь ард өгсөн өдөр мөнгөтэй нь энэ чинь энд хамааралтай зэргээр бүгдийг нь ялгаад бичсэн. Ямар ч маргах арга байхгүй. 52,000,000 төгрөг нь 2014 оны 02 сарын 19-ний өдрийн 500,000 төгрөг, 2014 оны 02 сарын 26-ны өдрийн 14,500 төгрөг, 2014 оны 03 сарын 07-ны өдөр байрны урьдчилгаа 37,000,000 төгрөгийн зээл байгаа. Үүнийг хэлэхээр энэ надад хамаагүй гэж хэлдэг. Тэгээд хамааралтай гэдгийг яаж нотолдог вэ гэхээр тооцооны хяналтын картаар 37,000,000 төгрөг З.Золжаргалд хамааралтай гэдгийг нотолсон. Ингээд миний гэрээ №1-тэй холбоотой нэхэмжлэх үндэслэл болж байна. Гэтэл өөр хүнд, өөр зориулалттай хүүнд өгсөн мөнгийг өгсөн гэж байгаа. Тэгэхэд надад бүгдийг нь өгчихсөн гэж хэлээд байгаа. Би бүгдийг нь тооцоогоор нь гаргаад ирэхээр хүснэгтээ хийсэн. Хавтаст хэрэгтээ ч танилцдаггүй. Энэ тооцоог нягтлан шинжилдэггүй. Би дүүдээ тухайн үед буюу 2015 оноос машиныхаа хучлагыг хийе. 2016 оноос би Орос улсад очоод машины хучлага хийе гэсэн санал тавьсан боловч хүлээн зөвшөөрөөгүй гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт: Би В.Оюунгэрэл эгчээс зах зээлийн хамгийн өндөр хүүгээр мөнгө зээлж, буцаан өгч байсан. Харин би хүүгүйгээр мөнгө зээлдэг үеүд ч байсан. Өөрөөр хэлбэл, бид бие биедээ харилцан туслалцаж байсан. 2011 оноос В.Оюунгэрэл нь өөрийн өмчийг ББСБ-т барьцаалан зээл авч надад өгч эргэлдүүлдэг байсан буюу би ББСБ-т болон В.Оюунгэрэл хоёуланд нь хүү төлдөг байсан. Миний бизнес амжилттай үед зээл болон зээлийн хүүгээ цаг тухайд нь төлсөөр ирсэн. Манай бизнес нь улирлын чанартай, автомашины өвлийн хучлага хийж борлуулдаг. Өнгөрсөн 3 жил өвөл дулаахан болж бүтээгдэхүүний эрэлт суларсан мөн санхүүгийн хямрал эхэлж худалдан авалт эрс муудсан учраас манай бизнес зогсонги байдалд орсон. 2014 оны 3 дугаар сард ББСБ-т төлөх мөнгө нэхэгдээд байна эгч нь байр үнэтэй байгаа дээр байр зараад ББСБ-ын зээлийг чөлөөлөөд үлдсэнийг нь чи надаас зээлж бизнесээ хийж, дахиад энэ ББСБ-аас зээл ав гэсэн.Тэр үед би байраа зарж болохгүй гэдгийг олон удаа сануулж байсан. Гэвч удалгүй байраа зарж ББСБ-ын зээлийг чөлөөлсөн. Мөн дахиад нөгөө ББСБ-аас зээл авсан гээд 2014 оны 04 сарын 01-нд өөрөө бичсэн 3-н зээлийн гэрээ гэгчийг манайд авчран гарын үсэг зур гэсэн. Тэр үед тооцоогоо сайн нягтлалгүй зурсан байсан. Уг гэрээнүүдийн нэг нь энэ нэхэмжлэлд дурдагдсан гэрээ юм. Өөрөөр хэлбэл, би энэ гэрээний 52,000,000 төгрөгийг бэлэн эсвэл дансаар 100 хувь авсан баримт байхгүй ба зөвхөн 29,500,000 төгрөг миний дансанд орж ирсэн. Өнгөрсөн хугацаанд би төлбөр тооцоо, өглөг, авлагын тэмдэглэл хөтлөх, баримт үйлдэх асуудлыг муу хийж байсан. Үнэндээ би эгчдээ итгэж өр төлбөрийн тооцоог ерөнхийдөө өөрийнх нь дэвтэрт хийдэг байсан. Нэхэмжлэлд дурдсан машины хучлагын патентын хувьд бид хоорондоо ямар ч патент барьцаалсан гэрээ хийгээгүй ба уг гэрээнд барьцаанд байгаа болно гэж бичсэн байгаа нь буруу. В.Оюунгэрэл эгчийн зуучилсан бусад зээлдэгчид миний бизнесийн байдлыг ойлгож зарим нь хүүгээ 2-3 дахин бууруулж зарим нь хүү тооцохгүй гэж байхад нагац эгч минь хамгийн өндөр хүү цаашлаад миний патентуудыг минь авна гэх мэтээр дайрч байгаа нь харамсалтай байна. Энэ зээлийн гэрээнүүдийг сайн шалгах хэрэгтэй байна. Учир нь давхардсан байх магадлалтай. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: В.Оюунгэрэл эгчээс анх өндөр хүүтэй мөнгө зээлдэг байсан. Эхний үед ажил сайн явж байсан. Би тухайн үед эгчдээ та одоо санхүүгээ хариуцаад явчих гээд маш их итгээд өгчихсөн. Бизнес хумигдаад ашиг орлого байхгүй болсон. Тэгээд манай эгч би одоо чамаас мөнгөө авна. Шүүхэд өгнө гэсэн. 2014 оны 04 сарын 01-ний өдөр өглөө эрт орж ирээд энэ дээр гарын үсэг зурчих гэхэд нь би зурсан. Тэгээд энэ чинь юу вэ, ийм их мөнгө төгрөг болохгүй шүү дээ гэж хэлсэн. Тухайн үед манай ажилчдад З.Золжаргал дампуурсан надтай хамт ажил хий гэж хэлсэн байсан. Тэгээд та ийм зүйл яриад яваад байх юм гэж асуухад би одоо чамаас мөнгөө авна шүүхэд өгнө гэдэг. Та надад юу ч байхгүй гэдгийг мэдэж байгаа. Би таны нүдэн дээр 2015 оны 5 сард машинаа ломбардад тавиад мөнгийг нь өгсөн гэж хэлсэн. Тэгтэл зөрөөд шүүхэд өгсөн. Би бүх тооцоогоо харах ёстой юм байна гэж сүүлд ухаарч ойлгосон. Би анхны шүүх хурал дээр бүх тооцоог хүснэгтээр гаргасан. Бид хоёрын хооронд хийсэн анхны тохиролцоо бол В.Оюунгэрэл эгч өөрийнхөө хөрөнгийг барьцаанд тавиад надад зээл өгч, би тэр зээлийг нь төлөх мөн В.Оюунгэрэл эгчид урамшуулал олгохоор тохиролцсон. Ингээд би өөрт байгаа бүх хөрөнгөө энэ зээлийн хүүд өгсөн. 43,000,000 төгрөг өгнө гэж хэлсэн гээд байгаа. Үнэхээр бид хоёр уулзалдаагүй. Хурал дээр ч хэлээгүй. Гэрээ байгуулагдаад миний дансруу шилжих ёстой. Гэтэл 52,000,000 төгрөг, 22,000,000 төгрөг, 70,000,000 төгрөг миний дансанд орж ирээгүй. Тэгэхээр 42,000,000 төгрөгт ямар ч баримт байхгүй. 2018 оны 02 сарын 28-ны өдрийн тайлбарт 123,000,000 төгрөг илүү өгсөн гэж байгаа. Тэгээд дансны хуулгаа шүүж гаргаж ирсэн. Тухайн үед В.Оюунгэрэл эгч ББСБ-аас зээл аваад тэр мөнгөө надад өгнө гэж хэлж байсан. Надад тэр мөнгөө бүтнээр нь өгсөн зүйл байхгүй. 2, 3 сарын наана цаана юу болоод байгаа нь мэдэгдэхгүй 14,500,000 төгрөгийг над руу шилжүүлсэн. Тэгээд энэ мөнгөний хүүг төлөх гээд хаана өгөх вэ? гэхэд Мөнгөн зоос ББСБ-ын дансыг өгч хий эсхүл надад өгчих гэсэн. Би тэр банканд болон В.Оюунгэрэл эгчид гээд бэлнээр өгч байсан. 2012 оны 08 сарын 30-ны өдрөөс 2014 оны 12 сарын 03-ны өдөр хүртэл нийт 49,256,600 төгрөг өгсөн. Үүнд бэлнээр 12,247,000 төгрөг, дансаар 37,010,000 төгрөг өгсөн. В.Оюунгэрэлд дансаар 29,937,000 төгрөгийг шилжүүлсэн. Бэлнээр 12,390,000 төгрөг өгсөн. Ямар нөхцөлөөр эвлэрэх вэ гэхэд манай эгч бүх бизнест хамтарч ажиллах, оролцуулах гэж хэлээд байгаа нь анхны санаа нь миний зохион бүтээсэн утаагүй болгох зуух, машины хучлагын патентыг өөрийн болгож авах зорилго байгаа юм шиг байна. Миний оюуны өмч, бүтээл маань дэлхийн оюуны өмчийн байгууллагаас алтан медаль авсан. Миний зохион бүтээсэн машины хучлага өвөрмөц бөгөөд анх худалдаанд гараад амжилттай явсан. Утаагүй яндан бүтээж медаль авсан. Тэгээд одоо ингэж бүх бизнест хамтарч ажиллана гээд байгаа нь дараа олох орлого ашгийг харж шунаад байгаа. Ийм зүйл байж болохгүй. Энэ нь урьд урьдын шүүх хурал дээр өгч байсан тайлбараас харагдаж байгаа. Бид хоорондоо ярилцаад бүх тооцоогоо тулгасан. Эдгээр гэрээний мөнгө 52,000,000 төгрөгийг тайлбарлахдаа 2,3 янзаар тайлбарладаг. Миний дансаар 52,000,000 төгрөг ороогүй. Гарын үсэг зурсан үйлдэл нь өглөө эрт 7 цагт орж ирээд гарын үсгээ зурчих гэсэн. Тухайн үед эгчдээ итгэж байсан учраас зурсан. Одоо ингээд тооцоолоод байгаа мөнгөн дүн зөрж байна. 3 гэрээний үнийн дүнг нэмэхээр 144,000,000 төгрөг болж байгаа. Тэгэхэд 186,000,000 төгрөг өгсөн гээд байгаа. Баримтгүй 42,000,000 төгрөгийг өгнө гэж хэзээ ч байхгүй. Нэмэгдүүлсэн хүү, хохирол гээд дур зоргоороо гаргаж ирээд байна. Эцсийн дүндээ намайг хуурч бага хэмжээний заль гаргасан бол би ч хохиролтой байна. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Би машинаа тавиад хамгийн сүүлийн мөнгө гээд өгсөн. Би одоо хөдөлмөрийн чадваргүй байгаа. 52,000,000 төгрөг, 70,000,000 төгрөг, 22,000,000 төгрөгийг би 4 сарын 01-ний өдөр аваагүй. Над руу шилжүүлсэн зүйл байхгүй. 14,500,000 төгрөгийг 2014 оны 02 сарын 26-ны өдөр шилжүүлсэн баримт байгаа. Одоо үүссэн байдлаар нэхэмжлэгч сэтгэл эмзэглүүлэхээр зүйл ярьж байгаа. Мөнгө төгрөг өгсөн авсан талаар би хүлээн зөвшөөрөөгүй гэжээ.

Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 104/ШШ2019/00122 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1., 219 дүгээр зүйлийн 219.1.-д заасныг баримтлан хариуцагч Боржигон Зансайтын Золжаргалаас 51,335,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Аюуш Викторын Оюунгэрэлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 78,271,360 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч В.Оюунгэрэл 3856 Улсын бүртгэлийн дугаартай, 2006 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн иргэн З.Золжаргалын эзэмшлийн Автомашины хучлага нэртэй шинэ бүтээл, 2609 дугаар патентаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас татгалзсаныг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШЗ2016/19724 дугаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь энэ хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч В.Оюунгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 806,050 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч З.Золжаргалаас 414,625 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч В.Оюунгэрэлд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1408 дугаар магадлалаар: Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 104/ШШ2019/00122 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 104/ШШ2019/00122 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1408 дугаар магадлалыг эс зөвшөөрч, шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. 2 шатны шүүхийн шийдвэр миний нэхэмжилсэн 129,606,360 төгрөгөөс 51,335,000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзсэн байна. Энэ 51,335,000 төгрөгийн тооцоог гаргахдаа алдсан алдаа нь 1-рт нэхэмжлэгч нь бүх баримтыг маш цэгцтэй тайлбарлан, хүснэгтэлж, тэр бүр хариуцагч талын өөрсдийнх нь үг, гарын үсэг, үйл баримтаар батлагдсаар байгааг нотолгоо шинэ хүснэгтэд түүж бичсээр байхад баримт нотолгоог дутуу үнэлсэн. 2-рт дээрх 51,335,000 төгрөгийг үндэслэн гаргаж буй нь 2016.04.18-ны Налайхын шүүхийн шийдвэрийн 9-р хуудсанд шүүгч дүгнэхдээ хариуцагч нэхэмжлэгчээс 50,5 сая төгрөг аваагүй, 37,600,000 төгрөг авсан гэж үзэж байгаа бол гэсэн ямар ч үндэслэл баримтгүй тооцоог үндэслэн шийдвэр гаргасан байдаг. Давж заалдах шатны шүүх дээр би маш сайн бэлдсэн материалууд тайлбарын хувьд нэмж өгөх гэсэн боловч туслах та шүүх хурал дээр өгчих гэсэн. Би давж заалдах шатны шүүх хурал дээр тайлбараа дэлгэц хэрэглэж тайлбарлах гэтэл шүүгч нар зөвшөөрөхгүй байсанд их гайхаж байна. 2014.04.01-ний өдөр байгуулсан /№01/гэрээний хүүг, 2012.08.15-нд байгуулсан гэрээний хүүтэй хольж, андуурч будлисан. Надад учирсан хохирлуудын бага хэсэг болох 15,206,360 төгрөгийг баримтуудаар баталсаар байхад тооцоогүйд гомдолтой байна. Миний хувьд гомдлоо дээрх нэхэмжлэлийн хүрээнд бүрэн барагдуулах нь зохистой гэж үзэж байгаа боловч одоо байгаа хүмүүсээс цуглуулсан мөнгөнийхөө хэмжээнд

1. 52,000,000 төгрөг үндсэн мөнгө,

2. 28,080,000 төгрөг хүүгийн төлбөр,

3. 15,206,360 төгрөг хохирол, нийт 95,286,360 төгрөгөөс шийдвэрлэсэн 51,335,000 төгрөгийг хасаад нэхэмжлэх бололцоотой 43,951,360 төгрөгт гомдол гаргаж байгаа тул энэ мөнгөнд тохирсон улсын тэмдэгтийн хураамж төлж хавсаргасан болно гэжээ.

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.07.29-ний өдрийн 1408 дугаар магадлалыг эс зөвшөөрч шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр гомдол гаргав. Шүүх 2014.04.01-ний гэрээг зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэсэнд гомдолтой. Энэ өдөр В.Оюунгэрэл эгч манайд намайг унтаж байхад өглөө 7 цагийн үед ирж ажил ихтэй яарч байна, гарын үсгээ зур гэж 3 гэрээнд гарын үсэг зуруулсан. Эгч юм л бол гарын үсэг зуруулж явдаг болохоор би нэг их тоогоогүй. Тэгээд ч зээлтэй холбоотой тооцооны асуудлыг В.Оюунгэрэл эгчид хариуцуулсан байсан. Дараа нь хараад би юун дээр гарын үсгээ зурчихваа гэж бодоод сайн уншсан. Тэгээд Энэ чинь юу вэ, ийм их мөнгө төгрөг болохгүй шүү дээ. Тооцоог буруу бодсон байна гэж В.Оюунгэрэл эгчид хэлэхэд юу ч дугараагүй нэг том харчихаад явсан. Энэ талаар хурал дээр ярьсан боловч магадлалд бичигдээгүй байна. Би анхны шүүх хурал дээр бүх тооцоог хүснэгтээр гаргасан. Мөн сөрөг нэхэмжлэл гаргасан ч шүүгч хүлээн аваагүй, намайг яриулж тайлбарлуулаагүй. 2019.04.18-ны хурал дээр өгсөн мөнгийг нь баримтаар гаргасан байгаа. Үүнийг тулгаад мөнгөн дүнг нь гаргачихъя гэж санал хүсэлт гаргасан боловч шүүгч зөвшөөрөөгүй.(хурлын тэмдэглэлийн 34,40,43 тал) намайг В.Оюунгэрэлээс өмнө нь 37,6 авсан, хурал дээр 26,6 саяыг авсан гэж зөрүүтэй мэдүүлсэн гэжээ. 2012.06.12-нд В.Оюунгэрэл нь надад хадгаламжийн орлого гэж 11 саяыг шилжүүлсэн. Энэ хугацаа нь нэхэмжлэлийн үндэслэл шаардлагад хамаарахгүй тул хассан юм. Байгаа мөнгөндөө тохируулан 15 сая төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж бичиж байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч В.Оюунсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.07.29-ний өдрийн 1408 дугаар магадлалыг эс зөвшөөрч шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр хяналтын гомдол гаргав. Давж заалдах шатны шүүх гомдлыг минь үндэслэлгүй гэж үзэн хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн үндэслэлээ анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэврлэх тухай хуулийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн гэж дүгнэснээр илэрхийлжээ. Би эсрэгээрээ анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Шүүх хэргийн оролцогчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зохицуулбал зохих эрх зүйн хэм хэмжээг оновчтой зөв хэрэглээгүй, хуулийн үзэл баримтлалыг зөв оновчтой ойлгоогүй буюу талуудын маргаантай харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар. Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ байгуулсан дараалал нь хууль зөрчөөгүй, В.Оюунгэрэл нь З.Золжаргалаас хүү шаардах эрхтэй, зээлийн хүүг 1 хувиар тооцох нь үндэслэлтэй, маргаагүй үйл баримт гэсэн үндэслэлээр В.Оюунгэрэлийн бусдын байр түрээслэсэн болон нүүлгэлтийн зардлыг хариуцагч төлөх ёстой гэж тус тус дүгнэсэн, харин Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар болон үүргийг шаардах эрхтэй гэсэн дүгнэлтүүд үндэслэлтэй, зээлийн хүүг 1 хувиар тооцсоныг буруутгахгүй зөв болжээ, зээлийн үлдэгдлээс 46.5 сая төгрөгийг төлөөгүй, зээлийн болон барьцааны гэрээний үүрэгт В.Оюунгэрэл нь ББСБ-д 2014.03.07-ны өдөр 42,322,600 төгрөг төлсөн талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, шүүх хариуцагчид холбогдох төлбөрөөс ямар тооцооллыг хэрхэн буруу хийсэн нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, байр нүүлгэлтийн зардлыг хэргийн баримтад үндэслэсэн байна гэж тус тус дүгнэсэн, анхан шатны шүүх нь 2014.04.01-ний гэрээ гэгчийг 2012.08.15-ны зээлийн гэрээг дүгнэсэн гэрээ гэж үзсэн атлаа 2012.08.15-ны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд дүгнэлт өгөөгүй. 2012.08.15-ны өдөр мөнгийг шилжүүлсний дараа хүү тохирсон гэрээг бичгээр байгуулсан учраас В.Оюунгэрэл нь зээлийн хүүг З.Золжаргалаас шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь огт үндэслэлгүй. Учир нь В.Оюунгэрэл нь З.Золжаргалд 2012.08.15-ны өдөр битгий хэл 2012 оны 8 сард ямар ч хэлбэрээр мөнгө өгөөгүй, шилжүүлээгүй байдаг. З.Золжаргал нь 2012.08.15-ны өдөр байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг хугацаанд нь бүрэн дүүрэн хангаж биелүүлсэн байдаг. З.Золжаргалын Нийслэлийн шүүхэд гаргасан тайлбар, миний давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, хоёр шатны шүүх 2012.08.15-ны 50,5 сая төгрөгийн талаарх Хамтран ажиллах тухай гэрээ, 2012.06.12, 2012.07.27-ны гэрээг үндэслэж дээрх мөнгөнөөс 31,5 сая төгрөгийн зээл төлөгдөөгүй нь тогтоогдсон гэж үзэхдээ уг мөнгө нь зээлийн үүрэг үү, эсхүл хохирол байсан эсэхийг тодруулаагүй мөртлөө нэхэмжлэгчийн хариуцагч нь зээлийн гэрээнийхээ үүргийг гүйцэтгээгүйгээс учирсан хохирол гэж В.Оюунгэрэл нь бусдын байр түрээслэн амьдарсан түрээсийн мөнгө, нүүлгэлтийн зардлыг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлснийг шүүх ханган шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна. Шүүх В.Оюунгэрэл нь 2012 оны 6, 7 сард ББСБ-аас авсан зээлийн үлдэгдлээс хариуцагч 31,5 сая төгрөгийг төлөөгүй байна гэсэн дүгнэлт гаргахдаа үндэслэлгүй, буруу тооцон гаргасан буюу тооцоог гаргахдаа бодит нотлох баримтан дээр тулгуурлан гаргаагүй, өөр субьектуудын тооцоотой хольж хутган дутуу гаргасан. Энэ талаар давж заалдах шатны шүүхэд гомдолдоо бичсэн боловч магадлалд зориудаар хасаж бичсэн байдаг. Гэрээ №1 гэгчийн буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад хамаарах гэрээтэй холбоотой тооцооллыг шүүгч бодон гаргахдаа гэрээ №2 гэгчид холбогдох тооцоог бодон хамааруулж буруу бодож гаргасан байна. Шүүх зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэх үндэслэлгүй гэж үзэхдээ Иргэний хуулийн 281.1, 282.4, 282.3-т заасныг үндэслэл болгожээ. Гэтэл 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг бичгээр байгуулагдсанд тооцно гэж хуульчлан заажээ. В.Оюунгэрэл нь 2012.08.15-ны өдрийн Хамтран ажиллах тухай нэртэй зээлийн гэрээний дагуу З.Золжаргалд 50,5 сая төгрөг өгөх ёстой байсан боловч 2012 оны 8 сард нэг ч төгрөг өгөөгүй. Харин В.Оюунгэрэл нь ББСБ-аас 2012.06.14-ний өдөр 23,5 сая төгрөгийн зээл авсан талаар зээлийн хяналтын картанд бичигдсэн байна. В.Оюунгэрэл нь энэ өдрөө З.Золжаргалд 5 сая төгрөгийг, 2012.06.20-нд 1,6 сая төгрөг, 2012.07.31-нд 17 сая төгрөг, 2012.07.31-нд 3 сая төгрөг буюу нийт 26,6 сая төгрөг шилжүүлсэн байдаг. Харин 2012.08.15-наас хойш өгсөн мөнгө нь 2012.09.05-нд 1,544,000 төгрөг өгснөөр үргэлжилдэг.

Анхан шатны шүүх нэхэмжлэлд дурдагдсан үндэслэл шаардлагад хамааралгүй хугацааны буюу бүр 2011.10.31-нээс 2012.06.14 хүртэлх хугацаанд хийгдсэн 4 гүйлгээг буюу З.Золжаргал нь В.Оюунгэрэлд өгсөн 4,280,000 төгрөгийг оруулан тооцсон гэж харагддаг. Мөн бэлэн мөнгөний орлого, зарлагын баримтуудыг тооцоо гаргахдаа огт ашиглаагүй, хянаагүй байх бөгөөд зохигчдын хооронд бэлнээр хийгдсэн тооцоог оруулан хянаж тооцоогүй байна. Зохигчдоос ББСБ-д зээлд болон зээлийн хүүд хэдэн төгрөг төлсөн талаар огт тооцон дүгнээгүй. Мөн З.Золжаргал нь В.Оюунгэрэлд болон ББСБ-д хэдэн төгрөг тушаасныг тогтоож дүгнээгүй байна. 2014.04.01-ний өдөр хийсэн 52 сая төгрөгийн зээлийн гэрээ гэгчийг хийхдээ 52 саяыг бодитоор В.Оюунгэрэл нь З.Золжаргалд өгөөгүй гэдгээ шүүх хурал дээр хэлдэг ба 2016.10.18-ны өдрийн 06258 дугаартай шийдвэрт шүүх зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх 2016.12.09-ний 2008 дугаартай магадлалдаа анхан шатны шүүхийн зээлийн гэрээний харилцаа үүсээгүй талаарх дүгнэлтийг буруутгах үндэсгүй гэж дүгнэсэн байдаг. 2014.04.01-ний өдрийн зээлийн гэрээ гэгчийн дагуу зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж үзэж байгаа тул хүү яригдан тооцогдох учиргүй буюу В.Оюунгэрэл нь З.Золжаргалаас хүү шаардах эрхгүй гэж үзэж байна. 2 шатны шүүх зээлийн хүүг 2012.08.15-ны гэрээнд зааснаар 1 хувиар тооцох нь зүйтэй гэж үзсэн. Гэтэл хариуцагч З.Золжаргал нь 2012.08.15-ны гэрээний үүргийг хугацаанд нь бүрэн гүйцэтгэсэн байдаг. Анхан шатны шүүх гэрээ байгуулагдсан дараалал нь хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн ба өмгөөлөгч би хууль зөрчсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт В.Оюунгэрэл нь 2016.06.12, 2012.07.27-ны өдрүүдэд нийт 50 сая (30сая+25сая) төгрөгийн зээлийг авсан гэж үндэслэлгүй дүгнэжээ. Учир нь 1-рт энэ өдрүүдэд В.Оюунгэрэл нь ББСБ-аас ямар ч хэлбэрээр ямар ч мөнгө аваагүй байдаг. 2-рт авсан гэх мөнгөний нийлбэр дүн 50 сая биш 55 сая болж байна. Мөн В.Оюунгэрэлийн ББСБ-аас авсан дээрх 50 сая төгрөгийг В.Оюунгэрэл нь З.Золжаргалд шилжүүлсэн эсэх нь маргааны зүйл болсон гэж бичсэн мөртлөө хариуцагч талаас тооцооны жагсаалтыг хавтаст хэргийн дугаартай нь хамт гаргаж өгсөөр байтал шүүгч хариуцагч З.Золжаргалыг В.Оюунгэрэлээс 50 сая биш 37,6 сая төгрөгийг авсан гэдгээ нотолж чадсангүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй дүгнэлт болсон. Учир нь З.Золжаргал нь шүүхэд өгсөн тооцооны бичилт бодолт дүнг нэхэмжлэгчтэй нэг бүрчлэн тулгаад нийлээд явчихъя гэсэн санал хүсэлтийг тавьсан боловч шүүгч хүсэлтийг нь хүлээж аваагүй. (2019.04.18-ны хуралдааны тэмдэглэлийн 38-42 хуудаст) Анхан шатны шүүх З.Золжаргал нь 2012 оны 6 сараас 2014 оны 2 сарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь биелүүлсэн гэж маргах боловч өөрийнх нь 2014 оны 2 сард авсан 15 сая төгрөгийг (14,5сая +0,5сая) төлөөгүй гэсэн тайлбараар няцаагдсан гэж дүгнэсэн. Гэвч З.Золжаргал нь 2012 оны 6 сараас 2014 оны 2-р сарын хооронд байгуулсан зээлийн гэрээ гэж хэзээ ч огт яриагүй. Учир нь З.Золжаргал В.Оюунгэрэл нь дээрх хугацаанд зөвхөн 2012.08.15-ны өдөр л хамтран ажиллах тухай нэртэй гэрээ байгуулсан байдаг. Харин В.Оюунгэрэл нь З.Золжаргалд 2014.02.19-нд 500,000 төгрөг, 2014.02.26-нд 14,5 сая төгрөгийг шилжүүлсэн байдаг хэдий ч энэ нь 1-рт зээлийн аман болоод бичгээр хийгдсэн гэрээ байхгүй (хийгээгүй) 2-рт В.Оюунгэрэл нь З.Золжаргалыг ББСБ-д өөрөөс нь авсан зээлээ тохирсон ёсоороо өөрийнх нь өмнөөс төлөхгүй байсан тул, (З.Золжаргалыг байраа битгий зараарай гэж хэлж сануулсаар байтал) З.Золжаргалын өмнөөс 31 сая төгрөгийг ББСБ-д төлж тохирсон гэж гомдоллодог хүн 31 сая төгрөг төлснөөсөө хойш 8 хоногийн дараа 500,000 төгрөгийг З.Золжаргалд дансаар шилжүүлсэн байдаг. Гэхдээ энэ 500,000 төгрөгийг үеэл Амарсүрэнгээс 1 сая төгрөгийг 2014.02.19-ний өдөр зээлж аваад энэ өдрөө 500,000 төгрөгийг нь З.Золжаргалд шилжүүлсэн байдаг.(Х.Х-1-216-220) Харин В.Оюунгэрэл нь 2014.02.26-нд 14,5 сая төгрөгийг З.Золжаргалд шилжүүлсэн байдаг ба В.Оюунгэрэл нь байраа зарсан ББСБ-аас дахин зээл авах гэж байна. Зээлийн урьдчилгаа гэж 20 сая төгрөгийг өгч байгаа юм гэж хэлээд 15 саяыг нь З.Золжаргал руу дансаар шилжүүсэн байдаг. Гэтэл энэ 20 сая төгрөг нь (0,5сая+14,5сая) В.Оюунгэрэл нь ББСБ-аас дахин зээл аваагүй байхдаа 1 өрөө байраа зарсан мөнгөнийхөө урьдчилгаа гэх 20 саяыг авч З.Золжаргалд 14,5 саяыг нь шилжүүлсэн байдаг. Дээрх нийлбэр 20 сая төгрөгийг З.Золжаргал нь хүсээгүй, гуйгаагүй харин В.Оюунгэрэл нь урьдчилан төлөвлөн тооцоолон бодсон ээлжит төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх үүднээс өгөөш болгож З.Золжаргалыг санхүү сэтгэл санааны хүнд байдалд санаатайгаар оруулан дараагийн авахаар төлөвлөсөн 70 сая төгрөгийн зээлийн гэрээ гэгчээр халхавчлан хоногийн 0,5 хувийн алдангид (350,000 төгрөг) сул авч бэлэнчлэх амьдралаа үргэлжлүүлэх үүднээс В.Оюунгэрэл нь өөрөө сайн дураараа З.Золжаргалд өгсөн мөнгө байдаг.

2. Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар: 1. 2019.04.04-ний өдөр болсон шүүх хуралдааны товыг 1 сарын өмнө нэхэмжлэгч В.Оюунгэрэл нь мэдсэн байсан. Энэ талаар миний шүүгчээс татгалзан гарах хүсэлтэндээ тодорхой бичсэн байгаа. 2. 2019.04.17-ны өдөр шүүх хурлыг товлогдсоныг шүүгчийн туслах Одгэрэл нь надаас болон миний үйлчлүүлэгчээс товын талаар санал огт асуугаагүй шууд хэлсэн. 3. Энэ хэргийн нотлох баримтуудыг В.Оюунгэрэл нь хуурамчаар үйлдсэн талаарх миний гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн байгаатай холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх талаар гаргасан миний хүсэлтийг шүүгч хангаагүйд гомдолтой.(Х.Х5-205) 4. Хэргийн оролцогчдын мэтгэлзэх зарчмыг хангах арга хэмжээ аваагүй(2019.04.18-ны хуралдааны тэмдэглэлийн 38-42 хуудас) 5. Өмгөөлөгч би Нийслэлийн давж заалдах шатны шүүгч Т.Туяагаас ИХШХШТХн 91.1.3т зааснаар буюу урьд өмнө нь энэ хэргийг шийдвэрлэхдээ шүүх бүрэлдэхүүнд оролцохдоо хууль ёсны бөгөөд үндэслэлгүй гарсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан тул хэргийг шударгаар шийдвэрлэхэд эргэлзэж байна гэсэн үндэслэлээр татгалзан гаргах хүсэлт тавихад ИХШХШТХн 84.1-д заасан ИХХШАнд шүүгч дахин орж болохгүй гэсэн үндэслэлд хамаарахгүй байна гэсэн үндэслэлээр мөн 91.1д заасан үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэн хүсэлтийг минь хангахгүй орхисон ба шүүгч нар зөвлөлдөх тасалгаанд орохдоо хавтаст хэргийг авч ороогүй энэ нь миний гаргасан хүсэлтийг шийдэхэд чухал ач холбогдолтой, шаардлагатай байхад миний хүсэлтийг нягталж шалгахгүйгээр хүсэлтийг минь шийдвэрлэж байсан. Хавтаст хэргийг шүүх бүрэлдэхүүн үзэж танилцаагүйгээр 91.1д заасан үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэсэнд маш гомдолтой. 2016.12.09-ний өдрийн давж заалдах шатны шүүх хуралдаанд Т.Туяа шүүгч оролцсон ба 2019.07.29-ний хуралд илтгэгч шүүгчээр оролцож миний хүсэлтэд бичсэн зүйл үнэн болох нь батлагдаж, Т.Туяа шүүгчийн илтгэсэн хэрэг шударга бус үндэслэлгүй шийдэгдсэн 2016 оны магадлалд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн байхад 2019 оны магадлалд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн. Ийнхүү буруу шийдвэрлэхдээ өмгөөлөгч миний давж заалдсан гомдолдоо бичсэн зүйлүүдээс 9 ширхэг зүйлүүдийнх нь үг, агуулгыг мушгин гуйвуулж утгыг нь алдагдуулан, орхигдуулах өөрчлөх, нэмэх, хасах зэргээр санаатайгаар гаргах шийдвэртээ нөлөөлөхгүйгээр ашигтайгаар өөрчилсөн ноцтой үйлдэл гаргасан байна. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд бичигдсэн зүйл, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбаруудын үг, агуулгыг гаргасан шийдвэртээ нийцүүлэн өөрчилсөн байна.

5. Шүүх хуралдааны тэмдэглэл нь 3 хоногт гарах ёстой байтал олон удаа асуулган яриулж байж 21 хоногийн дараа гарсан. Шийдвэр сарын дараа гарсан. Миний бие байнга асууж сурагладаг байсан. Шүүхийн тамгын газрын дарга дээр орж дарга шүүгч рүү ярихад шүүгч ажил дээрээ байгаагүй. Шүүгч шийдвэрийг 1 дэх өдөр гэхэд гаргаад өгье гэж тамгын газрын даргад утсаар хэлсэн боловч гаргаагүй. Асуулт нэхэл дагалтай удаж арайхийн шийдвэр гарахад миний бие очоод авчихъя гэхэд та настай хүн манайх таныг хүндрүүлж удаасан учир таны байгаа газарт чинь хүргэж өгнө одоо зарлага гарах гэж байна гэж ярьсан би их харсан боловч ирээгүй. Дахин ярьж хэл ам болж арайхийн хариуцагчийн хаягаар ирсэн юм. 6. Миний бие нь нотлох баримтыг шинжлэн судлахдаа В.Оюунгэрэл нь ББСБ-д тушаасан гэх 31 сая төгрөгийн Б МОБ-н бүх бичилтыг нэхэмжлэгч В.Оюунгэрэл өөрийн гараараа бичсэн номер дугааргүй буюу хуурамч (Х.Х3-27) гэж хэлээд баримтыг нь шүүгч рүү тусгайлан өргөж харуулж байгаад хэлэхэд В.Оюунгэрэл нь юу ч дуугараагүй дуугүй байсан. Зүй нь шүүгч ядаж л асууж цаашилбал ИХШХШТХн 110.3-т зааснаар шүүх шинжилгээ хийлгэх буюу бусад нотлох баримт шаардан авч болно гэсэн хуулийн заалтын дагуу ББСБ-аас уг баримтыг шаардан авах боломжийг ашиглаагүйд гомдолтой байна. Миний бие уг баримтыг хуурамч гэдгийг нь В.Оюунгэрэлийн бичгийн хэвийг сайн мэддэгийн хувьд нотолж хэлсэн. Мөн В.Оюунгэрэлийн бичгийн хэвүүд хавтаст хэрэгт хангалттай байгаа талаар хэлсэн. Мөн шүүх захирамжууд гаргаж даалгаад ч ББСБ нь санхүүгийн баримтуудаа ирүүлдэггүй тул арга буюу цагдаад хандсанаар хэрэг бүртгэлийн хэрэг нээгдээд 1 жил хагас болох гэж байна. Иймд миний бие уг баримтыг хуурамч гэдгийг нотлох үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байна. Энэхүү хуурамч баримтын талаар мөн энэхүү хуурамч баримттай холбоотой тооцоо, тооцоолол зээл төлөлтийн талаар 2 шатны шүүх нэг ч дурьдаагүй байдаг ба шүүхүүд В.Оюунгэрэлийг ББСБ-аас 2012 оны 6, 7р сард авсан зээлийн төлбөрт 42,322,600 төгрөг төлсөн гэж дүгнэсэн. Гэтэл энэ мөнгө нь зөвхөн 2012.06.12-ны өдрийн ББСБ, В.Оюунгэрэл хоёрын хооронд байгуулсан зээлийн гэрээний төлбөрт төлөгдсөн мөнгө байдаг.(Х.Х1-248) 7. ИХШХШТХн 116.2-т заагдсан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг 2 шүүх хоёулаа хангаагүй. Үүнд: шийдвэр гаргахдаа бичгийн нотлох баримтан дээр тулгуурлаагүй, хуралд оролцсон хөндлөнгийн 2 гэрчид өөрсдийг нь гэрчлэх ямар ч баримт бичиггүй байхад харанхуй шөнө гудамжнаас олж ирсэн гэх 2 хөндлөнгийн гэрчийн талаар, шүүх хурлын тэмдэглэл, шийдвэр магадлалын алинд ч дурьдаагүй. Шүүгч зөвлөлдөх тасалгаанд орж зөвлөлдөх байтал шүүгч нарын туслахуудын 106 тоот өрөөнд шүүгчийн өмсгөлгүй энгийн зогсоогоороо хүмүүстэй чанга ярьж явж зөвлөлдсөн. Энэ нь шийдвэр гарахад сөргөөр нөлөөлснөөс шийдвэр үндэслэлгүй буруу гарсан гэж үзэж туйлын гомдолтой байна. Ингэж явахдаа шүүгч надад өөрөө шүүх хурал завлөлдөж байна, зөвлөлдөж байна гэж 2 удаа ууртайгаар хэлж буцааж өгөхөө мартсан тооцооны бичилтүүдийг угз татан ууртайгаар надаас авсан юм. Өрөөнд олон хүн байсан бөгөөд энэ талаар тогтоолгохоор тамгын газарт нь гомдол гаргасан байгаа. Шүүх тооцоог гаргахдаа хэрэгт холбогдолгүй өөр гэрээ гэгчтэй холбоотой тооцоог хольж гаргасан, мөн өөр төрлийн тооцооллыг давхардуулан хольж шал худлаа, үндэслэлгүй тооцоо гаргаж шийдвэрлэсэн. Энэ талаар ч нэхэмжлэгч гомдолдоо бичсэн байна. 8. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт нь хэрэгт байгаа нотлох баримтаар тогтоогдож байгаа эсэхийг тогтоох ёстой байтал тэгээгүй. Эсрэгээрээ гарсан шийдвэртээ нийцүүлэх гэж хэргийн оролцогчдын мэдүүлэг болон гаргасан гомдолд бичсэн зүйлүүдийн үг утгыг өөрчилсөн, хассан нэмсэн байдаг. Мөн хэргийг бүхэлд нь хянаагүй дутуу хянан дүгнэж шийдвэрлэсэнд гомдолтой. 9. Нэхэмжлэгч бусдын орон сууцыг түрээсэлсэн гэх хөлсийг шүүх хариуцагчаас гарган шийдвэрлэхдээ нотлох баримтын шаардлага хангаагүй гэрээг үнэлж шийдвэрлэсэнд гомдолтой. Хариуцагч нэхэмжлэгчийн байр хөлслөхөд зориулсан, нүүлгэлтэнд төлсөн гэх мөнгөнүүдийг төлөх ямар ч үндэсгүй. Байрын өмчлөгч нь гэрээнд (байр түрээслэх) гарын үсэг зураагүй. Өөр хүн зурсан боловч байрны эзнээс итгэмжлэл аваагүй байдаг. Гомдлыг минь хүлээн авч хянан хэлэлцэж шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч нь хариуцагч З.Золжаргалаас 2014 оны 4 сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 98,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Автохит дулаан хучлаганы патентийг өөрийн нэр дээр шилжүүлэх гэсэн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндсэн зээлийн төлбөр 52,000,000 төгрөг, хүү 28,080,000 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 34,320,000 төгрөг, хохиролд орон сууц хөлсөлсний төлбөр 1,200,000 төгрөг, нүүлгэлтийн зардал 170,000 төгрөг, барьцаалан зээлдүүлэх газраас авсан зээлийн хүү 767,360 төгрөг, газрын үнэ 10,000,000 төгрөг, нийт 129,606,360 төгрөг гэж нэмэгдүүлэн, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагаасаа татгалзсан байна. /V-хх-25/

Хариуцагч нь хариу тайлбарыг өөр өөр агуулгаар гаргаж маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 51,335,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, 78,271,360 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь 3856 Улсын бүртгэлийн дугаартай, 2006 оны 08 сарын 03-ны өдрийн иргэн З.Золжаргалын эзэмшлийн Автомашины хучлага нэртэй шинэ бүтээл, 2609 дугаар патентаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас татгалзсаныг баталж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаанаас маргаан үүссэн гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзвэл, 2012 оноос нэхэмжлэгч нь З.Золжаргалын бизнесийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр зээл олж өгдөг, өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг Мөнгөн зоос кредит ББСБ ХХК-д барьцаалан зээл авч хариуцагчид өгдөг, хариуцагч зээлийн үүргээс гадна нэхэмжлэгчид 1 хувийн хүү нэмж төлөхөөр харилцан тохиролцож мөнгө өгч, авалцаж байсан талаар зохигчид маргаагүй.

Харин өгсөн авсан мөнгөний хэмжээ болон тэдгээрийн хооронд үүссэн үүрэг биелэгдсэн эсэх талаар маргасан байна.

Хэрэгт 2012 оны 08 сарын 15-ны өдрийн Хамтран ажиллах нэртэй зээлийн гэрээ, 2014 оны 04 сарын 01-ний өдрийн Зээлийн гэрээ №1, №2, №3 гэсэн 52 сая, 22 сая, 60 сая төгрөгийн 3 өөр үнийн дүнтэй, зээлийн хүүг 4,5%, 2,5%, 4% гэж заасан, зохигчдын гарын үсэг зурагдсан, гараар бичигдсэн 3 гэрээ, Мөнгөн зоос кредит ББСБ ХХК-тай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээнүүд, 2012-2014 оны хийсэн тооцоо, мөн банкны орлогын мэдүүлгүүд, дансны хуулга зэрэг баримтууд байна. /I-хх-4.49-51,237-250,II-хх-39-43,45/

Хэргийн баримт, зохигчдын тайлбараас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

2. Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж чадаагүй байна.

Шүүх ... шаардлагын үндэслэл гэж 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Зээлийн гэрээ №1-ээр зээлийн хүүг сарын 4.5 хувиар тооцож шаардсан. Гэтэл анх гэрээ байгуулахдаа гэрээний гол нөхцөл болох хүүг сарын 1 хувь гэж тохирсон болох нь 2012 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан Хамтран ажиллах нэртэй гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон учраас шүүх зээлийн хүүг сарын 1 хувиар тооцох үндэслэлтэй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцсэн гэж үзэхэд учир дутагдалтай, энэ хувь хэмжээгээр ямар хэмжээний хүү гаргуулж байгаа нь тодорхойгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчээс З.Золжаргалд мөнгө шилжүүлсэн, хариуцагчаас В.Оюунгэрэлд мөнгө шилжүүлсэн, З.Золжаргалаас Мөнгөн зоос кредит ББСБ-ын захирал О.Гэрэлд зээл, зээлийн хүүд төлсөн тухай, хариуцагч З.Золжаргалын арилжааны банкнуудын депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг хавтаст хэргийн хуудсаар зааж, хариуцагчийг 2012 оны 6, 7 сард авсан зээлийн үлдэгдлээс 31,500,000 төгрөг, 2014 оны 2 сард авсан 15,000,000 төгрөг төлөгдөөгүй гэж шүүх дүгнэсэн, мөн хохирол гэсэн үндэслэлээр шаардсан 15,206,360 төгрөгөөс 1,370,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагаас нийт 51,335,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн боловч шийдвэрийн дүгнэлт, тооцоо зөрүүтэй, энэ дүн хэрхэн гарсан нь ойлгомжгүй байна.

3. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг зөрчөөгүй байх тул хяналтын шатны шүүхээс хэргийн баримтын хүрээнд дүгнэлт хийж, зохигчдын хооронд үүссэн маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

Нэхэмжлэгч нь ...2014.01.25-ны байр зарсан 52 сая төгрөг, 3 өрөө байрыг 1 өрөө болгосны 22 сая төгрөг, 2014.06.27-ны 55 сая төгрөгийн зээлийн үлдэгдлийг барагдуулаагүй байсан, 2014.02.11 хүртэл 44 сая төгрөгийн хүү төлсөн, ...2014.03.27-ны өдөр 77 сая төгрөгийн 3 гэрээ хийсэн. ...2012.06.15-наас 2015.12.31-нийг дуустал баримтаар хариуцагчид ялгаа дүнгээр 171,662,440 төгрөг өгсөн байдаг. ...миний өгсөн 186,903,440 төгрөг, хариуцагч 12,273,000 төгрөг өгч 174,630,440 төгрөг үлдсэн... дахин бодоод ...171,662,440 төгрөг болсон. ... гэрээ №1, №2, №3 гэж ялгасан байгаа. 173 сая төгрөг гэрээнд хамааралтай... 74 саяын задаргаа давхцуулалгүй ялгаж хавсаргасан байгаа. ...52 сая, 22 сая, 74 сая төгрөг гээд ялгасан... зэргээр тайлбар гаргасан.

Хариуцагч нь ... В.Оюунгэрэл эгчээс хамгийн өндөр хүүгээр мөнгө зээлж, буцаан өгч, түүнд хүүгүйгээр мөнгө зээлдэг үеүд ч байсан... харилцан туслалцаж байсан. ... В.Оюунгэрэл нь өөрийн өмчийг ББСБ-т барьцаалан зээл авч надад өгч эргэлдүүлдэг... би ББСБ, В.Оюунгэрэл хоёуланд нь хүү төлдөг..., ...бизнес амжилттай үед зээл болон зээлийн хүүгээ цаг тухайд нь төлсөөр ирсэн, ... 2014.04.01-ний гэрээнд тооцоог нягтлахгүйгээр гарын үсэг зурсан, гэрээгээр мөнгө өгөөгүй, 37 сая төгрөгөөс ... нийт 18 саяыг зөвшөөрч, бусдыг зөвшөөрөхгүй гэж, ... төлөх төлбөрийг бүрэн төлсөн тул бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж, харин 2018 оны 12 сарын 10-ны тайлбарт В.Оюунгэрэлд ... 35 сая төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрнө гэх зэргээр зөрүүтэй тайлбар гаргаж маргажээ.

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар зөрүүтэй хэдий ч зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, хэргийн баримтаар зээлийн үлдэгдэл, хүүг тооцох боломжгүй байх тул хариуцагч өөрийн хийсэн тооцооллын үндсэн дээр зөвшөөрсөн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 25 дугаар зүйлийн 25.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцнэ. /VI-xx-207/

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулна гэсэн нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1408 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 104/ШШ2019/00122 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч Боржигон Зансайтын Золжаргалаас 35,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Аюуш Викторын Оюунгэрэлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 94,606,360 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, шийдвэрийн 4 дэх заалтын 414,625 гэснийг 332,950 гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 232,950 /хоёр зуун гучин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378,000 /гурван зуун далан найман мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

Г.ЦАГААНЦООЖ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД