Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 1521

 

 

 

 

 

 

 

 

 

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2019/01318 дугаар шийдвэртэй

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Н” ХХК, “ШД” ХХК-иудад холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийтдээ 83 476 000 төгрөгийг гаргуулах, Хан-Уул дүүргийн 10-р хороо, 58-р байрны 4 давхарын 22 тоот 149.15 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгч нь “С” ХХК-ийн ерөнхий захирал Б.Э-мөн болохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгэхийг даалгах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

                Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөмөр, хариуцагч “ШД” ХХК-ийн төлөөлөгч Л.Алтанхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Суврага сац” ХХК-ийн захирал Б.Э, шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С” ХХК нь 2015 оны 6 дугаар сарын 31-ний өдөр “Н” ХХК-тай 06/2015 тоот Барилгын ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хоорондын ажил гүйцэтгэх гэрээг байгуулан хамтран ажиллах болсон бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч “С” ХХК Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “ШД” ХХК-ийн захиалсан орон сууцны барилгын карказ угсралтын ажлыг гүйцэтгэхээр тохиролцож, барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд гэрээт ажлыг хугацаанд нь дуусгавар болгож ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн байдаг. 06/2015 тоот гэрээний 2 дугаар зүйлд туслан гүйцэтгэгчийн ажлын хөлсийг гүйцэтгэлээр буюу 4 шатлалаар тооцож авахаар, ажлын нийт хөлс 224 370 000 төгрөг байхаар талууд тохиролцсон. Нэхэмжлэгч өнгөрсөн хугацаанд 06/2015 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсөнд 161 020 000 төгрөгийг авсан бөгөөд үлдэгдэл 63 350 000 төгрөгийг ерөнхий гүйцэтгэгч “Н” ХХК-аас аваагүй ба үлдэгдэл 63 350 000 төгрөгийг “ШД” ХХК-ийн захиалан бариулсан Хан-уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан 89 айлын орон сууцны барилгаас 12 давхарын 85 тоот 1 өрөө 36.20 м.кв талбай бүхий орон сууцыг тооцож авахаар тохиролцож 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 73 тоот гэрээг байгуулсан. Уг орон сууцны өмчлөх эрхийг “ШД” ХХК нь нэхэмжлэгч “С” ХХК, түүний захирал Б.Энхтүвшинд шилжүүлэн өгөх үүрэгтэй байсан боловч “ШД” ХХК нь “Н” ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 15/04 тоот албан хүсэлтийг үндэслэн иргэн Ц.Батболд-ын өмчлөлд шилжүүлсэн байна. “ШД” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнаас нэхэмжлэгч “Суврага сац” ХХК-тай байгуулсан 73 тоот гэрээний дагуу 85 тоот 1 өрөө, 36.20 м.кв орон сууцны өмчлөх эрхийг иргэн Ц.Батболдод шилжүүлсэн талаар лавлаж асуухад ерөнхий гүйцэтгэгч “Н” ХХК-аас түүний нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлэхийг хүссэн тул иргэн Ц.Батболдод шилжүүлсэн гэж тайлбарладаг. Хэргийг хянан шийдвэрлэх явцад хамтран хариуцагчаар “ШД” ХХК-ийг татуулах хүсэлт гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 20 126 000 төгрөгийг гаргуулах, Хан-Уул дүүргийн 10-р хороо, 58-р байрны 4 давхарын 22 тоот 149.15 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгч нь “С” ХХК-ийн ерөнхий захирал Б.Э-мөн болохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгэхийг даалгахаар гаргасан боловч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж нийт 83 476 000 төгрөгийг хариуцагч “Н” ХХК-аас гаргуулах, Хан-Уул дүүргийн 10-р хороо, 58-р байрны 4 давхарын 22 тоот 149.15 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгч нь “Суврага сац” ХХК-ийн ерөнхий захирал Б.Э-мөн болохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхийг “ШД” ХХК-д даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Н” ХХК-ийн захирал Ж.Дорждагва шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь “Суврага сац” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй. Анхнаасаа гэрээг бичгээр хийгээгүй, ажил гүйцэтгүүлэхээр амаар л тохирсон. Харин Б.Э-нь “ШД” ХХК-ийн захиалсан орон сууцны барилгын ажил дээр манай компанийн менежер болон захирлаар ажиллаж цалин хөлсөндөө 1 өрөө орон сууц 1 ширхгийг авахаар харилцан тохиролцсон. Гэтэл Б.Э-өмнө нь тохиролцсоны дагуу 2 ширхэг 1 өрөө орон сууц авах байснаа 1 ширхэг 1 өрөө байрыг 2 өрөө орон сууц болгон солиулж 2 байр шилжүүлэн авчихаад ажил дуусаагүй байхад хаяад алга болсон. Ингээд байхгүй алга болж байгаад шүүхэд нэхэмжлэл гаргаж, манайхаас болон “ШД” ХХК нараас анх 63 350 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байснаа сүүлд нэмэгдүүлж, 20 126 000 төгрөг, мөн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 58 дугаар байрны 4 давхарын 22 тоотын 49.15 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр нь “Суварга сац” ХХК-ийн ерөнхий захирал Б.Э-мөн болохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах нэхэмжлэлийг гаргаж байгааг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч “ШД” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Алтанхуяг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол үйлчилгээтэй 101 айлын орон сууцны барилгын араг бүтээцийн ажлыг гүйцэтгэх бартерын гэрээг “Н” ХХК-ийн захирал Ж.Дорждавагтай байгуулж гэрээний 1.5-д заасан төлбөр тооцоо бүрэн дууссан. Үүнд: 1. Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо 58 дугаар байрны 10 давхарын 71 тоот 51.67 м.кв 2 өрөө байрыг 1 м.кв-ийг 1.750.000 төгрөгөөр нийт үнэ 90 422 500 төгрөг. Энэ байрыг 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр “Н” ХХК-ийн захирал Ж.Дорждавагийн хүсэлтийн дагуу Б.Баатархүүтэй орон сууц захиалгын гэрээ хийж, түүний төлбөр нь гэрээний 1.5.3, 2.1-д зааснаар “Н” ХХК-д хийгдсэн. 2. Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо 58 дугаар байрны 11 давхарын 77 тоот 36.2 м.кв 1 өрөө байрыг 1 м.кв-ийг 1 700 000 төгрөгөөр нийт үнэ 61 540 000 төгрөг. Энэ байрыг 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр “Н” ХХК-ийн захирал Ж.Дорждавагийн хүсэлтийн дагуу Баярсайхан овогтой Ганзоригтой орон сууц захиалгын гэрээ хийж , түүний төлбөр нь гэрээний 1.5.3, 2.1-д зааснаар “Н” ХХК-д хийгдсэн. 3. Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо 58 дугаар байрны 12 давхарын 85 тоот 36.2 м.кв 1 өрөө байрыг 1 м.кв-ийг 1 700 000 төгрөгөөр нийт үнэ нь 61 640 000 төгрөг. Энэ байрыг 2015 оны 12 дугаар сарын 19-ны өдөр “Н” ХХК-ийн захирал Ж.Дорждавагийн хүсэлтийн дагуу Цэгмид овогтой Батболдтой орон сууц захиалгын гэрээ хийж, түүний төлбөр нь гэрээний 1.5.3, 2.1-д зааснаар “Н” ХХК-д хийгдсэн. 4. Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 58 дугаар байрны В1 давхарт хамааралтай авто граж 1 ширхэг нь 18 000 000 төгрөгөөр гэрээний дагуу өгсөн. Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо 58 дугаар байрны 3 давхарын 12 тоот 36.62 м.кв 1 өрөө байрыг 1 м.кв-ийг 1 700 000 төгрөгөөр нийт үнэ 62 254 000 төгрөг. Энэ байрыг 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр “Н” ХХК-ийн захирал Ж.Дорждавагийн хүсэлтийн дагуу Батбаатар овогтой Мягмаржавтай орон сууц захиалгын гэрээ хийж, түүний төлбөр нь гэрээний 1.5.3, 2.1-д зааснаар “Н” ХХК-д хийгдэх байсан боловч Батбаатар овогтой Энхтүвшинд төлбөрийг өгсөн. 6. Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо 58 дугаар байрны 4 давхарын 22 тоот 49.15 м.кв 2 өрөө байрыг 1 м.кв-ыг 1 600 000 төгрөгөөр нийт үнэ нь 78 640 000 төгрөг. Энэ байрыг 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Н” ХХК-ийн захирал Ж.Дорждавагийн хүсэлтийн дагуу Батбаатар овогтой Энхтүвшинтэй орон сууц захиалгын гэрээ хйиж, түүний төлбөр нь гэрээний 1.5.3, 2.1-д зааснаар “Н” ХХК-д төлбөр нь хийгдэх байсан боловч Батбаатар овогтой Энхтүвшинд төлбөрийг өгсөн. Дээрх байрнуудын нийт төлбөр 372 996 500 төгрөгийн өртөгтэй орон сууцыг шилжүүлэн өгсөн байна. “Н” ХХК-тай 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн араг бүтээцийн ажил гүйцэтгэх гэрээг дүгнэж үзэхэд тус гэрээний 1.3-т заасан хийгдэх ажлаас гражийн пандусны цутгалтын ажил хийгдээгүй. Барилгын цутгалтын ажил чанарын шаардлага огт хангаагүй, гэрээний 6.2.1, 6.2.4-т зааснаар манай компанид хохирол барагдуулах, барилга угсралтын үед 3-5 давхарын угсралт буруу хийгдсэнээс асар их материалын илүү зардал гарч манай компанид их хэмжээний хохирол гарсан. Манай компани нь “Н” ХХК-тай 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн №15/030 дугаартай барилгын араг бүтээцийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан юм. Харин “Суврага сац” ХХК-тай гэрээ огт байгуулаагүй. Батбаатар овогтой Энхтүвшин гэдэг хүнийг бид “Н” ХХК-ийн инженер гэж боддог байсан. Энэ хүн нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо 58 дугаар байрны 85 тоот 36.2 м.кв 1 өрөө байрыг авах гэж байгаад болиод түүний оронд 4 давхарын 22 тоот 49.15 м.кв-ыг 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “Н” ХХК-ийн захирал Ж.Дорждавагийн хүсэлтийн дагуу Батбаатар овогтой Энхтүвшин нь гэрээ байгуулж авсан. Тийм учраас “Н” ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 15/04 тоот албан бичгээр өгсөн хүсэлтийн дагуу Цэгмид овогтой Батболдод шилжүүлэн өгсөн. “Н” ХХК-ийн инженер Батбаатар овогтой Энхтүвшин нь нэхэмжлэл дээр бодит байдлыг буруугаар тайлбарлаж залилан мэхлэх шинжтэй үйлдэл гаргаж байгаад харамсаж байна. Б.Энхтүвшингийн нэмэгдүүлсэн шаардлага Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо 58 дугаар байрны 4 давхарын 22 тоот 49.15 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах маргаантай асуудлыг шийдвэрлэж байгаа тул хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч нараас гаргуулах төлбөрийн хэмжээг 20 126 000 төгрөгөөр нэмэгдүүлсэн шаардлагыг зөвшөөрөхгүй. Учир нь манай компани “Н” ХХК-тай араг бүтээцийн гэрээ байгуулж ажилласан болохоос “Суврага сац” ХХК-тай гэрээ байгуулж ажиллаагүй. Иймд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1, 343 дугаар зүйлийн 343.1, 110 дугаар зүйлийн 110.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо 58 дугаар байрны 4 давхарын 22 тоот 49.15 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгч нь “Суврага сац” ХХК-ийн ерөнхий захирал Б.Э-мөн болохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхийг “ШД” ХХК-д даалгаж, ажлын хөлс гэх 83 476 000 төгрөгийг хариуцагч “Н” ХХК-аас гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Суврага сац” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 803 480 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч “ШД” ХХК-аас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөмөр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг зөв тодорхойлсон боловч энэ нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт биеллээ олсонгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “талуудын тайлбар, мэтгэлцээнээр “Н” ХХК нь “ШД” ХХК-тай 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Барилгын араг бүтээцийн ажил гүйцэтгэх 15/030 дугаартай гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний ажлыг туслан гүйцэтгэгчээр нэхэмжлэгч “С” XXK-ийг хариуцагч “Н” ХХК нь сонгон авч хэлэлцэн тохиролцож, улмаар тухайн ажлыг гүйцэтгүүлсэн ба ажлын хөлсөнд 161 020 000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэгч “Суврага сац” ХХК болон хариуцагч “Нью план” ХХК нарын хооронд Иргэний хуулийн 39 дүгээр зүйл, мөн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болдог учир хэлцэл хийгдсэн, ажлын хөлсөнд тодорхой үнийн дүн бүхий орон сууцыг тооцож авсан талаар маргаагүй, иймээс нэхэмжлэгч “Суврага сац” ХХК, “Нью план” ХХК нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ амаар байгуулагдсан ба харин ажлын үр дүн нь ямар шинж чанар, тоо хэмжээтэй байх талаар тохиролцсон байх учиртай. Мөн ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй ба ингэж шилжүүлснээр хөлс авах эрх нь үүсдэг тул нэхэмжлэгч “Суврага сац” ХХК-ийг “ШД” ХХК-ийн барилгын араг бүтээцийн ажлыг гүйцэтгэн, үр дүнг хүлээлгэн өгсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй боловч ямар хэмжээний ажлыг гүйцэтгэж, хэдийд хүлээлгэн өгсөн болон хүлээн авсан талаар нотлох баримт байхгүй бөгөөд тогтоогдохгүй байна” гэжээ. Гэтэл нэхэмжлэгч байгууллагын инженер, техникийн ажилчид уг барилга дээр 2015 оны 6 дугаар сараас эхлэн буюу ерөнхий гүйцэтгэгч нь захиалагчтай гэрээг байгуулснаас хойш тухайн ажлыг туслан гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч гүйцэтгэсэн болохыг, мөн хариуцагч “Ныо план” ХХК нь 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр “ШД” ХХК-тай гэрээ байгуулж тухайн ажлыг 4 давхараас техникийн давхар хүртэл гүйцэтгүүлэхээр тохиролцсон байдалд, нэхэмжлэгч “Суврага сац” ХХК-ийн инженер, техникийн ажилчид уг барилга дээр 2015 оны 6 дугаар сараас эхлэн 5 давхраас техникийн давхар хүртэл тухайн ажлыг гүйцэтгэсэн болохыг, “ШД” ХХК нь гэрээгээр захиалсан ажлын үр дүнгийн талаар болон ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн талаар ямар нэг гомдол гаргаагүй, захиалсан ажлыг бүрэн гүйцэтгүүлсэн гэх тайлбарыг, хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээг анхнаасаа баталгаажуулах хүсэл эрмэлзэлгүй байсан ба энэ ч утгаараа нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээ, үр дүнг хүлээн авахгүй байх нь тодорхой байсан зэрэг нөхцөл байдалд бодитойгоор дүгнэлт өгөлгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 “ажлын хөлс гэх 83 476 000 төгрөгийг хариуцагч “Нью план” ХХК-аас гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн ажлын хөлс гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Суврага сац” ХХК нь хариуцагч “Нью план” ХХК, “ШД” ХХК-д тус тус холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 83 476 000 төгрөг гаргуулах, Хан-Уул дүүргийн 10-р хороо, 58-р байрны 4 давхарын 22 тоот 149.15 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгч нь “Суврага сац” ХХК-ийн ерөнхий захирал Б.Э-мөн болохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

“Нью план” ХХК болон “ШД” ХХК-ийн хооронд 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 15/030 тоот барилгын бүтээцийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болох нь тогтоогджээ. /хх118-131/

 

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч “Н” ХХК-аас нэхэмжлэгч “С” ХХК-д хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 161 020 000 төгрөг өгсөн асуудлаар хэн аль нь маргаагүй байна.

 

Анхан шатны шүүх “С” ХХК нь “ШД” ХХК-ийн барилгын бүтээцийн ажлыг гүйцэтгэсэн ажлыг гүйцэтгэн, үр дүнг хүлээлгэн өгсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн нь зөв байгаа боловч талуудын маргааны гол зүйл болох ямар хэмжээний ажил хийж гүйцэтгэсэн, уг ажлыг хэдийд хүлээлгэж өгсөн, ажлын хөлсийг хэрхэн тохирсон, ажлын хөлсийг бүрэн өгч дууссан эсэх асуудал маргаантай байхад уг асуудлыг нарийвчлан тодруулаагүй, нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлт хийсэн байгаа нь учир дутагдалтай болжээ.

 

Түүнчлэн, хэргийн 36-82 дугаар талд хөдөлмөр аюулгүй зааварчилгаа өгсөн баримт авагдсан байгааг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй, энэ талаар үнэлэлт дүгнэлт өгөөгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэсэн заалтыг зөрчсөн байна.

 

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байх бөгөөд нэхэмжлэгч байгууллагын хийж гүйцэтгэсэн ажил, уг ажлыг хэрхэн хүлээлцсэн, ажлын хөлсийг талууд хэрхэн тохиролцсон зэрэг асуудлыг тодруулах нь тухайн маргааныг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай болно.

 

Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2019/01318 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 575 330 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.МӨНХЗУЛ

                

                               ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

 

                                                                                    Ц.ИЧИНХОРЛОО