Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/00131

 

                                                  

“С С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2020/00196 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 923 дугаар магадлалтай,

 

“С С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Н П” ХХК, “Ш Д” ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 83,476,000 төгрөг гаргуулах, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 58 дугаар байрны 22 тоот 49 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгч “С С” ХХК-ийн ерөнхий захирал Б.Эмөн болохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөмөрийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөмөр, хариуцагч “Н П” ХХК-ийн төлөөлөгч Ж.Дорждаваг, түүний өмгөөлөгч Д.Мөнхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2020/00196 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 347 дугаар зүйлийн 347.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Н П” ХХК-аас 63 350 000 /жаран гурван сая гурван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “С С” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 20 126 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ш Д” ХХК нь нэхэмжлэгч “С С” ХХК-ийн нэхэмжлэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 58 дугаар байрны 4 давхарт байрлах, 22 тоот 49 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгч нь “С С” ХХК-ийн ерөнхий захирал Б.Эмөн болохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгэхийг даалгах шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч С С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 803 480 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н П ХХК-иас 474 700 /дөрвөн зуун далан дөрвөн мянга долоон зуун/ төгрөгийг, Ш Д ХХК-иас 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “С С” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 923 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2020/00196 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Н П” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 480 506 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөмөр хяналтын гомдолдоо: ...Магадлалыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие ИХШХШТХуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.1 дэх хэсгийг үндэслэн хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын “хянавал” хэсэгт: “нэхэмжлэгч С С ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Н П ХХК, Ш Д ХХК гэсэн 2 хуулийн этгээдийг хариуцагчаар татан оролцуулж, тус бүртэй нь ажил гүйцэтгэх гэрээтэй байсан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлажээ” гээд, “Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс 2 хариуцагч тус бүрт холбогдуулж, ямар шаардлага гаргаж байгааг тодруулаагүй буюу нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна” гэж дүгнэжээ. Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч нараас: 1. “83,476,000 төгрөг гаргуулах, мөн Хан-Уул дүүргийн 10-р хороо, 58-р байрны 4 давхарт байрлах, 22 тоот 49 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох” шаардлага; 2. “мөн ажлын хөлсөнд 83,476,000 төгрөгийг гаргуулах”-аар тус тус нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан; шүүхийн хэлэлцүүлэгт дээрх хоёр шаардлагыг хариуцагч тус бүрт хуваарилж буюу “Хан-Уул дүүргийг 10-р хороо, 58-р байрны 22 тоот 49 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох” тухай шаардлагыг хариуцагч Ш Д ХХК-д холбогдуулж, “ажил гүйцэтгэх гэрээний харилцаатай байсан гэж үзээд ажлын хөлсөнд 83,476,000 төгрөг гаргуулах” тухай шаардлагыг хариуцагч Н П ХХК-д холбогдуулж шаардаж байгаагаа тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодруулж өгснөөр анхан шатны шүүх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч тус бүрээр гаргасан шаардлагуудыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэж байгаа. Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өнгө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

4. Магадлалыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 

5. Нэхэмжлэгч “С С” ХХК нь хариуцагч “Н П” ХХК, “Ш Д” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 83,476,000 төгрөг гаргуулах, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч “Ш Д” ХХК өмчлөх эрхийг шилжүүлэх шаардлагыг зөвшөөрсөн, харин хариуцагч “...“Н П” ХХК нь “С С” ХХК-тай гэрээ байгуулаагүй, Б.Энхтүвшинтэй барилгын карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, ажлын хөлсөд тохирсон 2 ширхэг орон сууцыг өгч, үүргээ биелүүлсэн...” гэж маргажээ.

 

6. Анхан шатны шүүх “Н П” ХХК-аас 63,350,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч “Ш Д” ХХК ...2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж шийдвэрлэжээ.

 

7. Анхан шатны шүүх хариуцагч тус бүрт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан, нэхэмжлэгч нь “Ш Д” ХХК-д холбогдуулж орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, хариуцагч “Н П” ХХК-д холбогдуулж ажлын хөлс шаардсан болохыг тайлбарласан, шүүх хариуцагч тус бүрд холбогдох нэхэмжлэлийг шийдвэрлэсэн байхад нэхэмжлэлийн шаардлага хэнд хамааралтай нь тодорхойгүй, нэхэмжлэгч шаардах эрхтэй эсэх нь тодорхой бус гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй болж чадаагүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгоно.

 

8. 2015.06.08-ны өдөр хариуцагч нар хоорондоо буюу “Н П” ХХК, “Ш Д” ХХК 15/030 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй 12 давхар орон сууцны нийт 5,948 м.кв талбайн ажлыг хийж гүйцэтгэх, ажлын хөлсөд 5 орон сууц өгөхөөр тохирсон байна. “Ш Д” ХХК нь 5 орон сууцыг шилжүүлэн өгсөн, үүнд нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа Хан-Уул дүүргийн 10-р хороо, 58-р байрны 22 тоот 2 өрөө орон сууц багтсан, уг орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг зөвшөөрчээ.

 

9. Харин “Н П” ХХК нь 2015.06 сард “С С” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулж,12 давхар барилгын техникийн давхар, 5-12 давхарын карказ угсралтын ажлыг туслан гүйцэтгүүлэхээр тохирсон, талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн тул нэхэмжлэгч нь ажлын хөлс шаардах эрхтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт байгаа баримтад тулгуурлажээ.

 

Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.-д зааснаар нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй. Мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1.-д зааснаар төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална” гэж заасан.

 

“С С” ХХК, Б.Энарын хооронд төлөөлөх эрхгүй эсэх талаар маргаан байхгүй байх ба нэхэмжлэлийн үндэслэл болж буй ажил гүйцэтгэх гэрээг “С С” ХХК бус захирал Б.Эбайгуулсан гэх хариуцагчН П” ХХК-ийн татгалзал үндэслэлгүй, гэрээг үгүйсгэх нөхцөл болохгүй юм.

 

10. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу ажлын хөлсөд 3 орон сууц авахаар тохирсон гэсэн бол хариуцагч нь 2 орон сууц өгөхөөр тохирсон гэж маргажээ. Нэхэмжлэгч нь ажлын хөлсөд одоогоор 2 орон сууц авсан, нэг орон сууцны өмчлөх эрхийг нь шилжүүлээгүй тул уг үүргийг хангуулахаар хариуцагч “Ш Д” ХХК-д холбогдуулж нэхэмжлэл гаргасан, харин  “Н П” ХХК үлдэх 1 орон сууц өгөх үүргээ биелүүлээгүй тул үнэ 83,476,000 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

 

11. Анхан шатны шүүхийн дүгнэснээр, “С С” ХХК нь 4,986 м.кв карказ угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн, захиалагч “Ш Д” ХХК, “Н П” ХХК-ийн хооронд байгуулагдсан ерөнхий ажил гүйцэтгэх гэрээнд тусгагдсан ажлын хэмжээ 5,948 м.кв талбайн ажил, улмаар нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээг харьцуулан үзэж  нэхэмжлэгч нь ажлын хөлсөд 3 орон сууц шаардах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг зөрчөөгүй байна. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 923 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2020/00196 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.05.27-ны өдөр төлсөн 474,700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Г.АЛТАНЧИМЭГ

                               ШҮҮГЧИД                                                           Г.БАНЗРАГЧ

                                                                                                           П.ЗОЛЗАЯА

                                                                                                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                           Х.ЭРДЭНЭСУВД