Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 1318

 

 

 

 

 

 

   2019 оны 06 сарын 06 өдөр

      Дугаар 181/ШШ2019/01318

       Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: “С С ” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: “Н ” ХХК ,

Хариуцагч: “Ш Д ” ХХК нарт холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийтдээ 83 476 000 төгрөгийг гаргуулах, Хан-Уул дүүргийн 10-р хороо, 58-р байрны 4 давхарын 22 тоот 149.15 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгч нь С С  ХХК-ийн ерөнхий захирал Б.Энхтүвшин мөн болохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн даргаар Т.Дөлгөөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөмөр, хариуцагч “Н ” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Дорждагва, түүний өмгөөлөгч Д.Мөнхбаатар /ҮД:0482/, хариуцагч “Ш Д ” ХХК-ийн ерөнхий захирал Л.Алтанхуяг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: “С С ” ХХК нь 2015 оны 06 дугаар сарын 31-ний өдөр “Н ” ХХК-тай 06/2015 тоот “Барилгын ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хоорондын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулан хамтран ажиллах болсон бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч “С С ” ХХК Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Ш Д ” ХХК-ийн захиалсан орон сууцны барилгын карказ угсралтын ажлыг гүйцэтгэхээр тохиролцож барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд гэрээт ажлыг хугацаанд нь дуусгавар болгож ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн байдаг. 06/2015 тоот гэрээний 2-р зүйлд туслан гүйцэтгэгчийн ажлын хөлсийг гүйцэтгэлээр буюу 4 шатлалаар тооцож авахаар, ажлын нийт хөлс 224 370 000 /хоёр зуун хорин дөрвөн сая гурван зуун далан мянга/ төгрөг байхаар талууд тохиролцсон болно.

            Нэхэмжлэгч өнгөрсөн хугацаанд 06/2015 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсөнд 161 020 000 төгрөгийг авсан бөгөөд үлдэгдэл 63 350 000 төгрөгийг ерөнхий гүйцэтгэгч “Н ” ХХК-иас аваагүй ба үлдэгдэл 63 350 000 төгрөгийг “Ш Д ” ХХК-ийн захиалан бариулсан Хан-уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан 89 айлын орон сууцны барилгаас 12 давхарын 85 тоот 1 өрөө 36.20 м.кв талбай бүхий орон сууцыг тооцож авахаар тохиролцож 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 73 тоот гэрээг байгуулсан бөгөөд уг орон сууцны өмчлөх эрхийг “Ш Д ” ХХК нь нэхэмжлэгч “С С ” ХХК, түүний захирал Б.Энхтүвшинд шилжүүлэн өгөх үүрэгтэй байсан боловч “Ш Д ” ХХК нь “Н ” ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 15/04 тоот албан хүсэлтийг үндэслэн иргэн Цэгмид овогтой Батболд /Ц374101878/-ын өмчлөлд шилжүүлсэн байна. “Ш Д ” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнаас нэхэмжлэгч “С С ” ХХК-тай байгуулсан 73 тоот гэрээний дагуу 85 тоот 1 өрөө, 36.20 м.кв орон сууцны өмчлөх эрхийг иргэн Ц.Батболдод шилжүүлсэн талаар лавлаж асуухад ерөнхий гүйцэтгэгч “Н ” ХХК-иас түүний нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлэхийг хүссэн тул иргэн Ц.Батболдод шилжүүлсэн гэж тайлбарладаг.

           Нэхэмжлэгчийн зүгээс ерөнхий гүйцэтгэгч болох “Н ” ХХК-иас 85 тоот 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийг яагаад иргэн Ц.Батболдод шилжүүлсэн талаар, мөн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр болох 63 350 000 төгрөгийг хэрхэн, хэдийд төлөх талаар асууж тодруулахад “мөнгөний хэрэгцээ гарсан тул манай компанид шилжүүлсэн байраа бусдад худалдсан гээд, удахгүй ажлын хөлсний үлдэгдэл төлбөр болох 63 350 000 төгрөгийг төлөх болно” гэсэн боловч ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

           Нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг шүүхэд урьд өмнө гаргаж байсан бөгөөд 06444 дугаартай Шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан ба нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийг эрэн сурвалжлуулах шүүхийн 02209 дугаар шийдвэр гарч улмаар Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст эрэн сурвалжлуулах үүрэг болгосны үр дүнд Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлх зуслан, задгай гэх хаягт оршин суугаа нь тогтоогдсон учир хариуцагч “Н ” ХХК болон “Шинэ элхий” ХХК нараас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 63 350 000 /жаран гурван сая гурван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан. Хэргийг хянан шийдвэрлэх явцад хамтран хариуцагчаар Ш Д  ХХК-ийг татуулах хүсэлт гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 20 126 000 төгрөгийг гаргуулах, Хан-Уул дүүргийн 10-р хороо, 58-р байрны 4 давхарын 22 тоот 149.15 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгч нь С С  ХХК-ийн ерөнхий захирал Б.Энхтүвшин мөн болохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгэхийг даалгахаар гаргасан боловч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж нийт 83 476 000 төгрөгийг хариуцагч Н  ХХК-аас гаргуулах, Хан-Уул дүүргийн 10-р хороо, 58-р байрны 4 давхарын 22 тоот 149.15 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгч нь С С  ХХК-ийн ерөнхий захирал Б.Энхтүвшин мөн болохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхийг “Ш Д ” ХХК-д даалгаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

            Хариуцагч Н  ХХК-ийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь С С  ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй. Анхнаасаа гэрээг бичгээр хийгээгүй, ажил гүйцэтгүүлэхээр амаар л тохирсон. Харин Б.Энхтүвшин нь Ш Д  ХХК-ийн захиалсан орон сууцны барилгын ажил дээр манай компаний менежер болон захирлаар ажиллаж цалин хөлсөндөө 1 өрөө орон сууц 1 ширхэгийг авахаар харилцан тохиролцсон. Гэтэл Б.Энхтүвшин өмнө нь тохиролцсоны дагуу 2 ширхэг 1 өрөө орон сууц авах байснаа 1 ширхэг 1 өрөө байрыг 2 өрөө орон сууц болгон солиулж 2 байр шилжүүлэн авчихаад ажил дуусаагүй байхад хаяад алга болсон. Ингээд байхгүй алга болж байгаад шүүхэд нэхэмжлэл гаргаж, манайхаас болон Ш Д  ХХК нараас анх 63 350 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байснаа сүүлд нэмэгдүүлж, 20 126 000 төгрөг, мөн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 58 дугаар байрны 4 давхарын 22 тоотын 49.15 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр нь Суварга сац ХХК-ийн ерөнхий захирал Б.Энхтүвшин мөн болохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах нэхэмжлэлийг гаргаж байгааг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

            Хариуцагч Н  ХХК-ийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С С  ХХК нь Н  ХХК-тай ямар нэгэн гэрээ хийгээгүй. Б.Энхтүвшин нь Н  ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Энэ хугацаанд ажлын хөлсөнд Ш Д  ХХК-ийн барьсан орон сууцнаас 1 өрөө бүхий 2 ширхэг орон сууцыг өгөхөөр тохирсон байдаг. Үүнээс 12 тоотын 1 өрөө орн сууцыг Б.Энхтүвшин дүүдээ авч өгсөн, маргаад байгаа 12 давхарын 85 тоотын 1 өрөө орон сууцыг Б.Энхтүвшинд өгөхөөр тохирсон байхад Б.Энхтүвшин нь өөрөө уг 1 өрөө орон сууцыг авахаас татгалзаж, 2 өрөө орон сууц авах хүсэлт гаргаснаар түүнд 22 тоотын 2 өрөө орон сууцыг шилжүүлэн өгсөн байхад, 85 тоот орон сууцны үнэ 63 350 000 төгрөгийг мөн нэмж 20 126 000 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

           Хариуцагч Ш Д  ХХК-ийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол үйлчилгээтэй 101 айлын орон сууцны барилгын араг бүтээцийн ажлыг гүйцэтгэх бартерын гэрээг “Н ” ХХК-ийн захирал Ж.Дорждавагтай байгуулж гэрээний 1.5-д заасан төлбөр тооцоо бүрэн дууссан. Үүнд:

1. Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо 58 дугаар байрны 10 давхарын 71 тоот 51.67 м.кв 2 өрөө байрыг 1 м.кв-ийг 1.750.000 төгрөгөөр нийт үнэ 90.422.500 төгрөг. Энэ байрыг 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр “Н ” ХХК-ийн захирал Ж.Дорждавагын хүсэлтийн дагуу Б.Баатархүүтэй орон сууц захиалгын гэрээ хийж, түүний төлбөр нь гэрээний 1.5.3, 2.1-д зааснаар “Н ” ХХК-д хийгдсэн.

2. Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо 58 дугаар байрны 11 давхарын 77 тоот 36.2 м.кв 1 өрөө байрыг 1 м.кв-ийг 1.700.000 төгрөгөөр нийт үнэ 61.540.000 төгрөг. Энэ байрыг 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр “Н ” ХХК-ийн захирал Ж.Дорждавагын хүсэлтийн дагуу Баярсайхан овогтой Ганзоригтой орон сууц захиалгын гэрээ хийж , түүний төлбөр нь гэрээний 1.5.3, 2.1-д зааснаар “Н ” ХХК-д хийгдсэн.

3. Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо 58 дугаар байрны 12 давхарын 85 тоот 36.2 м.кв 1 өрөө байрыг 1 м.кв-ийг 1.700.000 төгрөгөөр нийт үнэ нь 61.640.000 төгрөг. Энэ байрыг 2015 оны 12 дугаар сарын 19-ны өдөр “Н ” ХХК-ийн захирал Ж.Дорждавагын хүсэлтийн дагуу Цэгмид овогтой Батболдтой орон сууц захиалгын гэрээ хийж, түүний төлбөр нь гэрээний 1.5.3, 2.1-д зааснаар “Н ” ХХК-д хийгдсэн.

4. Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 58 дугаар байрны В1 давхарт хамааралтай авто граж 1ш нь 18.000.000 төгрөгөөр гэрээний дагуу өгсөн.

5. Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо 58 дугаар байрны 3 давхарын 12 тоот 36.62 м.кв 1 өрөө байрыг 1 м.кв-ийг 1.700.000 төгрөгөөр нийт үнэ 62.254.000 төгрөг. Энэ байрыг 2015 оны 09 сарын 09-ний өдөр “Н ” ХХК-ийн захирал Ж.Дорждавагын хүсэлтийн дагуу Батбаатар овогтой Мягмаржавтай орон сууц захиалгын гэрээ хийж, түүний төлбөр нь гэрээний 1.5.3, 2.1-д зааснаар “Н ” ХХК-д хийгдэх байсан боловч Батбаатар овогтой Энхтүвшинд төлбөрийг өгсөн.

6. Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо 58 дугаар байрны 4 давхарын 22 тоот 49.15 м.кв 2 өрөө байрыг 1 м.кв-ийг 1.600.000 төгрөгөөр нийт үнэ нь 78.640.000 төгрөг. Энэ байрыг 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Н ” ХХК-ийн захирал Ж.Дорждавагын хүсэлтийн дагуу Батбаатар овогтой Энхтүвшинтэй орон сууц захиалгын гэрээ хйиж, түүний төлбөр нь гэрээний 1.5.3, 2.1-д зааснаар “Н ” ХХК-д төлбөр нь хийгдэх байсан боловч Батбаатар овогтой Энхтүвшинд төлбөрийг өгсөн.

Дээрх байрнуудын нийт төлбөр 372 996 500 төгрөгийн өртөгтэй орон сууцыг шилжүүлэн өгсөн байна. ”Н ” ХХК-тай 2015 оны 06 сарын 08-ны өдрийн араг бүтээцийн ажил гүйцэтгэх гэрээг дүгнэж үзэхэд тус гэрээний 1.3-т заасан хийгдэх ажлаас гражийн пандусны цутгалтын ажил хийгдээгүй. Барилгын цутгалтын ажил чанарын шаардлага огт хангаагүй, гэрээний 6.2.1, 6.2.4-т зааснаар манай компанид хохирол барагдуулах, барилга угсралтын үед 3-5 давхарын угсралт буруу хийгдсэнээс асар их материалын илүү зардал гарч манай компанид их хэмжээний хохирол гарсан. Манай компани нь “Н ” ХХК-тай 2015.06.08-ны өдрийн №15/030 дугаартай барилгын араг бүтээцийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан юм. Харин “С С ” ХХК-тай гэрээ огт байгуулаагүй. Батбаатар овогтой Энхтүвшин гэдэг хүнийг бид “Н ” ХХК-ийн инженер гэж боддог байсан. Энэ хүн нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо 58 дугаар байрны 85 тоот 36.2 м.кв 1 өрөө байрыг авах гэж байгаад болиод түүний оронд 4 давхарын 22 тоот 49.15 м.кв-ыг 2015 оны 12 сарын 09-ны өдөр “Н ” ХХК-ийн захирал Ж.Дорждавагын хүсэлтийн дагуу Батбаатар овогтой Энхтүвшин нь гэрээ байгуулж авсан. Тийм учраас “Н ” ХХК-ийн 2015 оны 12 сарын 08-ны өдрийн 15/04 тоот албан бичгээр өгсөн хүсэлтийн дагуу Цэгмид овогтой Батболдод шилжүүлэн өгсөн. ”Н ” ХХК-ийн инженер Батбаатар овогтой Энхтүвшин нь нэхэмжлэл дээр бодит байдлыг буруугаар тайлбарлаж залилан мэхлэх шинжтэй үйлдэл гаргаж байгаад хармасч байна.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 26-ны өдрийн “С С ” ХХК-ийн нэхэмжлэлийг манай компани төлөх үүрэггүй учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Харин Б.Энхтүвшингийн нэмэгдүүлсэн шаардлага Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо 58 дугаар байрны 4 давхарын 22 тоот 49.15 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах маргаантай асуудлыг шийдвэрлэж байгаа тул хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч нараас гаргуулах төлбөрийн хэмжээг 20 126 000 төгрөгөөр нэмэгдүүлсэн шаардлагыг зөвшөөрөхгүй. Учир нь: манай компани Н  ХХК-тай араг бүтээцийн гэрээ байгуулж ажилласан болохоос С С  ХХК-тай гэрээ байгуулж ажиллаагүй. Иймд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч С С  ХХК нь хариуцагч Н  ХХК-д холбогдуулан анх ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 63 350 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Ш Д  ХХК-ийг татаж, нэхэмжлэлийн шаардлагаа Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 58 дугаар байрны 4 давхарын 22 тоот 49.15 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгч нь Суврагасац ХХК-ийн ерөнхий захирал Б.Энхтүвшин мөн болохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгэхийг даалгах, мөн хариуцагч нараас гаргуулах төлбөрийн хэмжээг 20 126 000 төгрөгөөр нэмэгдүүлжээ.

            Хариуцагч Ш Д  ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 58 дугаар байрны 4 давхарын 22 тоот 49.15 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгч нь С С  ХХК-ийн ерөнхий захирал Б.Энхтүвшин мөн болохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах хэсгийг нь хүлээн зөвшөөрч, бусад хэсгийг нь эс зөвшөөрч, хариуцагч Н  ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч тус тус маргав.

            Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Н  ХХК, С С  ХХК нарын хооронд Баянзүрх дүүргийн 6-р хороо 13-р хороолол үйлчилгээтэй 101 айлын орон сууцны барилгын араг бүтээцийн ажлыг гүйцэтгүүлэхээр Ш Д  ХХК нь Н  ХХК-тай гэрээ байгуулсан ба уг гэрээний ажлыг С С  ХХК-иар туслан гүйцэтгүүлэхээр болж хэлцэл хийсэн, Уг хэлцлээр 5-12 хүртэлх давхарын болон техникийн давхарын нийт 4986 м.кв талбайн угсралтын ажлыг гүйцэтгэх ба 1 м.кв-ыг 45 000 төгрөгөөр тооцож, нийт 224 370 000 төгрөгөөр ажлын хөлсийг төлөхөөр тохиролцсон, тухайн ажлыг нь бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгсөн, ажлын хөлсөнд 161 020 000 төгрөгийг авсан, үлдэгдэл 63 350 000 төгрөгийг Ш Д  ХХК-ийн захиалан бариулсан Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 58 дугаар байрны 12 давхарын 85 тоот 1 өрөө 36.20 м.кв талбайтай орон сууцыг авахаар тохирч 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 73 тоот гэрээг байгуулан С С  ХХК, түүний захирал Б.Энхтүвшинд шилжүүлэн өгөх үүрэгтэй байтал Ш Д  ХХК нь Н  ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 15/04 тоот хүсэлтээр иргэн Ц.Батболдын өмчлөлд шилжүүлсэн нь хэлцлээр тохирсон үүргээ биелүүлээгүй гэж марган, уг орон сууцны үнэ 63 350 000 төгрөгийг гаргуулахаар анх шаардсан ба хүлээж авсан ...22 тоот 49.15 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгч Б.Энхтүвшин мөн болохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгэхийг Ш Д  ХХК-д даалгах, хариуцагч Н  ХХК-аас /63 350 000+20 126 000/ нийт 83 476 000 төгрөгийг гаргуулахаар тус тус шаардсан.

            Талуудын тайлбар, мэтгэлцээнээр Н  ХХК нь Ш Д  ХХК-тай 2015.щ оны 06 дугаар сарын 08-ны өдөр Барилгын араг бүтээцийн ажил гүйцэтгэх 15/030 дугаартай гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний ажлыг туслан гүйцэтгэгчээр нэхэмжлэгч С С  ХХК-ийг хариуцагч Н  ХХК нь сонгон авч хэлэлцэн тохиролцож, улмаар тухайн ажлыг гүйцэтгүүлсэн ба ажлын хөлсөнд 161 020 000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэгч С С  ХХК болон хариуцагч Н  ХХК нарын хооронд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар хэлцэл хийгдсэн байна гэж дүгнэлээ.

            Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болдог учир хэлцэл хийснээр С С  ХХК нь Н  ХХК-тай Ш Д  ХХК-ийн барилгын араг бүтээцийн ажлыг гүйцэтгүүлэхээр тохирсон боловч хэдий хэмжээний ажлыг, ямар хөлсөөр гүйцэтгүүлэхээр тохиролцсон байдал нь тодорхойгүй бөгөөд энэ талаар бичгийн нотлох баримт авагдаагүй байна. Гэвч хариуцагч нар нь ажлын хөлсөнд тооцож, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо 58 дугаар байрны 3 давхарын 12 тоот 36.62 м.кв 1 өрөө байрыг 1 м.кв-ийг 1.700.000 төгрөгөөр нийт үнэ нь 62.254.000 төгрөгөөр 2015 оны 09 сарын 09-ний өдөр “Н ” ХХК-ийн захирал Ж.Дорждавагын хүсэлтээр нэхэмжлэгч Б.Энхтүвшингийн дүү гэх Батбаатар овогтой Мягмаржавтай орон сууц захиалгын гэрээг байгуулж, тухайн орон сууцыг хүлээлгэн өгсөн, мөн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо 58 дугаар байрны 4 давхарын 22 тоот 49.15 м.кв 2 өрөө байрыг 1 м.кв-ийг 1.600.000 төгрөгөөр нийт үнэ нь 78.640.000 төгрөгөөр тооцон 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Н ” ХХК-ийн захирал Ж.Дорждавагын хүсэлтээр Батбаатар овогтой Энхтүвшинтэй орон сууцны хорооллын барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээг байгуулан Б.Энхтүвшинд хүлээлгэн өгсөн бөгөөд нийтдээ 140 894 000 төгрөгийн үнийн дүн бүхий ажлын хөлсийг төлсөн болох нь нотлогдон тогтоогдож байна. Энэ талаар талууд маргаагүй.

           Иймээс, С С  ХХК, Н  ХХК нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан гэрээ амаар байгуулагдсан гэж үзнэ. Ажил гүйцэтгэх гэрээний төрлийг тодорхойлох зүйл нь ажлын үр дүн байдаг тул тухайн үр дүн нь ямар шинж чанар, тоо хэмжээтэй байх талаар талууд харилцан тохиролцсон байх учиртай. Мөн ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй ба ингэж шилжүүлснээр хөлс авах эрх нь үүсдэг тул нэхэмжлэгч С С  ХХК-ийг Ш Д  ХХК-ийн барилгын арга бүтээцийн ажлыг гүйцэтгэн, үр дүнг хүлээлгэн өгсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй боловч ямар хэмжээний ажлыг гүйцэтгэж, хэдийд хүлээлгэн өгсөн болон хүлээн авсан талаар нотлох баримт байхгүй бөгөөд тогтоогдохгүй байна.

            Н  ХХК нь Ш Д  ХХК-тай байгуулсан Барилгын араг бүтээцийн ажлыг гүйцэтгэхээр байгуулсан гэрээний ажлыг С С  ХХК-иар туслан гүйцэтгүүлэхээр оролцуулсан нь Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-д “Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно” гэсэн заалттай нийцсэн гэж үзлээ.

            Хариуцагч нар нэхэмжлэгч С С  ХХК-тай харилцаанд ороогүй, иргэн Б.Энхтүвшин нь Н  ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан учир түүнд ажлын хөлс төлж харилцаанд орсон гэж, нэхэмжлэгч нь С С  ХХК нь Н  ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг амаар тохиролцож, Ш Д  ХХК-ийн барилгын араг бүтээцийн ажлыг манай компаний 38-40 гаруй ажилтан гүйцэтгэснийг нотолсон цагийн бүртгэлийн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн учир хувь хүн биш хуулийн этгээд С С  ХХК тухайн ажлыг гүйцэтгэсэн учир нэхэмжлэлийн шаардлагаа хуулийн этгээд гаргасан гэж тус тус харилцан маргаж байгаа нь хэргийн 36-82 дугаар хуудсанд авагдсан “С С  ХХК Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа” нэртэй бичгийн баримтуудаар С С  ХХК-ийг нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд болох нь нотлогдож байна гэж дүгнэв.

            Харин Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно” гэж заасан байхад нэхэмжлэгч тал хэргийн 9-11 дүгээр хуудсанд авагдсан “Барилгын ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хоорондын ажил гүйцэтгэх гэрээ”-г шүүхэд баримтаар өгсөн ба уг гэрээг хариуцагч Н  ХХК нь байгуулаагүй, уг гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулаагүй гэж маргасны улмаас нэхэмжлэгч тал уг баримтыг хүчин төгөлдөр хийгдсэн гэрээ гэх боломжгүйгээ хүлээн зөвшөөрч тайлбарладаг боловч тус баримтын 2.1-т бичигдсэний дагуу хийх ажлын нийт хэмжээг 4986 м.кв, нэг м.кв-тын үнийг 45 000 төгрөг, нийт үнийг 224 370 000 төгрөгөөр тооцож, нэхэмжлэлийн шаардлагаа 224 370 000 төгрөгөөс хүлээлгэн өгсөн 2 орон сууцны үнэ 140 894 000 төгрөгийг хасаж, үлдэх 83 476 000 төгрөгийг хариуцагч Н  ХХК-аас гаргуулахаар шаардаж байгааг шүүх хүлээн авч хангах үндэслэлгүй байна.

            Зохигч талууд нь хэргийн 9-11 дүгээр хуудсанд авагдсан “Барилгын ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хоорондын ажил гүйцэтгэх гэрээ” гэх баримтыг хуульд заасан журмын дагуу гэрээ хийгдээгүй болохыг хүлээн зөвшөөрч, харилцан маргадаг тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага бичгийн баримтаар нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж үзлээ.

            Харин Н  ХХК-ийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо 58 дугаар байрны 4 давхарын 22 тоот 49.15 м.кв 2 өрөө байрыг 1 м.кв-ийг 1.600.000 төгрөгөөр нийт үнэ 78.640.000 төгрөгөөр тооцон хариуцагч Шинэдэлхий ХХК нь нэхэмжлэгч С С  ХХК-ийн захирал Б.Энхтүвшинд хүлээлгэн өгч, түүний эзэмшилд шилжүүлсэн болох нь тогтоогдсон ба хариуцагч Ш Д  ХХК нь уг орон сууцны өмчлөх эрхийг Б.Энхтүвшинд шилжүүлж улсын бүртгэлд бүртгүүлэхийг зөвшөөрсөн учир энэ талаар шүүх хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй байна.

            Иймээс, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо 58 дугаар байрны 4 давхарын 22 тоот 49.15 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгч нь С С  ХХК-ийн ерөнхий захирал Б.Энхтүвшин мөн болохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхийг Ш Д  ХХК-д даалгаж, ажлын хөлс гэх 83 476 000 төгрөгийг хариуцагч Н  ХХК-аас гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1, 343 дугаар зүйлийн 343.1, 110 дугаар зүйлийн 110.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо 58 дугаар байрны 4 давхарын 22 тоот 49.15 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгч нь С С  ХХК-ийн ерөнхий захирал Б.Энхтүвшин мөн болохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхийг Ш Д  ХХК-нд даалгаж, ажлын хөлс гэх 83 476 000 төгрөгийг хариуцагч Н  ХХК-аас гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С С  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /474.700+157.950+100.630+70.200/ нийт 803.480 /найман зуун гурван мянга дөрвөн зуун ная/ төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч Ш Д  ХХК-иас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ТҮМЭНЦЭЦЭГ