Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 460

 

Ч.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч Ч.Б, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 394 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 733 дугаар магадлалтай, Ч.Б-д холбогдох 1805011950257 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1979 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Е овогт Ч-ын Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Д.Энхбаатар нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ч.Б гаргасан гомдолдоо “...Би 2014 оноос эхлэн одоог хүртэл барилгын засвар, засал чимэглэлийн ажил болон барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, интернэт, компьютерийн үйлчилгээ үзүүлэх зэрэг байнгын үйл ажиллагаа явуулдаг “Өнөмэргэн хөтөл” ХХК-ийг удирдаж хувиараа хөдөлмөр эрхэлж, татвар болон нийгмийн даатгалаа байнга төлж, сард 2,000,000-3,000,000 төгрөгийн тогтмол орлоготой, ам бүл зургаа, эхнэр, 1-10 насны дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр маань хүүхдүүдээ асарч, би ганцаараа ажил хийж ар гэрээ тэжээдэг. Би хохирлын мөнгийг тухайн үед төлөөгүй нь хяналтын прокурор Т.О хохирлын тооцоог буруу бодож, төлбөрийг нэг дахин илүү тооцсонтой холбоотой байсан бөгөөд анхан шатны шүүхээс хохирлыг зөв тооцсон тул хохирогч Г.Ү-д 135,500 төгрөгийг сайн дураараа төлж хохирлыг барагдуулсан болно. Давж заалдах шатны шүүхэд хохирол төлсөн баримтыг гаргаж өгсөн боловч баталгаажаагүй гэсэн үндэслэлээр хүлээж аваагүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Иймд миний хувийн байдлыг харгалзан үзэж, хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял нь хуульд нийцсэн. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:           

Шүүгдэгч Ч.Б-ийн гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Ч.Б нь 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Варьете” төвийн гадаа хохирогч Г.Ү-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ.

Шүүх Ч.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Ч.Б-ийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ял нь түүний гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэхэд чиглэсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх тул шүүгдэгчийн гаргасан “нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэсэн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч Ч.Б-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 394 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 733 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Б-ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН