Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 1252

 

 

 

 

 

 

 

 

 

О.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2019/00970 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: О.Бийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Цд холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн 17 000 000 төгрөг, хохирол 6 855 394 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Зохигчдын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч О.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэтөгс,

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Хишигбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Б нь 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр unegui.mn сайтаас дүнзэн торхтой зуслангийн газар зарна гэсэн зарын дагуу Н.Цтэй холбогдож, газар, хувийн сууцыг үзсэний үндсэн дээр, 17 000 000 төгрөгөөр, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, майхан толгой СБ 1 дүгээр хэсэг гудамжны .. тоот хаягт байрлах 80 м.кв, 50 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцыг мөн хаягт байрлах 700 м.кв газрын хамт худалдаж авсан. Тухайн үед О.Б нь бүх бичиг баримтыг шалгаж, гэрээгээ байгуулсан ба 17 000 000 төгрөгийг Н.Цд бэлнээр өгч, 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр өмчлөгч болсон.

Дараа нь газрыг шилжүүлж авахаар Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн газарт 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр холбогдох материалаа өгөхөд газрын албанаас тус газар нь бодит хэмжээнээсээ хэтэрч, үл хөдлөх эд хөрөнгө нь албан байгууллагын эзэмшил газар дээр баригдсан гэдгийг мэдсэн. Тэгээд “Б” ХХК-тай холбогдож Н.Ц нь байгууллагын хашааг дур мэдэн зөөн хашиж, түүгээр ч зогсохгүй үл хөдлөх эд хөрөнгөө барьж байх үеэс нь газрын эзэн удаа дараа холбогдож байгууллагын эзэмшлээс холдуулахыг шаардаж байсан болохыг мэдсэн. Өөрөөр хэлбэл, Н.Ц нь надад мэдсээр байж, зарж байгаа эд хөрөнгийнхөө талаар үнэн, зөв мэдээлэл өгөх үүргээ биелүүлэлгүй, эрхийн доголдолтой газар, хувийн сууц зарсан.

Иймд О.Б газрын өөрийн нэр дээр шилжүүлж авах боломжгүй, үүний улмаас хувийн сууцыг ашиглах боломжгүй, гэрээ хэрэгжих боломжгүй болсон тул худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн 17 000 000 төгрөг буцаан шаардах, хувийн сууц, газрыг буцаан өгөхөд татгалзах зүйлгүй.

Гэрээнээс татгалзсантай холбоотой дараах хохирлыг нэхэмжилж байна.

О.Б нь газар, хувийн сууцыг худалдаж авахад зориулж 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Худалдаа хөгжлийн банкнаас цалингийн зээлд 20 000 000 төгрөгийг, нэг сарын 1,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан ба дараа нь энэ зээлээ хааж, 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Хаан банкнаас 24 500 000 төгрөгийг, жилийн 19 2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан. Энэ хоёр зээлийн хүү адилхан учир 17 000 000 төгрөгөөс хүүг жилийн 19.2 хувиар тооцож, 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл тооцож 5 714 194 төгрөг төлсөн.

Мөн нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах зорилгоор холбогдох баримтуудыг нотариатаар батлуулж 11 200 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд нь 1 000 000 төгрөг, “Б Л” ХХК-аар газрын хэмжилт хийлгэж 130 000 төгрөг төлсөн.

Иймд хариуцагч Н.Цгээс нийт 23 855 394 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Н.Ц нь 700 м.кв 1 айлын газрыг 2008 оноос хойш хөөцөлдөж “К” ХХК-аар кадастрын зургийг хийлгэж 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр газрын гэрчилгээг авсан. Уг газарт 2014 оны 8 дугаар сард 8x10 метрийн хэмжээтэй дүнзэн торх буулгуулж, суурь цутгасан.

2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байшингийн кадастрын зураг хийлгэсэн. 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр тус зургийг Сүхбаатар дүүргийн өмч газрын асуудал хариуцсан мэргэжилтэн н.М үйлдсэн бөгөөд хүчин төгөлдөр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авсан.

Ингээд газар, хувийн сууцаа зарахаар сонинд зар өгч, нэхэмжлэгч О.Бтай 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр газар, хувийн сууцын хамт 17 000 000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу Н.Ц мөнгийг бэлнээр авсан гэдэг, мөн хувийн сууц, газрыг өгсөн. Нэхэмжлэгч О.Бийг хуурсан зүйл байхгүй.

Өөрөөр хэлбэл хүсэл зоригоо илэрхийлж авчихаад одоо бусдын газартай давхацсан, бусдын газар дээр байшин барьсан гэдэг үндэслэлээр татгалзах боломжгүй. Шүүхээр хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байхад хариуцагчийг буруутай мэтээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмж, өөрийнхөө авсан зээлийг бусдаар төлүүлэх гэж байгаа нь ойлгомжгүй.

Мөн “Б Л” ХХК-аар Б.Банзрагч өөрөө хүсээд газраа хэмжүүлсэн, энэ нь хариуцагчид хамаагүй, түүнчлэн шүүхэд нэхэмжлэл гаргахаар баримтуудыг нотариатаар гэрчлүүлсэн зардал мөн Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд зааснаар өмгөөлүүлэх эрхийнхээ дагуу өмгөөлөгч авсан байгаа тул төлөх үүрэг байхгүй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч Н.Цгээс 18 141 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Б-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 5 714 194 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгч О.Б-аас Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой сб 1 дүгээр хэсэг гудамжны .. тоот хаягт байрлах 80 мкв, 50 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууц, мөн хаягт байрлах 700 м.кв газрыг гаргуулж хариуцагч Н.Цд олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч О.Баас тэмдэгтийн хураамжид төлсөн 280 120 /243800+28820+7500/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.Цгээс нийт 563 974 /улсын тэмдэгтийн хураамж 248 656 + шинжээчийн ажлын хөлс 315 318 төг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Бид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч О.Б нь Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж шилжүүлсэн 17 000 000 төгрөг, мөн зээлийн хүү 5 714 194 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1 000 000 төгрөг, “Б Л” ХХК-д төлсөн ажлын хөлс 130 000 төгрөг, нотариатын зардал 11 200 төгрөг, нийт 23 855 394 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргахад шүүх 18 141 200 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, зээлийн хүү 5 714 194 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкнаас 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 20 000 000 төгрөгийн цалингийн зээлийг автомашин худалдан авах зориулалтаар авсан байх бөгөөд уг зээлээр маргаан бүхий газрыг худалдан авсан гэж үзэх боломжгүй, өөрөө хүсч зээл авсан, яагаад уг зээлийг хааж Хаан банкнаас 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр дахин 24 500 000 төгрөгийн зээл авсан, уг зээл нь энэ маргаанд яаж хамаарч байгаа  болох, түүнчлэн 5 714 194 төгрөгийн зээлийн хүүг төлсөн гэх аргачлал нь ойлгомжгүй, үүнийг гэрээнээс татгалзсантай холбоотойгоор нэхэмжлэгчээс гарсан зардал гэж үзэхгүй" гэж дүгнэсэн.

Нэхэмжлэгч нь зээлийг 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр банкнаас аваад 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хариуцагчид гэрээний үүрэг болгон төлсөн, нэхэмжлэгч нь 21 хоногийн өмнө банкнаас авсан зээлээс гэрээний төлбөрийг төлсөн ба нэг эсвэл хоёр жилийн өмнө авсан зээлээр уг төлбөрийг төлсөн гэж хэлээгүй. Уг зээл цалингийн зээл бөгөөд аливаа барьцаа шаарддаггүй, зээлийн гэрээнд зааснаас өөр зориулалтаар зарцуулах боломжтой, уг зээлийн зарцуулалтад банк хяналт тавьдаггүй.

Нэхэмжлэгч Хаан банкнаас 24 500 000 төгрөгийг зээлж авч Худалдаа хөгжлийн банкнаас авсан зээлээ хаасан, Хаан банкны төлж байгаа зээл нь 17 000 000 төгрөгийн зээлийн үргэлжлэл болохыг шүүх хуралдааны үед тайлбарласан. Мөн зээл хаасан баримтыг шүүхэд өгсөн байхад шүүхээс Хаан банкнаас 24 500 000 төгрөгийн зээл дахин авсан нь уг маргаанд яаж хамаарч байгаа нь ойлгомжгүй гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болсон.

Анхан шатны шүүх 2017 оны 8 дугаар сард нэхэмжлэгчид гэрээнээс татгалзах эрх үүссэн буюу 2017 оны 8 дугаар сард хариуцагч 17 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэг үүссэн гэж дүгнэсэн. Хэрэв хариуцагч тухайн үед 17 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөс үндэслэлгүйгээр татгалзаагүй бол нэхэмжлэгч уг төлбөрөөр банкны зээлийг төлж 5 714 194 төгрөгийн хүүгийн төлбөрөөс чөлөөлөгдөх байсан. Гэтэл хариуцагч нь уг төлбөрийг төлөхөөс үндэслэлгүйгээр татгалзсанаар нэхэмжлэгч нь 5 714 194 төгрөгийн хүүг төлж хохирч байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 18 141 200 төгрөгийг хангаж, үлдэх 5 714 194 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, нэхэмжлэгч О.Баас Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Майхан толгой СБ 1 дүгээр хэсэг гудамжны .. тоот хаягт байрлах 80 м.кв, 50 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууц, мөн хаягт байрлах 700 м.кв газрыг гаргуулж хариуцагч Н.Цд олгохоор шийдвэрлэсэн.

Шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна гэж тодорхойлж, улмаар доголдолтой эд хөрөнгийг худалдагч нь худалдан авагчид шилжүүлсэн байна гэж дүгнэж хууль хэрэглээний алдаа гаргасан.

Учир нь энэ хэргийг өмнө Улсын Дээд шүүх хянаж тогтоол гаргахдаа худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ гэж заасан.

Худалдсан үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхийн талаар худалдагч болон худалдан авагчид гомдол гаргасан баримт байхгүй, гомдол гаргаагүй. Энэ тохиолдолд хариуцагчийг эрхийн доголтой эд хөрөнгө худалдсан гэж үзэх боломжгүй юм.

Н.Цгийн Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Майхан толгой сб 1 дүгээр хэсэг гудамжны .. тоот хаягт байрлах 80 м.кв, 50 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууц, мөн хаягт байрлах 700 м.кв газар нь хэмжээний хувьд тухайн газартаа 80 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, 700 м.кв газар хэвээрээ л байгаа. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд тоо ширхэг дээр хариуцагч огт маргаагүй, маргаангүй тул хуулийн дээрх заалтад зааснаар биет байдлын доголдол байхгүй.

Шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-д зааснаар хүсэл зоригоо бүрэн илэрхийлж О.Б, Н.Ц нарын хооронд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус болоогүй, энэ тухай О.Б шүүхэд гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргаагүй, хэрэгжээд дууссан байхад тодруулалгүйгээр, нэхэмжлэлийн шаардлагаас хальж хэргийг шийдвэрлээд байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Худалдах, худалдан авах гэрээнд дээрх байдлаар гэрээгээр хүлээсэн үүргийн дийлэнх хэсгийг биелүүлээгүй тохиолдолд гэрээнээс татгалзах хуулийн заалттай байтал шүүх гэрээний дийлэнх хэсэг биелэгдсэн байхад биелэгдээгүй, биелэгдэх боломжгүй гэж дүгнээд байгаа нь үндэслэлгүй эрх зүйн дүгнэлтийг өгсөн байна.

Монгол Улсын Үндсэн хуульд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхтэй, энэ эрхээ нэхэмжлэгч хэрэгжүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч, 1 000 000 төгрөгийн хөлс төлсөн нь түүний хүсэл зоригийн дагуу хийгдсэн бөгөөд уг зардлыг хариуцагч төлөх үүрэггүй.

Мөн “Б Л ХХК-аар кадастрын зураг хийлгэхэд төлсөн 130 000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлсөнд 11 200 төгрөгийг түүнд учирсан хохирол гэж дүгнэж хариуцагч Н.Ц төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь буруу, гэрээнээс татгалзлыг баталж байгаа тохиолдолд шүүхийн нэхэмжлэлийг хангахад хэрэглэсэн хуулийн заалтууд хамаарахгүй.

Бодит нөхцөл байдал дээр Н.Цгийн худалдсан газар, 50 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөнд биет байдлаараа би эсэх, алдагдал, гэмтэл гарсан эсэхийг бодит хохиролд оруулахаар байдаг бөгөөд өгсөн, авсан зүйлээ буцаахад О.Б нь уг газрыг, үл хөдлөхийн хамт ашиглаж, үр шимийг нь хүртээд 17 000 000 төгрөгөө буцаагаад авна. Харин Н.Ц нь газар, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг буурсантай холбогдуулж алдагдал хүлээх, цаг хугацаа алдах, эвдрэл гэмтэл учирсан тохиолдолд түүнийг засч сайжруулах зэрэг бодит хохирлыг гаргахаар байгаа.

Иймд шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч Н.Цд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний үнэд төлсөн 17 000 000 төгрөг, учирсан хохиролд 6 855 394 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

   Талуудын хооронд  2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах”, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх гэрээ” тус тус байгуулагдаж,  хариуцагч Н.Ц өөрийн өмчлөлийн, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой сб 1 дүгээр хэсэг гудамжны .. тоот хаягт байрлах 80 мкв талбайтай, 50 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга болох хувийн сууцыг  мөн хаягт байрлах 700 м.кв талбайтай газрын эзэмших эрхийн хамтад нь нэхэмжлэгч О.Бийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч О.Б гэрээний үнэд 17 000 000 төгрөгийг төлөхөөр тус тус тохиролцсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

            О.Б нь Н.Цд 17 000 000 төгрөгийг төлсөн, О.Б нь 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хувийн сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлж,  гэрчилгээ авсан талаар талууд маргаагүй.

 

            Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний зүйл нь 50 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууц, мөн хуулийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасан газар эзэмших эрх байгаа талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн ба эдгээр гэрээ хэлцэлийн хувьд хүчин төгөлдөр байна.

 

Гэвч гэрээний зүйл болох хувийн сууц нь гуравдагч этгээд “Б” ХХК-ийн эзэмшлийн газар дээр баригдсан, О.Бийн эзэмшилд шилжүүлсэн 700 м.кв. талбай бүхий газар нь мөн гуравдагч этгээд “Б” ХХК-ийн эзэмшил газартай 559 м.кв.талбайн хэмжээгээр давхцаж байгаа нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлтээр тогтоогджээ.

 

            Хариуцагч Н.Ц нь өөрийнх нь эзэмшил Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А309 тоот шийдвэрийн дагуу олгосон 700 м.кв талбай бүхий газарт хувийн сууцыг бариагүй, хөрш залгаа оршин “Б” ХХК-ийн эзэмшил газрыг 559 м.кв талбайн хэмжээгээр нэвтэрсэн үйл баримт тогтоогдсон бөгөөд уг үйл баримтыг тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар няцаагаагүй болно.

 

            Иймд худалдах, худалдан авах гэрээний зүйл болох хувийн сууц бусдын эзэмшлийн газар дээр баригдсан нь Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсэгт зааснаар эрхийн доголдолтой байхаас гадна нэхэмжлэгчид шилжүүлсэн газрын эзэмшил нь бодит нөхцөл байдалтай зөрсөн, бусдын газарт 559 м.кв талбайгаар нэвтэрсэн нь мөн адил доголдолд хамаарах юм. Дээрх доголдлыг арилгах боломжгүй тул худалдан авагч нь мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дахь хэсэгт зааснаар гэрээнг цуцлах эрхтэй. Гэрээний зүйлийн доголдолтой холбоотойгоор нөгөө тал гэрээнээс татгалзах эрхийг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт нарийвчилсан зохицуулсан байхад анхан шатны шүүх ердийн журмаар гэрээнээс татгалзах мөн хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсгийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэсэн нь буруу болжээ.

 

            Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүх талууд гэрээний зүйлийг биет байдлаар нь харилцан буцаан шилжүүлэх үүргийн хүрээнд хариуцагч Н.Цгээс 17 000 000 төгрөгийг гаргуулж О.Бид олгож, О.Бийн өмчлөлд бүртгэгдсэн хувийн сууц, эзэмшилд байгаа газрыг гаргуулж Н.Цд олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч О.Бийн нэхэмжлэлээс хохиролд шаардсан 5 714 194 төгрөгийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ. Учир нь нэхэмжлэгч О.Б нь Худалдаа, хөгжлийн банкнаас 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний зориулалтыг “автомашин худалдах авах” гэж тодорхойлсон, маргаан бүхий хувийн сууц, газар эзэмших эрхийг худалдах зарыг 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр “unegui.mn” сайтаас олж авсан байдлаас дүгнэвэл банкны уг зээлээр маргаан бүхий хувийн сууц, газар эзэмших эрхийг худалдаж авсан гэх шалтгаант холбоо тогтоогдохгүй байна. Түүнээс гадна Хаан банкнаас 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч авсан 24 000 000 төгрөгийн зээл нь маргаан бүхий хувийн сууц, газар эзэмших эрхийг худалдаж авсан үнэ 17 000 000 төгрөгийг хариуцагч Н.Цд төлөхтэй холбоотой гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

Кадастрын зураг хийлгэхэд зарцуулсан 130 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 1 000 000 төгрөгийг хохиролд тооцож хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй байна. Кадастрын зураг нь маргаантай холбоотой байх бөгөөд нэхэмжлэгч нь өмгөөлөгчөөс авсан эрх зүйн туслалцааг энэ маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авсан байна.

 

 Дээрх үндэслэлээр зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2019/00970 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106 378 төгрөг, хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248 656 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.БАТЗОРИГ

 

                                       ШҮҮГЧИД                                Т.ТУЯА

 

                                                      Э.ЗОЛЗАЯА