Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2020/00781

 

О.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2019/00970 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1252 дугаар магадлалтай,

О.Б-ийн нэхэмжлэлтэй,

Н.Ц-д холбогдох,

“Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-ээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн 17 000 000 төгрөг, хохиролд 6 855 394 төгрөг, нийт 23 855 394 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э, хариуцагч Н.Ц нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э, хариуцагчийн өмгөөлөгч Д.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин нар оролцов.

Нэхэмжлэгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр unegui.mn сайтаас дүнзэн торхтой зуслангийн газар зарна гэсэн зарын дагуу 95113501 дугаарын утсаар хариуцагч Н.Цтэй холбогдож, газар, хувийн сууцыг үзсэний үндсэн дээр, 17 000 000 төгрөгөөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, майхан толгой СБ 1 дүгээр хэсэг гудамжны 110а тоот хаягт байрлах 80 м.кв, 50%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй хувийн сууц, мөн хаягт байрлах 700 м.кв газрыг хамтад нь худалдаж авсан. Тухайн үед бүх бичиг баримтыг шалгасан. Ингээд гэрээгээ байгуулж, 17 000 000 төгрөгийг хариуцагч Н.Цд бэлэн тоолж өгсөн. Тиймээс миний бие хувийн сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, 2017.08.10-ны өдөр өмчлөгч болсон. Харин би 7 хоногийн хугацаагаар хөдөө явж ирсний дараа газраа шилжүүлж авахаар Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн газарт 2017.08.10-ны өдөр холбогдох материалаа өгөхөд Газрын албанаас тус газар нь бодит хэмжээнээсээ хэтэрч, үл хөдлөх хөрөнгө нь албан байгууллагын эзэмшил газар дээр баригдсан байна гэж хэлсэн. Дахин хэмжилт хийлгэж, албан байгууллагатай нь холбогдохыг зөвлөсөн. Тийм учраас “Блюжэй ланд” ХХК-иар хэмжилт хийлгэж, хөлсөнд нь 130 000 төгрөг төлсөн. Тэгээд “Баянгол бэрх” ХХК-ийн 99991659, 99907058 дугаараар холбоо тогтооход хариуцагч Н.Ц нь байгууллагын хашааг дур мэдэн зөөн хашиж, түүгээр ч зогсохгүй үл хөдлөх хөрөнгөө барьж байх үеэс нь газрын эзэн гэх хүнтэй удаа дараа холбогдож байгууллагын эзэмшлээс холдуулахыг шаардаж байсан. Н.Ц нь зөрчилтэй үл хөдлөх болон газрыг мэдсээр байж өөрт чинь худалдсан байна гэж хэлсэн.

Дээрх асуудлыг хэлэхээр 90738881, 95113501 дугааруудад удаа дараа залгахад утсаа авахгүй, холбогдох боломжгүй, авсан ч тийм хүн байхгүй хүн андуурсан байна гэж худал хэлж зугтсан. Өөрөөр хэлбэл Н.Ц нь надад мэдсээр байж, зарж байгаа эд хөрөнгийнхөө талаар үнэн, зөв мэдээлэл өгөх үүргээ биелүүлэлгүй, эрхийн доголдолтой газар, хувийн сууц зарсан гэж үзэж байна.

Иймд би нэгэнт газрын өөрийн нэр дээр шилжүүлж авах боломжгүй, үүний улмаас хувийн сууцыг ашиглах боломжгүй, гэрээ хэрэгжих боломжгүй болсон тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн 17 000 000 төгрөгөө буцаан авахыг хүсэж байна. Мөн хувийн сууц, газрыг нь буцаан өгөхөд татгалзах зүйлгүй. Энэ худалдах-худалдан авах гэрээнээс болж надад тодорхой хэмжээний хохирол учирсан. Уг хохирлыг би Иргэний хуулийн 227 дугаар зүйлд зааснаар хариуцагч Н.Цгээс нэхэмжлэх эрхтэй. Энэ хохиролд нь анх газар, хувийн сууцыг худалдаж авахад зориулж 2017.07.06-ны өдөр Худалдаа хөгжлийн банкнаас цалингийн зээлд 20 000 000 төгрөгийг, нэг сарын 1.6%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж аваад, дараа нь энэ зээлээ хааж, 2018.06.15-ны өдөр ХААН банкнаас 24 500 000 төгрөгийг, жилийн 19.2%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан. Энэ хоёр зээлийн хүү адилхан учир 17 000 000 төгрөгөөс хүүг жилийн 19.2%-иар тооцож, 2017.07.27-ны өдрөөс 2019.04.27-ны өдрийг хүртэл тооцон 5 714 194 төгрөг төлсөн байна. Мөн миний бие шүүхэд нэхэмжлэл гаргах зорилгоор холбогдох баримтуудыг нотариатаар батлуулж 11 200 төгрөг, өмгөөлөгч авч, хөлсөнд нь 1 000 000 төгрөг, “Блюжэй ланд” ХХК-иар газрын хэмжилт хийлгэж 130 000 төгрөг тус тус төлсөн байна. Түүнчлэн шинжээч томилуулж шинжээчийн ажлын хөлсөнд 414 892 төгрөг төлсөн.

Ингээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн хүүгээр хоёр удаа нэмэгдүүлж, нийт 24 270 286 төгрөг нэхэмжилсэн. Харин хуралдааны явцад шинжээчийн ажлын хөлсийг шүүх хуульд заасны дагуу хуваарилна гэсэн шалтгаанаар 414 892 төгрөгөөр багасгаж, 23 855 394 төгрөг болгож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Н.Цгээс 23 855 394 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Ц шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгч Д.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Н.Ц нь 700 м.кв 1 айлын газрыг 2008 оноос хойш хөөцөлдөж явсны эцэст 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А/309 тоот шийдвэрийг “Классик Лэнд” ХХК гэдэг кадастрын компаниар зураглалаа үйлдүүлж тус газрын албандаа хянуулж нэгж талбарын 18641329230595 дугаартай кадастрын зургаа баталгаажуулж гэрээгээ байгуулж, 2014.07.24-ний өдөр гэрчилгээгээ авсан байдаг. Тэгээд энэ газартаа 2014 оны 8 дугаар сард 8x10 м хэмжээтэй мансарт керамтай дүнзэн торх буулгуулж хундаам цутгасан. 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр байшингийн кадастрын зургаа хийлгэсэн. 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр тус зургийг Сүхбаатар дүүргийн өмч газрын асуудал хариуцсан мэргэжилтэн н.Мөнгөнцэцэг зураг үйлдсэн бөгөөд хүчин төгөлдөр үл хөдлөхийн гэрчилгээ гэх мэт дээрх бичиг баримтууд нь газар торхоо хууль ёсны дагуу эзэмшиж ашиглаж байсныг нотолж байгаа юм. Ингээд газар, хувийн сууцаа зарахаар сонинд зар өгч, нэхэмжлэгч О.Б холбогдож, өөрөө ирж үзэж, таалагдсан учир 2017.07.27-ны өдөр газар, хувийн сууцыг хамтад нь 17 000 000 төгрөгөөр худалдан авч, гэрээгээ байгуулж хүсэл зоригоо илэрхийлсэн. Гэрээний дагуу хариуцагч Н.Ц мөнгийг бэлнээр авсан гэдэг, мөн хувийн сууц, газрыг өгсөн. Бид нэхэмжлэгч О.Бийг хуурсан зүйл байхгүй. Харин О.Б өөрөө Газрын албанд очиж бүртгүүлэх хүсэлтээ гаргаагүй байсан. Өөрөөр хэлбэл анхнаасаа хүсэл зоригоо илэрхийлж сайхан байна гэж авчихаад одоо бусдын газартай давхацсан, бусдын газар дээр байшин барьсан гэдэг үндэслэлээр татгалзах боломжгүй. Иргэний хуулийн 225.4-д заахдаа гэрээнээс татгалзаж болохгүй нөхцөл байдал гэж байна. Тийм учраас гэрээнээс татгалзахыг зөвшөөрөхгүй.

Харин Иргэний хуулийн 227.1, 227.2-т заахдаа гэрээнээс татгалзсан тохиолдол гэрээнээс учирсан хохирлыг заасан байгаа. Гэтэл шүүхээр хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байхад манайхыг буруутай мэтээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмж, өөрийнхөө авсан зээлийг бусдаар төлүүлэх буюу банкны зээлийн хүүг төлүүлэх гэж байгаа нь ойлгомжгүй. Мөн “Блюжэй ланд” ХХК-иар Б.О.Б өөрийн хүсээд газраа хэмжүүлсэн, энэ нь бидэнд хамаагүй, түүнчлэн шүүхэд нэхэмжлэл гаргахаар баримтуудыг нотариатаар гэрчлүүлсэн зардлыг бид төлөх үүрэг байхгүй. Учир нь анхан шатны шүүхээс хариуцагчийг гэм буруутай гэж шийдээгүй байгаа. Өмгөөлөгчийн хөлс 1 000 000 төгрөг гэж байгаагийн хувьд нэхэмжлэгч нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд зааснаар өмгөөлүүлэх эрхийнхээ дагуу өмгөөлөгч авсан байгаа тул манайх төлөх нь үндэслэлгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагууд нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2019/00970 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч Н.Цгээс 18 141 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Бид олгож, нэхэмжлэлээс үлдэх 5 714 194 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон,

нэхэмжлэгч О.Баас Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой сб 1 дүгээр хэсэг гудамжны 110а тоот хаягт байрлах 80 мкв, 50%-ийн гүйцэтгэлтэй хувийн сууц, мөн хаягт байрлах 700 м.кв газрыг гаргуулж хариуцагч Н.Цд олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч О.Баас тэмдэгтийн хураамжид төлсөн 280 120 /243 800+28 820+7 500/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.Цгээс нийт 563 974 /улсын тэмдэгтийн хураамж 248 656 төг + шинжээчийн ажлын хөлс 315 318 төг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Бид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1252 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2019/00970 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106 378 төгрөг, хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248 656 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч ИХШХШТХуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсгийг үндэслэн шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх магадлалдаа “...нэхэмжлэгч О.Б нь Худалдаа хөгжлийн банкнаас 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний зориулалтыг “автомашин худалдан авах” гэж тодорхойлсон, маргаан бүхий хувийн сууц, газар эзэмших эрхийг худалдах зарыг 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр unegui.mn сайтаас олж авсан байдлаас дүгнэвэл банкны уг зээлээр маргаан бүхий хувийн сууц, газар эзэмших эрхийг худалдаж авсан гэх шалтгаант холбоо тогтоогдохгүй байна. Түүнээс гадна Хаан банкнаас 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгчийн  авсан 24 000 000 төгрөгийн зээл нь маргаан бүхий хувийн сууц, газар эзэмших эрхийг худалдаж авсан үнэ 17 000 000 төгрөгийг хариуцагч Н.Цд төлөхтэй холбоотой гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй” гэж дүгнээд 5 714 194 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаас татгалзсан.

Нэхэмжпэгч нь хоёр үндэслэлээр 5 714 194 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан. Үүнд:

Нэгдүгээрт: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь заалт буюу гэрээнээс татгалзснаас нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзсэн. Давж заалдах шатны шүүхээс хэргийн материалтай бүрэн дүүрэн танилцаагүйн улмаас 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Хаан банкнаас авсан зээл нь Н.Цд 17 000 000 төгрөгийг төлсөн гэх байдалтай холбоотой болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж буруу дүгнэсэн. Учир нь хэргийн 129 дүгээр хуудсанд Хаан банкны зээлээр Худалдаа хөгжлийн банкны зээлийг төлсөн нотлох баримт авагдсан байгаа.

Хоёрдугаарт: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.1, 205.5 дахь хэсгүүдийг үндэслэн гэрээнээс татгалзсаны үр дагавар буюу 17 000 000 төгрөгийг ашигласны үр шимд тооцож нэхэмжилсэн. Мөн энэ үндэслэлээр давж заалдах гомдлоо бичгээр гаргасан. Гэтэл давж заалдах шүүхийн магадлалд тус шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийг яагаад хэрэглээгүй, хэрэв хэрэглэх үндэслэлгүй бол энэ тухайгаа огт тайлбарласангүй.

Хариуцагч нь 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс хойш 17 000 000 төгрөгийн үр шимийг өнөөдрийг хүртэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд эд хөрөнгийн доголдлыг мэдсэнээс хойш гэрээнээс татгалзах эрх нэхэмжлэгчид үүссэн болохыг, өөрөөр хэлбэл 17 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгөх үүрэг түхайн үед хариуцагчид үүссэн болохыг тогтоосон хэрнээ 17 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгөх үүргээ биелүүлэлгүй 17 000 000 төгрөгийн үр шимийг өнөөдрийг хүртэл хүртэж байгаа, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байгаа хариуцагчаас 5 714 194 төгрөгийг гаргуулахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүхүүдийн эдгээр шийдвэр нь Иргэний хуулийн үндэслэлгүйгээр хөрөнгөжихгүй байх, гэрээнээс татгалзсан тохиолдолд өгсөн авсан зүйлийг өөрийн эзэмшилд байх хугацааны үр шимийн хамт харилцан буцаах зарчмыг ноцтой зөрчсөн, хууль хэрэглээний алдаатай шийдвэрүүд болжээ.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах тухай өөрчлөлтийг шийдвэр, магадлалд оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, ИХШХШТ хуулийг удирдлага болгон Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл байгаа тул энэхүү гомдлыг гаргаж байна.

Нэг. Шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Зохигчдын хооронд ИХ-ийн 243 дугаар зүйлд заасны дагуу Худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна гэж тодорхойлж, улмаар ИХ-ийн 254 дүгээр зүйлд заасны дагуу доголдолтой эд хөрөнгийг худалдагч нь худалдан авагчид шилжүүлсэн байна гэж дүгнэж хууль хэрэглээний алдаа гаргаж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Учир нь энэхүү хэргийг өмнө УДШ-ийн хяналтын шатны шүүх хянаж тогтоол гаргахдаа Тогтоолын хянавал хэсэгт “...ИХ-ийн 252 дугаар зүйлийн 252.1-д “Худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ” гэж заасан. Хариуцагч Н.Цгийн нэхэмжлэгч О.Бид худалдсан үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхийн талаар гуравдагч этгээд худалдагч буюу хариуцагчид гомдол гаргасан эсэх нь тодорхой бус, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна. Энэ тохиолдолд хариуцагчийг эрхийн доголтой эд хөрөнгө худалдсан гэж үзэх боломжгүй...” гэж хуулийг зөв тайлбарлан дүгнэлт хийсэн байдаг.

ИХ-ийн 252 дугаар зүйлийн 252.1-д “Худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ” гэж заасан нь Н.Цгийн Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Майхан толгой сб 1 дүгээр хэсэг гудамжны 110а тоот хаягт байрлах 80 м.кв, 50 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууц, мөн хаягт байрлах 700 м.кв газрын асуудлаар гуравдагч этгээд /“Баянгол бэрх” ХХК, бусад гуравдагч этгээд/ гомдол гаргасан байж гэмээн сая доголдолтой эд хөрөнгө О.Бид худалдсан гэж үзэхээр дээрх дүгнэлт болон хуульд заасан байна.

Гэтэл өнөөдөр дээрх Дээд шүүхийн тогтоол гарахад ч мөн одоо ч хэрэгт хэн нэгэн гуравдагч этгээд Н.Цгийн нэхэмжлэгч О.Бид худалдсан үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхийн талаар худалдагч болон нэхэмжлэгчид гомдол гаргасан баримт хэрэгт авагдаагүй, гомдол гаргаагүй байдаг. Энэ тохиолдолд хариуцагчийг эрхийн доголтой эд хөрөнгө худалдсан гэж үзэх боломжгүй юм. Үүнийг УДШ-ийн дээрх тогтоолд дурдаж, ИХ-ийн 252 дугаар зүйлийг шүүх зөв хэрэглэх нь зохистой болохыг дүгнэсэн байдаг.

Гэвч анхан шатны шүүх дээрх хуулийн зүйл заалтыг хэрэглэлгүйгээр доголдолтой эд хөрөнгийг Н.Ц О.Бид худалдсан байна гэж дүгнэлт хийгээд байгаа нь хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байна.

Энэ нь ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлд заасныг баримтлахдаа хэрэгт худалдсан үл өдлөх эд хөрөнгө, газрын талаар гомдлын шаардлага гаргасан тухай баримт байхгүй байхад нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гэрчээр асуулгасан гэрчийн мэдүүлэгт дурдсан утсаар ярьсан гэх худал, нэгдмэл ашиг сонирхолтой мэдүүлгийг үндэслэл болгож, гомдлын шаардлага гаргасан мэтээр тайлбарлан шийдвэрлэсэн нь шийдвэр нь хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг огт хангасангүй.

Үндсэндээ бол шүүх зохигчдын хооронд үүссэн харилцааг худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэдгийг тодорхойлсон атлаа тэрхүү гэрээний харилцаанд хэрэглэгдэх ИХ-ийн 22 дугаар бүлгийн нэгдүгээр дэд бүлгийн хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн ханган шийдвэрлэсэн хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан шүүхийн шийдвэрийг гаргасан байна.

Хоёр. ИХ-ийн 243 дугаар зүйлийн 243.1-д “...Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ...” гэж заасан байна.

Өөрөөр хэлбэл худалдагч Н.Ц нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй байна.

Тэгвэл Н.Ц нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд Газар эзэмшүүлэх гээд 27.1-д “...Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ...” гэж заасны дагуу Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Майхан толгой сб 1 дүгээр хэсэг гудамжны 110а тоот хаягт байрлах 700 м.кв газрыг газар эзэмших эрхийн 000516430 дугаар гэрчилгээгээр эзэмшиж байсан.

Мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “үл хөдлөх эд хөрөнгийн эрх” гэж газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг...” хэлнэ гэж заасны дагуу Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Майхан толгой сб 1 дүгээр хэсэг гудамжны 110а тоот хаягт байрлах 80 м.кв, 50 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцыг Гэрчилгээний 000414690 дугаар, улсын бүртгэлийн Ү-2203031612 дугаартайгаар өмчилж байсан.

Түүнчлэн дээр дурдсанаар хэн нэгэн этгээд гомдлын шаардлага гаргаагүй эд хөрөнгийг О.Бид худалдсан. О.Б авсны дараагаар ч гомдлын шаардлага хэн нэгэн этгээд гаргаагүй байх тул шүүх дүгнэснээр ИХ-ийн 252 дугаар зүйлийн 252.1-д зааснаар эрхийн доголдолгүй эд хөрөнгө шилжүүлсэн гэж үзэхээргүй байна.

ИХ-ийн 251 дүгээр зүйлд Худалдсан эд хөрөнгийн биет байдлын доголдол гээд 251.1-д “...Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ...” гэжээ.

Н.Цгийн Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Майхан толгой сб 1 дүгээр хэсэг гудамжны 110а тоот хаягт байрлах 80 м.кв, 50 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууц, мөн хаягт байрлах 700 м.кв газар нь хэмжээний хувьд тухайн газартаа 80 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, 700 м.кв газар хэвээрээ л байгаа. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд тоо ширхэг дээр хариуцагч огт маргаагүй, маргаангүй тул хуулийн дээрх заалтад зааснаар биет байдлын доголдол байхгүй болно.

Эрхийн хувьд Н.Цгийн эзэмшиж байгаа газар нь гэрээ, гэрчилгээтэй, биет байдлын хувьд бодитоор өнөөдрийг хүртэл уг газар оршиж байгаа зэрэг нь биет байдлын болоод эрхийн зөрчлөөр гэрээг цуцлах хууль зүйн үндэслэл байхгүй болно.

ИХ-ийн 256 дугаар зүйлд Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээг цуцлах гээд 256.1-д “...Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй...” гэж заасан байна. Гэтэл шүүх доголдолтой эд хөрөнгө худалдсантай холбогдуулж гэрээг цуцлах уг хуулийн зүйл заалтыг бариагүй гэрээнээс татгалзах хуулийн зүйл заалтуудыг баримталж шийдвэрлээд байгаа нь хэрэглэх хуулийг хэрэглэж хэргийг шийдсэнгүй. Хэрэв доголдолтой холбогдуулж гэрээг цуцлах тохиолдолд дээр дурдсанаар биет байдлын болон эрхийн доголдол байж гэмээн гэрээг цуцлах ойлголт байгаа нь О.Бийн гэх мэт хүмүүсийн гаргадаг үйлдлийг хязгаарласан хуулийн зохицуулалт байгаа болно.

Гурав. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг 2017.07.27-ны өдөр О.Б, Н.Ц нар байгуулж, улмаар уг гэрээний дагуу Гэрчилгээний 000414690 дугаар, улсын бүртгэлийн Ү-2203031612 дугаартай Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Майхан толгой сб 1 дүгээр хэсэг гудамжны 110а тоот хаягт байрлах 80 м.кв, 50 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууц 100 хувь О.Бийн нэр дээр шилжиж 000591620 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан байдаг.

Гэтэл шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-д зааснаар хүсэл зоригоо бүрэн илэрхийлж О.Б, Н.Ц нарын хооронд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус болоогүй, энэ тухай О.Б шүүхэд гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргаагүй, хэрэгжээд дууссан байхад тодруулалгүйгээр, нэхэмжлэлийн шаардлагаас хальж хэргийг шийдвэрлээд байгаа нь хуульд үл нийцнэ.

Мөн О.Б, Н.Ц нарын хооронд 2017.07.27-ны өдөр Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээний 2.7 дахь заалтаар Талууд гэрээний нөхцөлөө бүрэн хүлээн зөвшөөрч, хүсэл зоригоо бүрэн илэрхийлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээр гэрээ байгуулсан байдаг. Гэтэл энэхүү гэрээний үүргээ О.Б нь үл биелүүлж Сүхбаатар дүүргийн газрын албанд газар шилжүүлэх тухай хүсэлтээ аваачиж өгөөгүй, улмаар гэрээг биелүүлэхээс санаатайгаар татгалзсан болох нь Сүхбаатар дүүргийн Газрын албаны 2013 оны 12-р сарын 13-ны өдрийн албан бичгээр нотлогддог.

Энэ нь ИХ-ийн 249 дүгээр зүйлд заасан Гэрээний талууд үүргээсээ татгалзах гээд 249.1- д “...Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно...” гэж заасантай нийцээгүй үйлдлийг болон нэхэмжлэлийг гаргаад байхад хангаж шийдвэрлээд байгаа нь хуулийг зөв ойлгож хэрэглэсэнгүй.

Өөрөөр хэлбэл Н.Ц О.Б нарын хооронд байгуулсан гэрээний дийлэнх хэсэг биелэгдсэн. Учир нь О.Б 17,000,000 төгрөг өгсөн, Харин Н.Ц Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Майхан толгой сб 1 дүгээр хэсэг гудамжны 110а тоот хаягт байрлах 80 ч.кв, 50 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууц 100 хувь О.Бийн нэр дээр шилжиж 300591620 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан, газар шилжүүлэх гэрээг байгуулсан боловч, газар шилжүүлэх тухай хүсэлтээ Сүхбаатар дүүргийн газрын албанд нэхэмжлэгч аваачиж өгөөгүй нь дийлэнх хэсгээ биелүүлээгүй гэж үзэж, гэрээнээс татгалзах үндэслэл байхгүй болно.

ИХ-д Худалдах-худалдан авах гэрээнд дээрх байдлаар гэрээгээр хүлээсэн үүргийн дийлэнх хэсгийг биелүүлээгүй тохиолдолд гэрээнээс татгалзах хуулийн заалттай байтал шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дээрх хуулийн заалтад оруулж, гэрээний дийлэнх хэсэг биелэгдсэн байхад биелэгдээгүй, биелэгдэх боломжгүй гэж дүгнээд байгаа нь үндэслэлгүй эрх зүйн дүгнэлтийг өгсөн байна.

Дөрөв. Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.12, 14 дүгээр зүйлд зааснаар Монгол улсын иргэн өөрийн эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл “...өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхтэй...”. Энэхүү эрхээ нэхэмжлэгч хэрэгжүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч, 1 000 000 төгрөгийн хөлс төлсөн нь түүний хүсэл зоригийн дагуу хийгдсэн бөгөөд уг зардлыг хариуцагч төлөх нь гэм буруутай үндэслэл байхгүй гэж үзэхээр байна. Иймд өмгөөлөгчөөс хөлс 1 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлгүй байна.

Мөн “Блюжэй ланд” ХХК-иар кадастрын зураг хийлгэхэд төлсөн 130 000 төгрөгийг, нотариатын үйлчилгээний хөлсөнд 11 200 төгрөгийг төлсөн нь түүнд учирсан хохирол гэж дүгнэж ИХ-ийн 227 дугаар зүйлийн 227.3-т үндэслэлд хамаарч байна тул хариуцагч Н.Ц төлөх үүрэгтэй гэжээ.

Шүүхийн үндэслэл болгосон ИХ-ийн 205 дугаар зүйлийн 205.1-д “...Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй...” гэж заасан байна. Энэ заалтаас үзвэл гэрээнээс татгалзсан тохиолдолд талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй...” байна. Өөрөөр хэлбэл Н.Ц 17 000 000 төгрөгийг, О.Б газар, үл хөдлөх эд хөрөнгийг биет байдлаар нь өгөх үүрэгтэй байна. Мөн олсон ашгийг буцаан өгөхөөр заасан байна. Тэгвэл дээрх шүүхийн хангаад байгаа зардлууд нь нэхэмжлэгч нь өөрийн хүсэл зоригийн үүднээс хийлгэсэн үйлдэл үйл ажиллагаанаас гарсан зардал бөгөөд олсон ашиг биш юм. Иймээс гэрээнээс татгалзлыг баталж байгаа тохиолдолд шүүхийн баримталсан дээрх заалт нь дээрх нэхэмжлэлийн хангагдсан шаардлагуудад хамааралгүй байна.

Мөн шүүх дээрх шаардлагуудыг хангахдаа ИХ-ийн 227 дугаар зүйлийн 227.3-т “...Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно...” гэж заасанд нийцнэ гэжээ. Гэтэл бодит нөхцөл байдал дээр Н.Цгийн худалдсан газар, 50 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөнд л биет байдлаараа би эсэх, алдагдал, гэмтэл гарсан эсэхийг бодит хохиролд оруулахаар байх бөгөөд харин нэхэмжлэгчийн өгсөн 17 000 000 төгрөгт дээрх хуулийн заалт хамаархааргүй байна. Үндсэндээ бол өгсөн авсан зүйлээ буцаахад О.Б нь уг газрыг, үл хөдлөхийн хамт ашиглаж, үр шимийг нь хүртчихээд 17 000 000 төгрөгөө буцаагаад авна.

Харин Н.Ц нь газар, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг буурсантай холбогдуулж алдагдал хүлээх, цаг хугацаа алдах, эвдрэл гэмтэл учирсан тохиолдолд түүнийг засч сайжруулах зэрэг бодит хохирлыг гаргахаар байгаа нь өөрөө дээрх хуулийн заалтад хамаарахаар байхад түүнийг харгалзан үзэхгүйгээр хүсэл зоригийн үүднээс гаргах шаардлага байгаагүй зардлуудыг Н.Цгийн буруутай үйлдлээс боллоо хэмээн гаргуулахаар шийдвэрлээд байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.23-ны өдрийн 970 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.07.03-ны өдрийн 1252 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч О.Б Н.Цд холбогдуулан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-ээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн 17 000 000 төгрөг, хохиролд 6 855 394 төгрөг, нийт 23 855 394 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 Зохигч 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ” байгуулж, худалдагч Н.Ц өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой сб 1-р хэсэг гудамж, 110а тоот хаягт орших 80 м.кв талбай бүхий 50%-ийн гүйцэтгэлтэй хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авагч О.Б эд хөрөнгийг 17 000 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон, мөн дээрх хувийн сууц байрлаж буй зуслангийн зориулалттай 700 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг шилжүүлэхээр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх гэрээ” тус тус байгуулжээ.

Худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдан авагч хувийн сууцны үнэ 17 000 000 төгрөгийг худалдагчид шилжүүлж, хувийн сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлсэн бөгөөд газар эзэмших эрхийг шилжүүлэхээр Сүхбаатар дүүргийн газрын албанд хандахад тус газар бодит хэмжээнээсээ хэтэрч, үл хөдлөх эд хөрөнгө бусдын газар дээр баригдсан гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг шилжүүлээгүй байна.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, ...худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр, эд хөрөнгө эзэмших боломж олгож байгаа эрхийг худалдсан тохиолдолд худалдагч тухайн эд хөрөнгийг худалдан авагчид биет байдлын болон эрхийн доголдолгүй шилжүүлэх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 261 дүгээр зүйлийн 261.3.-т тус тус зохицуулжээ.

Түүнчлэн Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1.-д худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ гэж, 254 дүгээр зүйлийн 254.-1.-д худалдан авагч нь худалдан авсан эд хөрөнгө доголдолтой бол гэрээг цуцлах эрхтэй гэж, 205 дугаар зүйлийн 205.1.-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь ...харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж, 256 дугаар зүйлийн 256.1.-д эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй гэжээ.  

Хариуцагч Н.Цгийн О.Бийн эзэмшилд шилжүүлсэн газар нь гуравдагч этгээд болох “Баянгол бэрх” ХХК-ийн газартай 559 м.кв хэмжээтэй давхацсан, мөн нэхэмжлэгчийн худалдан авсан хувийн сууц нь тус давхацсан талбайд байрлаж байгаа нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүх талуудын хооронд үүссэн худалдах-худалдан авах  гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хариуцагч нь доголдолтой эд хөрөнгө худалдсан үндэслэлээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, өөрт учирсан хохирол, зардлыг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй талаар хэрэгт цугларсан баримтад үндэслэн үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн, шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3.-т нийцсэн байна.

Нэхэмжлэгч нь 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Худалдаа хөгжлийн банкнаас 20 000  000 төгрөгийн зээлийг авч, уг зээлээс хувийн сууц худалдаж авсан 17 000 000 төгрөгийг хариуцагчид төлсөн, уг зээлийг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Хаан банкнаас авсан зээл рүү шилжүүлсэн гэх үндэслэлээр зээлийн хүүд төлсөн 5 714 194 төгрөгийг өөрт учирсан хохиролд тооцож нэхэмжилсэн боловч тэрээр 2017 онд авсан зээлийг автомашин худалдан авах зориулалтаар авсан талаар Зээлийн гэрээнд бичигдсэнийг үндэслэн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хохиролд тооцохгүй гэж үзсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэгдсэн, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан нотлон баримт үнэлэх журмын зөрчөөгүй байх тул хохирлыг дутуу тооцсон гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

Худалдсан эд хөрөнгө доголдолтой болох нь баримтаар нотлогдсон, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбар, татгалзал, хэрэгт цугларсан баримтыг үгүйсгэсэн, няцаасан үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нотлоогүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй тул шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн хохиролтой хамаарах шаардлагад холбогдох хуулийн зүйл заалтыг баримтлаагүй тул энэ  заалтыг шийдвэр, магадлалд нэмж оруулах шаардлагатай.

Түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.-т заасны дагуу төлөлгүй, дутуу төлсөн байх тул дутуу төлсөн хураамжийг нөхөн гаргуулах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан зохигчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1252 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2019/00970 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...205.1.” гэсний дараа “..., 227 дугаар зүйлийн 227.1.” гэж, 2 дахь заалтын “56.2....” гэсний дараа “..., 58 дугаар зүйлийн 58.2.” гэж тус тус нэмж,  “...олгосугай.” гэснийг “...олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 107 325 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулсугай.” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э, хариуцагч Н.Ц нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч О.Бийн 106 378 төгрөгийг, хариуцагч Н.Цгийн 248 656 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД