Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 970

 

2019 оны 05 сарын 23 өдөр                Дугаар 182/ШШ2019/00970                 Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Б-ийн нэхэмжлэлтэй,      

Хариуцагч: Ц д холбогдох,   

Худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн 17,000,000 төгрөг, учирсан хохиролд 6,855,394 төгрөг, нийт 23,855,394 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Б, түүний өмгөөлөгч Э.Эрдэнэтөгс, хариуцагчийн өмгөөлөгч Д.Хишигбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ш.Ундраа нар оролцов.        

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр “unegui.mn” сайтаас дүнзэн торхтой зуслангийн газар зарна гэсэн зарын дагуу 95113501 дугаарын утсаар хариуцагч Н.Цтэй холбогдож, газар, хувийн сууцыг үзсэний үндсэн дээр, 17,000,000 төгрөгөөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, майхан толгой СБ 1 дүгээр хэсэг гудамжны 110а тоот хаягт байрлах 80 м.кв, 50%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй хувийн сууц, мөн хаягт байрлах 700 м.кв газрыг хамтад нь худалдаж авсан. Тухайн үед бүх бичиг баримтыг шалгасан. Ингээд гэрээгээ байгуулж, 17,000,000 төгрөгийг хариуцагч Цд бэлэн тоолж өгсөн. Тиймээс миний бие хувийн сууцыг өөрийн нэр дээр шилжүүлж авч, 2017.08.10-ны өдөр өмчлөгч болсон. Харин би 7 хоногийн хугацаагаар хөдөө явж ирсний дараа газраа шилжүүлж авахаар Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн газарт 2017.08.10-ны өдөр холбогдох материалаа өгөхөд Газрын албанаас “тус газар нь бодит хэмжээнээсээ хэтэрч, үл хөдлөх хөрөнгө нь албан байгууллагын эзэмшил газар дээр баригдсан байна” гэж хэлсэн. Дахин хэмжилт хийлгэж, албан байгууллагатай нь холбогдохыг зөвлөсөн. Тийм учраас Блюжэй ланд ХХК-иар хэмжилт хийлгэж, хөлсөнд нь 130,000 төгрөг төлсөн. Тэгээд Баянгол бэрх ХХК-ийн 99991659, 99907058 дугаараар холбоо тогтооход хариуцагч Н.Ц нь байгууллагын хашааг дур мэдэн зөөн хашиж, түүгээрч зогсохгүй үл хөдлөх хөрөнгөө барьж байх үеэс нь газрын эзэн гэх хүнтэй удаа дараа холбогдож байгууллагын эзэмшилээс холдуулахыг шаардаж байсан. Н.Ц нь зөрчилтэй үл хөдлөх болон газрыг мэдсээр байж өөрт чинь худалдсан байна” гэж хэлсэн.

Дээрх асуудлыг хэлэхээр “90738881, 95113501” дугааруудад удаа дараа залгахад утасаа авахгүй, холбогдох боломжгүй, авсан ч “тийм хүн байхгүй хүн андуурсан байна” гэж худал хэлж зугтсан. Өөрөөр хэлбэл Н.Ц нь надад мэдсээр байж, зарж байгаа эд хөрөнгийнхөө талаар үнэн, зөв мэдээлэл өгөх үүргээ биелүүлэлгүй, эрхийн доголдолтой газар, хувийн сууц зарсан гэж үзэж байна. Иймд би нэгэнт газрын өөрийн нэр дээр шилжүүлж авах боломжгүй, үүний улмаас хувийн сууцыг ашиглах боломжгүй, гэрээ хэрэгжих боломжгүй болсон тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн 17,000,000 төгрөгөө буцаан авахыг хүсэж байна. Мөн хувийн сууц, газрыг нь буцаан өгөхөд татгалзах зүйлгүй. Энэ худалдах, худалдан авах гэрээнээс болж надад тодорхой хэмжээний хохирол учирсан. Уг хохирлыг би Иргэний хуулийн 227 дугаар зүйлд зааснаар хариуцагч Н.Цгээс нэхэмжлэх эрхтэй. Энэ хохиролд нь анх газар, хувийн сууцыг худалдаж авахад зориулж 2017.07.06-ны өдөр Худалдаа хөгжлийн банкнаас цалингийн зээлд 20,000,000 төгрөгийг, нэг сарын 1,6%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж аваад, дараа нь энэ зээлээ хааж, 2018.06.15-ны өдөр ХААН банкнаас 24,500,000 төгрөгийг, жилийн 19.2%-ийн хүүтэй, 36 сарын угацаатай авсан. Энэ хоёр зээлийн хүү адилхан учир 17,000,000 төгрөгөөс хүүг жилийн 19.2%-иар тооцож, 2017.07.27-ны өдрөөс 2019.04.27-ны өдрийг хүртэл тооцон 5,714,194 төгрөг төлсөн байна. Мөн миний бие шүүхэд нэхэмжлэл гаргах зорилгоор холбогдох баримтуудыг нотариатаар батлуулж 11,200 төгрөг, өмгөөлөгч авч, хөлсөнд нь 1,000,000 төгрөг, Блюжэй ланд ХХК-иар газрын хэмжилт хийлгэж 130,000 төгрөг тус тус төлсөн байна. Түүнчлэн шинжээч томилуулж шинжээчийн ажлын хөлсөнд 414,892 төгрөг төлсөн. Ингээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн хүүгээр хоёр удаа нэмэгдүүлж, нийт 24,270,286 төгрөг нэхэмжилсэн. Харин хуралдааны явцад шинжээчийн ажлын хөлсийг шүүх хуульд заасны дагуу хуваарилана гэсэн шалтганаар 414,892 төгрөгөөр багасгаж 23,855,394 төгрөг болгож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Н.Цгээс 23,855,394 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Н.Ц нь 700 м.кв 1 айлын газрыг 2008 оноос хойш хөөцөлдөж явсны эцэст 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А/309 тоот шийдвэрийг “Классик Лэнд” ХХК гэдэг кадастрын компаниар зураглалаа үйлдүүлж тус газрын албандаа хянуулж нэгж талбарын 18641329230595 дугаартай кадастрын зургаа баталгаажуулж гэрээгээ байгуулж, 2014.07.24-ний өдөр гэрчилгээгээ авсан байдаг. Тэгээд энэ газартаа 2014 оны 8 дугаар сард 8x10 м хэмжээтэй мансарт керамтай дүнзэн торх буулгуулж хундаам цутгасан. 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр байшингийн кадастрын зургаа хийлгэсэн. 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр тус зургийг Сүхбаатар дүүргийн өмч газрын асуудал хариуцсан мэргэжилтэн н.Мөнгөнцэцэг зураг үйлдсэн бөгөөд хүчин төгөлдөр үл хөдлөхийн гэрчилгээ гэх мэт дээрх бичиг баримтууд нь газар торхоо хууль ёсны дагуу эзэмшиж ашиглаж байсныг нотолж байгаа юм. Ингээд газар, хувийн сууцаа зарахаар сонинд зар өгч, нэхэмжлэгч О.Бхолбогдож, өөрөө ирж үзэж, таалагдсан учир 2017.07.27-ны өдөр газар, хувийн сууцыг хамтад нь 17,000,000 төгрөгөөр худалдан авч, гэрээгээ байгуулж хүсэл зоригоо илэрхийлсэн. Гэрээний дагуу хариуцагч Н.Ц мөнгийг бэлнээр авсан гэдэг, мөн хувийн сууц, газрыг өгсөн. Бид нэхэмжлэгч О.Банзрагчийг хуурсан зүйл байхгүй. Харин О.Бөөрөө Газрын албанд очиж бүртгүүлэх хүсэлтээ гаргаагүй байсан. Өөрөөр хэлбэл анхнаасаа хүсэл зоригоо илэрхийлж сайхан байна гэж авчихаад одоо бусдын газартай давхцсан, бусдын газар дээр байшин барьсан гэдэг үндэслэлээр татгалзах боломжгүй. Иргэний хуулийн 225.4-д заахдаа гэрээнээс татгалзаж болохгүй нөхцөл байдал гэж байна. Тийм учраас гэрээнээс татгалзахыг зөвшөөрөхгүй.

Харин Иргэний хуулийн 227.1, 227.2-т заахдаа гэрээнээс татгалзсан тохиолдол гэрээнээс учирсан хохирлыг заасан байгаа. Гэтэл шүүхээр хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байхад манайхыг буруутай мэтээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмж, өөрийнхөө авсан зээлийг бусдаар төлүүлэх буюу банкны зээлийн хүүг төлүүлэх гэж байгаа нь ойлгомжгүй. Мөн Блю жэйл ланд ХХК-аар Б.Бөөрийн хүсээд газраа хэмжүүлсэн, энэ нь бидэнд хамаагүй, түүнчлэн шүүхэд нэхэмжлэл гаргахаар баримтуудыг нотариатаар гэрчлүүлсэн зардлыг бид төлөх үүрэг байхгүй. Учир нь анхан шатны шүүхээс хариуцагчийг гэм буруутай гэж шийдээгүй байгаа. Өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг гэж байгаагийн хувьд нэхэмжлэгч нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд зааснаар өмгөөлүүлэх эрхийнхээ дагуу өмгөөлөгч авсан байгаа тул манайх төлөх нь үндэслэлгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагууд нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч О.Бнь хариуцагч Н.Цд холбогдуулж худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн 17,000,000 төгрөг, учирсан хохиролд 7,270,286 төгрөг, нийт 24,270,286 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад хохиролд 7,270,286 төгрөг гаргуулах шаардлагаа шинжээчийн ажлын хөлс 414,892 төгрөгөөр багасгаж, 6,855,394 төгрөг, нийт 23,855,394 төгрөг гэж тодорхойлсон болно.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг би гэрээний дагуу зуслангийн газар, хувийн сууц худалдан авч, 17,000,000 төгрөгийг хариуцагч Н.Цд бэлнээр өгсөн, хувийн сууцны гэрчилгээгээ өөрийн нэр дээр авч, газраа бүртгүүлэх гэсэн боловч Сүхбаатар дүүргийн Газрын албанаас бусдын газартай давхцсан шалтгаанаар бүртгэж аваагүй, энэ талаар хариуцагч Н.Цд утсаар хэлэх гээд залгахад утсаа авсан боловч тийм хүн байхгүй гэж хэлээд утсаа тасалсан, дараагийн удаа утсаа аваагүй, өөрөөр хэлбэл эрхийн доголдолтой эд хөрөнгө зарсны улмаас би худалдан авсан газар, хувийн сууцыг ашиглах боломжгүй болсон учир гэрээнээс татгалзах эрхтэй, үүний улмаас би шүүхэд нэхэмжлэл гаргах, газраа дахин хэмжүүлэх, өмгөөлөгч авах, зээл авах зэргээр өөрөөсөө зардал гаргаж хохирсон тул уг хохирлыг мөн хариуцагч Н.Ц хариуцах учиртай гэж тайлбарлав.

 

Харин хариуцагч тал уг тайлбарыг зөвшөөрөхгүй байх бөгөөд хариуцагч Н.Ц нь өөрийн хууль ёсны дагуу эзэмшиж байсан газар дээрээ хувийн сууц барьж, 50%-ийн гүйцэтгэлтэй байсныг нэхэмжлэгч О.Бхүлээн зөвшөөрөөд худалдаж авсан, өөрөө газраа Газрын албанд бүртгүүлэх өргөдлөө гаргаагүй, гэрээнээс татгалзах үндэслэл байхгүй, бид нэхэмжлэгчийг хуурсан зүйл байхгүй, үүний улмаас түүний өөрөө хүсэж авсан зээл, шүүхэд нэхэмжлэл гаргаж, эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч авсан зардал болон бусад зардлыг төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж мэтгэлцсэн.

 

Зохигчдын хооронд 2017.07.27-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах, Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх гэрээ тус тус байгуулагдаж, уг гэрээнүүдийн дагуу хариуцагч Н.Ц өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой сб 1 дүгээр хэсэг гудамжны 110а тоот хаягт байрлах 80 мкв, 50%-ийн гүйцэтгэлтэй хувийн сууц, мөн хаягт байрлах өөрийн эзэмшлийн 700 м.кв газрыг хамтад нь нэхэмжлэгч О.Банзрагчид шилжүүлэх, нэхэмжлэгч О.Б17,000,000 сая төгрөгийг төлөхөөр тохиролцжээ.

 

Уг гэрээний дагуу нэхэмжлэгч О.Бнь хариуцагч Н.Цд 17,000,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн, энэ талаар баримтгүй боловч зохигчид маргаагүй, нэхэмжлэгч О.Бнь 2017.08.10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой сб 1 дүгээр хэсэг гудамжны 110а тоот хаягт байрлах 80 мкв, 50%-ийн гүйцэтгэлтэй хувийн сууцны өмчлөгч болж, улсын бүртгэлийн гэрчилгээ авсан, тэрээр 700 м.кв газраа шилжүүлж авахаар 2017.08.10-ны үеэр Сүхбаатар дүүргийн газрын албанд хандахдаа “тус газар нь бусдын эзэмшил газарт орж, хувийн сууц баригдсан” талаар амаар мэдсэн, мөн энэ талаар Сүхбаатар дүүргийн Газрын албанаас 2017.11.01-ны өдөр бичгээр мэдэгдсэн, тиймээс нэхэмжлэгч О.Бнь уг газрыг улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүй болсон, бусдын газартай давхцсан талаар мэдэгдэх зорилгоор хариуцагч Н.Цтэй утсаар холбогдох гээд чадаагүй, тэрээр шүүхэд хандсан байна.

 

Дурдсан үйл баримтууд зохигчдын гаргасан тайлбар, 2017.07.27-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх гэрээ, 2015 оны иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, 2017.08.10-ны өдрийн О.Банзрагчийн нэр дээрх хувийн сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ, 2014.07.24-ний өдрийн Н.Цгийн нэр дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2017.08.18-ны өдрийн Блюжэй ланд ХХК-ийн үйлдсэн кадастрын зураг, Сүхбаатар дүүргийн газрын албаны 2017.11.01-ны өдрийн 11/1285 дугаартай албан бичиг, газар, хувийн сууцны гадна байдлыг харуулсан гэрэл зургууд зэрэг баримтуудаар тогтоогдов.

           

Дээрх баримтууд, зохигчдын гаргасан тайлбараас үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд хариуцагч Н.Ц нь хуулийн уг заалтуудын дагуу нэхэмжлэгч О.Банзрагчид биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг шилжүүлэх, 243 дугаар зүйлийн 243.2, 260 дугаар зүйлийн 260.3, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 2.6-д зааснаар худалдаж байгаа эд хөрөнгө болох газар, хувийн сууцны талаар үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй байжээ.

 

Гэтэл хариуцагч Н.Ц нь Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх гэрээний дагуу 700 м.кв газрыг нэхэмжлэгч О.Банзрагчид шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй, энэ газрын талаар үнэн зөв мэдээллийг нэхэмжлэгч О.Банзрагчид өгөөгүй, харин уг газар нь эрхийн зөрчилтэй эд хөрөнгө болохыг мэдсээр байж худалдсан болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Учир нь тус шүүхийн 2018.11.22-ны өдрийн 10319 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн газрын албанаас ирсэн 2018.12.24-ны өдрийн 14/1667 дугаартай албан бичиг, тус албан бичгийн хавсралт болох баримтуудаар маргаан бүхий Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой сб 1 дүгээр хэсэг гудамжны 110а тоот хаягт байрлах 700 м.кв газрын хил залгаа 20,000 м.кв газрыг Баянгол бэлх ХХК нь амралт сувилалын чиглэлээр эзэмшдэг, тус байгууллагын газарт хариуцагч Н.Ц нь 2016 онд хашаагаа сунгаж, байшин барьж эхэлсэн, байгууллагын менежер гэрчээр асуугдсан Д.Баттулга 2017 оны хавар хариуцагч Н.Ц рүү утасдаж “хийж байгаа үйлдлээ зогсоохыг шаардаж байсан” талаараа мэдүүлсэн байна.

 

Түүнчлэн шүүх нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтээр 2018.11.22-ны өдрийн 10319 дугаартай шүүгчийн захирамжаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрыг шинжээчээр томилсон байх бөгөөд тус байгууллагын 2019.02.28-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр “...хувийн орон сууц нь 92 м.кв талбайтай бөгөөд Баянгол бэлх ХХК-ийн эзэмшлийн газар дээр байрлаж байна. ...мөн 1052 м.кв талбайтай газар нь Баянгол бэлх ХХК-ийн эзэмшлийн газартай байршлын хувьд 559 м.кв талбайгаар давхцсан байна” гэжээ.

 

Иймд нэхэмжлэгч О.Бнь худалдан авсан 700 м.кв газраа, хувийн сууцны хамт эзэмших боломжгүй, түүний нэр дээр газрын гэрчилгээ шилжихгүй болсон нь нэгэнт тогтоогдсон байх бөгөөд уг маргаан бүхий 50%-ийн гүйцэтгэлтэй хувийн сууц нь Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т зааснаар нэхэмжлэгч О.Банзрагчийн нэр дээр шилжих боломжгүй болсон газрын үндсэн бүрдэл хэсэг болж байна.

 

Өөрөөр хэлбэл маргаан бүхий газар, хувийн сууц нь нэгэнт бусдын эзэмшлийн буюу Баянгол бэлх ХХК-ийн газарт орж, түүн дээр хувийн сууц баригдсан, хариуцагч Н.Ц нь худалдан эд хөрөнгийнхөө талаар үнэн зөв мэдээллийг нэхэмжлэгч О.Банзрагчид өгөх үүргээ биелүүлээгүй байгаа нь тухайн эд хөрөнгө Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д заасан эрхийн доголдолтой хөрөнгө болохыг нотолж байна гэж үзлээ.

 

Иймд нэхэмжлэгч О.Бнь гэрээнээс татгалзан, энэ талаар хариуцагч Н.Цтэй утсаар мэдэгдэх гэж оролдсон, тэрээр утсаа аваагүй байх тул Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан 6 сарын дотор буюу 2017.11.16-ны өдөр анх шүүхэд хандсанаар Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т зааснаар хариуцагч Н.Цд шаардлага гаргасан гэж үзэхээр байна.

 

Тодруулбал гэрээнээс татгалзах нь нэг талын, субъектив шинжтэй эрх бөгөөд гэрээний харилцаа нэг талын хүсэл зоригоор хэдийд ч буцаагдаж болдог, татгалзах тухай нөгөө талдаа мэдэгдэхэд хэлбэрийн шаардлага тавигддаггүй онцлогтой бөгөөд нэхэмжлэгч О.Банзрагчид Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар 2017.07.27-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх гэрээнүүдээс татгалзаж, хариуцагч Н.Цд өгсөн 17,000,000 төгрөгөө түүнээс буцаан шаардах эрх үүссэн, хариуцагч Н.Ц нь гэрээний дагуу шилжүүлэн авсан 17,000,000 төгрөгийг нэхэмжлэгч О.Банзрагчид буцаан төлөх үүрэгтэй болно.

 

Тиймээс хариуцагч талын гаргасан дээр дурдсан татгалзлын үндэслэлээ болгосон тайлбар хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд Сүхбаатар дүүргийн газрын албаны 2018.12.13-ны өдрийн “...Н.Цгээс О.Банзрагчид газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлт бүртгэгдээгүй байна” гэсэн албан бичиг нь уг татгалзлыг хангалттай нотлохгүй, нэхэмжлэгч О.Бмаргаан бүхий газраа бүртгүүлэх гээд Сүхбаатар дүүргийн газрын албанд хүсэлтээ гаргасан, тус газар нь бусдын буюу Баянгол бэлх ХХК-ийн газартай дахцсан доголдлын улмаас Сүхбаатар дүүргийн Газрын алба нь нэхэмжлэгч О.Банзрагчийн хүсэлтийг хүлээн аваагүй, улсын бүртгэлд бүртгээгүй үйл баримт нэгэнт тогтоогдсон.

 

Нэхэмжлэгч О.Бнь хариуцагч Н.Цтэй худалдах, худалдан авах гэрээний харилцаанд орж, түүний гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээнээс татгалзсантай холбоотойгоор маргаанаа шийдвэрлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргахад баримтуудаа нотариатаар батлуулсны 11,200 төгрөг, эрхээ хэрэгжүүлэх зорилгоор өмгөөлөгч авч, өмгөөллийн хөлсөнд 1,000,000 төгрөг төлсөн, маргаан бүхий газраа Блюжэй ланд ХХК-иар Сүхбаатар дүүргийн газрын албаны зөвлөснөөр дахин хэмжүүлж, ажлын хөлсөнд 130,000 төгрөг төлсөн, бусдаас зээл авч, 5,714,194 төгрөгийн хүү төлж, өөрөөсөө нийт 6,855,394 төгрөгийн зардал гаргасан гэж, өөрт учирсан хохирлыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т зааснаар хариуцагч Н.Цгээс шаардах эрхтэй гэж тайлбарлан холбогдох баримтуудыг үндэслэв.

 

Шүүх нэхэмжлэгч талын тодорхойлсон дээрх хохирлоос гэрээнээс татгалзсан цаг хугацааг харгалзан, 2017.09.20-ны өдэр нэхэмжлэгч О.Банзрагчаас Блюжэй ланд ХХК-нд 130,000 төгрөг төлсөн бэлэн мөнгөний орлогын баримт, 2017.11.16-ны өдрийн Монголын нотариатчдын танхимын үйлчилгээний хөлсөнд 11,200 төгрөг төлсөн тасалбар, 2018.03.07-ны өдрийн, 2018.10.29-ний өдрийн нэхэмжлэгч О.Банзрагч, өмгөөлөгч Э.Эрдэнэтөгс нарын хооронд байгуулагдсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнүүдийн дагуу өмгөөллийн хөлсөнд 1,000,000 төгрөг төлсөн О.Банзрагчийн ХААН банкны депозит дансны хуулгууд зэрэг баримтуудаар тогтоогдсон нэхэмжлэгч О.Банзрагчаас өөрөөс нь бодит байдлаар гарсан Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан үндэслэл хамаарч байгаа хохирол болох нийт 1,141,200 төгрөгийг хариуцагч Н.Ц төлөх үүрэгтэй гэж дүгнэлээ.

 

Учир нь хариуцагч Н.Ц нь эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг нэхэмжлэгч О.Банзрагчид худалдсан бол тэрээр үр шимийг нь хүртэн, өөрөөсөө дээр дурдсан нэмэлт зардал буюу шүүхэд нэхэмжлэл гаргаж, өмгөөлөгч авч, газраа дахин хэмжүүлэх шаадлагагүй байсан гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч О.Банзрагчаас ийнхүү зардал гарсан нь хариуцагч Н.Цгийн эрхийн зөрчилтэй газар зарсан буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Харин ХААН банкны 2018.06.15-ны өдрийн зээлийн гэрээ, мөн өдрийн барьцааны гэрээ, 2017.07.06-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны цалингийн зээлийн гэрээ, мөн өдрийн хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваариуд, 2018.04.30-ны цалингийн зээлийн нэмэлт гэрээ, 2018.06.18-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны зээл хаасан тухай орлогын ордер, ХААН банкны зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудаас үзвэл:

нэхэмжлэгч О.Банзрагчийн Худалдаа, хөгжлийн банкнаас 2017.07.06-ны өдөр авсан 20,000,000 төгрөгийн цалингийн зээлийн гэрээний 3.2-т зээлийг автомашин худалдан авах зориулалттай болохыг зохицуулсан байх бөгөөд уг зээлийн гэрээгээр маргаан бүхий газрыг худалдан авсан гэж үзэх боломжгүй, тэрээр өөрөө хүсч зээлийг худалдах, худалдан авах гэрээний харилцаанд орохоос өмнө авсан, яагаад уг зээлийг хааж ХААН банкнаас 2018.06.15-ны өдөр дахин 24,500,000 төгрөгийн зээл авсан болох, уг зээл нь энэ маргаанд яаж хамаарч байгаа болох, түүнчлэн 2017.07.27-ны өдрөөс 2019.04.27-ны өдрийг хүртэл хүүд 5,714,194 төгрөгийг төлсөн гэх аргачлал нь ойлгомжгүй, үүнийг гэрээнээс татгалзсантай холбоотойгоор нэхэмжлэгч О.Банзрагчаас гарсан зардал гэж үзэхгүй болно.

 

Иймд хариуцагч Н.Цгээс гэрээний дагуу шилжүүлэн өгсөн 17,000,000 төгрөг, гэрээнээс татгалзсантай холбоотойгоор түүнээс гарсан зардалд 1,141,200 төгрөг, нийт 18,141,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Банзрагчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,714,194 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч О.Бнь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасан үр дагавар болох өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой сб 1 дүгээр хэсэг гудамжны 110а тоот хаягт байрлах 80 мкв, 50%-ийн гүйцэтгэлтэй хувийн сууц, өөрийн эзэмшилд шилжүүлэн авч чадаагүй боловч өөрийнх нь мэдэлд байгаа мөн хаягт байрлах 700 м.кв газрыг хамтад хариуцагч Н.Цд буцаан өгөх боломжтой гэж тайлбарлаж байх тул нэхэмжлэгч О.Банзрагчаас дурдсан эд хөрөнгүүдийг гаргуулж хариуцагч Н.Цд буцаан олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч О.Бнь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын болон Геомэп ХХК-ийн нэхэмжлэхээр шинжээчийн ажлын хөлсөнд 2019.02.12-ны өдөр 414,892 төгрөгийг Геомэп ХХК-нд төлсөн болох нь Голомт банкны орлогын ордероор тогтоогдож байх бөгөөд шинжээчийн ажлын хөлс нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар шүүхийн зардалд хамаарна.

 

Иймд дээрх зардлыг хариуцагч Н.Ц нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2, 56 дугаар зүйлийн              56.2-т зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр хариуцах үүрэгтэй тул хариуцагч Н.Цгээс шинжээчийн ажлын хөлсөнд 315,318 /нэхэмжлэлийн шаардлага 23,855,394 төгрөгийг 100% гэж тооцон нэхэмжлэл хангагдсан 18,141,200 төгрөг нь 76% болов. Шинжээчийн ажлын хөлс 414,892 төгрөгийн 76% нь 315,318 төгрөг болно/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Банзрагчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагч О.Ц нь шүүх хуралдааны тов мэдсэн бөгөөд, өөрийнхөө эзгүйд, өмгөөлөгчөө оролцуулан хуралдааныг хийлгэх хүсэлтийг 2019.04.23-ны өдрөөр огноолон, өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд ирүүлсэн байх тул хүсэлийг үндэслэн түүний эзгүйд, өмгөөлөгчийг нь оролцуулан хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч Н.Цгээс 18,141,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Банзрагчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,714,194 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон,

нэхэмжлэгч О.Банзрагчаас Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой сб 1 дүгээр хэсэг гудамжны 110а тоот хаягт байрлах 80 мкв, 50%-ийн гүйцэтгэлтэй хувийн сууц, мөн хаягт байрлах 700 м.кв газрыг гаргуулж хариуцагч Н.Цд олгосугай.  

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч О.Банзрагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 280,120 /243,800+28,820+7500/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.Цгээс нийт 563,974 /улсын тэмдэгтийн хураамж 248,656 төг + шинжээчийн ажлын хөлс 315,318 төг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Банзрагчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Т.ЭНХТУЯА