Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 1540

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/01420 дугаар шийдвэртэй

 

“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Ч-ад холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 22 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

                Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Н миний бие нь “Д” ХХК-ийг төлөөлөн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн Богины аман дахь 459 м.кв 2 давхар байшингийн гадна хөөсөн фасат болон 400 м.кв төмөр хашааг ажлын болон материалтай нь хийсэн Гадна фасатны ажлын хөлс болон материалтай 1 м.кв 35 500 төгрөгөөр тооцож, төмөр хашааг 1 м.кв нь 40 000 төгрөгөөр хийхээр гэрээнд тусгасан. Энэхүү ажил нийлээд 32 500 000 төгрөг болсон. Ажил эхэлснээс хойш төмөр хашааг 14 хоногийн дотор 100 хувь хийж гүйцэтгэсэн ба гадна хөөсөн фасатыг 20 хоногийн дотор ажлын 90 хувийг хийсэн болно. Захиалагч тал болох Н.Ч-аас хаалга болон шилэн фасатыг хийгээгүйн улмаас хөөсөн фасатын ажил 100% дуусаагүй болно. Захиалагч талаас дутуу ажлаа хийж өгөхийг удаа дараа шаардсан боловч өдийг хүрсэн. Ажлын хөлсөнд байр өгөх нөхцөлтэй байсан боловч тухайн байр нь 100 хувь ашиглалтад ороогүй хүн амьдрах ямар ч боломжгүй байр байсан. Ажил дууссанаас хойш одоо болтол Н.Ч-аас ажлын хөлсөө авч чадаагүй. Н.Ч- нь 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ажлын хөлсийг 2018 оны 1 дүгээр сард багтааж өгнө гэж ажлын гэрээний ард бичсэн. Мөн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ажлын гэрээний ард 2018 оны 2 дугаар сард багтааж өгнө, хэрэв багтааж өгөхгүй бол гэрээний 6.1-д зааснаар өдрийн 0,2%-ийн алданги бодож өгнө хэмээн гарын үсэг зурсан. 2018 оны 6-7 сар дотор Н.Ч-аас ажлын хөлсөнд бодон 2 ширхэг авто тээврийн хэрэгслийг 19 000 000 төгрөгт тооцож авсан. Захиалагч Н.Ч- нь ажлын үлдэгдэл болох 10 хувь суутгана гэсэн ба энэ нь гадна фасатны мөнгөн дүнгээр бодвол 1 650 000 төгрөгийг Нямбаяр миний бие зөвшөөрсөн болно. Мөн бэлэн мөнгө 1 350 000 төгрөг авсан гээд Нийт 22 000 000 төгрөг авсан. Би Н.Ч-тай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр таарсан ба Н.Ч-ыг шүүхэд өгөх гэж яваагаа хэлсэнд шүүхэд хандаад хэрэггүй 1 сарын хугацаа өгчих гээд нотариатаар орж 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр мөнгө өгнө гэсэн бичиг хийж өгсөн боловч товлосон хугацаанд өгөөгүй. Иймд Н.Ч-аас ажлын хөлс болон материалын мөнгө 14 700 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Ч- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н.Нямбаяр нь гэрээгээр тохирсон ажлыг 100 хувь өөрийн материалаар хийж гүйцэтгэх байсан боловч тус тохиролцооноос талууд буцаж зөвхөн ажлын хөлсөөр ажлыг гүйцэтгэж миний бие материалаа гаргаж хийлгүүлсэн болно. Ингээд ажлын хөлсөнд тооцож өгөх бартерын зүйлийг өгсөн боловч түүний хийж гүйцэтгэсэн ажил нь чанар байдлын шаардлага хангахгүй байгаагаас төлбөр тооцооны тал дээр маргаан үүссэн. Хэдийгээр Н.Н нь надаас авлагатай гэх боловч түүний хийсэн ажлын үнэлгээ төсөв чанар байдлын дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаар гаргасны дараа төлбөр тооцоотой эсэхийг тодорхойлох юм гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Ч-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 7 401 325 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Д” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 298 675 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 269 900 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 133 371 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, шинжээчийн зардалд нэхэмжлэгч “Д” ХХК-аас 1 750 000 төгрөгийг гаргуулж шинжээч “Эрдэм түм“ ХХК-д олгож, хариуцагч Н.Ч-аас шинжээчийн зардалд 1 750 000 төгрөг гаргуулж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт олгож шийдвэрлэсэн байна.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтийн гаргасан 85%-ийн гадна фасад дээр чанарын гүйцэтгэлтэй дүгнэлт гаргасан болон мөн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч Н.Ч-тай нотариатаар орж ажлын хөлсний үлдэгдэл 10 000 000 төгрөг дээр гэрээ байгуулж Н.Ч- нь 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дотор 10 000 000 төгрөгийг бэлэн болон машин оролцуулж өгнө, өгөхгүй бол өдрийн 0,5%-ийн алданги бодож өгнө гэсэн нотлох баримтыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нь анхаараагүй, хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Мөн Н.Ч-ын шүүх хурал дээр худал хэлсэн мэдүүлэг болон гэрчээр эхнэрийг нь оруулсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 298 675 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Ч- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... “Д” ХХК-д миний бие ямар ч өр төлбөргүй бөгөөд BMW маркийн машиныг 12 500 000 төгрөгөөр тооцож өгсөн байхад шүүх нотлох баримтыг буруу үнэлж 10 000 000 төгрөгөөр төлбөрт тооцсон байна гэж үнэлсэн. Үүнээс шалтгаалж 2 500 000 төгрөгийн зөрүү гарч байна. Мөн гадна фасадны хөөсний зардлыг хариуцагч бүхэлд нь гаргаж ажлыг хийлгэсэн бөгөөд хөөсний зардал нь баримтаар нотлогдож байхад 3 233 655 төгрөгөөр тооцож шинжээчийн дүгнэлтээр хөөсний зардлыг бypyy тооцож хассан байна. Үүнээс шалтгаалж 5 200 000 төгрөгийн зөрүү гарч байна. Энэ төлбөрүүдийг шүүх зөв үнэлсэн бол төлбөр гарахгүй байх байсан. Мөн гэрч Ц.Доржбадамын 8 000 000 гаруй төгрөгийн хөөсийг хариуцагч худалдаж авсан гэж гэрчилж байгаа мэдүүлэг, шинжээч шүүх хуралдаанд оролцсон тайлбартаа “хариуцагчаас гаргасан 8 000 000 гаруй төгрөгийн хөөсний зардлыг баримтаар тооцож нэхэмжилж буй үнийн дүнгээс хасаж тооцох ёстой” гэж тайлбарласан байхад анхан шатны шүүх нь нотлох баримтыг буруу үнэлж маргааныг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна. Иймд шүүхийн шийдвэрт тусгасан 7 401 325 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийн заалтыг оновчтой баримтлаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч “Д” ХХК нь хариуцагч Н.Ч-ад холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 14 700 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангахгүй байгаа тул зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Талуудын хооронд 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр Хан-Уул дүүргийн Богины аман дахь Дулаан сэтгэл нийгэмлэгийн цэцэрлэгт хүрээлэнгийн 400 метр төмөр хашаа, үйлчилгээний барилга, амрагчдын сууцны хөөсөн фасадны ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон байна. /хх.8-10/

                                     

Хуульд зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа үүссэн гэж үндэслэлтэй, зөв дүгнэжээ.

 

Зохигчид гэрээний 3.2, 3.3-т төмөр хашаа 1,5x1 нь 40 000 төгрөг, хөөсөн фасад 1 м.кв нь 35 500 төгрөг, хар замаск 1 м.кв-ыг 2 000 төгрөгөөр хийхээр тохиролцсон байна. Мөн гэрээний 5.5-д хашааны болон фасадны ажлыг чанартай материалаар хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгнө гэж заажээ.

 

Нэхэмжлэгч “Д” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “фасадны ажлыг хийж гүйцэтгэсэн ажлын хөлс, материалын нийт зардал” гэж тайлбарлаж байгаа боловч фасадны ажилд нийт хэдэн төгрөгийн материал орсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн гаргасан хүсэлтээр шүүх ажлын гүйцэтгэлийн нийт төсөвт өртөг, фасадны ажлыг барилгын норм стандартын дагуу бүрэн гүйцэтгэсэн эсэхийг тогтоолгохоор “Эрдэм түм” ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд шинжээч “ажлын гүйцэтгэлийн нийт төсөвт өртөг нь 33 303 087 төгрөг гэж дүгнэжээ.

 

Шинжээчийн дүгнэлтийг талуудын хэн аль нь үгүйсгэж маргаагүй, дүгнэлтийг буруу гарсан гэх үндэслэл тогтоогдоогүй байна. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасны дагуу захиалагч гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээж аваад хөлс төлөх үүрэг хүлээдэг бөгөөд хариуцагч нэхэмжлэгчийг миний материалаар ажил хийж гүйцэтгэсэн, ажил нь чанарын шаардлага хангаагүй гэсэн тайлбар гаргаж байгаа нь нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

 

Хэргийн 18 дугаар талд талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хийгдсэн “Хэлцэл” гэсэн бичгийн баримт авагдсан, талууд үлдэгдэл төлбөр 10 000 000 төгрөгийг 30 хоногийн хугацаанд, хугацаандаа төлөөгүй тохиолдолд 0.5 хувийн алданги төлөхөөр тус тус харилцан тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

 

Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг үндэслэж фасадны ажлыг хийж гүйцэтгэсэн материалын зардалд нийт 10 734 980 төгрөг зарцуулсан, түүнээс хариуцагчийн гаргасан хөөсний үнэ 3 233 655 төгрөгийг хасч 7 501 325 төгрөгийн материалын зардал нэхэмжлэгчээс гаргасан гэж үзэж фасадны ажлын хөлсийг 4 250 000 төгрөгөөр тооцож, материалын зардал болон ажлын хөлсөнд 11 751 325 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзсэнийг буруутгах боломжгүй байна.

 

Зохигчид ажлын хөлсөнд тооцож өгсөн BMW автомашиныг өөр, өөр үнийн дүнтэй өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч 12 000 000 төгрөгт тооцож өгсөн болохоо нотлоогүй, нэхэмжлэгчийн 10 000 000 төгрөгт тооцож өгсөн гэсэн тайлбарыг няцаасан нотлох баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.11 дэх хэсэгт “Энэ хуулийн 421.1-д зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг зөрчсөн хэлцлийн талаар маргасан тохиолдолд энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэдгээр нь гэрчээр нотлох эрхээ алдах боловч нотолгооны бусад хэрэгслээр нотолж болно” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх гэрч Ц.Доржбадамын мэдүүлэг бусад нотлох баримтаар тогтоогдоогүй гэж үзэж BMW автомашиныг 10 000 000 төгрөгийн төлбөрт тооцож өгсөн гэж үзсэн нь буруу биш байна. Иймд шүүх хариуцагчийн төлөх 11 751 325 төгрөгөөс хашааны хөлсийг хасч, 7 401 325 төгрөг төлөх ёстой гэж үзсэн нь зөв байгаа боловч талуудын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн тохиролцоог үндэслэн алданги тооцоогүй нь учир дутагдалтай болжээ.

 

Иймд хариуцагчаас гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс төлөх алдангид 3 500 000 төгрөгийг дээрх үнийн дүн дээр нэмж, хариуцагчаас нийт 10 901 325 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/01420 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан  хариуцагч Н.Ч-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 10 901 325 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Д” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 798 675 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “133 371” гэснийг “189 371” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 133 371 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131 730 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.МӨНХЗУЛ

 

                                            ШҮҮГЧИД                                   М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                                 Ц.ИЧИНХОРЛОО