Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 423

 

Б.Жа, А.А, Н.Дэ Т.Ба, Т.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, шүүгдэгч Н.Дэ-н өмгөөлөгч С.Галцацрах, шүүгдэгч Т.Э-ы өмгөөлөгч Н.Энхжаргал, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 442 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 670 дугаар магадлалтай, Б.Жа-, А.А-, Н.Дэ- Т.Ба-, Т.Э- нарт холбогдох 1805001250072 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.Дэ-н өмгөөлөгч С.Галцацрах, шүүгдэгч Т.Э-ы өмгөөлөгч, Н.Энхжаргал нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1996 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эгч, дүүгийн хамт амьдардаг,

Сум дундын 15 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сар баривчлах ял шийтгүүлж, 2015 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан Б овогт Ба-ы Жа,

2. Монгол Улсын иргэн, 1997 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй О овогт А-н А,

3. Монгол Улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, дамжаанд суралцдаг, ам бүл 3, эмэг эх, эх нарын хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй Т овогт Н-н Д,

4. Монгол Улсын иргэн, 1998 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Өмнөговь аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эмэг эх, өвөг эцэг нарын хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй Б овогт Т-н Б,

5. Монгол Улсын иргэн, 1997 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто замын инженер мэргэжилтэй, “Төгс-Үржих зам” ХХК-д инженер ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү, эхнэрийн хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй Т т овогт Тү-н Э-н.

 Б.Жа-, А.А-, Н.Дэ- Т.Ба-, Т.Э- нар нь гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж, бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Конвенцийн II жагсаалтад багтсан делта-9-тетрагидроканниболын агууламж бүхий, каннабис гэх нэршилтэй, 1318 грамм жинтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Жа-, Т.Ба-, А.А- Н.Дэ- Т.Э- нарыг “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг бүлэглэн” үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жа-, Т.Ба-, А.А- Н.Дэ- Т.Э- нарт 1 жилийн хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэрэгт прокурорын тогтоолоор битүүмжилсэн 5901 УНТ дугаартай Соната-5 маркийн тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулж, уг тээврийн хэрэгслийн эзэмшигч С.Чи /Гуртын тавилан ББСБ/ нь өөрт учирсан хохирлоо шүүгдэгч нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Жа-, шүүгдэгч Н.Дэ- түүний өмгөөлөгч С.Галцацрах, шүүгдэгч Т.Э- түүний өмгөөлөгч Н.Энхжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Н.Дэ-н өмгөөлөгч С.Галцацрах гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Миний үйлчлүүлэгч нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, уг үйлдэлдээ маш ихээр гэмшиж байгаагаа давж заалдах шатны шүүхэд өөрийн гараар бичиж өгсөн.

Шийтгэх тогтоол, магадлалд шүүгдэгч нарын ял шийтгэлийг 1 жилийн хугацаагаар хорих ял тогтоож хэвээр үлдээсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-д заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээгүй, 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шинжлэн судлаагүй, дурдаагүй.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал болон үндэсний аюулгүй байдалд хор уршиг учруулсан гэж үзэж ял хөнгөрүүлэхгүй байгаа нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 3-т заасан хэсгийг зөрчиж Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан хууль шүүхийн өмнө эрх, тэгш байх гэсэн зарчмыг алдагдуулж байна. Хэдийгээр үндэсний аюултай байдал, нийгэмд хор уршиг учруулах гэмт хэрэг гэж үзэж байгаа болов Дэ нь анх удаа гэмт хэрэгт уруу татагдан оролцсон.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш хийсэн гэмт хэргийнхээ бурууг ухамсарлаж байгаа. Сурч боловсрох, улс орны ирээдүй болж байгаа залуусынхаа эрхийг нь заавал хязгаарлалгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү. Миний үйлчлүүлэгч нь дипломоо авахад 1 жилийн хугацаа дутуу байсан тул уг эрхээр нь хангаж хэргийг шийдвэрлэж өгнө үү.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг журамлаагүйд гомдолтой байх тул оногдуулсан ялыг хөнгөрүүлж, тэнсэж үүрэг хүлээлгэх арга хэмжээ хэрэглэж өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгч Т.Э-ы өмгөөлөгч Н.Энхжаргал гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүх Т.Эрдэнбулганд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, хир хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д заасан Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх гэсэн заалтуудыг хэрэглэх боломжтой байтал тухайн хуулийг хэрэглэхгүйгээр шүүгдэгч Т.Э-д хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.

Анхан шатны шүүхээс Т.Э-д ял оногдуулахдаа тухайн хүний хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр шууд олон нийтийн аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдалд учрах хор уршгийг харгалзан тэнсэхгүйгээр хорих ял оногдуулсан шүүхийн шийдвэр бодит байдалтай нийцэхгүй байна. Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар өсвөр насны хүн гэгдэх үедээ гэмт хэрэгт холбогдсон байдаг.

Миний үйлчлүүлэгч нь дипломоо авахаас 4 хоногийн өмнө хоригдсон. Мөн эхнэр нь төрөөд 4, 5 хонож байна. Ажилд орсон зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлж өгсөн. Харамсалтай нь анхан шатны шүүхээс олон нийтийн аюулгүй байдлыг харгалзаж, шүүгдэгчийг хорьсон гэх үндэслэлийг шийтгэх тогтоолдоо дурдсан байсан. Дээрх нөхцөл байдал хангалттай нотлогдож, тогтоогдоогүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн зорилго нь хүнийг нийгэмшүүлэх шинжтэй байх ёстой.

Эрүүгийн хуулийн 18.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчтэй харьцахдаа түүний нэр төрийг хүндэтгэн харьцаж, насны онцлогийг харгалзан хүмүүжих, алдаагаа засах боломж олгохыг анхаарч ажиллана гэсэн зарчмыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Хийсэн хэрэгтээ гэмшиж, аав, ээждээ захидал бичиж байсан.

Иймд шийтгэх тогтоол болон магадлалд тус тус өөрчлөлт оруулж оногдуулсан 1 жил хорих ялыг тэнсэж өгнө үү” гэв.

Прокурор Х.Батчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Хэргийн материалтай танилцсан. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийсэн.

Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг 1-5 жилийн хорих ялтай. Шүүгдэгч нарт хамгийн доод хэмжээгээр ял оногдуулсан. Мөн шийтгэх тогтоолд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй гэдгийг дурдсан байсан. Өмгөөлөгч нарын хуульд байхгүй үндэслэлээр хэргийг хүндрүүлсэн гэдэгтэй санал нийлэхгүй байна. Шүүх бүрэлдэхүүн хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй учраас хэргийг шийдвэрлэж, хорих ялын доод хэмжээнд ял оногдуулсан. Тэнсэн хянан харгалзах нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Уг гэмт хэрэг нь хор уршиг дагуулах гэмт хэрэг учраас хорих ялыг биечлэн эдлүүлэхээр заасан нь хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Жа-, А.А-, Н.Дэ- Т.Ба-, Т.Э- нар нь санаатай нэгдэж, бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Конвенцийн II жагсаалтанд багтсан дельта-9-тетрагидроканниболын агууламж бүхий, каннабис гэх нэршилтэй, 1318 грамм жинтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүхээс Б.Жа-, А.А-, Н.Дэ- Т.Ба-, Т.Э- нарыг санаатай нэгдэж, бүлэглэн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулсан нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон гэж үзсэн бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж дүгнэв.

Тодруулбал, анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцүүлэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар дүгнэлт хийж, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж шийдвэрлэснийг ял хүндэдсэн гэж дүгнэх, эсхүл тухайн ял шийтгэлийг тэнсэх үндэслэл тогтоогдоогүй болно.     

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр, шүүгдэгч Н.Дэ-н өмгөөлөгч С.Галцацрах, Т.Э-ы өмгөөлөгч Н.Энхжаргал нарын “хорих ялыг тэнсэх тухай” гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 442 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 670 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Дэ-н өмгөөлөгч С.Галцацрах, шүүгдэгч Н.Э-ы өмгөөлөгч Н.Энхжаргал нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

          ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН