Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2019/01423

 

 

 

 

 

 

 

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2019/01630 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.Ц, Г.Г нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 11 247 496 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хэрлэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч А ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Ц, Г.Г нартай 2015.02.17-ны өдөр №15/01-17 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 9 000 000 төгрөгийн зээлийг жилийн 33,6 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатайгаар олгож,Т.Ц, Г.Г, Г.Цэлмэг нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 87/3 дугаар байрны 73 тоот хаягт байрлах Ү-2205024966 тоот бүртгэлийн дугаартай 34 м/кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 2015 оны 3 дугаар сараас эхлэн  зээл, хүүг буцаан төлөх төлбөрийн хуваарийг зөрчсөөр 2016.12.30-ны өдрөөс хойш  төлөлт хийгдээгүй. Өнөөдрийн байдлаар зээлдэгч Т.Ц, Г.Г нар нь  зээл 5 920 760 төгрөг, хүү 4 602 615 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 724 121 төгрөг, нийт 11 247 496 төгрөгийн өртэй байна. Иймд зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Нэмэгдүүлсэн хүү, хүү нь үндсэн зээлээс их байгаа нь зээлдэгчийн эрх ашгийг зөрчиж байна. Эргэн төлөлтийг хийж байсан. Мөн бизнесийн үйл ажиллагаа доголдож хэд хэдэн удаагийн эргэн төлөлт саатсан. Энэ тухай банкинд мэдэгдэж байсан. Банк шаардах эрхээ хэрэгжүүлээгүй хугацаа хэтрүүлж их хэмжээний хүү нэхэмжилж байгаад гомдолтой гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Ц, Г.Г нараас 10 253 375 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 724 121 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 87/3 дугаар байр, 73 тоот хаягт байршилтай, Ү-2205024966 тоот бүртгэлийн дугаартай, 34 м2 талбай бүхий 1 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 265 110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 183 324 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Золзаяа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэргийн оролцогчийн мэтгэлцэх боломжийг хангалгүй шүүх хуралдааныг явуулсанд гомдолтой. Хариуцагч Г.Гад шүүх хуралдааны тов мэдэгдээгүй. Нэхэмжлэгч нь шаардах эрхээ хэрэгжүүлээгүй үндэслэлгүй их хэмжээний хүү шаардсан. Нийт үнийн дүнгээс 1 000 000 төгрөгийн хүүг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг бүрэн хангаагүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Т.Ц, Г.Г нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 11 247 496 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч  маргажээ. /хх 1-2, 39/

Анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан талуудын мэтгэлцэх зарчмыг хангаж хэрэгжүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудыг хуульд заасан эрхээ эдлэх боломжоор тэгш хангасан гэх байдал хэргийн баримтаас тогтоогдохгүй байна. Зохигч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.2.2-т зааснаар эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл, хуулбар хийж авах, шаардлагатай тохиолдолд шинээр нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлт гаргах, шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т зааснаар шүүгч нь хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч хариуцагч нарт шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа,ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, шүүхийн ажилтнаар, шаардлагатай тохиолдолд утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж, ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах үйл ажиллагааг явуулах үүрэгтэй юм.

 

Гэтэл анхан шатны шүүхээс 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр болох хуралдааны товыг хариуцагч Г.Гад мэдэгдэлгүй, хариуцагч талын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан эсрэг талын шаардлага, тайлбартай танилцах эрхийг хязгаарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх, тэгш эрхтэй оролцох боломжоор хангаагүй байна. /хх 74-75, 82/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчиж, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан байх тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт бүхэлд нь хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2019/01630 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                Ч.ЦЭНД

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД