Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/01325

 

 “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/03114 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 352 дугаар магадлалтай,

 “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

         ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,, нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн биелэлт 10,523,375.23 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч ,,,,,,,,,,,,,,ын гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,,,,,,,,,,,,,, , нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэн ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,, нартай 2015.02.17-ны өдөр 15/01-17 дугаартай зээл болон барьцааны гэрээ байгуулж, 9,000,000 төгрөгийг, жилийн 33.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар олгосон. Зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй 2016.12.30-ны өдрөөс хойш төлөлт огт хийгээгүй. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 5,920,760.31 төгрөг, хүү 4,602,615.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 724,121.06 төгрөг, нийт 11,247,496 төгрөгийг зээлдэгч нараас гаргуулж, төлбөрөө төлөөгүй тохиолдолд Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 87/3 дугаар байрны ,,,,,,,,, тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-2205024966 дугаартай, 34 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагын нэмэгдүүлсэн хүү 724,121 төгрөгөөс татгалзаж багасгаад, үлдэгдэл төлбөрөө гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,ын шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Нэмэгдүүлсэн болон зээлийн хүү үндсэн нэхэмжлэлээсээ их байгаа нь зээлдэгч миний эрх ашгийг зөрчиж байна. Зээлийн эргэн төлөлтийг хийж байсан. Бизнесийн үйл ажиллагаа доголдож хэд хэдэн удаагийн эргэн төлөлт саатсан. Энэ тухайгаа банкинд мэдэгдсэн. Банк шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, хугацаа хэтрүүлж их хэмжээний хүү нэхэмжилж байгаад гомдолтой, хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.

Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл 5,920,760 төгрөг төлөхийг зөвшөөрч, зээлийн гэрээ байгуулсантай маргахгүй. Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүүний шаардлагаасаа татгалзсан тул уг мөнгийг төлөхгүй. Үндсэн зээлээс давсан хүү, нэмэгдүүлсэн хүү шаардаж зээлдэгч нарт санхүүгийн хувьд тогтворгүй байдал үүсэж зээлийг цаашид төлөх боломжгүй болсон тул зээлийн хүүг багасгаж, чөлөөлж өгнө үү  гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/03114 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Алтан шаргалдай овогт ,,,,,,,,,,,,,,ийн ,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,, овогт ,,,,,,,,,,,,,,,,ын ,,,,,,,,,,,,,,,,,, нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт 10,396,855 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч  “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож, үлдсэн 126,428 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 87/3 дугаар байрны ,,,,, тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-2205024966 дугаартай, 34 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдаж, худалдаж борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,110 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 181,300 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 352 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/03114 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 29,000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,ын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.12-ны өдрийн 352 дугаар магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах гомдлыг гаргаж байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зарим заалтыг зөрчсөн. Хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхгүй, эрх ашгийг минь зөрчсөн гэж үзэж байгаа тул ,,,,,,,,,,,,,,,,,,,, миний төлөх төлбөрөөс 1,000,000 төгрөгийг хасах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч нь шаардах эрхээ хэрэгжүүлээгүй үндэслэлгүй их хэмжээний хүү шаардсан. Хариуцагч нар нь хангалттай хүү төлсөн байтал шүүх үндсэн хүүг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Иймд нийт үнийн дүнгээс 1,000,000 төгрөгийн хүүг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.                 

ХЯНАВАЛ:

Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч  “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас хариуцагч ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,, нарт  холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 10,523,375.23 төгрөг гаргуулж (хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн хүүгээс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан), үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх 10,396,855 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үлдэх 126,428 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн.

Хоёр шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1. дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Тодруулбал, хариуцагч нар  “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас 9,000,000 төгрөгийг жилийн 33.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай 2015.02.17-ны өдөр 15/01-17 дугаартай (цалингийн) зээлийн болон зээлийн барьцааны гэрээ байгуулж, төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 87/3 дугаар байрны ,,,,,,тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-2205024966 дугаартай, 34 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь зохигчийн хооронд хийгдсэн гэрээ болон бусад баримтаар тогтоогдсон, барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1., 156.2., 166 дугаар зүйлийн 166.1. дэх хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд хариуцагч нар зээл эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, төлбөрөө төлөөгүй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж, барьцаа хөрөнгөөс хангуулах эрхтэй.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ зээлийн төлбөрийн тооцооллыг үндэслэлтэй дүгнэсэн, үүнд нэхэмжлэгч талаас гомдол гаргаагүй болно.

Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,аас хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зарим заалтыг зөрчсөн, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй тул ,,,,,,,,,,,,,,,,,, миний төлөх төлбөрөөс 1,000,000 төгрөгийг хасах нь зүйтэй...” гэсэн байх боловч шүүх ямар хуулийн ямар зүйл, заалтыг яаж зөрчсөн, хэрэгт авагдсан ямар баримтыг шүүх үнэлээгүй, мөн 1,000,000 төгрөгийг ямар үндэслэлээр хасах ёстой гэж үзэж буй хууль зүйн болон бодит үндэслэлээ гомдолд тодорхой заагаагүй, холбогдох баримтыг гаргаагүй байх тул уг гомдлыг хангах боломжгүй.

Нэхэмжлэгчээс талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл болон хүүг шаардсан тул “үндэслэлгүй их хэмжээний хүү шаардсан, хариуцагч нар нь хангалттай хүү төлсөн байтал шүүх үндсэн хүүг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу” гэх гомдол, мөн хариуцагч нар гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцлах талаар ямар нэгэн санал хүсэлт тавьж байгаагүй, харин нэхэмжлэгчээс гэрээний үүргээ биелүүлэхийг мэдэгдэж байсан баримт хэрэгт авагдсан байх тул “нэхэмжлэгч нь шаардах эрхээ хэрэгжүүлээгүй үндэслэлгүй их хэмжээний хүү шаардсан” гэх хариуцагч ,,,,,,,,,,,,,ын гомдлыг хангах үндэслэлгүй.

Иймд, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/03114 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 352 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,ын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 29,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Х.СОНИНБАЯР

                                    ШҮҮГЧИД                                                         Г.БАНЗРАГЧ

                                                                                                              П.ЗОЛЗАЯА

                                                                                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                            Х.ЭРДЭНЭСУВД