Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2019/01630

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2019/01630

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: А ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Т.Ц

 

Хариуцагч: Г.Г нарт холбогдох

 

зээлийн гэрээний үүрэгт 11,247,496 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Э оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А” ХХК нь Т.Ц, Г.Г нартай 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр №15/01-17 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 9,000,000 төгрөгийн зээлийг жилийн 33.6 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай олгосон. Зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор Т.Ц, Г.Г, Г.Ц нарын өмчлөлийн .........

бүртгэлийн дугаартай 34 м2 талбай бүхий 1 өрөө орон сууцыг барьцаалсан. Гэвч зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээн үүргээ биелүүлэлгүй 2015 оны 3 дугаар сараас эхлэн хугацаа хэтэрч, зээл, зээлийн хүүний төлбөрийн хуваарийг зөрчсөөр 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш зээлийн төлөлт огт хийгээгүй байна. Өнөөдрийн байдлаар зээлдэгч Т.Ц, Г.Г нар нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 5,920,760.31 төгрөг, зээлийн хүү 4,602,615.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 724,121.06 төгрөг, нийт 11,247,496 төгрөгийн өртэй болоод байна. Иймд зээлдэгч дээрх зээлдэгч буюу хариуцагч нараас гэрээний үүрэгт нийт 11,247,496 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн шүүхийн шийдвэрийн сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар шийдвэрлэж өгнө үү.

Манай зүгээс хариуцагч нарын тайлбартай танилцсан. Хариуцагч Т.Ц нь шүүхэд ямар нэг бичгийн тайлбар ирүүлээгүй. Харин хариуцагч Г.Г нь “... нь шаардах эрхээ хэрэгжүүлэлгүй хугацаа хэтрүүлж, их хэмжээний хүү нэхэмжилж байгаад гомдолтой байна” гэж бичсэн байсан. Гэтэл манай зүгээс хариуцагч нарт хугацаа олгож, зээлийн асуудлыг аль болох нааштайгаар шийдвэрлүүлэх гэж нэлээдгүй оролдсон. Хариуцагч нар хамгийн сүүлд 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш нэг ч төгрөг төлөөгүй. Гэхдээ манайхаас шалтгаалаад гэрээний хугацаа дууссанаас хойш шүүхэд нэхэмжлэлийг шуурхай гаргаагүй зүйл байгаа учир нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүүг хасаад шийдвэрлүүлэхэд татгалзаад байх зүйлгүй. Барьцаа хөрөнгийн хувьд гурван хүний нэр дээр байсан. Т.Ц, Г.Г болон тэдний хүү Г.Ц нар байгаа. Г.Ц нь насанд хүрээгүй хүүхэд байсан тул бид ээж болох Т.Цгаар барьцааны гэрээнд гарын үсгийг нь төлөөлүүлж зуруулсан байгаа. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч Г.Г шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч “А” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг өгч байна. Нэхэмжлэгч “А” ХХК нь нийт 11,427,496 төгрөгийг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэмэгдүүлсэн хүү болон хүү нь үндсэн зээлээс их байгаа нь зээлдэгч миний эрх ашгийг зөрчиж байна. Миний бие эргэн төлөлтийг хийж байсан. Мөн бизнесийн үйл ажиллагаа доголдож хэд хэдэн удаагийн эргэн төлөлт саатсан. Энэ тухай инд мэдэгдэж байсан.  шаардах эрхээ хэрэгжүүлээгүй хугацаа хэтрүүлж их хэмжээний хүү нэхэмжилж байгаа гомдолтой байна. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

“А” ХХК нь хариуцагч Т.Ц, Г.Г нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 11,247,496 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхэд хандсан.

 

Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч нар 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир үндсэн зээл 5,920,760.31 төгрөг, зээлийн хүү 4,602,615.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 724,121.06 төгрөг, нийт 11,247,496 төгрөгийг буцаан шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн” гэсэн агуулгаар тайлбарлаж байна.

 

Хариуцагч Т.Ц, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүхэд бичгээр тайлбар ирүүлээгүй. Харин хариуцагч Г.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “...нэмэгдүүлсэн хүү болон хүү нь үндсэн зээлээс их байгаа нь миний эрх ашгийг зөрчиж байна” гэсэн агуулгаар тайлбарлажээ. 

 

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч “Ариг”  болон хариуцагч  Т.Ц, Г.Г нар 15/01-17 тоот “хэрэглээний зээлийн гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр “Ариг”  нь Т.Ц, Г.Г нарт 9,000,000 төгрөгийг жилийн 33.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлжээ /хх 7, 8 хуудас/.

 

Дээрх зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож Г.Г, Т.Ц, Г.Ц нарын өмчлөлийн эрхийн улсын дугаартай 1 өрөө орон сууцыг барьцаалж, 15/01-17 тоот “Зээлийн барьцааны гэрээ” байгуулсан байна /хх 9-10 хуудас/. 

 

Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заагдсан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т “...зээлийн гэрээг бичгээр хийнэ”, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан “Барьцааны гэрээг бичгээр байгуулна”, 156.2 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” гэсэн хуулийн шаардлагуудад нийцсэн, хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.   

 

, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр , зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг  төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Талууд дээрх гэрээг байгуулсан болон зээлийг хүлээн авсан эсэх талаар маргаан гаргаагүй тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх бөгөөд хариуцагчаас гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, хариуцагч гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй болно. 

 

Иймд хариуцагч нараас 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 15/01-17 тоот “хэрэглээний зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5,920,760.31 төгрөг, зээлийн хүү 4,602,615.29 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд нийцнэ гэж шүүхээс үзэв.

 

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...манайхаас шалтгаалаад гэрээний хугацаа дууссанаас хойш шүүхэд нэхэмжлэлийг шуурхай гаргаагүй тал байгаа учир нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүүг хасаад шийдвэрлүүлэхэд татгалзахгүй” гэсэн тайлбарыг үндэслэн нэмэгдүүлсэн хүүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгоно. 

 

Түүнчлэн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д заасантай нийцэж байх тул барьцааны зүйлийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Т.Ц, Г.Г нараас 10,523,374.94 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 724,121.06 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын дугаартай 1 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 265,110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 253,524 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгосугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                      Н.ХАНГАЛ