Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 182/ШШ2023/02595

 

 

 

 

 

 

 

 

2023 09 19 182/ШШ2022/02595

  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: С тоот хаягт оршин суух, ******* ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* /РД:/-д холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Ажилчны гудамж, 65/5 тоотод байрлах, Ялгуусан ХХК /РД:2112663/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц албадан чөлөөлүүлэх тухай

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Төлбөр барагдуулах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Б.*******д шилжүүлж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Сүхбаатар,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Ганбат,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Саруултөгс,

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ганболд,

Гэрч Г.Ганцоож

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Хариуцагч Б.******* нь Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 44 дүгээр байр, 69 тоот хаягт байрлах, 38 м.кв талбай бүхий орон сууцанд 2013 оноос хойш түрээсийн төлбөр төлөхгүйгээр өнөөдрийг хүртэл амьдарч байгаа бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Б.*******тай Төлбөр барагдуулах тухай хэлцэл хийж байрны төлбөрийг 2022 оны 06 дугаар сарын 08-ны дотор бүрэн төлөх, төлөхгүй тохиолдолд байрыг суллуулах нөхцөлтэйгээр харилцан тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй тул орон сууцыг албадан чөлөөлж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ялгуусан ХХК-д 2010 оны 4 дүгээр сараас хойш 2019 он хүртэл механик инженерийн албан тушаалд олон жил үр бүтээлтэй ажилласан. Энэхүү хугацаанд тус Ялгуусан ХХК-ийн захирал Л.******* нь өөрийн өмчлөлийн тус маргаан бүхий орон сууцыг 5 жил тогтвор суурьшилтай ажиллавал өмчлөлд шилжүүлэн өгөх болзолтойгоор 2012 онд орон сууцны түлхүүрийг надад гардуулан өгсөн.

Ингээд миний бие 5 жил Ялгуусан ХХК-д тогтвор суурьшилтай ажилласны дараа буюу 2017 онд маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг баталгаажуулж бэлэглэлийн гэрээ бичгээр байгуулсан бөгөөд орон сууцны ордер барьцаанд байгаа гэсэн шалтгаанаар өнөөдрийг хүртэл ордероо өөрийн нэр дээр шилжүүлж авч чадаагүй.

Миний бие уг орон сууцанд өнөөдрийг хүртэл 10 жил амьдарч байгаа бөгөөд Ялгуусан ХХК-д 5 жил тогтвор суурьшилтай ажиллах болзлыг хангасны үндсэн дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгсөн орон сууцаа буцаан авахаар шүүхэд хандсан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3.Хариуцагч Б.*******аас нэхэмжлэгч Л.*******ид холбогдуулан Төлбөр барагдуулах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Б.*******д шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан бөгөөд сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

3.1.Б.******* нь Ялгуусан ХХК-д 2010 оны 04 дүгээр сард машин механизмын инженерээр ажилд ороод ажиллаж байтал 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр захирал ажлын өрөөндөө дуудаад Манай компанид мэдлэг чадвартай, механизмын инженерээр мэргэшсэн ийм чадварлаг боловсон хүчин байхгүй, компанийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд чиний хувийн байдлыг судалж үзээд Налайх дүүргээс ажилдаа ирдэг, хотод байхдаа автомашиндаа хонож ажилладаг, тиймээс орон байр бэлэглэхээр шийдлээ, харин чи манай компанид тогтвор суурьшилтай 5 жилийн хугацаанд ажиллах нөхцөлтэй шүү, сайн ажиллаарай гэж хэлээд намайг шууд дагуулж яваад Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 44 дүгээр байр, 69 тоот, 38 м.кв талбай бүхий оронн сууцыг үзүүлж түлхүүрийг нь гардуулж өгсөн...

Ингээд 5 жил тогтвортой ажилласны дараа 2017 оны 11 дүгээр сард Л.******* захиралтай уулзаж бэлэглэсэн байраа шилжүүлж авах талаар ярилцахад Бэлэглэлийн гэрээ хийе гээд 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Бэлэглэлийн гэрээг бичгээр байгуулан тус орон сууцыг надад бэлэглэсэн.

Хэсэг хугацааны дараа маргаан бүхий орон сууцны гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авахаар үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар очиход Бэлэглэлийн гэрээг нотариатаар гэрчлүүлэх шаардлагатай гэж хэлэхээр нь захирал Л.*******той уулзахад тус орон сууц нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар барьцаанд байгаа учир барьцаанаас чөлөөлсний дараа нэр шилжүүлж өгнө гэсээр байгаад өнөөдрийг хүрсэн учраас үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгаж өгнө үү... гэв.

 

3.2.Миний бие маргаан бүхий орон сууцандаа 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл 11 дэх жилдээ амьдарч байна. 2021 онд би Ковид-19 вирусийн халдвар аваад 10 хоног хэвтэн эмчлүүлсэн, эмнэлгээс гарсны дараа захирал Л.******* намайг дуудаад ажил цалгардаад байна, 6 сар цалингүй ажилла, эсвэл ажлаас гар гэх шаардлага тавьсан бөгөөд 6 сар цалингүй ажиллах боломжгүй болсон тул өөрийн хүсэлтээр ажлаас гарсан.

2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр байрныхаа өмчлөх эрхийг шилжүүлж авъя гээд компани дээр очиход, захирал Л.******* нь байр барьцаанд байгаа, чи энэ байрыг 100,000,000 төгрөгөөр худалдаж авч болно авахгүй бол бусдад зарж борлуулна гэхээр нь би тухайн үед гүн шоконд орж, энэ олон жилийн хугацаанд намайг тогтвортой ажиллуулах гэж хуурсанд итгэж чадаагүй учраас би орон сууцаа алдахгүйн тулд эхнэр, аав, ээждээ энэ талаар хэлэхээс айгаад гэрээнд нь гарын үсэг зурсан.

Захирал Л.******* намайг хуурч, төөрөгдүүлж Төлбөр барагдуулах тухай хэлцэлд гарын үсэг зуруулсанд гомдолтой байгаа тул 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Төлбөр барагдуулах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.

 

4.Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Төлбөр барагдуулах тухай хэлцлийг байгуулахдаа хариуцагч нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж байгаа, олон жил ямар нэгэн төлбөр, түрээс төлөлгүй ашиглаж ирсэн, анхны үнээр нь тодорхой хугацаа хүсэж худалдаж авахаар өөрийн санаа зорилгоо тусгаж байгуулсан.

Хэлцлийн утга санааг маш тодорхой ойлгомжтой 2 тал тусгаж уншин танилцаж, бүрэн зөвшөөрч гарын үсэг зурсан. Гэвч хэлцэлд заасан хугацаа дуусаж үүргээ биелүүлэх болохоор төөрөлдсөн, хууртсан мэтээр хариуцлагаас мултрах оролдлого хийж байгаа тул эхний шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас шүүхэд ирүүлсэн албан бичигт энэхүү байр нь ямар ч банк, Банк бус санхүүгийн байгууллага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт барьцаалагдсан, хураагдсан, хязгаарлагдсан гэж байхгүй байгааг дурдах нь зүйтэй.

2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш хугацаа тоолж үзвэл 9 жил, 9 сар атал 11 жил гаруй гэж байгааг ойлгохгүй байна. Мөн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 4/6263 дугаар бүхий Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн албан тоотод уг байр нь 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Л.*******ийн өмчлөлд шилжсэн байна.

Энэ өдрөөс хойш өнөөдрийг хүртэл уг үл хөдлөх хөрөнгө нь бусдад худалдагдаагүй, Банк, Банк бус санхүүгийн байгууллага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ямарваа нэгэн байдлаар барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй, эрх нь хязгаарлагдаагүй байгаа зэрэг нь цорын ганц хууль ёсны өмчлөгч Л.******* байтал Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаа дугаар зүйлийн 16.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авна гэсэн заалтыг зөрчсөн шаардлага гаргаж байгаа нь хэтэрхий ухамсаргүй үйлдэл тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ялгуусан ХХК нь энэ маргаанд ямар ч хамааралгүй. Маргаан бүхий орон сууц нь Ялгуусан ХХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлгүй, иргэн Л.*******ийн 100 хувийн өмчлөлийн орон сууц юм. Тийм учраас маргаан бүхий орон сууцтай холбоотой Ялгуусан ХХК-ийн эрх ашиг хөндөгдөхгүй гэв.

 

6. Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

6.1 Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-4 /,

6.2 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Төлбөр барагдуулах тухай хэлцэл /хх-5/,

6.3 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б.*******ын Төлбөр барагдуулах тухай хэлцлийн дагуу хариу хүсэлт /хх-6/,

6.4 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 88 дугаартай Ялгуусан ХХК-ийн захирлын Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал /хх-25/,

6.5 Б.*******ын ажлаас чөлөөлөгдөх хүсэлт /хх-29/,

6.6 Ялгуусан ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-86/,

6.7 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн тухай лавлагаа /хх-89/ зэрэг баримтуудыг.

 

7. Хариуцагч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

7.1 Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх- 18/,

7.2 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 63 дугаартай Зам барилгын Ялгуусан ХХК-ийн хүний нөөцийн ажилтны тодорхойлолт /хх-19/,

7.3 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээ /хх- 20-22/,

7.4 Авто баазын механизмын засвар үйлчилгээ хариуцсан инженер механикийн ажил үүргийн хуваарь /хх-60-61/,

7.5 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 41/А дугаар Ялгуусан ХХК-ийн захирлын Ажил үүрэг хавсран гүйцэтгэх тухай тушаал /хх-62/,

7.6 Авто баазын асфальт дэвсэгч, хөрс боловсруулагч техник хариуцсан инженерийн ажил үүргийн хуваарь /хх-63-64 /,

7.7 Б.*******ын Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-70/,

7.8 Б.*******ын авч байсан шагналын хуулбарууд /хх-71-73/,

7.9 Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 93-95/

7.10 зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн.

 

8.Зохигчдын хүсэлтээр шүүхийн журмаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 4/6263 тоот Албан бичиг түүний хавсралтууд болох 1999 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 0075442 тоот улсын бүртгэлийн Ү-2202004928 дугаарт бүртгэлтэй орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ, Орон сууц худалдах-худалдан авах гэрээ, 0001132 дугаартай гэрчилгээ, 2008 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Бэлэглэлийн гэрээ, 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ, 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Орон сууцны бэлэглэлийн гэрээ, Орон сууцны ашиглалтын зардал төлсөн баримт /хх-ийн 40-56, 162-167, 169-175/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Төлбөр барагдуулах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Б.*******д шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ Б.******* нь 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл маргаан бүхий орон сууцанд түрээсийн төлбөр төлөхгүйгээр амьдарсан, тэрээр өөрийн хүсэлтээр Ялгуусан ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан учраас нэхэмжлэгчийн хувьд хариуцагчийг өөрийн өмчлөлийн орон сууцанд үргэлжлүүлэн амьдруулах боломжгүй. Мөн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Төлбөр барагдуулах тухай хэлцэл-ийн дагуу нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй тул орон сууцыг албадан чөлөөлүүлнэ гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэж байна. маргаан бүхий орон сууцыг бэлэглэлийн гэрээ байгуулж бэлэглэсэн учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзжээ.

 

4. Хариуцагч тал нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ Захирал Л.******* нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн төлбөр барагдуулах хэлцэл-д хуурч, төөрөгдүүлж гарын үсэг зуруулсан учир уг хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, маргаан бүхий орон сууцыг бэлэглэлийн гэрээний дагуу надад бэлэглэсэн учир өмчлөгчөөр тогтоолгоно гэж тайлбарласныг, нэхэмжлэгч эс зөвшөөрч Талууд хэлцлийн утга санааг тодорхой, ойлгомжтой тусгаж, бүрэн зөвшөөрч гарын үсэг зурсан. Түүнчлэн маргаан бүхий орон сууцыг Б.*******д бэлэглэх санаа зорилго байгаагүй, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй, мөн орон сууц нь бусдад худалдагдаагүй, аливаа хэлбэрээр барьцаанд тавигдаагүй, битүүмжлэгдээгүй байсан гэж татгалзан маргажээ.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1 Хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн баримтаас үзвэл Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу гудамж, 44 дүгээр байр, 69 тоот хаягт байршилтай, 38 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-2202004928 дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Л.******* бүртгэлтэй болох нь тогтоогдож байна. /хх4, 41 ,54-56/

 

5.2.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан. Уг шаардах эрхийг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч шаардлага гаргах эрхтэй байхаас гадна шаардлагыг биелүүлэх этгээд нь эзэмшигч байх, түүний эзэмшил хууль бус байх нөхцөл бүрдсэн тохиолдолд хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл хариуцагч Б.******* нь тухайн орон сууцыг хууль буюу гэрээгээр эзэмших эрхгүй, түүний эзэмшил хууль бус тохиолдолд нэхэмжлэгч Л.*******ид шаардах эрх үүснэ.

 

Маргааны бүхий орон сууцыг хариуцагч Б.******* нь бодитоор эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримтын талаар талууд маргаагүй, харин уг орон сууцыг хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн үндэслэл, хариуцагчийн эзэмшил хууль ёсны эсэх нь маргааны зүйл болсон байна.

 

5.3 Хариуцагч Б.******* нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ялгуусан ХХК-д 2010 оны 05 дугаар сарын 24-ний өдөр машин механизмын инженерээр ажилд орж ажиллаж эхэлснээр талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсчээ.

 

Улмаар ажил олгогч Ялгуусан ХХК нь Б.*******д 2010 оноос 2021 оны 12 дугаар сарыг дуустал цалин хөлс олгож байсан болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Ажил олгогч Ялгуусан ХХК нь ажилтан Б.*******тай 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Орон сууц бэлэглэлийн гэрээ байгуулж, 000316837 тоот гэрчилгээний дугаартай, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу гудамж, 44 дүгээр байр, 69 тоот хаягт байршилтай, 38 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-2202004928 дугаарт бүртгэлтэй орон сууцыг бэлэглэж, мөн өдрөө Ялгуусан ХХК-аас Базаррагчаа овогт ******* нь тус байгууллагын авто баазын хэсэгт инженерийн албан тушаалтай бөгөөд 2012 оны 12 дугаар сард тус компаниас Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороонд байрлах, 44 байр, 69 тоот орон сууцыг бэлэглэсэн нь үнэн болно гэсэн тодорхойлолтыг гаргаж өгчээ. /хх-19-21/

 

Түүнчлэн Ялгуусан ХХК болон Б.******* нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Төлбөр барагдуулах тухай хэлцэл байгуулж, маргаан бүхий орон сууцны төлбөрт 100,000,000 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн дотор төлж барагдуулсан тохиолдолд тухайн орон сууцыг Б.*******ын өмчлөлд шилжүүлэх, дээрх хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд дутуу төлсөн төлбөрийг буцаан өгч, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр орон сууцыг суллуулан авна гэж харилцан тохиролцжээ.

 

Дээрхээс үзвэл маргааны зүйл болох орон сууцны өмчлөгч нь Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1 эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн бол гэж зааснаар нэхэмжлэгч Л.******* мөн боловч Ялгуусан ХХК, Б.******* нарын хооронд хэлцэл хийгдэж, нэхэмжлэгч Л.*******ийн зөвшөөрлийн үндсэн дээр орон сууцыг хариуцагч Б.******* нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар эзэмшилдээ авсан байна.

 

5.4 Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Төлбөр барагдуулах тухай хэлцэлд заасны дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлаж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ялгуусан ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Ялгуусан ХХК нь энэ маргаанд хамааралгүй, маргаан бүхий орон сууц нь Ялгуусан ХХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлгүй, иргэн Л.*******ийн 100 хувийн өмчлөлийн орон сууц учир Ялгуусан ХХК-ийн эрх ашиг хөндөгдөхгүй гэх тайлбарыг гаргаж байна.

 

Ялгуусан ХХК, Б.*******д нарын хооронд Орон сууц бэлэглэлийн гэрээ, Төлбөр барагдуулах тухай хэлцэл байгуулагдсан байхаас гадна уг гэрээнүүдийн дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нар нь харилцан шаардлага гаргаагүй, нэхэмжлэгч нь дээрх Төлбөр барагдуулах тухай хэлцлийг үндэслэж шаардлагаа тодорхойлсныг үндэслэлгүй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Б.*******ын эзэмшил хууль бус байх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардах эрх нэхэмжлэгч Л.*******ид үүсээгүй.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Л.*******ийн орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

6. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд

 

Хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч Л.*******ид холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Төлбөр барагдуулах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу гудамж, 44 дүгээр байр, 69 тоот хаягт байршилтай, 38 м.кв талбай бүхий Ү-2202004928 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

7. 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээ-г үндэслэн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хариуцагч Б.******* нь үүрэг гүйцэтгэгч болох Ялгуусан ХХК-аас шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, хариуцагч Б.*******ын өмнө нэхэмжлэгч Л.******* нь үүрэг хүлээгээгүй тул өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй гэж заасан.

 

Маргааны зүйл болох орон сууцыг хариуцагч Б.******* нь бодитоор эзэмшиж байх боловч Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдэж шилжүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч Л.******* нь мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-т зааснаар өмчлөгч байна.

 

Орон сууц бэлэглэлийн гэрээний тал буюу гэрээний дагуу үүрэг хүлээсэн Ялгуусан ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцсон боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт заасны дагуу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй.

 

Иймд хариуцагч Б.*******ын нэхэмжлэгч Л.*******ид холбогдуулан гаргасан Төлбөр барагдуулах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Б.*******д шилжүүлж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ялгуусан ХХК-ийг хамтран нэхэмжлэгчээр татан оролцуулах хүсэлтийг гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШЗ2023/07360 дугаар захирамжаар нэхэмжлэгч өөрөө хүсээгүй эсхүл зөвшөөрөөгүй байхад түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах боломжгүй гэсэн үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэсэн, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь шүүх хуралдааны явцад Ялгуусан ХХК-ийн эрх ашиг хөндөгдөхгүй гэсэн тайлбар гаргасан болохыг дурдаж байна.

 

8. Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн төлсөн 657,950 /70,200+587,750/ төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 91 дүгээр зүйлийн 91.2.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.*******д холбогдох орон сууц албадан чөлөөлүүлэх тухай Л.*******ийн нэхэмжлэл болон нэхэмжлэгч Л.*******ид холбогдох Төлбөр барагдуулах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Б.*******д шилжүүлж өгөхийг даалгах тухай хариуцагч Б.*******ын сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн төлсөн 657,950 /70,200+587,750/ төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ