Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 1011

 

 

 

 

 

 

 

 

 

Ө.Шын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/00650 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ө.Шын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.Дд холбогдох,

 

38 800 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н.Баярсайхан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.Тэлмэн,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ц.Батзаяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Цэнд-Аюуш нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Л.Даас 0-8 УНЦ улсын дугаартай, Ланд Круйзер-100 маркийн автомашиныг 40 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа болгож 16 500 000 төгрөгийг өгсөн бөгөөд үлдсэн төлбөрийг 2-3 сарын дараа өгөхөөр болсон.

Тухайн үед уг автомашин нь барьцаанд байсан ба зээлийн барьцааны хүүд 2 300 000 төгрөг, үлдэгдэл төлбөрөөс 20 000 000 төгрөгийг Б.Хадбаатараар дамжуулж Л.Дд өгсөн.

Үүний дараа 2013 оны 03 дугаар сард дээрх автомашиныг Л.Д надад “н.О машинаа байхгүй байна гээд цагдаа шүүхээр заргалдах гээд байна, машиныг зогсоол дээр тавьж н.Од үзүүлээдэхье, чи үлдэгдэл 3 500 000 төгрөгөө өгөөд машинаа авчих” гэж хэлсэн ба 20 хоногийн дараа үлдэгдэл мөнгөө аваад очтол Л.Д “н.О машинаа бүр авчихсан” гэж хэлсэн.

Би автомашин худалдан авахаар Л.Дд 38 800 000 төгрөг өгсөн боловч уг автомашиныг авч чадаагүй. Иймд хариуцагчаас 38 800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Л.Д нь 2012 оны 02 дугаар сард Ө.Шад 0-8 УНЦ улсын дугаартай, Ланд Круйзер-100 маркийн автомашиныг худалдахаар үзүүлэхдээ автомашиныг “10 000 ам.долларын зээлийн барьцаанд байгаа, 40 000 000 төгрөгөөр зарна, зээлийг нь төлөөд авч болно” гэж хэлсэн. Ө.Ша “урьдчилгаа болгон 16 500 000 төгрөгийг эхлээд өгье, үлдэгдэл 10 000 000 төгрөгийг хэд хоногоос өгнө, зээлийг нь дараа төлчихье” гэж тохиролцоод автомашиныг аваад явсан.

Хэд хоногийн дараа түүний найз н.Хадаа гэх залуу 20 000 000 төгрөг бэлнээр авчирч өгсөн.

Ө.Ша 10 000 ам.долларын зээлийг н.О төлөх ёстой гэдгээ мэдэж байсан бөгөөд автомашины авч явснаас хойш нэг жил гарангийн хугацаанд холбоо бариагүй.

н.О  Л.Дыг “10 000 ам.долларын зээлээ төл эсхүл автомашин олж өг” гэж шаардан, цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан учраас автомашиныг н.Оын нэр дээр шилжүүлж өгсөн.

Ө.Шыг н.Отай 2013 оны 03 дугаар сард уулзуулсан ба зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн хүү, алданги тооцож авна гэдгийг хэлэхэд Ө.Ша их мөнгө төлж чадахгүй гэж маргаж байсан. Тухайн үед н.О, Ө.Ша нар ямар тохиролцоо хийснийг мэдэхгүй.

Ө.Ша нь автомашин 10 000 ам.долларын барьцаанд байгаа гэдгийг мэдсээр байж н.Од үндсэн зээл болон хүүнд ямар нэг төлбөр төлөөгүй болох нь гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа.

Автомашиныг Ө.Ша 1 жил гаруй хугацаанд авч яван эдийн доголдолтой болгосон. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Халх овогтой Лувсандоржийн Дашнямаас 36 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Жамух овогтой Өлзийхутагийн Шинэтулгад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 300 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Даас 340 450 төгрөг гаргуулж,  нэхэмжлэгч Ө.Шад олгож, нэхэмжлэгч Ө.Шын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

 

Л.Д, Ө.Ша нар УНЦ 0-8 улсын дугаартай, Ланд Круйзер 100 маркийн тээврийн хэрэгслийг 40 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах тохиролцоо хийгдэж, урьдчилгаанд 16 500 000 төгрөгийг өгсөн.

 

Тухайн үед автомашин 10 000 ам.долларын барьцаанд байсан гэдгийг Ө.Ша хүлээн зөвшөөрсөн, нэг сарын дараагаар найз н.Хадбаатараар дамжуулан Л.Дд 10 000 000 төгрөгийг өгсөн, н.Од үндсэн зээлээс 8 000 000 төгрөг болон зээлийн хүүд 800 000 төгрөгийг өгсөн тухай гэрч С.Болдбаатарын мэдүүлгээр нотлогдоно.

 

Мөн Л.Д болон Л.Болдбаатар нарын гэрчийн мэдүүлэг, хариу тайлбарт Ө.Ша н.О нар уулзаад хүү алданги тооцохыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байсан талаар дурдсан. Гэтэл н.О гэрчийн мэдүүлэг өгөхдөө Л.Д болон Ө.Ша нарын алийг нь ч би танихгүй хэн нь ч надад зээлийн төлбөр төлдөггүй байсан би тэд нарыг танихгүй....; мэтээр худал хэлсэн.

 

Гэрч н.Хадбаатар Л.Дд 20 000 000 төгрөгийг хоёр хувааж өгсөн, дараа н Л.Дын дүүд 2 300 000 төгрөгийг төгрөгийг өгсөн гэж мэдүүлсэн нь нэхэмжлэлд дурдсан тайлбартай зөрж байна. Дээрх мөнгөн төлбөрийг Л.Дд хүлээлгэн өгсөн гэх ямар нэгэн баримт байхгүй, мөнгө хүлээлгэн өгсөнөө нотлох баримтыг хэрэгт өгөөгүй.

 

Шүүх шийдвэр гаргахдаа хэрэгт авагдсан Дүүргийн 2 дугаар Прокурорын газрын 2014 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 1454 дугаар Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолд худалдан авагч Ө.Ша нь тогтсон хугацаандаа төлбөрийг өгдөггүй, н.Од төлөх зээлийг төлөлгүй 1 жилийн хугацаанд алга болсон автомашин хураалгасан зэрэг үйл баримтууд тусгагдсан.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү  гэжээ.

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Ө.Ша нь хариуцагч Л.Дд холбогдуулан  38 800 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Ө.Ша, Л.Д нар нь 2012 оны 02  дугаар сарын 10-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж худалдагч Л.Д нь УНЦ 0-8 улсын дугаартай, Ланд Круйзер 100 маркийн тээврийн хэрэгслийг 40 000 000 төгрөгөөр Ө.Шад худалдах, худалдан авагч нь гэрээнд заасан үнийг төлөх, төлбөр төлсний дараа автомашин өмчлөх эрхийг шилжүүлж авахаар тохиролцжээ.  

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

Дээрх гэрээний дагуу Ө.Ша нь Л.Дд 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдөр урьдчилгаа 16 500 000 төгрөгийг төлж, автомашиныг эзэмшилдээ авсан талаар маргаагүй байна.

 

Түүнчлэн талууд гэрээ байгуулах үед автомашин нь С.Болдбаатарын өмчлөлд бүртгэлтэй байсан ба н.Оын зээлийн барьцаанд байсан гэдгийг Ө.Ша мэдэж байсан, уг автомашиныг 2013 оны 03 дугаар сард Л.Д нь Ө.Шын эзэмшлээс буцаан авсан үйл баримтууд тогтоогдсон. /хх 10, 110/

 

Нэхэмжлэгч Ө.Ша нь автомашины үнэд 20 000 000 төгрөгийг Б.Хадбаатараас дамжуулан төлсөн нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд уг мэдүүлгийг хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар  няцаагаагүй байна.

 

Иймд гэрээний үнэд Ө.Ша нь 36 500 000 төгрөгийг төлсөн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнэнэ гэсэнтэй нийцжээ.

 

Улмаар Л.Д нь Ө.Шаас гэрээний зүйл болох автомашиныг 2013 оны 03 дугаар сарын 24-ний өдөр буцаан авч н.Оын эзэмшилд шилжүүлсэн тул худалдагчийн эрхийн зөрчилтэй хөрөнгө худалдсантай холбоотойгоор худалдан авагч  нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй.

 

Иймд хариуцагч Л.Д нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу автомашины үнэд төлсөн 36 500 000 төгрөгийг нэхэмжлэгч Ө.Шад буцаан төлөх үүрэгтэй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.  

 

Нэхэмжлэгч Ө.Ша нь хариуцагч Л.Даас 2 300 000 төгрөгийг хүлээлгэж өгөөгүй тул буцаан шаардах эрхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийн талаар зохигч гомдол гаргаагүй. 

 

Дээрх дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/0650 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 340 450 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.БАТЗОРИГ

 

                        ШҮҮГЧИД                                                Д.БАЙГАЛМАА

 

                                                                                         Э.ЗОЛЗАЯА