Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2020/00712

 

Ө.Шын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/00650 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1011 дүгээр магадлалтай,

Ө.Шын нэхэмжлэлтэй

Л.Дд холбогдох

38 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Тэлмэнгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мягмарцэрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баярсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Тэлмэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Л.Даас 03-88 УНЦ улсын дугаартай, Ланд Круйзер-100 маркийн автомашиныг 40 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа болгож 16 500 000 төгрөгийг өгсөн бөгөөд үлдсэн төлбөрийг 2-3 сарын дараа өгөхөөр болсон. Тухайн үед уг автомашин нь барьцаанд байсан ба зээлийн барьцааны хүүд 2 300 000 төгрөг, үлдэгдэл төлбөрөөс 20 000 000 төгрөгийг Б.Хадбаатараар дамжуулж Л.Дд өгсөн. Үүний дараа 2013 оны 03 дугаар сард дээрх автомашиныг Л.Д надад н.Отгондулам машинаа байхгүй байна гээд цагдаа шүүхээр заргалдах гээд байна, машиныг зогсоол дээр тавьж н.Отгондуламд үзүүлээдэхье, чи үлдэгдэл 3 500 000 төгрөгөө өгөөд машинаа авчих гэж хэлсэн ба 20 хоногийн дараа үлдэгдэл мөнгөө аваад очтол Л.Д н.Отгондулам машинаа бүр авчихсан гэж хэлсэн. Би автомашин худалдан авахаар Л.Дд 38 800 000 төгрөг өгсөн боловч уг автомашиныг авч чадаагүй. Иймд хариуцагчаас 38 800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Д нь 2012 оны 02 дугаар сард Ө.Шад 03-88 УНЦ улсын дугаартай, Ланд Круйзер-100 маркийн автомашиныг худалдахаар үзүүлэхдээ автомашиныг 10 000 ам.долларын зээлийн барьцаанд байгаа, 40 000 000 төгрөгөөр зарна, зээлийг нь төлөөд авч болно гэж хэлсэн. Ө.Ша урьдчилгаа болгон 16 500 000 төгрөгийг эхлээд өгье, үлдэгдэл 10 000 000 төгрөгийг хэд хоногоос өгнө, зээлийг нь дараа төлчихье гэж тохиролцоод автомашиныг аваад явсан. Хэд хоногийн дараа түүний найз н.Хадаа гэх залуу 20 000 000 төгрөг бэлнээр авчирч өгсөн. Ө.Ша 10 000 ам.долларын зээлийг н.Отгондулам төлөх ёстой гэдгээ мэдэж байсан бөгөөд автомашины авч явснаас хойш нэг жил гарангийн хугацаанд холбоо бариагүй. н.Отгондулам Л.Дыг 10 000 ам.долларын зээлээ төл эсхүл автомашин олж өг гэж шаардан, цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан учраас автомашиныг н.Отгондуламын нэр дээр шилжүүлж өгсөн. Ө.Шыг н.Отгондуламтай 2013 оны 03 дугаар сард уулзуулсан ба зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн хүү, алданги тооцож авна гэдгийг хэлэхэд Ө.Ша их мөнгө төлж чадахгүй гэж маргаж байсан. Тухайн үед н.Отгондулам, Ө.Ша нар ямар тохиролцоо хийснийг мэдэхгүй. Ө.Ша нь автомашин 10 000 ам.долларын барьцаанд байгаа гэдгийг мэдсээр байж н.Отгондуламд үндсэн зээл болон хүүнд ямар нэг төлбөр төлөөгүй болох нь гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Автомашиныг Ө.Ша 1 жил гаруй хугацаанд авч яван эдийн доголдолтой болгосон. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/00650 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Халх овогтой Лувсандоржийн Л.Даас 36 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Жамух овогтой Өлзийхутагийн Ө.Шд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 300 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Даас 340 450 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ө.Шад олгож, нэхэмжлэгч Ө.Шын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1011 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/0650 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 340 450 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Тэлмэн хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна. Магадлалын хянавал хэсэгт “...Нэхэмжлэгч Ө.Ша нь автомашины үнэд 20 000 000 төгрөгийг Б.Хадбаатараар дамжуулан төлсөн нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд уг мэдүүлгийг хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар няцаагаагүй байна.” гэж дүгнэж энэхүү 20 000 000 төгрөгийг хариуцагч төлөх үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан нэг талд ашигтайгаар хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргахад хүргэлээ. Хариуцагчийн тухайд 20 000 000 төгрөг бус 10 000 000 төгрөгийг авсан гэж шүүхэд тайлбар гаргаж, үүнийгээ шүүх хуралдааны явцад тайлбарласан атал нэхэмжлэгчийн найз Б.Хадбаатарын гэрчээр өгсөн мэдүүлгийг л үндэслэн хариуцагчийг илүү төлбөрт унагааж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрч Б.Хадбаатар нь тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолтой гэж үзэх хангалттай үндэслэл бүхий этгээд байтал түүний мэдүүлгийг өөр бусад нотлох баримтаар давхар нотлогдож тогтоогдож байгаа эсэхийг харгалзаж үзэлгүй хоёр шатны шүүх шийдвэр гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх заалтууд нь дан ганц хариуцагч талд үүрэг хүлээлгэсэн заалт биш бөгөөд хэргийн оролцогчид /нэхэмжлэгч, хариуцагч аль аль нь/-ийн хүлээх үүрэг атал шүүх нэхэмжлэгч талд ашигтайгаар тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Хэрвээ хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн бол магадлалын хянавал хэсэгт “...Нэхэмжлэгч Ө.Ша нь хариуцагч Л.Даас 2 300 000 төгрөгийг хүлээлгэн өгөөгүй тул буцаан шаардах эрхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийн талаар зохигч гомдол гаргаагүй.” гэж дүгнэж байгаатайгаа адил 2 300 000 төгрөгөөс гадна Ө.Ша нь Б.Хадбаатараар дамжуулан өгсөн гэх 20 000 000 төгрөгийн 10 000 000 төгрөгийг хүлээлгэн өгөөгүй, өгсөн гэдэг хэрэгт хувийн сонирхолтой буюу нэхэмжлэгчийн найз Б.Хадбаатарын мэдүүлгээс гадна өөр баримтаар давхар нотлогдож тогтоогдохгүй байх тул буцаах шаардах эрхгүй гэж дүгнэж шийдвэрлэх нь шударга ёсонд нийцэх байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн хүлээн зөвшөөрснөөс бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ө.Ша нь хариуцагч Л.Дд холбогдуулан 38 800 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 36 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад, хэвээр үлдээжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, маргаантай харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлжээ.

2012 оны 02 сарын 10-ны өдөр талууд гэрээ байгуулж, Л.Д нь УНЦ 03-88 улсын дугаартай, Ланд Круйзер 100 маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэх, Ө.Ша нь 40 000 000 төгрөгийг төлөх, төлбөр төлснөөр автомашин өмчлөх эрхийг шилжүүлэх тохиролцоог Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ гэж дүгнэсэн шүүхийн хууль хэрэглээ үндэслэлтэй болжээ.

Гэрээний дагуу Ө.Ша нь Л.Дд 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдөр урьдчилгаа 16 500 000 төгрөгийг, дараа нь 20 000 000 төгрөг нийт 36 500 000 төгрөгийг төлж, автомашиныг эзэмшилдээ авсан боловч 2013 оны 3 сард автомашиныг буцаан авсан үйл баримтыг зохигч маргаагүй байна.

Нэхэмжлэгч Ө.Ша нь хариуцагчийг гэрээнээс татгалзсан гэж, шилжүүлсэн 38 800 000 төгрөгийг буцааж гаргуулна гэсэн бол хариуцагч Л.Д нь 36 500 000 төгрөгийг нэхэмжлэгч төлөхөөс гадна 10 000 ам.долларыг Отгондуламд төлж, машиныг барьцаанаас чөлөөлөх үүргээ биелүүлээгүй учраас өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй болсон, улмаар барьцаалагч машиныг авсан гэж маргажээ.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Л.Д нь эрхийн доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлж, худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэдгээ нотлоогүй, нэхэмжлэгч нь 10 000 ам.долларыг төлөөгүй нь гэрээнээс татгалзах үндэслэл болсон гэдгийг тус тус баримтаар нотлоогүй, шүүх нэхэмжлэлийг хангахдаа Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй болно.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д “худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.” гэж заасан тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах эрхтэй байна.

Хоёр шатны шүүх гэрээнээс татгалзах үндэслэл, эрх зүйн үр дагаврыг хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан зохицуулалтын дагуу нэхэмжлэлийг шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/0650 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1011 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Х.СОНИНБАЯР

                     ШҮҮГЧ                                                                    П.ЗОЛЗАЯА