Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2019/00650

 

2019 оны 03 сарын 20 өдөр

        Дугаар 183/ШШ2019/00650

              Улаанбаатар хот

 

                                     

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: тоотод оршин суух, Ж  овогтой Ө  Ш  /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: тоотод оршин суух, Х  овогтой Л  Д  /РД:.../-д холбогдох,

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 38 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.        

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мягмарцэрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баярсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Тэлмэн, хариуцагчийн өмгөөлөгч Г.Баттогтох, Ц.Батзаяа нар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцов.

 

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Ө.Ш  миний бие 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэн Л.Д аас Ланд Круйзер-100 маркийн, 03-88 УНЦ улсын дугаартай автомашиныг нийт 40 000 000 /дөчин сая/ төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа болгож 16 500 000 /арван зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг өгсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг 2-3 сарын дараа гүйцээж өгөхөөр болсон. Уг автомашин нь тухайн үед барьцаанд байсан ба миний бие уг автомашины зээлийн барьцааны хүүнд 2 300 000 /хоёр сая гурван зуун мянга/ төгрөгийг найз Б.Хадбаатараар дамжуулж Л.Д д өгсөн. Мөн Ө.Ш  би үлдэгдэл мөнгөнөөс 20 000 000 /хорин сая/ төгрөгийг найз Б.Хадбаатараар дамжуулж Л.Д д өгсөн болно.Үүний дараа 2013 оны 03 дугаар сард дээрх автомашиныг Л.Д  надад “О  машинаа байхгүй байна гээд цагдаа шүүхээр заргалдах гээд байна, машиныг зогсоол дээр тавьж О д үзүүлээдхье, чи үлдэгдэл 3 500 000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөө өгөөд машинаа авчих” гэсэн. Тэрнээс хойш би 20-иод хоногийн дараа үлдэгдэл мөнгөө аваад очтол Л.Д  “О  машинаа бүр авчихсан” гэж хэлсэн. Ингээд би Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст залилуулсан талаараа гомдол гаргаж эрүүгийн 2014260001545 тоот хэрэг нээлгүүлж шалгуулсан боловч, иргэний хэрэг байна хэмээн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. Ө.Ш  миний бие Л.Д аас автомашин худалдан авахаар нийт 38 800 000 төгрөг өгсөн боловч уг автомашиныг авч чадаагүй өгөөд Л.Д  нь энэхүү мөнгийг өөртөө авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул МУ-ын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Л.Д аас нийт 38 800 000 /гучин найман сая найман зуун мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Ө.Шинэтулгын нэхэмжлэлтэй холбогдуулж өгсөн тайлбарт 16 500 000 төгрөгийг урьдчилж өгөөд дараа нь 20 000 000 төгрөг өгсөн талаар дурдсанчлан энэ дүнд хариуцагч тал маргаагүй. 16 500 000 төгрөгийг автомашины урьдчилгаанд өгөхдөө 10 000 ам.долларын барьцаа чөлөөлөх зорилгоор өгсөн. 2012 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 1 ам.доллар 1 300 төгрөгтэй тэнцэж байсан.  Тухайн үеийн ханшийн лавлагааг тус хэрэгт гаргаж өгсөн. Гэтэл тус мөнгийг н.О д өгч барьцаанаас чөлөөлөөгүй Л.Д  өөрөө ашигласан байсан. Үүнээс үүдэн энэ маргаан гарсан. Л.Д  нь шалгагдаж байх хугацаандаа авсан мөнгөнийхөө талаар бүрэн мэдүүлсэн. Автомашиныг эрүүлж өгнө гэж хэлээд Ө.Ш ас машиныг авч н.О д өгч асуудлаа шийдсэнээр Л.Д  авсан мөнгөө Л.Ш д өгөх үүрэг үүссэн. Ө.Ш  нь Н.О тай хэлцэл хийгээгүй. 10 000 ам.долларын барьцаанд байгаа гэдгийг мэдээд урьдчилгаа мөнгөөрөө барьцааг чөлөөлөх зорилгоор өгсөн. Уг мөнгөөр барьцааг чөлөөлөх бүрэн боломж байсан. Гэвч Л.Д  уг мөнгийг өөрөө ашигласнаас болоод барьцаа чөлөөлөгдөөгүй. Иймд хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна. Л.Д  нь 36 500 000 төгрөг авсан гэдгээ хариу тайлбартаа хүлээн зөвшөөрсөн. Энэ нь гэрч н.О  болон н.Х  мэдүүлгээр тогтоогдсон. Тухайн үед Л.Д  нь н.Б  гэх хүний нэр дээр байсан машиныг авч Ө.Ш  хуурч гэрээ хийсэн. Ө.Ш  Л.Д  нар хоорондоо ямар нэг үүрэг үүсээгүй гэж үзэх үндэслэлтэй. Үүрэг үүссэн гэж үзвэл энэ нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэгчээс автомашины үнэд авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 38 800 000 төгрөгийг хариуцагч Л.Д аас гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний найз н.Б  нь 2012 оны 02 дугаар сард надтай уулзахдаа н.Ш тай хамт ирээд анх танилцсан юм. Тухайн үед Б  нь “...Ш  дизель хөдөлгүүртэй Ланд 100 маркийн авто машин авах санаатай Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас ирсэн...” гэж ярьсан байсан. Мөн тэр хоёрт зарах гэж байсан машины үзүүлээд энэ машин нь 10 000 ам.долларын зээлийн барьцаанд байгаа 40 000 000 төгрөгөөр зарна. Хэрэв зээлийг нь төлөөд авна гэвэл авч болно” гэж хэлсэн. Гэтэл Ө.Ш  зөвшөөрөөд би урьдчилгаа болгон 16 500 000 төгрөгийг эхлээд өгье, үлдэгдэл 10 000 000 төгрөгийг хэд хоногоос өгөөд зээлийг нь дараа төлчихье гэж тохироод надад 16 500 000 төгрөг өгөөд автомашиныг аваад явсан. Хэд хоногийн дараа түүний найз н.Хадаа гэх залуу 20 000 000 төгрөг бэлнээр авчирч өгөөд бид хоёрын тооцоо дууссан юм. Харин Ө.Ш  нь дараа нь 10 000 ам.долларын зээлийг н.О  гэгчид төлөх ёстой гэдгээ мэдэж байсан бөгөөд машины авч явснаас хойш нэг жил гарангийн хугацаанд огт сураггүй алга болсон юм. Уг н.О  гэдэг хүнээс манай дүү н.Б  нь 10 000 ам.долларын зээлийг авсан байсан тул н.Б аас зээлсэн мөнгөө төл, эсвэл машинаа олж өг гэж шаардаад зээлийн барьцаанд тавьсан машин нь хаана байгаа нь тодорхойгүй, зээлсэн мөнгөө төлөхгүй байна гэсэн шалтгааны улмаас бид хоёрыг цагдаагийн байгууллагад өгч шалгуулсан тул машиныг н.О ын нэр дээр шилжүүлж өгсөн юм. Үүний дараа Ө.Ш  хайн эрэл сурал болсны эцэст 2013 оны 03 дугаар сарын сард хотод ирсэн байхад нь олж уулзан н.О тай уулзуулсан юм. н.О  нь зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн хүү, алданги тооцож авна гэхэд Ө.Ш  нь тийм их мөнгө төлж чадахгүй гэж маргалдсан. Ө.Ш  нь анхнаасаа машин авахдаа н.О , Ө.Ш  нарыг уулзуулан учраа олоорой гээд л явсан. Харин тэр хоёр нь ямар тохиролцоонд хүрсэнийг мэдэхгүй байна. Ө.Ш  нь анх машин авахдаа ярьсан, тохирсондоо хүрэлгүй мөнгөө, дутуу өгсөний улмаас О  тэр хоёрын дунд хүү, алдангийн маргаан үүсэх болсон. Мөн уг маргааныг хөдөө орон нутагт нэг жил гарагийн хугацаанд унаж, морь дагаж эдэлсний улмаас машины чанар байдлыг их муутгасан байсан. Ө.Ш  нь огт үндэслэлгүйгээр шүүхэд мөнгө нэхэмжилсэн байх тул миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн найзаараа дамжуулж өгсөн гэх нийт мөнгөн дүнг хариуцагч Л.Д  аваагүй. Ө.Ш  нь 10 000 ам.долларын барьцаанд байсан гэдгийг мэдсээр байж н.О тай харьцаж үндсэн төлбөр болон хүүнд ямар нэг төлбөр төлөөгүй гэдгийг гэрч мэдүүлсэн. Үүнээс гадна машиныг 1 жил гаруй хугацаанд авч явж эдийн доголдолтой болгосон. Ямар ч мөнгө аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв. 

 

 Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.Ш , хариуцагч Л.Д аас 38 800 000 төгрөг гаргуулахаар шаардаж, хариуцагчаас автомашин худалдан авахаар тохиролцож, дээрх төлбөрийг төлсөн боловч автомашиныг бодитоор өмчлөлд нь шилжүүлэн өгөөгүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн тул шаардах эрхтэй гэж үндэслэлээ тайлбарлаж байна.

 

Хариуцагч Л.Д  нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд нэхэмжлэгч автомашины төлбөрийг төлөлгүйгээр эзэмшилдээ шилжүүлэн аваад буцаан өгөхдөө чанар байдлыг ердийнхөөс илүү хэмжээгээр дордуулсан гэж маргаж байна. 

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангав.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, зохигч 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Ланд Круйзер-100 маркийн, УНЦ 03-88 улсын дугаартай автомашиныг 40 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар, төлбөр төлөгдсөний дараа улсын бүртгэлийн нэр шилжүүлэхээр, мөн өдрөө нэхэмжлэгч  16 500 000 төгрөг төлөөд автомашиныг бодитоор эзэмшилдээ шилжүүлэн авсан, үүнээс хэд хоногийн дараа 20 000 000 төгрөг төлсөн, 2013 оны 3 дугаар сард Л.Д  автомашиныг буцаан авч Л.О д хүлээлгэн өгсөн, талууд гэрээ байгуулах үед автомашин С.Б ын өмчлөлд бүртгэлтэй, Л.О ын зээлийн барьцаанд бариулсан байсан ба энэ үйл баримтыг зохигч хэн аль нь мэдэж байсан болох нь хэрэгт авагдсан Дүүргийн 2 дугаар Прокурорын газрын 2014.06.09-ний өдрийн 1454 дугаар Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, гэрч С.Б ын 2014.05.10-ны өдрийн мэдүүлэг, Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгсэл эзэмшигчийн түүхчилсэн лавлагаа зэрэг баримтаар нотлогдож байна.

 

Шүүх, дээрх баримтыг шинжлэн судлаад, зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ.

 

Үүний дараа, 2013 оны 3 дугаар сард хариуцагч нэхэмжлэгчээс маргааны зүйл болох автомашиныг буцаан авч, Б.О д шилжүүлсэн болох нь 2013.04.24-ний өдөр автомашин Б.О ын эзэмшилд бүртгэгдсэн тухай Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа, гэрч Б.О ын мэдүүлэг,  зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. 

 

Иймд талуудыг автомашин худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан гэж үзэхээр байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” байхаар зохицуулсан тул нэхэмжлэгчийг хариуцагчаас автомашины үнэд төлсөн төлбөрөө буцаан шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч автомашины үнэд ямар нэгэн төлбөр аваагүй гэж мэтгэлцэх боловч Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.05.16-ны өдрийн 102/ШЗ2016/17419 дугаар шүүгчийн захирамжаар буцаасан хэрэгт хариуцагчаас гаргаж байсан тайлбар, 2018.11.27-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гэрч Б.О , Б.Хадбаатар нарын мэдүүлэг, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол, автомашиныг нэхэмжлэгч эзэмшилдээ авсан үйл баримт, 2013.04.24-ний өдөр автомашин Б.О ын эзэмшилд бүртгэгдсэн зэргийг харьцуулан дүгнээд, хариуцагч Л.Д ыг 36 500 000 төгрөгийг нэхэмжлэгч Ө.Ш ас хүлээн авсан нь нотлогдож байна гэж дүгнээд хариуцагч Л.Д аас 36 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.Ш д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 300 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

 

Учир нь, нэхэмжлэгч 38 800 000 төгрөг төлсөн гэж тайлбарлах боловч 2 300 000 төгрөгийг хариуцагч Л.Д  хүлээн аваагүй, харин С.Б т хүлээлгэн өгсөн нь гэрч Б.Х  мэдүүлгээр нотлогдож байх тул хариуцагч тухайн төлбөрийг хариуцан төлөх үүрэггүй гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагаас 2 300 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч, хариуцагч нарт хуваарилан хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х  овогтой Л  Д  /РД:.../-иас 36 500 000 /гучин зургаан сая таван зуун мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж  овогтой Ө  Ш  /РД:.../-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 300 000 /хоёр сая гурван зуун мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Д аас 340 450 төгрөг гаргуулж,  нэхэмжлэгч Ө.Ш д олгож, нэхэмжлэгч Ө.Шинэтулгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                   Д.ЭНХЦЭЦЭГ