Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2023/02310

 

 

 

 

 

2023 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2023/02310

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Со тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ч тоотод байрлах, ******* ******* ХХК /РД:*******

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж 31, Далай тауэр, 12 давхарт байрлах, Марч ******* ХХК /РД:6178561/-д холбогдох

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Х тоотод оршин суух, Баачууд овогт ******* ******* /

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийг гэрээнд заасан үнээр өмчлөх эрхтэй болохыг тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээг Ш.*******ын нэр дээр гаргаж, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг хариуцагч нарт даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч

Хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд В.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр нар оролцов.

(Хариуцагч Марч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ш.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.******* нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Поларис апартмент 1, С блок, 1 орц, 9 давхар 901 тоотод байрлах, 57.44 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдаж авахаар 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ******* ******* ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан. Уг орон сууцны 1 м.кв-ыг нь 1,300,000 төгрөгөөр буюу нийт 74,672,000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцсон ба орон сууцны үнийг гэрээ байгуулсан өдрөө ******* ******* ХХК-ийн Голомт банк ХК дахь 1205150191 тоот дансанд урьдчилгаа 40,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 34,672,000 төгрөгийг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлж, төлбөрийг 100 хувь барагдуулсан.

Гэрээний дагуу дээрх орон сууц нь 2021 оны 2 дугаар улиралд ашиглалтад орох ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл ашиглалтад орсон эсэх, улсын комисс хүлээн авсан эсэх нь тодорхойгүй байна. Гэтэл 2022 оны 03 дугаар сарын сүүлээр ******* ******* ХХК-аас Ш.******* танаа гэсэн орон сууцны 1м.кв-ын үнийг 1,800,000 төгрөг болгосон, үнийн өсөлтийг зөвшөөрөхгүй бол гэрээг цуцлахыг албан ёсоор мэдэгдэж байна гэсэн талуудын хооронд байгуулсан Орон сууцны захиалгаар бариулах гэрээ-г илтэд зөрчсөн мэдэгдэл ирсэн. Үүний хариу болгож үндэслэлгүйгээр үнэ нэмснийг зөвшөөрөх боломжгүй тухай 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр мэдэгдлийн хариу өгсөн. Гэвч хариу огт өгөөгүй ба очиж уулзаад эгч нь тэтгэврийн хүн, нэмж мөнгө төлж яагаад ч чадахгүй гэхээр тэр ямар хамаатай юм, мөнгөө нэмж төл, охин чинь Солонгост байдаг биздээ гэсэн хариу өгдөг.

******* ******* ХХК-тай байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний 1.4-т Орон сууцны нийт үнэ 74,672,000 төгрөг, 4.2.4-т Гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаанд гэрээний үнэд өөрчлөлт оруулахгүй байх гэж заасан.

******* ******* ХХК нь өнөөдрийг хүртэл тус орон сууцны захиалагч болох намайг барилгын талбайд нэвтрүүлэхгүй, барилга ашиглалтад орсон эсэх болон улсын комисс хүлээн авсан эсэх талаар ямар нэгэн мэдээлэл огт өгөхгүй байгаа ба энэ талаар асуухад өөдөөс мөнгө нэмж төл гэсэн хууль бус шаардлага тавьдаг. Үүний улмаас орон сууцны захиалагч Ш.*******ын Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хуулиар хамгаалагдсан шударгаар өмч хөрөнгөтэй болох эрх, хууль ёсны ашиг сонирхол, талуудын байгуулсан гэрээний 3.1.1, 3.1.4, 3.1.7-т заасан эрхүүд ноцтой зөрчигдөж байна.

Хариуцагч ******* ******* ХХК нь Ш.*******ын үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчсөнөөс гадна цаашид орон сууцны түлхүүрийг гардаж авах, өмчлөгчөөр тогтоогдох, үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг гаргуулж авах зэрэг эрхийг зөрчих нөхцөлийг үүсгэж байна. Энэхүү эрхээ иргэн хүн шүүхээс өөр байгууллагаар хамгаалуулах ямар ч боломжгүй юм.

Энэхүү гэрээнд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4 дэх хэсэгт зааснаар худалдах,худалдан авах гэрээний зохицуулалт үйлчилнэ гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн хувьд Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт зааснаар орон сууцыг өмчлөлдөө авахаар шаардах давуу эрхтэй. Нэмэгдүүлсэн шаардлагын хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу тухай үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой баримт бичгийг гүйцэтгэгч захиалагчид шилжүүлэх үүрэгтэй. Мөн гэрээнд зааснаар баримт бичгийг гаргаж өгөх үүрэгтэй.

Барилгын материалын үнэ 40-50 хувь өссөн учраас орон сууцны үнээ нэмэх болсон гэдэг. Гэтэл гэрээнд ямар ч тохиолдолд орон сууцны үнийг нэмэхгүй гэж зааж өгсөн учир нэхэмжлэгчийн мэдэгдэл үндэслэлгүй. Тухайн орон сууцыг Марч ******* ХХК барьсан. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу бартераар уг орон сууцыг хариуцагчид өгсөн талаарх тайлбараа ирүүлсэн.

Иймд Ш.*******ыг Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Поларис апартмент 1, С блок, 1 орц, 9 давхар 901 тоотод байрлах, 57.44 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг гэрээнд заасан үнээр өмчлөх эрхтэй болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Ш.*******ын нэр дээр гаргаж, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч ******* ******* ХХК нь захиалагч Марч ******* ХХК-ийн захиалгаар Поларис апартмент 1,2 төслийн угсралт, цонх дотор цахилгааны ажлыг гэрээтээр хийж гүйцэтгэн ажлын хөлсөндөө бартераар байрууд авч, тус байрандаа гэрээт ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай бараа материал, ажиллах хүчээ цалинжуулах зорилгоор худалдаж борлуулсан.

2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 22 дугаар Орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан байдаг. Тус гэрээний 2.1.1-д 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр улирал хүртэл байгуулагдсан боловч гэрээний хугацаа дууссан, мөн тус гэрээний үнийн дүн болох 1 м.кв-ыг 1,200,000 төгрөгөөр худалдах боломжгүй талаар мэдэгдсэн байдаг. Ковид-19 өвчний тархалтаас үүдэлтэй бараа материалын түүхий эдийн үнэ өссөнтэй холбоотойгоор 1 м.кв-ын үнээ нэмэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүссэнийг мөн дурдсан.

Албан тоотоор нэхэмжлэгчид гэрээний хугацаа дууссан учир гэрээ цуцлагдаж байгаа талаар мэдэгдсэн. Тус маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг ******* ******* ХХК нь өөр захиалагчид худалдсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Манай компанийн тамга, тэмдэг бүхий 22 дугаар орон сууцны захиалгын гэрээг Ш.*******той байгуулсан. Тус гэрээний 2.1.1-д заасан үндэслэлээр гэрээг сунгах болон цааш нь үргэлжлүүлэх талаар захиалагч нарыг дуудаж уулзсан. Марч ******* ХХК-аас болж манай компани багагүй хохирол амсаж байна. Тооцоо хийж үзэхэд үнэ 2,200,000-2,300,000 төгрөг болгох төсөвт өртгийн тооцоо гарсан. Захиалагч нарт 1,300,000 төгрөгөөр борлуулахад алдагдал гарч байна. Ийм учраас манай компаниас 50 хувийг хариуцаж, захиалагч нарт үнийг 1,800,000 болгох саналыг албан ёсоор тавьсан. Захиалагч нарын уулзалтаар энэ асуудал яригдаж байсан. Зарим захиалагчид гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг сунгасан. Бид хөөрөгдөлтэй үнийг санал болгоогүй. Нэхэмжлэгч Солонгос улсад байдаг охин руугаа ярья гэж хугацаа алдсан. Та тохиролцож гэрээний хугацаагаа сунгахгүй тохиолдолд өөр захиалагчид орон сууцыг зарахаас өөр аргагүй талаар хэлсэн.

Нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар мэдэгдэж байсан. Гэрээний хугацаан дээр маргаж байгаа. Гэрээний 2.1.1-д хугацааг 2021 оны 1 дүгээр улирал хүртэл байгуулагдсан гэж үзэж байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө гэрээний хугацаа дууссан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тухайн үед борлуулалтын менежер нар янз бүрийн гэрээ хийдэг байсан. ******* ******* ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь А.Идэр байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн гэрээг ерөнхий захирал Г.Гантулга гэдэг хүн баталсан байдаг. Шүүх цугларсан баримтын хүрээнд шийдвэр гаргах эрхтэй. Манай компанийн тамга, тэмдэг дарагдсан боловч хэн дарсан нь тодорхойгүй.

Захиалагчийн нийт хуралдаан, хувьчилсан уулзалтаар нэхэмжлэгчид орон сууцыг гуравдагч этгээдэд худалдах талаар мэдэгдэж байсан. Гуравдагч этгээд ч мөн тухайн маргаантай орон сууцыг мэдэж байсан. Ш.*******оос авсан захиалгын мөнгийг буцааж өгөхөөр яригдаж байсан гэв.

 

3. Хариуцагч Марч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Поларис апартмет-1 хотхоны С блок, 1 орц, 9 давхар, 901 тоотод байрлах, 57,44 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц нь 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн П2-А-АГГ-20/21 дугаартай Цонх угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу ******* ******* ХХК-ийн өмч бөгөөд дээрх гэрээгээр маргаан бүхий орон сууцыг захиран зарцуулах эрхтэй байна.

Ш.******* нь дээрх орон сууцтай холбоотой манай байгууллагатай Орон сууц захиалан бариулах гэрээ болон бусад гэрээг байгуулаагүй, мөн ******* ******* ХХК нь манай байгууллагатай байгуулсан гэрээний дагуу маргааны өмчлөгч байгаа тул ашиглалтад орсны дараа улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбогдох бичиг баримтыг гаргаж өгөх боломжгүй байна.

Дээрх маргаан нь ******* ******* ХХК болон Ш.******* нарын хооронд байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээний маргаан тул Марч ******* ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд В.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие хариуцагчтай 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 01 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г хийсэн бөгөөд тус гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох аливаа эрх зүйн үндэслэл байхгүй. Миний бие тус гэрээг байгуулах үедээ нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээний талаар огт мэдээгүй бөгөөд мэдэх ч боломжгүй байсан. Энэ талаар ******* ******* ХХК нь ямар нэгэн зүйл хэлээгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмнөх гэрээг нь хүчингүй болсон байсан гэж тайлбарладаг.

Нэхэмжлэгч нь орон сууцны өмчлөгчөөр тогтоогдохыг хүсвэл Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хууль бус эзэмшлийг тогтоох шаардлагатай. Гэтэл миний бие дээрх хүчин төгөлдөр гэрээгээр хүлээсэн үүргээ хууль буюу гэрээний дагуу 100 хувь биелүүлж, тус орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон. Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар миний бие орон сууцны өмчлөх эрхийг шударгаар олж авсан. Учир нь гэрээ байгуулах үед орон сууц ашиглалтад ороогүй, захиалга авсаар байсан бөгөөд тухайн орон сууцыг барьж буй компанитай гэрээ байгуулсан учир өөр өмчлөгчтэй гэдгийг мэдэх боломжгүй, өмчлөгчийн талаар нотлох, мэдэгдэх зүйл байгаагүй тул хариуцагчийг өмчлөгч гэж итгэн гэрээ байгуулсан.

Иймд орон сууцны хууль ёсны өмчлөгчийн эрхийг хамгаалж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5. Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

5.1 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ /хх-7-14/

5.2 Төлбөрийн баримтууд /хх-15-19/

5.3 ******* ******* ХХК-ийн мэдэгдэл /хх-20/

5.4 Ш.*******ын өргөдөл /хх-21/

 

6. Хариуцагч ******* ******* ХХК-аас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

6.1 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээ /хх-80-82/

 

7. Хариуцагч Марч ******* ХХК-аас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

7.1 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ******* ******* ХХК-д хүргүүлсэн мэдэгдэл /хх111/

7.2 Марч ******* ХХК-ийн тодорхойлолт /хх-112/

 

8. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд В.*******гээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

8.1 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээ /90-92/

8.2 Төлбөр төлсөн баримт /хх93/

8.3 Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх94/

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.  Хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Поларис апартмент 1, С блок, 1 орц, 9 давхар 901 тоотод байрлах, 57.44 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг гэрээнд заасан үнээр өмчлөх эрхтэй болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Ш.*******ын нэр дээр гаргаж, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэгч Ш.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Марч ******* ХХК-д холбогдох нэхэмжлэгч Ш.*******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ ******* ******* ХХК-тай байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу орон сууцны 1 м.кв талбайг 1,300,000 төгрөгөөр буюу нийт 74,672,000 төгрөгөөр орон сууцыг худалдаж авахаар харилцан тохиролцож, төлбөрийг бүрэн төлж дуусгасан. Гэрээний дагуу дээрх орон сууц нь 2021 оны 2 дугаар улиралд ашиглалтад орох ёстой байсан боловч ороогүй. Хариуцагч ******* ******* ХХК нь гэрээний 4.2.4-т заасныг зөрчиж, орон сууцны 1м.кв талбайн үнийг 1,800,000 төгрөг болгон үнийн өсөлтийг зөвшөөрөхгүй бол гэрээг цуцлах тухай мэдэгдсэн. Ш.******* нь гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн тул орон сууцыг гэрээнд заасан үнээр өмчлөх эрхтэй гэх агуулгаар тайлбарлаж байна.

 

3.Хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Марч ******* ХХК-ийн захиалгаар Поларис апартмент 1,2 төслийн угсралт, цонх дотор цахилгааны ажлыг хийж гүйцэтгэн ажлын хөлсөндөө бартераар орон сууц авч худалдан борлуулсан. Гэрээний 2.1.1-д зааснаар 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр улирал хүртэл байгуулсан боловч гэрээний хугацаа дууссан, мөн Ковид-19 цар тахал өвчний улмаас бараа материал, түүхий эдийн үнэ өссөнтэй холбоотойгоор 1 м.кв талбайн үнийг нэмэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. Албан тоотоор нэхэмжлэгчид гэрээний хугацаа дууссан учир гэрээ цуцлагдаж байгаа талаар мэдэгдсэн. Мөн ******* ******* ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь А.Идэр байхад нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг ерөнхий захирал Г.Гантулга гэдэг хүн баталсан байгаа хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Тус маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг ******* ******* ХХК нь өөр захиалагчид худалдсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв. гэж татгалзжээ.

 

4.Хариуцагч Марч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Ш.*******той Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулаагүй. ******* ******* ХХК нь маргаан бүхий орон сууцны өмчлөгч байгаа тул улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөх боломжгүй гэж татгалзсан байна.

 

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь ******* ******* ХХК-тай гэрээ байгуулах үед орон сууц ашиглалтад ороогүй, захиалга авсаар байсан учир өөр бусад этгээдтэй байгуулсан гэрээний талаар огт мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан. Энэ талаар ******* ******* ХХК нь ямар нэгэн зүйл хэлээгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмнөх гэрээг нь хүчингүй болсон байсан гэж тайлбарладаг. Би орон сууцны өмчлөх эрхийг Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шударгаар олж авсан гэх агуулгаар тайлбар гаргажээ.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

******* ******* ХХК, Ш.******* нарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ нэртэй гэрээ байгуулагдаж, гүйцэтгэгч ******* ******* ХХК нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах, Поларис апартмент-1 хотхоны П-1, С блок, 1 орц, 9 давхар, 901 тоотод байрлах, 57,44 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьж ашиглалтад оруулж, захиалагч талд хүлээлгэн өгөх, захиалагч Ш.******* нь 1 м.кв талбайн үнийг 1,300,000 төгрөгөөр тооцон нийт 74,672,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр 40,000,000 төгрөгийг бэлнээр, үлдэх 34,672,000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сараас эхлэн 1 жилийн хугацаанд хуваарийн дагуу төлж барагдуулах үүргийг тус тус хүлээхээр харилцан тохиролцжээ.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1.1-т Энэхүү гэрээний ерөнхий хугацаа 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр улирал, гэрээний 2.1.2-т Гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг 2021 оны 1 дүгээр улиралд барьж ашиглалтад оруулах гэж тохиролцсон байх боловч уг орон сууц ашиглалтад ороогүй болох нь хариуцагч Марч ******* ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Поларис Апартмент -1 орон сууцны төслийн С блокийн барилгын ажил 90 хувьтай явагдаж, 2023 оны 3 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна гэх тодорхойлолт, гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

7. Нэхэмжлэгч тал нь талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж тайлбарлан үүргийн гүйцэтгэлийг шаарджээ.

Гэрээний тохиролцоо, зохигчдын тайлбар зэргээс үзвэл талууд тодорхой давхарт, өрөөний тоо, талбайн хэмжээ зэргийг тогтоон, орон сууц захиалж, үүний төлөө хөлс төлөх, нөгөө тал нь уг ажлын үр дүнг хүлээлгэж өгөхөөр тохирсон байх тул уг гэрээний харилцаа нь илүүтэйгээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа байна гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

8. Марч ******* ХХК нь ******* ******* ХХК-тай байгуулсан 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Цонх угсралтын ажил гүйцэтгэх гэрээ нэртэй гэрээний дагуу ажлын хөлсөнд маргаан бүхий орон сууцыг ******* ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн, ******* ******* ХХК нь Ш.*******той гэрээ байгуулсан талаар талууд маргаагүй, харин ******* ******* ХХК-ийн Ш.*******той байгуулсан гэрээний хүчин төгөлдөр байдал, талууд гэрээг цуцалсан, гэрээнээс татгалзсан эсэх талаар маргажээ.

Хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь А.Идэр байдаг. Гэтэл нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг ерөнхий захирал Г.Гантулга гэдэг хүн баталсан, ерөнхий захирал гэрээ байгуулах эрхгүй учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус болно гэх агуулгаар тайлбар гаргасан.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч ******* ******* ХХК-ийн ерөнхий захирал гэрээ байгуулах эрхгүй, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гэрээ байгуулах эрхтэй талаарх баримтыг ирүүлээгүй, өөрийн татгалзлын үндэслэлээ хариуцагч ******* ******* ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Мөн гэрээний хугацаа дуусгавар болох нь талуудын хооронд байгуулсан гэрээг цуцлах үндэслэл болохгүй тул хариуцагч ******* ******* ХХК-ийн энэ талаар гаргасан татгалзлыг хангах үндэслэлгүй.

 

9. Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 1.4, 2.2.1-т гэрээний нийт үнийг 74,672,000 төгрөг, үүнээс гэрээ байгуулсан өдөр 40,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сараас эхлэн 1 жилийн хугацаанд сар бүр үлдэгдэл 34,672,000 төгрөгийг тус тус хуваарийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч Ш.******* нь төлбөрийг бүрэн төлсөн талаар талууд маргаагүй ба төлбөрийг бүрэн төлсөн болох нь Голомт банк ХК-ийн төлбөрийн баримтуудаар тогтоогдож байна. /хх-15-19/

 

10. Гэрээний 8.4-т талууд харилцан тохиролцож гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах эрхтэй ба тус өөрчлөлт нь талууд гарын үсэг зурж, тамга дарснаар хүчин төгөлдөр үйлчилнэ гэж тохиролцжээ.

Хариуцагч ******* ******* ХХК нь гэрээний 1.5-д зааснаар захиалгын орон сууцны 1 м.кв талбайн үнэ болох 1,300,000 төгрөгийг 1,800,000 төгрөг болгон нэмэгдүүлж, үнийн өсөлтийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гэрээг цуцлах тухай 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 22/01 дугаартай мэдэгдлийг нэхэмжлэгч Ш.*******од хүргүүлсэн байх боловч нэхэмжлэгч Ш.******* нь тухайн саналыг хүлээн авах боломжгүй байдлаа илэрхийлсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

Зохигчид гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй байх тул гэрээний 1.5-т заасан нөхцөл буюу 1 м.кв талбайн үнийг 1,300,000 төгрөг байх тохиролцоо хэвээр үлджээ.

Гэрээний 4.2.4-т Гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаанд гэрээний үнэд өөрчлөлт оруулахгүй, 6.2.2-т Гэрээний аль нэг тал үүргээ биелүүлээгүйгээс нөгөө тал гэрээг цуцлах эрхтэй гэж заасан ба зохигчид гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй, харилцан тохиролцоонд хүрээгүй байх нь гэрээг цуцлах үндэслэл болохгүй.

Түүнчлэн хариуцагч ******* ******* ХХК нь Ковид-19 цар тахал өвчний улмаас бараа материал, түүхий эдийн үнэ өссөнтэй холбоотойгоор 1 м.кв талбайн үнийг нэмэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн, үүний улмаас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Ш.*******од хүлээлгэн өгөх боломжгүй болсон, гэрээнээс татгалзсан гэх боловч энэ талаарх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны үүргийн дагуу шүүхэд ирүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгч Ш.******* нь гэрээний 2.2.1-т заасан төлбөр төлөх үүргийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар биелүүлсэн байх тул хариуцагч ******* ******* ХХК нь гэрээний 4.2.1-т зааснаар орон сууцыг захиалагч талын өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй.

Иймд нэхэмжлэгч Ш.*******ыг Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Поларис Апартмент 1, С блок, 1 орц, 9 давхар, 901 тоотод байрлах, 57.44 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг гэрээнд заасан үнээр өмчлөх эрхтэй болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

11. 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээний 4.2.8-д Орон сууцыг захиалагч талын өмчлөлд шилжүүлэхэд шаардагдах баримт бичгийг саадгүй гаргаж өгөх гэж зааснаар хариуцагч ******* ******* ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэхэд шаардагдах баримт бичгийг нэхэмжлэгч Ш.*******од гаргаж өгөх үүрэгтэй байна.

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзвэл нэхэмжлэгч Ш.*******, хариуцагч Марч ******* ХХК-ийн хооронд гэрээ байгуулагдаагүй, маргаан бүхий орон сууц нь хариуцагч ******* ******* ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө болохыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хариуцагч Марч ******* ХХК-иас шүүхэд ирүүлжээ.

Иймд хариуцагч Марч ******* ХХК-д холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэгч Ш.*******ын нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

12. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд В.******* нь ******* ******* ХХК-тай 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 01 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 97,000,000 төгрөгийг ******* ******* ХХК-ийг шилжүүлсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгч Ш.*******, хариуцагч ******* ******* ХХК-ийн нарын хооронд байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэлгүй тул гэрээний 1.8-д заасны дагуу хариуцагч ******* ******* ХХК нь гэрээнд заасан орон сууцыг давхардуулан худалдахгүй байх үүрэгтэй.

Хариуцагч ******* ******* ХХК-аас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад ...захиалагчийн нийт хуралдаан, хувьчилсан уулзалтаар нэхэмжлэгчид орон сууцыг гуравдагч этгээдэд худалдах талаар мэдэгдэж байсан. Гуравдагч этгээдэд ч мөн тухайн маргаантай орон сууцыг мэдэгдэж байсан. Ш.*******оос авсан захиалгын мөнгийг буцааж өгөхөөр яригдаж байсан... гэх тайлбар гаргаж байх тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шударга өмчлөгч гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзлээ.

 

13. Хариуцагч Марч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

14.Нэхэмжлэгч Ш.*******оос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 601,510 /531,310+70,200/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-аас 601,510 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.*******од олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.*******ыг Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Поларис апартмент 1, С блок, 1 орц, 9 давхар 901 тоотод байрлах, 57.44 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, орон сууцыг ашиглалтад орсны дараа үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг нэхэмжлэгч Ш.*******од хүлээлгэж өгөхийг хариуцагч ******* ******* ХХК-д даалгаж, хариуцагч Марч ******* ХХК-д холбогдох нэхэмжлэгч Ш.*******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.*******оос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 601,510 /531,310+70,200/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-аас 601,510 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.*******од олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ