Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2019/01445

 

“З” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/01580 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “З” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Эт холбогдох,

 

Орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Бадрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэдцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “З” ХХК болон иргэн Б.Э нарын хооронд 2016.06.13-ны өдөр 009 дугаартай "Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдсан. Гэрээгээр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баяжих цогцолбор хотхоны А блок, 1 дүгээр орц, 8 давхрын 34 тоот, 73,4 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 153 406 000 төгрөгөөр буюу барилгын гүйцэтгэгч компанийн ажилтанд хөнгөлөлттэй үнээр худалдахаар тохиролцсон. Худалдагч бидний зүгээс үүргээ биелүүлж орон сууцыг худалдан авагчид шилжүүлсэн боловч худалдан авагч Б.Э гэрээний төлбөрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд ямар ч төлөлт хийгээгүй. Дээрх гэрээний 8.2.2-т Захиалагч нь энэ гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т заасан хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй 30-аас дээш хоногоор хэтрүүлсэн бол гүйцэтгэгч энэхүү гэрээг цуцална гэж заасны дагуу нэхэмжлэгчээс 2017.08.22-ны өдөр, 2018.12.14-ний өдрийн албан тоотыг тус тус хүргүүлж, талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээг цуцалж орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардсан. Барилга ашиглалтад орсны дараа “З” ХХК хариуцагчийн эзэмшиж байгаа байрыг сонгон авч, хариуцагчид зарахаар гэрээ хийсэн. Хариуцагчийн зүгээс бэлэглэлээр авсан гэдгээ нотлох баримт гаргаж өгөөгүй. Гэрээний төлбөрийн үүргээ Б.Э биелүүлэхгүй байсан учраас орон сууцыг буцааж, өөрийн өмчлөлд бүртгүүлэхээр Улсын бүртгэлийн газарт хандсан боловч Б.Э орон сууц захиалан бариулах гэрээ хүчин төгөлдөр байгаа, шилжүүлэхгүй гэсэн хүсэлт гаргаад Улсын бүртгэлийн газраас өмчлөлийн асуудлаа шийдээгүй гээд ажиллагааг түдгэлзүүлсэн байсан. Орон сууцыг захиалж бариулсан “Хуурмагнай” ХХК-иас маргаад байгаа орон сууцыг “З” ХХК өмчилнө, захиран зарцуулах эрх нь “З” ХХК-д байгаа гэсэн тайлбараа бичгээр ирүүлсэн. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэж байна. Хариуцагч нь байрыг чөлөөлж өгөх талаар ямар нэгэн арга хэмжээг авахгүй байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийг үндэслэн шүүхэд хандсан. Иймд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баяжих цогцолбор хотхоны А блок, 1 дүгээр орц, 8 давхрын 34 тоот орон сууцыг иргэн Б.Эын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Монгол Улсын хуулийн этгээд болох “Цахим гал” ХХК-д ажилладаг. “Цахим гал” ХХК 2014.05.01-ний өдөр БАГ-2014/01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг гадаадын хөрөнгө оруулалттай “Хуурмагнай” ХХК-тай байгуулсан. Уг гэрээгээр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээтэй 166 айлын орон сууцны зориулалттай 16 давхар бүрэн цутгамал бетонон хийцтэй Баяжих цогцолборын барилгын ажлыг гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. “Цахим гал” ХХК гэрээнд заасан хугацаанд, тогтоосон төсөвт багтаан барилгын ажлыг чанартай гүйцэтгэн 2016.01.27-ны өдөр Баяжих цогцолборын барилгыг барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисст хүлээлгэн өгсөн. “Цахим гал” ХХК-ийн гүйцэтгэсэн ажилд “Хуурмагнай” ХХК-ийн Ерөнхий захирал Рави Кришнадас Жагасиа сэтгэл ханамжтай байж, 2016.02 сард “Цахим гал” ХХК болон Баяжих зууч ХХК-ийн нэр бүхий 5 ажилтан, тэдгээрийн гэр бүл тус бүрт Баяжих цогцолбороос сонгосон орон сууцнуудыг бэлэглэж, өөрийн гэртээ урьж, орон сууцны түлхүүр бүрийг өөрийн сонгосон болор тавганд хийн бэлэглэж байсан. Энэ 5 ажилтны нэг нь би билээ. Миний бие болон манай гэр бүл энэхүү орон сууцыг бэлэглэсэн гэж ойлгон хүлээн авсан бөгөөд 2016.02 сард өөрийн хөрөнгөөр зохих засвар, засал чимэглэлийн ажлыг хийж тохижуулан орсон. Орон сууцанд орсны дараа “Цахим гал” ХХК, “Хуурмагнай” ХХК-ийн мэдэгдэл, шаардлагаар “З” ХХК-тай 2016.06.13-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан. Надад З компаниас албан ёсоор ямар ч мэдэгдэл ирж байгаагүй бөгөөд “Цахим гал” ХХК болон “Хуурмагнай” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал Рави Кришнадас Жагасиа нарын хооронд үүссэн маргааны улмаас миний бие хохирч байна. Иймд “З” ХХК-ийн гаргасан Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баяжих цогцолбор хотхоны А блок, 1 дүгээр орц, 8 давхрын 34 тоот, 73,4 м.кв талбай бүхий орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Баяжих цогцолбор хотхон, А блок, 1 дүгээр орц, 8 давхрын 34 тоот хаягт байршилтай, 73,4 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг чөлөөлж өгөхийг хариуцагч Б.Эт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 924 980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 20 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн Улсын тэмдэгтийн хураамжийн данснаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч Б.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 924 980 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “З” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхэд гаргаж байсан тайлбарт дурдсанчлан хариуцагч Б.Э нь маргаан бүхий орон сууцны цогцолбор буюу "Баяжих" цогцолборын барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн компанийн ажилтан бөгөөд цогцолборын барилгын ажлыг тохиролцсон хугацаанд зохих чанар, стандарт, шаардлагыг хангаж хийж гүйцэтгэсэн учраас захиалагч хуулийн этгээд буюу "Хуурмагнай" ХХК-н хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч Рави Крашнадас Жагасиа нэр бүхий 5 хүнд орон сууцыг бодит үйлдлээрээ бэлэглэж, орон сууцны түлхүүрийг гардуулан өгсөн байдаг. Хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээр дурдсан нөхцөл байдлыг тодруулахаар гэрчүүдийг асуулгасан бөгөөд хууль сануулж асуусан гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх нь зүйтэй. Гэвч анхан шатны шүүх дээрх баримтуудыг үнэлэлгүй маргааныг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Дээрх цогцолборын ажлыг хийж гүйцэтгэсэнтэй холбоотой захиалагч, гүйцэтгэгч компанийн хооронд төлбөрийн үлдэгдлийн асуудал байсан бөгөөд захиалагч "Хуурмагнай" ХХК нь гэрээний дагуу өгөх ёстой хөрөнгө оруулалтаа бүрэн оруулаагүйгээс "Цахимгал" ХХК-н санхүүгийн байдал хүндэрсэн ба энэ талаар захиалагч компанийн хувьцаа эзэмшигч Рави Крашнадас Жагасиа-д хэлэхэд та нарт бэлэглэсэн орон сууцыг ипотекийн 8 хувийн зээлд хамруулж, банкнаас зээл аваад эхний ээлжний санхүүгийн асуудлаа шийдвэрлэж болох юм байна гэснийг хүлээн зөвшөөрч бэлэглэлээр авсан орон сууцуудыг захиалан бариулах гэрээг "Зенит интеллейженс корпорейнг лимитед" ХХК-тай байгуулсан. Гэвч худалдагч тал нь банкны тавьсан ипотекийн зээл авах шаардлагыг хангаж чадаагүй тул талуудын хооронд 2016 оны 06 сарын 13-ны өдөр байгуулагдсан 009 дугаартай "Орон сууц захиалан бариулах гэрээ"-ний дагуу зээл авч чадаагүй. Нэхэмжлэгч болон хариуцагч нар "Орон сууц захиалан бариулах гэрээ"-г талуудад үүрэг үүсгэх зорилгоор бус зөвхөн банкны зээлд хамрагдах зорилгоор байгуулсан болох нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.3 дах зүйлийн 1 дэх хэсэгт "Урьдчилгаа төлбөр - гэрээний нийт үнийн дүнгийн 30 хувь буюу 46 021 800 төгрөгийг төлсөн" гэсэн заалтаас тодорхой харагддаг. "Зенит интеллейженс корпорейнг лимитед" ХХК болон Б.Э нарын 2016.06.12-ны өдөр байгуулсан "Орон сууц захиалан бариулах тухай гэрээ" нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т "дүр үзүүлэн хийсэн хэлцэл" хамаарах хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсанчлан "Үл хөдлөх эд хөрөнгийн хувьд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар талуудын байгуулсан "Орон сууц захиалан бариулах тухай гэрээ"-г нотариатаар батлуулах хэлбэрийн шаардлага тавьсан бөгөөд ийнхүү хэлбэрийн шаардлага хангаагүй хэлцэл нь хүчин төгөлдөр бус. Гэтэл анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж, хуулийг буруу тайлбарлан нэхэмжлэгч талд ашигтай байдлаар шийдвэрлэж, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шаардах эрхтэй байна гэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч “З” ХХК нь нь хариуцагч Б.Эт холбогдуулан Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Баяжих цогцолбор хотхон, А блок, 1 дүгээр орц, 8 давхрын 34 тоот хаягт байршилтай, 73,4 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “орон сууцыг бэлэглэлийн гэрээний дагуу хууль ёсоор өмчлөлдөө шилжүүлэн авсан” гэж маргажээ. /хх-29-30/

 

Талуудын хооронд 2016 оны 06 сарын 13-ны өдөр нэхэмжлэгч “З” ХХК нь Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Баяжих цогцолбор хотхон, А блок, 1 дүгээр орц, 8 давхрын 34 тоот, 73,4 м.кв, 3 өрөө орон сууцыг Б.Эт барьж өгөх, Б.Э нь орон сууцны төлбөрт 153 406 000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээхээр харилцан тохиролцжээ. /хх-4-6/

 

Маргаан бүхий орон сууцны барилгыг Х ХХК захиалан бариулж, 2016 оны 01 сарын 27-ны өдрийн 49/2016 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар ашиглалтад оруулсан, орон сууцны өмчлөгч нь “Х” ХХК байсан талаар талууд маргаагүй. /хх-17-19/

 

Маргаан бүхий орон сууцыг хариуцагч өмчлөлдөө шилжүүлж авсан эсэхэд маргаж байна.

 

Хэргийн баримтаар “Х” ХХК болон нэхэмжлэгч нар нь 2014 оны 02 сарын 17-ны өдөр хэлцэл байгуулж, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Х” ХХК-ийн орон сууц барих зөвшөөрөл, газар эзэмших эрхийг үндэслэн хэрэгжүүлэх Баяжих цогцолбор төслийг хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч компаниас хөрөнгө оруулах, барилгын ажил дуусахад оруулсан хөрөнгөд дүйцэхүйц талбайн хэмжээ бүхий орон сууцыг “Х” ХХК хуваарилахаар харилцан тохиролцжээ. /хх-65-68/

 

Хавтаст хэргийн 71 дүгээр талд авагдсан бичгийн баримтаар “Х” ХХК нь маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч “З” ХХК-д шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон.

 

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч өөрийн өмчийн зүйлээ чөлөөтэй эзэмших, ашиглах, үр шимийг хүртэх, захиран зарцуулах эрхтэй, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс буцаан шаардах, өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй юм. Иймд хариуцагчаас нэхэмжлэгчийн өмчлөлийн зүйл болсон орон сууцыг чөлөөлж өгөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 276.2 дахь хэсэгт зааснаар бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулагдсан тооцно. Мөн зүйлийн 276.3 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэлээр шилжүүлж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар тухайн хэлцэл болон холбогдох бусад баримтыг нотариатаар гэрчлүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх журамтай байна. Гэтэл хариуцагч хариуцагч Б.Э нь маргаан бүхий орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр  хуульд заасан журмын дагуу өмчлөгчөөс шилжүүлж авсан гэх баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

 

Түүнчлэн хариуцагч талын хүсэлтээр гэрчээр асуугдсан гэрч нар нь хариуцагчийг хуульд заасан журмын дагуу бэлэглэлийн гэрээ байгуулж орон сууцыг өмчлөлдөө шилжүүлж авсан гэх нөхцөл байдлыг нотлоогүй, зөвхөн орон сууцыг эзэмшилдээ шилжүүлсэн гэдгийг нотолсон гэж үзнэ. Иймд энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй юм.

 

Мөн хариуцагч тал нь худалдах худалдан авах гэрээг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулсан гэж тайлбарлах боловч хэрэгт “худалдах худалдан авах гэрээг ипотекийн зээлийн гэрээ байгуулах замаар Х ХХК-д санхүүжилт босгох, зээл төлөх үүргийг хариуцагч хүлээхгүйгээр тохиролцсон” гэх байдлыг нотлох баримт авагдаагүй. Дан ганц гэрч нарын мэдүүлгээр уг байдлыг эргэлзээгүй нотолсон гэж үзэх боломжгүй байна.

 

Харин анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт нэхэмжлэгч байгууллагын нэрийг “З компани” гэж бичсэнийг “З ХХК” гэж, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч “З” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Баяжих цогцолбор хотхон, А блок, 1 дүгээр орц, 8 давхрын 34 тоот хаягт байршилтай, 73,4 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг чөлөөлж өгөхийг хариуцагч Б.Эт даалгасугай” гэж өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/01580 дугаар шийдвэрийн удиртгал хэсгийн “З компани” гэснийг “З ХХК” гэж, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмлэгч “З” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Баяжих цогцолбор хотхон, А блок, 1 дүгээр орц, 8 давхрын 34 тоот хаягт байршилтай, 73,4 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг чөлөөлж өгөхийг хариуцагч Б.Эт даалгасугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 924 980 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                М.НАРАНЦЭЦЭГ

 

                                         ШҮҮГЧИД                                Ч.ЦЭНД

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД