Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2021/00099

 

 

.. интеллейженс корпорейшн

лимитед ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн       

          2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/01580 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1445 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: .. интеллейженс корпорейшн лимитед ХХК

          Хариуцагч: Б.Э-

          Орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч Ж.Чимэдцэрэнгийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ, хариуцагчийн төлөөлөгч Ж.Чимэдцэрэн, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов .

          Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: .. Интеллейженс Корпорейшн Лимитед ХХК болон  Б.Э- нарын хооронд 2016-06-13-ны өдөр 009 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдсан. Гэрээгээр БЗД-н 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Баяжих цогцолбор хотхоны А блок, 1 дүгээр орц, 8 давхрын 34 тоот, 73,4 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 153,406,000 төгрөгөөр буюу барилгын гүйцэтгэгч компанийн ажилтанд хөнгөлөлттэй үнээр худалдахаар тохиролцсон. Худалдагч бидний зүгээс үүргээ биелүүлж орон сууцыг худалдан авагчид шилжүүлсэн боловч худалдан авагч Б.Э- гэрээний төлбөрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд ямар ч төлөлт хийгээгүй. Дээрх гэрээний 8.2.2-т Захиалагч нь энэ гэрээний 3.3-т заасан хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй 30-с дээш хоногоор хэтрүүлсэн бол гүйцэтгэгч энэхүү гэрээг цуцална гэж заасны дагуу нэхэмжлэгчээс 2017-08-22-ны өдөр, 2018-12-14-ний өдрийн албан тоотыг тус тус хүргүүлж, гэрээг цуцалж орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардсан. Барилга ашиглалтад орсны дараа .. Интеллейженс Корпорейшн Лимитед ХХК хариуцагчийн эзэмшиж байгаа байрыг сонгон авч, хариуцагчид зарахаар гэрээ хийсэн. Хариуцагчийн зүгээс бэлэглэлээр авсан гэдгээ нотлох баримт гаргаж өгөөгүй. Гэрээний төлбөрийн үүргээ Б.Э- биелүүлэхгүй байсан учраас орон сууцыг буцааж, өөрийн өмчлөлд бүртгүүлэхээр Улсын бүртгэлийн газарт хандсан боловч Б.Э- орон сууц захиалан бариулах гэрээ хүчин төгөлдөр байгаа, шилжүүлэхгүй гэсэн хүсэлт гаргаад Улсын бүртгэлийн газраас өмчлөлийн асуудлаа шийдээгүй гээд ажиллагааг түдгэлзүүлсэн байсан. Орон сууцыг захиалж бариулсан Хуурмагнай ХХК-с маргаад байгаа орон сууцыг .. Интеллейженс Корпорейшн Лимитед ХХК өмчилнө, захиран зарцуулах эрх нь .. Интеллейженс Корпорейшн Лимитед ХХК-д байгаа гэсэн тайлбараа бичгээр ирүүлсэн. Тийм учраас нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэж байна. Хариуцагч нь байрыг чөлөөлж өгөх талаар ямар нэгэн арга хэмжээг авахгүй байх тул ИХ-н 106-р зүйлийг үндэслэн шүүхэд хандсан. Иймд 34 тоот орон сууцыг иргэн Б.Э-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

        Хариуцагч тайлбартаа:Би Цахим гал ХХК-д ажилладаг. Цахим гал ХХК 2014-05-01-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээг гадаадын хөрөнгө оруулалттай Хуурмагнай ХХК-тай байгуулсан. Уг гэрээгээр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээтэй 166 айлын орон сууцны зориулалттай 16 давхар бүрэн цутгамал бетонон хийцтэй Баяжих цогцолборын барилгын ажлыг гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Цахим гал ХХК гэрээнд заасан хугацаанд, тогтоосон төсөвт багтаан барилгын ажлыг чанартай гүйцэтгэн 2016-01-27-ны өдөр Баяжих цогцолборын барилгыг барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисст хүлээлгэн өгсөн. Цахим гал ХХК-ийн гүйцэтгэсэн ажилд Хуурмагнай ХХК-ийн Ерөнхий захирал Рави Кришнадас Жагасиа сэтгэл ханамжтай байж, 2016-02 сард Цахим гал ХХК болон Баяжих зууч ХХК-ийн нэр бүхий 5 ажилтан, тэдгээрийн гэр бүл тус бүрт Баяжих цогцолбороос сонгосон орон сууцнуудыг бэлэглэж, өөрийн гэртээ урьж, орон сууцны түлхүүр бүрийг өөрийн сонгосон болор тавганд хийн бэлэглэж байсан. Энэ 5 ажилтны нэг нь би юм. Миний бие болон манай гэр бүл энэхүү орон сууцыг бэлэглэсэн гэж ойлгон хүлээн авсан бөгөөд 2016-02 сард өөрийн хөрөнгөөр зохих засвар, засал чимэглэлийн ажлыг хийж тохижуулан орсон. Орон сууцанд орсны дараа Цахим гал ХХК, Хуурмагнай ХХК-ийн мэдэгдэл, шаардлагаар .. Интеллейженс Корпорейшн Лимитед ХХК-тай 2016-06-13-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан. Надад .. интеллейженс корпорейшн лимитед компаниас албан ёсоор ямар ч мэдэгдэл ирж байгаагүй бөгөөд Цахим гал ХХК болон Хуурмагнай ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал Рави Кришнадас Жагасиа нарын хооронд үүссэн маргааны улмаас миний бие хохирч байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 101/ШШ2019/01580 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Баяжих цогцолбор хотхон, А блок, 1 дүгээр орц, 8 давхарын 34 тоот хаягт байршилтай, 73,4 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг чөлөөлж өгөхийг Б.Э-т даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 924,980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 20 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн Улсын тэмдэгтийн хураамжийн данснаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, Б.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 924,980 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1445 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/01580 дугаар шийдвэрийн удиртгал хэсгийн “.. Интеллейженс Корпорейшн Лимитед компани” гэснийг “.. Интеллейженс Корпорейшн Лимитед ХХК” гэж, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан, .. Интеллейженс Корпорейшн Лимитед ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Баяжих цогцолбор хотхон, А блок, 1 дүгээр орц, 8 давхрын 34 тоот хаягт байршилтай, 73,4 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг чөлөөлж өгөхийг хариуцагч Б.Э-т даалгасугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлын хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 924,980 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсэн байна.

         Хариуцагчийн төлөөлөгч Ж.Чимэдцэрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  Шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэргийн бодит нөхцөл байдал, гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдал зэргийг зөв тодорхойлж чадаагүй бөгөөд тус шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаж чадаагүй.  Б.Э- нь маргаан бүхий орон сууцны цогцолбор буюу “Баяжих” цогцолборын барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн компанийн ажилтан бөгөөд цогцолборын барилгын ажлыг тохиролцсон хугацаанд зохих чанар, стандарт, шаардлагыг хангаж хийж гүйцэтгэсэн учраас захиалагч хуулийн этгээд буюу “Хуурмагнай” ХХК-н хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч Рави Крашнадас Жагасиа нэр бүхий 5 хүнд орон сууцыг бодит үйлдлээрээ бэлэглэж, орон сууцны түлхүүрийг гардуулан өгсөн байдаг. Хариуцагчийн зүгээс ХХША-ны явцад дээр дурдсан нөхцөл байдлыг тодруулахаар гэрчүүдийг асуулгасан бөгөөд хууль сануулж асуусан гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх нь зүйтэй юм. Гэрчүүдийн хувьд бодит болсон үйл баримтын талаар буюу хөрөнгө оруулагч Рави Крашнадас Жагасиа нэр бүхий 5 ажилтанд орон сууцыг бэлэглэсэн талаар, ямар учраас гэрээ байгуулсан талаар тодорхой мэдүүлгүүдийг өгсөн байхад баримтуудыг үнэлээгүй бөгөөд хариуцагч орон сууцыг бэлэглэлээр авсан нөхцөл байдлыг нотлоогүй гэж маргааныг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн тухайн үед орон сууц нь хөрөнгө оруулсан гэх оффшор бүсэд байрлах аль компанид очих нь тодорхой бус байсан учир бэлэглэлийн гэрээ бичгээр байгуулаагүй бөгөөд энэхүү нөхцөл байдлыг анхааран үзэж маргааныг шийдвэрлэх ёстой байсан. Дээрх цогцолборын ажлыг хийж гүйцэтгэсэнтэй холбоотой захиалагч, гүйцэтгэгч компанийн хооронд төлбөрийн үлдэгдлийн асуудал байсан бөгөөд захиалагч “Хуурмагнай” ХХК нь гэрээний дагуу өгөх ёстой хөрөнгө оруулалтаа бүрэн оруулаагүйгээс “Цахимгал” ХХК-н санхүүгийн байдал хүндэрсэн ба энэ талаар захиалагч компанийн хувьцаа эзэмшигч Рави Крашнадас Жагасиа-д хэлэхэд та нарт бэлэглэсэн орон сууцыг ипотекийн 8 хувийн зээлд хамруулж, банкнаас зээл аваад эхний ээлжний санхүүгийн асуудлаа шийдвэрлэж болох юм байна гэснийг хүлээн зөвшөөрч бэлэглэлээр авсан орон сууцуудыг захиалан бариулах гэрээг .. интеллейженс корпорейшн лимитед ХХК-тай байгуулсан. Гэвч худалдагч тал нь банкны тавьсан ипотекийн зээл авах шаардлагыг хангаж чадаагүй тул талуудын хооронд 2016-06-13-ны өдөр байгуулагдсан 009 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-ний дагуу зээл авч чадаагүй, тухайн хэлцлээр тохиролцсон үр дагаварт хүрч чадаагүй. Нэхэмжлэгч болон хариуцагч нар “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г талуудад үүрэг үүсгэх зорилгоор бус зөвхөн банкны зээлд хамрагдах зорилгоор байгуулсан болох нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.3 дах зүйлийн 1 дэх хэсэгт Урьдчилгаа төлбөр - гэрээний нийт үнийн дүнгийн 30% буюу 46,021,800 төгрөгийг төлсөн, 2 дах хэсэгт нийт үнийн дүнгийн 70% болох 107,384,200 төгрөгийг ипотөкийн 8%-н зээлээр төлж барагдуулна гэсэн заалтуудаас тодорхой харагддаг. Ийнхүү 30%-гн төлсөн гэсэн агуулгатай заалт гэрээнд оруулах нь банканд үзүүлж урьдчилгаа төлбөрөө төлсөн учир үлдэгдэл 70%-г зээлээр санхүүжүүлж өгнө үү хэмээн хүсэлт тавих боломжтой болох юм. Хууль зүйн үндэслэлийн тухай. “.. интеллейженс корпорейнг лимитед” ХХК болон Б.Э- нарын 2016-6-13-ны өдөр байгуулсан “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ” нь анхнаасаа талуудад эрх үүрэг үүсгэх зорилгоор байгуулагдаагүй бөгөөд зөвхөн бэлэглэгч, бэлэг хүлээн авагч нарын тохиролцооны дагуу компанийн санхүүгийн асуудлыг цэгцлэх зорилгоор байгуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдох бөгөөд уг хэлцэл нь ИХ-н 56.1.2-т “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” хамаарах хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна. Мөн ИХ-н 109.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана.” гэж үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх хэлцлийг бичгээр байгуулан нотариатаар батлуулах хэлбэрийн шаардлага тавьсан бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй хэлцэл нь ИХ-н 56.1.8-т “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл;” хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарах юм. Ийнхүү хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шаардаж буй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй болно. Гэтэл шүүхээс нэхэмжлэгч компанид өмчлөх эрхийг олгосон тул ИХ-н 106.1-т зааснаар шаардах эрхтэй байна гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч этгээдийн өмчлөх эрхтэй гэсэн улсын бүртгэлийн гэрчилгээ байхгүй, хариуцагч нь орон сууцны цогцолборыг захиалан бариулсан этгээдээс орон сууцыг бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болж буй “Орон сууц захиалан бариулах гэрээ” гэх гэрээ нь хуульд заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарч байгаа зэрэг нөхцөл байдлаас харвал давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ИХ-н 106.1-т зааснаар шаардах эрхтэй эсэх нөхцөл байдал нь үгүйсгэгдэх юм. Дээр дурдсан шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

        .. интеллейженс корпорейшн лимитед ХХК 2019-02-04-ний өдөр шүүхэд хандаж, “...гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлөөгүй..” гэж Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16-р хороо, Баяжих цогцолбор хотхоны А блок, 34 тоот 3 өрөө орон сууцыг  Б.Э-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхижээ.

        Хариуцагч талын гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        1. Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. 

        Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Түүнчлэн, гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагчаар монгол хэл дээр орчуулуулсан байна.  

        Хэрэгт, нэхэмжлэгчийн эрх зүйн байдал болон иргэний эрх зүйн чадвартай холбоотой  баримтын эх хувь эсхүл түүний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар авагдаагүй байна.       Дурдсан баримт хэрэгт байхгүй тул гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтын орчуулга бүхий \хх7-10\ баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2, 7 дугаар зүйлийн 7.2-7.4., 38 дугаар зүйлийн 38.5, 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчжээ.    

       Дээр дурдсантай холбоотойгоор, .. интеллейженс корпорейшн лимитед ХХК олгосон гэх итгэмжлэлээр төлөөлөгчийг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35,36 дугаар зүйлд нийцээгүй байна.    

       Түүнчлэн, .. интеллейженс корпорейшн лимитед ХХК-г 2017-06-22-ны өдрийн байдлаар Р.Рави гэх захирал төлөөлөх эрхтэй байсан /хх8,10/ эсэх нь тодорхойгүй, Р.Рави нь RAVI KRISHNADAS JAGASIA гэх хүн мөн эсэх тухай баримтгүй байгаа тул  2016-06-13-ны өдрийн 009 дугаартай гэрээ /хх4-6/,орон сууц чөлөөлүүлэх тухай 2017-06-22-ны өдрийн мэдэгдэл /хх14/ гэх баримтын талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх, улмаар хэргийг эцэслэн шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-г зөрчинө.      

       2. Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Нэхэмжлэгч маргааны зүйл болсон хөрөнгийг өмчлөх эрхтэй тухай баримт хэрэгт байхгүй байхад шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-г баримталсан нь үндэслэлгүй байна.

       3. Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хяналтын шатны шүүхээс өөрчлөлт оруулах боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

       1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/01580 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1445 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн 924,980 төгрөгийг хариуцагчид шүүгчийн захирамжаар буцааж олгосугай. 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЦОЛМОН

                                  ШҮҮГЧ                                                       Б.УНДРАХ