Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 1580

 

 

 

 

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2019/01580

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “З ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Э -т холбогдох,

 

Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Баяжих цогцолбор хотхон, А блок, 1 дүгээр орц, 8 давхарын 34 тоот хаягт байршилтай, 73,4 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бадамдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “З ” компанийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“З ” компани болон иргэн Б.Э  нарын хооронд 2016 оны 06 сарын 13-ны өдөр 009 дугаартай "Орон сууц захиалан бариулах гэрээ” байгуулагдсан. Гэрээгээр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баяжих цогцолбор хотхоны А блок, 1 дүгээр орц, 8 давхарын 34 тоот, 73,4 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 153,406,000 төгрөгөөр буюу барилгын гүйцэтгэгч компанийн ажилтанд хөнгөлөлттэй үнээр худалдахаар тохиролцсон. Худалдагч бидний зүгээс үүргээ биелүүлж орон сууцыг худалдан авагчид шилжүүлсэн боловч худалдан авагч Б.Э  гэрээний төлбөрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд ямар ч төлөлт хийгээгүй бөгөөд цаашид ч төлбөр төлөхгүй гэдгээ худалдан авагч өөрөө бидэнд хариу мэдэгдсэн. Дээрх гэрээний 8.2.2-т “Захиалагч нь энэ гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т заасан хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй 30-аас дээш хоногоор хэтрүүлсэн бол гүйцэтгэгч энэхүү гэрээг цуцална” гэж заасны дагуу нэхэмжлэгчээс 2017 оны 08 сарын 22-ны өдөр, 2018 оны 12 сарын 14-ний өдрийн албан тоотыг тус тус хүргүүлж, талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээг цуцалж орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардсан.

Нэхэмжлэгч нь энэ байрыг барихад хөрөнгө оруулсан бөгөөд оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хувь авахаар тохиролцсон болох нь 2014 оны харилцан ойлголцлын санамж бичгийн агуулгаас харагдана. Барилга ашиглалтад орсны дараа “З ” компани хариуцагчийн эзэмшиж байгаа байрыг сонгон авч, хариуцагчид зарахаар гэрээ хийсэн. Гэтэл хариуцагчийн зүгээс тухайн байрыг бэлэглэлээр авсан гэж маргаад байх шиг байна. Бэлэглэсэн гэж үзэж байгаа бол бэлэглэлийн гэрээг заавал бичгээр байгуулах ёстой. Хариуцагчийн зүгээс бэлэглэлээр авсан гэдгээ нотлох баримт гаргаж өгөөгүй. Тийм учраас бэлэглэлээр авсан гэх тайлбар нь үндэслэлгүй байна. Гэрээний төлбөрийн үүргээ Б.Э  биелүүлэхгүй байсан учраас орон сууцыг буцааж, өөрийн өмчлөлд бүртгүүлэхээр Улсын бүртгэлийн газарт хандсан боловч Б.Э  орон сууц захиалан бариулах гэрээ хүчин төгөлдөр байгаа, шилжүүлэхгүй гэсэн хүсэлт гаргаад Улсын бүртгэлийн газраас өмчлөлийн асуудлаа шийдээгүй гээд ажиллагааг түдгэлзүүлсэн байсан. Орон сууцыг захиалж бариулсан “Х ” ХХК-иас маргаад байгаа орон сууцыг “З ” компани өмчилнө, захиран зарцуулах эрх нь  “З ” компанид байгаа гэсэн тайлбараа бичгээр ирүүлсэн. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэж байна. Хариуцагч нь байрыг чөлөөлж өгөх талаар ямар нэгэн арга хэмжээг авахгүй байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийг үндэслэн шүүхэд хандсан. Иймд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баяжих цогцолбор хотхоны А блок, 1 дүгээр орц, 8 давхарын 34 тоот орон сууцыг иргэн Б.Э ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Б.Э  шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа:

“З ” компанийн нэхэмжлэлтэй танилцан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна. Миний бие Монгол Улсын хуулийн этгээд болох “Ц ” ХХК-д ажилладаг. “Ц ” ХХК 2014 оны 05 сарын 01-ний өдөр БАГ-2014/01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг гадаадын хөрөнгө оруулалттай “Х ” ХХК-тай байгуулсан байдаг. Уг гэрээгээр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээтэй 166 айлын орон сууцны зориулалттай 16 давхар бүрэн цутгамал бетонон хийцтэй Баяжих цогцолборын барилгын ажлыг гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. “Ц ” ХХК гэрээнд заасан хугацаанд, тогтоосон төсөвт багтаан барилгын ажлыг чанартай гүйцэтгэн 2016 оны 01 сарын 27-ны өдөр Баяжих цогцолборын барилгыг барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисст хүлээлгэн өгсөн. “Ц ” ХХК-ийн гүйцэтгэсэн ажилд “Х ” ХХК-ийн Ерөнхий захирал Р К Ж сэтгэл ханамжтай байж, 2016 оны 02 сард “Ц ” ХХК болон “Баяжих зууч” ХХК-ийн нэр бүхий 5 ажилтан, тэдгээрийн гэр бүл тус бүрт Баяжих цогцолбороос сонгосон орон сууцнуудыг бэлэглэж, өөрийн гэртээ урьж, орон сууцны түлхүүр бүрийг өөрийн сонгосон болор тавганд хийн бэлэглэж байсан. Энэ 5 ажилтны нэг нь би билээ. Миний бие болон манай гэр бүл энэхүү орон сууцыг бэлэглэсэн гэж ойлгон хүлээн авсан бөгөөд 2016 оны 02 сард өөрийн хөрөнгөөр зохих засвар, засал чимэглэлийн ажлыг хийж тохижуулан орсон. Орон сууцанд орсны дараа “Ц ” ХХК, “Х ” ХХК-ийн мэдэгдэл, шаардлагаар “З ” компанитай 2016 оны 06 сарын 13-ны өдөр “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г байгуулсан. Орон сууцны зээлд хамрагдахаар холбогдох бүхий л бичиг баримтыг бүрдүүлж Төрийн банкинд хандан зээлийг судлуулж, банкнаас орон сууц худалдан авах зээл олгох боломжтой гэсэн хариуг өгсөн боловч “Х ” ХХК болон “З ” компаниуд Төрийн банктай ипотекийн зээлтэй холбоотой гэрээ, хэлцлээ байгуулаагүйн улмаас биднийг зээл авах боломжгүй болгосон. Ипотекийн зээл бүтсэн тохиолдолд зээлийн мөнгөн хөрөнгийг “Х ” ХХК авч барилгын борлуулалт, маркетинг менежментийн зардалд зарцуулах байсан. Надад “З ” компаниас албан ёсоор ямар ч мэдэгдэл ирж байгаагүй бөгөөд “Ц ” ХХК болон “Х ” ХХК-ийн  үүсгэн байгуулагч, захирал Р К Ж нарын хооронд үүссэн маргааны улмаас миний бие хохирч байна. Миний бие нэхэмжлэлийн шаардлагад дурдсан орон сууцанд барилгын захиалагч “Х ” ХХК болон “З ” компанийн үүсгэн байгуулагч, захирал Р К Жгийн зөвшөөрлөөр нүүн орсон болохыг дахин тэмдэглэхийг хүсч байна. Иймд “З ” компанийн гаргасан Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баяжих цогцолбор хотхоны А блок, 1 дүгээр орц, 8 давхарын 34 тоот, 73,4 м.кв талбай бүхий орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “З ” компани нь хариуцагч Б.Э т холбогдуулан Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Баяжих цогцолбор хотхон, А блок, 1 дүгээр орц, 8 давхарын 34 тоот хаягт байршилтай, 73,4 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

 

Нэхэмжлэгч “З ” компани нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Б.Э  гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, тус компанийн өмчлөлийн орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа гэж, хариуцагч нь уг орон сууцыг түүнд бэлэглэсэн тул орон сууцыг чөлөөлж өгөх үндэслэлгүй гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

 

Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

- “Х ” ХХК болон “З ” компани нь 2014 оны 02 сарын 17-ны өдөр Хамтран ойлголцлын санамж бичиг үйлдэж, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Х ” ХХК-ийн орон сууц барих зөвшөөрөл, газар эзэмших эрхийг үндэслэн хэрэгжүүлэх Баяжих цогцолбор төслийг хэрэгжүүлэхэд “З ” компаниас хөрөнгө оруулах, барилгын ажил дуусахад оруулсан хөрөнгөд дүйцэхүйц талбайн хэмжээ бүхий орон сууцыг “Х ” ХХК хуваарилахаар харилцан тохиролцсон. /хх-65-68/

- “Х ” ХХК-аас орон сууцны барилгыг ашиглалтад оруулсны дараа тодорхой тооны орон сууцыг “З ” компанид шилжүүлсний дотор маргаан бүхий орон сууц хамаарч байгаа болохыг “Х ” ХХК орон сууцны өмчлөлийн талаар албан бичгээр тодорхойлсон. /хх-70, 71/

 

Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Баяжих цогцолбор хотхоны орон сууцны барилгыг “Х ” ХХК захиалан бариулж, 2016 оны 01 сарын 27-ны өдрийн 49/2016 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар ашиглалтад оруулсан байх бөгөөд маргааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь “Х ” ХХК байсан талаар зохигчид маргаагүй.

 

Хариуцагч нь маргаан бүхий орон сууцыг “Х ” ХХК-ийн захирал Р К Ж түүнд бэлэглэсэн гэх тайлбарыг гарган маргасан.

 

Иргэн, хуулийн этгээд нь хуульд зааснаар хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах эрхтэй ба Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өөрийн өмчийн зүйлээ бусдын эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор чөлөөтэй эзэмших, ашиглах, үр шимийг хүртэх, захиран зарцуулах эрхтэй, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс буцаан шаардах, өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. Өмчлөгч нь тухайн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмч мөн гэдгийг баталж, өмчлөгч гэдгээ нотолсон байх шаардлагатай.

 

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлэх, 273.2-т эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцохоор заасан бөгөөд хариуцагч нь маргаан бүхий орон сууцыг түүний эзэмшилд шилжүүлснээр бэлэглэлийн гэрээ байгуулагдсан нь нотлогдож байгаа гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

 

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.3-т хуулиар тогтоосон хэлбэрээр гэрээ хийснээр өмчлөх эрх үүсдэг хөрөнгийн хувьд бэлэглэлийн гэрээг тухайн хэлбэрээр хийхээр заасан бөгөөд үл хөдлөх хөрөнгийн хувьд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэхээр заасан. Мөн Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болохоор заасан

 

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлснээр хэлцэл хийсэнд тооцохоор заасан бөгөөд хариуцагч Б.Э ын хувьд маргаан бүхий орон сууцны бэлэглэлийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх тул маргаан бүхий орон сууцны талаар бэлэглэлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

“З ” компани нь маргаан бүхий орон сууцыг захиран зарцуулах эрхтэй “Х ” ХХК-аас шилжүүлсний дагуу орон сууцыг өмчлөх, эзэмших, захиран зарцуулах эрхтэй болсон нь хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд орон сууцны хууль ёсны өмчлөгч “Х ” ХХК-аас шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийн асуудлаар өмчлөгчийн шаардах эрхийг хэрэгжүүлэх эрхтэй.

 

“З ” компани болон Б.Э  нарын хооронд 2016 оны 06 сарын 13-ны өдөр 009 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр “З ” компани нь Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Баяжих цогцолбор хотхон, А блок, 1 дүгээр орц, 8 давхарын 34 тоот хаягт байршилтай, 73,4 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг Б.Э т барьж өгөх, Б.Э  нь орон сууцны төлбөрт 153,406,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээхээр харилцан тохиролцжээ. /хх-4-6/

 

Гэрээний агуулгаас үзэхэд орон сууц захиалан бариулахаар талууд харилцан тохиролцсон агуулга бүхий байх боловч хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар гэрээнд дурдсан орон сууц нь 2016 оны 01 сарын 27-ны өдөр ашиглалтад оруулсан барилгад хамаарч байх тул талуудын хооронд орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

Дээр дурдсан гэрээг байгуулсан талаар хариуцагч маргаагүй боловч гэрээнд заасан харилцаа талуудын хооронд бодитоор үүсээгүй, түүнийг бэлэглэлийн гэрээний дагуу орон сууцанд орсны дараа “Ц ” ХХК, “Х ” ХХК-ийн мэдэгдэл шаардлагаар ипотекийн зээлэнд орон сууцнуудыг хамруулах зорилгоор “З ” компанитай орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т  зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй.

 

Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрхийг баталгаажуулсан баримт бичиг зохигчдын хэн алины нэр дээр гараагүй болох нь тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь Б.Э  гэрээний үүргээ хэрэгжүүлж төлбөрөө төлөөгүй тул орон сууцыг өөрийн өмчлөлд бүртгүүлэхээр Улсын бүртгэлийн газарт хандахад хариуцагч Б.Э  маргаан бүхий орон сууцны бүртгэлд тусгай тэмдэглэл хийлгэсний улмаас өмчлөх эрхээ баталгаажуулсан гэрчилгээ авч чадахгүй байгаа талаар тайлбар гаргасан, хариуцагч энэ талаар маргаагүй.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар талуудын аль нэг нь гэрэгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй тул “З ” компани нь хариуцагч Б.Э  гэрээний үүргээ биелүүлж, эд хөрөнгийн үнийг төлөөгүй гэх үндэслэлээр гэрээнээс татгалзсаныг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

 

Хариуцагч Б.Э  нь нэхэмжлэгч “З ” компанитай гэрээг байгуулахаас өмнө буюу 2016 оны 02 сараас орон сууцыг эзэмшиж байсан, эзэмшиж байгаа үйл баримт тогтоогдож байх боловч түүнийг маргаан бүхий орон сууцыг өмчлөх, эзэмших эрхтэй болохыг тодорхойлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд түүний эзэмшлийг хууль ёсны гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Баяжих цогцолбор хотхон, А блок, 1 дүгээр орц, 8 давхарын 34 тоот хаягт байршилтай, 73,4 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг хариуцагч Б.Э  /түүний гэр бүлийн гишүүд/-ын хууль бус эзэмшлээс гаргуулж албадан чөлөөлүүлэх шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Баяжих цогцолбор хотхон, А блок, 1 дүгээр орц, 8 давхарын 34 тоот хаягт байршилтай, 73,4 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг чөлөөлж өгөхийг хариуцагч Б.Э т даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 924,980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 20 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн Улсын тэмдэгтийн хураамжийн данснаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч Б.Э аас улсын тэмдэгтийн хураамжид 924,980 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “З ” компанид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР