Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 182/ШШ2023/02889

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023       10         17                                             182/ШШ2023/02889

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: МТ ХХК

Хариуцагч: Т ХК-нд тус тус холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Чингэлтэй дүүргийн * дугаар хороо, Ж.С гудамж, **/* тоотод байрлах, Ю* /У*/ барилгын цэвэр ус, дулаан, суурин холбооны шугамыг тасалсан зөрчлийг арилгаж, шугамд буцаан холбохыг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэх захирал М.М,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б,

Хариуцагч МТ ХХК-ийн өмгөөлөгч М.М,

Хариуцагч Т ХК-ийн өмгөөлөгч Д.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.А,

Хариуцагч МТ ХХК-ийн төлөөлөгч Б.Э, Т ХК-ийн төлөөлөгч Н.Б нарын ирүүлсэн хүсэлтийн дагуу тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

1.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага Чингэлтэй дүүргийн * дугаар хороо, Ж.С гудамж, 18 тоотод байрлах, хуучнаар МХТ буюу U* /У*/ барилгын 4 дүгээр давхрын 60,6 м.кв талбайг өмчилдөг бөгөөд тус газартаа 2009 оноос хойш үйл ажиллагаа явуулж байсан. Харин хариуцагч МТ ХХК нь тус барилгын 2, 3 дугаар давхар, 4 дүгээр давхрын тодорхой хэсгийг эзэмшин үйл ажиллагаа явуулж байсан. Энэ үед бид дундын өмчлөлийн шат, хонгил, нийтийн эзэмшлийн талбай, түүнд хамаарах шугам сүлжээ зэргийг ашиглаж, өөрт ногдох төлбөр тооцоог хийж ирсэн. Харин МТ ХХК нь 2015 оны 01 сард тус барилга дахь өөрийн эзэмшлийн талбайгаа бусдад оффисын зориулалтаар түрээслэх гэж байгаа гэдгээ илэрхийлж байсан боловч 2015 оны 02 сард өөрийн эзэмшлийн хэсгээ бусдад түрээслэх биш үйл ажиллагаагаа бүхэлд нь зогсоож, тус барилгаас гарахдаа 2, 3, 4 дүгээр давхрын дулаан, цахилгаан, суурин холбоо, цэвэр усны шугамыг сүлжээнээс тасалж, 8 сард нь давхардуулан дулааны шугам сүлжээг тасалсан болно. Энэ талаар манай байгууллагад тухайлан мэдэгдээгүй, энэ нь Иргэний хуулийн 108.3-т зааснаар дундын өмч бөгөөд бидэнд мэдэгдэх ёстой байсан. Иргэний хуулийн 488 дугаар зүйлд зааснаар бидний зөвшөөрөлгүй, бидний эрхийг зөрчих ёсгүй байсан.

Харин бид мэдсэн даруйдаа буцаан холбохыг хүсэж, шаардсан боловч МТ ХХК хаана үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхойгүй, олдохгүй болсон. Тиймээс манай байгууллага хэвийн үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй, компанийн байрандаа нэвтрэх, ашиглах боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл МТ ХХК нь инженерийн шугамд өмнө нь холбогдож байсан ус, дулаан, цахилгаан, суурин холбооны тэжээлийг өөрийн эзэмшлийн талбайд салгаад хязгаарласан байгаа. Салгасан гэдгээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ талаар эрх бүхий байгууллагад хүргүүлсэн албан бичиг байдаг. Хариуцагч Т ХК-ийн хувьд маргааны зүйл болсон барилгын өмчлөгч болох нь Улсын бүртгэлийн баримтаар, гэрчилгээгээр тогтоогдоно. Мөн хариуцагч Т ХК нь хангагч байгууллагын хувьд шугам сүлжээг засварлах үүрэг хүлээнэ. Бидний гаргасан хүсэлтээр шүүх тухайн барилгад очиж үзлэг хийсэн, мөн шинжээч томилсон байгаа. Шинжээчийн дүгнэлтүүдээр 2, 3 дугаар давхраар дамжиж байж 4 дүгээр давхарт ус, дулаан, суурин холбоо очно гэдгийг тогтоосон бөгөөд хоорондоо харилцан хамааралтай байна. Энэ талаар Барилгын тухай хуулийн 46, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлд зохицуулжээ. Тиймээс хариуцагч нар нь өөрсдийн өмчлөл, эзэмшлийн хэсгээр дамжсан шугам сүлжээг арчлан хамгаалах, засвар үйлчилгээ хийж гүйцэтгэх үүрэгтэй. Иймд хариуцагч нар нь өмчлөгч болон эзэмшигчийн хувьд нэхэмжлэгчийн эрх, ашгийг хөндөж байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар Чингэлтэй дүүргийн * дугаар хороо, Ж.С гудамж, **/* тоотод байрлах, Ю* /У*/ барилгын цэвэр ус, дулаан, суурин холбооны шугамыг тасалсан зөрчлийг арилгаж, шугамд буцаан холбохыг хариуцагч нарт даалгаж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.  

 

2.Хариуцагч МТ ХХК, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна.

2.1.Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 290 дүгээр тогтоолын хавсралт болох Дулаан дамжуулах түгээх сүлжээний холболтын журам, Засгийн газрын 2020 оны 03 сарын 18-ны өдрийн 97 дугаар тогтоолын хавсралт болох Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм, Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм зэрэг холбогдох дүрэм журмуудад зааснаар дэд бүтцийн холболт хийх этгээд нь газар, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч байх бөгөөд зөвшөөрөл олгох эсэхийг дулаан, цахилгаан эрчим хүч түгээгч, хангагч, дамжуулагч этгээд шийдвэрлэхээр байна. Тиймээс ус, дулааны хувьд газар газар эзэмшигч, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч нь холболт хийх хүсэлтийг эрх бүхий этгээдэд гаргах эрхтэй байгаа юм. Маргааны зүйл болсон объектын өмчлөгч нь Таько ХК, объектыг түрээсэлж, ажиллуулж байгаа нь МТ ХХК юм. Тухайн үед бид үйл ажиллагаа явуулахаа болилоо гэдгээ Т ХК-нд хэлсэн, Т ХК нь цааш эрх бүхий этгээдэд хэлсэн байгаа.

2.2.Техникийн нөхцлийг дахин шалгах шаардлага гаргана. 9 жилийн өмнөх асуудал яригдаж байна. Шүүхээс гарсан шийдвэрийг яаж биелүүлэх вэ, шугам сүлжээнд холбох асуудлыг яаж Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-нд даалгах юм бэ гэдэг нь ойлгомжгүй байна.

2.3.МТ ХХК нь ус, дулаан, суурин холбоог гурвууланг нь тасалсан гэдэг нь баримтаар нотлогдохгүй байна. Эрх бүхий байгууллагын гаргасан шинжээчийн дүгнэлтээс МТ салгасан гэдэг нь харагдахгүй байгаа юм. Харин ус, дулааны хувьд хангагч байгууллагууд зогсоосон байгаа. Хангалт авахын тулд заавал Т ХК, МТ ХХК-иар дамжуулж авах ёстой юм уу, үгүй юу гэдэг нь ойлгомжгүй. Шугамууд нь тасраагүй байгаа. Ус сувгийн газрын дүгнэлт дээр усаа өөрөө холбох боломжтой байна гэсэн байгаа.

2.4.Өөрийн эзэмшиж байгаа объектоо МТ ХХК ашиглахгүй байгаа нь нэхэмжлэгчийн ямар эрхийг зөрчсөн нь тодорхойгүй. Энэ хэрэг шүүхээс хоёр удаа хүчингүй болсон, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа тодруул гэсэн байгаа. Гэтэл нэхэмжлэлийн шаардлага өнөөдрийг хүртэл тодроогүй гэж бидний зүгээс харж байна. МТ ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар нь Т ХК-тай байгуулсан хэлэлцээрийн дагуу тус барилгын дулааны төлбөр, үл хөдлөх хөрөнгийн татвар зэргийг хариуцах болсон тул дээрх объектыг ашиглаагүй байж үр ашиггүй зардлыг гаргахгүйн тулд өөрт хамаарах дэд бүтцийг тасалсан байдаг. Энэ нь бусдын өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй. Өөрөөр хэлбэл тухайн үед МТ ХХК нь жижиг худалдаа эрхлэгч, түрээслэгч нарыг гаргаад Мобиком ХХК-ийг оруулах гэж байсан боловч больсон. Иймд бид дангаараа энэ бүгдийг холбох боломжгүй, нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Хариуцагч Т ХК, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн * дугаар хороо, Самбуугийн гудамж, **/* тоотод байрлах үйлчилгээний зориулалттай, МХТ буюу Ю* барилга нь анх 4 давхар, 3118.2 м.кв талбайтайгаар 2001.08.18-ны өдөр Т ХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн. Т ХК-ийн 2005.12.29-ний өдрийн хүсэлтийн дагуу 1139,8 м.кв талбайг Г ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, тус барилгын 3 давхар болон 2, 4 давхрын холбогдох хэсэг нь Т ХК-ийн өмчлөх эрхэд хэвээр үлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдоно. Т ХК-ийн хувьцаа эзэмшигч нарын хооронд байгуулагдсан 2000.04.22-ны өдрийн гэрээ хэлэлцээр, мөн өдрийн 08 дугаар тогтоолоор хувьцаа эзэмшигч Д.Э, Ц.Б, Ч.Б, Л.Э нарт хувьцаанд хувь тэнцүүлэн МХТийн барилгыг бүхэлд нь тусгаарлаж, шилжүүлэхээр шийдвэрлэсэн боловч хувьцаа эзэмшигч нар нь гэрээ, хэлэлцээрийн дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, Т ХК-ийн хувьцааны асуудлаар урт хугацааны туршид шүүхэд маргаантай байсан зэргээс үүдэж өмчлөх эрхийн улсын бүртгэлд өнөөдрийг хүртэл өөрчлөлт ороогүй байна. Гэхдээ энд 1994 оны Иргэний хуулийн зохицуулалт үйлчилнэ гэж харж байна. Бид 2002 оны Иргэний хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээс өмнө маргааны зүйл болсон объектыг МТ ХХК-нд 2000 онд хүлээлгээд өгсөн учраас өмчлөх эрх дуусгавар болсон. Тиймээс бидэнд 2002 оны Иргэний хуулийн зохицуулалт үйлчлэхгүй гэж харж байна.

МТ ХХК-ийн 2015.08.28-ны өдрийн 8/0* дугаар албан бичигт ...Манай МТ ХХК нь уг барилгын 2, 3-р давхар буюу U* барилгыг эзэмшдэг. 2015 оны 02 дугаар сараас эхлэн үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд 2016 оны 06 дугаар сар болтол үйл ажиллагаа явуулахгүй нь тодорхой болсон тул манай компанийн U* барилгын дулааныг энэ жилийнхээ төлөвлөгөөнөөс хасч өгнө үү гэсэн хүсэлтийг УБДС ТӨХК-д өгсөн...", мөн Д.Э нь 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн шүүхэд гаргасан хариу тайлбартаа ...ашиглалтын зардал .. төлж чадахгүй болсон тул дэд бүтцээ манай компанитай гэрээ байгуулан ажилладаг холбогдох байгууллагуудад хүсэлтээ гаргаж албан ёсоор салгуулсан..." гэжээ. Дээрх бүгдээс үндэслэн маргаан бүхий хугацаанд Ю* барилгын ажиллагаатай холбоотой асуудлыг МТ ХХК бүрэн хариуцаж байна. Маргааны зүйл болсон объект нь бүхэлдээ 4 давхар, 1 давхрын урд хэсэгт Г ХХК өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа, тэнд ус, дулаан, цахилгаан, суурин холбоо хэвийн байна. Харин объектын хойд хэсгийн 2, 3 дугаар давхрын ус, дулаан, цахилгааныг МТ ХХК өөрөө таслуулсан болох нь Д.Э тайлбараас харагдана. Иймд бидэнд нэхэмжлэлийн шаардлага хамааралгүй байх тул манай байгууллагад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4.Нэхэмжлэгч Н ХХК-иас,

Нэгдүгээр хавтаст хэрэгт: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, 2011 оны үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2015, 2017 оны Н ХХК-ийн мэдэгдлүүд, МТ ХХК-ийн 2015 оны дулаан авахгүй байх тухай албан бичиг, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2017 оны дүгнэлт, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн 2017 оны албан бичиг, Н ХХК-ийн ажлын байранд хийсэн эрүүл ахуйн хэмжилтийн дүн, Монголын цахилгаан холбоо ХК-ийн 2017 оны албан бичиг гэсэн баримтуудыг,

 

Хоёрдугаар хавтаст хэрэгт: Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2022.04.08, 2022.04.26-ны өдрүүдийн албан бичиг гэсэн баримтуудыг,

 

5.Хариуцагч Т ХК-иас,

Нэгдүгээр хавтаст хэрэгт: Т ХК-ийн хувьцаа эзэмшигч нарын хооронд байгуулагдсан 2000.04.22-ны өдрийн эвлэрлийн гэрээ, эвлэрлийн хэлэлцээр, мөн өдрийн 7 дугаар хурлын протокол, 08 дугаар тогтоол, тогтоолын хавсралт, үүргээ биелүүлэхийг шаардах тухай албан бичиг гэсэн баримтуудыг,

Гуравдугаар хавтаст хэрэгт: 2022.09.21-ний өдрийн албан бичиг, хавсралт болох флаш 1 ширхэг, 2022.09.20-ны өдрийн маргаан бүхий барилга байгууламжийн шугам сүлжээтэй танилцсан тухай бичлэгийг цаасан дээр буулгасан баримтуудыг,

Дөрөвдүгээр хавтаст хэрэгт: 2000.05.10-ны өдрийн Т ХК-иас У* барилгыг МТ ХХК-нд хүлээлгэн өгсөн тухай акт /8 хуу/ гэсэн баримтуудыг,

 

6.Хариуцагч МТ ХХК-иас,

Хоёрдугаар хавтаст хэрэгт: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гарган өгсөн байна.  

 

7.Зохигчдын гаргасан хүсэлтээр,

Нэгдүгээр хавтаст хэрэгт: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны албан бичиг, хавсралт болох МТ ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, холбогдох баримт /34 хуу/-ууд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны албан бичиг, хавсралт болох МТ ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа, дүрмийн хуулбар /9 хуу/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны албан бичиг, хавсралт болох үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэг, холбогдох баримт /48 хуу/-ууд, Т ХК-ийн 2019.05.02-ны өдрийн 37 тоот албан бичиг,

Гуравдугаар хавтаст хэрэгт: Т ХК-ийн 2022.09.12-ны өдрийн албан бичиг, хавсралт болох техникийн нөхцөл /12 хуу/, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2022.09.14-ний өдрийн албан бичиг, хавсралт болох 2022.04.26-ны өдрийн албан бичиг, Н ХХК-ийн 2022.03.07-ны өдрийн албан бичиг, Т ХК-ийн 2015.08.26-ны өдрийн албан бичиг, 2014.09.18-ны өдрийн албан бичиг, 2014.09.22-ны өдрийн Дулааны эрчим хүчийг худалдах, худалдан авах гэрээ, 2015 оны гэрээний нэмэлт өөрчлөлт, Ус сувгийн удирдах газрын 2022.09.03-ны өдрийн албан бичиг, 2014.10.06-ны өдрийн Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ, Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Зүүн түгээх төвийн 2022.09.12-ны өдрийн албан бичиг, хавсралт болох 2006.01.17-ны өдрийн техникийн нөхцөл, Хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, 2015 оны Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, Ус сувгийн удирдах газрын 2022.09.08-ны өдрийн албан бичиг, 2022.09.16-ны өдрийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хавсралт болох гэрэл зургууд, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн 2022.09.20-ны өдрийн албан бичиг, Монголын цахилгаан холбоо ХК-ийн 2022.09.29-ний өдрийн албан бичиг, хавсралт болох 2004, 2007 оны албаны телефон хэрэглэгчийн гэрээ, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2022.10.06-ны өдрийн албан бичиг, хавсралт болох эрчим хүчээр хангах гэрээ, хавсралтууд /52 хуу/,

Дөрөвдүгээр хавтаст хэрэгт: 2022.11.09-ний өдрийн Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн шинжээчийн дүгнэлт, хавсралт гэрэл зургууд, 2022.11.18-ны өдрийн Ус сувгийн удирдах газрын шинжээчийн дүгнэлт, 2022.11.16-ны өдрийн Мэдээлэл, холбооны сүлжээ ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, хавсралт зургуудыг шүүхийн журмаар нотлох баримтаар бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          1.Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч МТ ХХК, Т ХК-нд тус тус холбогдуулж Чингэлтэй дүүргийн * дугаар хороо, Ж.С гудамж, **/* тоотод байрлах, Ю* /У*/ барилга /цаашид Ю* /У*/ барилга гэх/-ын цэвэр ус, дулаан, суурин холбооны шугамыг тасалсан зөрчлийг арилгаж, шугамд буцаан холбохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

         

          Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, зохигчдын гарган өгсөн, шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч тал гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг “...бид Ю* /У*/ барилгын 4 дүгээр давхрын 60,6 м.кв талбайд оффисын үйл ажиллагааг хэвийн явуулж, тус барилгын дундын өмчлөлийн эд зүйлийг хамтран ашиглаж, өөрт ногдох төлбөр тооцоог хийж ирсэн, гэтэл МТ ХХК нь 2015 оны 02 сард үйл ажиллагаагаа зогсоохдоо бидэнд мэдэгдээгүй барилгын ус, дулаан, цахилгаан, суурин холбоог өөрийн эзэмшлийн талбайд салгаад тасалсан, үүний улмаас бид оффисын талбайгаа ашиглаж, үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон, энэ талаар мэдсэн даруйдаа МТ ХХК-нд буцаан холбох шаардлагыг удаа дараа хүргүүлсэн боловч ямар нэгэн хариу өгөөгүй, хаана үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхойгүй болж, олдохоо байсан, тийм учраас бидний эрхийг зөрчсөн үйлдлээ таслан зогсоож Ю* /У*/ барилгын ус, дулаан, суурин холбоог шугамд буцаан холбуулахаар шаардах эрхтэй...” гэж,

 

Хариуцагч МТ ХХК нь татгалзлын үндэслэлээ “...тухайн үед бидний үйл ажиллагаа явуулж байсан Ю* /У*/ барилгын жижиг түрээслэгч нарыг гаргаж, өөр компанид түрээслэх гэж байсан боловч тухайн байгууллагын хөрөнгө оруулалт бүтэхгүй болсон учраас больсон, бид ч цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон бөгөөд сар бүр төлдөг 4-6 сая төгрөгийн ашиглалтын зардлыг төлөх боломжгүй, санхүүгийн хүндрэлтэй болсон учраас Т ХК-нд хүсэлтээ уламжилж дулаан авах боломжгүй гэдгээ илэрхийлсэн, Т ХК нь цааш эрх бүхий байгууллагад уламжилсан, харин цэвэр ус, цахилгаан, суурин холбоог тасалсан гэдэг нь баримтаар тогтоогдохгүй, шинжээчийн дүгнэлтэд ч энэ талаар байхгүй, Ю* /У*/ барилгын өмчлөгч нь Т ХК, бидний хувьд ашиглаж байсан эзэмшигч нь этгээд, тэгээд ч хангалт авахын тулд заавал Т ХК, МТ ХХК-иар дамжуулж авах ёстой юм уу, үгүй юу гэдэг нь ойлгомжгүй, цэвэр ус, суурин холбооны хувьд өөрсдөө холболт хийгээд авчих боломжтой, нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй байна...” гэж,

 

 

Хариуцагч Т ХК нь татгалзлын үндэслэлээ “...бид 3118.2 м.кв талбай бүхий Ю* /У*/ барилгыг өмчилж байсан нь үнэн, 2005 онд 1139,8 м.кв талбайг Г ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн бөгөөд тус барилгын 3 давхар болон 2, 4 давхрын холбогдох хэсэг нь Т ХК-ийн өмчлөх эрхэд хэвээр үлдсэн, улмаар Т ХК-ийн хувьцаа эзэмшигч нарын хооронд байгуулагдсан 2000.04.22-ны өдрийн гэрээ хэлэлцээр, тогтоолоор хувьцаа эзэмшигч Д.Э, Ц.Б, Ч.Б, Л.Э нарт хувьцаанд хувь тэнцүүлэн МХТийн барилгыг бүхэлд нь тусгаарлаж, шилжүүлэхээр шийдвэрлэж, 2000 ондоо хүлээлгээд өгчихсөн, үүнээс хойш бид ямар нэгэн байдлаар Ю* /У*/ барилгын үйл ажиллагаанд хамааралгүй болсон, харин МТ ХХК үйл ажиллагаа явуулж байсан, барилгын дулааныг 2015 онд таслуулсан болохоо Д.Э гаргасан тайлбараараа хүлээн  зөвшөөрдөг, иймд нэхэмжлэлийн шаардлага манай байгууллагад хамааралгүй байна...” гэж тус тус тайлбарлан мэтгэлцсэн.

 

3.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хувийн хэргийн баримтаас үзвэл, маргааны зүйл болсон Чингэлтэй дүүргийн * дугаар хороо, Ж.С гудамж, **/* тоотод байрлах, Ю* /У*/ барилга нь 1983 оны 10 сард батлагдсан, орос хэл дээр үйлдэгдсэн техникийн тодорхойлолт /монгол хэл дээр орчуулсан/-ын дагуу 1988 онд баригдаж, ашиглалтад орсон, 1, 2 болон 3, 4 дүгээр давхрын 2 талын хэсэг нь давхрын байдлаар, 3, 4 дүгээр давхрын дунд хэсэг нь заалны хэлбэрээр баригдсан, нийтдээ 3,118.2 м.кв талбайтай, хариуцагч Т ХК нь 2001.08.18-ны өдөр уг барилгын өмчлөгчөөр бүртгэгдсэн, мөн хариуцагч Т ХК-ийн нэр дээр 2005.11.15-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан байна.

 

Улмаар 2005.12.29-ний өдөр хариуцагч Т ХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу Ю* /У*/ барилгын 879,42 м.кв талбай бүхий нэгдүгээр давхар, 208,34 м.кв талбай бүхий хоёрдугаар давхрын урд хэсэг, 60,65 м.кв талбай бүхий дөрөвдүгээр давхрын конторын хэсэг, нийт 1139,8 м.кв талбайг Г ХХК-ийн өмчлөх эрхэд шилжүүлсэн, үлдэх 1978,4 м.кв талбай бүхий 3 дугаар давхар, 2, 4 дүгээр давхрын хэсэг нь хариуцагч Т ХК-ийн өмчлөх эрхэд үлдэж, 2006.01.25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарчээ.

 

4.Хариуцагч Т ХК-ийн хувьцаа эзэмшигч нарын хооронд байгуулагдсан 2000.04.22-ны өдрийн эвлэрлийн гэрээ, хэлэлцээр, мөн өдрийн Т ХК-ийн ТУЗ-ийн хурлын 8 тоот тогтоол, хурлын тэмдэглэл, 2002.10.09-ний өдрийн хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах тухай мэдэгдэл зэргээр хувьцаа эзэмшигч Д.Э, Ц.Б, Ч.Б, Л.Э нарт хувьцаанд хувь тэнцүүлэн МХТийн барилгыг бүхэлд нь тусгаарлаж, шилжүүлэхээр шийдвэрлэсэн, уг шийдвэрийн дагуу орон байрыг хүлээлгэн өгсөн тухай актаар 2000.05.10-ны өдөр Т ХК-иас Ю* /У*/ барилгыг бүхэлд нь МТ ХХК-нд хүлээлгэн өгсөн байх боловч өмчлөх эрхийн улсын бүртгэлд өнөөдрийг хүртэл өөрчлөлт ороогүй байна.

 

Хэдийгээр хариуцагч Т ХК нь Ю* /У*/ барилгыг бүхэлд нь хариуцагч МТ ХХК-нд шилжүүлсэн байх боловч хувьцаа эзэмшигч нарын хооронд үүссэн маргаантай асуудлаас шалтгаалаад өмчлөх эрхийн бүртгэлд өнөөдрийг хүртэл өөрчлөлт ороогүй болохыг хариуцагч Т ХК тайлбарлаж байх боловч энэхүү маргаантай асуудлаа нэг мөр шийдвэрлэн өмчлөх эрхийн бүртгэлийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу МТ ХХК-ийн нэр дээр бүртгүүлэх нь хариуцагч нарын үүрэг байх ба, ийнхүү бүртгүүлээгүй, өмчлөх эрхийн бүртгэл өөрчлөгдөөгүй байгаа нь хариуцагч Т ХК-ийг Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 183 дугаар зүйлийн 183.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар өмчлөгч гэж үзэх, улсын бүртгэл үнэн зөв гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй нийцнэ.

 

Тиймээс хариуцагч Т ХК нь маргааны зүйл болсон Ю* /У*/ барилгын 1978,4 м.кв талбай бүхий 3 дугаар давхар, 2, 4 дүгээр давхрын хэсгийн өмчлөгч, тус талбайг 2000.05.10-ны өдрөөс эхлэн хариуцагч МТ ХХК эзэмшиж, ашиглаж байсан гэж үзэхээр байх бөгөөд зохигчид энэ талаар маргаангүй.

 

5.Нэхэмжлэгч Н ХХК нь 2011 онд Ю* /У*/ барилгын 4 дүгээр давхрын, конторын зориулалттай 60,6 м.кв талбайг Г ХХК-иас худалдан авч, 2011.06.16-ны өдөр өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар Н ХХК, МТ ХХК, Т ХК, Г ХХК нь маргааны зүйл Ю* /У*/ барилгыг дундаа хэсгээр өмчлөгч, эзэмшигч нар болсон байх ба, тэд энэхүү барилгад тус тусын үйл ажиллагааг 2015 оны 02 сарыг дуустал хэвийн явуулж байсан байна.   

 

Харин хариуцагч МТ ХХК-ийн тайлбарласнаар Ю* /У*/ барилгын өөрийн эзэмшиж байсан талбайг өөр компанид түрээслэх тохиролцоонд хүрснээр түрээслэгч хувь хүмүүст 2015 оны 2 сард мэдэгдэл өгч, 3 сард бүрэн гаргаж талбайгаа чөлөөлсөн байх ба, түрээслэхээр тохиролцсон компани нь хөрөнгө оруулалт бүтээгүйн улмаас түрээслэхээ больж, хариуцагч МТ ХХК дахин ажиллах боломжгүй болж, тодорхой хугацаагаар үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон байх ба, зохигчид энэ талаар маргаангүй.

 

6.Ийнхүү хариуцагч МТ ХХК нь 2015.08.28-ны өдрийн 8/05 тоот “дулаан авахгүй байх тухай” албан бичгийг хариуцагч Т ХК-нд хүргүүлсэн байх бөгөөд уг албан бичиг нь “...бид уг барилгын 2, 3 дугаар давхрыг эзэмшдэг, 2015 оны 02 сараас эхлэн үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд 2016 оны 06 сар болтол үйл ажиллагаа явуулахгүй нь тодорхой болсон тул манай компанийн U* барилгын дулааныг энэ жилийнхээ төлөвлөгөөнөөс хасч өгнө үү...” гэсэн агуулгатай байна.

 

Мөн МТ ХХК-иас Улаанбаатар дулааны цахилгаан станцад хандаж хүргүүлсэн огноогүй, 5/25 тоот албан бичигт “...МТ ХХК нь санхүүгийн хямрал, үйл ажиллагааны байдлаас шалтгаалан 2015.10.01-ний өдрөөс 2016 оны ... сар хүртэл дулаанаар үйлчлүүлэх боломжгүй болсныг мэдэгдье..” гэжээ. Ийнхүү Ю* /У*/ барилгын 4 дүгээр давхрын тодорхой хэсэг бүхий эзлэхүүний талбайд 2015 онд дулаан эрчим хүчний хасалт хийгдэж, гэрээний эх үүсвэрт өөрчлөлт орсон болох нь Улаанбаатар дулааны сүлжээ ХК-иас 2022.03.14-ний өдөр Н ХХК-нд хариу болгон өгсөн 01/388 тоот албан бичиг, төлбөрийн түүх гэсэн баримтуудаар тогтоогдсон.

 

7.Нэхэмжлэгч Н ХХК нь дээрх байдлыг мэдсэн даруйдаа буюу 2015.03.30-ны өдрийн 15/63 тоот, 2015.10.05-ны өдрийн 15/109 тоот, 2017.01.30-ны өдрийн 17/02 тоот албан бичгүүдийг хариуцагч МТ ХХК-нд хүргүүлж, суурин холбооны шугам сүлжээ, дулааны шугам сүлжээг тасдаж ажиллагаагүй болгосон үйлдлээ залруулж, засварлаж өгөхийг хүссэн байх ба уг албан бичигт хариуцагч МТ ХХК ямар нэгэн хариу өгөөгүй байна. Эдгээр албан бичгийн агуулгаас үзвэл хариуцагч МТ ХХК нь U* барилгад явуулж байсан үйл ажиллагаагаа зогсоохдоо, суурин холбооны шугам сүлжээ, дулааны шугам сүлжээг таслахдаа нэхэмжлэгч Н ХХК-нд урьдчилан мэдэгдээгүй, энэ талаар хоорондоо ярилцаж тохиролцоогүй байна.

 

Энэ нь хариуцагч МТ ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Э гаргасан “...2014 оны байдлаарх үнээр сар бүр гардаг ашиглалтын зардал болох 4-6 сая төгрөгийг төлж чадахгүй болсон тул дэд бүтцээ манай компанитай гэрээ байгуулан ажилладаг холбогдох байгууллагад хүсэлтээ гаргаж албан ёсоор салгуулсан...” гэсэн агуулга бүхий тайлбараар давхар нотлогдож байна гэж үзлээ.

 

8.Нэхэмжлэгч Н ХХК нь 2017.01.30-ны өдөр Мэргэжлийн хяналтын газарт хандаж, U* барилгын 4 дүгээр давхарт өөрийн оффисийн хэсгийн инженерийн шугам сүлжээний ашиглалтын төлөв байдалд дүгнэлт гаргуулахыг хүссэн байх ба, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нь ажлын байранд эрүүл ахуйн хэмжилтийг хийж, 2017.02.24-ний өдрийн 02-07-1**/*25 тоот дүгнэлтийг гаргасан байх ба, уг дүгнэлтэд “...Н ХХК нь 2015 оны 03 сард МХТийн үйл ажиллагаа зогссоноос хойш уг байрыг ашиглахгүй болсон, барилга 4 давхар бөгөөд зөвхөн 1 давхрыг төвлөрсөн дулаанаар хангадаг, ...4 дүгээр давхрын нийт 6 өрөөний дулааны шугам сүлжээ, халаах хэрэгсэл /радиатор, паар/ хөлдөж хагарсан, халаалт, цэвэр, бохир усан хангамж зогссон, харилцаа холбооны сүлжээг тасалсан байлаа. ...Тус барилгыг Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3, 11.1.5 дахь заалтуудыг үндэслэн “Барилгын дотор холбоо, дохиоллын сувагчлал ба кабелийн угсралт” MNS 5471:2005 стандартын холбогдох заалтуудыг хангаж, иж бүрэн засварласны дараа ашиглах нь зүйтэй” гэсэн байна.  

 

Мөн нэхэмжлэгч Н ХХК нь Монголын цахилгаан холбоо ХК-нд хандсан байх ба, тус байгууллагын 2017.10.04-ний өдрийн 8а/629 тоот албан бичгээр нэхэмжлэгч Н ХХК-ийн 4 ширхэг телефон утас 2015 оны 02 сараас ажиллаагүй, телефон утасны хэвийн ажиллагааг хангах боломжгүй, техникийн нөхцөл байхгүй болсон гэж хариу өгчээ. Энэ мэтчилэн нэхэмжлэгч Н ХХК нь зохих эрх бүхий байгууллага болон хариуцагч МТ ХХК-нд хандаж асуудлыг шийдвэрлэхийг зорьсон байх боловч ямар нэгэн үр дүнд хүрээгүй, тэрээр Ю* /У*/ барилга доторх өөрийн өмчлөлийн 4 дүгээр давхрын 60,6 м.кв 6 өрөө оффисын зориулалттай талбайг эзэмших, ашиглах зэргээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй болжээ.

 

9.Шүүх нэхэмжлэгч талын гаргасан үзлэг хийлгэх тухай хүсэлтийг хангасан ба, 2022.09.16-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, үзлэг хийх явцыг бэхжүүлсэн гэрэл зургуудаас үзвэл, ...маргааны зүйл болсон Ю* /У*/ барилга саарал өнгөтэй, 4 давхар, барилгын урд хэсэгт байх арктай хаалгаар гарахад саарал өнгөтэй ЦТП байрлах бөгөөд уг ЦТП нь U* барилгыг ус, дулаан, цахилгаанаар хангадаг, шугам нь газар доогуур явдаг болохыг үзлэгийн турш хамт байсан Н.Гомбосүрэн гэх хүн тайлбарлажээ. Мөн барилга нь баруун /урд хэсэг/ болон зүүн /хойд хэсэг/ жигүүрээр ордог хаалгатай байх ба, баруун жигүүр /урд хэсэг/-т байрлах East garden гэсэн нэртэй хаалгаар ороход үүдний харуул, хамгаалалтын ажилтан Х.Лхагвабаатар гэх хүн угтаж, байгууллага ус, цахилгаан, дулаан, суурин холбоогоор бүрэн хангагдаж, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа болохыг тайлбарласан, цааш явж ороход код бүхий хаалгатай, орох боломжгүй байжээ...

 

Харин барилгын зүүн жигүүр /хойд хэсэг/-т байрлах хаалгаар ороход ...хүйтэн, орхигдсон байдалтай, халтар, тоос шороо болсон хана, шат, хаалганууд, хөгц болсон шал, таслагдсан цахилгааны шугамууд, хана дагасан ил утаснууд, эвдэрхий суурин холбооны хайрцгууд, түүн доторх тасалсан утаснууд, ажиллагаагүй болсон гэрлүүд, угаалтуур, суултуур, таслагдсан босоо байршилтай халаалтын шугамууд байх ба, хамгийн дээд тал буюу 4 давхарт Н ХХК-ийн талбай бүхий цоожтой хаалга, уг хаалгаар ороход вакуум таславчтай 6 жижиг өрөө байх ба, үйл ажиллагаа явуулаагүй удсан, хүйтэн, өрөөн дотор тодорхой эд зүйлүүд байжээ...

 

Өөрөөр хэлбэл Ю* /У*/ барилгын баруун жигүүр /урд хэсэг/-т холбогдох байгууллага үйл ажиллагаагаа хэвийн явуулж байх бөгөөд зүүн жигүүр /хойд хэсэг/-т ямар ч үйл ажиллагаа явагдаагүй, орхигдсон байдалтай, цоожтой байсан нь тогтоогдсон.

 

10.Шүүх нэхэмжлэгч талын гаргасан шинжээч томилуулах тухай хүсэлтийг хангасан ба, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2022.11.09-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр:

-U* барилга нь БНУАУ-ын зураг төслөөр, гадна дулааны шугам, Дулаан дамжуулах төвийн зургийг 1968 онд тухайн үеийн Улсын барилгын зургийн төв институтын боловсруулсан зураг төслүүдээр тус тус хийж гүйцэтгэн төвлөрсөн дулаанд холбосон, тухайн үед дулааны техникийн нөхцөл гэж олгогдож байгаагүй.

- Тухайн 4 давхар барилга нь Т ХК-ийн эзэмшлийн дулаан дамжуулах төвийн дараагаас буюу 2 дугаар хэлхээнээс дулааны холигч насосны узелиэр дамжуулан эрчим хүчээр хангагдаж байна. Тус барилгын 1 дүгээр давхар нь халаалттай, 2, 3, 4 дүгээр давхруудын халаалтын босоо шугам болон халаах хэрэгслүүд /паар/-ийг бүгдийг салгасан байдалтай байна. Харин халаалтгүй байгаа 2, 3, 4 дүгээр давхруудын таслагдсан босоо шугам, халаах хэрэгслүүдийг шинэчлэн солиод халаалтаа авах бүрэн боломжтой байна.

- Тус барилгын 2, 3 дугаар давхрын халаалтыг залгахгүйгээр 4 дүгээр давхрын халаалтыг залгах техникийн хувьд ямар ч боломжгүй. Учир нь аливаа барилгын инженерийн шугам сүлжээ болон тоног төхөөрөмжүүдийг анхлан зураг төслийн шатанд сонгохдоо цахилгаан, дулаан, ариутгах татуурга, агааржуулалтыг нэгдсэн цогц байдлаар нь шийдвэрлэдэг. Тухайн барилгын 4 дүгээр давхарт байрлаж буй Н ХХК-ийн өмчилдөг 6 өрөөг тусад нь дулаанаар хангахын тулд тусад нь шугам татах болон дулааны техникийн нөхцөл олгох боломжгүй болохыг,

 

10.1.Ус сувгийн удирдах газрын 2022.11.18-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр:

- ...Манай байгууллага Т ХК-тай Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах гэрээтэй, тухайн Ю* /У*/ барилга нь тус гэрээний дагуу цэвэр усаар хангагдаж байна. Шалгалтыг хийхэд тухайн Ю* /У*/ барилгын 1 давхрын урд хэсэгт байрлах ерөнхий узелийн өрөөнд 50 мм-ийн диаметртэй цэвэр усны шугам орж, 40 мм-ийн цэвэр усны тоолуур суурилуулсан. ...1994 оноос өмнөх барилгуудад техникийн нөхцөл байхгүй бөгөөд тухайн барилга хэдэн онд ашиглалтад орсон нь тодорхойгүй байна.

- Тус барилгын 1 дүгээр давхар болон урд хэсгийн 2 давхарт галын гидрант болон ариун цэврийн өрөө байрлаж байгаа бөгөөд хэвийн ажиллагаатай байсан. Харин барилгын хойд хэсэгт 3 болон 4 давхарт ариун цэврийн өрөө байгаа боловч усгүй, ажиллагаагүй байсан. ...Шугамыг тасалсан хэсгийг тогтоож холболтыг хийж барилгын хойд хэсгийг ус хангамжаар хангах тохиолдолд хүйтний улиралд 2 болон 3 давхарт халаалтгүй хүйтэн байгаа тул тухайн давхраар явсан цэвэр усны шугам хөлдөж, гэмтэнэ.

- Уг барилгын 2, 3 дугаар давхраас үл хамааран 4 дүгээр давхарт буюу нэхэмжлэгч Н ХХК-ийн өмчилдөг талбайг ус хангамжаар хангахын тулд тухайн барилгын 1 давхрын эзэмшигч болон Т ХХК-ууд зөвшөөрсөн тохиолдолд цэвэр усны шугамыг 1 давхраар явуулж босоо шугам тавьж хангах боломжтой гэж үзэж байна. ...Барилгын ус хангамжийн эх үүсвэр нь урд талд байгаа учраас барилгын хойд хэсгийг усаар хангахын тулд аль нэг давхраар хэвтээ чиглэлд шугам явахаас өөр аргагүй бөгөөд талууд харилцан бие биедээ хамааралтай байна. Мөн барилгын гадна талаар цэвэр усны шугамыг дангаар нь татах боломжгүй. Тухайн барилгын хойд хэсгийн 4 дүгээр давхарт зориулж төвийн цэвэр усны шугам сүлжээнээс шинээр шугам татаж холбох боломжгүй...” болохыг,

 

10.2.Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн 2022.12.05-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр:

- ...Тус комплекс барилгын Ю* блокын үндсэн үйл ажиллагаа, ашиглалтыг зогсоож, дээрх 50 хосын төгсгөлийн төхөөрөмжөөс тэжээгдэж байсан суурин холбооны дотоод сүлжээний 20 хосын физик кабелийг тасалсан байна. Иймээс тухайн 20 хосын кабелийн сүлжээг суурин холбоонд дахин ашиглах боломжгүй болсон байна.

- Тус блокын 4 дүгээр давхарт нэхэмжлэгч Н ХХК-ийн өмчилдөг 6 өрөө буюу 60,6 м.кв талбайд тусад нь суурин холбооны шугам холбох боломжгүй байна. Хэрэв холбох тохиолдолд дундын эзэмшлийн талбай буюу бусад давхраар дамжуулан суурин холбооны үйлчилгээг авах боломжтой...” болохыг тус тус тогтоосон байна.

 

11.Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан “шугам сүлжээ” гэж цэвэр ус дамжуулах, түгээх, хэрэглээнээс гарсан бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах байгууламжийг хэлнэ” гэж,

Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан "төвлөрсөн дулаан хангамж" гэж дулаан, цахилгааныг хослон үйлдвэрлэдэг болон дулааныг дангаар үйлдвэрлэдэг эх үүсвэрээс диспетчерийн зохицуулалттайгаар, эсхүл төв суурин газрын нийт хэрэглээний 50 хувиас дээш хэсгийг шугам сүлжээгээр хангах үйл ажиллагааг” гэх, 3.1.19-д заасан "хэрэглэгч" гэж эрчим хүчээр хангах гэрээнд эрчим хүчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг хэлнэ” гэж тус тус заасан.

 

Хуулийн дээрх заалтууд, хэрэгт авагдсан Улаанбаатар дулааны сүлжээ ХК, Ус сувгийн удирдах газар, Цахилгаан түгээх сүлжээ ХК-иас ирүүлсэн баримтууд, дээр дурдсан шинжээчийн дүгнэлтүүдээс үзвэл, хариуцагч Т ХК нь эрх бүхий байгууллагуудтай гэрээ байгуулж 2013.08.30-ны өдрөөс эхлэн Ю* /У*/ барилгыг дулаанаар, 2014.10.06-ны өдрөөс эхлэн усаар, 2015.04.13-ны өдрөөс эхлэн цахилгаанаар тус тус хангаж ирсэн хангагч байгууллага байх бөгөөд тус барилга нь хариуцагч Т ХК-ийн эзэмшлийн дулаан дамжуулах төв /ЦТП/-ийн шугамаар дажин эрчим хүч, дулаан, цэвэр усаар хангагдаж байгаа болох нь тогтоогдсон.

 

12.Дээрх бүгдээс дүгнэн үзвэл, маргааны зүйл болсон Ю* /У*/ барилга нь 1983 оны 10 сард батлагдсан техникийн тодорхойлолтын дагуу 1988 онд баригдаж, ашиглалтад орсон, 4 давхар, нийтдээ 3,118.2 м.кв талбай бүхий, инженерийн нэг дэд бүтэц бүхий барилга байх бөгөөд тус барилгын зүүн жигүүр /хойд хэсэг/-ийн 1978,4 м.кв талбай бүхий 3 дугаар давхар, 2, 4 дүгээр давхрын хэсгийн өмчлөгч нь Т ХК, бодит байдал дээр тус талбайг 2000.05.10-ны өдрөөс эхлэн хариуцагч МТ ХХК эзэмшиж, ашиглаж байсан, нэхэмжлэгч Н ХХК нь 4 дүгээр давхрын 60,6 м.кв талбайг конторын зориулалтаар өмчилдөг, тэд 2015 оны 02 сарыг хүртэл үйл ажиллагааг тус барилгад хэвийн явуулж байсан, хариуцагч МТ ХХК-ийн хүсэлтээр, “...сар бүр гардаг ашиглалтын зардал болох 4-6 сая төгрөгийг төлж чадахгүй, санхүүгийн боломжгүй болсон...” гэх шалтгаанаар тус барилгын ус, дулаан, цахилгаан, суурин холбоог эрх бүхий этгээдэд уламжлан салгуулсан болох нь тогтоогдож байна.

 

Үүний улмаас Ю* /У*/ барилгын зүүн жигүүр /хойд хэсэг/ нь ашиглагдахгүй болсон байх ба, улмаар нэхэмжлэгч Н ХХК ч тус барилгын 4 дүгээр давхарт байрлах өөрийн өмчлөлийн, конторын зориулалттай 60,6 м.кв талбайг ашиглах боломжгүй болсон, Н ХХК-ийн 60,6 м.кв талбайн дулааны хувьд, 2, 3, 4 дүгээр давхруудын халаалтын босоо шугам болон халаах хэрэгслүүд /паар/-ийг залгахгүйгээр 4 дүгээр давхрын халаалтыг залгах техникийн хувьд ямар ч боломжгүй,

Усны хувьд, тухайн барилгын 1 дүгээр давхрын эзэмшигч болон Т ХХК-ууд зөвшөөрсөн тохиолдолд цэвэр усны шугамыг 1 давхраар явуулж босоо шугам тавьж хангах боломжтой, харилцан бие биедээ хамааралтай,

Суурин холбооны хувьд, тусад нь шугам холбох боломжгүй, холбох тохиолдолд дундын эзэмшлийн талбай буюу бусад давхраар дамжуулан суурин холбооны үйлчилгээг авах боломжтой байна. Тодруулбал Ю* /У*/ барилгын зүүн жигүүр /хойд хэсэг/-ийн 4 дүгээр давхрыг ус, дулаан, суурин холбоогоор хангахын тулд зайлшгүй бусад давхар буюу 1, 2, 3 дугаар давхраар дамжих учиртай, шугам сүлжээ нь харилцан хамааралтай болох нь тогтоогдсон.

 

Тиймээс нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч талуудын тайлбарласнаар Ю* /У*/ барилгын 4 дүгээр давхарт байрлаж буй өөрийн өмчилдөг 6 өрөөг ус, дулаан, суурин холбоогоор хангахын тулд тусад нь шугам татах, шинээр техникийн тодорхойлолт авах боломжгүй болно.

 

13.Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д “хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно”, 108.3-т “дундаа хэсгээр өмчлөгч бүр ногдох хэсгээ бусдын өмчлөлд шилжүүлэх буюу өөр байдлаар захиран зарцуулах эрхтэй бөгөөд ийнхүү захиран зарцуулахдаа хэсгээр өмчлөгч бусад өмчлөгчдөд мэдэгдэх үүрэгтэй” гэж,

487 дугаар зүйлийн 487.1-д “Дундаа хэсгээр өмчлөгчид харилцан өөрөөр тохиролцоогүй бол өмчлөгч бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй бөгөөд өөрт оногдох хэсэгт ногдох үр шимийг өмчлөх эрхтэй”, 488.3-т “Дундаа хэсгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, түүний оногдох хэсгээ ашиглах эрхийг хязгаарлаж үл болно”,

106 дугаар зүйлийн 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, маргааны зүйл болсон Ю* /У*/ барилгын зүүн жигүүр /хойд хэсэг/-т байгаа 1-4 дүгээр давхрын халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг нь нэхэмжлэгч Н ХХК, хариуцагч МТ ХХК болон Т ХК-ийн дундын өмчлөлд хамаарч байх бөгөөд Иргэний хуулийн 108, 488 дугаар зүйл зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, удирдлагын талаар шийдвэр гаргахдаа дундаа хэсгээр өмчлөгчдийн олонхийн саналаар шийдвэрлэх учиртай.

 

14.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан өмчлөх эрхийг хамгаалах шаардах эрх нь өмчлөгч өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болсон, эсхүл өмчид халдахад гэм буруу байсан эсэхээс үл хамаарах бөгөөд энэхүү шаардах эрх нь саад болсон үйлдлийг бий болгосон этгээдэд чиглэдэг зөрчлийг арилгах шаардах эрхийн үндэслэл болдог онцлогтой. Зөрчил гэдэгт бусдын өмчид үзүүлж буй бүхий л нөлөөллийг ойлгох бөгөөд энэ нь тодорхой нэг этгээдийн хууль бус, идэвхитэй үйлдлээр илэрдэг байна.

Тодруулбал, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.3, 488 дугаар зүйлийн 488.3-т зааснаар хариуцагч МТ ХХК нь Ю* /У*/ барилгын зүүн жигүүр /хойд хэсэг/-т 2015 оны 02 сараас эхлэн үйл ажиллагаа явуулахгүй болсон талаар болон 2015.08.28-ны өдрөөс эхлэн дулаан авахгүй болсон талаар эрх бүхий байгууллагад хүсэлт гаргахдаа эзэмшигч, ашиглагчийн хувиар, хариуцагч Т ХК нь өмчлөгч, хангагч байгууллагын хувиар тус тус нэхэмжлэгч Н ХХК-нд мэдэгдэх үүрэгтэй байхад мэдэгдээгүй, нэхэмжлэгч Н ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр түүний оногдох хэсгээ буюу 60,6 м.кв конторын талбайгаа ашиглах эрхийг хязгаарлах ёсгүй байхад хязгаарласан, нэхэмжлэгч Н ХХК-ийн тавьсан шаардлагын дагуу тасалсан ус, дулаан, суурин холбоог буцаан холбох үүрэгтэй байхад өнөөдрийг хүртэл холбоогүй, үүний улмаас нэхэмжлэгч Н ХХК нь өөрийн өмчлөлийн конторын талбайгаа 2015 оны 02 сараас хойш ашиглах, үр шимийг нь хүртэх боломжгүй болсон байна.

 

Түүнчлэн хариуцагч Т ХК нь өмчлөгч, хангагчийн хувиар Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4, 46.1.9, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 1* дугаар зүйлийн 15.1.9, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.12-т тус тус зааснаар барилга, байгууламжийн инженерийн шугам сүлжээнд байнгын хяналт тавих, засвар үйлчилгээ хийх үүрэгтэй этгээд байх бөгөөд маргааны зүйл болсон Ю* /У*/ барилгын зүүн жигүүр /хойд хэсэг/-т байрлах хариуцагч МТ ХХК-ийн тасалсан ус, дулаан, цахилгааны шугмын бүрэн бүтэн байдалд хяналт тавих, засвар үйлчилгээг хариуцах үүрэгтэй гэж үзнэ.

 

15.Тиймээс нэхэмжлэгч Н ХХК нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар Чингэлтэй дүүргийн * дугаар хороо, Ж.С гудамж, **/* тоотод байрлах, Ю* /У*/ барилгын цэвэр ус, дулаан, суурин холбооны шугамыг буцаан холбохыг хариуцагч МТ ХХК болон Т ХК-иас шаардах эрхтэй, хариуцагч МТ ХХК болон Т ХК нь эрх бүхий этгээдэд хүсэлт уламжлан таслуулсан цэвэр ус, дулаан, суурин холбоог өмнө байсан шугамд буцаан холбох үүрэгтэй, тэрээр хариуцагч МТ ХХК болон Т ХК зөвшөөрсөн тохиолдолд уг холболт хийгдэх боломжтой болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Харин “тасалсан зөрчлийг арилгах” гэдэг нь нэхэмжлэлийн шаардлага бус харин үндэслэл байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд Н ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Чингэлтэй дүүргийн * дугаар хороо, Ж.С гудамж, **/* тоотод байрлах, Ю* /У*/ барилгын /хойд хэсэг/ цэвэр ус, дулаан, суурин холбоог шугамд буцаан холбохыг хариуцагч МТ ХХК болон Т ХК-нд даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

16.Нэхэмжлэгч Н ХХК-ийн 2018.02.08-ны өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч МТ ХХК болон Т ХК-иас 70,200 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-нд олгох нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1‑д заасантай нийцнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11* дугаар зүйлийн 115.2., 115.2.1.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар Чингэлтэй дүүргийн * дугаар хороо, Ж.С гудамж, **/* тоотод байрлах, Ю* /У*/ барилга /хойд хэсэг/-ын цэвэр ус, дулаан, суурин холбооны шугамыг буцаан холбохыг хариуцагч МТ ХХК болон Т ХК-нд даалгасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Н ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч МТ ХХК болон Т ХК-иас 70,200 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Т.ЭНХТУЯА