Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 1357

 

 

Ц.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/01166 дугаар шийдвэртэй, Ц.О-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ОСНААУГ-ын ХҮТ-10, “А” СӨХ, Б.Д, Д.Б нарт холбогдох гэм хорын хохиролд 4 647 262 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Б.Д, Д.Б, өмгөөлөгч Э.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.О-, хариуцагч ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх 10 дугаар төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхтулга, хариуцагч “А” СӨХ-ны төлөөлөгч Д.Цэцэгмаа, хариуцагч Д.Бямбахишигийн өмгөөлөгч Э.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: 2018 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 14-ний өдрүүдэд миний эзэмшлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Шинэ 12/1 дүгээр байрны 7 тоот байрны таазнаас халуун ус их хэмжээгээр алдсан. Үүний улмаас байр маань бүхэлдээ саун мэт халуун болж, хана тааз цуурч, тааз бүхэлдээ будаг замаск нь норж унасан, обой ховхорч салсан, паркетан шал хөөж усанд автсан, ханын шүүгээ нурж дотор нь байсан ном, эд зүйлс ямар ч хэрэгцээгүй болсон. Цахилгаан тасарч гэмтсэн, өвлийн гутал, шуба, хэрээсний машин хэрэглэх боломжгүй болсон зэрэг маш их хохирол учирсан. Үүний зэрэгцээ сэтгэл санааны хувьд хэцүү байна. Иймд гэм хорын хохиролд учирсан 4 647 262 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч бөгөөд хариуцагч Б.Долгормаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбахишиг тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дээд давхрын айл буюу Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Шинэ 12/1 дүгээр байрны 3 давхрын 11 тоот айлаас ус алдсан тул эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд 4 647 262 төгрөг гаргуулна гэжээ. Гэтэл тухайн үед манай орон сууцны дангаар өмчлөх хэсэг буюу өмчлөгчдийн хариуцах хэсгээс ус алдаагүй, бидний гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учраагүй бөгөөд 4 647 262 төгрөгийг хариуцах үндэслэлгүй тул холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “ОСНААУГ-ын ХҮТ-10” тайлбартаа: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Шинэ 12/1 дүгээр байрны 7 тоотын оршин суугчаас гаргасан нэхэмжлэлийн дагуу тус айлын харалдаа айлуудаас /3, 11, 15, 20/ 2013 оны 01 дүгээр сараас, 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ус алдаж шугам сольж байсан эсэх талаарх дуудлагуудыг шүүж үзэхэд, 3 тоотоос 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр бохир бөглөрсөн дуудлага ирж босоо шугамын бөглөөг урт тросс тавьж гаргасан. 2017 оны 5 дугаар сарын 07-ны өдөр дээрээс ус алдсан дуудлагад бохир бөглөрснийг гаргасан байна. 7 тоотоос 2014 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ванны крантнаас ус алдсан дуудлагаар 7 тоотод крантны гол сольсон. 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ус алдсан дуудлагаар 11 тоотод аваарын хаалт сольсон. 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр ус алдсан дуудлагаар очиход 7 тоотод почки хагарсан байсан ба тухайн өдөр почкийг сольсон. 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 7 тоотод почкины тоноглол солиулах дуудлага өгч, дуудлагын дагуу очиж суултуур, почкины тоноглол сольсон. 20 тоотоос 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр паарнаас ус алдсан дуудлага өгсний дагуу очиж паарны сгон сольсон гэсэн дуудлагууд бүртгэгдэн архивлагдсан байна.

Дээрх хугацаанд 11, 15 тоот айлуудаас сантехникийн дуудлага ирж байгаагүй бөгөөд 3, 7, 20 тоотуудаас ирсэн дуудлагыг тухай бүрт нь түргэн шуурхай шалгаж усны алдагдлыг зогсоож ажиллаж байсан. 2018 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 16 цаг 11 минутад манай байгууллагын шуурхай үйлчилгээний албанд Шинэ 12/1 дүгээр байрны 3 тоотын оршин суугч “Дээрээс ус алдаад байна” гэсэн дуудлага өгч, засварчин дээд айлд орж шугамын алдагдлыг шалгахад 3 давхрын айл буюу 11 тоотоос ус алдаж байсан. Энэ айл нь эзэнгүй байсан бөгөөд 3, 7 тоот руу их хэмжээний ус алдаж хохирол учруулж байсан учир байраар нь халуун ус хааж, хэрэгцээний халуун усны таширын ф15, 20 хаалт 2 ширхэгийг сольж, таширт нь хааснаар усны алдагдлыг түр зогсоосон.

Энэ өдөр ээлжийн инженер Г.Нарантуяа 11 тоотын эзэнтэй 8990-0666 дугаарын утсаар холбогдож байдлыг хэлэхэд “хөдөө явж байна, 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ирнэ” гэсэн боловч 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс хойш утас нь холбогдохгүй байсаар 7 дугаар сарын 20-ны өдөр гэртээ ирсэн учир засварчин Ч.Түмэнжаргал 11 тоотын инженерийн шугам сүлжээг шалгахад шал, таазны засварын хэрэгцээний халуун усны босоо шугам цоорсон байсан учир манай байгууллага шаардлагатай сантехникийн материалыг гаргаж, ф20 мм-н 7у/м хэрэгцээний халуун усны босоо шугам, холбох хэрэгслийн хамт сольж засварлан усны алдагдлыг зогсоосон болно.

Тус байгууллага нь гадна шугам сүлжээ болон узелийн тоног төхөөрөмжийн ашиглалтыг хариуцдаг тул Шинэ 12/1 дүгээр байрны 3, 7, 11 тоотуудын усны алдагдал үүссэн завсар дундын шугамыг хариуцахгүй болно гэжээ.

 

Хариуцагч “А” СӨХ тайлбартаа: Ц.О-ийн нэхэмжлэлийг СӨХ биш 11 тоотын айл барагдуулна гэж үзэж байна. Учир нь айл дундын инженерийн шугам сүлжээ нь айлуудын өмчлөлд байдаг тул манай СӨХ-д хамааралгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Б.Д, Д.Б нараас 4 647 262 өгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.О-т олгож, хариуцагч ОСНААУГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх 10 дугаар төв, “А” СӨХ-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89 306 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Д, Д.Б нараас 89 306 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч бөгөөд Б.Долгормаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбахишиг,  өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ “зохигчдын орон сууц нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн зориулалттай орон сууцны байшинд хамаарах, Иргэний хуулийн 146 дугаар зүйлийн 146.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д тус тус зааснаар хариуцагч нарын өмчлөлийн орон сууцны шал, таазны завсарын хэрэглээний халуун усны шугам нь нийтийн зориулалттай орон сууцны дангаар өмчлөх хэсэгт хамаарна, Орон сууцны өмчлөгч нь Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.2-т зааснаар сууц, сууцны бус зориулалттай хэсгийг ашиглах, түүнд засвар шинэчлэл хийхдээ хууль тогтоомж, норм стандартад заасан шаардлагыг сахин биелүүлэх, бусад өмчлөгчдийн эд юмсад хохирол учруулахгүй, хууль ёсны бусад эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх" үүрэгтэй, Орон сууцны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т "Орон сууцны инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид эвдрэл, гэмтэл гарсан тухай бүр оршин суугч нь эрх бүхий мэргэжлийн байгууллагад нэн даруй мэдэгдэж засвар, үйлчилгээ хийх хүнийг саадгүй нэвтрүүлж, түүнд шаардлагатай туслалцаа үзүүлэх үүрэгтэй" гэж заасан ба хариуцагч Б.Д, Д.Б нь хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буруутай. Дээрх үндэслэлээр хариуцагч нарын өмчлөлийн орон сууцны дангаар өмчлөх хэсэгт байрлах хэрэглээний халуун усны шугам цоорч ус алдсаны улмаас бусдад учирсан гэм хорыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцан арилгах үүрэгтэй” гэжээ.

Шүүх дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хэргийн үйл баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байхаас гадна хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлээгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй болжээ. Тодруулбал, 2018 оны 7 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд 7 тоот айл буюу нэхэмжлэгч Ц.О-, 11 тоот айл буюу хариуцагч Ц.Бямбахишиг гэх айлуудын шал, таазны хооронд угсарсан халуун усны босоо /завсар дундын Ф20 м-ийн/ далд шугам цоорч ус алдсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байхад, шүүх 11 тоот айлын дангаар өмчлөх хэсэгт байрлах халуун усны шугам гэж үзэн хэргийн үйл баримтыг буруу дүгнэсэн.

Мөн ус алдсан үе буюу 2018 оны 7 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд 11 тоотод оршин суух Ц.Бямбахишиг эзэнгүй байсан бөгөөд ус алдсан эсэхийг мэдсэн даруйд хүн ирж шалгахад 11 тоот айлд ус алдаагүй хуурай байсан эсэхийг зохигчид тайлбараараа нотлохоос гадна уг үйл баримтын талаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь маргаагүй. Үүнээс үзэхэд ус алдах үед 11 тоот айлд хүн байсан эсэхээс үл хамааран тухайн гэмтэл нь далд байрладаг шугамнаас гарсан, далд шугамын гэмтлийг мэдэх боломжгүй, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй. Гэтэл шүүх хариуцагч Д.Бямбахишиг, Б.Долгормаа нарыг Орон сууцны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дах хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн, хэрэгт авагдсан 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн №02-07-098/05 дугаартай ус алдсан шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр Орон сууцны барилга нь 2002 онд ашиглалтанд орсон ба ашиглалтанд орсноос хойш уг халуун усны шугам солигдоогүй байгаа нь Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний засвар, ашиглалтын хугацааны жишиг норм БНбд13-04-03-н хүснэгт халуун ус дамжуулах шугам 15 жил, босоо шугам 15 жил, угаалтуур 10, суултуур15, хаалт 8 жил заалтыг хангахгүй байна гэжээ. Өөрөөр хэлбэл, ус алдсан шалтгаан нь хариуцагч нараас үл хамаарах далд шугамын ердийн элэгдлийн улмаас болж нэхэмжлэгчид гэм хор учирсан байх бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дах хэсэгт зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэсний дагуу хариуцагч нар шинжээчийн дүгнэлтээр буруугүй болохоо нотолсон. Гэтэл шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар тэднийг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Шүүх үндэслэх хэсэгтээ Иргэний хуулийн 146 дугаар зүйлийн 146.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д тус тус зааснаар хариуцагч нарын өмчлөлийн орон сууцны шал таазны завсарын хэрэглээний халуун усны шугам нь нийтийн зориулалттай орон сууцны дангаар өмчлөх хэсэгт хамаарна гэсэн байх боловч дээрх хуулийн заалтуудад шал таазны завсарын хэрэглээний халуун усны шугам нь орон сууцны дангаар өмчлөх хэсэгт хамаарна гэх зохицуулалт байхгүй, хэрэглээний халуун усны шугамыг СӨХ бүрэн хариуцах хуулийн зохицуулалтай байхад дангаар өмчлөх хэсэгт хамаарна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч Б.Д, Д.Б нарыг Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, шинэ хороолол, 12 дугаар байрны 11 тоот орон сууцны өмчлөгч болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх ба талууд энэ талаар маргаагүй гэсэн байх боловч Б.Д, Д.Б нарыг уг орон сууцны хууль ёсны өмчлөгч гэдгийг буюу гэм хорыг хариуцвал зохих этгээд мөн эсэхийг тодруулаагүй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

           

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ц.О- нь хариуцагч “А” СӨХ, ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх 10 дугаар төв, оршин суугч Б.Д, Д.Б нарт холбогдуулан гэм хорын хохиролд 4 647 262 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч “А” СӨХ эс зөвшөөрч уг хохирлыг Б.Д, Д.Б нар хариуцна гэж, харин Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар нь усны алдагдал үүссэн завсар дундын шугамыг манай байгууллага хариуцахгүй гэж татгалзаж, Б.Д, Д.Б нарын хувьд дангаар өмчлөх хэсэг буюу өмчлөгчдийн хариуцах хэсгээс ус алдаагүй гэж тус тус маргажээ.

 

Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Шинэ 12/1 дүгээр байрны 7 тоотын өмчлөгч бөгөөд өөрийн үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол нэхэмжилж, хариуцагчаар тус орон сууцны инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар, ашиглалтын үйлчилгээг эрхлэн явуулах эрх бүхий хуулийн этгээд болох ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх 10 дугаар төв, дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий “А” СӨХ, мөн шалны доод хэсэгт байрлуулсан хэрэглээний халуун усны шугамаас ус алдсан гэх 11 тоотын оршин суугч Б.Д, Д.Б нарыг тус тус тодорхойлсон байна. /хх 1,2, 49, 52, 54, 58/

 

Хэрэгт авагдсан “Вендо” ХХК-ийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн В18-104 /хх11-26/, В18-105 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх27-45/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хүсэлтээр хийгдсэн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн 02-07-098/05 дугаартай “Шинжээчийн дүгнэлт” /хх90-91/ зэргээр 2018 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 14-ний өдрүүдэд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Шинэ 12/1 дүгээр байрны 7 тоотын тааз 11 тоотын шал хооронд угсарсан халуун усны босоо далд шугам цоорч ус алдсан, улмаар нэхэмжлэгчийн орон сууцанд 2 155 682 төгрөгийн, бусад хөдлөх эд хөрөнгөд 2 331 580 төгрөгийн, нийт 4 647 262 төгрөгийн гэм хорын хохирол учирсан нь тогтоогдож байх бөгөөд зохигчид энэхүү үйл баримтын талаар маргаагүй.

 

Иймд нэхэмжлэгч Ц.О- нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар буруутай этгээдээс гэм хорын хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.

 

Талууд тухайн орон сууцны 7, 11 тоот айлуудын шал болон тааз хооронд байрлах халуун усны босоо далд шугамын хэвийн ажиллагааг хэн хариуцах, уг шугам нь сууц өмчлөгчдийн дундын өмчлөлд хамаарах эсэх, хариуцагч нарын хэн нь ус алдалтын улмаас учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлөх нь хуульд нийцэх эсэхэд маргажээ.

 

Анхан шатны шүүх “хариуцагч нарын өмчлөлийн орон сууцны шал таазны завсарын хэрэглээний халуун усны шугам нь нийтийн зориулалттай орон сууцны дангаар өмчлөх хэсэгт хамаарна” гэх үндэслэл зааж, нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцагч буюу оршин суугч Б.Д, Д.Б нар хариуцах ёстой гэсэн дүгнэлт хийснийг  буруу гэж үзнэ. Учир нь, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т зааснаар шал, таазны хооронд угсарсан халуун усны босоо далд шугам нь дундын өмчлөлд хамаарч байна.

Мөн Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.2-т зааснаар сууцны бус зориулалттай хэсгийг ашиглах, түүнд засвар шинэчлэл хийхдээ хууль тогтоомж, норм стандартад заасан шаардлагыг сахин биелүүлэх, бусад өмчлөгчдийн эд юмсад хохирол учруулахгүй, хууль ёсны бусад эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүргээ хариуцагч Б.Д, Д.Б нар биелүүлээгүй гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй. Эдгээр хариуцагч нарын өмчлөлийн орон сууцны шалны доор буюу далд хэсэгт байрлах халуун усны шугамаас ус алдсан үйл баримт тогтоогдсон боловч энэ нь мэргэжлийн байгууллага болон тухайн орон сууцны хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах үүрэг бүхий сууц өмчлөгчдийн холбоонд хамаарах тул оршин суугчийг буруутгаж, түүний өмчлөлийн хэсгээс ус алдсан, өмчлөлийн энэ хэсэгт засвар, үйлчилгээ хийгээгүй гэж үзэх нь буруу.

 

Нэхэмжлэлд дурдагдаж буй Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Шинэ 12/1 дүгээр байр нь 2002 онд ашиглалтад орсон гэдэгт талууд маргаагүй бөгөөд нэхэмжлэгчид гэм хор учирсан 2018 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар цоорч ус алдсан халуун ус дамжуулах шугамыг Барилга, байгууламж инженерийн шугам сүлжээний засвар, ашиглалтын хугацааны жишиг нормд заасан заасан баталгаат хугацааг хэтрүүлсэн буюу 15 жилийн хугацаанд солиогүй нь шинжээчийн дүгнэлт, талуудын хэн алины тайлбараар тогтоогдсон болно. /хх90-91/

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3-т дундын өмчлөлийн эд хөрөнгийн хэвийн ажиллагаанд байнгын хяналт тавьж, хэвийн ажиллагааг хангах үүднээс сууц өмчлөгчдийн холбоотой хамтран жилд 2-оос доошгүй удаа урьдчилан сэргийлэх үзлэг явуулж, дүгнэлт гарган шаардлагатай арга хэмжээ авах ажил зохион байгуулах үүргийг Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-т заасан мэргэжлийн байгууллага хүлээхээр зохицуулжээ. Иймд тухайн сууц өмчлөгчдийн холбоо нь мэргэжлийн байгууллага болох Орон сууц нийтийн аж ахуйн газрын хэрэглэгчдэд үйлчлэх 10 дугаар төвтэй хамтран дундын өмчлөлийн эд хөрөнгийн хэвийн ажиллагаанд хамтран хяналт тавих үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчид дээрх хэмжээний гэм хорын хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Иймд хариуцагч Б.Д, Д.Б нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “А” СӨХ болон хариуцагч ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх 10 дугаар төвөөс нэхэмжлэгчид учирсан хохирлыг тэнцүү хэмжээгээр хамтран хариуцуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр маргааны үйл баримтыг тодруулахаар шинжээчээр дүгнэлт гаргуулсан байх бөгөөд уг шинжээчийн зардлыг хуульд зааснаар хуваарилаагүй орхигдуулсан байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

 

Дээрхийг нэгтгэвэл, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хариуцагч ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх 10 дугаар төв, “А” СӨХ тус бүрээс 2 323 631 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.О-т олгох, хариуцагч Б.Д, Д.Б нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах, үүнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилж, тогтоох хэсгийн 3 дах заалтад шинжээчийн ажлын хөлс 189 392 төгрөгийг хариуцагч “А” СӨХ, ОСНААУГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх 10 дугаар төвөөс гаргуулахаар, тогтоох хэсгийн 3 дах заалтыг 4 болгож өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/01166 дугаар шийдвэрийн, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх 10 дугаар төвөөс 2 323 631 төгрөг, хариуцагч, “А” СӨХ-оос 2 323 631 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ц.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.Д, Д.Б нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89 306 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх 10 дугаар төвөөс        44 653 төгрөг, хариуцагч “А” СӨХ-оос 44 653 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж,

тогтоох хэсгийн 3 дах заалтад “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, 56.3 дах хэсэгт заасныг баримтлан шинжээчийн ажлын хөлс 189 392 төгрөгийг хариуцагч “А” СӨХ, ОСНААУГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх 10 дугаар төвөөс тус бүр     94 696 төгрөг гаргуулан “Төрийн банк” ХХК-ийн 104400291015 тоот дансанд оруулсугай” гэж нэмж,

тогтоох хэсгийн 3 дах заалтын дугаарыг 4 болгож тус тус өөрчилсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Д, Д.Б нараас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                             ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                    Т.ТУЯА