Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2021/00066

 

 

Ц.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

         Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        

          2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/01166 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1357 дугаар магадлалтай,

         Нэхэмжлэгч: Ц.О-

         Хариуцагч:Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-10

         Хариуцагч: Ажилчин СӨХ

         Хариуцагч: Б.Д-

         Хариуцагч: Д.Б-

             гэм хорын хохиролд 4,647,262 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

         Хяналтын журмаар гаргасан хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-10 -н гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.О-, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-10-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхтулга, Ажилчин СӨХ-ийн төлөөлөгч Д.Цэцэгмаа, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: 2018-07-13-ны өдрөөс 14-ний өдрүүдэд ХУД-н 2-р хороо, Шинэ 12/1 дүгээр байрны 7 тоот байрны таазнаас халуун ус их хэмжээгээр алдсан. Үүний улмаас байр маань бүхэлдээ халуун болж, хана тааз цуурч, тааз бүхэлдээ будаг замаск нь норж унасан, хананы цаас ховхорч салсан. Паркетан шал хөөж усанд автсан, ханын шүүгээ нурж дотор нь байсан ном, эд зүйлс ямар ч хэрэгцээгүй болсон. Цахилгаан тасарч гэмтсэн, өвлийн гутал, шуба, хэрээсний машин хэрэглэх боломжгүй болж, маш их хохирол учирсан. Үүний зэрэгцээ сэтгэл санааны хувьд хэцүү байна. Иймд гэм хорын хохиролд учирсан 4,647,262 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагч Б.Д-, Д.Б- нар тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь дээд давхрын 11 тоот айлаас ус алдсан тул эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд 4,647,262 төгрөг гаргуулна гэжээ. Гэтэл тухайн үед манай орон сууцны дангаар өмчлөх хэсэг буюу өмчлөгчдийн хариуцах хэсгээс ус алдаагүй.Бидний гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учраагүй гэжээ.

      Хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-10 тайлбартаа: ..2018-7-14-ний өдрийн 16 цаг 11 минутад манай байгууллагын шуурхай үйлчилгээний албанд Шинэ 12/1 дүгээр байрны 3 тоотын оршин суугч Дээрээс ус алдаад байна гэсэн дуудлага өгч, засварчин дээд айлд орж шугамын алдагдлыг шалгахад 3 давхрын айл буюу 11 тоотоос ус алдаж байсан. Энэ айл нь эзэнгүй байсан бөгөөд 3, 7 тоот руу их хэмжээний ус алдаж хохирол учруулж байсан учир байраар нь халуун ус хааж, хэрэгцээний халуун усны таширын ф15, 20 хаалт 2 ширхэгийг сольж, таширт нь хааснаар усны алдагдлыг түр зогсоосон. Энэ өдөр ээлжийн инженер Г.Нарантуяа 11 тоотын эзэнтэй утсаар холбогдож байдлыг хэлэхэд хөдөө явж байна, 2018-7-15-ны өдөр ирнэ гэсэн боловч 2018-7-15-с хойш утас нь холбогдохгүй байсаар 07-20-ны өдөр гэртээ ирсэн. Засварчин Ч.Түмэнжаргал 11 тоотын инженерийн шугам сүлжээг шалгахад шал, таазны засварын хэрэгцээний халуун усны босоо шугам цоорсон байсан учир манай байгууллага шаардлагатай сантехникийн материалыг гаргаж, ф20 мм-н 7у/м хэрэгцээний халуун усны босоо шугам, холбох хэрэгслийн хамт сольж засварлан усны алдагдлыг зогсоосон болно. Тус байгууллага нь гадна шугам сүлжээ болон узелийн тоног төхөөрөмжийн ашиглалтыг хариуцдаг тул Шинэ 12/1 дүгээр байрны 3, 7, 11 тоотуудын усны алдагдал үүссэн завсар дундын шугамыг хариуцахгүй болно гэжээ.

       Хариуцагч Ажилчин СӨХ тайлбартаа: Ц.О-ийн нэхэмжлэлийг СӨХ биш 11 тоотын айл барагдуулна гэж үзэж байна. Учир нь айл дундын инженерийн шугам сүлжээ нь айлуудын өмчлөлд байдаг тул манай СӨХ-д хамааралгүй гэжээ.

      Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 183/ШШ2019/01166 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг баримтлан Б.Д-, Д.Б- нараас 4,647,262 төгрөг гаргуулж, Ц.О-т олгож, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хэрэглэгчдэд үйлчлэх 10 дугаар төв, Ажилчин СӨХ-нд холбогдох нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,306 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Б.Д-, Д.Б- нараас 89,306 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1357 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/01166 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулан, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг баримтлан Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх 10 дугаар төвөөс 2,323,631 төгрөг, Ажилчин СӨХ-оос 2,323,631 төгрөг тус тус гаргуулж, Ц.О-т олгож, нэхэмжлэлээс Б.Д-, Д.Б- нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,306 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх 10 дугаар төвөөс 44,653 төгрөг, Ажилчин СӨХ-оос 44,653 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, 56.3-т зааснаар шинжээчийн ажлын хөлс 189,392 төгрөгийг Ажилчин СӨХ, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хэрэглэгчдэд үйлчлэх 10 дугаар төвөөс тус бүр 94,696 төгрөг гаргуулан Төрийн банк ХХК-ийн 104400291015 тоот дансанд оруулж, 3 дах заалтыг  4 болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар Б.Д-, Д.Б- нараас гомдол гаргахдаа төлсөн 90,000 төгрөгийг буцаан олгохоор заасан байна. 

      Хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх 10-р төв хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-10 нь хуулийн этгээд биш бөгөөд бие дааж үйл ажиллагаа явуулдаггүй учир хариуцагч биш...дундын өмчлөлийн эд хөрөнгөнд хяналт тавьж ажилладаг ба засвар үйлчилгээг СӨХ-н зөвшөөрөл, хүсэлтгүйгээр бие даан хийх эрхгүй. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-10-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Ц.О- 2018-08-21-ний өдөр шүүхэд хандаж, “...2018 оны 07 дугаар сарын 13,14-ний өдрүүдэд дээд талын айлаас халуун ус алдсан..” гэсэн үндэслэлээр хариуцагч нараас нийт 4,647,262 төгрөг гаргуулахыг шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

      Анхан шатны шүүх Б.Д-, Д.Б- нар хохирлыг хариуцах үүрэгтэй гэж үзсэн бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа “...хэрэглээний халуун усны шугам нь дундын өмчлөлийн бус, харин сууц өмчлөгчийн дангаар өмчлөх хэсэгт хамаарч байх тул  төлбөрийг хариуцагч иргэнээс гаргуулна...” гэсэн үндэслэл заасан байна. 

       Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж төлбөрийг хариуцагч хоёр хуулийн этгээдээс хувь тэнцүүлэн гаргуулахдаа “...шал, таазны хооронд угсарсан халуун усны босоо далд шугам нь сууц өмчлөгчдийн дундын өмч байх бөгөөд дундын өмчлөлийн эд хөрөнгийн хэвийн ажиллагааг хангах нь мэргэжлийн байгууллагын чиг үүрэгт хамаарч байна...” гэсэн дүгнэлт хийжээ. 

       Хяналтын шатны шүүхэд гаргасан Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-10-ын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Хэрэгт авагдсан баримтаар, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Шинэ 12/1 дүгээр байрны 11 тоот айлаас 7 тоотод оршин суудаг айл руу 2018 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 14-ний өдрүүдэд халуун ус алдсан, үүний улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан нь тогтоогдсон байна.

      Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө. Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцна.

        Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Шинэ 12/1 дүгээр байрны 7 тоот айл руу ус алдсан нь “...11 тоотын шал 7 тоотын тааз хооронд угсарсан халуун усны босоо далд шугам цоорсон..”-с болсон нь шинжээчийн 2019-04-12-ны өдрийн 02-07-098/05 дугаар дүгнэлт, хэрэгт буй бусад баримтаар нотлогджээ. 

        Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа ус алдсан хэсэг болох    босоо далд шугамыг орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө гэж үзсэн бөгөөд үүнийг буруутгах баримт хэрэгт байхгүй байна.

     Дундын өмчлөлийн эд хөрөнгө цоорсон, үүний улмаас ус алдсан, дундын эд хөрөнгийн  хэвийн ажиллагаанд хариуцагч хуулийн этгээдийн хяналт тавих чиг үүрэгтэй гэж давж заалдах шатны шүүх үзсэн нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15,19 дүгээр зүйл, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг  зөрчөөгүй гэж үзлээ. Хариуцагч хуулийн этгээд нь дундын өмчлөлийн эд хөрөнгөд хяналт тавих чиг үүргээ хангалттай хэрэгжүүлсэн болохоо нотлож чадаагүй байна. Иймд давж заалдах шатны шүүх төлбөрийн зарим хэсгийг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-10-с гаргуулсан нь Иргэний хуулийн 496,510 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.   

        Түүнчлэн, ус алдсан гэх халуун усны шугамыг 7,11 тоотын оршин суугчид өөрчилсөн   зэрэг үйл баримт тогтоогдоогүй, энэ талаар зохигчийн хэн аль хүсэлт гаргаагүй байх тул шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хйиж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 116 дугаар зүйлийн 116.3-т нийцжээ.    

     Хэргийн оролцогч нэхэмжлэлийг нотлох, үгүйсгэх баримтыг өөрөө бүрдүүлэх үүрэг хүлээнэ. Шүүх талуудын гаргаж өгсөн баримтын хэмжээнд хэргийг хэлэлцэж шийдвэр гаргана.

      Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-10-н гомдлыг хангахгүй орхив.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

       1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1357 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-10-н гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн 52,128 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             П.ЗОЛЗАЯА

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ