Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2019/01166

 

2019 оны 05 сарын 14 өдөр

     Дугаар 183/ШШ2019/01166

                 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, шүүгч Д.Энхцэцэг, Б.Мөнхбаярнарын бүрэлдэхүүнтэй, шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... оршин суух, Б  овогт Ц  О  /РД:ЧТ64052600/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... О газрын Х ,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Саарал 10 дугаар байр, 2 дугаар орцонд оршин байрлах, А /РД:.../,

 

Хариуцагч: ...  У овогт Б Д  /РД: /,

 

Хариуцагч: ... тоотод оршин суух, У овогт Д гийн Б /РД:РН86080278/ нарт холбогдох,

 

Гэм хорын хохиролд 4 647 262 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.О , хариуцагч буюу хариуцагч Б.Д гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б , Х  итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхтулга, хариуцагч А  СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэцэгмаа, нарийн бичгийн дарга Б.Баяр-Эрдэнэ нар оролцов.    

             

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 14-ний өдрүүдэд өөрийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Шинэ хороолол /ЭКО/ 12 дугаар байрны 7 тоот байрны дээрээс буюу таазнаас халуун ус их хэмжээгээр алдаж хохирол амслаа. 2018 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 14-ний шилжих өдрүүдэд халуун ус алдсаны улмаас байр маань бүхэлдээ саун мэт халуун, хана тааз цуурч, тааз бүхэлдээ будаг замаск нь норж унасан, обой ховхорч салсан, паркетан шал бөмбийж усанд автсан, ханын шкаб нурж унасан ба дотор нь байсан ном болон бусад эд зүйлс ямар ч хэрэгцээгүй болсон. Цахилгаанууд бүгд тасарч гэмтсэн, хувцас, гутал хэрэглэлүүд нь нороод дэвтэж хэрэгцээгүй болсон. Өвлийн гутал, шуба хэрээсний машин зэвэрч хэрэгцээгүй болсон зэрэг маш их хохирол амслаа. Үүний зэрэгцээ сэтгэл санааны хувьд ч хэцүү байна. Иймд гэм хорын хохиролд 4 647 262 төгрөгийг буруутай гэдгээс нь гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.О ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Д , Д.Б бид бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа дээд давхрын айл буюу Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Шинэ хорооллын эко 12 дугаар байрны 3 давхрын 11 тоот айлаас ус алдсан тул эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд 4 647 262 төгрөг гаргуулна гэжээ. Гэтэл тухайн үед манай орон сууцны дангаар өмчлөх хэсэг буюу өмчлөгчдийн хариуцах хэсгээр ус алдаагүй, бидний гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөнд хохирол учраагүй тул 4 647 262 төгрөгийг хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар Х  шүүхэд гаргасан хариу тайлбар тайлбартаа: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Эко/12/3 дугаар байрны 7 тоотын оршин суугчаас гаргасан нэхэмжлэлийн дагуу тус айлын харалдаа айлуудаас /3, 11, 15, 20/ 2013 оны 01 дүгээр сараас, 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ус алдаж шугам сольж байсан эсэх талаарх дуудлагуудыг шүүж үзлээ. Дуудлагын дэвтэрт бүртгэгдсэн нь 3 тоотоос 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 21.08 цагт бохир бөглөрсөн дуудлага ирж босоо шугамын бөглөөг урт тросс тавьж гаргасан. 2017 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 06.16 цагт дээрээс ус алдсан дуудлагад бохир бөглөрснийг гаргасан байна. 7 тоотоос 2014 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 14.05 цагт ванны крантнаас ус алдсан дуудлагаар 7 тоотод крантны гол сольсон. 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 09.55 цагт ус алдсан дуудлагаар 11 тоотод аваарын хаалт сольсон. 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 05.20 цагт ус алдсан дуудлагаар очиход 7 тоотод почки хагарсан байсан ба тухайн өдөр почкиг сольсон. 2017 оны 8 дугаар сарын     18-ны өдрийн 08.31 цагт 7 тоот почкины тоноглол солиулах дуудлага өгч, дуудлагын дагуу очиж суултуур, почкины тоноглол сольсон. 20 тоотоос 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр паарнаас ус алдсан дуудлага 17.20 цагт өгсөн байна. Дуудлагын дагуу очиж паарны сгон сольсон гэсэн дуудлагууд бүртгэгдсэн архивлагдсан байна. Дээрхи хугацаанд 11, 15 тоотуудаас сантехникийн дуудлага ирж байгаагүй бөгөөд 3, 7, 20 тоотуудаас ирсэн дуудлагыг цаг тухай бүрт нь түргэн шуурхай барагдуулж усны алдагдлыг зогсоож ажиллаж байсан. 2018 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 16.11 цагт манай байгууллагын шуурхай үйлчилгээний албанд Эко/12/3-3 тоотын оршин суугч “Дээрээс ус алдаад байна” гэсэн дуудлага өгч, дуудлагын засварчин дээд айлд орж шугамын алдагдлыг шалгахад 3 давхрын айл буюу 11 тоотоос ус алдаж байсан. 11 тоот эзэнгүй байсан бөгөөд 3, 7 тоот руугаа их хэмжээний ус алдаж хохирол учруулж байсан учир байраар нь халуун ус хааж, хэрэгцээний халуун усны таширын ф15, 20 хаалт 2 ширхэгийг сольж, таширт нь хааснаар усны алдагдлыг түр зогсоосон. Тухайн өдөр ээлжийн инженер Г.Нарантуяа 11 тоотын эзэнтэй 89900666 дугаарын утсаар холбогдож, учир байдлыг хэлэхэд “Хөдөө явж байна. 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ирнэ” гэсэн. Гэвч 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс хойш утас нь холбогдохгүй байсаар 7 дугаар сарын 20-ны өдөр гэртээ ирсэн. 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр нь засварчин Ч.Түмэнжаргал 11 тоотын инженерийн шугам сүлжээг нь шалгахад шал таазны засварын хэрэгцээний халуун усны босоо шугам цоорсон байсан учир манай байгууллагаас шаардлагатай сантехникийн материалыг гаргаж, ф20 мм-н 7у/м хэрэгцээний халуун усны босоо шугам, холбох хэрэгслийн хамт сольж засварлан усны алдагдлыг зогсоосон болно. Манай байгууллага нь гадна шугам сүлжээ болон узелийн тоног төхөөрөмжийн ашиглалтыг хариуцдаг тул Эко/12/3 дугаар байрны 3, 7, 11 тоотуудын усны алдагдал үүссэн завсар дундын шугамыг манай байгууллага хариуцахгүй болно гэв.

 

Хариуцагч А нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо А  СӨХ-ны гүйцэтгэх захирал Д.Цэцэгмаа би иргэн Ц.О ийн нэхэмжлэлийг СӨХ-нд биш Эко-12 3-11 тоотын айл энэ айл руу удаа дараа ус алдсан тул хохирлыг 11 тоотын айл барагдуулна гэж үзэж байна. Учир нь айл дундын инженерийн шугам сүлжээ нь айлуудын өмчлөлд байдаг тул манай СӨХ-д хамааралгүй болно гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Ц.О  нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Х  болон А  СӨХ, Б.Д , Д.Б нарт холбогдуулан 2018 оны 07 сарын 13, 14-ны өдрүүдэд халуун ус алдсаны улмаас эд хөрөнгөнд учирсан хохирол 4 647 262 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хэрэглэгчдэд үйлчлэх 10 дугаар төв болон А гадна шугам сүлжээ болон узелийн тоног төхөөрөмжийн ашиглалтыг хариуцдаг. Дундын шугамыг хариуцахгүй гэж, хариуцагч Д.Б манай орон сууцны дангаар өмчлөх хэсэгт буюу өмчлөгчдийн хариуцсан хэсгээс ус алдаагүй тул хохирлыг хариуцан арилгах үүрэггүй гэж тус тус татгалзлын үндэслэлээ тодорхойлж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хэрэглэгчдэд үйлчлэх 10 дугаар төв, А  СӨХ-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Д , Д.Б нараас 4 647 262 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

2018 оны 07 сарын 13-ны өдрөөс 14-ны өдрүүдэд нэхэмжлэгч Ц.О ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Шинэ 12/1 дүгээр байрны 7 тоотод хэрэглээний халуун усны шугамаас ус алдсан үйл баримтын талаар талууд маргаагүй боловч ус алдсан шалтгааны талаар маргаж байх тул шинжээч томилж, дүгнэлт гарсан. /хх-90-91/

 

Шинжээчийн 2019 оны 04 сарын 12-ны өдрийн 02-07-098/05 дугаар шинжээчийн дүгнэлтэд “...Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны 12 дугаар байрны 7 тоот орон сууцны таазнаас 2018 оны 7 дугаар сарын 13-аас 14-ний өдрүүдэд харалдаа дээд давхрын 11 тоот айлуудын шал, таазны хооронд угсарсан халуун усны босоо, далд шугам цоорч ус алдсан байна. Хэрэглээний халуун усны шугам нь сууц өмчлөгчдийн дангаар өмчлөх хэсэгт далд байрлаж байна...” гэжээ.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т сууц өмчлөгчдийн холбоо нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т мэргэжлийн байгууллага нь орон сууцны инженерийн гадна шугам сүлжээ, тоног төхөөрөмжүүдийн засвар үйлчилгээг тогтоосон хугацаанд хийж, ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хангах үүрэгтэй гэж тус тус заасан.

 

Хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хэрэглэгчдэд үйлчлэх 10 дугаар төв, болон А нь орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгө шугам сүлжээний ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хариуцах чиг үүрэгтэй тул сууц өмчлөгчдийн дангаар өмчлөх хэсэгт байрлах халуун усны шугам цоорч, ус алдсанаас нэхэмжлэгчид хохирол учруулсан гэм буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хэрэглэгчдэд үйлчлэх 10 дугаар төв, болон А нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Хариуцагч Б.Д , Д.Б нар нь Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, шинэ хороолол, 12 дугаар байрны 11 тоот орон сууцны өмчлөгч болох нь зохигчдын тайлбараа нотлогдож байх ба талууд энэ талаар маргаагүй болно.

 

Хариуцагч Б.Д , Д.Б нарын өмчлөлийн орон сууцны гал тогооны хэсгийн босоо шугамын шал, таазны засварын хэрэглээний халуун усны шугам цоорч 2018 оны 07 сарын 13-ны өдрөөс 14-ны өдрүүдэд ус алдсанаас тус байрны 7 тоотод оршин суугч Ц.О ийн эд хөрөнгөнд хохирол учирсан болох нь зохигчдын тайлбар хэрэгт авагдсан фото зураг, Вендо ХХК-ийн 2018 оны 07 сарын 27-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 2019 оны 04 сарын 12-ны өдрийн 02-07-098/05 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг баримтаар тогтоогдов.

 

Зохигчдын орон сууц нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “нийтийн зориулалттай орон сууцны байшин”-д хамаарах бөгөөд Иргэний хуулийн 146 дугаар зүйлийн 146.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д тус тус зааснаар хариуцагч нарын өмчлөлийн орон сууцны шал таазны засварын хэрэглээний халуун усны шугам нь нийтийн зориулалттай орон сууцны дангаар өмчлөх хэсэгт хамаарна.

 

Орон сууцны өмчлөгч нь Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.2-т зааснаар “...сууц, сууцны бус зориулалттай хэсгийг ашиглах, түүнд засвар шинэчлэл хийхдээ хууль тогтоомж, норм стандартад заасан шаардлагыг сахин биелүүлэх, бусад өмчлөгчдийн эд юмсад хохирол учруулахгүй, хууль ёсны бусад эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх ” үүрэгтэй ба Орон сууцны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “орон сууцны инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид эвдрэл, гэмтэл гарсан тухай бүр оршин суугч нь эрх бүхий мэргэжлийн байгууллагад нэн даруй мэдэгдэж засвар, үйлчилгээ хийх хүнийг саадгүй нэвтрүүлж, түүнд шаардлагатай туслалцаа үзүүлэх үүрэгтэй” гэж заасан ба хариуцагч Б.Д , Д.Б нь хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буруутай байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Б.Д , Д.Б нарын өмчлөлийн орон сууцны дангаар өмчлөх хэсэгт байрлаххэрэглээний халуун усны шугам цоорч ус алдсаны улмаас бусдад учирсан гэм хорыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар хариуцан арилгах үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж Хөрөнгийн үнэлгээний “Вендо”           ХХК-ийн 2018 оны 07 сарын 27-ны өдрийн В18-104, В18-105 тоот хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар ирүүлсэн ба хөрөнгийн үнэлгээний тайланд заасан үл хөдлөх эд хөрөнгөнд учирсан хохирол 2 155 682 төгрөг, хөдлөх хөрөнгийн хохирол 2 331 580 төгрөг, нийт 4 647 262 төгрөгийг хариуцагч Б.Д , Д.Б нараас гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89 306 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Д , Д.Б нараас 89 306 төгрөг гаргуулах нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Б.Д , Д.Б нараас 4 647 262 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.О т олгож, хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хэрэглэгчдэд үйлчлэх 10 дугаар төв, А  СӨХ-нд холбогдох нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89 306 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Д , Д.Б нараас       89 306 төгрөг гаргууланнэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.МӨНХЦЭЦЭГ

 

               ШҮҮГЧИД                              Б.МӨНХБАЯР

 

                                                             Д.ЭНХЦЭЦЭГ