Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2023/02753

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 9 11

181/ШШ2023/02753

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Б......................оршин суух, С.З  /Регистрийн дугаар:.............../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .................................бүртгэлтэй, М.М.С УТҮГ /Регистрийн дугаар: 8299331/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж ажлын компьютер, гар утас, ажлын байрны картыг хураан авсан ажил олгогчийн үйлдэл хууль бус болохыг тогтоолгох, 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/005 тушаалаас өмнө С.Зын хөдөлмөрлөх эрхийг зөрчснийг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.М, И.А, хариуцагчийн өмгөөлөгч И.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Нэхэмжлэгч С.З нь М.М.С УТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж ажлын компьютер, гар утас, ажлын байрны картыг хураан авсан ажил олгогчийн үйлдэл хууль бус болохыг тогтоолгох, 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/005 тушаалаас өмнө С.Зын хөдөлмөрлөх эрхийг зөрчснийг тогтоолгохоор шаардсан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Миний бие М.М.С УТҮГ-ын Хөтөлбөр хариуцсан дэд захирал-ын албан тушаалд 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр намайг ажлаас түр түдгэлзүүлэх болсон тухай албан бусаар мэдэгдэн, ажлын компьютер, гар утас болон ажлын байранд нэвтрэх карт зэргийг хураан авсан бөгөөд үүнээс бүтэн сар гаруйн дараа буюу 2022 оны 3 дугаар сарын 29-нд нөхөн олговортойгоор ажил үүрэг гүйцэтгэхийг түр түдгэлзүүлсэн тухай мэдэгдлийг цахимаар илгээж, улмаар 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн Б/005 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Энэхүү тушаалыг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

1.Миний ажиллаж байсан ажлын байр нь байнгын ажлын байр бөгөөд надтай нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн асуудал бөгөөд хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэдэг үндэслэлийн тухайд:

2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарласан Улсын Дээд шүүхийн тайлбарын 6 дугаар зүйлд Хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан хугацаатай гэрээ гэдэг нь хөдөлмөрийн гэрээний үргэлжпэх хугацааг хуанлийн он, сар, өдрөөр, эсхүл жил, улирал, сараар, үйл явдлаар тодорхойлогдсон байна. Энэхүү гэрээний хугацааг тоолохдоо Иргэний хуулийн хугацаа тоолох журмыг хэрэглэнэ., 7 дугаар зүйлд Хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар ажил олгогч нь байнгын ажлын байранд ажиллах иргэнтэй хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулах үүрэгтэй болно. Харин энэ зүйлийн 23.2.2-д дээрх гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болохоор заасан нь ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачилгаар, тэдгээрийн харилцан тохиролцооны үндсэн дээр, тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хамаарна. Энэ нөхцөлд тухайн шаардлага, шалтгааныг, мөн талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тодорхой тусгасан байвал зохино. хэмээн тус тус тайлбарласан байдаг. М.М.С УТҮГ нь байнгын ажлын байранд үндэслэл бүхий шалтгаангүйгээр хугацаатай гэрээ байгуулсан гэж үзэж байна.

Тус сангийн Хөтөлбөр хариуцсан дэд захирал буюу гүйцэтгэх захирлын хөтөлбөр хариуцсан орлогч хэмээх албан тушаал гүйцэтгэх захирлын удирдлага дор Мянганы сорилтын корпораци болон М.М.Сгийн удирдах зөвлөлөөс баталсан цалин хөлс, урамшуулал олгох системийн дагуу цалинжиж, ердийн өдөр ажлын найман цагаар М.М.С УТҮГ-ын төв оффист байрлан, хөдөлмөрийн гэрээний Хавсралт А-д заасан ажил үүргийг гүйцэтгэх тухай хөдөлмөрийн гэрээ, хүний нөөцийн гарын авлага болон М.М.С УТҮГ-ын дүрэм зэрэг эрх зүйн баримт бичгийн хүрээнд зохицуулсан байдаг. Энэхүү ажлын байр энэ утгаараа байнгын ажлын байр бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар байнгын ажлын байр-нд Хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах үүрэгтэй байдаг.

Гэвч ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж хугацаатай гэрээ байгуулсан. Надтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.1.1 дэх заалтад Хөтөлбөрийг нэн давчуу хугацаанд хэрэгжүүлэх тул Хөтөлбөрийн үр ашиг, бүтээмжийг боломжит хамгийн дээд хэмжээнд байлгах үүднээс гэрээний хугацааг ийнхүү хязгаарлагдмал байдлаар тогтоохыг Талууд үүгээр зөвшөөрөв. гэсэн зохицуулалт оруулсан. Гэвч Сангийн хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүд 1 жилийн хугацаатай биш бөгөөд хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хугацаа нь надтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хугацаа хоорондоо уялдаа холбоогүй юм. Иймд, гэрээний энэхүү зохицуулалтаар байнгын ажпын байранд хугацаатай гэрээ байгуулах ёстой гэдэг шаардлага, үндэслэлийг зөвтгөх боломжгүй юм.

М.М.С УТҮГ-ын хүний нөөцийн гарын авлага буюу хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар бүлэгт жил бүр бүх ажилтны ажлын гүйцэтгэлийг үнэлэх, үнэлгээг үндэслэн сайжруулах хөтөлбөрт хамруулах болон шаардлагатай тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авахаар заасан байдаг. Энэ нь Сангийн ажлын байрыг байнгын ажлын байр болохыг нотолж байгаа бөгөөд хэрэгжүүлж байгаа Хөтөлбөрийн хугацаатай уялдаагүй болохыг баталгаажуулж байгаа юм.

Мөн надтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.1.1 дэх заалтад М.М.С нь Ажилтныг 1 жилийн хугацаагаар ажилд авахыг зөвшөөрч буй бөгөөд энэхүү гэрээ, эсхүл холбогдох хууль тогтоомжийн дагуу хугацаанаас нь өмнө хүчингүй болгож; эсхүл дор заасан нөхцөлийн дагуу мөн ижил хугацаагаар дахин сунгаагүй бол энэхүү хугацаа нь Гэрээ хүчин төгөлдөр болсон огноогоор эхэлж, нэг жилийн дараа дуусна." хэмээн зааснаас үзэхэд Сан байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулахын оронд 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан болохыг батална.

Хүний нөөцийн гарын авлага буюу Хөдөлмөрийн дотоод журмын 4.5-д хөдөлмөрийн гэрээний хугацаа 1 жил байна гэж зааж өгсөн. Энэхүү 1 жилийн хугацаатай гэрээнд гарын үсэг зурахгүй бол ажил горилогч Хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжгүй байдлаар хийсэн нь ажил олгогч өөрийн илт давуу байдлаа ажилтанд тулгасан гэж үзэх үндэслэлтэй. Талуудын хооронд байгуулсан: хөдөлмөрийн гэрээний 4.1.1-д Гэрээний хугацааг ийнхүү хязгаарлагдмал байдлаар тогтоохыг талууд үүгээр зөвшөөрөв. гэсэн нь ажил олгогчийн давуу байдлаа ашигласан зохицуулалтаас үүдэж байгаа учраас бодит байдалтай нийцэхгүй. Ажил олгогчийн санал болгосон 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд ажилд орох боломжгүй байдлаар Хөдөлмөрийн дотоод журмаа хийсэн нь хуульд нийцэхгүй юм.

2.Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон Б/005 тоот тушаалын үндэслэх хэсгийн тухайд:

Гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/005 тоот тушаалаар ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3, М.М.С УТҮГ-ын дүрмийн 4.3 /d/ заалт болон хөдөлмөрийн гэрээний 4.1.1-д заасныг тус тус үндэслэсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 буюу Хөдөлмөрийн хугацаатай гэрээ-ний асуудлыг дээр тайлбарласан. М.М.С УТҮГ-ын дүрмийн 4.3 /d/-д заасан "чөлөөлөхийн өмнө МСК-иас зөвшөөрөл авч батлуулна гэсэн зохицуулалтын хүрээнд АНУ дахь Мянганы сорилтын корпорациас авсан зөвшөөрөл буюу objection ирүүлсэн тухай баримт байхгүй бөгөөд энэхүү батлагдсан зөвшөөрлийг үндэслэн энэхүү шийдвэрийг гаргаагүй байна. Түүнчлэн хөдөлмөрийн гэрээний 4.1.1-д заасан "... ажилтныг 1 жилийн хугацаагаар ажилд авахыг зөвшөөрч байгаа тухай зохицуулалт нь дээр тайлбарласанчлан Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй байгаа болно.

Түүнчлэн, Мянганы Сорилтын Корпораци гэдэг байгууллага нь буцалтгүй тусламжийг олгож буй АНУ-ын Холбооны Засгийн газрын байгууллага учраас Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан М.М.С УТҮГ-ийн дотоод үйл ажиллагаа, тэр дундаа хүний нөөцийн асуудалд аливаа чиглэл, заавар өгөх байдлаар оролцох, тэр тусмаа ямар нэгэн баримт нотолгоонд үндэслэхгүйгээр ажил олгогчийг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчих нөхцөл байдалд хүргэх санал, зөвлөмж, чиглэлийг өгөх боломжгүй бөгөөд үүнийг ч М.М.С-гийн дүрэм, хүний нөөцийн гарын авлага болон хөдөлмөрийн гэрээнд онцгойлон заасан байдаг.

Ажил олгогч байнгын ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь анхнаасаа хуульд нийцээгүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-т хөдөлмөрийн гэрээг хоёр жилээс дээш хугацаагаар бол хугацаагүй байгуулсанд тооцохоор заасан, нэхэмжлэгчтэй гэрээг хугацаагүй байгуулсанд тооцогдох тул хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, цаашид сунгахгүй" гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй. Ажил олгогч гэрээг дуусгавар болгож цуцлах тухайгаа урьдчилж огт мэдэгдээгүй, энэ тухай баримтгүй.

3.Ажил үүрэг гүйцэтгэхийг түр түдгэлзүүлсэн асуудлын тухайд:

2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Мянганы Сорилтын Корпорацийн дэд ерөнхийлөгчийн орлогч Ж.Брукс Монгол Улсад ажиллах үеэрээ надад ажил үүрэг гүйцэтгэхийг маань түр түдгэлзүүлсэн талаар амаар мэдэгдсэн. Тус өдөр М.М.С УТҮГ ажлын компьютер, гар утас, ажлын байранд нэвтрэх карт зэргийг надаас хураан авсан бөгөөд ийнхүү хураан авахдаа хуулийн зөвлөх нь АНУ-ын МСК-ийн төлөөлөгчид ийм үйл ажиллагаа явуулах үүрэг өгсөн, 3 дугаар сарын эхний долоо хоногт монголд ажиллах үеэрээ шалгана гэсэн гэдэг байдлаар тайлбарласан. Миний бие тухайн үйл явдлаас хойш хуулийн зөвлөх болон гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нарт хандан мэдээлэл авах, цаашид хэрхэх талаар зааварчилгаа хүсэх тухай, үүсээд буй асуудлаар ярилцах, тодруулах зорилгоор цахим шууданг удаа дараа илгээж, утсаар холбогдохыг хичээсэн. 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр М.М.С УТҮГ-ын гүйцэтгэх захирлын албан үүргийг түр гүйцэтгэгч Г.Уранчимэгээс Хөдөлмөрийн дотоод журмын 13.6-д заасны дагуу намайг ажил үүргээ гүйцэтгэхийг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс нөхөн олговортойгоор түр түдгэлзүүлэх болсныг мэдэгдэж, ингэхдээ тус мэдэгдэл нь цаг хугацааны хувьд сар гаруйн өмнөөс хүчин төгөлдөр үйлчлэнэ гэсэн утгатай байсан нь хөдөлмөрийн хууль тогтоомж, хууль зүйн практиктай нийцэхгүй байна гэж үзэж байна. Тус мэдэгдэлдээ Монголын мянганы сорилын Сан УТҮГ-ын ажилтан нь миний эсрэг гомдол гаргасан учраас ажил үүрэг гүйцэтгэхээс түр түдгэлзүүлэх болсон бөгөөд нотлох баримт хайх буюу fact-finding арга хэмжээг авах гэж буй талаар мэдэгдсэн. Ажил үүрэг гүйцэтгэхийг түр түдгэлзүүлэх үйл явцыг манай байгууллагын Хүний нөөцийн гарын авлага буюу Хөдөлмөрийн дотоод журмын Хавсралт 17-гийн Ажил үүрэг гүйцэтгэхийг түр түдгэлзүүлэх хэсэгт:

Ажил үүрэг гүйцэтгүүлэхийг түр түдгэлзүүлэх хүсэлтийг Хүний нөөцийн менежерт гаргах бөгөөд захиргааны асуудал хариуцсан захирал нотлох баримтад үндэслэн гүйцэтгэх захиралд уг арга хэмжээг авах талаар танилцуулан санал оруулна. Гүйцэтгэх захирал зөвшөөрсөн тохиолдолд:

         Ажил үүрэг гүйцэтгэхийг нь түр түдгэлзүүлсэн шалтгаан, үргэлжлэх боломжит хугацаа болон нөхцпүүдийг ажилтанд бичгээр мэдэгдэх;

         Ажлын байранд нэвтрэх карт эсвэл нууц үгийг хүчингүй болгох;

         Ажил олгогчийн өмчлөлийн эд хөрөнгийг буцаан авах арга хэмжээг авна

хэмээн тус тус зохицуулсан байхын сацуу түр түдгэлзүүлэх хугацаа 3 сараас хэтрэхгүй байна гэж заасан байдаг.

Гэвч намайг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ажил үүрэг гүйцэтгэхийг минь түдгэлзүүлэх болсон тухай аливаа албан ёсны шийдвэр дурдалгүйгээр аман байдлаар хэлээд, түүнчлэн түдгэлзүүлсэн гэх мэдэгдлийг сар гаруйн дараа гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс ирүүлэхдээ түдгэлзүүлж буй үндэслэл, аль байгууллагын ямар шийдвэрээр түдгэлзүүлж буй тайлбар, түдгэлзүүлэх хугацаа, мөн ямар нөхцөлд түдгэлзүүлж буй үйл явц дуусах талаар болон ийнхүү түдгэлзүүлэхийн өмнө М.М.Сгийн хүний нөөцийн гарын авлагад заасан ямар процедур баримталсан, ямар баримт нотолгоо байгаа зэрэг дээр дурдсан нөхцлүүдийн талаар огт дурдаагүй болно. Мөн дүрэм журам зөрчиж, түдгэлзүүлэх болсноо залруулах оролдлого мэтээр тухайн мэдэгдэл нь 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн огноотой боловч сар гаруйн өмнөөс буюу 2 дугаар сарын 25-ны өдрөөс буцаан тооцогдоно гэсэн нь хүчин төгөлдөр бус гэж үзэж болохоор байгаа юм.

Намайг албан үүргээс түр түдгэлзүүлснээс хойш надтай уулзаж, мэдээлэл, тодруулга өгөх тухай миний удаа дараагийн хүсэлтэд Монголын МСС-гийн хуулийн зөвлөх нь АНУ-ын МСК-иас ямар нэгэн мэдээлэл ирүүлээгүй байна, ирүүлмэгц холбогдох болно гэж цахимаар мэдэгдсэн нь дээр дурдсанчлан Монголын удирдлага хөдөлмөрийн харилцаатай холбоотой өдөр тутмын үйл ажиллагаандаа холбогдох хууль тогтоомж, хөдөлмөрийн дотоод журмын дагуу хийж хэрэгжүүлэх шаардлагатай үүргээ ухамсарлаж, биелүүлээгүй гэж үзэж байна.

Түүнчлэн, түдгэлзүүлсэн тухай амаар мэдэгдсэнээс хойш 33 хоногийн дараа нотлох баримт хайх буюу fact finding хийх гэж буй тухайгаа гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч дурдсан. Монголын МСС-гийн хүний нөөцийн гарын авлагад зааснаар баримт, нотолгоо цуглуулах арга хэмжээний хүрээнд бие даасан, хөндлөнгийн, хараат бус, гуравдагч этгээд эсхүл зөвлөх хэд хэдэн үе шаттай үйл ажиллагаа явуулж, олон удаагийн ярилцлага хийх үйл явцыг хэлэх бөгөөд 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс хойш 2 сар гаруйн хугацаанд надтай нэг ч удаа ярилцлага хийгээгүй байдалтай байна. Намайг ажлаас чөлөөлөх хүртэл fact finding хийж байгаа тухай ямар ч мэдээлэл ирээгүй. Энэ нь зүгээр л намайг ор үндэслэлгүйгээр ажил хийлгэхгүй, ажилд оруулахгүй байлгаж байгаад надтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хугацааг дуусгаад Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, дахиж сунгахгүй үндэслэлээр ажлаас чөлөөлөхөөр бэлтгэж байсныг илэрхийлж байгаа юм.

Иймд, Монгол Мянганы Сорилтын Сан УТҮГ-ын гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/005 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, тушаалаас хойш өнөөдрийн шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэг сарын цалин 15.394.858 төгрөгөөр тооцон олговрыг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгаж өгнө үү.

Мөн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж ажлын компьютер, гар утас, ажлын байрны картыг хураан авсан ажил олгогчийн үйлдэл хууль бус болохыг тогтоолгох, Б/005 тоот тушаалаас өмнө С.Зын хөдөлмөрлөх эрхийг зөрчснийг тогтоолгож өгнө үү гэв.

 

Хоёр:Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

а.Монгол улсын Засгийн газар Мянганы сорилтын санг үүсгэн байгуулах шийдвэрийг гаргаж, удирдах зөвлөлийн гишүүдийг томилсон ба үүний дагуу удирдах зөвлөлийн гишүүд нь Монголын Мянганы сорилтын сан УТҮГ-ын дүрмийг баталж, 2018 онд улсын бүртгэлд бүртгүүлсэн. 

2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн АНУ-ын Засгийн газар /Мянганы Сорилтын Корпораци/ болон Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулагдсан Компакт гэрээгээр АНУ-ын санхүүжилтээр Монгол улсад ус хангамжтай холбоотой төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх агуулгыг тохиролцон, уг гэрээнд олон нөхцлүүдийг заасан ба нэгэнт санхүүжүүлэгч байгууллага санхүүжилт гаргаж байгаа учраас олон янзын нөхцөл шаардлагууд тавьсан байдаг. Эдгээр нөхцөл шаардлагын нэг нь компакт гэрээний 3.2 б хэсэгт зааснаар төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх тусгай нэгжийг Засгийн газар өөрөө үүсгэн байгуулах ба энэ хүрээнд үүсгэн байгуулсан байгууллага нь Монгол мянганы сорилтын сан УТҮГ юм. Түүнчлэн  Компакт гэрээний 7.4-т гэрээг 5 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ гэж заасан тул анх С.Зтой 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль үйлчилж байх үед хөдөлмөрийн гэрээ байгуулж, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 23.2.2-т зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулсан.

Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолоор байнгын ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах гэж байгаа бол хугацаатай байгуулах үндэслэл шаардлага үүссэн байх, ажилтан болон ажил олгогч нь хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулахаар харилцан тохиролцсон байх, хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл, хэрэгцээ шаардлагаа хөдөлмөрийн гэрээнд тодорхой тусгасан байх шаардлагуудыг хангасан байхаар заасан.

Талууд 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлж, бичгээр гэрээ байгуулж харилцан тохиролцсоныг илэрхийлж байна.

1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг заавал гэрээнд тусгах ёстой боловч хөдөлмөрийн гэрээний хугацааг хэдээр тооцохыг тусгайлан заагаагүй. Гэтэл хөдөлмөрийн гэрээ нь талуудын хоорондын хүсэл зориг, харилцан тохиролцооны үндсэн дээр хийгдсэн, Улсын дээд шүүхээс тавьсан 3 шаардлагыг хөдөлмөрийн гэрээ хангаж байгаа.

2022 оны 5 дугаар сарын Б/005 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т зааснаар гэрээний хугацаа дуусгавар болж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тул 30 хоногийн өмнө мэдэгдэх үүрэг захиргаа хүлээхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т зааснаар 30 хоногийн өмнө ажилтанд мэдэгдэх зохицуулалт энэ тохиолдолд хамаарахгүй. Талуудын хоорондох Хөдөлмөрийн гэрээнд эсрэгээрээ гэрээг сунгах тохиолдолд 45 хоногийн өмнө мэдэгдэнэ, сунгахгүй тохиолдолд урьдчилан мэдэгдэх шаардлагагүй гэж заасан. Ажил олгогчийн зүгээс гэрээний хугацааг сунгах талаар хүсэл зориг илэрхийлээгүй, ажилтан мөн энэ талаар хүсэлтийг гаргаж байгаагүй.

Нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээ 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу байгуулагдсан тул 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4заалт хамаарахгүй.

Хөдөлмөрийн дотоод журам 2020 онд батлагдсан ба нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 онд байгуулсан байдаг. Тиймээс хөдөлмөрийн дотоод журмын 4.5 дахь заалтыг баримтлан нэг жилийн хугацаатай гэрээ байгуулсан нь ажил олгогч давуу байдлаа ашигласан гэх үндэслэл болохгүй.

Хариуцагч байгууллагын гүйцэтгэх удирдлагад ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг байгуулах, гэрээг дуусгавар болгохдоо Мянганы сорилтын корпорациас зайлшгүй зөвшөөрөл авах тухай Мянганы сорилтын сангийн дүрмийн 4.3.б хэсэгт, төсөл хэрэгжүүлэх гэрээнд, хөдөлмөрийн дотоод журамд тус тус заасан. АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Тина Ж.Юү-гээс 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр М.М.С УТҮГ-ын гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Уранчимэгт имэйл ирүүлсэн бөгөөд энэхүү имэйлд Мянганы Сорилтын Корпораци нь Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирлын орлогчийн хөдөлмөрийн гэрээг цаашид сунгахаас татгалзаж байна гэж мэдэгдсэн. Уг и-мэйлд үзлэг хийснээр нотлогдсон. 

Тушаалыг 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгчийн гэрийн хаягаар хүргүүлж, дараа нь мэйлээр, утсаар дахин мэдэгдэж хүргүүлсэн талаарх холбогдох баримтуудыг хэрэгт өгсөн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл ажилтан түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандана гэж заасан.

Нэхэмжлэгч Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хороонд 2023 оны 5 дугаар сард хандсан явдал процессын хувьд алдаатай тул хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглэсэн гэж үзэх боломжгүй.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд: 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ажлаас түр түдгэлзүүлсэн. Гэхдээ цалин хөлсийг бүрэн олгож байсан, энэ тухай баримтыг хэрэгт өгсөн. Ийнхүү түдгэлзүүлсэн явдал түүний цалин хөлсийг бүрэн олгож байсан тул хөдөлмөрлөх эрхийг зөрчөөгүй гэж үзэж байна. Ажлаас түр түдгэлзүүлсэн шалтгаан нь түүний гаргасан зөрчлийг шалгах үүднээс Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар ажлаас нь түр хугацаанд түдгэлзүүлж, шалгасан болно. Энэ талаар Гүйцэтгэх захирлын шийдвэр гараагүй, харин Төлөөлөн удирдах зөвлөлөөс шийдвэрлэсэн байдаг. Нэхэмжлэлийн энэ шаардлагаа Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т зааснаар гурван талт хороонд гурван сарын хугацаанд гомдол гаргаж шийдвэрлүүлээгүй, гомдол гаргах хугацаа өнгөрснөөс гадна энэ талаар урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчсөн. Иймд хүлээн авахаас татгалзах үндэслэл бүрдсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой гэв.

 

Гурав.Нэхэмжлэгчээс баримтаар: М.М.С УТҮГ-ын гүйцэтгэх захирлын 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн А/006 тоот Ажилд томилох тухай тушаал, М.М.С УТҮГ-ын хөтөлбөр хариуцсан дэд захиралтай 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, хавсралт, ажил үүргийн тодорхойлолт, 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ сунгах тухай мэдэгдэл, нэмэлт өөрчлөлт, өөрийн иргэний үнэмлэхний хуулбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан гомдол, 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 64 тоот гурван талт хорооны тэмдэглэл хуулбараар, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурвн талт үндэсний хорооны 2022 оны 8 дугаар сарын 17-ний өдрийн 26 дугаар тогтоолын хуулбар зэргийг баримтаар ирүүлсэн. /1хх 7-27, 2хх 14, 191-204, 209-211/

хариуцагчаас баримтаар: төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ сунгахаас татгалзсан тухай МСК-ны имэйлын орчуулга /англи, монгол хэлээр/, 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн эрх шилжүүлэх тухай маягт /англи, монгол хэлээр/, Компакт гэрээг соёрхон батлах тухай хууль, компакт гэрээ /Төрийн мэдээлэл сэтгүүл/, Монгол улсын Засгийн газар болон Мянганы сорилтын корпорацаар төлөөлүүлэн Америкийн нэгдсэн улс хоорондын хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээ, 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 22/06 тоот М.М.Сгийн Удирдах зөвлөлийн бичгэн зөвшөөрлүүд, С.Зын Хүний нөөцийн бодлогын гарын авлага-Хөдөлмөрийн дотоод журамтай танилцаж, хүлээн зөвшөөрсөн тухай мэдэгдэл, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай мэдэгдэл, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай мэдэгдэл, 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай мэдэгдэл, 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай мэдэгдэл, 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/005 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаал, М.М.С УТҮГ-ын Удирдах зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01 тоот тогтоол, уг тогтоолоор баталсан М.М.С төрийн өмчит хуулийн этгээдийн дүрэм, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 297 дугаар тогтоол, хавсралт, М.М.С УТҮГ-ын Удирдах зөвлөлийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 34 дугаартай тогтоол, М.М.С УТҮГ-ын 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүчин төгөлдөр болсон Хүний нөөцийн бодлогын баримт бичиг, хөдөлмөрийн дотоод журам, компакт гэрээний англи хувилбар, нэхэмжлэгч С.Зын төрийн албан хаагчийн анкет, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, мэйл, гар утас дах мэссэж, дуудлагын хуулбарууд, тушаалыг шуудангаар хүргүүлсэн тухай баримтууд, 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн баримт бичиг хүлээлцсэн акт, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн нэхэмжлэгчтэй ажил хүлээлцэх шалгах хуудас /англи, орчуулгын хамт/, 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Мянганы сорилтын сангаас Тина Ж.Юүгийн албан тушаал, бүрэн эрхийг баталгаажуулах тухай албан бичиг /англи, орчуулгын хамт/ зэргийг ирүүлжээ. / 1хх 31, 33, 36-38, 46-47, 49-132, 134-141, 152-227, 230-250, 2хх 1, 25-29, 47-51, 214-226, 250, 3хх 1, 21-29 /

Шүүхийн журмаар: хариуцагч талын хүсэлтээр 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн мэйлд хийсэн үзлэгийн тэмдэглэл, 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн мэйлд хийсэн үзлэгийн тэмдэглэл,

Нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагчаас баримтаар ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Монгол улсын Гадаад харилцааны яамны 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 09/6433 дугаартай албан бичиг, АНУ-ын Элчин сайдын яамнаас 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Монгол улсын Гадаад харилцааны яаманд ирүүлсэн захидал /монгол, англи хэл дээр/, Элчин сайд Майкл Клечески-гээс Гадаад харилцааны яаманд 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн захидал /монгол англи хэлээр/, Мянганы сорилтын корпорацийн компакт гэрээний үйл ажиллагааны газрын дэд ерөнхийлөгч Фатима Сумараас 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Гадаад харилцааны сайдад илгээсэн Мянганы сорилтын компакт гэрээ хүчин төгөлдөр болох тухай захидал /монгол, англи хэлээр/, М.М.С УТҮГ-ын Удирдах зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 22/2 дугаартай бичгэн зөвшөөрөл 7 хуудас, М.М.С УТҮГ-ын Удирдах зөвлөлийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 34 дугаартай тогтоол, М.М.С УТҮГ-ын Удирдах зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 11 дугаартай тогтоол, М.М.С УТҮГ-ын Удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 92 дугаартай тогтоол, нэхэмжлэгчийн 2022 оны 2-5 дугаар сард цалин хөлс олгосон тухай баримт зэргийг бүрдүүлжээ. /2хх 18-23, 52-70, 78-79, 94-103, 239-247, 248/

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч С.З нь М.М.С УТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж ажлын компьютер, гар утас, ажлын байрны картыг хураан авсан ажил олгогчийн үйлдэл хууль бус болохыг тогтоолгох, 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/005 тоот тушаалаас өмнө С.Зын хөдөлмөрлөх эрхийг зөрчснийг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.

2.Нэхэмжлэгч үндэслэлээ: анхнаасаа ажил олгогч байнгын ажлын байранд Хөдөлмөрийн хугацаатай гэрээг байгуулсан нь хуульд нийцээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-т зааснаар гэрээг хугацаагүй байгуулсанд тооцно, дуусгавар болгох талаар урьдчилан мэдэгдээгүй, тушаалыг гардуулаагүй, түүнчлэн тушаал гарахаас өмнө 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс хууль бусаар ажлаас түдгэлзүүлсэн гэж тайлбарлав.

3.Хариуцагч татгалзлын үндэслэлээ: тус сан АНУ-ын мянганы сорилтын корпораци болон Монгол Улсын Засгийн газар хоорондын компакт гэрээнд зааснаар хугацаатай үүсгэн байгуулагдсан тул нэхэмжлэгчтэй анхнаасаа харилцан тохиролцож гэрээг хугацаатай байгуулсан, гэрээний хугацаа дууссаны улмаас хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон, тушаал хуульд нийцсэн гэж тайлбарлав. Мөн Хөдөлмөрийн дотоод журамд ажилтныг түр түдгэлзүүлэх үндэслэлийг заасан, тухайн үндэслэл бүрдсэн тул ийнхүү түдгэлзүүлэх эрхтэй, нэхэмжлэгч хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг хангаагүй гэж тайлбарлаж байна.

4.Хэрэг авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон.

4.1.М.М.С УТҮГ-ын гүйцэтгэх захирлын 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн А/006 тоот тушаалаар нэхэмжлэгч С.Зыг тус сангийн хөтөлбөр хариуцсан дэд захирлаар томилж, мөн өдөр 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж талуудын хооронд Хөдөлмөрийн харилцаа үүсчээ.

4.2.Улмаар талууд 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр, 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр тус тус Хөдөлмөрийн гэрээнд тодорхой нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулсан,

-2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн С.Зтой байгуулсан гэрээнд хөдөлмөрийн гэрээний хугацааг 1 жилээр сунгах, гэрээний 4.1 дэх хэсэгт заасан дуусгавар болох хугацааг гэрээний хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаа буюу 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр байх нэмэлт өөрчлөлтийг оруулсан үйл баримтад маргаагүй. /1хх 8-26, 136-141/

4.3.М.М.С УТҮГ-ын гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/005 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3, Хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээний 2.9 /с/vii/ заалт, М.М.С УТҮГ-ын дүрмийн 4.3 /d/ заалт, Хөдөлмөрийн гэрээний 4.1.1-д заасныг баримтлан хөтөлбөр хариуцсан дэд захирал С.Зтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр дуусч, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр мөн өдрөөр тасалбар болгон түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ. /1хх 152/

Монгол Улсын Их хурлаар 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Гадаад харилцааны яамаар төлөөлүүлэн Монгол улсын Засгийн газар, Мянганы сорилтын корпорацаар төлөөлүүлэн Америкийн нэгдсэн улс хооронд байгуулсан Мянганы сорилтын компакт гэрээ-г Монгол улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталжээ. Уг хөтөлбөр Монгол улсын газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах, хаягдал усыг дахин боловсруулах үйл ажиллагааг 2019 оноос 5 жилийн хугацаатай хэрэгжүүлэх зорилготой байна.

5.Зохигчид 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/005 тоот тушаалын хууль зүйн үндэслэлд маргасан.

Маргааны зүйл болсон Б/005 тоот тушаалд баримталсан Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон гэж,

Гадаад харилцааны яамаар төлөөлүүлэн Монгол улсын Засгийн газар болон Мянганы сорилтын корпорацаар төлөөлүүлэн Америкийн нэгдсэн улс хоорондын хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээний 2.9 /с/vii/ -д Засгийн газар болон Монголын МСС-ийн хооронд байгуулсан аливаа гэрээ болон дор дурдсан аливаа этгээдийг томилсон, хөлсөлсөн, эсхүл өөр бусад байдлаар хамтран ажиллахаар тохирсон гэрээ, баримт бичгийг гаргахын өмнө МСК-аас бичгээр зөвшөөрөл авсан байна гэж,

М.М.С УТҮГ-ийн Удирдах зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн нэгдүгээр тогтоолын хавсралтаар баталсан М.М.С УТҮГ-ын дүрмийн 4.3 /d/-д албан хаагч бүрийг томилох, ажлаас чөлөөлөх /мөн холбогдох хөдөлмөрийн гэрээний заалтууд/-ийн өмнө МСК-аас зөвшөөрөл авч батлуулна гэж,

Хөдөлмөрийн гэрээний 4.1.1-д Монголын МСС нь ажилтныг нэг жилийн хугацаагаар ажилд авахыг зөвшөөрч буй бөгөөд энэхүү гэрээ, эсхүл холбогдох хууль тогтоомжийн дагуу хугацаанаас нь өмнө хүчингүй болгож, эсхүл дор заасан нөхцөлийн дагуу мөн ижил хугацаагаар дахин сунгаагүй бол энэхүү хугацаа нь гэрээ хүчин төгөлдөр болсон огноогоор эхэлж, нэг жилийн дараа дуусна гэж тус тус заажээ.

5.1.Нэхэмжлэгч байнгын ажлын байранд хугацаатай Хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь анхнаасаа хууль зөрчсөн гэж тайлбарласан.

1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д хөдөлмөрийн гэрээ хугацаатай буюу хугацаагүй байна гэж, 23.2.2-т талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулна гэж тус тус заасан. Ажил олгогч хуулийн дээрх зохицуулалтын дагуу ажилтантай хугацаатай гэрээ байгуулах тохиолдолд ийнхүү хугацаатай байгуулах болсон тодорхой үндэслэл, шалтгаан бий болсон байх, улмаар ажилтан өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр тохиролцсон байхыг шаардана.

Хэрэгт авагдсан баримтаар төсөл өөрөө 5 жилийн хугацаатай байхаар батлагдсан, энэ талаар Мянганы сорилтын компакт гэрээний 7.4-т тодорхой тусгагдсан байхаас гадна талуудын хоорондох хөдөлмөрийн гэрээний 4.1.1-т Хөтөлбөрийг нэн давчуу хугацаанд хэрэгжүүлэх тул Хөтөлбөрийн үр ашиг, бүтээмжийг боломжит хамгийн дээд хэмжээнд байлгах үүднээс гэрээний хугацааг ийнхүү хязгаарлагдмал байдлаар тогтоохыг талууд зөвшөөрөв гэж тусгажээ. Иймд талууд хүсэл зоригоо илэрхийлж харилцан тохиролцсон, хугацаатай байгуулах үндэслэл шалтгаанаа гэрээнд тусгасан гэж үзнэ.

Түүнчлэн нэхэмжлэгч гэрээг хугацаатай байгуулсан явдал хуульд нийцээгүй, ажил олгогч илт давуу байдлаа ашиглан тулган байгуулж, хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд ажилд орох боломжгүй байдлаар Хөдөлмөрийн дотоод журмаа хийсэн нь хуульд нийцэхгүй гэж тайлбарласан ч энэ талаарх гомдлоо 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8-д зааснаар гаргаж байсан талаарх баримтгүй, мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан гэрээний талууд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байснаас хойш гурван сарын дотор гомдлоо гаргах хуульд заасан хугацаа өнгөрчээ.

5.2.Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-т ... хугацаатай байгуулсан гэрээний анх байгуулсан болон сунгасан хугацааны нийлбэр хоёр жилээс дээш бол уг гэрээг хугацаагүй байгуулагдсанд тооцно. гэж заажээ.

Нэхэмжлэгч хуулийн дээрх зохицуулалтын дагуу хугацаатай гэрээ 3 жил үргэлжилсэн тул хугацаагүй байгуулагдсанд тооцно гэж тайлбарлав.

Улсын Их хурлаас 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ыг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ батлагдахаас өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээг талуудын харилцан тохиролцсон хугацаагаар дагаж мөрдөнө. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэн хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож өөрчлөлт оруулах бол тухайн ажилтны эрх зүйн байдал, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг дордуулахгүй байна гэж заажээ.

Талуудын хоорондох Хөдөлмөрийн гэрээ 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчлэх үед байгуулагдсан, гэрээнд хамгийн сүүлд 2021 оны 6 дугаар сард өөрчлөлт оруулсан, түүнээс хойшхи хугацаанд өөрчлөлт оруулаагүй байна. Иймд дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу гэрээг мөрдөх тул 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-т заасан зохицуулалт маргааны энэ тохиолдолд хамааралгүй.

5.3.Хэргийн баримтаар АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн Монгол улс дахь суурин төлөөлөгч Yu, Tina J /Тина Ж Юү/-гийн [email protected] цахим хаягнаас 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 23.38 цагт М.М.С УТҮГ-ийн гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Уранчимэгийн [email protected] цахим хаягт гүйцэтгэх захирлын орлогчийн 5 дугаар сарын 03-ны өдөр дуусах хөдөлмөрийн гэрээг цаашид сунгахыг татгалзаж байна гэх агуулгатай мэйл ирсэн болох нь шүүхийн журмаар хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон. Зохигчид уг имэйл ирсэн цаг хугацаа, утга агуулгын талаар маргаагүй, түүнчлэн хариуцагчаас баримтаар ирүүлсэн монгол хэл дээрх орчуулгад маргаагүйг дурдав. /1хх 36, 2хх 18-24/

Мөн АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн орлогч дэд захирал Жонатан А.Брүүксээс 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Тина Ж.Юү нь МСК-ын Монгол улс дах суурин захирлаар 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс ажиллаж байгаа, тэрээр Компакт гэрээ, Хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээнд заасан нэмэлт төлөөлөгч. Тэрээр Компакт гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаас бусдаар Компакттай холбоотой бүхий л асуудлаар М.М.Сгийн гүйцэтгэх захирал, Засгийн газрын нэмэлт төлөөлөгч, Засгийн газартай харилцах бүрэн эрхтэй талаар тодорхойлжээ. /3хх 26-29/

Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-д хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохоор зохицуулсан, талуудын хоорондох гэрээний хугацаа 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөр дуусгавар болсон байх тул шүүх Б/003 тоот тушаал хуульд нийцнэ гэж үзэв. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.

6.Нэхэмжлэгчээс урьдчилан мэдэгдээгүй, мөн тушаалыг гардуулаагүй гэж тайлбарласан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх-ээр зохицуулсан, харин Б/003 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т заасныг үндэслэл болгосон тул энэ тохиолдолд 30 хоногийн өмнө мэдэгдэх үүргийг ажил олгогчид ногдуулаагүй тухай хариуцагчийн татгалзал үндэстэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3-т Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэртээ ажил хүлээлгэн өгөх хугацааг заана, 83.4-т ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн нэг хувийг хүлээлгэн өгнө. Хэрэв ажилтан тухайн шийдвэрийг хүлээн авахаас татгалзсан бол ажилтны оршин суугаа газрын хаягаар шийдвэрийг шуудангаар хүргүүлснээр тухайн шийдвэртэй танилцсанд тооцно гэж заажээ.

Хэргийн баримтаар тушаалыг 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч С.Зийн нэхэмжлэлд дурдсан Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Энканто таун 306-8 тоот гэрийн хаягаар шуудангийн байгууллагаар дамжуулж хүргүүлсэн боловч буцаагдсан, улмаар 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр түүний 95190999 дугаарт мэссэжээр мэдэгдсэн, 2022 оны 5 дугаар сарын 06-нд [email protected] цахим хаягаар илгээжээ. Нэхэмжлэгчээс 2022 оны 6 дугаар сарын 03-нд гэр бүлийн хүнд өгөх талаар мэдэгдснээр эхнэр Ц.Болорчимэг-т гардуулж өгсөн болох нь тогтоогдож байна. Иймд тушаал гардуулаагүй тухай тайлбар үндэслэлгүй. /2хх 223-226, 239-245/

7.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ, гэж, мөн зүйлийн 158.2.2.-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан бол гэж заасан. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл хууль тогтоогч тухайлан хоёр төрлийн маргааны хувьд шүүх харьяалан шийдвэрлэж болохоор, ажилтан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад эсхүл шүүхэд хандахаа сонгох боломжтой байх агуулгаар зохицуулсан. Маргааны энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага ажилд эгүүлэн тогтоолгох тул урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглээгүй, хэрэглэх боломжтой гэж үзэх үндэслэлгүй. Түүнчлэн хариуцагч хуулийн этгээдэд 2022 оны 5 дугаар сарын байдлаар Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах орон тооны бус байнгын ажиллагаатай комисс байгуулагдаагүй байсан талаар 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн шүүхэд бичгээр ирүүлсэн нэмэлт тайлбартаа тусгасан, мөн энэ талаар 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагч талын маргаан таслах зөвлөл байхгүй гэсэн тайлбараар тогтоогдсон. Иймд урьдчилан шийдвэрлэх журмыг хангаагүй, улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж үзнэ.

8. Шүүх дээр дурдснаар ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг үндэслэлгүй гэж үзсэн тул ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагыг мөн хангах үндэсгүй.

9.2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж ажлын компьютер, гар утас, ажлын байрны картыг хураан авсан ажил олгогчийн үйлдэл хууль бус болохыг тогтоолгох, 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/005 тоот тушаалаас өмнө С.Зын хөдөлмөрлөх эрхийг зөрчснийг тогтоолгох шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчийн хууль бус болохыг тогтоолгох, эрх зөрчснийг тогтоолгох тухай дээрх шаардлагууд бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус харин ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын нэг үндэслэл байна.

10.Харин хэргийн баримтаар 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр, Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан ажил үүрэг гүйцэтгэхийг түдгэлзүүлэх үндэслэл бүрдээгүй байхад ажилтны ажлын компьютер, гар утас ажлын байранд нэвтрэх картыг хураан авч, ажил хүлээлцсэн, түүнээс хойшхи хугацаанд ажиллуулаагүй үйл баримт тогтоогдсон, захиргааны энэ үйлдэл Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүйг дурдах нь зүйтэй. Түүнчлэн ийнхүү ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй түдгэлзүүлэхдээ захиргааны зүгээс гаргасан бичгийн шийдвэр, баримтгүй.

Хөдөлмөрийн дотоод журмын 96 дах талд ажлаас түр түдгэлзүүлэх үндэслэлийг тодорхойлж журамласан, С.Зын гаргасан зөрчлийг шалгах үүднээс түдгэлзүүлсэн гэж хариуцагч тайлбарласан. Гэвч байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх, хуулиар заагдаагүй үндэслэлээр ажилтны ажил үүрэг гүйцэтгэхийг түдгэлзүүлэхээр өргөжүүлэн заасан явдал хуульд нийцэхгүй. Гэвч хэргийн баримтаар ажилтны цалин хөлсийг тухайн хугацаанд олгож байсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар маргаагүйг дурдав.

11.Дээрх бүгдийг нэгтгээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

   1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д заасан үндэслэлгүй тул М.М.С УТҮГ-т холбогдох Хөтөлбөр хариуцсан дэд захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж ажлын компьютер, гар утас, ажлын байрны картыг хураан авсан ажил олгогчийн үйлдэл хууль бус болохыг тогтоолгох, 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/005 тоот тушаалаас өмнө С.Зын хөдөлмөрлөх эрхийг зөрчснийг тогтоолгох тухай нэхэмжлэгч С.Зын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ