Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 79

 

Б.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/00562/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 644 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Дарханцалам ББСБ” ХХК-д холбогдох,

          “2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15/05 дугаартай зээлийн гэрээ, 15/05 дугаартай үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай иргэний  хэргийг

          Хариуцагч “Дарханцалам ББСБ” ХХК-ийн захирал Б.П-гийн  гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2019 оны 08 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.М-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, хариуцагч Б.П-, хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Б.М-аас:

Миний бие нь 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Дарханцалам ББСБ” ХХК-тай 45 сая төгрөгийн зээлийн гэрээ хийж, Дархан сум, 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 20 дугаар байр, 63 тоот 29 м.кв 2 өрөө орон сууц мөн Дархан сум 3 дугаар баг, Цантын 1-2 тоот 586 м.кв газруудыг тус тус барьцаалж, үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг хийж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэтэл “Дарханцалам ББСБ” ХХК нь зээлийн гэрээгээр надад олгох ёстой 45 сая төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй, удаа дараа шаардсан боловч өмнөх зээлийн хүү чинь хүүд тооцон авсан гэж хэлээд өгөөгүй. Иймд “Дарханцалам ББСБ” ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй надад мөнгөө өгөхгүй байгаа учраас 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15/05 зээлийн гэрээ болон уг зээлийн гэрээг үндэслэн хийсэн үл хөдлөх хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч “Дарханцалам ББСБ”  ХХК-ийн төлөөлөгч Б.П-гээс:

“Дарханцалам ББСБ” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгч Б.М-тай 15/05, 15/06 тоот зээл, зээлийн барьцааны гэрээ байгуулан зээлийг бүрэн олгосон. Б.М- 15/05 тоот зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул “Дарханцалам ББСБ” ХХК-иас 2016 оны 11 сард Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн шүүхэд Б.М-аас зээл, хүү нийт 47.854.250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч зээл, хүүгээ тодорхой хугацаанд шатлан төлөхөөр тохиролцсон тул нэхэмжлэлээ татан авсан ба энэ тухай анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 506 тоот дугаартай захирамж гарсныг тайлбарт хавсаргав. Үүнээс хойш зээлдэгч Б.М- 15/05 болон 15/06 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхгүй байсан тул 2016 оны 09 дүгээр сард “Дарханцалам ББСБ” ХХК-иас анхан шатны шүүхэд Б.М-аас 122.091.883 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр тус шүүхэд Б.М- нь “Дарханцалам ББСБ” ХХК-тай эвлэрлийн гэрээ байгуулж нийт 113.500.000 төгрөг төлөхөөр тохиролцож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тус шүүхийн шүүгчийн 1250 тоот дугаартай захирамж гарсан. Захирамжид дурдсанаар Б.М- нь энэ асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй гэв.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 644 дүгээр шийдвэрээр:

            Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.4-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.М-, хариуцагч “Дарханцалам ББСБ” ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 15/05 дугаартай зээлийн гэрээ, 15/05 дугаартай барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлсэн бүртгэлийг хүчингүйд тооцож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 140.400 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч “Дарханцалам ББСБ” ХХК-ийн захирал Б.П- давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.  Б.М- нь “Дарханцалам ББСБ” ХХК-тай 2014 оны 02 сарын 24-нд 14/18 тоот зээлийн гэрээ байгуулсан бөгөөд 2015 оны 03 дугаар сард “Хас банк”-аас бага хүүтэй зээл авахаар тохиролцлоо, зээлээ аваад танай зээл хүүг төлье гээд барьцаа хөрөнгөө чөлөөлүүлсэн боловч банкнаас хангалттай зээл авч чадаагүй гээд манай төлбөрийг төлөөгүй.

2015 оны 11 сард Б.М- нь манай ББСБ-д барьцаа хөрөнгөө дахин барьцаалуулж шинээр гэрээ хийе, бусад хөрөнгөө барьцаалж 55.000.000 төгрөгийн зээл нэмж аван үйлдвэрлэлээ өргөтгөх санал тавьснаар 2016 оны 11 сарын 16-нд 15/05, 15/06 тоот зээл барьцааны гэрээнүүдийг байгуулан 15/06 тоот гэрээгээр 55.000.000 төгрөг авсан. 15/05 тоот зээлийн гэрээнд заасан 45.000.000 сая төгрөгөөс 28.500.000 төгрөгийг Б.М- нь өмнө нь бэлнээр авсан байсан ба үлдэх хэсгийг өмнөх зээлийн хүүний төлбөр болно гэж тохирсон.

Зээл авснаас хойш Б.М- нь зээл, хүүгээ төлөхгүй байсан тул “Дарханцалам ББСБ” нь 2016 оны 09 сард иргэн Б.М-аас 122.091.883  төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ үед Б.М- нь 15/05 тоот зээлийн гэрээгээр 45.000.000 төгрөг аваагүй, өмнө нь 28.500.000 төгрөг л авсан гэж маргасан ба хэргийн явцад хариуцагч Б.М- ба “Дарханцалам ББСБ” нь харилцан хэлэлцээд 15/05 тоот зээлийн гэрээгээр үндсэн зээлийг 28.500.000 төгрөг, 15/06 тоот зээлийн гэрээгээр 55.000.000 төгрөг болохыг зөвшөөрч, хүүнээс 8.591.883 төгрөгийн хүү хасаад Б.М- нь 83.500.000 төгрөгийн үндсэн зээл, 30.000.000 төгрөгийн хүү нийт 113.500.000 төгрөг төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан.

Анхан шатны шүүхээс 15/05 тоот зээлийн гэрээ 15/05 дугаартай барьцааны гэрээтэй холбоотой шүүхийн шийдвэр гараагүй болох нь тогтоогдсон байна гэж  шүүхийн шийдвэрт иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.4-д зааснаар 15/05 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон нь үндэслэлгүй байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3-д .... заасан нь Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн газарт барьцаанд тавьж бүртгүүлсэн, мөн эвлэрлийн гэрээ байгуулж шийдвэрлэснээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон тул Дархан-Уул аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх 445 дугаар нээлттэй хорих ангид шүүгчийн ... дугаар захирамж гаргаж, гүйцэтгэх хуудас бичиж хүргүүлсний дагуу уг байрыг албадан дуудлага худалдаанд оруулж, үнэлэгдэж зарах болохоор Б.М- нь арга заль зохиж байгаа нь тодорхой байхад шүүх дахин хэлэлцэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3-д заасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.4, 40 дүгээр зүйлийн 40.4-д заасныг тус тус зөрчиж 644 дүгээр шийдвэр гаргасныг хүчингүй болгож хариуцагчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч Б.М- давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа:

Б.М- миний бие давж заалдах гомдолтой танилцаад доорх хариу тайлбарыг гаргаж байна.

Давж заалдах гомдол нь үндэслэлгүй байх бөгөөд анхан шатны шүүхэд гаргаж өгсөн тайлбар, нотлох баримт болон шүүх хурлын явцад өгсөн тайлбартайгаа нийцэхгүй байна.

2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан 14/18 тоот зээлийн гэрээгээр 28.500.000 төгрөгийг “Дарханцалам ББСБ”-аас 24 сарын хугацаатай 3.5%-ийн хүүтэй зээлж, зээлийн төлбөрийг төлж байгаад “Дарханцалам ББСБ”-тай харилцан ярилцаж хүүг нь зогсоож, үндсэн мөнгө болох 28.500.000 төгрөгийг цувуулан өгч дуусгахаар тохиролцож байсан юм.

Ингээд энэ зээл дуусгавар болж барьцаа хөрөнгө чөлөөлөгдсөн. Дараа нь надад дахиад мөнгө зээлэх хэрэг гарч зээл хүсэхэд өгнө болно гэж хэлсэн болохоор нь 2015 оны 11 дүгээр сарын 16-ын өдөр 15/05, 15/06 дугаартай зээлийн гэрээнүүд, үл хөдлөх хөрөнгө барьцаалсан 15/15, 15/06 дугаартай барьцааны гэрээнүүд хийсэн бөгөөд гэрээгээр өгөх мөнгө хотоос ирнэ гэж хүлээлгэж байсан. Сүүлдээ мөнгө өгөхгүй хуураад байсан учраас цагдаагийн байгууллагад хандаж 15/06 дугаартай зээлийн гэрээний дагуу 55.000.000 төгрөгийг авч зээл чөлөөлүүлсэн хүндээ өгсөн.

Харин 15/05 дугаартай зээлийн гэрээгээр өгөх  45.000.000 төгрөгийг надад өгөөч гэж удаа дараа нэхэж гуйж явсан ч тэр мөнгөө огт өгөөгүй юм. Ингээд энэ талаар бидний хооронд маргаан үүсэж “Дарханцалам ББСБ” нь анхан шатны шүүхэд 2015 оны 12 сарын 10-ны өдөр надад холбогдуулан 14/18 дугаартай зээлийн гэрээний үүрэг гэж үндсэн зээлийн 28.500.000 төгрөг хүүгийн үлдэгдэл 15.801.283 төгрөг, нэмэгдүүлсэн 3.552.967 төгрөг гэж 47.000.000 төгрөг нэхэмжилж шүүхэд өгсөн. Дараа нь энэ нэхэмжлэлээ татан авалт хийж үүнийг нь баталсан тус шүүхийн шүүгчийн 506 тоот захирамж гарсан байсан.

Мөн 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр дахин намайг шүүхэд өгч 14/18, 15/06 дугаартай зээлийн гэрээний үүрэг гэж 122.091.883 төгрөг нэхэмжилсэн.

 “Дархан Цалам” ББСБ болон шүүгч нар нь шүүх дээр намайг энэ мөнгийг чи өгөх ёстой гэж хоёр талаас шахаж, эвлэрлийн гэрээ хийхийг шаардаж, миний хүсэл зоригоос гадуур эвлэрлийн гэрээ хийлгэсэн байсан. Энэ эвлэрлийн гэрээг баталсан 1250 дугаартай шүүгчийн захирамж 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гарсан. Би хууль дүрэм мэдэхгүйгээс болж энэ шахалтад орж гэрээ хийж байсан ч гэрээ хүчин төгөлдөр болоод баталгаажсан, бас гомдол гаргах эрхгүй учир шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж миний өөрийн болон хүний үл хөдлөх хөрөнгөн дээр явагдаж байгаа юм.

....“Дархан Цалам ББСБ” нь надад зээл олгоно гэж худлаа хуурч 15/05, 15/06 тоот зээлийн гэрээг хийчхээд мөнгөө олгохгүйгээр барьцаа хөрөнгийг ашиглан өмнөх 28.500.000 төгрөгийн зээлийн гэрээн дээр тохирсон тохирооноосоо буцаж мөнгө хүүлж, барьцаа хөрөнгүүдийг хураан авахыг санаархаж байсан нь тодорхой болсон.

Мөн шүүхэд өмнө нь гаргаж байсан нэхэмжлэл, тайлбар захирамжуудаар халхавчлан худлаа тайлбар хийж байсан нь нотлогдохгүй байсан ба, үйл явдлын үнэн зөвийг тогтоож зөв шийдвэр гаргаж өгсөнд би баяртай байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.М- хариуцагч “Дархан цалам ББСБ” ХХК-д холбогдуулж 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15/05 дугаартай зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, зээлийн болон барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүйд тооцуулахаар шаардлага гаргасныг хариуцагч  нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15/05 дугаартай зээлийн болон барьцааны гэрээтэй холбоотой маргааныг өмнө нь шүүхээр шийдвэрлэсэн бөгөөд хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15/05 дугаартай зээлийн болон барьцааны гэрээтэй холбоотой шүүхийн шийдвэр гараагүй болох нь баримтаар нотлогдож байна гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч “Дархан цалам ББСБ” ХХК талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15/05 дугаартай зээл болон барьцааны гэрээний улсын бүртгэлийг хүчингүйд тооцсон нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 40 дүгээр зүйлийн 40.4-т заасныг зөрчиж, шийдвэр гаргасныг хүчингүй болгож хариуцагчийн гомдлыг хангаж өгнө үү гэсэн давж заалдсан гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх зөвхөн хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийлээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.М- хариуцагч “Дархан цалам ББСБ” ХХК-ийн хооронд 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 15/05 дугаартай зээл болон барьцааны гэрээгээр  45.000.000 төгрөгийг бэлнээр олгох,уг зээл нь сарын 3 хувийн хүү, нэмэгдүүлсэн хүү 0.20 хувь, гэрээний хугацаа 12 сар байхаар, зээлийг графикийн дагуу эргэн төлөхөөр тохиролцож, талууд гарын үсгээ зурж,гэрээ байгуулсан байна.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Ш.Ариунболдын өмчлөлийн Дархан сумын 3 дугаар баг, Цантын 1 дүгээр гудамжны 2 тоотын гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 586 м.кв газар, 48 м.кв талбайтай хувийн сууц, Б.М-ын өмчлөлийн Дархан сумын 11 дүгээр баг 6 дугаар хороолол, 20 дугаар байр, 63 тоотод байрлах 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц зэргийг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь зээлийн гэрээ, барьцааны гэрээ, Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэдийгээр талууд 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 15/05 дугаартай зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн боловч дээрх гэрээний дагуу зээлийн гэрээний үүргээ биелүүлж, зээлийг өгөөгүй болох нь шүүх хуралдаанд “Дархан цалам ББСБ” ХХК-ийн захирал Б.П-гийн мэдүүлсэн “... Б.М- нь 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 14/18 тоот зээл болон барьцааны гэрээний дагуу авсан 28.500.000төгрөгийн зээл, түүний хүү нийлээд 45.000.000 төгрөг болсон тул 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 15/05 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулсан” гэсэн тайлбар , гэрч Ч.Даваапагмын ...Б.М- нь “Дархан цалам ББСБ” ХХК-аас 100.000.000 төгрөгийн зээл авна гэж Хас банкны 65.000.000 төгрөгийн зээлийг надаар хаалгаж, миний өөрийн барьцаанд байсан Ш.Ариунболдын хашаа байшинг оролцуулан “Дархан цалам ББСБ” ХХК-ийн барьцаанд тавьсан боловч зээлийг гаргаагүй тул Цагдаагийн байгууллагад хандсаны дараа 55.000.000 төгрөг олгосон бөгөөд 45.000.000 төгрөгийг олгоогүй тул барьцаа хөрөнгийг барьцаалах үндэслэлгүй гэсэн тайлбараар нотлогдоно.

Хариуцагч “Дархан цалам ББСБ” ХХК нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэж маргаж байгаа боловч хариуцагчаас шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудаас үзвэл 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15/05 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээтэй холбоотой шүүхийн шийдвэр гараагүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Харин Дархан-Уул аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1250 дугаартай захирамжаар талуудын хооронд хийгдсэн 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 14/17, 14/18 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ,2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15/06 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээтэй холбоотой 122.091.883 төгрөгийн шаардлагатай хэргийн талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15/05 дугаартай гэрээний дагуу зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд 45.000.000 төгрөг шилжүүлээгүй болох нь баримтаар нотлогдож байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр”, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус зааснаар тус гэрээгээр зээлийн гэрээний үндсэн үүрэг хангагдаагүй, үр дүн бий болгоогүй байна.

Зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бүхий ББСБ-ын үйл ажиллагаа нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нийцсэн байх учиртай бөгөөд тус хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т зааснаар зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно,  мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заажээ.

Гэтэл хариуцагч “Дархан цалам ББСБ” ХХК энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Хэдийгээр бичгийн хэлбэрээр гэрээ байгуулж, уг гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн боловч энэ гэрээгээр эрх зүйн үр дагавар үүсээгүй байх тул нэхэмжлэгч Б.М- гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох, түүний үр дагавар болох улсын бүртгэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг шаардах эрхтэй байна.

Учир нь энэхүү хүчин төгөлдөр бус зээлийн гэрээг хангах арга болох барьцааны гэрээ нь бүртгэлтэй байснаар өөртөө барьцааны үүрэг хүлээх үр дагаврыг үүсгэж байна. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зөв шийдвэрлэсэн байх бөгөөд   хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, харин хууль хэрэглээний алдаа гаргасныг зөвтгөж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх  талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15/05 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” хийсэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай бөгөөд давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд үүссэн маргааны  үйл баримтад дүгнэлт хийгээд  уг хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл”  байна гэж дүгнэлээ.

Хариуцагч “Дархан цалам ББСБ” ХХК-ийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 40 дүгээр зүйлийн 40.4-т заасныг зөрчиж, шийдвэр гаргасныг хүчингүй болгож хариуцагчийн гомдлыг хангаж өгнө үү гэсэн давж заалдсан гомдол гаргасныг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зөв гэж давж заалдах шатны шүүх дүгнэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 644  дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.4-т тус тус зааснаар” гэснийг, “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.4-т тус тус зааснаар” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч “Дархан цалам ББСБ” ХХК давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               О.НАРАНГЭРЭЛ

                                                              ШҮҮГЧИД                               С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                              Л.АМАРСАНАА