| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Насанжаргал |
| Хэргийн индекс | 172/2021/0017/Э |
| Дугаар | 2021/ДШМ/50 |
| Огноо | 2021-09-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Амгалан |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 2021/ДШМ/50
Прокурор А.Амгалан,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нармандах,
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Баярмаа,
Нарийн бичгийн дарга: О.Очмаа нарыг оролцуулан
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/76 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Ц.Х, Х.З нарт холбогдох 2028001380191 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Ц.Х,
Монгол Улсын иргэн, Х.З,
Шүүгдэгч Ц. Х нь Х.З-тай бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт, гэртээ хохирогч Д.Т-г согтуурсны улмаас биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж цээжин тус газар нь өшиглөж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн тухайн цаг хугацаанд Д.Т-г цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Х.Знь Ц.Х-тай бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь багийн нутаг дэвсгэрт, гэртээ хохирогч Д.Т-г согтуурсны улмаас биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж цээжин тус газар нь өшиглөж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргал нь Ц.Х, Х.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Х-г бүлэглэн, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х. З-г бүлэглэн, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х-т 700 /долоон зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.З-д 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х нь шүүхээс оногдуулсан 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Х.З нь шүүхээс оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Ц.Х, Х.З нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Д.Т хамар ясны хугарал гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шилбүүр /хугархай/ 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Х, Х.З нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Х, Х.З нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.Х-н өмгөөлөгч Н.Нармандах нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “Өмгөөлөгч би шүүх хуралдаанд Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 410 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээч эмч С.Шүрцэцэгийг оролцуулах хүсэлтийг гаргаж шүүхээс миний хүсэлтийг хүлээн авч шинжээч эмчийг шүүх хуралдаанд оролцуулсан. Шинжээч эмч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “Хамар ясны хугарал, гэмтэл авсан үед ямар ч зовиургүй байх уу? 20 хоногийн дараа зовиур гэнэт илэрч болох уу? гэх утга бүхий асуултанд: Хохирогч хамар ясны гэмтэл авсан үед хамар хавдаж, яс хугарна, мурийна. Зовиур нь хамар битүүрэх, толгой өвдөх зэрэг зовиурыг тухайн цаг хугацаанаас эхлээд өгнө. Олон хоногийн дараа гэнэт зовиур илрэхгүй. Хохирогчийн хувьд гомдолтой байсан бол 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр шинжээч эмчид үзүүлэхдээ хуйхны гэмтлээ хэлсэн, хамрын гэмтлийн талаар хэлэх байсан ч хэлээгүй. Шинжээч эмч өвчтөний бүх биед үзлэг хийж байгаа. Хамрын гэмтлийн талаар санаачилга гаргаж хэлээгүй. Анхаарал татахуйц зүйл байгаагүй, хамрын хэлбэр дүрс алдагдсан зүйл байгаагүй, амьсгал илт саадтай зэрэг үзлэгээр илэрсэн зүйл байгаагүй” гэж мэдүүлдэг.
Анхан шатны шүүхээс дээрх хохирогч, иргэний нэхэмжлэгч гэрч нарыг мэдүүлгийг үнэлж Ц.Х-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж шийдвэрлэхдээ шинжээч эмчийн дээрх мэдүүлгийг хэрэгт авагдсан өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй гэж үнэлсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Шинжээч эмчид Эрүүгийн хууль сануулж гаргасан дүгнэлттэйгээ холбогдуулж үнэн зөв мэдүүлэг өгөхийн учрыг тайлбарлаж мэдүүлэг авсан. Шинжээч эмч хууль сануулсан дараа тайлбар мэдүүлгээ гарсан.
Түүний мэдүүлгийг нотолсон хохирогч Г.Г, Д.Т нарын анхны мэдүүлгүүд, Г.Г-н цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан хохирогч Д.Т-н мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд мөн хохирогч, гэрчүүд нь Д.Т-н нүүрнээс нь цус гарсан байдаг талаар хэлдэг боловч түүний хамар хавдаж, хамар мурийсан байдал ажиглагдсан талаар огт мэдүүлдэггүй бөгөөд Д.Т-н биед учирсан гэмтлийг тогтоосон 07 дугаар сарын 21-ний өдрийн 410 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гарсан дараа нүүр рүү нь цохисон талаар мэдүүлж эхэлдэг.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Г анх анх цагдаагийн байгууллагад 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр өргөдөл гаргахдаа энэ талаар дурдаагүй, мөн өдөр өгсөн мэдүүлэгтээ Г.Г, Д.Т нар мэдүүлээгүй зэрэг байдлыг шүүх анхаарч үзээгүйг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн шүүх Ц.Х-г хохирогч Д.Т, Д.Т нарыг биеэ хамгаалж чадахгүй байсныг мэдсээр байж хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болжээ. Учир нь гэмт хэрэг гарсан цаг хугацаанд Ц.Х согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, хохирогч нарч мөн адил согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Адилхан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан хүмүүс хэн нь хэнийгээ өөрөөсөө дор согтсон, биеэ хамгаалах чадваргүй байсан гэдгийг мэдэх боломжгүй байсан талаар дүгнээгүй. Хохирогч Д.Т-н баруун талын 11- р хавирганд үүссэн зөрүүгүй хугарал гэмтлийг Х.З, Ц.Х нарын хоёулангийнх нь үйлдлээс учирсан гэдгийг шүүх бүрэн дүүрэн тогтоож хэргийг шийдвэрлээгүй.
Иймд анхан шатны шүүх нь хэргийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байх тул Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/76 дугаар шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5-д зааснаар шийдвэрлэж өгнө үүBottom of Form” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Х-н өмгөөлөгч Н.Нармандахын давж заалдах гомдлыг үндэслэн Ц.Х, Х.З нарт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ц.Х Х.З нар нь бүлэглэн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн багийн нутагт гэртээ Д.Т-г согтуурсаны улмаас биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж цээжин тус газар нь өшиглөж зодож, баруун талын 11 дүгээр хавирганы зөрүүгүй хугарал бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Ц.Х нь дангаараа мөн цаг хугацаанд Д.Т-н нүүр, шанаа руу гараараа хэд хэдэн удаа цохиж зодож, хамрын ясын хугалж, эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан үйл баримт нь тэдний хохирогч, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 410 дугаартай шинжээчийн дүгнэлт болон бусад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.
Шүүгдэгч Ц.Х хохирогч Д.Т-н толгойд цохисон гэх үйл баримтын талаар хохирогч Г.Г-н: “... Т-н толгойноос цус гарч байсан, нүүр ам нь битүүдээ цус болж гараад байсан... Х Т-н толгой руу том дөрвөлжин хажуу талдаа бариултай, ааруул дэлгэдэг мод байх шиг байсан, тэр мод нь гэр дээр нь байсныг авч цохисон юм. /01 дүгээр хавтас, 26-27 дугаар хуудас/
Гэрч Т.М-н : “... Т .. З-н араас алхаж байсан чинь Х ааруул тавьдаг дөрвөлжин модоор Т-н толгойны баруун тал руу 2 удаа цохиж харагдсан. Т 2 дахь цохилтон дээр нь унаад өгсөн...Т-н толгойг харсан чинь 3 газар хавдчихсан байсан...” /01 дүгээр хавтас, 38-39 дүгээр хуудас/
Гэрч О.С-н “... Хүрэлбаатар хажууд нь очоод Т-н толгой руу модоор цохичихсон... Т-н толгойн баруун талд яз цохигдоод цус гарчихсан байсан.” /01 дүгээр хавтас, 44-45 дугаар хуудас/ гэрчээр өгсөн мэдүүлгийн тэмдэглэлд тусгагджээ.
Хуульд гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, шинжээч, сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг авах ажиллагааг тоогоор хязгаарлаагүй тул хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар мэдэж буй зүйлээ, ярьсан зүйлтэй холбогдуулан тодруулах зорилгоор тавьсан асуултад хариулт өгөх хэлбэрээр мэдээлэл өгөх хэзээ ч мэдээлэл өгөх боломжтой тул өмгөөлөгч Н.Нармандахын “...Т-н... хамар хавдаж, хамар муруйсан байдлын... талаар хохирогч Г Цагдаагийн газарт 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гаргасан өргөдөлдөө, мөн өдөр өгсөн мэдүүлэгтээ Г, Т нар мэдүүлээгүйг шүүх анхаараагүй” гэсэн гомдол үндэслэлгүй.
Талийгаач Т-н тухайн цаг хугацаанд биеэ авч явсан байдлын талаар Ц.Х-н гэрчээр “...Т тасраад унасан байсан...”, Т.М-н гэрчээр “...Т гэр дотор баруун талд согтоод унтчихсан байсан...” гэж мэдүүлсэн нь мэдүүлгийн тэмдэглэлд авагдсан байна/ хэргийн 1 дүгээр хавтас 38,47, 50 дугаар хуудас/
Дээрх мэдүүлэг болон бусад шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг харьцуулж үзвэл, Ц.Х үйл баримтын талаар санахгүй мэдэхгүй байдал, мөн түүнчлэн тогтоогдохгүйгээс гадна талийгаач Т согтуурсан байдалтай байсан ба ямар нэгэн үйлдэл хийгээгүй нь нотлогдож байх тул “Адилхан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан хүмүүс хэн нь хэнийгээ өөрөөсөө дор согтсон, биеэ хамгаалах чадваргүй байсан гэдгийг мэдэх боломжгүй” гэх гомдол үндэслэлгүй.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжигдсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч Ц.Х-н гэм буруутай эсэхэд эргэлзээ төрүүлэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.
Шүүгдэгч Х.З нь Ц.Х-тай бүлэглэн хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь, шүүгдэгч Ц.Х-н Х.З-тай бүлэглэн болон дангаараа хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн хүрээнд, хэрэгт авагдсан хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг харьцуулж, үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн үйл баримтыг тогтоосон нь,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэнтэй нийцсэн тул тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн дүгнэлт үндэслэлтэй гэж үзнэ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х-т 700 цагийн, Х.З-д 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.”, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцжээ.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нармандахын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Харин хэргийг анхан шатны шүүхээс шийдвэрлэсний дараа 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдан 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн хэрэгжсэн байна. Тэдний үйлдсэн хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан үндэслэлд хамаарч байх тул шүүхээс оногдуулсан ялаас өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Х-н өмгөөлөгч Н.Нармандахын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/76 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/76 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х-т оногдуулсан 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг, Х.З-д оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн /2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн/ 4 дүгээр зүйлийн 4.1-т заасныг баримтлан өршөөн хэлтрүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Г.ТЭГШСУУРЬ