Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 80

 

“Төрийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/01257/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  06 дугаар сарын 07-ны өдрийн 529 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Дархан гурил тэжээл” ХК-д холбогдох

“Хариуцагч “Дархан гурил тэжээл” ХК-тай байгуулсан 12/16-80, 12/16-94, 12/16-107 дугаартай зээлийн гэрээнүүдийг тус тус цуцалж, үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 4.310.000.000 төгрөг, үндсэн хүүний өр 1.550.299.380,45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.951.561,72 төгрөг, нийт 5.862.250.942,17 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Б.Түвшинтөрийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч “Дархангурил тэжээл” ХК нь Төрийн банктай 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 12/16-80 тоот зээлийн гэрээ, 12/16-81 тоот барьцааны гэрээ, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 12/16-94 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, 12/16-95 тоот барьцааны гэрээ, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 12/16-107 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, 12/16-106 тоот барьцааны гэрээг тус тус байгуулан 4.400.000.000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлийн барьцаанд:

-“Дархангурил тэжээл” ХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 1-р багт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2003008913 дугаартай, 3620 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

-“Дархангурил тэжээл” ХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 1-р багт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2003017646 дугаартай, 532 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө,

- “Дархангурил тэжээл” ХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 1-р багт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2003000009 дугаартай, 7860 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

- “Дархангурил тэжээл” ХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 1-р багт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2003008877 дугаартай, 8748 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

- “Дархангурил тэжээл” ХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 1-р багт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2003008878 дугаартай, 6840 м.кв талбайтай спорт, сургалт үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

- “Дархангурил тэжээл” ХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 1-р багт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2003008915 дугаартай, 3428 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

- Иргэн Д.Балдан-Очир, С.Намсрайжав, Б.Түвшинтөр, Б.Түвшинжаргал нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Төгөл хусханы 9-р байр, 6 тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2204015858 дугаартай, 171.6 м.кв талбайтай, 6 өрөө орон сууц,

Зээлийн барьцаанд хоногт 150 тн улаан буудай боловсруулах хүчин чадалтай Алапала брэндийн гурилын үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, гурилын үйлдвэрийн өдөр тутмын үйл ажиллагаанд зориулсан түүхий эд /улаан буудай/ бэлэн бүтээгдэхүүн, үйлдвэрийн үйл ажиллагааны шаардлагатай бараа материал, бэлдэц, “Дархангурил тэжээл” ХК-ийн ирээдүйн орлого, бусдаас авах бүх төрлийн авлага, “Дархангурил тэжээл” ХК-ийн Төрийн банк дахь болон бусад банк санхүүгийн байгууллага дахь харилцах, хадгаламжийн дансны орлого, үлдэгдэл,

Зээлдэгч зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлээс 90.000.000 төгрөг, хүүнээс 962.467.742,90 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 718.027,39 төгрөг, нийт 1.053.185.770,29 төгрөг төлсөн байна.

Зээлдэгч нь 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хуваарийн төлөлтийн дагуу төлөх үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрснээр үндсэн зээлийн төлбөр 4.310.000.000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1.550.299.380,45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1.951.561,72 төгрөг, нийт 5.862.250.942,17 төгрөг болж хуримтлагдсан байна.

Иймд хариуцагч “Дархангурил тэжээл” ХК-тай байгуулсан 12/16-80, 12/16-94, 12/16-107 дугаартай зээлийн гэрээнүүдийг тус тус цуцалж, үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 4.310.000.000 төгрөг, үндсэн хүүний өр 1.550.299.380,45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр 1.951.561,72 төгрөг, нийт 5.862.250.942,17 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяр нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“Дархангурил тэжээл” ХК нь хөрөнгө оруулалтын зориулалтаар Төрийн банкнаас авах 4.900.000.000 төгрөгийн зээлийн гэрээг 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 12/16-80 тоот зээлийн гэрээг байгуулсан. Гэрээ ёсоор 4.900.000.000 төгрөгийг нэг жилийн 24 хувийн хүүтэйгээр, 60 сарын хугацаанд зээлж авч харилцан тохиролцсон зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөхөөр болсон юм. Гэвч банк нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, гэрээ байгуулснаас хойш 4,4 тэр бум төгрөгийг олгосон бөгөөд 500.000.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл олгоогүй, гэрээ ёсоор олгох 4,9 тэр бум төгрөгийг бүрэн хэмжээгээр олгоогүй болно. Нэгэнт үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргээ биелүүлж 4.900.000.000 төгрөгийг бүрэн хэмжээгээр хугацаанд нь зээлдэгчид олгоогүй тохиолдолд энэхүү 4.900.000.000 төгрөгийн зээлийн үнийн дүнд тооцоолж харилцан тохиролцож хийсэн эргэн төлөлтийн хуваарь өөрөө хэрэгжих боломжгүй юм. Харин талууд 4,4 тэр бум төгрөгийн зээлийг хэсэгчлэн олгосон тохиолдолд зээлийг эргэн төлөх талаар харилцан тохиролцож эргэн төлөлтийн хуваарь байгуулаагүй тул зээлдэгч хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн гэж үзэх хуулийн үндэслэл байхгүй байна.

Түүнчлэн Төрийн банкны зүгээс зээлдэгчийг гэрээний хавсралтын дагуу зээлээ төлөх ёстой гэж үзэж байгаа бол зээлийн гэрээний хувьд зээлдүүлэгч эхэлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 4.900.000.000 төгрөгийн зээлийг бүрэн хэмжээгээр олгох ёстой бөгөөд зээлдүүлэгч үүргээ эхэлж гүйцэтгээгүй тохиолдолд зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д зааснаар үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй юм. Өөрөөр хэлбэл, энэхүү хуулийн зохицуулалтын дагуу үүрэг гүйцэтгүүлэгч нь эхэлж үүрэг гүйцэтгэх ёстой байтлаа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарь боломжгүй учраас зээл, зээлийн хүүг буцаан төлөхөөс татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд түүнийг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэх хуулийн үндэслэл байхгүй юм. Харин гэрээнд заасан 60 сарын хугацааны эцэст зээл, хүүг төлөх хуулийн үндэслэлтэй юм. Мөн банкны хувьд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, олгох ёстой мөнгөө хугацаандаа бүрэн хэмжээгээр олгоогүй үйлдэл нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх хангалттай үндэслэл бөгөөд 224 дүгээр зүйлийн 224.3-т зааснаар түүний гэм буруутай эсэхээс үл хамаараад мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү авах эрхээ алдах ёстой юм. Дээрх үндэслэлүүдээр зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нөгөөтэйгүүр Төрийн банкны 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 12/18-16 тоот Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай мэдэгдлийг зээлдэгчийн хувьд хүлээн зөвшөөрснөөр талуудын хооронд байгуулсан 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээ цуцлагдсан болно. Банкны хувьд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хугацаа хэтрүүлэн зөрчсөн үндэслэлээр хүү авах эрхгүй, тэр тусмаа зээлийн гэрээ цуцлагдсанаас хойш хүү тооцох үндэслэл бүр байхгүй гэж үзэж байна. Хэдийгээр 4,9 тэр бум төгрөгөөр тооцон талуудын харилцан тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарь хэрэгжих боломжгүй ч гэсэн авсан зээлээ тодорхой хэмжээгээр төлж байсан болно. Дээрх үндэслэлүүдээр Төрийн банкинд зээлийн хүү төлөх хуулийн үндэслэл байхгүй тул хүү тооцсон хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болохыг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна гэв.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 529 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Төрийн банк, хариуцагч “Дархан гурил тэжээл” ХК-ийн хооронд байгуулсан 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 12/16-80 дугаартай зээлийн гэрээ, 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 12/16-94 дугаартай зээлийн гэрээнүүдийг цуцалж, хариуцагч “Дархан гурил тэжээл” ХК-иас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 5.862.250.942,17 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д  олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох “Дархангурил тэжээл” ХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 1-р багт байрлах агуулахын барилгын зориулалттай, 3620 мкв талбайтай, Ү-2003008913 эд хөрөнгө өмчлөх эрхийн, ГД000232690 гэрчилгээний дугаар бүхий үл хөдлөх хөрөнгө, “Дархангурил тэжээл” ХК-ийн өмчлөлийн Дархан сумын 1-р багт байрлах, Ү-2003017646 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 532,0 метр урттай төмөр зам, хоногт 150 тн улаан буудай боловсруулах хүчин чадалтай Алапала брендийн гурилын үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, гурилын үйлдвэрийн өдөр тутмын үйл ажиллагаанд зориулсан түүхий эд, бэлэн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны шаардлагатай бараа материал, бэлдэц, ирээдүйн борлуулалтын орлого, бусдаас авах бүх төрлийн авлага, Дархан сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 7860 мкв талбайтай, Ү-2003000009 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө, Дархан сумын 1-р багт байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 8748 м.кв талбайтай, контор, граж, механик цехийн барилга, Дархан сумын 1-р багт байрлах үйлдвэрлэлийн зориулалттай, 3428 м.кв талбайтай, Ү-2003008915 эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүрэг, 5-р хороо Төгөл хусханы 9 дүгээр байрны 6 тоот 6 өрөө, 171,6 м.кв талбайтай, Ү-2204015858 эрхийн улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29.539.407,72 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 29.539.407,72 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Түвшинтөр давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 529 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг буюу үндсэн хүүнээс 1.042.067.123,35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү болох 1.951.561,72 төгрөг нийт 1.044.018.685,07 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:

Анхан шатны шүүх хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг бүхий л талаас нь үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй тухайд:

1. “Дархангурил тэжээл” ХК нь хөрөнгө оруулалтын зориулалтаар Төрийн банкнаас авах 4.900.000.000,00 төгрөгийн зээлийн гэрээг 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 12/16-80 тоот зээлийн гэрээг байгуулсан. Гэрээ ёсоор 4.900.000.000,00 сая төгрөгийг нэг жилийн 24 хувийн хүүтэйгээр, 60 сарын хугацаанд зээлж авч харилцан тохиролцсон зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөхөөр болсон юм. Гэтэл Төрийн банк нь зээлдэгчид 4.400.000.000,00 төгрөгийн зээл олгосон учир энэхүү нийт дүнгээс тооцож хүү бодож сард буцаан төлөх зээл, зээлийн хүүд өөрчлөлт оруулан сарилцан тохиролцох ёстой байсан. Гэвч шүүх 4.900.000.000,00 төгрөгийн зээлийн үнийн дүнд тооцоолж харилцан тохиролцож хийсэн эргэн төлөлтийн хуваарь өөрөө хэрэгжих боломжгүй байхад шүүх тэрхүү хуваарийг зөрчсөн гэж үзсэн нь хууль бус байгаа юм. Харин талууд 4,4 тэрбум төгрөгийн зээлийг хэсэгчлэн олгосон тохиолдолд зээлийг эргэн төлөх талаар харилцан тохиролцож эргэн төлөлтийн хуваарь байгуулаагүй тул зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн гэж үзэх хуулийн үндэслэл байхгүй болно. Дээрх үндэслэлүүдээр зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй байсан бөгөөд нөгөөтэйгүүр Төрийн банкны 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 12/18-16 тоот “Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай” мэдэгдлийг мөн Төрийн банк нь өндөр үнийн дүнтэй бизнесийн зээлийн хувьд зээлийн хүүг бодит нөхцөл байдалд нийцүүлэлгүй хэт өндөр тогтоож, хүүлснээр зээлдэгч нь хүүний дарамтад орж, эргэн төлөх боломжгүй хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэж байгаа тайлбарлан Төрийн банк болон “Дархангурил тэжээл” ХК нар 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулах үед арилжааны банкны дундаж хүү жилийн 19.1 хувьтай байсан баримтыг гарган өгч, хүүг бууруулах талаар хүсэлт өгсөн болно. Гэвч анхан шатны шүүх нь Талууд зээлийн хүүгийн талаар тохиролцож зээлийн гэрээ байгуулсан байх бөгөөд хариуцагчаас ирүүлсэн зээлийн жигнэсэн дундаж хүүгийн хэмжээнээс зээлийн хүү хэт өндөр байдал тогтоогдохгүй байна” дүгнэж хэгийг шийдвэрлэсэн нь нотлох баримтад үндэслээгүй, хэт талыг барьж, нотлох баримтыг зөвхөн нэхэмжлэгчид ашигтайгаар тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Бизнесийн зээлийн хувьд буюу өндөр дүнтэй зээлийн хувьд 1 хувийн зөрүү хүү гэдэг нь асар их ялгаатай бөгөөд хариуцагч талаас гаргаж өгсөн баримтаар тухайн үед арилжааны банкны бизнесийн зээлийн дундаж хүү 19.1, 20 хувьтай байсан болно. Гэтэл Төрийн банк нь 4-5 хувиар өндөр хүү тооцсон байгаа нь хүүг бууруулах үндэслэлтэй болохыг харуулж байна.

Хэрэв 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн гэрээ цуцлагдсан гэж үзэж байгаа хугацаа болох 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 1 жил 9 сарын хугацаанд 4.400.000.000,00 төгрөгөөс жилийн 19.1 хувиар хүү тооцвол 1.470.700.000,00 төгрөг болно. Үүнээс зээлийн хүүд төлсөн 962.467.742,90 төгрөгийг хасахад 508.232.257,1 төгрөгийг хүүд төлөх ёстой байсан боловч анхан шатны шүүх хэт өндөр хүүг буулгалгүйгээр, мөн гэрээ цуцлагдсанаас хойш хүү тооцон 1.042.067.123,35 төгрөгийг илүү гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж, УДШ-ийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53-р тогтоолын 2.3-д Мөн үйл, заалтын “үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү өлнө” гэдгийг зээлдэгч нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй байгаа зээлд ноогдох үндсэн үүргийн хорин хувиас хэтрүүлэхгүй нэмэгдүүлсэн хүү тооцож төлнө гэж ойлгоно гэж тайлбарласан байдаг. Дээрх хуулийн зохицуулалт болон тайлбараас харахад зээлийн эрээний хугацаа дууссанаас хойш нэмэгдүүлсэн хүү тооцохоор зохицуулсан байна. Гэтэл нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа дуусаагүй гэж үзэн цуцлах шаардлага аргасан байхдаа нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжилсэн нь дээрх хуулийн зүйл заалттай зөрчилдөж байгааг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй. Иймд нэмэгдүүлсэн хүү болох 1.951.561,72 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр үндсэн хүүнээс 1.042.067.123,35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү болох 1.951.561,72 төгрөг нийт 1.044.018.685,07 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлыг хангаж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

            Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан  “...4.900.000.000 төгрөгийн зээлийн гэрээ  байгуулсан гэхдээ  4.400.000.000 төгрөгийн зээл олгосон..., ...эргэн төлөлтийн хуваарийг зөрчөөгүй..., ...арилжааны банкуудын зээлийн   дундаж  хүү 19.1 хувь байсан...,  ...өндөр хүүтэй  зээл олгосон...,  ...гэрээний хугацаа дуусаагүй байхад нэмэгдүүлсэн хүүд  1.951.561 төгрөг  нэхэмжилснийг   хүлээн зөвшөөрөхгүй..., ...1.044.018.685 төгрөгийг хариуцагчаас илүү гаргуулахаар шийдвэрлэснийг шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж   өгнө үү ” гэх гомдлыг  хангах хуулийн  үндэслэлгүй байна.

            “Төрийн банк” ХХК “Дархан гурил тэжээл” ХК-д холбогдуулан 12\16-80, 12\16-94, 12\16-107 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 4.310.000.000 төгрөг, хүү 1.550.299.380,45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү  1.951.561,72 төгрөг нийт 5.862.250.942,17 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа  хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийг бүрэн хэмжээгээр олгоогүй, тэр хэмжээнд тооцоолж хийсэн эргэн төлөлтийн хувиар өөрөө хэрэгжих боломжгүй, зээлдэгч  хүлээсэн  үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, хүү тооцсон хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй  гэж маргажээ.

            Анхан шатны шүүх  зохигчдын хооронд  байгуулагдсан  2016 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 12\16-80, 12\16-94 тоот зээлийн гэрээнүүдийг цуцалж, төлбөрийг сайн дураар эс төлбөл  барьцаа  хөрөнгийг худалдан борлуулсан үнээс  үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ, нэмэлт гэрээний хүчин төгөлдөр  байдал,  хариуцагч гэрээний үүргээ  хэрхэн зөрчсөн, гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах хуульд заасан нөхцөл бий болсон талаар  хуульд нийцүүлэн зөв дүгнэжээ.

Хэргийн үйл баримтаас үзвэл зохигчид нь 2016 оны 6 дугаар сарын 24-ны өдөр  4.900.000.000 төгрөгийг, 60 сарын хугацаатай, жилийн  24 хувийн хүүтэй зээлдүүлэх, 1.300.000.000 төгрөгийг агуулахын барилга, төмөр замын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг  хүчин төгөлдөр барьцаалсан нөхцөлд, 3.100.000.000 төгрөгийг  4 ширхэг  үл хөдлөх хөрөнгийн гэрчилгэн дэх талбайн хэмжээг зөв болгон, банкны үнэлгээчнээр үнэлгээ хийлгүүлэн, банкинд барьцаалж, барьцааны бүртгэл хүчин төгөлдөр  болсон нөхцөлд, 500.000.000 төгрөгийг Зээлийн батлан даалтын сангаар батлан даалт гаргуулж, гурван талт гэрээ байгуулан  хүчин төгөлдөр болсон нөхцөлд олгохоор тус тус  тохирсон .

Дээрх болзол нөхцөлийн дагуу 4.400.000.000 төгрөгийн зээл олгогдож,  500.000.000 төгрөгийн зээл олгогдоогүй.

Зээлийг төлөхдөө 60 сарын хугацаанд сар бүр тогтмол төлөлт хийж байх  хуваарийг хийсэн байна. Зээлдэгч гэрээгээр тохирсон зээл буцаан төлөх хувиараа  удаа дараа  зөрчиж, 2017 оны  8 дугаар сарын  16-ны  байдлаар  хугацаа хэтэрсэн үндсэн зээлийн төлбөр 130.000.000 төгрөг, хүү  263.815.902 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 136.767 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр  350.000.000 төгрөг, хүү 808.442.942 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.518.904 төгрөг болж,  зөрчлийг арилгахаар нэмэлт хугацаа  тогтоосон боловч үр дүн гараагүй болох нь  хэрэгт авагдсан нотлох баримтаар  нотлогдсон байна.

Талуудын хооронд  байгуулсан зээл болон барьцааны гэрээ нь  Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 165 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн хуулийн хүчин төгөлдөр гэрээ мөн бөгөөд  нэхэмжлэгч хариуцагчийн хэн аль нь  шаардлага гаргах эрхтэй болно.

            Хариуцагч сар тутам хүү болон үндсэн зээлээс тодорхой хувийг эргэн төлөх гэрээгээр тохиролцсон хуваарийг зөрчсөн  зөрчил нь  Иргэний хуулийн   225, 226 дугаар  зүйлүүдэд заасан гэрээг  цуцлахыг шаардах эрхийн урьдчилсан нөхцөл хангагдсан,  хариуцагч нь гэрээ цуцлах шаардлагыг татгалзаагүй, нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан  буцаан төлсөн мөнгөний хэмжээний талаар  маргаагүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.3-т зааснаар зээлдүүлэгч банк нь  зээлийн хүүгийнхээ хэмжээг нийтэд мэдээлэх үүрэгтэйгээс гадна Банк, эрх бүхий хуулийн этгээдийн  мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн  үйл ажиллагааны  тухай хуулийн  21 дүгээр зүйлийн  21.1-т заасан  үүрэгтэй  байна.

            Энэ үүргийнхээ дагуу мэдээлсэн мэдээлэлтэй танилцаад аж ахуй эрхэлдэг этгээд  хүүг зөвшөөрсөн хэлцлийг  хийсэн  учир  хүүгийн хэмжээ хэт их байна гэж үзэн багасгах   хууль зүйн боломж байхгүй байна.

            Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх  үүрэгтэй гэж  тодорхойлжээ.

            Зээлийн гэрээний 2.1.5-д нэмэгдүүлсэн хүү Зээлийн хүүгийн 20 хувь байна.    ...үндсэн зээл, зээлийн хүүг  зээлийн эргэн төлөлтийн хугацаандаа төлөөгүй тохиолдолд  дараагийн өдрөөс эхлэн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож..., ... нэмэгдүүлсэн хүүг тооцно гэсэн тохироо нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй  байна. 

Үүнд: үндсэн хүү гаргуулах шаардлагад хүүгийн хэмжээг 1.550.299.380 төгрөг  гэсэн бол нэмэгдүүлсэн хүүд 1.951.561 төгрөг гаргуулахаар шаардсаныг буруутгах үндэслэлгүй,  энэхүү 1.951.561 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү нь зээлдэгчийн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн үеэс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар тооцсон   тооцоолол бөгөөд 1.550.299.380 төгрөгийн хүүгийн 20 хувийн дотор буюу 6,05 хувь байгаа болно.

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан, зохигчдын хооронд  маргааныг зохицуулсан хуулийг зөв тайлбарлаж, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн  байх тул  шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж  давж  заалдах шатны шүүх дүгнэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 529 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  5.378.043 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

    

                             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.НАРАНГЭРЭЛ

                                                                ШҮҮГЧИД                                     Л.АМАРСАНАА

                                                                                                                      С.ЭНХЖАРГАЛ