Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00167

 

...........ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 07-ний өдрийн 529 дүгээр шийдвэр,

 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 80 дугаар магадлалтай,

 

...........ХХК-ний нэхэмжлэлтэй

...........ХК-д холбогдох

 

...........ХК-тай байгуулсан 12/16-80, 12/16-94, 12/16-107 дугаартай зээлийн гэрээнүүдийг тус тус цуцалж, үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 4.310.000.000 төгрөг, үндсэн хүүний өр 1.550.299.380,45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.951.561,72 төгрөг, нийт 5.862.250.942,17 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Түвшинтөрийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангэрэл, Н.Батгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч ...........ХК нь Төрийн банктай 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 12/16-80 тоот зээлийн гэрээ, 12/16-81 тоот барьцааны гэрээ, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 12/16-94 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, 12/16-95 тоот барьцааны гэрээ, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 12/16-107 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, 12/16-106 тоот барьцааны гэрээг тус тус байгуулан 4.400.000.000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлийн барьцаанд: -...........ХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 1-р багт байрлалтай, улсын бүртгэлийн ...........дугаартай, 3620 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, -...........ХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 1-р багт байрлалтай, улсын бүртгэлийн ...........дугаартай, 532 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, - ...........ХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 1-р багт байрлалтай, улсын бүртгэлийн ...........дугаартай, 7860 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, - ...........ХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 1-р багт байрлалтай, улсын бүртгэлийн ...........дугаартай, 8748 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, - ...........ХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 1-р багт байрлалтай, улсын бүртгэлийн ...........дугаартай, 6840 м.кв талбайтай спорт, сургалт үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, - ...........ХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 1-р багт байрлалтай, улсын бүртгэлийн ...........дугаартай, 3428 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, - Иргэн Д.Балдан-Очир, С.Намсрайжав, Б.Түвшинтөр, Б.Түвшинжаргал нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Төгөл хусханы 9-р байр, 6 тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн ...........дугаартай, 171.6 м.кв талбайтай, 6 өрөө орон сууц, Зээлийн барьцаанд хоногт 150 тн улаан буудай боловсруулах хүчин чадалтай Алапала брэндийн гурилын үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, гурилын үйлдвэрийн өдөр тутмын үйл ажиллагаанд зориулсан түүхий эд /улаан буудай/ бэлэн бүтээгдэхүүн, үйлдвэрийн үйл ажиллагааны шаардлагатай бараа материал, бэлдэц, ...........ХК-ийн ирээдүйн орлого, бусдаас авах бүх төрлийн авлага, ...........ХК-ийн ...........дахь болон бусад банк санхүүгийн байгууллага дахь харилцах, хадгаламжийн дансны орлого, үлдэгдэл, Зээлдэгч зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлээс 90.000.000 төгрөг, хүүнээс 962.467.742,90 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 718.027,39 төгрөг, нийт 1.053.185.770,29 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нь 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хуваарийн төлөлтийн дагуу төлөх үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрснээр үндсэн зээлийн төлбөр 4.310.000.000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1.550.299.380,45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1.951.561,72 төгрөг, нийт 5.862.250.942,17 төгрөг болж хуримтлагдсан байна. Иймд хариуцагч ...........ХК-тай байгуулсан 12/16-80, 12/16-94, 12/16-107 дугаартай зээлийн гэрээнүүдийг тус тус цуцалж, үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 4.310.000.000 төгрөг, үндсэн хүүний өр 1.550.299.380,45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр 1.951.561,72 төгрөг, нийт 5.862.250.942,17 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяр нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...........ХК нь хөрөнгө оруулалтын зориулалтаар Төрийн банкнаас авах 4.900.000.000 төгрөгийн зээлийн гэрээг 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 12/16-80 тоот зээлийн гэрээг байгуулсан. Гэрээ ёсоор 4.900.000.000 төгрөгийг нэг жилийн 24 хувийн хүүтэйгээр, 60 сарын хугацаанд зээлж авч харилцан тохиролцсон зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөхөөр болсон юм. Гэвч банк нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, гэрээ байгуулснаас хойш 4,4 тэр бум төгрөгийг олгосон бөгөөд 500.000.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл олгоогүй, гэрээ ёсоор олгох 4,9 тэр бум төгрөгийг бүрэн хэмжээгээр олгоогүй болно. Нэгэнт үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргээ биелүүлж 4.900.000.000 төгрөгийг бүрэн хэмжээгээр хугацаанд нь зээлдэгчид олгоогүй тохиолдолд энэхүү 4.900.000.000 төгрөгийн зээлийн үнийн дүнд тооцоолж харилцан тохиролцож хийсэн эргэн төлөлтийн хуваарь өөрөө хэрэгжих боломжгүй юм. Харин талууд 4,4 тэр бум төгрөгийн зээлийг хэсэгчлэн олгосон тохиолдолд зээлийг эргэн төлөх талаар харилцан тохиролцож эргэн төлөлтийн хуваарь байгуулаагүй тул зээлдэгч хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн гэж үзэх хуулийн үндэслэл байхгүй байна. Түүнчлэн Төрийн банкны зүгээс зээлдэгчийг гэрээний хавсралтын дагуу зээлээ төлөх ёстой гэж үзэж байгаа бол зээлийн гэрээний хувьд зээлдүүлэгч эхэлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 4.900.000.000 төгрөгийн зээлийг бүрэн хэмжээгээр олгох ёстой бөгөөд зээлдүүлэгч үүргээ эхэлж гүйцэтгээгүй тохиолдолд зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д зааснаар үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй юм. Өөрөөр хэлбэл, энэхүү хуулийн зохицуулалтын дагуу үүрэг гүйцэтгүүлэгч нь эхэлж үүрэг гүйцэтгэх ёстой байтлаа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарь боломжгүй учраас зээл, зээлийн хүүг буцаан төлөхөөс татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд түүнийг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэх хуулийн үндэслэл байхгүй юм. Харин гэрээнд заасан 60 сарын хугацааны эцэст зээл, хүүг төлөх хуулийн үндэслэлтэй юм. Мөн банкны хувьд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, олгох ёстой мөнгөө хугацаандаа бүрэн хэмжээгээр олгоогүй үйлдэл нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх хангалттай үндэслэл бөгөөд 224 дүгээр зүйлийн 224.3-т зааснаар түүний гэм буруутай эсэхээс үл хамаараад мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү авах эрхээ алдах ёстой юм. Дээрх үндэслэлүүдээр зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нөгөөтэйгүүр Төрийн банкны 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 12/18-16 тоот Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай мэдэгдлийг зээлдэгчийн хувьд хүлээн зөвшөөрснөөр талуудын хооронд байгуулсан 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээ цуцлагдсан болно. Банкны хувьд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хугацаа хэтрүүлэн зөрчсөн үндэслэлээр хүү авах эрхгүй, тэр тусмаа зээлийн гэрээ цуцлагдсанаас хойш хүү тооцох үндэслэл бүр байхгүй гэж үзэж байна. Хэдийгээр 4,9 тэр бум төгрөгөөр тооцон талуудын харилцан тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарь хэрэгжих боломжгүй ч гэсэн авсан зээлээ тодорхой хэмжээгээр төлж байсан болно. Дээрх үндэслэлүүдээр Төрийн банкинд зээлийн хүү төлөх хуулийн үндэслэл байхгүй тул хүү тооцсон хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болохыг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна гэжээ.

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 529 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Төрийн банк, хариуцагч ...........ХК-ийн хооронд байгуулсан 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 12/16-80 дугаартай зээлийн гэрээ, 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 12/16-94 дугаартай зээлийн гэрээнүүдийг цуцалж, хариуцагч ...........ХК-иас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 5.862.250.942,17 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ...........ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох ...........ХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 1-р багт байрлах агуулахын барилгын зориулалттай, 3620 мкв талбайтай, ...........эд хөрөнгө өмчлөх эрхийн, ГД000232690 гэрчилгээний дугаар бүхий үл хөдлөх хөрөнгө, ...........ХК-ийн өмчлөлийн Дархан сумын 1-р багт байрлах, ...........эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 532,0 метр урттай төмөр зам, хоногт 150 тн улаан буудай боловсруулах хүчин чадалтай Алапала брендийн гурилын үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, гурилын үйлдвэрийн өдөр тутмын үйл ажиллагаанд зориулсан түүхий эд, бэлэн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны шаардлагатай бараа материал, бэлдэц, ирээдүйн борлуулалтын орлого, бусдаас авах бүх төрлийн авлага, Дархан сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 7860 мкв талбайтай, ...........эрхийн улсын бүртгэлийн дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө, Дархан сумын 1-р багт байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 8748 м.кв талбайтай, контор, граж, механик цехийн барилга, Дархан сумын 1-р багт байрлах үйлдвэрлэлийн зориулалттай, 3428 м.кв талбайтай, ...........эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүрэг, 5-р хороо Төгөл хусханы 9 дүгээр байрны 6 тоот 6 өрөө, 171,6 м.кв талбайтай, ...........эрхийн улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29.539.407,72 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 29.539.407,72 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож тус тус шийдвэрлэжээ.

 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 80 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 529 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5.378.043 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Түвшинтөр хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалын зарим хэсгийг хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэсэн үндэслэлээр нэмэгдүүлсэн хүү болох 1 951 561.72 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд: Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж, УДШ-ийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53-р тогтоолын 2.3-д Мөн зүйл, заалтын “үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэдгийг зээлдэгч нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй байгаа зээлд ногдох үндсэн хүүгийн хорин хувиас хэтрүүлэхгүй нэмэгдүүлсэн хүү тооцож төлнө гэж ойлгоно гэж тайлбарласан байдаг. Дээрх хуулийн зохицуулалт болон тайлбараас харахад зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш нэмэгдүүлсэн хүү тооцохоор зохицуулсан байна. Гэтэл нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа дуусаагүй гэж үзэн цуцлах шаардлага гаргасан байхдаа нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжилсэн нь дээрх хуулийн зүйл заалттай зөрчилдөж байгааг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй. Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн зүйл заалтыг зөв хэрэглээгүй, буруугаар тайлбарлан хэрэглэсэн тул Иймд нэмэгдүүлсэн хүү болох 1 951 561.72 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд дээрх үндэслэлүүдээр нэмэгдүүлсэн хүү болох 1 951 561.72 хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул шийдвэрт болон магадлалд өөрчлөлт оруулж, гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

...........ХХК, ...........ХК-д холбогдуулан 2016 оны 6 сарын 24-ний өдрийн 12/16-80 тоот зээлийн гэрээ, уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2016 оны 6 сарын 30, 7 сарын 01-ний өдрийн 12/16-94, 12/16-107 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 4 310 000 000 төгрөг, хүү 1 550 299 380,45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 951 561,72 төгрөг нийт 5 862 250 942,17 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...гэрээний дагуу зээлийг бүрэн олгоогүй, зээлийг олгосон хэмжээнд тооцоолж эргэн төлөлтийн хуваарийг тохиролцоогүй тул гэрээний хугацаа дуусмагц үүргээ гүйцэтгэх ёстой, үүрэг зөрчөөгүй тул нэмэгдүүлсэн хүү төлөхгүй, бизнесийн зээлийн хүү арилжааны банкны дундаж зээлийн хүүгээс хэт өндөр, гэрээг 2018.03.06-нд цуцалсан тул үүнээс хойш хүү тооцсон нь буруу...” гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хянаад хэвээр үлдээжээ.

 

Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааны төрлийг зөв тодорхойлж, Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар банкнаас зээл олгох гэрээгээр банк нь зээлдүүлэгчийн хувьд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. Мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

Зээлийн гэрээний үүрэгт үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдах үндэслэлтэй.

 

Хэрэгт байгаа баримтаас үзвэл зээлдүүлэгч 4 900 000 000 төгрөг шилжүүлэхээс 4 400 000 000 төгрөгийн зээлийг олгосон, хариуцагч 1 053 185 770 төгрөгийг төлсөн боловч үүргээ бүрэн биелүүлээгүй, 2018 оны 1 сараас хойш төлөлт хийгээгүй, зээлдүүлэгч гэрээг цуцлахыг мэдэгдсэн үйл баримт тогтоогдсон байна.

 

Шүүх гэрээний төрөл, зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, хариуцагчийн хүлээх үүргийн хэмжээ,зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, гэрээг цуцлах үндэслэл журам зэрэг эрх зүйн асуудлаар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 165 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн дүгнэлт хийсэн, энэ талаарх дүгнэлт шүүхийн шийдвэр, магадлалд тусгагдсан байна.

Зээлийн гэрээний 2.1.3.3-т “Зээлдэгч нь тус зээлийн барьцаа баталгаанд зориулан Зээлийн батлан даалтын сангаар 500 000 000 /таван зуун сая/ төгрөгийн батлан даалт гаргуулж, гурван талт гэрээ байгуулан хүчин төгөлдөр болсон нөхцөлд Банк нэмж 500 000 000 /таван зуун сая/ төгрөгийг олгох” гэж заасан тул зээлийг дутуу олгосон гэж үзэх боломжгүй юм.

 

Иймд хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 529 дүгээр шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 80 дугаар  магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 46 175 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Х.СОНИНБАЯР

 

                       ШҮҮГЧИД                                                 Г.ЦАГААНЦООЖ

 

                                                                                         Д.ЦОЛМОН

 

                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД

 

                                                                                         П.ЗОЛЗАЯА