Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 438

 

Б.На-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 166 дугаар шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 31 дүгээр магадлалтай, Б.На-т холбогдох 1821000540059 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Б.На-н гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1982 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, ээж, 1-7 насны 2 хүүхдүүдийн хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй У овогт Ба-н На.

Б.На- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Д аймгийн Б сумын нутаг дэвсгэрт орших “Зааны худаг” гэх газарт хохирогч Б.На-г гараараа болон ширмэн тогоо, савар зэрэг эд зүйлээр зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, цээж, зүүн алганд зулгаралт, эрүү ясны хугарал зэрэг гэмтэл учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.На-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, уг ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.На-аас 3,128,762 төгрөг гаргуулан хохирогч Б.Наранхүүд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,524,123 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Энхээгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Ш.Энхээг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон мөрдөгчийн тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 9.5 дугаар зүйлийг тус тус баримтлан хүчингүй болгож, цаашид магадлал гардан авах, хяналтын шатны шүүхэд гомдол гаргах зэрэг хохирогчийн эдлэх эрх, үүргийг хохирогч Б.На эдлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Б.На гаргасан гомдолдоо “... Шүүгдэгч Б.На- нь хохирлын төлбөрөөс нэг ч төгрөг төлөөгүй. Анхан шатны шүүх миний нэхэмжилсэн 4,647,560 төгрөгний баримтаас 1,524,123 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлага хангахгүй гэсэн үндэслэлээр хасаж шийдсэн нь үндэслэлгүй байна. Б.На- нь мөрдөн байцаалт болон шүүх хурал дээр ч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь түүнд оногдуулсан ял хөнгөдсөн гэж үзэж байна. Иймд миний гомдлыг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.На-т холбогдох хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй учраас шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хохирогч Б.На-н гаргасан гомдлыг үндэслэн Б.На-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

Шүүгдэгч Б.На- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Д аймгийн Б сумын дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Зааны худаг” гэх газарт хохирогч Б.На-тэй маргалдан зодолдож, түүний биед эрүү ясны хугарал буюу эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх Б.На-ыг хохирогч Б.На-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн хэм хэмжээ, түүний агуулгыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Харин анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар дүгнэлт хийхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй, хэрэг гарсан байдал, хэргийн сэдэлт санаа зорилго, гэм буруугийн хэлбэрт нөлөөлж болох нөхцөл байдлыг агуулсан нотлох баримтуудыг харьцуулалгүйгээр гагцхүү яллах талын дүгнэлт болгож яллах дүгнэлтэнд дурдсан хохирогчийн мэдүүлэг болон түүнтэй нэгдмэл сонирхол бүхий нэг гэрчийн мэдүүлгээр хязгаарлан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, хохирогчийн хууль бус үйлдэлд хууль зүйн дүгнэлт өгөлгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүх зөвтгөн дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Өөрөөр хэлбэл, хохирогч Б.На архидан согтуурсан үедээ, хүмүүсийн хоорондын харилцааны талаар нийгэмд тогтсон эрх зүй, ёс суртахуун болон зан заншлын хэм хэмжээг үл тоомсорлон, өөртэй нь төрөл садны холбоотой, насаар ах Б.На-ын гэрт агсам тавьж, бусдыг хэл амаар доромжлон, Э.Ба нарыг харааж зүхэн, ална хэмээн заналхийлсэн, мөн хадам ах Б.Ба-ыг заналхийлж өвлийн шөнө хээр автомашинаас буулгаж хаясан, улмаар Б.На-ыг эхнэр болон насанд хүрээгүй 6 хүүхдийн хамт гэртээ амарч байхад нь дайрч ална хэмээн монгол гэрийг автомашинаар мөргөж, бусдын амь нас, эрүүл мэнд, халдашгүй байдалд халдсан хохирогчийн дээрх хууль бус үйлдлийн улмаас шүүгдэгч уурлан, хохирогчийг зодож биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Дээрх байдлаас дүгнэж үзэхэд, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь хохирогчийн хууль бус, ёс зүйгүй үйлдэлтэй холбоотой байх бөгөөд энэхүү байдал нь гэмт хэрэг гарсан байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын хэмжээнд нөлөөлөх хүчин зүйл мөн тул шүүгдэгчид торгох ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам болон шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзнэ.      

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах учиртай бөгөөд хохирогч Б.На-н үйлдэл эрүүгийн хуулиар хамгаалагдсан харилцаа зөрчсөн эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй, прокурорын яллах дүгнэлтээр ямар нэгэн хууль зүйн үнэлэлт хийгдээгүй байгаа болохыг тэмдэглэж байна.   

Иймд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар шүүгдэгч Б.На- нь Б.На-д эрүү ясны хугарал гэмтэл учруулан түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлтийг өөрчлөх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг үгүйсгэх, няцаах үйл баримт, нөхцөл байдал тогтоогдоогүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, хохирогч Б.На-н гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 166 дугаар шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 31 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хохирогч Б.На-н хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

         ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                             Д.ГАНЗОРИГ

                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН