Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 166

 

 2018       06          11                                                       2018/ШЦТ/166

 

                       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган улсын яллагч Л.Мөнхбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн, шүүгдэгч Б.Н, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Энхээ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт Б.Н холбогдох эрүүгийн  дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1 оны 07 сарын 15-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, ээж, 1-7 насны 2 хүүхдүүдийн хамт амьдрах, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, У овогт Б.Н.

Шүүгдэгч Б.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Дорнод аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Зааны Худаг” гэх газарт хохирогч Б.Н гараараа болон тогоо, савар зэрэг эд зүйлээр зодож улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Энхээ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Надад хэргийн талаар ярих зүйл байхгүй байна. Харин Н хүн чанарын асуудал байхгүй байна. Хохирогч 3 удаа Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэхээр явсан. Улсын яллагчийн хэлсэн 4647200 төгрөгийн хохирлыг би хүлээн зөвшөөрч, энэ хохирлыг нэхэмжилж байна. Энэ хохирлоос гадна нэмж хохирол төлбөр дээр нэмэгдсэн зүйл байгаа. Гэхдээ би тэр талаар нэхэмжлэхгүй. Би хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохирлыг нэхэмжилж байна...” гэв.

            Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02  дугаар сарын 08-ны өдрийн 157 тоот дүгнэлтэд: 1. Б.Н биед гэмтэл тогтоогдсонгүй” гэжээ. /хх-ийн 58/

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1408 тоот дүгнэлтэд: 1. Б.Н биед эрүү яс, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, цээж, баруун, зүүн бугалга, баруун, зүүн шуунд цус хуралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал, баруун тохой, цээж, зүүн алганд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 44/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 497 тоот дүгнэлтэд: 1. Эрүү ясны хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, цээж баруун, зүүн бугалга,  баруун зүүн шуунд цус хуралт, баруун тохой, цээж, зүүн алганд зулгаралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2. Шинжээчээс авсан мэдүүлэг дээр тодорхой тусгасан байна. 3. Сээр, нурууны сэртэн ясны хугарал гэмтэл тогтоогдсонгүй. 2018.01.12-ны бүсэлхийн нурууны КТГ, 2018.04.16-ны Th9-S1-ийн түвшинд хийгдсэн КТГ зургаар сээрний 11, 12-р нугаламын их биеийн шахагдсан хуучин хугарал байжээ” гэжээ. /хх-ийн 112-113/

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол / хх-ийн 1/

 -Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-5/

 -Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол /хх-ийн 10/

 -Хохирогч Б.Наранхүүгийн мэдүүлэг /хх-ийн 23-24/

 -Гэрч Б.Ганцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 27/

 -Гэрч Б.Батжаргалын мэдүүлэг /хх-ийн 31/

 -Гэрч С.Батмөнхийн мэдүүлэг /хх-ийн 33/

 -Гэрч Д.Оргодолын мэдүүлэг /хх-ийн 34/

 -Гэрч Д.Оюунтунгалагийн мэдүүлэг /хх-ийн 36/

 -Шинжээч эмч Б.Долгормаагийн мэдүүлэг /хх-ийн 52-53/

-Шүүгдэгч Б.Наранбаатарын хувийн байдлын талаарх нотлох баримтууд / хх-ийн 67-72/

-Хохиролтой холбоотой нотлох баримтууд /хх-ийн 85-91/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Б.Н нь согтуурсан үедээ 2018 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Дорнод аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутаг “Зааны Худаг” гэх газарт хохирогч Б.Н хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар хохирогчийг гараараа болон тогоо, савар зэрэг эд зүйлээр зодож улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

-Шүүгдэгч Б.Н өгсөн: “Би Н биед хүндэвтэр гэмтэл учруулсан нь үнэн. ...Н машинаас нь чирч буулгаад нүр рүү нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 65/

-Хохирогч Б.Н өгсөн: “...Бид нар Н ахын гэрт очихдоо 2 савтай 3-аас 4 орчим литр нэрмэл архитай очсон юм. Ингээд бид нар Н ахын гэрт архиа уугаад байж байхад 23 цаг болж байх үеэр Баттөр эхнэр Соёлмаагийн хамт гэр рүүгээ харилаа гээд яваад өгсөн, тухайн үед Н ахын эхнэр нь хүргэж өгөөд ирсэн. Ингээд бид нар уух архи байхгүй сууж байтал Н над руу хандаж чам шиг гуйлгачин хүн амьдардаггүй, чи ээжийнхээ ах дүү нарыг дуурайсан гуйлгачин царайтай гөлийсөн пиз даа гэх мэтээр намайг доромжлоод байсан. Тэгээд сүүлдээ Н ах бид хоёр маргалдаж муудсан, тэгээд зууралдаж ноцолдсон, тэгээд байж байхад манай эхнэр Ганцэцэг бид 2-ыг салгаад намайг машинд суулгаад гэр рүүгээ харихаар явсан. ...Тэгээд би жолооны ард суугаад гэрээ олох гэж явсан боловч хэсэг төөрч байгаад Н ахын гэрийн гадаа дахин очсон. Тэгээд машин дотроо сууж байтал Н ахын гэрийн хаалга онгойж байх шиг болохоор нь Н ахыг гарч ирээд дахин намайг зодох гэж байна гэж бодоод машинаараа гэрийнх нь хаалгыг дарж онгойхооргүй болгоод зогссон тэгсэн чинь манай эхнэр Ганцэцэг надад хандаж чи айлын гэр орон дайрах гэж байна машинаа ухраа гэж хэлсэн. ...Н ах гарч ирээд машины цонхоор гараа оруулж ирээд намайг заамдаж буулгаад чингэлэгний хажууд байсан ширмэн тогтоог аваад миний зүүн шанаа хэсэг рүү цохьсон. Тэгээд би ухаан алдаад газарт унасан хэсэг хугацааны дараа ухаан ороход Н ах миний нуруу хэсэг рүү хөлөөрөө нилээн олон удаа дэвсээд байж байсан. ...Би салгалаад арай гэж босч ирэхэд Н ах савар аваад миний нуруу, ууц, гар, хөл хэсэг рүү хатгаж цохиод унагасан. ...Газарт унаад байж байхад савраар нэлээд олон удаа цохьсон. ...Манай эхнэр орилж уйлж байгаад Н ахаас намайг салгаж аваад машинд суулгасан чинь Н ах машины хаалганы цонхоор гараа оруулж ирээд намайг цохиод байсан. ...Тэгээд манай эхнэр Ганцэцэг нэг мэдсэн чинь машины түлхүүрийг аваад гэрт очсон. ...Би гэртээ ирээд байж байхад миний зүүн доод эрүүний ар хэсгийн араа шүд голоороо хугарч дээш гарсан байсан, толгой нилэнхүйдээ хаван болсон, ам онгойж болохгүй, цээж нуруу, гар хэсэг савраар майжуулсан байсан. Гэртээ очоод бие өвдөөд хэвтэж байхад 10-аас 11-н цагийн орчимд шиг санаж байна Наранбаатарын ах Очироо, эгч Болормаа нар нь цагдаа дагуулж ирээд намайг бариулсан цагдаа намайг аймаг руу авч ирээд эрүүлжүүлэх байранд хийсэн. ...ингээд орой манай гэрийнх ирээд намайг хараад цагдаа нарт нь хэлээд авч гарсан. Би тэр орой нь бие өвдөөд байхаар нь “Дэхт” гэх газарт байх дүү Лувсангомбын гэрт хоноод маргааш нь шууд эмнэлгээр очиж үзүүлэхэд эмч нар эрүү, шанаа ястайгаа хугарсан байна, яаралтай Улаанбаатар хот руу яв гэж хэлэхээр нь би тэр өдрөө Улаанбаатар хотод очоод шинжилгээ өгөөд 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр, эрүү, зүүн нүдний доод хэсгийн ясны цууралт хугарлаа хадуулж хагалгаанд орсон. ...Н зодуулсаны улмаас эрүү нүүр, эрүүл мэнд, гоо сайхан, бие эрхтний хувьд хүнд ноцтой гэмтэл авч эмчилгээний зардалд нийт 4500000 төгрөг, Дорнод аймагт ирээд гарсан зардал 379100 төгрөг бүгд нийт 4897100 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-26/,

-Гэрч Б.Ганцэцэгийн өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 06-ны орой 21 цагийн үед манай гэрт нөхөр Н найз Баттөр, Баттөрийн эхнэр Соёлмаа, манай төрсөн ах Батжаргал, Батжаргал ахын эхнэр Оюунцэцэг нар ирсэн. Тэд нар ирэхээ 0,5 гр “Улаан буудай” гэх нэртэй архи авчирсан дээрх архийг манай нөхөр Н тэд нартай хувааж уугаад дуусахад ...Батжаргал ах манай гэрт үлдсэн. Ингээд Батжаргал ах Наранхүү нар хоорондоо Н-н гэрт очъё гэж ярилцаад байсан. Тэр үед Наранхүү бид хоёр хамаатныхаараа ойрд очоогүй нэг очъё доо гэж хэлсэн. Ингээд бид нар манай гэрт байсан 4 литр нэрмэл архийг аваад гэрээс гарч Баттөрийн гэрээр очиж Баттөрийг эхнэрийнх нь хамтаар аваад цааш очиж Н-ын гэрт очоод 4 литр нэрмэл архи гаргаж тэд нар архийг хувааж уусан. Тэгээд Баттөр, Соёлмаа нарыг Н-ын эхнэр нь хүргэж өгнө гээд явсан, би яг хэдэн цагт явсныг нь мэдэхгүй байна. Тэд нарыг явсан хойно Н нь манай нөхөр Н-д хандаж би ээж, аавыгаа ургийн баярт 10 машины цуваатай авч явсан, би явж чадсан шүү дээ, харин чи аавыгаа ямбий цагаан машинтай ялзарсан гуятай нь явуулсан биз дээ гээд хашгичаад хэл амаар доромжилсон. Тэр үед манай нөхөр Н нь за яахав дээ гэсэн чинь Н манай нөхөр Н рүү улам дайрч давшлан манай ах бол ийм хүн биш, чи ээжийгээ дуурайсан хөгийн хулгайч хүйтэн царайтай, ээжийнхээ ах дүү нарыг дуурайсан хулгайч гэж элдвэр доромжилж тэр 2 зодолдох гээд зууралдаад дээр доороо ороод ноцолдоод байсан. Тэгээд би арай гэж салгаад нөхөр Н аваад Н-ын гэрт байсан 15-аас 16 орчим насны хүүхдийн хамтаар Н-ийн 2 гарнаас нь түшээд гэрээс нь гарч байтал Н гэрийнх нь янданг түшиж барих зүйл байна гэж бодоод яндангаас нь бариад татсан чинь яндан нь унасан, тэгээд араас нь Н ирээд чи миний голомтыг нураалаа гээд Н барьж аваад гэрийнхээ баруун оронд дээр дарж унагаад зодсон. ...Би Н аваад гэрээс гарч машиндаа суулгаад гэр рүүгээ явсан чинь замдаа төөрөөд шөнөжин явж байхад Н-ийн архи нь гайгүй гарч машинаа бариад явсан чинь Нбас гэрээ олохгүй төөрч явсаар байгаад Н-ын гэрийн гадаа ирээд машиныхаа гэрлийг тусгаад хэсэг зогсож байгаад гэнэт урагш яваад Н-ын гэрийн нь хаалганд нь тулаад зогссон тэгэхээр нь Н хандаж хүүе, чи айлын гэр дайрлаа буцаж ухраад зогс гэхэд манай нөхөр надад хандаж саяхан Н-ын гэрийн хаалга онгойлгох гээд байсан Н гарч ирээд намайг зодох гээд байна гэж хэлсэн. Тэгээд би нөхөртөө хэлж байгаад машиныг нь ухраасан чинь Наранбаатар гэрээсээ гарч ирээд манай машины хажууд зогссон. Ингээд Нмашины цонхыг онгойлгоход Н нь Н буугаад ир гэж хэлэхээр нь би Н-г буугаад хэрэггүй хоёулаа гэр рүүгээ явъя гэхэд Н за яахав дээ буугаад уулзъя гээд машинаас буухад Н нь үгийн зөрүүгүй Наранхүүг цохиод унагаасан.  Тэгэхээр нь би охиноо суудал дээр тавиад машинаас буугаад харахад Н машины жолооч талын хойд дугуйны хажууд доош хараад хэвтэж байсан. Амнаас нь цус гарчихсан байсан. Би машинаас буугаад очиход Н-р нь Н-ийн нуруун дээр нь дэвсээд зогсож байхаар нь Н-ыг боль гээд түлхсэн чинь Н гараараа миний дух хэсэг рүү  нэг удаа цохьсон. Тэгээд Н-ийн нүд рүү өшиглөхөөр нь би Н-т хүн аллаа гэж хэлсэн. Тэгээд Н гэрийнхээ тийш очоод төмөр савар аваад машины руу шидсэн би машинд байгаа бага насны хүүхдийг маань гэмтээчихвий гэж бодоод машин руу очоод буцаад ирсэн чинь Н, Н-ийн хажууд ирээд савраар бие рүү нь олон удаа хатгасан. ...Н-т хандаж чи хүн аллаа боль, наад хүн чинь үхлээ шүү гэж хэлж байгаад Н арай гэж босгоод машиндаа суулгаад хөдлөх гэтэл машины түлхүүрийг 15-аас 16 насны эрэгтэй хүүхэд авчихаад өгөхгүй байсан, тэр хооронд Наранбаатар нь манай нөхөр Н машинаас буулгаж нүүр нүдгүй цохиод байсан. ...Би буугаад Н машинд суулгахаар машины цонхоор цохиж нүдээд байсан тэгж байгаад Н нь манай нөхөр Н-г дагуулаад гэр рүүгээ орсон ...ингээд би Н-г дуудаж байгаад аваад явсан ... Н, Н машинаас буулгаад унагасан, тэгээд би өвөр дээр байсан 4 сартай охиноо машины суудал дээр тавиад машинаас гарч тойроод нөгөө талд нь очиход нөхрийн маань амнаас цус гарчихсан доош хараад хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Хажууд нь ойролцоо тогоо байж байсан. Би тухайн үед Н нь Н-г тогоогоор цохьсон гэж бодсон. Н-гийн хувцас нь хөө болсон байсан. ...Н ах гэрээсээ гарч ирээд машин руу тогоо авч шидэх гэж байхад нь эхнэр нь гэрээсээ гарч ирээд болиулаад буцаад орсон дахин гарч ирээгүй. Хажуу айлынх нь малчин Н-г зодуулж байхад гэрээсээ гарч ирээд Н-ын гараас бариад нэг болиулах гэж үзээд буцаад гэр рүүгээ орсон. Дахин хэн ч гарч ирж болиулах гэж оролдоогүй. Би л тэр хавиар болиулах гэж гүйгээд байсан. ...Манай нөхөр Н гэртээ очоод эрүү өвдөөд байна, миний араа шүд хугарсан байна. Тэрэндээ өвдөөд байх шиг байна. Мөн миний толгой өвдөж байна, миний бүх бие хөндүүр байна гээд уйлаад байсан. Н-ийн нүүр, толгой битүү хавдсан, биеэр нь хөхөрсөн, маажуулсан, савраар хатгуулсан гэх мэт толбонууд байсан. Н-ийн хувцас нь урагдаж цус нөж, хөө тортог болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-30/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 497 тоот дүгнэлтэд: 1. Эрүү ясны хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, цээж баруун, зүүн бугалга,  баруун зүүн шуунд цус хуралт, баруун тохой, цээж, зүүн алганд зулгаралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2. Шинжээчээс авсан мэдүүлэг дээр тодорхой тусгасан байна. 3. Сээр, нурууны сэртэн ясны хугарал гэмтэл тогтоогдсонгүй. 2018.01.12-ны бүсэлхийн нурууны КТГ, 2018.04.16-ны Th9-S1-ийн түвшинд хийгдсэн КТГ зургаар сээрний 11, 12-р нугаламын их биеийн шахагдсан хуучин хугарал байжээ” гэсэн /хх-ийн 112-113/ дүгнэлт болон бусад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол нь түүний нуруу, ууц, толгойн хэсэг руу гар, хөлөөрөө болон тогоо, савар зэргээр санаатайгаар цохиж зодсон шүүгдэгч Б.Н-ын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Н-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой гэж үзсэн тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ширмэн тогоо 1 /нэг/, савар 1 /нэг/-ийг тус тус шүүгдэгчид, шүүгдэгчийн эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 69-10 тоотод байрлах 50.72 метр квадрат 2 хүний эзэмшлийн орон сууцыг битүүмжилсэн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, бичиг баримтаар ирсэн шүүгдэгчийн ЖЯ82071514 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна. 

Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Энхээ нь шүүгдэгчээс эмчилгээний зардалд 4647260 төгрөгийн хохирол нэхэмжилж байна.

Хэрэгт цугларсан гэм хорын хохирлын нотлох баримтуудыг нэг бүрчлэн тооцож үзэхэд нийт 4652885 төгрөгийн баримт сэлт байгаа боловч үүнээс нэхэмжлэх үндэслэлтэй нотлох баримтын шаардлага хангасан 3128762 төгрөгийн /эмчилгээ, тээврийн зардал, бензиний үнэ/ нэхэмжлэлийн шаардлагыг гаргуулан хохирогч Б.Наранхүүд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас гэм хорын хохиролд хамаарахгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй, нотлох баримт нь давхардсан, нотлох баримт нь байхгүй 1524123 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь цагдан хоригдоогүйг шийтгэх тогтоолд дурдвал зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:                      

 

1. Шүүгдэгч У овогт Б.Н-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.        

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ын цалин, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдоогүй болохыг  дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Н 3128762 /гурван сая нэг зуун хорин найман мянга долоон жаран хоёр/ төгрөг гаргуулан хохирогч Б.Н олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1524123 /нэг сая таван зуун хорин дөрвөн мянга нэг зуун хорин гурав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ширмэн тогоо 1 /нэг/ ширхэг, савар 1 /нэг/ ширхэг зэргийг шүүгдэгчид, шүүгдэгчийн эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 69-10 тоотод байрлах 50.72 метр квадрат 2 хүний эзэмшлийн орон сууцыг битүүмжилсэн Прокурорын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЖЯ82071514 регистрийн  дугаартай иргэний үнэмлэхийг шүүгдэгчид буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Б.ЭНХБААТАР