Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 31

 

2018      07        23                                         31                                         

 

 Б.Н-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, ерөнхий шүүгч Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

             Шүүх хуралдаанд:

             Нарийн бичгийн дарга              Н.Энхнаран                 

            Прокурор                                   Л.Мөнхбаяр

            Шүүгдэгчийн өмгөөлөгч            З.Нямсүрэн нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2018/ШЦТ/166 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Э-н гаргасан давж заалдах гомдлоор, шүүгдэгч Б.Н-т холбогдох эрүүгийн 1821000540059 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч У овогт Б-н Н: Монгол Улсын иргэн, регистрийн дугаартай, Дорнод аймгийн суманд 1982 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эх, эхнэр, 1-7 насны 2 хүүхдийн хамт амьдардаг, Дорнод аймгийн сумын баг гэх газарт   оршин суух, ял шийтгэлгүй.

Шүүгдэгч Б.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Дорнод аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт орших гэх газарт хохирогч Б.Н-г гараараа болон ширмэн тогоо, савар зэрэг эд зүйлээр зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн нүдний дээд доод зовхи, цээж, зүүн алганд зулгаралт буюу хөнгөн гэмтэл, эрүү ясны хугарал буюу хүндэвтэр гэмтэл  учруулсан  хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяр шүүгдэгч Б.Н-г “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэж үзэн,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2018/ШЦТ/166 дугаар шийтгэх тогтоолоор:

1/ Шүүгдэгч Б.Н-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож;

2/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэн;

3/  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-н цалин, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэн;

4/ Шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдоогүй болохыг дурдан, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Н-с 3,128,762 төгрөг гаргуулан хохирогч Б.Н-д олгож, нэхэмжлэлээс 1,524,123 төгрөгийг хэрэгсэхгүй болгон;

5/ Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ширмэн тогоо 1 ширхэг, савар 1 ширхэгийг шүүгдэгчид, шүүгдэгчийн эзэмшлээс Дорнод аймгийн сумын баг тоотод байрлах 50.72 метр квадрат 2 хүний эзэмшлийн орон сууцыг битүүмжилсэн прокурорын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн эд хөрөнгийг битүүмжлэх тухай тогтоолыг хэвээр үлдээж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүгдэгчид буцаан олгохоор тогтоож;

6/Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Э  давж заалдах гомдолдоо:

“Анхан шатны шүүх хэргийг бодитойгоор үнэлж дүгнэхгүйгээр шүүгдэгч Б.Н-н талд анхаарал хандуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүгдэгч Б.Н нь хохирогчид учруулсан хохирлоо огт төлөөгүй, үйлдсэн гэмт хэргээ үйлдэл бүрээр нэг бүрчлэн хүлээн зөвшөөрөөгүй байхад шүүх “хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 6.6 дугаар зүйлийн 1.6, 1.8-ын заалтуудыг илтэд зөрчсөн тул тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Э давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Гэм хорын хохирлыг нотлох баримтуудыг нэг бүрчлэн тооцож үзэхэд нийтдээ 4,652,885 төгрөгийн баримт байгааг шүүх нотолгоондоо дурдсан боловч 1,524,123 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хассаныг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Прокурор Л.Мөнхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан. Давж заалдах гомдол үндэслэл муутай бөгөөд эмчилгээтэй холбоотой зардлыг жич нэхэмжлэх боломжтой учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа. Хэрэг гарахад хохирогчийн буруутай ажиллагаа нөлөөлсөн байдаг. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх  тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

            Шүүгдэгч Б.Н нь согтуурсан үедээ, 2018 оны 01 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Дорнод аймгийн сумын нутаг дэвсгэр, гэх газарт орших өөрийн гэрийн гадна, хохирогч Б.Н-н  гэрийг нь  автомашинаар мөргөсөнд нь уурлан гараараа болон тогоо, савар зэрэг зүйлээр зодсоны улмаас хамар ясны хугарал, зүүн нүдний дээд доод зовхи, цээж, зүүн алганд зулгаралт буюу хөнгөн гэмтэл, эрүү ясны хугарал буюу хүндэвтэр гэмтэл учруулан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Н, хохирогч Б.Н, гэрч Б.Г нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчдийн 2018 оны 05 сарын 02-ны өдрийн 497 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

            Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй байна.

             Гэрч Б.Б-н “...бид нар Н-с хөдлөөд явж байтал Н надад хандаж, --чи муу пизда машинаас буу гэж загнаад байхаар нь би машинаас бууж, хөдөө ганцаараа үлдээд шөнөжин алхаж явсаар гэгээ орох үеэр Н-н малчин О ахын гэрт очиж унтаад өглөө босоход О ах надад хандаж, --Н-н гэрийг Н машинаараа мөргөсөн байна, тэгээд бөөн зодоон болсон байна” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/, гэрч Д.О-н “...Тэд нар манайд ирэхдээ 4 литр монгол архитай ирсэн. ...Н нь Б-г элдэв үгээр өдөж эцэг эхтэй чинь ална гэх мэтээр сүрдүүлээд байсан. Тэгээд Б эхнэрийнхээ хамтаар надаар хүргүүлээд явсан. ...Намайг эргээд ирэхэд гэрийн баруун тал нил хөө тортог болсон байхаар нь асуухад хүүхдүүд, --Н ах зуухны яндан аваад шидсэн гэж хэлсэн. Ингээд биднийг унтаж амарч байхад Н машинтай ирээд, гэрт орж ирээд Н-г татаж чангаагаад бос гээд байсан. ...Н гэрийг чинь урдаас нь хойш нь тэгшилнэ гээд гараад машинаараа гэрийн хаалга голлож мөргөсөн. Н босоод Н-г машинаас нь буулгаж байсан. Хүүхдүүд айж сандраад уйлалдаад байхаар нь босгож хувцас хунарыг нь өмсүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/, гэрч Э.Б-н “...Тэгээд Н-д очоод бүгдээрээ нийлээд 2 литр нэрмэлийг нь уусан байх. Тэгтэл Н над руу агсраад, эмээ өвөөтэй чинь ална шүү, хүний шээс гэх мэтээр дуугараад байхаар нь эхнэр бид хоёр Н-ын эхнэрээр хүргүүлээд харьсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзвэл хохирогч Б.Н нь согтуугаар бусдад агсан тавьж хэрүүл маргаан үүсгэсэн, улмаар шүүгдэгчийн гэрийг мөргөсөн зэрэг хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл нь гэмт хэрэг гарах шалтгаан, нөхцөл болсон байна. Энэ нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон Ш.Э-н давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байх тул анхан шатны шүүхээс “гэм хорын хохиролд хамаарахгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй, нотлох баримт нь давхардсан, нотлох баримт байхгүй” гэх үндэслэлээр 1,524,123 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг буруу гэж үзэх үндэслэлгүй байна.

Харин мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Н-с олгосон итгэмжлэлийг үндэслэн Ш.Э-г хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь дараахь үндэслэлээр хуульд нийцээгүй байна. Үүнд:

            1/ Хохирогч-иргэн бусдад итгэмжлэл олгох замаар өөрийгөө төлөөлүүлэх эрхийг зөвшөөрсөн зохицуулалт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгагдаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно” гэсний “хууль ёсны төлөөлөгч” гэдгийг мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “хохирогч нас барсан, эрх зүйн чадамжгүй болсон, эсхүл өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах чадваргүй бол энэ зүйлд заасан эрхийг түүний хууль ёсны төлөөлөгч эдэлнэ”гэх заалт болон мөн зүйлийн 9.5 дугаар зүйлийн заалтуудтай уялдуулан ойлгож хэрэглэнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-ын “хохирогч, хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч” гэсний “итгэмжлэгдсэн төлөөлөгч” гэдгийг хуулийн этгээдтэй холбон ойлгох нь зүйтэй юм. Хохирогчоор оролцвол зохих хуулийн этгээдийг дарга, эрхлэгч, захирал зэрэг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан төлөөлөх бөгөөд тэдгээр нь энэ эрхээ итгэмжлэл олгон бусдад шилжүүлж болох юм. Мөн зүйлийн 1.3-ын “хохирогч нас барсан, эсхүл сэтгэцийн, эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг” гэх заалтад энэхүү хэргийн нөхцөл тохирохгүй байна.

            2/Алив эрх зүйн харилцаанд иргэн итгэмжлэлээр бусдаар төлөөлүүлэн оролцох боломжтой эсэх, эсхүл биечлэн оролцох шаардлагатай эсэхийг дүгнэхэд тухайн эрх, үүргийн шинж чанарыг харгалзан үздэг. Хохирогч-иргэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, үүргээ сайн дураар бусдад шилжүүлэх боломжгүй юм. Энэ нь хохирогчийн эдлэх эрх, үүргийн онцлог шинжээс хамаарна. Тухайлбал, хохирогч нь үнэн  зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй ба зориуд худал мэдүүлсэн, мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээх учиртай. Үүнийг бусдад шилжүүлэх боломжгүй юм.

            3/Хохирогч-иргэн сайн дураар бусдад итгэмжлэл олгон өөрийгөө төлөөлүүлэхийг зөвшөөрөх нь тухайн хэрэгт хамааралгүй хүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах сөрөг үр дагаварт хүргэнэ.

            Гэвч давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дээрх зөрчлийг шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгоход хүргэхүйц ноцтой зөрчил гэж үзээгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Ш.Э-г тогтоосон мөрдөгчийн тогтоолыг давж заалдах шатны шүүхийн магадлалаар хүчингүй болгох замаар алдааг залруулж, цаашид магадлалыг гардан авах, хяналтын шатны шүүхэд гомдол гаргах зэрэг хохирогчийн эрхийг хохирогч Б.Н-д эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр зүйлийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2018/ШЦТ/166 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Э-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Ш.Э-г хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон мөрдөгч  Б.Гэрэлчулууны 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 9.5 дугаар зүйлийг тус тус баримтлан хүчингүй болгож, цаашид магадлал гардан авах, хяналтын шатны шүүхэд гомдол гаргах зэрэг хохирогчийн эдлэх эрх, үүргийг хохирогч Б.Н эдлэх эрхтэй болохыг дурдсугай.

        3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                       ДАРГАЛАГЧ                          Ж.ДОЛГОРМАА

                                       ШҮҮГЧИД                               З.ЭНХЦЭЦЭГ

                                                                                       Л.НАРАНБАЯР