Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2017/0450

 

Х.Пернегүл, М.Туул нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Х.Пернегүлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базар, нэхэмжлэгч М.Туулын өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ренчиндорж нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 372 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Х.Пернегүл, М.Туул нарын нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 372 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн 4.2.5, 4.2.6, 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийн 27.2.1, 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсгийн 36.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/280, Б/284 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, Х.Пернегүлийг Баян-Өлгий аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд, М.Туулыг Сүхбаатар аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд тус тус эгүүлэн тогтоож,

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Х.Пернегүлийн ажилгүй байсан хугацааны цалин 5,203,447.0 /таван сая хоёр зуун гурван мянга дөрвөн зуун дөчин долоо/ төгрөгийг, М.Туулын ажилгүй байсан хугацааны цалин 5,799,119.0/таван сая долоон зуун ерэн есөн мянга нэг зуун арван ес/ төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ренчиндорж давж заалдах гомдолдоо: “...Нэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтойгоор зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

М.Туул, Х.Пернегүл нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн шүүх хуралдаан 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 10 цагаас зарлагдсан. Мөн тус өдрийн 09 цагаас Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Р.Гүлстаны нэхэмжлэлтэй иргэний шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би оролцохоор байсан билээ. Эдгээр шүүх хуралдаанууд давхцаж байсны зэрэгцээ тус өдөр Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэгт оролцох зайлшгүй шаардлагатай байсан болно.

Д.Ренчиндорж миний бие Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн мэргэжилтний хувьд тус яамнаас боловсруулж буй Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүнээр сүүлийн хэдэн жил ажиллаж байгаа юм. 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр болсон хэлэлцүүлгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Улсын Их Хурлын байнгын хорооноос зохион байгуулсан, нийгмийн зөвшлийн байгууллагууд, төр, хувийн хэвшлийн төлөөлөл оролцсон уг хуулийн төслийн хувьд хамгийн өргөн хүрээг хамарсан хэлэлцүүлэг болсон. Уг хэлэлцүүлэгт би оролцож, хэлэлцүүлэгт оролцогчдын саналыг хуулийн төсөлд тусгах, асуултад тодруулга, мэдээлэл өгөх, удирдлагад яамны хуульчийн хувьд техникийн зөвлөгөө, мэдээллээр хангах, хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмжийг судалж, санал боловсруулах чиг үүрэгтэй оролцсон. Энэ чиг үүрэг маань төрийн жинхэнэ албан хаагч миний ажлын байрны тодорхойлолтын үндсэн чиг үүрэгт хамаарч байдаг.

Би хэлэлцүүлэгт биечлэн оролцох ёстой байгаа тухай холбогдох нотлох баримтын хамт хүсэлтийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх болон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд бичгээр гаргаж өгсөн. Уг хүсэлтийг Чингэлтэй дүүргийн шүүх хүсэлтийг хүлээн авч, хуралдааныг хойшлуулж шүүх хуралд биечлэн оролцох боломжийг хангасан. Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх уг хүсэлтийг хангалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчмыг баримтлах хуулийн заалтыг ноцтой зөрчлөө.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд хэргийн оролцогч “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хэрхэн шийдвэрлэхийг зохицуулсан байна. Гэтэл би хүндэтгэн үзэх шалтгаанаа тодорхой нотлох баримтыг хамт урьдчилан хүргүүлсэн. Намайг оролцуулаагүйгээс болж зөвхөн нэг талын тайлбар нотлох баримтад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

            Хоёр. Гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг шийдвэрлээгүй.

            Тус хэрэгт Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалыг гүйцэтгэж байгаа Т.Нансалмаа гуравдагч этгээдээр оролцох хүсэлттэй байсан. Гэтэл нэхэмжлэгч Х.Пернегүлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базар шүүхэд гуравдагч этгээд оролцуулах агуулга бүхий хүсэлт гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзах захирамж гаргасныг хэргийн оролцогч миний бие хожим шүүх хуралдаан дээр мэдсэн. Үүнийг Т.Нансалмаад мэдэгдэж, гуравдагч этгээдээр оролцох хүсэлт, холбогдох гомдлоо гаргаж шийдвэрлүүлээрэй гэсний дагуу Т.Нансалмаа хүсэлт гомдлоо шүүхэд гаргасан байдаг.

Гэтэл анхан шатны шүүх Т.Нансалмаагийн шүүхэд гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг бичгээр гаргуулж аваагүй, хэрнээ гуравдагч этгээдээр оролцуулахаас татгалзсан захирамжийг түүнд танилцуулж, уг захирамжид гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлжээ.

Зүй нь шүүх Т.Нансалмаагийн хүсэлтийг бичгээр хүлээн авч, шийдвэрлэсний дараа давах гомдлыг авах ёстой байтал шууд давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн нь процессын хуулийг зөрчсөн ноцтой зөрчил болно.

Үүний дараа Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс гаргасан гомдлыг буцаах тухай захирамжийг гомдол гаргагч Т.Нансалмаад танилцуулаагүй мэдэгдэлгүйгээр анхан шатны шүүх хуралдааныг явууллаа.

Гэтэл уг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг хангахгүй орхисон захирамж нь угаас илт хууль бус захирамж байна. Учир шүүх хуралдааны тэмдэглэлүүдээс үзвэл А.Базар гуравдагч этгээдээр Т.Нансалмааг татан оролцуулъя гэдэг хүсэлтийг гаргаагүй байхад уг асуудлаар шүүх захирамж гаргажээ. Ийнхүү талууд хүсэлт гаргаагүй байхад шийдвэрлэсэн шүүгчийн илт хууль бус захирамжаас болж тус хэрэгт гуравдагч этгээдээр оролцох ёстой байсан Т.Нансалмаа оролцох боломжгүй болсон.

Т.Нансалмаа нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх гуравдагч этгээдээр оролцуулах боломжгүй, захирамж гарсан байна гэсний дагуу уг захирамжид гомдол гаргаж, өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилоод байсан юм. Гэтэл анхан шатны шүүхийн хууль бус ажиллагаанаас болж, гомдол гаргах боломжтой захирамжид эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн тал гомдол гаргах боломжгүй боллоо.

Гурав. Ажлаас чөлөөлсөн шийдвэр үндэслэлтэй байсан.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 09 дүгээр тогтоолоор Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийг /хуучин нэрээр/ өөрчлөн зохион байгуулсантай холбогдуулан М.Туул, Х.Пернегүл нарыг аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын албан тушаалаас чөлөөлсөн. Харин шинэ байгууллагын даргаас томилохоос хууль зүйн үндэслэлтэйгээр татгалзсан. Өөрөөр хэлбэл, аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс гэдэг байгууллага байхгүй болсон тул тус байхгүй болсон байгууллагын даргын албанаас нэхэмжлэгч нарыг чөлөөлж, шинээр байгуулагдсан газрын даргаар томилоогүй. Учир нь уг шинээр байгуулагдсан газрын даргыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох хууль зүйн зохицуулалттай.

Нэхэмжлэгч нарт ажлаас чөлөөлөх шийдвэр гаргах талаар сонсох ажиллагааны мэдэгдлийг 11 дүгээр сарын 03-ны өдрийн албан бичгээр хүргүүлсэн. Нэхэмжлэгч мэдэгдлийг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 15:32 цагт хүлээн авсан тухайгаа тус яамны 262621 дугаарын утсаар мэдэгдсэн боловч хуульд заасан хугацаанд тайлбараа ирүүлээгүй. Ажлаас чөлөөлөх асуудлаар нэхэмжлэгчид мэдэгдэл хүргүүлснээс хойш нэхэмжлэгч чөлөө авах, ээлжийн амралтаа эдлэх талаар өргөдөл хүсэлт ирүүлээгүй учир хариуцагчаас нэхэмжлэгчид ээлжийн амралт эдлүүлэх шийдвэр гаргаагүй. Гэтэл үүнийг шүүх гаргасан шийдвэрээ танилцуулсан байна гэжээ. Тэгвэл уг хугацаанаас хойш 30 хоногийн дотор нэхэмжлэгч нар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргах ёстой байтал энэ хугацааг хэтрүүлсэн байна.

Гэтэл нэхэмжлэгч нарыг чөлөөлсөн шийдвэр нь 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гарсан байтал шүүх уг мэдэгдлийг сонсох ажиллагааны мэдэгдэл биш гэж үзсэн нь үндэслэлгүй болно.

Дөрөв. Шүүх уг маргаанаас татгалзан гарах үндэслэлтэй байсан.

Учир нь уг хэрэг хянан шийдвэрлэгдэж байх явцад А.Базар нь шүүгчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж Шүүхийн ёс зүйн хороонд гомдол гаргасан гэх бөгөөд уг асуудалтайгаар холбоотойгоор Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал үүсэх боломжтой. Ес зүйн гомдолтой холбоотой асуудлаар сахилгын хэрэг үүсгэхээс өмнө уг асуудалд холбогдсон шүүгчээс тайлбар авах, сахилгын хэрэг үүсгэх эсэх асуудлыг талуудыг байлцуулан шийдвэрлэдэг журамтай тул ёс зүйн хороон дээр шүүхийн маргааныг урьдчилан хэлэлцэх нөхцөл байдлыг үүсгэдэг.

Миний бие шүүх хуралдаанд оролцсон тохиолдолд уг асуудлыг бүрэн тодруулах, хөндөх боломжтой байсан” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Маргаан бүхий Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/280, Б/284 дүгээр тушаалуудаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг үндэслэн “аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийг өөрчлөн зохион байгуулсан” гэсэн үндэслэлээр Баян-Өлгий аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Х.Пернегүл, Сүхбаатар аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга М.Туул нарыг мөн өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэгдэл баталгаагаар хангагдана”, 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд ...3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 09 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэгч агентлаг “Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар”-ыг ажиллуулахаар тогтоосон боловч урьд ажиллаж байсан аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийг Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасны дагуу нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх ямар нэг хэлбэрээр өөрчлөн байгуулаагүй байх тул үүнийг төрийн байгууллага  өөрчлөн зохион байгуулагдсан гэж үзэхгүй.

Гэтэл хариуцагч нь “аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийг өөрчлөн зохион байгуулсан” гэсэн үндэслэлээр Баян-Өлгий, Сүхбаатар аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс /хуучин нэрээр/-ийн дарга Х.Пернегүл, М.Туул нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн нь буруу байна.

Харин Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажиллуулахаар тогтоосон аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даргын орон тоо 1 байхаар батлагдсанаас гадна нэхэмжлэгч нарын ажиллаж байсан аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн болох нь хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтуудаас тодорхой харагдаж байна.

Энэ тохиолдолд хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “...төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах...” гэж заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангаж, нэхэмжлэгч нарыг аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах ёстой байхад нэхэмжлэгч нарыг албан үүргээс нь чөлөөлж, тэдний хөдөлмөрлөх, төрийн жинхэнэ албан хаагчийн эдлэх нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхийг зөрчжээ.

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “...тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авах”-аар зохицуулсан, энэ тохиолдолд нэхэмжлэгч нарын албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байх тул “шинээр байгуулагдсан газрын даргыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох зохицуулалттай” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд “тус хэрэгт гуравдагч этгээдээр Т.Нансалмаа оролцох ёстой байсан боловч анхан шатны шүүхийн хууль бус ажиллагааны улмаас оролцож чадаагүй” гэснийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Т.Нансалмаа нь тус хэрэгт гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлт гаргаагүй байхаас гадна давж заалдах шатны шүүхээс түүний гомдлыг хэлэлцэх шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч уг хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

Мөн “Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хүлээж аваагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмыг баримтлах хуулийн заалтыг зөрчсөн” гэх гомдлын тухайд анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 10 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг хэргийн оролцогчдод хуульд заасан хугацаанд мэдэгдсэн төдийгүй нэхэмжлэгч талаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлтийг гаргасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтэд дурдсан нөхцөл байдал нь тус өдөр товлогдсон шүүх хуралдааныг 14 хоногийн хугацаагаар хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй талаар зохих шийдвэрийг гаргаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-д заасныг зөрчөөгүй байна.

Нөгөө талаар мэтгэлцэх зарчим нь хэргийн оролцогчдыг шүүх хуралдаанд заавал оролцуулах бус, харин хэргийн оролцогчдыг маргааны үйл баримтыг нотлох болон үгүйсгэх, шүүх хуралд оролцох, тайлбар өгөх, нотлох баримт гаргах тэгш эрхээр хангах тухай хуулийн ойлголт болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Дээрх байдлаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, маргааны үйл баримтад хамаарах Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 372 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                               О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                               Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН