Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 01513

 

Н К ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч М.Наранцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2019/01288 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Н К ББСБ ХХК-ийн хариуцагч Н” ХХК-д холбогдуулан гаргасан 69 045 803 төгрөг гаргуулах үндсэн, үндэслэлгүйгээр шилжүүлсэн 77 723 171 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н” ХХК-тай Н К ББСБ ХХК нь 2014 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 136 500 000 төгрөгийг 30 хоногийн 1.49 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авахаар тохирсон. Гэрээний 3.1.6-д хэрэв зээлдэгч нь энэхүү гэрээнд заасан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн хавсралт №2-д NC/БГ070 тоот барьцааны гэрээнд заасан эд хөрөнгийг ББСБ-д холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зээлийн төлбөрийг төлүүлэх эрхтэй болно гэж заасан байгаа. Гэвч Н” ХХК нь зээлийн гэрээнд заасан төлбөрийн хуваарийг дараа сараас эхлэн зөрчиж эхэлсэн. 2015 оны 01 дүгээр сараас эхлэн зээлийн төлбөр төлөгдөөгүй байж байгаад батламж гэрээнд зааснаар хүү төлөх үүрэг зээлдэгчид ирсэн. Хүү төлөх талаар амаар, бичгээр,цахим шуудангаар мэдэгдэж байсаар зээлийн гэрээний хугацаа дууссан. 2019 оны  3 дугаар сарын 15-ны байдлаар үндсэн зээл 55 478 301,32 төгрөг, хүү 10 869 760,23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 165 761,93 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасан улсын тэмдэгтийн хураамж буюу хохирол 527 980 төгрөг, нийт 69 045 803 төгрөгийг гаргуулна, барьцаа хөрөнгийн шаардлагаас татгалзаж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үндэслэлгүй гэж үзэж байна. 70 тоот гэрээ, түүний хавсралтын дагуу төлөгдсөн төлбөрийг эргүүлэн нэхэмжилж байна. 136 500 000 төгрөгийг манайх аваагүй гэх боловч авсан гэдгийг Н К ББСБ ХХК-ийн гүйлгээний баримт, тэрминалын баримтаар баталсан. Зээлийн гэрээний төлбөрт төлсөн төлбөрөө эргүүлэн авах боломжгүй. Төлбөрөө төлөх юм бол үлдэх машинаа авч болно. Хэргийн 212 дугаар талд 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Н” ХХК-ийн “Н К ББСБ”-д гаргасан хүсэлтэд зээл авсан болон зээлийн төлөлтийг удаашруулж, дахин зээл авахыг мэдэгдсэн. Мөн дахин 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн төлбөрөө төл гэхэд 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр төлөлт хийнэ, хугацааг сунгаж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн байгаагаас харахад өөрсдийнх нь удирдлага зээл авсныг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс анхнаасаа машин худалдан авах сонирхолтой байсан. Н К ББСБ ХХК-иас 58 500 000 төгрөгийн урьдчилгаа төлсөн. Үлдэгдэл төлбөрөө банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан төлнө гэж тохирсон. Тухайн үед манайх машин авч, мөнгөө дамжуулж төлнө гэж ойлгосон. Зээлийн гэрээний үүрэг гэх нэхэмжлэл ойлгомжгүй байна. Хуулийн дагуу Н ХХК болон Н К ББСБ ХХК-ийн хооронд зээлийн гэрээ байгуулсан бол зээлийг манай дансанд шилжүүлж, бид тооцоо нийлсэн бол маргах зүйл байхгүй байх байсан. Гэтэл дүрэм журмынхаа дагуу явагдаагүй. 3 автомашиныг Н К ББСБ ХХК руу шилжүүлсэн. Нэхэмжлэгч тал манайд данс нээж өгсөн гэж ярьдаг боловч тэр нь зөвхөн байгууллагын дотоод авлага үүсч байгаа хэлбэр. “Номин трейдинг” ХХК-ийн хуулгыг харахад Н К ББСБ ХХК, “Номин трейдинг” ХХК рүү шилжүүлсэн байдаг. Тиймээс зээлийн гэрээ биш болж байна. Данс гэдэг нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээд тогтоосон журмын дагуу банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдэд данс нээлгэж, төлбөр тооцооны үүрэг гүйцэтгүүлэх эрхтэй. Хуулийн этгээд данс нээлгэхийн тулд дор дурдсан баримт бичиг бүртгүүлнэ гэжээ. Үнэхээр тус дансанд 136 сая төгрөг шилжиж, түүнээс хуулгаар Н” ХХК гэж гарч ирсэн бол маргахгүй. Их хэмжээний хүү бодож байгаа. Бидний тооцоолсон хүү 50 500 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6 000 000 төгрөг байгаа. Зээл өгч, үүнийг нь бид ашигласан бол бид төлөх ёстой. Үнэхээр шилжүүлсэн гэж үзэж байгаа бол 111 сая төгрөг байгаа. Гэтэл танайх 25 сая төгрөг төлөх ёстой гэж хэлдэг. Гэтэл үндсэн хүү 60 сая төгрөг болж байгаа. Бид машин худалдаж авахаар 70 гаруй сая төгрөг шилжүүлчихсэн. 3 автомашины үнэ гэж 136 сая төгрөг өгсөн. Гэтэл 3 машин ч байхгүй, дахин нэмж мөнгө нэхэмжилж байгаа нь шударга бус байна. 3 машинаа авсан учир бидэнд ямар ч өр байхгүй гэж үзэж байна. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан хэдий ч хэлбэр төдий гэрээ байгаа. Манайд албан ёсоор зээл олгоогүй учир бид үндэслэлгүйгээр 77 223 717 төгрөг шилжүүлсэн. Иймд үндэслэлгүйгээр шилжүүлсэн 77.223.717 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н” ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 14 169 021 төгрөг, нотариатын зардалд 4 000 төгрөг, нийт 14 173 021 төгрөгийг гаргуулж Н К ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 54 872 782 төгрөгийг, нэхэмжлэгч Н К ББСБ ХХК-иас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 77 723 171 төгрөгийг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 775 344 төгрөг, болон хариуцагчийн төлсөн 546 567 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 228 815 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Н К ББСБХХК нь Н” ХХК-тай тохиролцсон NС/БГ070 дугаартай барьцааны гэрээний 2 дугаар зүйлийн 2.6 дах заалтыг баримтлан Шеверлот Тахое, Шеверлот Каптива автомашинуудыг хураан авч бусдад худалдан борлуулах тухайгаа удаа дараа хариуцагчид мэдэгдсээр байхад ямар ч идэвхитэй үйлдэл хийгээгүй. Удаан хугацааны дараа зээлийн хороо хуралдаж хариуцагчийн байдлыг дордуулахгүйн тулд Шеверлот маркийн 2-3 жил гаруй хугацаанд явсан автомашины зах зээлийн ханшийг судалж Шеверлот Каптива /1ш/ 25 000 000 төгрөгөөр, Шеверлот Тахое /1ш / автомашиныг 30 000 000 төгрөгөөр бусдад худалдсан. Харин үлдэгдэл Шеверлот Каптива /1ш/ автомашин өнөөдрийн хүртэл 25 000 000 төгрөгөөр зарагдаагүй байна. Энэхүү барьцааны гэрээний 2.6-д автомшинуудыг манай компанийн өмчлөлд шилжүүлж болохоор талууд тохиролцож гарын үсэг зурсан байх тул дээрх автомашинуудыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч барьцаалсан байдаг ба шүүхээс Шеверлоте Тахое автомашиныг 54 600 000 төгрөг, 8478 УНИ улсын дугаартай Шеверлоте Каптива автомашиныг 40 950 000 төгрөгөөр тус бүр үнэлсэн үнэлгээг үндэслэн манай компанийн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн буюу 14 173 021 төгрөгөөр хангасан буруу. Шүүх талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээг фидуцийн гэрээний шинжийг агуулж байна гэж дүгнэсэн ба Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэхь хэсэгт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр “фидуци” гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд %гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан мөн барьцааны гэрээний 2 дугаар зүйлийн 2.6 дахь заасан хэсэгт автомашинуудыг манай компанийн өмчлөлд шилжүүлж болохоор тохиролцсон ба гэрээний 2.6-д заасан заалтыг үндэслэн автомашиныг хурдан борлогдох үнээр бусдад худалдсан байхад Шеверлоте Тахое автомашиныг 54 600 000 төгрөгөөр, 8478 УНИ улсын дугаартай Шеверлоте Каптива автомашиныг 40 950 000 төгрөгөөр тус бүр үнэлсэн үнэлгээг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн манай компанийн эрх ашгийг хохироож байна. Иймд барьцааны гэрээний 2 дугаар зүйлийн 2.6-д заасны дагуу манай компани автомашинуудыг гэрээгээр тохиролцсон хурдан борлогдох үнээр худалдсан тул худалдсан үнийг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагын хангагдаагүй хэсэг буюу 54 872 782 төгрөгийг хангахаар шийдвэрлэж өгнө үү.  Мөн “Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “талуудын харилцан тохиролцсон үнэлгээ” буюу “барьцааны гэрээ”-нд тусгагдсан үнийн дүнгээр автомашиныг худалдан борлуулах үнийг тодорхойлж, 4781 УБП улсын дугаартай Шеверлот Тахое автомашиныг 54 600 000 төгрөгөөр, 8478 УНИ улсын дугаартай Шеверлот Каптива автомашиныг 40 950 000 төгрөгөөр тооцож, зээл, түүний хүүгээс хасч тооцох нь шударга ёсонд нийцнэ гэжээ”. Өөрөөр хэлбэл, 4781 УБП улсын дугаартай Шеверлоте Тахое автомашиныг 54 600 000 төгрөг, 8478 УНИ улсын дугаартай Шеверлоте Каптива автомашиныг 40 950 000 төгрөгийн үнэлгээг үндэслэн манай компанийн нэхэмжлэлийн шаардлагын 54 872 782 төгрөгийг хэрэгсэхгүй болгож хэсэгчлэн буюу 14 173 021 төгрөгөөр хангасан. Гэтэл хариуцагч “Ноббложистикс” ХХК нь дээрх автомашинуудыг 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр тус бүр актаар хүлээн авсан ба зээлийн гэрээний үүргээ удаа зөрчсөн тул манай зүгээс автомашинуудыг хураан авах тухай албан бичиг явуулсны үндсэн дээр 4781 УБП улсын дугаартай Шеверлоте Тахое автомашиныг 2016 оны 9 дүгээр сарын 21-ны өдөр хураан авсан харин хариуцагч уг автомашиныг 2 жил 3 сар 4 хоногийн хугацаанд өөрийн эзэмшил, ашиглалтад байлгаж бусдад түрээслэх замаар орлого олж байсан, мөн Шеверлоте Каптива автомашиныг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хураан авсан бөгөөд уг автомашиныг 3 жил 4 сар 8 хоногийн хугацаанд хариуцагч бусдад түрээсэлж орлого олж байсан. Уг автомашинуудыг хураан авах үед эвдрэл гэмтэл ихтэй байсан ба шүүх 01288 дугаартай шийдвэрийг гаргахдаа хариуцагчийн эзэмшил, ашиглалтад байх явцад үүссэн автомашины элэгдэл хорогдлыг тооцож манай компанид олгоогүй шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцэхгүй байна. Учир нь дээрх үнэлгээний дагуу хариуцагч автомашинуудыг хүлээн авсан өдрөөс хойш удаан хугацаагаар ашигласан байхад шүүх Шеверлот Тахое, Шеверлот Каптива автомашинуудыг анх хариуцагчид хүлээлгэж өгсөн үеийнхтэй үнэлгээг тооцож манай компанийн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн буюу 14 173 021 төгрөгөөр хангахдаа автомашины элэгдэл хорогдлыг тооцож нэмж олгоогүйд гомдолтой байна. Хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн бол манай зүгээс автомашинуудыг бусдад худалдах шаардлага гарахгүй байсан, мөн автомашинуудыг хураан авсны дараа шууд бусдад худалдаагүй удаан хугацаагаар хүлээсэн, худалдах тухайгаа албан бичгээр мэдэгдсэн. Гэтэл хариуцагчийн зүгээс ямар ч идэвхитэй үйлдэл хийгээгүй. Банк бус санхүүгийн байгууллага нь ашгийн төлөө байгууллага хариуцагчид 136 500 000 төгрөгийг зээлсэн боловч одоогоор үндсэн төлбөрөө гүйцэт аваагүй байна.

Элэгдэл тооцох шугаман арга

Машины марк, улсын дугаар

Зээл олгосон огноо

 

Талуудын тохиролцсон автомашины үнэлгээ

Нийт үнийн дүнд зээлийн эзлэх хувь

Элэгдэл тооцох огноо

Элэгдлийн дүн

 

Автомашин хураан авсан огноо

Элэгдүүлэх өдөр

 

Олгосон

Төлөгдөх

 

Chevrolet TAHOE-4781 УБП

 

 

 

2014.06.19

 

 

 

2016.06.16

54 600 000

100 хувь

2016.9.21

818

12 226 334,52

 

Chevrolet CAPTIVA-8478 УНИ

40 950 000

100 хувь

2017.10.25

1217

13 642 526.69

 

Chevrolet CAPTIVA-2879 УНВ

40 950 000

100 хувь

2018.7.25

1490

16 702 846.98

 

Нийт дүн

136 500 000

 

 

3,525

42 571  708,19

 

Автомашинуудын элэгдлийн хугацааг 10 жил буюу зээл олгосон өдрөөс буюу 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл нийт 3 653 хоног элэгдэх ёстой гэж тооцов. Иймд нэхэмжлэлийн хангагдсан дүн дээр нэмж элэгдэл хорогдлын мөнгөн дүн буюу 42 571 708.19 төгрөгийг тооцож олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг үндэслэн "Н” ХХК болон Н К ББСБ ХХК /цаашид “Н К ХХК” гэх/ нарын хооронд 136 500 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарласан. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ зээлийн болон барьцааны гэрээ нь хуульд нийцээгүй гэдгийг дурдсан атлаа талуудын хооронд зээлийн гэрээ байгуулсан гэж дүгнэн, нотлох баримтаар “Алманди Капитал” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг үндэслэсэн байна. Өмнө Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 01100 тоот шийдвэр /хүчингүй болсон/-ээр мөн уг “Алманди Капитал” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг үндэслэн зээлийн гэрээ байгуулсан гэж дүгнэсэн нь Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны тогтоолоор хүчингүй болсон. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ нь тус хэсэгт зааснаар “мөнгөн хөрөнгийг” шилжүүлснээр, Банк, Эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээд /цаашид "зээлдэгч" гэх/-д олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох /цаашид "зээл" гэх/ гэнэ” гэж заасан байна. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт “зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэж заасан. Гэтэл Н К ББСБ нь манай компанид 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн NC/ЗГ070 тоот гэрээний дагуу 136 500 000 төгрөгийг манай компанийн дансанд хийгээгүй буюу зээл олгоогүй. Номин Трейдинг ХХК-ий дансанд 111 229 414 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Үлдсэн 25 270 586 төгрөгийг мөн Номин Трейдинг ХХК-ий дансанд шилжүүлсэн гэж тайлбарладаг боловч шилжүүлсэн баримт байдаггүй атал шүүх “Н” ХХК-ийг 136 500 000 төгрөгийг зээлсэн гэж дүгнэсэн. Н" ХХК нь 3 автомашины нийт 195 000 000 төгрөг худалдан авч, урьдчилгаа төлбөрт 58 500 000 төгрөгийг "Номин Трейдинг” ХХК-д шилжүүлсэн, Н” ХХК-ийн хувьд автомашиныг Н К ББСБ ХХК-иас зээлийн дагуу хүлээн аваагүй. “Номин Трейдинг” ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр хүлээн авсан. Энэ нь Иргэний хуулийн 312 дугаар зүйлд заасан санхүүгийн түрээсийн гэрээний шинжийг агуулж байна. Гэтэл нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргээс 69 045 803 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Зээл олгоогүй учир зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд 50 173 717 төгрөгийг тооцон, төлөх үндэслэлгүй. Шүүх “Алманди Капитал” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг нотлох баримтаар үнэлэн Номин Карт ББСБ-иас зээл авсан гэж үзсэн байна. Хэдийгээр Н” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн зүгээс зээл авахыг зөвшөөрсөн тогтоол үйлдэж байсан ч уг зээл нь зөвхөн зээлдэгчийн дансанд шилжүүлснээр зээлийг олгосонд тооцно. Үүнийг Улсын Дээд шүүхийн хуралдааны тогтоолоор тодорхой заасан байна. Фидуцийн гэрээг дүгнээгүй, 3 дахь автомашиныг тооцоонд оруулаагүй. Шүүх талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг нь фидуцийн гэрээний шинжийг агуулж байгаа гэж зөв тодорхойлсон боловч дүгнээгүй. Уг гэрээгээр “Н К” ББСБ нь Шевролет Тахое 4781 УБП автомашиныг 54 600 000 төгрөгөөр, Шевролет катива 8481 УНИ автомашиныг 40 950 000 төгрөгөөр, Шевролет катива 2879 УНВ автомашиныг 40 950 000 төгрөгөөр тус тус үнэлсэн бөгөөд 54 600 000 төгрөг үнэлсэн Шевролет Тахое маркийн 4781 УБП дугаартай автомашиныг 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр, 40 950 000 төгрөгөөр үнэлсэн Шевролет катива маркийн 8481 УНИ улсын дугаартай автомашиныг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр, 40 950 000 төгрөгөөр үнэлсэн Шевролет катива маркийн 2879 УНВ дугаартай автомашиныг 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр тус тус хураан авч явсан. Фидуцийн гэрээний зүйлийг хураан авснаар үүргийн гүйцэтгэл хангагддаг. Гэвч шүүх гурав дахь автомашин /Шевролет катива маркийн 2879 УНВ дугаартай/-ыг тооцооноос хасч тооцоогүй. Шүүх фидуцийн гэрээг дүгнээгүй, гурав дахь Шевролет катива маркийн 2879 УНВ дугаартай автомашиныг Н К ББСБ ХХК нь хураан авсан атал тооцонд оруулан тооцоогүй. Н” ХХК илүү төлөлттэй. Н К ББСБ ХХК нь 136 500 000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг хураан авч явсан байна. Зээлийн гэрээ нь хуулийн шаардлага хангаагүй, зээл олгоогүй байна. Н” ХХК нь Н К ББСБ ХХК-д 77 723 717 төгрөгийг үндэслэлгүйгээр шилжүүлсэн болно. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Н К ББСБ ХХК нь Н” ХХК-д холбогдуулан үндсэн зээл 55 478 301 төгрөг, хүү 10 869 760,23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 165 761 төгрөг, нэхэмжлэлийг буцаасны улмаас улсын төсөвт үлдсэн улсын тэмдэгтийн хураамж 527 980 төгрөг, нотариатын зардал 4 000 төгрөг, нийт 69 045 803 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч зөвшөөрөхгүй гэж марган, үндэслэлээ 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр NC/ЗГ070 тоот зээлийн гэрээний дагуу манай компанид зээлийн хөрөнгийг шилжүүлээгүй, худалдан авсан автомашинуудын хоёрыг нь нэхэмжлэгч худалдаж, нэг автомашиныг өөрийн өмчлөлдөө авсан тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлажээ.

   Зохигчдын хооронд байгуулагдсан 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн NC/ЗГ070 тоот зээлийн гэрээгээр Н К ББСБ ХХК автомашин худалдан авах зориулалтаар 136 500 000 төгрөгийг 30 хоногийн 1.49 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэх, хариуцагч Н” ХХК нь тохирсон хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг эргэн төлж, хугацаандаа төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг харилцан хүлээжээ.

Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу мөнгө шилжээгүй гэж маргасан ч Н” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч “Алмандин капитал” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэрт “худалдан авах автомашины урьдчилгаа төлбөр 30 хувь болох 58 500 000 төгрөгийг бэлэн төлж үлдэгдэл 70 хувь болох 136 500 000 төгрөгийг “Номин карт ББСБ”-аас 24 сарын хугацаатай зээлээр санхүүжүүлэхийг зөвшөөрсөн”, Н К ББСБ ХХК нь зээлийн гэрээний дагуу 2 ширхэг Шевролет Каптива, 1 ширхэг Шевроле Тахое маркийн автомашины үлдэгдэл төлбөр 136 500 000 төгрөгийг санхүүжүүлсэн, үүний үр дүнд “Н” ХХК нь өөрийн эзэмшил, ашиглалтад автомашинуудыг шилжүүлэн авсан, эдгээр автомашинуудыг бусдад түрээслэн орлого олж байсан, мөн Н” ХХК-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд гэж зээлийн гэрээний хуваарьт заасан төлбөрийг төлж байсан үйл баримт тогтоогджээ.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн. Шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

3 автомашины үнэ зээлийн хөрөнгөөр бүрэн төлөгдсөнөөр “Н” ХХК нь эд хөрөнгийг эзэмшилдээ авч ашигласан байх тул үнийг буюу зээлийн гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй. Зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөн, төлбөрийн үлдэгдэлтэй болох нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар төлбөрийг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Н К ББСБ ХХК нь “Н” ХХК-ийн эзэмшил, ашиглалтад байгаа автомашинуудыг хураан авч, түргэн борлогдох үнээр буюу 4781 УБП улсын дугаартай Шевроле Тахое, 8478 УНИ улсын дугаартай Шевроле Каптива автомашинуудыг нийт 54 393 220 төгрөгөөр худалдан борлуулж, зээлийн гэрээний үүргийг уг дүнгээр хасч тооцож нэхэмжилсэн нь үндэслэл муутай байх тул талууд харилцан тохиролцож барьцааны гэрээнд тусгасан үнэ болох 4781 УБП улсын дугаартай Шевроле Тахое автомашиныг 54 600 000 төгрөг, 8478 УНИ улсын дугаартай Шевроле Каптива автомашиныг 40 950 000төгрөөр тооцож, зээл, түүний хүүгээс хасаж тооцох нь зүйтэй.

Түүнчлэн 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 2 дугаар сарыг хүртэл хариуцагч 7 сарын хугацаанд сар бүр зээлийн гэрээний хуваарийн дагуу 5 687 500 төгрөгийг төлсөн байх тул уг мөнгийг зээлийн үндсэн төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй, хариуцагчаас нотариатын зардал 4 000 төгрөг, зээлийн гэрээний хугацаанд үүссэн үүрэгт 14 169 021 төгрөгийг гаргуулсан нь үндэслэлтэй болжээ.

Дээрх үндэслэлээр нийт 14 169 021 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 54 872 782 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээв.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч Н” ХХК нь нэхэмжлэгч Н К ББСБ ХХК-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 77 723 171 төгрөг гаргуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаардсаныг эс зөвшөөрсөн, нэхэмжлэгчийн татгалзал үндэслэлтэй. Учир нь зээлдэгч хүчин төгөлдөр зээлийн гэрээний дагуу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй, үүргээ биелүүлснийг үндэслэлгүйгээр төлсөн гэж үзэхгүй.

Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлөгдсөн 76 673 717 төгрөгийг буцаан шаардсан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлий 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2019/01288 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 432 500 төгрөг, хариуцагчаас төлсөн 228 816 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                А.МӨНХЗУЛ

                                      ШҮҮГЧИД                                М.НАРАНЦЭЦЭГ

                                                              А.ОТГОНЦЭЦЭГ