Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2023/03173

 

 

 

 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *** байранд байрлах, *** /РД: ***/

 

Хариуцагч: *** үйлдвэрийн байранд байрлах, *** ХХК РД: ***/

 

Хариуцагч: *** хаягт бүртгэлтэй боловч *** байранд байрлах, *** /рд:***/

 

Гуравдагч этгээд: ***, өөрийн байранд байрлах, *** ОНӨААТҮГ /РД: ***/,

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: 939,444,000 төгрөг гаргуулах тухай

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: *** загварын их багтаамжийн цахилгаан автобус нийлүүлэх, туршилт хийх гэрээний баталгааны 5 хувь болох 46,792,200 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц***, Д.О***,

хариуцагч *** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А***,

хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б***

хариуцагч ***-ын төлөөлөгч Д.Ж***

хариуцагч ***-ын өмгөөлөгч Х.Б***

гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц***

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анударь нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Монгол улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу *** нь *** ТББ-тай 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 130 дугаартай *** загварын их багтаамжийн цахилгаан автобус нийлүүлэх, туршилт хийх гэрээ-г байгуулан, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ***ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан ажилын хэсэг *** загварын 2 ширхэг цахилгаан автобус хүлээн авч, 2019 оны 1 дүгээр сараас 5 дугаар сарыг хүртэл 3 удаагийн туршилтын ажлыг хийж гүйцэтгэн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газарт хүлээлгэн өгсөн. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газраас *** загварын 2 ширхэг цахилгаан автобусыг *** ОНӨААТҮГ-т 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өгсөн. Тус автобусыг хүлээн авч 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Нийтийн тээврийн үйлчилгээний газраас томилогдсон авто тээврийн улсын байцаагч болон *** ОНӨААТҮГ-ын инженер, техникийн ажилтнууд үзлэг, шалгалтыг явуулж 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр *** ХХК руу 10 төрлийн хийцийн алдааг засаж сайжруулах албан бичгийг хүргүүлсэн. Албан бичгийн дагуу *** ХХК-иас 2 автобусанд шаардлагатай засвар үйлчилгээг хийж 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр *** ОНӨААТҮГ-т хүлээлгэн өгч тус үйлчилгээний газраас үзлэг шалгалт хийн цахилгаан автобусыг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж эхэлсэн. *** загварын их багтаамжийн цахилгаан автобус нийлүүлэх, туршилт хийх гэрээ-ний дагуу баталгаат хугацаа нь уг автобус үйлчилгээнд явж эхэлснээс хойш 18 сар байхаар заасан боловч баталгаат засварын хугацаа дуусаагүй байхад ашиглалтын явцад байнгын эвдрэл, гэмтэл гарч, эвдрэл гэмтэл гарсан тохиолдол бүрт нийлүүлэгч байгууллагад мэдэгдэн засаж, сайжруулалтыг хийлгэдэг гэх боловч дээрх эвдрэл гэмтлүүд үргэлжлэн гарсаар байгаа бөгөөд *** загварын 102 дугаартай автобус нь цахилгаан мотор эвдэрсэн гэх шалтгаанаар ашиглах боломжгүй болж зогссон, 103 дугаартай автобус нь нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглагдаж байгаа боловч байнгын эвдрэл, гэмтэл гарч засварлагддаг цагийн алдагдалтай явж байгаа ба нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглахад чанарын шаардлага хангахгүй байгаа талаарх тооцоо судалгааг эзэмшигч *** ОНӨААТҮГ-аас гаргасан. Иймд *** загварын их багтаамжийн цахилгаан автобусны баталгааны Баталгаат хугацаа-ны 1 болон 2-т заасны дагуу баталгаат хугацаанд үйлдвэрлэлээс шалтгаалсан эвдрэл гэмтлийг бүрэн хариуцах үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасны дагуу *** ТББ-ын гишүүн байгууллага *** ХХК-иас төрд учруулсан хохирол болох 939,444,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч *** ХХК нь хариу тайлбартаа: Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд байгаль орчинд ээлтэй, ашиглалтын зардал багатай цахилгаан автобусны угсралт үйлдвэрлэлийн үндэсний технологи бий болгох, угсралт үйлдвэрлэлийг зохион байгуулж, турших, баталгаажуулах, нэвтрүүлэх зорилгоор 2018 оны 5 дугаар сард Засгийн газрын 122 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор ***, ***өөс тавьсан саналын дагуу *** загварын их багтаамжийн цахилгаан автобус угсарч үйлдвэрлэх технологийн судалгаа хийж, уг туршилтын төслийн гүйцэтгэгч компаниар ажиллахаар тохиролцон ***тай *** загварын их багтаамжийн цахилгаан автобус нийлүүлэх, туршилт хийх гэрээг байгуулан ажилласан. Монгол улсад *** загварын троллебус, дуобус, монбус угсарч үйлдвэрлэж байсан мэдлэг, чадвар, туршлага дээрээ үндэслэн *** загварын цахилгаан автобусны угсралт үйлдвэрлэлийн үндэсний технологи бий болгох инновацийн энэхүү төслийг MNS 6728:2018 стандартын хүрээнд амжилттай зохион байгуулсан. Манай компанийн инженер техникийн ажилтнуудын нөр их хөдөлмөр, хүчин чармайлтын үр дүнд богино хугацаанд угсарч үйлдвэрлэсэн *** загварын том оврын 2 ширхэг автобус нь 2019 оны 2-р сард Зам тээврийн хөгжлийн яамны харьяа Авто тээврийн үндэсний төвийн техник ашиглалт, аюулгүй ажиллагааны хяналт, шалгалтаар орж, нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллуулж болно гэсэн дүгнэлт гарсан. ***ны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 317 тоот тушаалаар *** загварын их багтаамжийн автобуснууд дээр туршилт, баталгаажуулалт судалгааны ажил хийх, хүлээн авах техникийн комиссын бүрэлдэхүүнийг баталсан. Энэ ажлын хүрээнд ***ны Авто тээврийн бодлого зохицуулах газрын даргын 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн туршилт, баталгаажуулалт судалгаа хийх ажлын төлөвлөгөө батлагдсан. *** том оврын цахилгаан автобусны туршилт судалгаа хийх төлөвлөгөөний дагуу техникийн комисс өвөл, хаврын саруудад 3 удаа туршилт хийж техникийн комиссын актаар баталгаажуулсан. Зам тээврийн хөгжлийн яам болон нийслэлийн засаг захиргааны байгууллагуудаас 4 удаа туршин баталгаажуулж, техник ашиглалт, аюулгүй ажиллагааг хангасан *** загварын том оврын 2 ширхэг цахилгаан автобусыг *** загварын их багтаамжийн цахилгаан автобус нийлүүлэх, туршилт хийх гэрээний биелэлтийг дүгнэн баталгаажуулж *** ОНӨААТҮГ-д хүлээлгэн өгсөн. Манай компанийн зүгээс *** загварын 2 ширхэг цахилгаан автобусны туршилт, баталгаажуулалт хийх энэхүү төслийн хүрээнд 100,000 км буюу 2 жилийн засвар үйлчилгээний баталгаат хугацааг *** ОНӨААТҮГ-д өгсөн бөгөөд энэ хугацаанд үйлдвэрлэгчээс хамааралтай техникийн үйлчилгээ, засварыг хийж ирсэн. *** загварын цахилгаан автобус нь баталгаат засварын хугацаанд 102 дугаартай автобус 11,328 мянга, 103 дугаартай автобус 34,512 мянган км-ийн зам туулж нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж байгаа бөгөөд ашиглалтын болон ашиглалтын бус шалтгааны улмаас үүссэн эвдрэл гэмтлүүдийг тухай бүр нь засварлаж, хамтарсан техникийн комиссын актаар баталгаажуулж ирсэн.

2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан *** загварын их багтаамжийн цахилгаан автобус нийлүүлэх, туршилт хийх гэрээ хүчин төгөлдөр үйлчилж, баталгаат засварын ажлыг манай компани хариуцан ажиллаж байгаа ба гэрээний үүрэг ноцтой зөрчигдсөн гэж үзэхгүй байна. Зам тээврийн хөгжлийн яамтай байгуулсан *** загварын их багтаамжийн цахилгаан автобус нийлүүлэх, туршилт хийх гэрээ-ний хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж эхэлсэн *** загварын цахилгаан автобусны баталгаат засвар үргэлжилж буй энэ хугацаанд *** ОНӨААТҮГ-ын зүгээс үйлдвэрлэгчийн зөвшөөрөлгүй цахилгаан автобусны удирдлагын болон хүчний цахилгаан хэлхээнд нэвтрэх нэмэлт төхөөрөмж залгах ингэснээр *** загварын цахилгаан автобусны гүйдлийн нэгдсэн тохироо, баланс бүхий цахилгаан хэлхээний програмчлал дээр саатал үүсгэх, гадны нөлөөтэй цахилгаан богино холболт үүсгэх, удирдлагын программ хангамжийг гэмтээх зэрэг ноцтой зөрчлүүдийг гаргаж байсан. Иргэний хуулийн 255.1.3-т тухайн эд хөрөнгийн доголдол нь худалдан авагч түүнийг тээвэрлэх, хадгалах, ашиглах журам зөрчсөнөөс эсхүл гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас үүссэн заалт байгаа бөгөөд үйлдвэрлэгчээс өгсөн *** загварын цахилгаан автобусны техник ашиглалтын заавар-т болон *** ХХК-ийн баталгааны албан баримтын И заалт *** загварын их багтаамжийн цахилгаан автобусны цахилгаан системийг зөвшөөрөлгүй, дураараа оролдож, өөрчлөхийг хатуу хориглох болон цахилгаан утасны стандарт, маркийг өөрчилж тохирохгүй утас хэрэглэснээс үүдэн гарсан эвдрэл дотор хэрэглэгчийн үүрэг хариуцлагыг тодорхой зааж өгсөн. Зам тээврийн хөгжлийн яамны нэхэмжлэлд гэрээ цуцлах үндэслэл болгож буй Үйлдвэрлэлээс шалтгаалсан эвдрэл гэмтлийг бүрэн хариуцах үүргээ биелүүлээгүй тул заалт нь үндэслэлгүй гэдэг нь техникийн комиссийн акт, баримт бичгээр батлагдаж байна. *** загварын их багтаамжийн цахилгаан автобус нийлүүлэх, туршилт хийх гэрээ-ний ерөнхий нөхцлийн 22.1 зүйлд заасан давагдашгүй хүчин зүйл нөхцөл үүсээд байгаа хэдий ч *** загварын цахилгаан автобуснуудын өндөр хүчдэлийн цахилгаан хэлхээ, удирдлагын хэлхээний гэмтлээ оношлох *** маркийн CAN BLOCK программ хангамж шинэчлэх, өндөр болон удирдлагын хэлхээний CAN BLOCK солих, хэлхээний гэмтэлтэй эд ангиудыг солих нэгдсэн программ хангамжийг INSTALL хийх ажлуудыг зохион байгуулж байна. Засгийн газрын 2018 оны 122 дугаар тогтоолоор том оврын цахилгаан автобусны угсралт үйлдвэрлэлийн үндэсний технологи бий болгон, угсарч үйлдвэрлэх, туршилт баталгаажуулалт хийх үүргийг Зам тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн засаг дарга нарт өгсөн бөгөөд уг туршилтийн төслийг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж, гэрээний биелэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 25.1, 26.1 заалтын хүрэээнд хамтран ажиллах боломжтой байгаа. Иймд талуудын гэрээний үүргийн зөрчлийг тогтоох нь хангалтгүй гэж үзэж байгаа учир шүүхийн шатнаас өмнө ***ны техникийн комиссоор оруулж дүгнэлтүүдийг авч хэлэлцүүлэн, шүүхийн өмнө шатанд шийдвэрлэх боломжоор хангаж тус нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч ***-аас хариу тайлбартаа: УИХ-ын Инновацын бодлогын хорооны дарга УИХ-ын гишүүн *** болон ***ийн хамтарсан санаачилгыг тухайн үед Монгол Улсын Засгийн газрын Ерөнхий сайдаар ажиллаж байсан *** дэмжиж, Монгол Улсад цахилгаан машин, автобусны угсралт үйлдвэрлэлийн үндэсний технологи бий болгох, угсрах, турших ажлыг Зам тээврийн хөгжлийн яамны сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарт даалгасан Засгийн газрын 122 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Зам тээврийн хөгжлийн яам нь ***д хүсэлт тавьсны дагуу *** загварын их багтаамжийн цахилгаан автобус нийлүүлэх, туршилт хийх гэрээг 2018 оны 6-р сард байгуулж, гүйцэтгэгч компаниар тус зөвлөлийн гишүүн *** ХХК-ийг томилон, энэхүү шинэ технологи, инновацын төслийн ажлыг эхлүүлсэн. *** загварын их багтаамжийн цахилгаан автобус нийлүүлэх, туршилт хийх төслийн ажлыг *** ХХК нь гэрээний дагуу амжилттай гүйцэтгэж, Зам тээврийн хөгжлийн яам болон бусад холбогдох төр захиргааны байгууллагаас томилогдсон ажлын хэсэгтэй хамтран өвөл, хавар, зуны туршилт, судалгааны ажлыг 2018-2019 онуудад амжилттай зохион байгуулсан нь техник комиссын акт болон бусад баримтаар нотлогдож байна. Зам тээврийн яам, *** хооронд байгуулсан *** загварын их багтаамжийн цахилгаан автобус нийлүүлэх, туршилт хийх гэрээ нь 2018 оны 6-р сарын 19-нд байгуулагдаж 2018 оны 11-р сарын 20-нд хүлээлгэн өгч гэрээний үндсэн үүрэг биелэгдсэн ба 2018 оны 11-р сарын 20-ноос 18 сарын баталгаат засварын хугацаанд гүйцэтгэгч *** ХХК-иас баталгаат засварыг хийж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажилласан нь баримтаар нотлогдож байна. 2020 оны 5 сар хүртэл буюу баталгаат засварын хугацаа дууссанаар Зам тээврийн хөгжлийн яам, ***ийн хооронд байгуулсан энэхүү гэрээний үйлчлэх хуулийн хугацаа дууссан гэж үзэх бүрэн үндэслэлтэй бөгөөд Зам тээврийн хөгжлийн яам нь нэхэмжлэлийн шаардлага гаргах хуулийн субъект биш гэдэг нь нотлогдож байна. Иргэний хуулийн 225.4.3 Үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явцад бүхэлд нь буюу ихэнх хэсэгт нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай тохиолдолд гэрээнээс татгалзаж болохгүй. Иргэний хуулийн 255 дугаар зүйл 255.1.3 Тухайн эд хөрөнгийн доголдол нь худалдан авагч түүнийг тээвэрлэх, хадгалах, ашиглах журам зөрчсөнөөс эсхүл гэнэтийн давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас үүссэн үед худалдан авагч гэрээ цуцлах шаардлага гаргах эрхээ алдана. Иргэний хуулийн 204.5 Гэрээний аль нэг тал үүргээ гүйцэтгээгүй бол нөгөө тал нь гэрээнээс татгалзах эрхтэй байхаар гэрээ байгуулсан боловч үүрэг гүйцэтгэгч тал нь харилцан шаардлага бүхий үүргээ тооцож дуусгавар болгох эрхтэй байсан бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзсаны дараа үүрэг гүйцэтгэгч нь үүргийг тооцсон тухай нэн даруй мэдэгдсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчийн татгалзал хүчин төгөлдөр бус байна гэжээ.

 

4. Хариуцагч *** ХХК-иас нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: *** загварын их багтаамжийн цахилгаан автобус нийлүүлэх, туршилт хийх гэрээ-ний тусгай нөхцлийн 7 дугаар заалтын 13-т заасан Баталгаат засвар нь *** загварын их багтаамжийн цахилгаан автобусыг захиалагч хүлээн авсан өдрөөс эхлэх бөгөөд үндсэн баталгаат хугацаа нь 18 сар байна. Нийлүүлэгч нь энэ хугацаанд үйлдвэрлэлээс шалтгаалсан эвдрэл гэмтлийг бүрэн хариуцна. 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр *** загварын их багтаамжийн цахилгаан автобус нийлүүлэх, туршилт хийх гэрээ-г дүгнэж *** тоот актаар баталгаажуулсан. Тус гэрээ дүгнэх актын 4-р зүйлд Гэрээний тусгай нөхцлийн 2, 7, 8 дахь заалтын дагуу гэрээний үнийн 95 хувийн санхүүжилтийг /892,471,800 төгрөг/ олгож, баталгаат хугацааны 5 хувь болох 46,972,200 төгрөгийг баталгаат хугацааны туршид авч үлдэх. Баталгаат хугацаа 18 сар буюу нэг жил зургаан сар байна. Гэрээний баталгаат хугацаа нь 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 5 сарын 24 хүртэл үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд тус компани нь гэрээний үүргээ биелүүлж туршилт судалгаа, баталгаат засварын ажлыг бүрэн гүйцэтгэж байсан. Иймд баталгаат хугацааны 5% болох 46,972,200 төгрөгийг Зам тээврийн хөгжлийн яамнаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

5. Гуравдагч этгээд *** ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: *** ОНӨААТҮГ-т *** загварын 2 тээврийн хэрэгсэл 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн нийтийн тээврийн газраас хүлээлгэж өгсөн. 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тухайн тээврийн хэрэгслүүд эвдрэл гэмтэлтэй байсаар 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр *** ХХК-д тухайн хоёр тээврийн хэрэгслийг авч засах шаардлагатай талаар хүсэлт гаргасан байдаг. Тухайн хоёр автобусыг *** ХХК-тай *** ОНӨААТҮГ нь хүлээлцсэн. Үүнээс хойш *** ОНӨААТҮГ-аас тухайн тээврийн хэрэгслүүдийг тээврийн үйлчилгээнд явуулаагүй болно гэв.

 

6. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлохоор: нэхэмжлэл /1хх 1-2/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх 4/, Монгол улсын Ерөнхий сайдын захирамжийн хуулбар /1хх 5/, итгэмжлэл /1хх 6/, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаартай Тээврийн хэрэгсэл бүртгэн авах тухай захирамж, хавсралт /1хх 124-125/, Үндсэн хөрөнгийн орлогын баримт /1хх 126/, итгэмжлэл /1хх 219/ баримтуудыг гаргаж өгсөн.

 

7. Хариуцагч Монгол машинаас тайлбар татгалзал, сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлохоор: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх 12/, хариу тайлбар /1хх 16-19/, Монгол улсын Засгийн газрын тогтоол 122 дугаартай Нийслэлийн нийтийн тээвэрт байгаль орчинд ээлтэй, цахилгаан автобус нэвтрүүлэх туршилт хийх тухай /1хх 20/, *** загварын их багтаамжийн цахилгаан автобус нийлүүлэх, туршилт хийх гэрээ /1хх 21-33/, 2 ширхэг цахилгаан их багтаамжийн автобус угсарч үйлдвэрлэх гүйцэтгэлийн хуваарь /1хх 34-35/, *** загварын их багтаамжийн цахилгаан автобусны техникийн тодорхойлолтууд /1хх 36-38/, *** загварын их багтаамжийн цахилгаан автобусны баталгаа /1хх 39-42/, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Аж үйлдвэрийн өмчийн эрхийн газрын Бүтээгдэхүүний загварын мэдүүлэг хүлээн авсан тухай мэдэгдэл /1хх 43-45/, *** загварын их багтаамжийн цахилгаан автобус нийлүүлэх, туршилт хийх *** тоот гэрээний нэмэлт гэрээ /1хх 46/, Тоног төхөөрөмжийг хүлээн авсан комиссын акт /1хх 47-50/, *** загварын их багтаамжийн цахилгаан автобус нийлүүлэх, туршилт хийх ***, 171 дүгээр гэрээг дүгнэсэн акт /1хх 51-57/, *** загварын автобусыг турших тухай /1хх 58-67/, ***ны 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн *** тоот албан бичиг /1хх 68/, Тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн комиссын акт /1хх 69-78/, Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн *** тоот *** загварын их багтаамжийн цахилгаан автобусыг хүлээлгэн өгөх ажлын хэсэг байгуулах тухай /1хх 79-80/, Автотээврийн хэрэгслийн паспорт Дугаар *** /1хх 81-82/, Нийслэлийн *** ОНӨААТҮГ даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн *** дугаартай Цахилгаан автобус хүлээн авах ажлын хэсэг байгуулах тухай тушаал, хавсралт /1хх 83-84/, *** загварын их багтаамжийн цахилгаан автобусны баталгаа /1хх 85-86/, Техник комиссын акт ***6 тоот /1хх 87-88/, Техникийн комиссын акт *** тоот /1хх 89-90/, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /1хх 91, 98/, Видео зааварчилгааны дагуу батарей засварлах гэрээ /1хх 92-93, 99-100/, *** ХХК-ийн *** тоот албан бичиг /1хх 94-97/, *** ХХК-ийн 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн *** тоот Мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг, хавсралт /1хх 106/, Тээврийн хэрэгслийн баталгаат засвар үйлчилгээний бүртгэл /1хх 107-109/, Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ *** тоот /1хх 233/, сөрөг нэхэмжлэл /2хх 24-25/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /2хх 28/, *** загварын их багтаамжийн цахилгаан автобус нийлүүлэх, туршилт хийх гэрээ /2хх 37-40/, *** загварын их багтаамжийн цахилгаан автобус нийлүүлэх, туршилт хийх ***, 171 дүгээр гэрээг дүгнэсэн акт /2хх 41-42/, Тээврийн хэрэгслийн баталгаат засвар үйлчилгээний бүртгэл /2хх 43-46/ баримтуудыг гаргаж өгсөн.

 

8. Хариуцагч ***өөс Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх 239-240/, хариу тайлбар /1хх 246-250/ баримтуудыг өгсөн.

 

9. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *** ОНӨААТҮГ-аас итгэмжлэл /1хх 136, 231/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх 137/ баримтуудыг өгсөн.

 

10. Шүүхээс дараах нотлох баримтуудыг бүрдүүлсэн байна. Үүнд: Гуравдагч этгээдийн хүсэлтээр *** ХХК-ийн Голомт банкны *** тоот дансны хуулга /2хх 34-35/.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ***ны нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй, хариуцагч *** ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: *** загварын их багтаамжийн цахилгаан автобус нийлүүлэх, туршилт хийх гэрээ-ний дагуу баталгаат хугацаа нь уг автобус үйлчилгээнд явж эхэлснээс хойш 18 сар байхаар заасан боловч баталгаат засварын хугацаа дуусаагүй байхад *** загварын *** дугаартай автобус нь цахилгаан мотор эвдэрсэн гэх шалтгаанаар ашиглах боломжгүй болж зогссон, 103 дугаартай автобус нь нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглагдаж байгаа боловч байнгын эвдрэл, гэмтэл гарч чанарын шаардлага хангахгүй байна. Иймд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т заасны дагуу *** ТББ-ын гишүүн байгууллага *** ХХК-тай байгуулсан гэрээг цуцалж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 939,444,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

 

3.Хариуцагч *** ХХК-ийн зүгээс дээрх нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн. Үүнд: Зам тээврийн хөгжлийн яам болон нийслэлийн засаг захиргааны байгууллагуудаас 4 удаа туршин баталгаажуулж, техник ашиглалт, аюулгүй ажиллагааг хангасан *** загварын том оврын 2 ширхэг цахилгаан автобусыг *** загварын их багтаамжийн цахилгаан автобус нийлүүлэх, туршилт хийх гэрээний биелэлтийг дүгнэн баталгаажуулж *** ОНӨААТҮГ-д хүлээлгэн өгсөн. Гэрээний баталгаат хугацаа нь 2020 оны 5 дугаар сарын 24-нд дууссан бөгөөд энэ хугацаанд тус компани нь гэрээний үүргээ биелүүлж туршилт судалгаа, баталгаат засварын ажлыг бүрэн гүйцэтгэсэн гэж,

Хариуцагч ***-аас 2020 оны 5 дугаар сар хүртэл буюу баталгаат засварын хугацаа дууссанаар Зам тээврийн хөгжлийн яам, ***ийн хооронд байгуулсан энэхүү гэрээний үйлчлэх хуулийн хугацаа дууссан гэж тайлбарласан.

 

4.Хариуцагч *** ХХК-иас сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ гэрээний баталгаат хугацаа нь 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүртэл үргэлжилсэн тул баталгаат хугацааны 5% болох 46,972,200 төгрөгийг Зам тээврийн хөгжлийн яамнаас гаргуулах гэж тодорхойлсон.

 

5.Нэхэмжлэгчээс гэрээний үүрэг биелсэн гэж үзэх боломжгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

 

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр *** болон *** ТББ-ын гишүүн байгууллага болох *** ХХК *** загварын их багтаамжийн цахилгаан автобус нийлүүлэх, туршилт хийх гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр талууд дараах гол нөхцөлүүдийг харилцан тохирсон байна. Үүнд:

1/ Захиалагч нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2 дахь заалт, Засгийн газрын 2018 оны 122 дугаар тогтоолыг үндэслэн шинэ технологи, инноваци, туршилт судалгааны зориулалттай 2 ширхэг *** загварын их багтаамжийн цахилгаан автобусыг нийт 939,444,000 төгрөгөөр нийлүүлэхээр ирүүлсэн гүйцэтгэгчийн саналыг үүгээр хүлээн зөвшөөрөв. Гэрээний үнэ нь санхүүжилтийн нийт гүйцэтгэл болно.

2/ Захиалагч нь барааны нийлүүлэлтийн 939,444,000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлнэ.

3/ Нийлүүлэгч нь 2 ширхэг *** загварын их багтаамжийн цахилгаан автобусыг 2018 оны 7 дугаар сарын 09-нөөс 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор нийлүүлж хүлээлгэж өгнө.

4/ Нийлүүлэгч нь энэ гэрээний дагуу захиалагчийн төлөх төлбөрийг үндэслэн энэхүү гэрээний бүх нөхцөл, болзолд нийцүүлэн энд заасан барааг нийлүүлж, гэмтэл согог арилгах үүрэг хариуцлагыг хүлээж байна.

5/ Захиалагч нь гэрээний дагуу нийлүүлэгчийн нийлүүлэх бараа болон гэмтэл согог арилгах үйлчилгээг үндэслэн гэрээний үнэ, эсхүл тухайн үед гэрээний заалтын дагуу төлөх бусад дүнг гэрээнд заасан хэлбэрээр нийлүүлэгчид төлөх үүрэг хариуцлага хүлээж байна.

 

Улмаар *** ХХК нь 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр урьдчилгаа төлбөр болох 657,610,800 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр үлдэгдэл төлбөр болох 234,861,000 төгрөгийг *** ХХК-д төлжээ.

 

Нэг талаас ажил гүйцэтгэгч тодорхой ажлын үр дүнг нийлүүлэх, нөгөө тал буюу захиалагч нь тохирсон хөлс төлөх 2 талт үүрэг бүхий гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д тодорхойлсон бөгөөд шүүхээс нэхэмжлэгч болон хариуцагч *** ХХК-ийн хооронд 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн гэрээний дагуу ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.

 

Дээр дурдсанчлан талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн ба талуудын байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсонгүй. Аливаа гэрээ хүчин төгөлдөр тохиолдолд гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагавар, учирсан хохирлыг шаардах эрхтэй.  

 

Гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг.

 

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх хуулийн зохицуулалттай ба Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. Мөн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан.

 

2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Тоног төхөөрөмжийг хүлээн авсан комиссын актаар *** ХХК-иас гэрээний зүйл болох *** загварын 2 ширхэг цахилгаан автобусыг захиалагч болох ***анд хүлээлгэж өгсөн бөгөөд гэрээний талууд 2018 оны 12 дугаар сарын 24-ны өдөр *** загварын их багтаамжийн цахилгаан автобус нийлүүлэх, туршилт хийх ***, 171 дүгээр гэрээг дүгнэсэн акт үйлдсэн байна.

 

Гэрээний зүйл болох *** загварын 2 ширхэг цахилгаан автобусыг Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу *** ОНӨААТҮГ нь өмчлөгч байх бөгөөд хариуцагч *** ХХК-д 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр засвар үйлчилгээ хийлгэхээр хүлээлгэн өгсөн байна. Хариуцагч *** ХХК нь өөрийн эзэмшилд байгаа талаар маргаагүй.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар гэрээг цуцлахын тулд гэрээний зөрчил нь ноцтой байх шаардлагатай юм. Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэгчийн хувьд гүйцэтгэсэн ажил нь ноцтой зөрчилтэй байх шаардлагатай. Гэрээний нэг талын гэм буруутай үйлдлээс болж харилцан итгэлцэл үгүй болсон бөгөөд гэрээний зорилго биелэх бараг боломжгүй болсон тохиолдолд нөгөө талаас гэрээгээ баримтлахыг шаардах нь илт хохиролтой байхаар бол үүнийг ноцтой зөрчил гэж үзнэ.

 

Нэхэмжлэгчийн зүгээс *** загварын их багтаамжийн цахилгаан автобус нийлүүлэх, туршилт хийх гэрээ-ний дагуу баталгаат засварын хугацаа нь уг 2 автобус үйлчилгээнд явж эхэлснээс хойш 18 сар байхаар заасан байх боловч баталгаат засварын хугацаа дуусаагүй байхад ашиглалтын явцад байнгын эвдрэл, гэмтэл гарч, эвдрэл, гэмтэл гарсан тохиолдол бүрт нийлүүлэгч байгууллагад мэдэгдэн засаж, сайжруулалтыг хийлгэдэг боловч дээрх эвдрэл, гэмтлүүд үргэлжлэн гарсан бөгөөд *** загварын 102 дугаартай автобус нь цахилгаан мотор эвдэрсэн шалтгаанаар ашиглах боломжгүй болж зогссон, 103 дугаартай автобус нь нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглагдаж байгаа боловч байнгын эвдрэл, гэмтэл гарч засварлагддаг, автобусыг нийлүүлсэн цагаас эхлэн 102 дугаартай автобусыг 10 удаа, 103 дугаартай автобусыг 23 удаагийн засвар, үйлчилгээ хийхээр нийлүүлэгчийн эзэмшилд байсан гэж тайлбарласан.

 

Зохигч өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох үүрэгтэйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан. Хэдийгээр хариуцагч нь гэрээний баталгаат хугацааг 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдөр дууссан, энэ хугацаанд гэрээний үүргээ биелүүлж туршилт судалгаа, баталгаат засварын ажлыг бүрэн гүйцэтгэсэн гэж маргаж байгаа боловч үүнийг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, өөрийн татгалзлаа нотлохоор ямар нэг хүсэлтийг гаргаагүй.

 

Хариуцагч *** ХХК нь гэрээний зүйл болох *** загварын 2 ширхэг цахилгаан автобусыг өөрийн зардлаар засвар үйлчилгээ хийх зорилгоор 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авсан байна. Ийнхүү гэрээний зүйл болох *** загварын 2 ширхэг цахилгаан автобуст засвар үйлчилгээ хийхээр хариуцагч тал хүлээн авсан нь талуудын хооронд байгуулагдсан *** загварын их багтаамжийн цахилгаан автобус нийлүүлэх, туршилт хийх гэрээ-ний гэрээний ерөнхий нөхцөлийн 13.1-д заасан үүргээ биелүүлээгүй буюу доголдолтой эд зүйл хүлээлгэн өгснөө хүлээн зөвшөөрсөн үйлдэл гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгчид гэрээнээс татгалзаж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу гэрээний төлбөрт төлсөн 939,444,000 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй байна.

 

Хэрэгт байгаа баримтуудаар ажил гүйцэтгэгч *** ХХК үүргээ бүрэн биелүүлээгүй нь тогтоогдож байх тул захиалагч нь ажил гүйцэтгэгчийг үүргээ зөрчсөн гэж үзэж, гэрээг цуцалсан. Ийнхүү цуцалсан нь хуульд нийцсэн талаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дээр дүгнэсэн. Ийм учраас сөрөг нэхэмжлэлийг хангах боломжгүй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч *** ХХК-иас 4,620,309 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч *** ХХК-иас 892,471,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ***анд олгосугай.

2. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул ***наас 46,972,200 төгрөг гаргуулах тухай *** ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *** ХХК-иас 4,620,309 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, гуравдагч этгээд нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН