Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 01498

 

Б.Э, С.Г нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/01720 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Э, С.Г нарын хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ, УБТЗ-ын ТХТ-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, өмгөөлөгч  Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э, С.Г нар нь УБТЗ-ын ТХТ-д тээшийн нярваар ажиллаж байсан. УБТЗ-ын ТХТ-д дотоод аудит хяналтын хэлтсийн шалгалт хийгдсэн гэх нэрээр шалгалтын дүн, гарсан актыг танилцуулаагүй, шалгалтын үр дүнгийн талаар 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хурал хийсэн боловч ямар шийдвэр гарсан нь тодорхойгүй гэнэт “тодорхой хэмжээний мөнгийг хувьдаа ашигласан дутагдал илэрсэн” гэж 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр УБТЗ-ын ТХТ-ийн даргын 83 дугаар тушаалаар Б.Э, С.Г нарыг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй. Учир нь, хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа тээшийн няравууд тээшийг алдагдуулснаас болж их хэмжээний мөнгөн хохирол учруулж ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн. Нэхэмжлэгч нарын хувьд гэм буруутай асуудал, хохирол учруулсан эсэх асуудал нь тогтоогдохгүй байхад хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Иймд УБТЗ-ын ТХТ-ийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 13-ний өдрийн 83 тоот тушаалыг хүчингүй болгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх цалин Б.Э-д 33 451 310 төгрөг, С.Г-т 33 143 744 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э, С.Г нарын ажилд дотоод аудит, хяналт шалгалтын хэлтсээс шалгалт хийж кассир Б.Эыг 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Замын-Үүдээс Эрдэнэт өртөө хүртэл ачаа тээвэрлүүлж, ачааны 550216 дугаартай тасалбараар 454 915 төгрөг тушаасан байхад түүнийг хүчингүй А0077742 туслах тасалбар үйлдэж 550216 дугаартай тасалбарыг хүчингүй болгосон. Ачаа Замын-Үүдээс Эрдэнэт хүртэл тээвэрлэгдээд эзэн нь хүлээж авсан байхад ямар учраас энэ мөнгө алга болсон, тухайн иргэн ачаагаа бүрэн хүлээн авсан байдаг. Кассир С.Г-ийг 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 552 183 дугаартай тасалбараар 170 615 төгрөгийг н.Алтанчимэг гэдэг хүнээс хураан авсан боловч мөн 77 421 туслах тасалбараар хүчингүй болгосон. Гэтэл үйлчлүүлэгч н.Алтанчимэгийн ачааг тээш түгээгч Н.Ганзориг хүлээн авч хүргэж өгсөн. Тухайн мөнгийг нэхэмжлэгч нар хувьдаа завшсан гэж үзэх бөгөөд ажлаас халах сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болсон. Б.Э 46 удаагийн үйлдлээр 10 544 378 төгрөг, С.Г 19 удаагийн үйлдлээр 3 200 975 төгрөгийн дутагдал гаргасан болохыг Дотоод аудит, хяналт шалгалтын хэлтэс шалган тогтоож, баримтаар бүрэн нотолсон. Нэхэмжлэгч нар нь эд хөрөнгө хариуцсан ажилтнууд бөгөөд үйлчлүүлэгчид мөнгө тушааж тэр баримтаа үзүүлээд тээш илгээх эрх нээгдэж, тээшээ вагонд ачаад тээвэрлэлт эхлэн улмаар хүлээн авах өртөөнд үйлчлүүлэгч ачаагаа авсны дараа мөнгө тушаасан тасалбарыг хүчингүй болгоод мөнгийг буцааж гаргаж аваад байгаа үйлдэл нь Төмөр замын ажилтны сахилгын тусгай дүрмийн 5.3-т “хөдөлмөрийн гэрээнд нь тухайлан тусгасан дор дурдсан ноцтой зөрчил гаргасан ажилтныг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно”, мөн зүйлийн 5.3.5-т “албан тушаалаа ашиглан ачаа, тээш, ачаан тээш, зорчигчийг үнэ хөлсгүй тээвэрлэсэн” гэсэн зөрчил тул Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т зааснаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй, тушаал хууль зөрчөөгүй. Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5 дахь хэсэгт заасны дагуу мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг эвдсэн нь тогтоогдсон. Энэ нь дотоод аудитын шалгалт болон эрүүгийн журмаар нотлогдсон. Мөн УБТЗ тусгай төмөр замын тухай хуульд хамаарагдаж үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Төмөр замын хэмжээнд ажиллаж байгаа бүх ажилтнууд сахилгын тусгай дүрэм, журамд зохицуулагдаж ажилладаг. Сахилгын тусгай дүрэмд ажилтан өөрийн буруугаас байгууллагад их хэмжээний хохирол учруулсан, мөн албан тушаалаа ашиглан ачаа, тээш, зорчигчийг үнэ хөлсгүй тээвэрлэсэн тохиолдолд сахилгын шийтгэл өмнө нь авахуулж байсныг үл харгалзан захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан байгаа. Мөн хөдөлмөрийн гэрээний 2.3-т заасан. Иймд ажил олгогчийн тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Төмөр замын ТХТ-ийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 83 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Э, С.Г нарыг УБТЗ-д их хэмжээний мөнгөн хохирол учруулсан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг тасалбар болгосон. Нэхэмжлэгч нарын гаргасан зөрчил нь УБТЗ-ын Замын-Үүдийн Тээшийн үйл ажиллагаанд явуулсан дотоод аудит, хяналтын хэлтсийн шалгалтын тайлангаар илэрсэн гэж үзсэн хэдий ч Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн шинжээч томилж, 2 шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу томилогдсон шинжээчийн дүгнэлтээр Замын-Үүдийн тээшийн үйл ажиллагаанд явуулсан Дотоод аудит, хяналтын хэлтсийн шалгалтын тайлан нь үндэслэлтэй гэж үзэхээргүй байна гэж дүгнэсэн. Төмөр замын ТХТ-ийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн тушаалын хууль зүйн үндэслэлдээ хөдөлмөрийн гэрээний 2.3 дахь заалтыг үндэслэсэн бөгөөд нэхэмжлэгч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.3 дахь заалтад “... тээш, ачаа тээш, хүн үнэ хөлсгүй тээвэрлэсэн, ...нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон тохиолдолд ажил олгогч нь захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан атал ажил олгогчийн зүгээс хууль хяналтын байгууллагад хандаагүй, хохирол учруулсан эсэх асуудал нь хөдөлмөрийн гэрээ цуцлах цаг хугацаанд тогтоогдоогүй байхад хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллага шаардсан бол ажилтныг тухайн ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлж. цалин хөлс олгохыг зогсооно гэж заасан бөгөөд ажил олгогчийн зүгээс хууль хяналтын байгууллагад хандаж, зөрчил гаргасан гэм буруутай эсэхийг шүүхээр тогтоолгосны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээний 2.3-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах эсэхийг шийдвэрлэх байсан гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай 83 дугаар тушаалаар төмөр замын ажилтны сахилгын дүрмийн 5-ын а, д гэх заалтуудыг баримталсан боловч уг дүрэмд 5-ын а, д гэх заалтууд байхгүй байгаа нь уг тушаал үндэслэлгүй гарсан гэдгийг нотолж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн итгэл эвдсэн гэх асуудлын хүрээнд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

           Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Б.Э, С.Г нар нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ, УБТЗ-ын ТХТ-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дотоод аудитын шалгалтын дүнг танилцуулаагүй, нэхэмжлэгч нарын гэм буруу тогтоогдоогүй байхад хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй гэсэн бол, хариуцагч нь Б.Э, С.Г нар зөрчил гаргаж, ажил олгогчийн итгэл эвдсэн нь тогтоогдсон гэж тайлбар татгалзлаа гаргажээ.

      Нэхэмжлэгч Б.Э, С.Г нар нь УБТЗ- ын ТХТ-ийн Замын-Үүд хэсгийн тээшийн няраваар ажиллаж байх хугацаандаа үйлчлүүлэгчийн мөнгө тушаасан ачаа тээшийн тасалбарыг ачааг өгсний дараа хүчингүй гэж тасалбар бичин, мөнгийг гарган авч өөртөө завшсан нь ТХТ-д хийсэн дотоод аудитын шалгалтаар илэрсэн, уг үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэгдэн гэм буруутайд тооцсон нь дотоод аудитын хяналт шалгалтын тайлан, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 140 дүгээр магадлалаар тогтоогджээ.

     Нэхэмжлэгч нар ажил олгогчтой 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан эд хөрөнгө хариуцсан ажилтнууд байх бөгөөд нэгэнт хариуцсан эд хөрөнгийг тодорхой үйлдлээр завшсан нь тогтоогдсон тул мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан гэж үзнэ.

      Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг үндэслэн гаргасан ажил олгогчийн шийдвэр хууль зөрчөөгүй, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

Дотоод аудитын хяналт шалгалтын тайлангаар С.Г 19 удаагийн үйлдлээр 3 200 975 төгрөг, Б.Э 46 үйлдлээр 10 544 780 төгрөгийн тасалбар хүчингүй хийж, тээш түгээгчтэй хуйвалдан тээврийн бичиг баримтгүй тээвэр хийж, байгууллагад хохирол учруулсан гэж тогтоосон нь эрүүгийн хэрэг шалгах явцад хэмжээний хувьд багасч өөрчлөгдсөн нь ажил олгогчийн итгэл алдах зөрчил гаргасныг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Иймд ажил олгогчийн итгэлийг алдсан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй талаар шүүх зөв дүгнэсэн байх тул нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/01720 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          М.НАРАНЦЭЦЭГ

                                                          ШҮҮГЧИД                           Ч.ЦЭНД

                                                                                                      А.ОТГОНЦЭЦЭГ