Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 662

 

 

 

 

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2017/00662

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг Замын Үүд 1 дүгээр баг 40 айлын байр 401 тоотод оршин суух, 1977 онд төрсөн 39 настай, Боржигон овогт Балданжамцын Энхжаргал /РД-ЕЮ77012100/

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг Замын Үүд 1 дүгээр баг 117 дугаар байр  27 тоотод оршин суух, 1975 онд төрсөн 41 настай, Боржигон овогт Сүхбаатарын Ганчимэг /РД-ЕО75031868/

           Хариуцагч: Баянгол дүүрэг 3 дугаар хороо Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам, Улаанбаатар төмөр замын Тээш худалдааны төв

            Улаанбаатар төмөр замын Тээш худалдааны төвийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 83 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, цалингийн нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, өмгөөлөгч Н.Мандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Энхжаргал, С.Ганчимэг нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Б.Энхжаргал 1998 оноос, С.Ганчимэг 1999 оноос тус тус Улаанбаатар төмөр замын Тээш худалдааны төвд тээшийн няраваар ажиллаж байна. УБТЗ-ын Тээш худалдааны төвд Дотоод аудит хяналтын хэлтсийн шалгалт хийгдсэн гэх нэрээр шалгалтын дүн, гарсан актыг танилцуулаагүй, шалгалтын үр дүнгийн талаар 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хурал хийсэн боловч ямар шийдвэр гарсан нь тодорхойгүй гэнэт дуудан тодорхой хэмжээний мөнгийг хувьдаа ашигласан дутагдал илэрсэн гэсэн үндэслэлээр 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Улаанбаатар төмөр замын Тээш худалдааны төвийн 83 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч нар 2016 оны 04 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тэдэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан тул шүүх хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Тээврийн Прокурорын газрын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 613 дугаар тогтоолоор нэхэмжлэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан. Иймд Улаанбаатар төмөр замын Тээш худалдааны төвийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 83 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, цалингийн нөхөн олговорт С.Ганчимэгийн 245 хоног ажилгүй байсанг нэг өдрийн цалин 38.864 төгрөг гэж тооцон нийт 9.132.100 төгрөг, Б.Энхжаргалын 245 хоног ажилгүй байсанг нэг өдрийн цалин 34.116 төгрөг гэж тооцон нийт 8.017.260 төгрөг тус тус гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагч нар даалгаж өгнө үү гэв.

 

 Хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам, Улаанбаатар төмөр замын Тээш худалдааны төв шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Энхжаргал, С.Ганчимэг нарын ажилд Дотоод аудит, хяналт шалгалтын хэлтсээс шалгалт хийж кассир Б.Энхжаргал 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Замын үүдээс Эрдэнэт өртөө хүртэл ачаа тээвэрлүүлж, ачааны 550216 дугаартай тасалбараар 454.915 төгрөг тушаасан байхад түүнийг хүчингүй А0077742 туслах тасалбар үйлдэж 550216 дугаартай тасалбарыг хүчингүй болгосон. Ачаа Замын Үүдээс Эрдэнэт хүртэл тээвэрлэгдээд эзэн нь хүлээж авсан байхад ямар учраас энэ мөнгө алга болсон, тухайн иргэн ачаагаа бүрэн хүлээн авсан байдаг. Кассир С.Ганчимэг нь 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 552183 дугаартай тасалбараар 170.615 төгрөгийг н.Алтанчимэг гэдэг хүнээс хураан авсан боловч мөн 77421 туслах тасалбараар хүчингүй болгосон. Гэтэл үйлчлүүлэгч н.Алтанчимэгийн ачааг тээш түгээгч Н.Ганзориг хүлээн авч хүргэж өгсөн. Ямар учраас 170.615 төгрөгийн тээш тээврийн орлого алга болов гэсэн асуудал үүссэх бөгөөд тухайн мөнгийг нэхэмжлэгч нар хувьдаа завшсан гэж үзэх бөгөөд ажлаас халах сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болсон. Нэхэмжлэгч Б.Энхжаргал 46 удаагийн үйлдлээр 10.544.378 төгрөг, С.Ганчимэг 19 удаагийн үйлдлээр 3.200.975 төгрөгийн дутагдал гаргасан болохыг Дотоод аудит, хяналт шалгалтын хэлтэс шалган тогтоож баримтаар бүрэн нотолсон. Нэхэмжлэгч нар нь эд хөрөнгө хариуцсан ажилтнууд бөгөөд үйлчлүүлэгчид мөнгө тушааж тэр баримтаа үзүүлээд тээш илгээх эрх нээгдэж тээшээ вагонд ачаад тээвэрлэлт эхлэн улмаар хүлээн авах өртөөнд үйлчлүүлэгч ачаагаа авсны дараа мөнгө тушаасан тасалбарыг хүчингүй болгоод мөнгийг буцааж гаргаж аваад байгаа үйлдэл нь Төмөр замын ажилтны сахилгын тусгай дүрмийн 5.3-т “хөдөлмөрийн гэрээнд нь тухайлан тусгасан дор дурдсан ноцтой зөрчил гаргасан ажилтныг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж болно”, мөн зүйлийн 5.3.5-т “албан тушаалаа ашиглан ачаа, тээш, ачаан тээш, зорчигчийг үнэ хөлсгүй тээвэрлэсэн” гэсэн зөрчил тул Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т зааснаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй, тушаал хууль зөрчөөгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Б.Энхжаргал, С.Ганчимэг нар нь хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам, Улаанбаатар төмөр замын Тээш худалдааны төвд холбогдох Улаанбаатар төмөр замын Тээш худалдааны төвийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 83 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, олговорт С.Ганчимэг 9.132.100 төгрөг, Б.Энхжаргал 8.017.260 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Улаанбаатар төмөр замын тээш, худалдааны төвийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 83 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн гэрээний 2.3, Төмөр замын ажилтны сахилгын тусгай дүрмийн 5-ын а, д, төвийн даргын удирдан хийсэн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн шуурхай хурлын шийдвэрийг тус тус үндэслэн Замын Үүд тээшийн хэсэгт хийсэн дотоод аудит, хяналтын хэлтсийн шалгалтаар тээшийн нярав Б.Энхжаргал, С.Ганчимэг нар нь тээшийн тасалбарыг хүчингүй болгож, ачааг үнэгүй тээвэрлэснээс Улаанбаатар төмөр замд их хэмжээний мөнгөн хохирол учруулсан ноцтой зөрчил гаргасан тул Б.Энхжаргал,  С.Ганчимэг нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А-264 дугаартай дүрэм батлах тухай тушаалаар Тээш худалдааны төвийн дүрмийг 8 дугаар хавсралтаар баталж, Улаанбаатар төмөр замын Тээш худалдааны төвийн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2.3-т зааснаар төвийн дарга нь УБТЗ-ын даргын баталсан орон тоонд нийцүүлэн ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Б.Энхжаргал, С.Ганчимэг нар нь Замын Үүд хэсгийн тээшийн нярав пүүлэгч албан тушаалд томилогдон ажиллаж байсан болох нь Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийг төлөөлж Тээш худалдааны төвийн даргатай байгуулсан хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, ажлын байрны тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “УБТЗ-ын Тээш худалдааны төвд УБТЗ-ын дотоод аудит, хяналтын хэлтсийн шалгалт хийгдсэн гэх нэрээр шалгалтын дүн, гарсан актыг танилцуулалгүй, шалгалтын үр дүнгийн талаар 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хурал хийсэн боловч хурлаас ямар шийдвар гарсан нь тодорхойгүй таамгаар ажлаас халсан”

Хариуцагч тайлбартаа “дотоод аудит хяналт шалгалтын хэлтсээс шалгалт хийж уг шалгалтаар кассир Б.Энхжаргал ачааны тасалбар хүчингүй болгож 46 удаагийн үйлдлээр 10.544.378 төгрөг, С.Ганчимэг 19 удаагийн үйлдлээр 3.200.975 төгрөгийн дутагдал тус тус гаргасан болох нь баримтаар тогтоогдсон” гэж тус тус тайлбарлажээ.

Замын-Үүдийн тээшийн хэсгийн тээш тээвэрлэлтийн тасалбар шалгасан тухай 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Ж.Болор бичсэн тайландаа Замын-Үүдийн тээшийн хэсгээс 2014-2015 онуудад ачигдсан тээшийн жагсаалтанд /списк-нд/ байгаа тээшийн тасалбарын дугаар нь тасалбар хүчингүй болгосон тайлан дахь тасалбарын дугаартай давхцаж буй жагсаалтыг холбогдох кассирын нэр, ачилт буулгалтын мэдээллийн хамт гаргуулан авахад 92 тасалбарын жагсаалт 17.275.200 төгрөг гаргаж ирүүлсэн. Жнь: кассир Б.Энхжаргал нь 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр үйлчлүүлэгч 99998399 тоот утастай Ууганбаяр нь 76 байр ачаа тавилгыг Замын-Үүдээс Эрдэнэт хүртэл тээвэрлүүлсэн. Кассир нь 550216 тоот тасалбараар 454.915 төгрөг, 550217 тоот тасалбараар 360.970 төгрөг тус тус хурааж, тээш тээвэрлэлтийн списокт тус ачаа бүртгэгдэн тээш түгээгч хүлээн авч гарын үсэг зурсан. Гэтэл 550216 тоот тасалбарыг А0077742 туслах тасалбараар хүчингүй хийсэн байна. Кассир С.Ганчимэг нь 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 552183 тоот тасалбараар 170.615 төгрөгийг 95957507 Алтанчимэг гэх үйлчлүүлэгчээс хураасан ч 77421 тоот туслах тасалбараар хүчингүй хийсэн байна. Тээш тээвэрлэлтийн списокт тус ачаа бүртгэгдэн тээш түгээгч Н.Ганзориг хүлээн авч гарын үсэг зурсан. Ийнхүү 2015 онд кассир Б.Энхжаргал 46 удаа нийт 10.544.780 төгрөг, С.Ганчимэг 19 удаа нийт 3.200.975 төгрөгийн тасалбар хүчингүй хийж тээш түгээгчтэй хуйвалдан тээврийн бичиг баримтгүй тээвэр хийсэн нь илэрлээ. Иймд учруулсан хохирлыг барагдуулах холбогдох ажилтнуудаар нөхөн төлүүлэх, хариуцлага тооцох нь зүйтэй гэжээ.

Улаанбаатар төмөр замын Дотоод аудит, хяналтын хэлтсийн 2016 оны 03 дугаар сарын 14, 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Замын Үүдийн тээштэй холбоотой асуудлаар хэлэлцсэн шуурхай хуралдаанаар кассир С.Ганчимэг, Б.Энхжаргал нарыг  оролцуулан орлогын байцаагч Ж.Болорын тайланг хэлэлцсэн боловч ачааг үнэгүй тээвэрлэж ирсэн явдалд кассир С.Ганчимэг, Б.Энхжаргал, тээш түгээгч Н.Ганзориг, ачаа тээш хүлээлцэгч нарын хэн нь буруутай эсэх нь тодорхойгүй,  хурлаар ажилтнуудыг сайн судлаад арга хэмжээ тооцохоор шийдвэрлэн зөрчлийг хуулийн байгууллагад өгч шалгуулахаар шийдвэрлэж,           Төмөр замын цагдаагийн хэлтэст хандан нэхэмжлэгч нарыг их хэмжээний мөнгө завшсан гэх хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгасан боловч гэрчүүдийн мэдүүлгээр тээшний тасалбар хүчингүй болсон гэх баримтгүй, хүчингүй болгосон тасалбарын тоог гаргаж списоктой тулгаж ачаа нь ачигдаж явсан иргэдийн ачааны мөнгийг кассерууд хувьдаа завшсан байх гэсэн таамаг гаргасан, энэ талаар ямар нэг санхүүгийн барим байхгүй гэсэн мэдүүлэг, шинжээчийн шинжилгээнд ирүүлсэн баримтууд нь нягтлан бодох бүртгэлийн хуульд заасан шаардлагыг хангаагүй хүчингүй болгосон гэх туслах тасалбараар иргэнд мөнгө тушаагдсан нь тогтоогдохгүй, дотоод аудитын албанаас гаргасан дүгнэлт нь анхан шатны баримтаар нотлогдоогүй гэсэн үндэслэлээр Тээврийн прокурорын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 613 дугаар тогтоолоор Б.Энхжаргал, С.Ганчимэг нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хэдийгээр Дотоод аудит, хяналтын хэлтсийн байцаагч Ж.Болор хүчингүй болгосон тасалбаруудыг шалган Б.Энхжаргал, С.Ганчимэг нарыг тээш түгээгч нартай хуйвалдан тээврийн бичиг баримтгүй тээвэр хийсэн нь илэрсэн тул хохиролыг барагдуулах, хариуцлага тооцох тухай тайлан бичсэн боловч ямар баримтыг шалгаж, үндэслэл болгосон, баримтыг хавсаргаагүй, тайланг нотолсон баримтгүй, мөрдөн байцаалтын шатанд тэрээр кассерууд хувьдаа завшсан байх гэсэн таамаг гаргасан, санхүүгийн баримтгүй гэж мэдүүлсэн тул нэхэмжлэгч нарыг хөдөлмөрийн гэрээний 2.3-т заасан албан тушаалаа ашиглан ачаа тээш үнэ хөлсгүй тээвэрлэсэн, Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журмын 5.3.1, 5.3.5-д заасан их хэмжээний хохирол учруулсан, албан тушаалаа ашиглан ачаа тээш үнэ хөлсгүй тээвэрлэсэн гэдгийг бүрэн нотлолгүй тэдэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байна.

Хариуцагчаас нотлох баримтаар 2015 оны 01 дүгээр сарын 01-нээс 2015 оны 08 дугаар сарын 31-нийг хүртэлх Замын Үүд тээшийн касс хүчингүй тасалбарын тайлан, тасалбарын дугаартай давхцаж буй тасалбарын жагсаалт,  тээшийн тээвэрлэлтийн список, 2015 оны 01 сараас 12 сар хүртэлх тээшийн болон туслах тасалбар бүхий 2 хавтас материалыг тус тус баримтаар ирүүлсэн боловч эдгээр баримтаар байгууллагад хохирол учруулсан эсэх нь тодорхойгүй Б.Энхжаргал, С.Ганчимэг болон тээш түгээгч нарын бичсэн тодорхойлолтоор тэднийг байгууллагад хохирол учруулсан  гэдгийг тогтоох боломжгүй тул эдгээр баримтаар шүүх  буруутгах үндэслэлгүй байна.

Мөн хэрэгт хариуцагч нь УБТЗ-ын тээш худалдааны төвийн Замын үүд тээшийн хэсгийн технологийн процесс бүхий 1 хавтас, 2015 оны Тээш, ачаа  тээш ирэлтийн дэвтэр 4 ширхэгийг тус тус ирүүлсэн нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай эсэх нь тодорхойгүй  тул дүгнэлт өгөх шаардлагагүй гэж дурьдав.

Иймд Улаанбаатар төмөр замын Тээш худалдааны төвийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 83 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Энхжаргал, С.Ганчимэг нарыг Замын Үүд хэсгийн тээшийн нярав-пүүлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор С.Ганчимэгт 9.132.100 төгрөг, Б.Энхжаргалд 8.017.260 төгрөг  тус тус олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч  Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд даалгаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нарын 2016 оны 04 дүгээр сарын 19-нөөс 2017 оны 03 оны 09-ний өдрийг хүртэлх хугацаа буюу ажлын 222 хоногийн цалинг тооцохдоо Б.Энхжаргалын 0178436 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн /3.195.061:3=1.065.020:22=48.410х222=10.747.020/, С.Ганчимэгийн 000093773 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн /3.165.686:3=1.055.228:22=47.964х22=10.648.008/ төгрөг боловч нэхэмжлэгч нарын нэхэмжилсэн дүнгээр олговорыг шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч нь хариуцагчаар Улаанбаатар төмөр замын тээш худалдааны төвийг татсан боловч Тээш худалдааны төв нь хуулийн этгээдийн эрхгүй, салбар нэгж тул хэрэгсэхгүй болгож, хэргийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 243.697 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэв.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

            1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Улаанбаатар төмөр замын Тээш худалдааны төвийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 83 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Энхжаргал, С.Ганчимэг нарыг Замын Үүд хэсгийн тээшийн нярав-пүүлэгчийн ажилд тус тус эгүүлэн тогтоосугай.

 

           2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 9.132.100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Ганчимэгт, 8.017.260 төгрөг гаргуулж Б.Энхжаргалд тус тус олгосугай.

 

           3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т  зааснаар нэхэмжлэгч Б.Энхжаргал, С.Ганчимэг нарын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд үүрэг болгосугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 243.697 төгрөгийг гаргуулж улсын төсвийн 2602002965 тоот дансанд оруулсугай.

 

           5. Улаанбаатар төмөр замын тээш худалдааны төвийг хариуцагчаар татсаныг хэрэгсэхгүй болгосугай

 

           6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.                     

 

                                

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ж.КУЛЬДАНА