Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2020/00429

 

Б.Э, С.Гнарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/01720 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1498 дугаар магадлалтай,

Б.Э, С.Гнарын нэхэмжлэлтэй

УБТЗ, УБТХТд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаярын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, түүний өмгөөлөгч Н.Мандах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б.Э нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э, С.Гнар нь УБТХТд тээшийн нярваар ажиллаж байсан. УБТХТд дотоод аудит хяналтын хэлтсийн шалгалт хийгдсэн гэх нэрээр шалгалтын дүн, гарсан актыг танилцуулаагүй, шалгалтын үр дүнгийн талаар 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хурал хийсэн боловч ямар шийдвэр гарсан нь тодорхойгүй гэнэт тодорхой хэмжээний мөнгийг хувьдаа ашигласан дутагдал илэрсэн гэж 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр УБТХТийн даргын 83 дугаар тушаалаар Б.Э, С.Гнарыг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй. Учир нь, хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа тээшийн няравууд тээшийг алдагдуулснаас болж их хэмжээний мөнгөн хохирол учруулж ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн. Нэхэмжлэгч нарын хувьд гэм буруутай асуудал, хохирол учруулсан эсэх асуудал нь тогтоогдохгүй байхад хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Иймд УБТХТийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 13-ний өдрийн 83 тоот тушаалыг хүчингүй болгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх цалин Б.Эд 33 451 310 төгрөг, С.Ганчимэгт 33 143 744 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э, С.Гнарын ажилд дотоод аудит, хяналт шалгалтын хэлтсээс шалгалт хийж кассир Б.Эыг 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Замын-Үүдээс Эрдэнэт өртөө хүртэл ачаа тээвэрлүүлж, ачааны 550216 дугаартай тасалбараар 454 915 төгрөг тушаасан байхад түүнийг хүчингүй А0077742 туслах тасалбар үйлдэж 550216 дугаартай тасалбарыг хүчингүй болгосон. Ачаа Замын-Үүдээс Эрдэнэт хүртэл тээвэрлэгдээд эзэн нь хүлээж авсан байхад ямар учраас энэ мөнгө алга болсон, тухайн иргэн ачаагаа бүрэн хүлээн авсан байдаг. Кассир С.Ганчимэгийг 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 552 183 дугаартай тасалбараар 170 615 төгрөгийг н.Алтанчимэг гэдэг хүнээс хураан авсан боловч мөн 77 421 туслах тасалбараар хүчингүй болгосон. Гэтэл үйлчлүүлэгч н.Алтанчимэгийн ачааг тээш түгээгч Н.Ганзориг хүлээн авч хүргэж өгсөн. Тухайн мөнгийг нэхэмжлэгч нар хувьдаа завшсан гэж үзэх бөгөөд ажлаас халах сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болсон. Б.Э 46 удаагийн үйлдлээр 10 544 378 төгрөг, С.Г19 удаагийн үйлдлээр 3 200 975 төгрөгийн дутагдал гаргасан болохыг Дотоод аудит, хяналт шалгалтын хэлтэс шалган тогтоож, баримтаар бүрэн нотолсон. Нэхэмжлэгч нар нь эд хөрөнгө хариуцсан ажилтнууд бөгөөд үйлчлүүлэгчид мөнгө тушааж тэр баримтаа үзүүлээд тээш илгээх эрх нээгдэж, тээшээ вагонд ачаад тээвэрлэлт эхлэн улмаар хүлээн авах өртөөнд үйлчлүүлэгч ачаагаа авсны дараа мөнгө тушаасан тасалбарыг хүчингүй болгоод мөнгийг буцааж гаргаж аваад байгаа үйлдэл нь Төмөр замын ажилтны сахилгын тусгай дүрмийн 5.3-т хөдөлмөрийн гэрээнд нь тухайлан тусгасан дор дурдсан ноцтой зөрчил гаргасан ажилтныг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно, мөн зүйлийн 5.3.5-т албан тушаалаа ашиглан ачаа, тээш, ачаан тээш, зорчигчийг үнэ хөлсгүй тээвэрлэсэн гэсэн зөрчил тул Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т зааснаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй, тушаал хууль зөрчөөгүй. Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5 дахь хэсэгт заасны дагуу мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг эвдсэн нь тогтоогдсон. Энэ нь дотоод аудитын шалгалт болон эрүүгийн журмаар нотлогдсон. Мөн Улаанбаатар төмөр зам тусгай төмөр замын тухай хуульд хамаарагдаж үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Төмөр замын хэмжээнд ажиллаж байгаа бүх ажилтнууд сахилгын тусгай дүрэм, журамд зохицуулагдаж ажилладаг. Сахилгын тусгай дүрэмд ажилтан өөрийн буруугаас байгууллагад их хэмжээний хохирол учруулсан, мөн албан тушаалаа ашиглан ачаа, тээш, зорчигчийг үнэ хөлсгүй тээвэрлэсэн тохиолдолд сахилгын шийтгэл өмнө нь авахуулж байсныг үл харгалзан захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан байгаа. Мөн хөдөлмөрийн гэрээний 2.3-т заасан. Иймд ажил олгогчийн тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/01720 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1498 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/01720 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч талаас доорх үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлээгүй, нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Төмөр замын тээш худалдааны төвийн даргын 2016 оны 4 сарын 18-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай 83 дугаартай тушаалаар нэхэмжлэгч Б.Э, С.Гнарыг Улаанбаатар төмөр замд их хэмжээний мөнгөн хохирол учруулсан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг тасалбар болгосон. Нэхэмжлэгч нарын гаргасан зөрчил нь Улаанбаатар Төмөр замын Замын-Үүдийн Тээшийн үйл ажиллагаанд явуулсан Дотоод аудит, хяналтын хэлтсийн шалгалтын тайлангаар илэрсэн гэж үзсэн хэдий ч Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн 2018 оны 8 сарын 24-ний өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу томилогдсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 сарын 13-ны өдрийн 174 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Замын-Үүдийн Тээшийн үйл ажиллагаанд явуулсан Дотоод аудит, хяналтын хэлтсийн шалгалтын тайлан нь үндэслэлтэй гэж үзэхээргүй байна гэж дүгнэсэн. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарыг ажиллаж байх хугацаандаа үйлчлүүлэгчийн мөнгийг завшсан болох нь Дотоод аудитын хяналт шалгалтын тайлан, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарьга 19-ний өдрийн 140 дүгээр магадлалаар тус тус тогтоогджээ гэж байхгүй баримтыг үндэслэл болгож дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Төмөр замын тээш худалдааны төвийн даргын 2016 оны 4 сарын 18-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай 83 дугаартай тушаалын хууль зүйн үндэслэлдээ Хөдөлмөрийн гэрээний 2.3 дахь заалтыг үндэслэсэн бөгөөд нэхэмжлэгч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.3 дахь заалтад тээш, ачаа тээш, хүн үнэ хөлсгүй тээвэрлэсэн, ...нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон тохиолдолд ажил олгогч нь захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан атал ажил олгогчийн зүгээс хууль хяналтын байгууллагад хандаагүй, хохирол учруулсан эсэх асуудал нь хууль хөдөлмөрийн гэрээ цуцлах цаг хугацаанд тогтоогдоогүй байхад хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт Хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллага шаардсан бол ажилтныг тухайн ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлж, цалин хөлс олгохыг зогсооно гэж заасан бөгөөд ажил олгогчийн зүгээс хууль хяналтын байгууллагад хандаж, зөрчил гаргасан гэм буруутай эсэхийг шүүхээр тогтоолгосны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээний 2.3 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах эсэхийг шийдвэрлэх байсан гэж үзэхийн сацуу 2016 оны 03 ду гаар сарын 25-ны өдрийн шуурхай хурлаас нэхэмжлэгч нарыг ажлаас халах тухай шийдвэр гараагүй бөгөөд хууль хяналтын байгууллагад шилжүүлж шалгуулахаар шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогддог болно. Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай 83 дугаартай тушаалаар Төмөр замын ажилтны сахилгын дүрмийн 5-ын а, д гэх заалтуудыг баримталсан боловч уг дүрэмд 5-ын а, д гэх заалтууд байхгүй байгаа нь уг тушаал үндэслэлгүй гарсан гэдгийг нотолж байна. Шат шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн итгэл эвдсэн гэх асуудлын хүрээнд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоогдохгүй байгаа тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Э, С.Гнар хариуцагч УБТЗ, хариуцагч УБТХТд холбогдуулан тус тус тээшийн няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг хамтран гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргахдаа, ажил олгогчийн итгэлийг алдсан  нь тогтоогдсон тул ажлаас халсан гэсэн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн зохигчдын хоорондох маргааныг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулж, зохигч мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлжээ.

УБТХТийн даргын 2016 оны 04 сарын 18-ны өдрийн 83 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн гэрээний 2.3, Төмөр замын ажилтны сахилгын тусгай дүрмийн 5-ын “а”, “д” дэх заалт, 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн шуурхай хурлын шийдвэр, Замын-Үүд тээшийн хэсэгт хийсэн Дотоод аудит, хяналтын хэлтсийн шалгалтын тайланг үндэслэн ажилтнуудад сахилгын шийтгэл ногдуулсан байх ба үүнд тээшийн нярав Б.Э, С.Гнарыг 2015 оны 12 сард тээшийн тасалбарыг хүчингүй болгож, ачааг үнэгүй тээвэрлэснээс байгууллагад их хэмжээний хохирол учруулсан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, ажлаас халжээ.

Байгууллагын дотоод аудитын шалгалтын ажиллагаа, шалгалтын дүн, ажилтны гэм буруу байгаа эсэх асуудал зохигчийн хоорондох маргааны зүйл болсон, хоёр шатны шүүх маргааны зүйлийг үндэслэлтэй тодорхойлж, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу зохих дүгнэлтийг хийсэн байна.

Б.Э, С.Гнар нь Замын-Үүд тээшийн хэсэгт тус тус няраваар ажилладаг байна. Тэрээр тээшийн нярав-пүүлэгчийн хувьд ачаа тээшийг хүлээн авч пүүн дээр тавьж, ачааны жин, замын хэмжээг тодорхойлон төлбөрийг тогтоож, тасалбар бичин, үйлчлүүлэгч төлбөрөө төлсөн бол спискт оруулж тээш түгээгч нарт өгснөөр ачаа тээвэрлэгддэг, төлбөрөө төлөөгүй бол тасалбарыг хүчингүй болгож, спискнээс хасуулж, ачааг тээвэрлэх ажиллагааг зогсоодог журамтай байх ба хүчингүй болгосон тасалбараа спискнээс салгаж аваагүй, хасуулаагүй учраас хөлс төлөөгүй ачаа тээвэрлэх, ачааны төлбөрийг өөртөө авах нөхцөлийг бий болгосноор байгууллагад хохирол учруулсан үйл баримт Дотоод аудитын хяналт шалгалтын тайлан, ачаа тээшийн бүртгэлийн дэвтэр, хүчингүй болгосон тасалбарууд, замын хүснэгт, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 140 дүгээр магадлал зэрэг баримтаар тогтоогджээ.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.

Б.Э, С.Гнар нь тээврийн хөлсийг бэлнээр авч, төлбөр тооцоог хийдэг, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах үүрэгтэй байх ба  мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан учраас ажил олгогч эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг байгуулжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэл гаргасан нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж болно. Ажил олгогч хуулийн дээрх зохицуулалтыг тушаалдаа баримталж, гэрээг цуцалсан үндэслэлээ нотолсон тул шүүх энэ хэмжээнд дүгнэлт хийсэн нь хууль зөрчөөгүй байна.

Ажлаас халсан тушаалд хөдөлмөрийн гэрээний заалт, Төмөр замын ажилтны сахилгын тусгай дүрэмд байхгүй 5-ын “а”, “д” дэх заалт баримталсан нь ажил олгогчийн тушаалын үндэслэлд нөлөөлөөгүй тул энэ талаарх нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэл муутай байна. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гаргасан 2019 оны 09 сарын 13-ны өдрийн 174 дүгээр шинжээчийн дүгнэлтээр Замын-Үүд тээшийн хэсэгт хийсэн Дотоод аудит, хяналтын хэлтсийн шалгалтын тайланг “үндэслэлтэй гэж үзэхээргүй байна” гэж дүгнэсэн байх боловч уг баримт нь хэргийг хянан хэлэлцэх үед байгаагүйгээс гадна нэхэмжлэгч нарын буруутай үйлдэл Дотоод аудит, хяналтын хэлтсийн шалгалтын тайлангаас гадна бусад баримтаар нотлогдсон юм.

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Хөдөлмөрийн хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн хянан шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1498 дугаар магадлал, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/01720 дугаар шийдвэрийг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаярын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

                                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР               

                         ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА