Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 01490

 

“ИБТ” ХХК-ийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч М.Наранцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2019/01297 дугаар шийдвэртэй дампуурсанд тооцож, татан буулгах тухай “ИБТ” ХХК-ийн хүсэлттэй хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2005 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Анод банкнаас 1 323 000 000 төгрөг зээлсэн. Зээлийн барьцаанд SD6D бульдозер 1 ширхэг, SD7D бульдозер 2 ширхэг, тоолууруудыг барьцаалан үйл ажиллагаа явуулсан боловч эргэн төлөлт хийх боломжгүй болсон учир дампууруулах нэхэмжлэл гаргасан. Өнөөдрийн байдлаар Анод банканд 1 483 135 000 төгрөгийн өрөө төлж чадаагүй байна. “ИБТ” ХХК-ийн үндсэн хөрөнгө нь 40 000 000 төгрөг, Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт нийт хөрөнгийн 10 хувиас доош хөрөнгөтэй үлдсэн тохиолдолд үүргээ биелүүлэх чадваргүй гэж үзэж төлбөрийн чадваргүйд тооцно гэж заасны дагуу шүүх “ИБТ” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон. Төлбөрийн чадваргүйд нэгэнт тооцогдсон тул хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг хавсарган дампууруулах тухай нэхэмжлэл гаргасан. Иймд “ИБТ” ХХК-ийг дампууруулах тухай нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хадгаламж банк дахь банкны эрх хүлээн авагчийн төлөөлөгч Б.Энхсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ИБТ” ХХК-ийн төлбөрийн чадваргүй байдлыг дүгнэсэн хэрэг гүйцэтгэгчийн гаргасан дүгнэлттэй танилцсан. Төлбөрийн чадваргүй болсон асуудлыг ярьдаг, төлбөрийн чадваргүйд тооцсон тухай захирамж гаргасан бөгөөд үүнд үндэслэн дампууруулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. Захирамж нь “ИБТ” ХХК-ийн нэхэмжлэл гаргах үндэс нь болсон. Өөрөөр хэлбэл захирамж гарсны дараа сонинд зарлал гаргаж, 21 хоног өнгөрвөл нэхэмжлэл гаргадаг. Дампуурлын тухай хуульд зааснаар захирамж гарсны дараа ямар нэгэн ажиллагаа хийх боломж байдаггүй. Захирамж “ИБТ” ХХК-ийн өөрсдийнх нь өгсөн санхүүгийн баримттай холбоотой гарсан. Санхүүгийн баримтыг судлахаар сүүлийн 3 жилийн тайланг ирүүлсэн харагддаг. Өмнөх хуралдаан дээр зөвхөн бусад авлага буюу 150 000 000 төгрөгийн асуудлыг ярьдаг. Тайланг нь бүхэлд нь харахад пассив хөрөнгө дээр байгаа хөрөнгө ийм хэмжээний өр төлбөртэй, харьцуулан харахад төлбөр төлөх боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан байсан. Санхүүгийн 2014-2017 он хүртэлх тайланг харахад урт хугацааны хөрөнгө оруулалт гэсэн үйл баримт байхад эдгээрийг огт ярьж хэлэлцээгүй. Үүнтэй холбоотой хүсэлт гаргагч ямар ч баримт ирүүлээгүй байгаа. Жишээ нь 500 000 000 төгрөг хаанаас орж ирсэн ямар хөрөнгө оруулалт нь тодорхойгүй, хэзээ орж ирээд хаашаа зарцуулагдсан нь мөн л тодорхойгүй энэ талаар мэдээлэл болон баримт байдаггүй. Үүнээс хүсэлт гаргагч нь дампууруулах хүсэлтээ хангалттай нотлоогүй, баримтаа шүүхэд хангалттай гарган өгөөгүй байна гэж үзэж байгаа. Хүсэлт гаргагч нар тайлбартаа “ИБТ” ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирал н.Наранбаатар нь Эрүүгийн хэрэгт шалгагдан явсан. Эрүүгийн хэрэгт манай бүх санхүүгийн баримт явсан учир бид энэ талаар мэдэхгүй гэдэг. Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу Иргэний хэрэгт өөрийн гаргасан хүсэлт, нэхэмжлэлээ өөрөө бүрэн дүүрэн нотлох үүрэгтэй оролцдог. Тиймээс энэ үүргээ биелүүлээгүй байгаа нь “ИБТ” ХХК-ийг дампууруулах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Анод банкны эрх хүлээн авагч Монгол банкны зүгээс 2005 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн шүүхийн шийдвэрийн дагуу Анод банкны эрх хүлээн авагчийн өмнө “ИБТ” ХХК нь 1 500 343 000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн. Уг эвлэрлийн гэрээ нь 2006 оны 2 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан. Үүнээс дүгнэн харахад “ИБТ” ХХК-ийн 2006 оны санхүүгийн тайлангийн энэ мөнгөн дүн яагаад ороогүй вэ гэдэг нь сонин. 2005, 2006, 2007 он тайланг харахад ямар ч өр төлбөрийн асуудал байдаггүй, энэ нь шүүхийн шийдвэрээр тогтоогдчихсон байхад 1 500 000 000 төгрөгийг тайландаа тусгаагүй. Тэгсэн атлаа 2007 оны үед манайх ямар ч үйл ажиллагаа явуулж байгаагүй гэдэг. Цааш нь шалгахад өнөөдрийн байдлаар ямар ч өөрчлөлтгүй санхүүгийн тайлан гарч ирэх ёстой байхад 2007-2017 оны тайлан тэс өөр байгаа. Санхүүгийн тайланд яагаад өөрчлөлт орсон бэ гэхээр үйл ажиллагаа явуулж байгаа. Дунд нь ямар өөрчлөлт орж байгаа нь хэрэгт өгсөн баримтаас харагддаггүй. Өлзий Икаунт аудитын газар нь 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр “ИБТ” ХХК-ийн санхүүгийн тайланд аудитын шалгалт хийсэн, уг тайлангаас 2012 оны тайлан нь 2017 оны тайлангаас бараг зөрүү байхгүй, татварын орлого хэрхэн яаж бүртгэсэн талаар мэдээлэл байхгүй. Харин татвараа хэрхэн яаж төлсөн талаар тусгасан байсан. 2013 оны санхүүгийн тайлан тэс өөр байгаа нь уг компанид үйл ажиллагаа явуулж байсан талаар нотолж байгаа. Эдгээр өр төлбөр нь Анод банканд төлөх өр төлбөртэй ямар холбоо байна, 2006 онд гарсан шийдвэрийг 2017 оны өр төлбөртэй холбон тайлбарлаад байгаа нь ойлгомжгүй, үүний талаар нотолгоо байхгүй, тайлбараа ч хэрэгт өгөөгүй. Хадгаламж банкны эрх хүлээн авагчийн шийдвэрийн гүйцэтгэлийн ажиллагаанд шүүхийн шийдвэрийн дагуу “ИБТ” ХХК-аас авах өр төлбөрийг ажиллагаа өнөөдрийг хүртэл явагдаж байгаа. 2006 оноос хойш явагдаж байгаа ажиллагаа дуусаагүй байхад “ИБТ” ХХК нь дампууруулах хүсэлтдээ огт дурдаагүй, дурдаагүй төөрөгдүүлсэн үйл ажиллагаанаас нь болж Анод банкны эрх хүлээн авагч энэ талаар мэдээллийг саяхан олж мэдсэн. Яагаад тусгаагүй вэ гэсэн тайлбартаа өр төлбөрөө төлсөн гэж бодсон гэж тайлбарладаг. 547 000 000 гаран төгрөгийн шүүхийн шийдвэр гарчихсан, үүнийг “ИБТ” ХХК мэдэж байсан. Цаашлаад ийм шүүхийн шийдвэр хэд ч байхыг үгүйсгэхгүй, хэдэн шийдвэр нуун дарагдуулсан талаар бид мэдэхгүй, байх магадлалтайг энэ үйл баримтаар харуулж байна. Дүгнэн харах юм бол энэ өр төлбөрийг төлөх сонирхол байхгүй байна. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт байгаа тэр бүү хэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байхад дампуурах хүсэлт өгч байгаа нь хүлээсэн үүргээсээ бултах, энэ өр төлбөрийг дуусгавар болгох, холбогдох этгээдүүдийг хохироогоод хаях санаа байгааг илэрхийлээд байна. Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой, “ИБТ” ХХК нь дампууруулах хүсэлт гаргаж компаниа дампууруулснаар өр төлбөрийн асуудлаас хариуцлагаас зугтааж, хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй учир “ИБТ” ХХК-ийг дампууруулах үндэслэлгүй. Хэрэв дампууруулах шүүхийн шийдвэр гарах юм бол эрх хүлээн авагч нь тухайн өр төлбөрийг барагдуулах ямар нэгэн арга хэмжээ авах боломжгүй болох тул “ИБТ” ХХК-ийн дампууруулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анод банкны шаардах эрхийг шилжүүлэн авагч Монгол банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анод банкны шаардах эрхийг Монгол банк шилжүүлэн авсан. Тухайн үед бульдозер, тоолуураас гадна дуусаагүй барилгыг барьцаанд тавьсан. Дуусаагүй барилгатай холбоотой хөрөнгийн талаар хэрэг гүйцэтгэгч хангалттай судалгаа хийгээгүй гэж үзэж байгаа. Санхүүгийн 2017 оны тайланд дурдаагүй урт хугацааны хөрөнгө оруулалттай холбоотой асуудлыг тодруулах шаардлагатай байгаа. Иймд “ИБТ” ХХК-ийг дампууруулах боломжгүй гэж үзэж байна гэжээ.

Хэрэг гүйцэтгэгч А.Энхболд шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 04353 тоот захирамжаар “ИБТ” ХХК-ийн хүсэлттэй дампуурлын тухай хэрэгт хэрэг гүйцэтгэгчээр, шүүгчийн 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 148480 тоот захирамжаар хэрэг гүйцэтгэгчээр томилогдон Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан ажиллагааг хийж гүйцэтгэсэн. Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт гаргасан. “ИБТ” ХХК нь улсын бүртгэлийн 90130012 дугаартай 2440336 тоот регистрийн дугаартай бөгөөд Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын гудамж, 10-02 тоот хаягтай байранд 2003 оны 2 дугаар сарын 07-ны өдөр 1 гишүүнтэйгээр байгуулагдсан компани юм. Одоо Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлаж байгаа. Компанийн үүсгэн байгуулагч Д.Наранбаатар бөгөөд 100 хувийн хувьцаа эзэмшдэг. Хүсэлт гаргагчийн санхүүгийн тайлан баланстай танилцаж дүгнэлт гаргасан. Төлбөрийн чадваргүй болон санхүүгийн тогтворгүй асуудал дээр “ИБТ” ХХК нь санхүүгийн чадваргүй болж цаашдаа үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Санхүүгийн тогтвортой байдлыг 50 хувиас багагүй байвал тогтвортой байна гэж үздэг. Гэтэл энэ компанийн хувьд 10-15 хувьтай байгаа нь санхүүгийн байдал тогтвортой бус байна. Өөрөөр хэлбэл, өр төлбөрийг барагдуулах төлбөрийн чадвар байхгүй нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. Мөн тус компанийн санхүүгийн баримтад дампуурлын 5 төрлийн шинжилгээ хийж үзэхэд төлбөрийн чадваргүй, дампуурах магадлал маш өндөр болох нь тогтоогдсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэмэлтээр Хадгаламж банктай холбоотой нэхэмжлэл гаргаж байсан байдаг. Тус хэрэгт хэрэг гүйцэтгэгчээр томилогдон шүүгчийн захирамжийн дагуу ажиллахдаа Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хуваарьт эд хөрөнгө байгаа эсэх, Дампуурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр бусад тооцох хэлцлүүд байгаа эсэхийг тодруулах зорилгоор ажилласан. Үүнтэй холбоотой арилжааны банкнуудаас лавлагаа авахад уг лавлагаагаар 19 429.27 төгрөгийн үлдэгдэлтэй барьцаанд байгаа хөрөнгүүд ирээгүй ба төлбөрийн чадваргүй болж дампуурах магадлал өндөр байсан. Санхүүгийн тайлангийн үзүүлэлтээс харахад “ИБТ” ХХК нь 2013-2017 оны жилийн эцсийн тайлангийн үзүүлэлтээс харахад 2004-2007, 2014-2017 оны жилийн эцсийн тайлангаар 181 531 000 төгрөгөөс 1 630 617 858 төгрөг болж өссөн өр төлбөрт орсон. Шүүгчийн захирамжийн дагуу холбогдох байгууллагаас лавлагаа авахад хуваарьт эд хөрөнгөгүй, хүчин төгөлдөр бус хэлцэл тогтоогдоогүй. Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өөрийн хөрөнгийн 10-с доошгүй хөрөнгөтэй, үүргээ хуульд болон гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно гэсэн байгаа. Тус компани нь 2004 оноос өр төлбөртэй болж төлбөрийн чадваргүй болсон. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн захирамжаар “ИБТ” ХХК-ийг төлбөрийн чадваргүй болохыг тогтоосон. Хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон шалтгааны хувьд барилгын засал үйлчилгээний талаар үйл ажиллагаа явуулдаг, үйл ажиллагааны өөр чиглэл байхгүй, зорилго зорилтод эдийн засгийн тооцоололгүй, хөрөнгийн эх үүсвэр бий болгоогүй, хуримтлал үүсгээгүйгээс банкны зээлийн өрийн дарамтад орсон нь үйл ажиллагаа зогсох үндэслэл болсон. Компанийн хувьцаа эзэмшигч нь компанид хөрөнгө оруулалт хийх, зээлээ хугацаанд нь төлөх талаар санаачлагагүй ажилласны улмаас үйл ажиллагаа нь доголдож санхүүгийн тогтвортой хэвийн үйл ажиллагаа алдагдаж цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Удирдлагын үйл ажиллагааны хувьд “ИБТ” ХХК-ийн удирдлага нь ур чадваргүй, санхүүгийн мэдлэггүй, үйл ажиллагаанаас орж ирсэн орлогыг төлөвлөгөөгүй зарцуулсан, эргэлтийн хөрөнгийн хуримтлал үүсгээгүй, бусдад өгөх төлбөр тооцоог цаг тухайд барагдуулаагүй, гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон зэрэг үйл ажиллагааны нөхцөл хүндэрч компани дампуурах үндэслэл болсон. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар “ИБТ” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож хуульд заасан үндэслэлтэй нэхэмжлэлийг 2018 оны 8 дугаар сарын 17-ны дотор шүүхэд хүлээн авч, 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хуралдуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд өгсөн нэхэмжлэл байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн лавлагаагаар хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг гаргасны дараа нэхэмжлэлтэй холбоотой баримтууд ирүүлсэн. Уг баримтаар Хадгаламж банк ХХК-д банкны эрх хүлээн авагчийн төлбөл зохих ёстой 328 378 887 төгрөг, Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2006 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 243 тоот захирамжтай Анод банкны 1 483 135 000 төгрөгийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа тус тус хийгдэж байгаа. “ИБТ” ХХК нь дампуурсанд тооцсон талаар Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт хариуцагчийн дахин өргөжүүлж үйл ажиллагаа цааш явуулахгүй татан буулгаснаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл хариуцагчийн хүсэлтийг захирамж гарган тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан. Нэхэмжлэгч, хариуцагч, хэрэг гүйцэтгэгч уг хугацаанд дахин дүгнэлт хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргаагүй болно. Хэргийн материалд тус компанийн шүүхэд ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, бусад баримтуудаас үндэслэн “ИБТ” ХХК нь 2004 оноос төлбөрийн чадваргүй болж өнөөдрийг хүртэл өр төлбөрийг барагдуулаагүй байгаа тул Дампуурлын тухай хуульд заасны дагуу дампуурсанд тооцож, татан буулгах санал оруулж байна гэжээ.

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.10, 1551 дугаар зүйлийн 1551.1 дэх хэсэгт заасныг баримтлан дампуурсанд тооцож, татан буулгах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч “ИБТ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрт “Хадгаламж банкны эрх хүлээн авагчаас “ИБТ” ХХК нь шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрөөс 328 371 887 төгрөгийн үлдэгдэлтэй уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа үндэслэлээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан байна. Мөн “Анод” банкны эрх шаардах эрхийг “Монгол банк”-д шилжүүлэн авсан үндэслэлээр “Монгол банк” хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасныг шүүх хүлээн авчээ” гэжээ. Дампуурлын тухай хууль бөгөөд уг хуульд нэхэмжлэгч болон хариуцагчаас өөр оролцогчийг дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар хуульчлаагүй болно. Өөрөөр хэлбэл дампуурлын хэргийг шийдвэрлэхдээ өөр бусад оролцогчийг оролцуулах хууль зүйн боломж байхгүй бөгөөд хэдийгээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт гуравдагч этгээдээр оролцуулах заалт байгаа хэдий ч энэ нь хуульд заасан нэхэмжлэлийн шаардлага гаргах хугацаанд нэхэмжлэл гаргаагүй нэхэмжлэгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах тухай заалт биш юм. Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дахь хэсэгт ”харилцагч тал хариуцагчтай холбоотой нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд гаргана” гэж заасан байдаг бөгөөд нэхэмжлэгч энэхүү хугацаанд нэхэмжлэл гаргаагүй харин гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Дампуурлын маргаанд нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгч болон хариуцагчийн эрх үүргийг зохицуулсан байдаг бөгөөд өөр этгээд нэхэмжлэгч болон хариуцагчийн үйл ажиллагаа, төлбөрийн хэмжээ болон нэхэмжлэлийн үндэслэл, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийн талаар санал гомдол илэрхийлэх эрхийг хуульчлаагүй юм. Гэтэл маргаан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдаанд хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт болон нэхэмжлэлийн хэмжээ, нотлох баримтуудын талаарх тайлбар үндэслэлийг гуравдагч этгээдийн зүгээс илэрхийлж дампуурлын маргаанд оролцож байгаа нь Дампуурлын тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна. Ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч байх этгээдүүдийг гуравдагч этгээдээр оролцуулсан нь хүсэлт гаргагчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн ажиллагаа юм. Шүүхийн шийдвэрт “ хариуцагчийн Монгол банкинд төлөх өр төлбөрийн хэмжээг шүүх тогтоох боломжгүй байна” гэжээ. Шүүх 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 09189 тоот захирамжаар төлбөрийн чадваргүйд тооцсон бөгөөд ийнхүү төлбөрийн чадваргүйд тооцсоноор шүүх цаашид дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампууруулах эсэх асуудлыг л хэлэлцэн шийдвэрлэх хуулийн зохицуулалттай. Төлбөрийн чадваргүй болохыг олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж улмаар төлбөрийн чадваргүй асуудлыг шүүх шийдвэрлэсэн. Гэтэл төлбөрийн чадвартай эсэх асуудлыг татан буулгах, эсхүл дахин хөрөнгөжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх шүүх хуралдаанд дахин хэлэлцэж төлбөрийн чадваргүй болохоо нотлоогүй гэсэн үндэслэлээр Иргэний хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д заасныг үндэслэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3  нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тухай заалт бөгөөд “ИБТ” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргаагүй хүсэлт гаргаж шийдвэрлүүлж байгаа. Шүүхийн шийдвэрт “зарим хөрөнгүүдийг өмчлөлдөө байгаа эсэх талаар хүсэлтдээ дурдаагүй, дампуурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 7.1.3, 7.1.4-д заасан шаардлагыг биелүүлээгүй, эргэлтийн хөрөнгийн хэмжээ тодорхойгүй, өр төлбөрийн хэмжээ тодорхойгүй, төлбөрийн чадваргүй болсноо нотлоогүй” гэжээ. Дампуурлын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу шаардлагатай баримтыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд төлбөрийн чадваргүйд тооцож захирамж гаргасан. Өр төлбөрийн хэмжээний талаар аль нэг тал маргаагүй, “Анод банк” болон “Хадгаламж банк”-д төлөх өр төлбөртэй талаар хангалттай баримтууд байгаа бөгөөд энэ талаар хэрэг гүйцэтгэгч дүгнэлтдээ хангалттай тусгасан болно. Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 “өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно” гэж заасан бөгөөд эргэлтийн хөрөнгийн хэмжээ төлбөрийн чадваргүйд тооцоход харгалзан үзэх үндэслэл болохгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хүсэлтийг хангаж компанийг татан буулгаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

“ИБТ” ХХК нь Анод банкны эрх хүлээн авагчид 1 483 135 000 төгрөгийн өр төлбөртэй тул төлбөрийн чадваргүй, дампуурсанд тооцож, татан буулгах хүсэлтийг гаргажээ.

   Хэрэгт авагдсан баримтаар 1 483 135 000 төгрөгийн өр төлбөртэй нь тогтоогдоогүй байх бөгөөд шүүх хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэв.  

   Шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 4164 дүгээр захирамжаар дампуурлын хэрэг үүсгэж /хх46/, 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 4353 дугаар захирамжаар түр хэрэг гүйцэтгэгч томилжээ /хх47/. Шүүхээс томилогдсон хэрэг гүйцэтгэгч нь хүсэлт гаргагчийн 2004-2007, 2013-2017 оны санхүүгийн тайлан бусад баримтад /хх61-120/ үндэслэн өр төлбөрийг 1 483 135 000 төгрөг байхаар тогтоож, 2004 оноос өөрийн хөрөнгийн 549.94 хувьтай тэнцэж байх тул төлбөрийн чадваргүй гэх дүгнэлт гаргасан, уг дүгнэлтийг үндэслэн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 9189 дугаар захирамжаар “ИБТ” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцжээ.

Энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан, тогтоосон хугацаанд нэхэмжлэл гараагүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хадгаламж банкны эрх хүлээн авагч, Анод банкны шаардах эрхийг шилжүүлэн авсан Монгол банк гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргаж, хүсэлт гаргагчийн өр төлбөр, хөрөнгийн талаар хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд дурдсанаас өөр тайлбар, мэдээллийг гаргажээ.

Өр төлбөртэй холбоотой нэмэлт нөхцөл байдлыг тодруулж санхүүгийн тайланд тусгагдсан 155 364 705 төгрөгийн авлага нь хэнээс, ямар үндэслэлээр авах, барьцааны хөрөнгүүд бодитоор байгаа эсэхийг тогтоолгохоор нэмэлт ажиллагаа хийхийг хэрэг гүйцэтгэгчид даалгасан боловч 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр дахин гаргасан дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээр /1хх202-209/ нөхцөл байдал бүрэн тогтоогдсон гэж үзэхээргүй байна.

 “ИБТ” ХХК-ийн Анод банктай 2005 оны 6 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2006 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 243 дугаар захирамжийн  дагуу хийгдэж буй 1 504 676 858 төгрөгийн төлбөртэй холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үлдэгдэл төлбөр нь 1 483 135 000 төгрөг гэж хэрэг гүйцэтгэгч тогтоосон боловч шүүхэд ирүүлсэн баримтаар 1 361 868 858 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байх боломжтой, харин төлбөрийг шаардах эрхийг шилжүүлэн авсан Монгол банк нь 1 500 343 000, 1 208 076 553, 1 375 000 төгрөг гэж өөр өөрөөр тодорхойлжээ.

Түүнчлэн барьцааны хөрөнгөөс SD6D, SD7D бульдозер, 15-61 УБД улсын дугаартай автомашин хэний өмчлөлд байгаа, өр төлбөрт тооцох боломжтой эсэх нь тодорхойгүй байна.  

Хэрэг гүйцэтгэгч хүсэлт гаргагчийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 88 дугаар байрны 14,15 тоот орон сууцнаас орж ирэх байрны төлбөрийг авлагад бүртгэж, шүүхийн шийдвэрээр бусдын өмчлөлд шилжсэн байхад авлагад бүртгэн, хасалт хийгээгүй, найдваргүй авлагад бүртгээгүй байх бөгөөд уг орон сууцнуудын үнийг борлуулалтаас орох дансны авлага гэж үзэхээргүй, энэ талаар шүүх зөв дүгнэсэн байна.

Мөн Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид төлөх төлбөрийн хэмжээ тодорхойгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2018 оны 11 дүгээр сарын 06-ны 3/11436 тоот албан бичигт төлбөр төлөгч “ИБТ” ХХК-ийн төлбөрийн үлдэгдэл 549 910 232 төгрөг байна” гэжээ.

 Гэтэл Хадгаламж банкны эрх хүлээн авагч нь шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрөөс 328 371 887 төгрөгийн үлдэгдэлтэй тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна.

 Иймд хүсэлт гаргагчийн өр төлбөрийн хэмжээг хэрэгт авагдсан баримтын хэмжээнд тогтоох боломжгүй, хүсэлт үндэслэлгүй байх тул шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь зөв, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2019/01297 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            А.МӨНХЗУЛ

                                                                  ШҮҮГЧИД                            М.НАРАНЦЭЦЭГ

                                                                                                               А.ОТГОНЦЭЦЭГ