Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00118

 

 

 

2021 02 02 001/ХТ2021/00118

 

 

 

 

******* ХХК-ийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Алтанчимэг даргалж, шүүгч, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2019/01297 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1490 дүгээр магадлалтай,

 

******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлттэй иргэний хэргийг

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэнбилэгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэнбилэг, хэрэг гүйцэтгэгч А.Энхболд, гуравдагч этгээд Хадгаламж банк ХХК-ийн эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гантогтох, гуравдагч этгээд Монгол банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батсайхан, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Хүсэлт гаргагч ******* ХХК-ийн шүүхэд гаргасан хүсэлтэд: ******* ХХК нь 2005.06.21-ний өдөр Анод банктай зээлийн гэрээ байгуулан 1,323,000,000 төгрөг зээлсэн. Зээлийн барьцаанд SD6D бульдозер 1 ширхэг, SD7D бульдозер 2 ширхэг, тоолууруудыг барьцаалан үйл ажиллагаа явуулсан боловч эргэн төлөлт хийх боломжгүй болсон учир дампууруулах нэхэмжлэл гаргасан. Өнөөдрийн байдлаар Анод банканд 1,483,135,000 төгрөгийн өрөө төлж чадаагүй байна. ******* ХХК-ийн үндсэн хөрөнгө нь 40,000,000 төгрөг, Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д нийт хөрөнгийн 10 хувиас доош хөрөнгөтэй үлдсэн тохиолдолд үүргээ биелүүлэх чадваргүй гэж үзэж төлбөрийн чадваргүйд тооцно гэж заасны дагуу шүүх ******* ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон. Төлбөрийн чадваргүйд нэгэнт тооцогдсон тул хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг хавсарган дампууруулах тухай нэхэмжлэл гаргасан. Иймд ******* ХХК-ийг дампууруулах тухай нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хадгаламж банк дахь банкны эрх хүлээн авагчийн төлөөлөгч Б.Энхсүрэнгийн шүүхэд гаргасан тайлбарт: ******* ХХК-ийн төлбөрийн чадваргүй байдлыг дүгнэсэн хэрэг гүйцэтгэлийн гаргасан дүгнэлттэй танилцсан. Төлбөрийн чадваргүй болсон асуудлыг ярьдаг, төлбөрийн чадваргүйд тооцсон тухай захирамж гаргасан бөгөөд үүнд үндэслэн дампууруулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. Захирамж нь ******* ХХК-ийг нэхэмжлэл гаргах үндэс нь болсон. Өөрөөр хэлбэл, захирамж гарсны дараа сонинд зарлал гаргаж, 21 хоног өнгөрвөл нэхэмжлэл гаргадаг. Дампуурлын тухай хуулийг судлан харах юм бол захирамж гарсны дараа ямар нэгэн ажиллагаа хийх боломж байдаггүй. Захирамж ******* ХХК-ийн өөрсдийнх нь өгсөн санхүүгийн баримттай холбоотой гарсан. Санхүүгийн баримтыг судлахаар сүүлийн 3 жилийн тайланг ирүүлсэн харагддаг. Өмнөх хуралдаан дээр зөвхөн бусад авлага буюу 150,000,000 төгрөгийн асуудлыг яриад байдаг. Тайланг нь бүхэлд нь харахад пассив хөрөнгө дээр байгаа хөрөнгө ийм хэмжээний өр төлбөртэй, харьцуулан харахад төлбөр төлөх боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан байсан. Санхүүгийн 2014-2017 он хүртэлх тайланг харахад урт хугацааны хөрөнгө оруулалт гэсэн үйл баримт байгаад байхад эдгээрийг огт ярьдаггүй, авч хэлэлцдэггүй. Үүнтэй холбоотой хүсэлт гаргагч ямар ч баримт ирүүлээгүй байгаа. Жишээ нь 500,000,000 төгрөг хаанаас орж ирсэн ямар хөрөнгө оруулалт нь тодорхойгүй, хэзээ орж ирээд хаашаа зарцуулагдсан нь мөн л тодорхойгүй энэ талаар мэдээлэл болон баримт байдаггүй. Үүнээс хүсэлт гаргагч нь дампууруулах хүсэлтээ хангалттай нотлоогүй, баримтаа шүүхэд хангалттай гарган өгөөгүй байна гэж үзэж байгаа. Хүсэлт гаргагч нар тайлбартаа ******* ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирал н.Наранбаатар нь Эрүүгийн хэрэгт шалгагдан явсан. Эрүүгийн хэрэгт манай бүх санхүүгийн баримт явсан учир бид энэ талаар мэдэхгүй гэдэг зүйлийг хэлдэг. Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу Иргэний хэрэгт өөрийн гаргасан хүсэлт, нэхэмжлэлээ өөрөө бүрэн дүүрэн нотлох үүрэгтэй оролцдог. Тиймээс энэ үүргээ биелүүлээгүй байгаа нь ******* ХХК-ийг дампууруулах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Анод банкны эрх хүлээн авагч Монгол банкны зүгээс 2005 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн шүүхийн шийдвэрийн дагуу Анод банкны эрх хүлээн авагчийн өмнө ******* ХХК нь 1,500,343,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн. Уг эвлэрлийн гэрээ нь 2006.02.13-ны өдөр байгуулагдсан. Үүнээс дүгнэн харахад ******* ХХК-ийн 2006 оны санхүүгийн тайлангийн энэ мөнгөн дүн яагаад ороогүй вэ гэдэг нь сонин. 2005, 2006, 2007 оны тайланг харахад ямар ч өр төлбөрийн асуудал байдаггүй, энэ нь шүүхийн шийдвэрээр тогтоогдчихсон байхад 1,500,000,000 төгрөгийг тайландаа тусгаагүй. Тэгсэн хэрнээ 2007 оны үед манайх ямар ч үйл ажиллагаа явуулж байгаагүй гэдэг. Цааш нь лавшруулаад шалгахад өнөөдрийн байдлаар ямар ч өөрчлөлтгүй санхүүгийн тайлан гарч ирэх ёстой байхад 2007-2017 оны тайлан тэс өөр байгаа. Санхүүгийн тайланд яагаад өөрчлөлт орж байна вэ гэхээр үйл ажиллагаа явуулж байгаа болоод өөрчлөлт орж байгаа. Дунд нь ямар өөрчлөлт орж байгаа нь хэрэгт өгсөн баримтаас харагддаггүй. Өлзий Икаунт аудитын газар нь 2014.05.07-ны өдөр ******* ХХК-ийн санхүүгийн тайланд аудитын шалгалт хийсэн, уг тайлангаас 2012 оны тайлан нь 2017 оны тайлангаас бараг зөрүү байхгүй, татварын орлого хэрхэн яаж бүртгэсэн талаар мэдээлэл байхгүй. Харин татвараа хэрхэн яаж төлсөн талаар тусгасан байсан. 2013 оны санхүүгийн тайлан тэс өөр байгаа нь уг компанид үйл ажиллагаа явуулж байсан талаар нотолж байгаа. Эдгээр өр төлбөр нь Анод банканд төлөх өр төлбөртэй ямар холбоо байна, 2006 онд гарсан шийдвэрийг 2017 оны өр төлбөртэй холбон тайлбарлаад байгаа вэ гэдэг нь ойлгомжгүй, үүний талаар ямар ч нотолгоо байхгүй, тэр бүү хэл тайлбараа ч хэрэгт өгөөгүй. Хадгаламж банкны эрх хүлээн авагчийн шийдвэрийн гүйцэтгэлийн ажиллагаанд шүүхийн шийдвэрийн дагуу ******* ХХК-аас авах өр төлбөрийн ажиллагаа өнөөдрийг хүртэл явагдаж байгаа. 2006 оноос хойш явагдаж байгаа ажиллагаа дуусаагүй байхад ******* ХХК нь дампууруулах хүсэлтдээ огт дурдаагүй, төөрөгдүүлсэн үйл ажиллагаанаас нь болж Анод банкны эрх хүлээн авагч энэ талаар мэдээллийг саяхан олж мэдсэн. Яагаад тусгаагүй вэ гэсэн тайлбартаа өр төлбөрөө төлсөн гэж бодсон гэсэн тайлбарыг хийдэг. Бүхэл бүтэн 547,000,000 гаран төгрөгийн шүүхийн шийдвэр гарчихсан, энэ өр төлбөр нь төлөгдөж дуусаагүй байхад мартсан гэдэг үг хэлээд мартчих асуудал биш, үүнийг ******* ХХК мэдэж байсан гэж үзэж байгаа. Цаашлаад хэдэн ч ийм шүүхийн шийдвэр байхыг үгүйсгэхгүй, хэдэн шийдвэр нуун дарагдуулсан талаар бид мэдэхгүй байна, байх магадлалтайг энэ үйл баримтаараа харуулж байна. Дүгнэн харах юм бол энэ өр төлбөрийг төлөх сонирхол байхгүй байгаа нь л харагдаж байна. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт байгаа тэр бүү хэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байхад дампуурах хүсэлт өгч байгаа нь хүлээсэн үүргээсээ бултах, энэ өр төлбөрийг дуусгавар болгох, холбогдох этгээдүүдийг хохироогоод хаях санаа байгааг илэрхийлээд байна. Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой, ******* ХХК нь дампууруулах хүсэлт гаргаж компаниа дампууруулснаар өр төлбөрийн асуудал, хариуцлагаас зугтааж, хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй учир ******* ХХК-ийг дампууруулах үндэслэл байхгүй гэж үзэж байна. Хэрэв дампууруулах шүүхийн шийдвэр гарах юм бол эрх хүлээн авагч нь тухайн өр төлбөрийг барагдуулах ямар нэгэн арга хэмжээ авах боломжгүй болох тул ******* ХХК-ийн дампууруулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Анод банкны шаардах эрхийг шилжүүлэн авагч Монгол банкны төлөөлөгч М.Батсайханы шүүхэд гаргасан тайлбарт: Анод банкны шаардах эрхийг Монгол банк шилжүүлэн авсан. Тухайн үед бульдозер, тоолуураас гадна дуусаагүй барилгыг барьцаанд тавьсан. Дуусаагүй барилгатай холбоотой хөрөнгө ямар байдалтай байсан талаар хэрэг гүйцэтгэгч хангалттай судалгаа хийгээгүй гэж үзэж байгаа. Санхүүгийн 2017 оны тайланд дурдаагүй урт хугацааны хөрөнгө оруулалттай холбоотой асуудлыг тодруулах шаардлагатай байгаа. Иймд ******* ХХК-ийг дампууруулах боломжгүй гэж үзэж байна гэжээ.

 

Хэрэг гүйцэтгэгч А.Энхболдын шүүхэд гаргасан дүгнэлтэд: 2018.03.26-ны өдрийн 04353 тоот захирамжаар ******* ХХК-ийн хүсэлттэй дампуурлын тухай хэрэгт хэрэг гүйцэтгэгчээр, шүүгчийн 2018.09.04-ний өдрийн 148480 тоот захирамжаар хэрэг гүйцэтгэгчээр томилогдон Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан ажиллагааг хийж гүйцэтгэсэн. Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт гаргасан. ******* ХХК нь улсын бүртгэлийн 90130012 дугаартай 2440336 тоот регистрийн дугаартай бөгөөд Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын гудамж, 10-02 тоот хаягтай байранд ажиллахаар 2003.02.07-ны өдөр 1 гишүүнтэйгээр байгуулагдсан компани юм. Одоо Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлаж байгаа. Компанийн үүсгэн байгуулагч Д.Наранбаатар бөгөөд 100 хувийн хувьцаа эзэмшдэг. Хүсэлт гаргагчийн санхүүгийн тайлан баланстай танилцаж дүгнэлт гаргасан. Төлбөрийн чадваргүй болон санхүүгийн тогтворгүй асуудал дээр ******* ХХК нь санхүүгийн чадваргүй болж цаашдаа үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Санхүүгийн тогтвортой байдлыг 50 хувиас багагүй байвал тогтвортой байна гэж үздэг. Гэтэл энэ компанийн хувьд 10-15 хувьтай байгаа нь санхүүгийн байдал тогтвортой бус байна. Өөрөөр хэлбэл, өр төлбөрийг барагдуулах төлбөрийн чадвар байхгүй байгаа нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. Мөн тус компанийн санхүүгийн баримтад дампуурлын 5 төрлийн шинжилгээ хийж үзэхэд төлбөрийн чадваргүй, дампуурах магадлал маш өндөр болох нь тогтоогдсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэмэлтээр Хадгаламж банктай холбоотой нэхэмжлэл гаргаж байсан байдаг. Тус хэрэгт хэрэг гүйцэтгэгчээр томилогдон шүүгчийн захирамжийн дагуу ажиллахдаа Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хуваарьт эд хөрөнгө байгаа эсэх, Дампуурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр бусад тооцох хэлцлүүд байгаа эсэхийг тодруулах зорилгоор ажилласан. Үүнтэй холбоотой арилжааны банкуудаас лавлагаа авахад уг лавлагаагаар 19429.27 төгрөгийн үлдэгдэлтэй барьцаанд байгаа хөрөнгүүд ирээгүй ба төлбөрийн чадваргүй болж дампуурах магадлал өндөр байсан. ******* ХХК-ийн санхүүгийн 2013-2017 оны жилийн эцсийн тайлангийн үзүүлэлтээс харахад 2004-2007, 2014-2017 оны жилийн эцсийн тайлангаар 181,531,000 төгрөгөөс 1,630,617,858 төгрөг болж өссөн өр төлбөрт орсон. Шүүгчийн захирамжийн дагуу холбогдох байгууллагаас лавлагаа авахад хуваарьт эд хөрөнгө байхгүй, хүчин төгөлдөр бус хэлцэл тогтоогдоогүй. ******* ХХК-ийн төлбөрийн чадвартай эсэхийг тооцохдоо Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өөрийн хөрөнгийн 10-с доошгүй хөрөнгөтэй, үүргээ хуульд болон гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно гэсэн байгаа. Тус компани нь 2004 оноос өр төлбөртэй болж төлбөрийн чадваргүй болсон байгаа. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.03.26-ны өдрийн захирамжаар ******* ХХК-ийг төлбөрийн чадваргүй болохыг тогтоосон. Хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон шалтгааны хувьд 1-рт барилгын засал үйлчилгээний талаар үйл ажиллагаа явуулдаг, үйл ажиллагааны өөр чиглэл байхгүй, зорилго зорилтод эдийн засгийн тооцоолол байгаагүй. 2-рт хөрөнгийн эх үүсвэр бий болгоогүй, хуримтлал үүсгээгүйгээс банкны зээлийн өрийн дарамтад орсон нь үйл ажиллагаа зогсох үндэслэл болсон. Компанийн хувьцаа эзэмшигч нь компанид хөрөнгө оруулалт хийх, зээлээ хугацаанд нь төлөх талаар санаачлагагүй ажилласны улмаас үйл ажиллагаа нь доголдож санхүүгийн тогтвортой хэвийн үйл ажиллагаа алдагдаж цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Удирдлагын үйл ажиллагааны хувьд ******* ХХК-ийн удирдлага нь удирдлагын ур чадваргүй, санхүүгийн мэдлэггүй, үйл ажиллагаанаас орж ирсэн орлогыг төлөвлөгөөгүй зарцуулсан, эргэлтийн хөрөнгийн хуримтлал үүсгээгүй, бусдад өгөх төлбөр тооцоог цаг тухайд барагдуулаагүй, гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон зэрэг үйл ажиллагааны нөхцөл хүндэрч компани дампуурах үндэслэл болсон. Нэхэмжлэлийн тухайд БГД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар ******* ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож хуульд заасан үндэслэлтэй нэхэмжлэлийг 2018.08.17-ны дотор шүүхэд хүлээн авч, 2018.09.04-ний өдөр хуралдуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу шүүхэд өгсөн нэхэмжлэл байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн лавлагаагаар хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг гаргасны дараа нэхэмжлэлтэй холбоотой баримтууд ирүүлсэн. Уг баримтаар Хадгаламж банк ХХК-д банкны эрх хүлээн авагчийн төлбөл зохих ёстой 328,378,887 төгрөг, Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2006.02.13-ны өдрийн 243 тоот захирамжтай Анод банкны 1,483,135,000 төгрөгийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа тус тус хийгдэж байгаа. ******* ХХК нь дампуурсанд тооцсон талаар Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж үйл ажиллагаа цааш явуулахгүй татан буулгаснаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл хариуцагчийн хүсэлтийг захирамж гарган тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан байдаг. Нэхэмжлэгч, хариуцагч, хэрэг гүйцэтгэгч уг хугацаанд дахин дүгнэлт хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргаагүй болно. Хэргийн материалд тус компанийн шүүхэд ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, бусад баримтуудыг үндэслэн ******* ХХК нь 2004 оноос төлбөрийн чадваргүй болж өнөөдрийг хүртэл өр төлбөрийг барагдуулаагүй байгаа тул Дампуурлын тухай хуульд заасны дагуу дампуурсанд тооцож, татан буулгах санал оруулж байна гэжээ.

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2019/01297 дугаар шийдвэрээр: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.10, 1551 дугаар зүйлийн 1551.1 дэх хэсэгт заасныг баримтлан дампуурсанд тооцож, татан буулгахыг хүссэн ******* ХХК-ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1490 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2019/01297 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэнбилэгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.07-ны өдрийн 102/ШШ2019/01297 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.08.09-ний өдрийн 1490 тоот магадлалыг үл зөвшөөрч хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. Шүүхийн шийдвэрт Хадгаламж банкны эрх хүлээн авагчаас ******* ХХК нь шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрөөс 328,371,887 төгрөгийн үлдэгдэлтэй уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа үндэслэлээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан байна. Мөн Анод банкны эрх шаардах эрхийг Монгол банканд шилжүүлэн авсан үндэслэлээр Монгол банк хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасныг шүүх хүлээн авчээ гэжээ. Дампуурлын маргааныг нарийвчлан зохицуулсан хууль нь Дампуурлын тухай хууль бөгөөд уг хуульд нэхэмжлэгч болон хариуцагчаас өөр оролцогчийг дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар хуульчлаагүй болно. Өөрөөр хэлбэл, дампуурлын хэргийг шийдвэрлэхдээ өөр бусад оролцогчийг оролцуулах хууль зүйн боломж байхгүй бөгөөд хэдийгээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т гуравдагч этгээдээр оролцуулах заалт байгаа хэдий ч энэ нь хуульд заасан нэхэмжлэлийн шаардлага гаргах хугацаанд нэхэмжлэл гаргаагүй нэхэмжлэгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах тухай заалт биш юм. Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1. Харилцагч тал хариуцагчтай холбоотой нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд гаргана." гэж заасан байдаг бөгөөд нэхэмжлэгч энэхүү хугацаанд нэхэмжлэл гаргаагүй харин гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон билээ. Дампуурлын маргаанд нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгч болон хариуцагчийн эрх, үүргийг зохицуулсан байдаг бөгөөд өөр этгээд нэхэмжлэгч болон хариуцагчийн үйл ажиллагаа, төлбөрийн хэмжээ болон нэхэмжлэлийн үндэслэл, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийн талаар санал гомдол илэрхийлэх эрхийг хуульчлаагүй юм. Гэтэл маргаан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдаанд хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт болон нэхэмжлэлийн хэмжээ, нотлох баримтуудын талаарх тайлбар үндэслэлийг гуравдагч этгээдийн зүгээс илэрхийлж дампуурлын маргаанд оролцож байгаа нь Дампуурлын тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна. Ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч байх этгээдүүдийг гуравдагч этгээдээр оролцуулсан нь хүсэлт гаргагчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн ажиллагаа юм.

2. Шүүхийн шийдвэрт ...Хариуцагчийн Монгол банканд төлөх өр төлбөрийн хэмжээг шүүх тогтоох боломжгүй байна... гэжээ. Магадлалд мөн ...төлбөрийн шаардах эрхийг шилжүүлэн авсан Монгол банк нь 1,500,343,000, 1,208,076,553, 1,375,000,000 гэж өөр өөрөөр тодорхойлжээ. Түүнчлэн барьцаа хөрөнгөнөөс 8060, $070 бульдозер, 1561 улсын дугаартай автомашин хэний өмчлөлд байгаа, өр төлбөрт тооцох боломжтой эсэх нь тодорхойгүй байна." гэжээ. Шүүх 2018.06.26-ны өдрийн 102/Ш32018/09189 тоот захирамжаар төлбөрийн чадваргүйд тооцсон бөгөөд ийнхүү төлбөрийн чадваргүйд тооцсоноор шүүх цаашид дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампууруулах эсэх асуудлыг л хэлэлцэн шийдвэрлэх хуулийн зохицуулалттай билээ. Төлбөрийн чадваргүй болохыг олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж улмаар төлбөрийн чадваргүй асуудлыг шүүх шийдвэрлэсэн болно. Гэтэл төлбөрийн чадвартай эсэх асуудлыг татан буулгах, эсхүл дахин хөрөнгөжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх шүүх хуралдаанд дахин хэлэлцэж төлбөрийн чадваргүй болохоо нотлоогүй гэсэн үндэслэлээр Иргэний хуулийн 115.2.3-т заасныг үндэслэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, тухайн дампуурлын хэрэгт нотолбол зохих асуудал нь Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно." гэж заасны дагуу төлбөрийн чадвартай эсэх нөхцөл байдлыг тодорхойлох шаардлагатай юм. Харин төлбөр төлөх хөрөнгө, хаана байгаа тухайн хөрөнгийг хаашаа шилжүүлэх асуудал нь Дампуурлын тухай хуулийн 34 болон 35 дугаар зүйлд заасан журмын дагуу тоологдож бүртгэгдэж, улмаар хуваарилагдах ёстой бөгөөд энэхүү ажиллагаа нь тухайн аж ахуйн нэгжийг татан буулгасны дараа хийгдэх ажиллагаа билээ. Гэтэл шүүх хөрөнгийн өмчлөл болон нэхэмжлэлийн хэмжээний бага зэрэг зөрүүтэй нөхцөл байдлыг үндэслэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж болно. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.3-т заалт нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тухай заалт бөгөөд *******" ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргаагүй хүсэлт гаргаж шийдвэрлүүлж байгаа билээ.

3. Шүүхийн шийдвэрт ...Зарим хөрөнгүүдийг өмчлөлдөө байгаа эсэх талаар хүсэлтдээ дурдаагүй,... Дампуурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 7.1.3, 7.1.4-т заасан шаардлагыг биелүүлээгүй, эргэлтийн хөрөнгийн хэмжээ тодорхойгүй, өр төлбөрийн хэмжээ тодорхойгүй, төлбөрийн чадваргүй болсноо нотлоогүй гэжээ. Дампуурлын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу шаардлагатай баримтыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд үүний дагуу төлбөрийн чадваргүйд тооцож захирамж гаргасан билээ. Өр төлбөрийн хэмжээний тухайд аль нэг тал төлбөрийн хэмжээ дээр маргаагүй, Анод банк болон Хадгаламж банк-д төлөх өр төлбөртэй талаар хангалттай баримтууд байгаа бөгөөд энэ талаар хэрэг гүйцэтгэгч өөрийн дүгнэлтдээ хангалттай тусгасан болно. Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно. гэж заасан байдаг бөгөөд эргэлтийн хөрөнгийн хэмжээ төлбөрийн чадваргүйд тооцоход харгалзан үзэх үндэслэл болохгүй билээ. Дээрх тайлбар үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хүсэлтийг хангаж компанийг татан буулгаж өгөхийг хүсье гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

******* ХХК нь Анод банк-ны эрх хүлээн авагчид 1,483,135,000.00 төгрөгийн өр төлбөртэй тул төлбөрийн чадваргүй, дампуурсанд тооцож, татан буулгах хүсэлтийг гаргажээ.

 

Анхан шатны шүүх дампуурсанд тооцож, татан буулгахыг хүссэн ******* ХХК-ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

1. Хариуцагч үүргээ биелүүлж чадахгүй болсныг өөрөө мэдэгдэж, дампуурлын хэрэг үүсгэх хүсэлт гаргавал шүүх дампуурлын хэрэг үүсгэнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.10-д зааснаар ******* ХХК-ийн хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх бөгөөд шүүгчийн 2018 оны 3 сарын 21-ний өдрийн 4164 захирамжаар дампуурлын хэрэг үүсгэж, 2018 оны 3 сарын 26-ны өдрийн 4353 захирамжаар түр хэрэг гүйцэтгэгч томилсон байна.

 

2. Дампуурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар дампуурлын хэрэг үүсгэх тухай хариуцагчийн хүсэлтэд сүүлийн гурван жилийн санхүүгийн тайлан тэнцэл, өмчлөлдөө байгаа, эсхүл итгэмжлэн өмчилсөн эд хөрөнгийн жагсаалт, тэдгээрийн үнэлгээний талаарх санал, нэхэмжлэгчдийн нэр, хаяг, нэхэмжлэгч тус бүрийн авлага буюу гаргуулах төлбөрийн хэмжээ, хариуцагчид төлбөртэй этгээдийн нэр, хаяг, төлбөрийн тухай мэдээллийг хавсаргасан байхыг шаарддаг.

 

Шүүхийн томилсон хэрэг гүйцэтгэгч нь хүсэлт гаргагчийн 2004-2007, 2013-2017 оны санхүүгийн тайлан бусад баримтад үндэслэн өр төлбөрийг 1,483,135,000 төгрөг байхаар тогтоож, өөрийн хөрөнгийн 549.94 хувьтай тэнцэж байх тул төлбөрийн чадваргүй гэсэн дүгнэлт гаргасныг үндэслэн 2018 оны 6 сарын 26-ны өдрийн 9189 захирамжаар ******* ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцжээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар Дампуурлын тухай хуульд зааснаар хариуцагчийг төлбөрийн чадваргүйд тооцсон тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан ба тогтоосон хугацаанд нэхэмжлэл гараагүй боловч энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хадгаламж банкны эрх хүлээн авагч, Анод банкны шаардах эрхийг шилжүүлэн авсан Монгол банк гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргаж, хүсэлт гаргагчийн өр төлбөр, хөрөнгийн талаар хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд дурдсанаас өөр тайлбар, мэдээллийг гаргасан байна.

 

Шүүх өр төлбөртэй холбоотой нэмэлт нөхцөл байдлыг тодруулж санхүүгийн тайланд тусгагдсан 155,364,705 төгрөгийн авлага нь хэнээс, ямар үндэслэлээр авах, барьцааны хөрөнгүүд бодитоор байгаа эсэхийг тогтоолгохоор нэмэлт ажиллагаа хийхийг хэрэг гүйцэтгэгчид даалгасан байна.

Дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн дахин гаргасан 2018 оны 9 сарын 20-ны өдрийн дүгнэлтээр хүсэлт гаргагчийн төлбөрийн өглөг, авлага, хөрөнгийн талаарх нөхцөл байдлыг бүрэн тогтоогдсон гэж үзэхгүй гэж шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

******* ХХК-ийн Анод банктай 2005 оны 6 сарын 24-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2006 оны 2 сарын 13-ны өдрийн 243 дугаар захирамжийн дагуу хийгдэж буй 1,504,676,858 төгрөгийн төлбөртэй холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үлдэгдэл төлбөр нь 1,483,135,000 төгрөг гэж хэрэг гүйцэтгэгч тогтоосон боловч шүүхэд ирүүлсэн баримтаар 1,361,868,858 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байхаар, харин төлбөр шаардах эрхийг шилжүүлэн авсан Монгол банк нь өрийг 1,500,343,000 төгрөг, 1,208,076,553 төгрөг, 1,375,000,000 төгрөг гэж өөр өөр дүнг тодорхойлсон байх тул Монгол банканд төлөх өрийн хэмжээг хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоох боломжгүй гэсэн шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.

 

******* ХХК-ийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 88 дугаар байрны 14,15 тоот орон сууцнаас орж ирэх байрны төлбөрийг авлагад бүртгэж, шүүхийн шийдвэрээр бусдын өмчлөлд шилжсэн байхад шүүхээс томилогдсон хэрэг гүйцэтгэгч нь авлагад бүртгэн, хасалт хийгээгүй, найдваргүй авлагад бүртгээгүй байх бөгөөд уг орон сууцнуудын үнийг борлуулалтаас орох дансны авлага гэж үзэхээргүй, барьцааны хөрөнгөөс SD6D, SD7D бульдозер, 15-61УБД улсын дугаартай автомашин хэний өмчлөлд байгаа, өр төлбөрт тооцох боломжтой эсэх нь тодорхойгүй байна.

 

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдээр оролцсон Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид ******* ХХК-ийн төлөх төлбөрийн хэмжээ тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2018 оны 11 дүгээр сарын 06-ны 3/11436 тоот албан бичигт төлбөр төлөгч *******" ХХК-ийн төлбөрийн үлдэгдэл 549,910,232 төгрөг байна гэсэн бол бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон Хадгаламж банкны эрх хүлээн авагч нь шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрөөс 328,371,887 төгрөгийн үлдэгдэлтэй гэжээ.

 

Иймд хүсэлт гаргагч ******* ХХК-ийн өр төлбөрийн хэмжээг хэрэгт авагдсан баримтын хэмжээнд тогтоох боломжгүй, хүсэлтийг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгохдоо Дампуурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 7.1.3, 7.1.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

3. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь зөв байна.

 

4. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд ...гуравдагч этгээдийг оролцуулсан нь Дампуурлын тухай хуулийг ноцтой зөрчсөн гэжээ.

Хуулийн этгээдийг дампуурсанд тооцох хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан хэлэлцэх ёстой бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.3-т Онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад бусад иргэн, хуулийн этгээдийн эрх хөндөгдсөн тохиолдолд тэдгээр нь гуравдагч этгээдээр оролцож болно гэсэн зохицуулалтад нийцсэн, шүүх мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 29 дүгээр зүйлийн 29.3-т заасныг зөрчөөгүй байна.

 

Түүнчлэн ...Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.3 дахь заалт нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тухай заалт бөгөөд *******" ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргаагүй хүсэлт гаргаж шийдвэрлүүлж байгаа гэсэн гомдлыг мөн хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д заасан үндэслэлээр хангах боломжгүй.

 

Шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 7.1.3, 7.1.4-т заасныг зөрчөөгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2019/01297 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1490 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хүсэлт гаргагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ

 

   ШҮҮГЧ Д.ЦОЛМОН