Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 01488

 

У.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч М.Наранцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/01799 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч У.Г-ийн хариуцагч “МЛ” ХХК-д холбогдуулан гаргасан ээлжийн амралт, ажилгүй байсан хугацааны цалинд нийт 5 558 964 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, тээврийн мэргэжилтнээр ажиллуулахыг хариуцагчид даалгах тухай  нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэл болон нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У.Г нь 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр анх ажилд орж, сарын цалин 500 000 төгрөгийн цалинтай байхаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Компанийн үйл ажиллагаанаас шалтгаалаад хөдөлмөрийн гэрээнд цалинг 500 000 төгрөг гэж бичсэн боловч бодит байдал дээр 1 000 000 төгрөг авч байсныг миний нийгмийн даатгалын дэвтэр болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг нь үүнийг нотолно. Тус компани нь У.Г-г ажилд орсон цагаас эхлэн Хаан банк болон Худалдаа хөгжлийн банкны дансаар цалингаа өгдөг байснаа 2019 он гармагц боломжгүй байна гээд цалин өгөхгүй байсан атлаа сүүлдээ ажил хийлгэхгүй болсон тул санхүүгээсээ нийгмийн даатгалын дэвтрээ авч хартал 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс ажилд авсан мэтээр нийгмийн даатгалын дэвтэрт буруу бичилт хийсэн төдийгүй 2019 онд бичилт хийгээгүйг мэдсэн. У.Г нь тус компанид ажиллахдаа нэг ч удаа зөрчил дутагдал гаргаагүй,  удирдлагаас үүрэг даалгаврыг цаг тухай бүрт гүйцэтгэж, өөрийн ногдсон ажлаа сайн хийж байсан. Ажлаас халсан тушаал гаргаагүй боловч ажлаас халсан гэж хэлээд ажиллуулахгүй байгааг хөдөлмөрийн хууль зөрчсөн гэж үзэж байна. Иймд 2019 оны 1-5 сарын цалин 5 000 000 төгрөг, ажилласан хугацааны ээлжийн амралтын 558 964 төгрөг, нийт 5 558 964 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж, тээврийн мэргэжилтнээр ажиллуулахыг хариуцагчид даалгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг хэрэг нь ажилтан болон ажил олгогч хоорондын хөдөлмөрийн маргаан гэхээс илүүтэйгээр хувь эзэмшигчдийн хоорондын маргаан. У.Г нь 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “МЛ” ХХК-д 30 хувь буюу 200 нэгж 6 000 төгрөгийн хувьцаа эзэмшигч болсон. Ингэхдээ У.Г нь мөнгөн болон биет хөрөнгө оруулалт хийгээгүй өөрийн ажлын оролцоо хөдөлмөрөөрөө хувьцаа эзэмшигч болохоор тохиролцсон. Гэхдээ 2018 оны сүүлээс эхлэн харилцан үл ойлголцол гарах болж, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш ажилдаа ирэхээ больж, улмаар 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр харилцан тохиролцсоны үндсэн дээр өөрийн хүсэлтээр хувьцаа эзэмшигчээс хасагдаж, ажилтан байхаа больсон. У.Г нь 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүйг гэрчлэх бусад ажилчид байгаа ба тухайн үед бид холбогдож уулзаж учраа олон үүссэн асуудлыг шийдэх гэсэн ч завгүй гэсэн шалтгаанаар уулзаж амжихгүй явсаар 2019 оны 02 дугаар сарын 12-нд бид уулзаж эцсийн тохиролцоогоо хийсэн. Тухайн үед У.Г нь байгууллагын эзэмшлийн Тоёота Акуа маркийн 1226 УНЛ улсын дугаартай авто машиныг хувьдаа авах, 2019 оны 1, 2 дугаар сарын цалин болон амралтын мөнгө, нийгмийн даатгал төлөх, мөн дээрээс нь ногдол ашиг авах саналтай байсан боловч энэ нь байгууллагын ашиг орлогын хэмжээтэй харьцуулан ногдол ашиг хэлбэрээр хуваарилахтай нийцэхгүй, хэт ихийг шаардсан байсан тул тэр нөхцөл байдлаа санхүүгийн материалаа үзүүлэн тайлбарласан. Тоёота Акуа маркийн автомашиныг У.Г-д шилжүүлэн өгч бусад саналыг авах боломжгүй байсан ба үүн дээр хувь нийлүүлэгч нар болох У.Г, М.Анар, Б.Оюунболд бид харилцан тохиролцон гар барилцан уулзалт дууссан У.Г  нь хөрөнгө оруулалт хийгээгүй ч ноогдол ашгаас даруй 3 дахин их буюу 12 сая төгрөгийн үнэлгээтэй өмчийг байгууллагын нэр төр, У.Г-ийн эхийн бие муу учир унаа шаардлагатай, мөн цаашид ямар ажил хийх нь тодорхой бус зэрэг асуудлуудтай үлдэж байгаа тул шилжүүлэн өгсөн. У.Г байгууллагын хувь нийлүүлэгч, ажилтнаас өөрийн хүсэлтээр больсон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасныг тус тус баримтлан хариуцагчаас 2 270 075 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас тээврийн мэргэжилтнээр ажиллуулахыг даалгах, 2019 оны 3, 4, 5 дугаар сарын хөлстэй тэнцэх олговор 3 288 889 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,  Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчид 2 270 075 төгрөгийн цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохдоо нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “МЛ” ХХК-д даалгаж, 3 288 889 төгрөгийн цалин хөлстэй тэнцэх олговорт нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн төлсөн 118 850 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 51 271 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийн үндэслэх хэсэгт “МЛ” ХХК-ийн захирлын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/01 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т заасныг үндэслэн У.Г-г тээврийн менежерийн үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байх ба уг тушаалыг ажил олгогч нь ажилтанд танилцуулаагүй гэж нэхэмжлэгч маргасан. Ажил олгогчийн ажилтныг ажлаас чөлөөлөхдөө үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т ажилтан санаачилсан бол хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоно гэж зохицуулсан тул тус үндэслэлд дүгнэлт өгөх нь зүйтэй. Хэрэгт авагдсан “МЛ” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хувь нийлүүлэгч нарын ээлжит бус хурлын протоколд, үүнээс харахад нэхэмжлэгч У.Г  нь Б/01 тушаал гэж огт гараагүй, түүнд өгөөгүй гэдэг нь нотлогдож байна. Хэрэв уг тушаалыг гаргасан байсан, түүнд өгсөн байсан бол нэхэмжлэгч У.Г цалинг нь өгөхгүй, ажиллуулахгүй, ажлаас халсан эсвэл чөлөөлсөн тухай тушаал огт гаргахгүй байгаа талаар нэхэмжлэл гаргахгүй, хариуцагч тал уг тушаалыг шүүхэд хариу тайлбар өгөхдөө хамт гаргаж өгч байгаа нь ойлгомжгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргахад нөхөж 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөр огноолж Б/01 дугаартай тушаал гаргаж ирсэн гэдэг нь давхар нотлогдож байхад шүүх зөв үнэлж дүгнэлт хийгээгүй. Хэрвээ хариуцагч дээрх тушаалыг гаргасан бол У.Г-д гардуулж өгөөд түүнийг нь У.Г  зөвшөөрөхгүй хуульд заасан хугацаанд шүүхэд хандах байсан гэсэн дүгнэлт гарч ирнэ. Гэтэл шүүх “2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш нэхэмжлэгч ажилдаа ирээгүй, ажил үүргээ гүйцэтгээгүй гэх хариуцагчийн тайлбар хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч “МЛ” ХХК-иас 2019 оны 01, 02 дугаар сарын цалин олговор болон 2018 оны ээлжийн амралтын олговрыг тус тус гаргуулах нь зүйтэй. Нэхэмжлэгчийн нэг сарын цалин хөлс болох 1 000 000 төгрөгөөр тооцон 1 сар 17 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорт 1 711 111 төгрөг ээлжийн амралтын олговорт 558 964 төгрөг нийт 2 270 075 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч болон ажилтан нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч У.Г-д дээр цалин хөлстэй тэнцэх олговор олгохдоо нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасч тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв. Иймд дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж тээврийн мэргэжилтнээр ажиллуулахыг даалгах, 2019 оны 03, 04, 05 сарын хөлстэй тэнцэх олговор 3 288 889 төгрөг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй” гэж үзсэн. Мөн МЛ ХХК-ийн нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргахаар нөхөж хийсэн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хувь нийлүүлэгч нарын ээлжит бус хурлын протокол, мөн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн протоколуудыг нотлох баримтад үнэлэн шийдвэрлэсэн нь бодит үнэнд нийцэхгүй. Учир нь дээрх өдрүүдэд хурал болоогүй, У.Г  оролцоогүй байхад шүүгч шүүх хуралдаан дээр У.Г-г тулган хурлын протоколын агуулгын зөв юм уу, хувьцаа эзэмшигчээсээ татгалзсан нь үнэн ажлаасаа гарна гэсэн нь худлаа гээд байгаа юм уу гэж асуусан ба У.Г нь хувьцаа эзэмшигчээсээ татгалзсан нь үнэн ажлаасаа гарах хэсэг нь худлаа байна гээд байхад зөвхөн хэт нэг талыг барьж түүнийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь үндэслэлгүй. Тухайлбал, нэхэмжлэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хувьцаа эзэмшигчээс чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн харин ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлээгүй тус хурлын протоколын ажлаас чөлөөлөгдөнө гэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байх боловч тус тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй гэсэн. Гэтэл нэхэмжлэгч У.Г нь өөрийгөө хэдий үеэс ажиллаж, хэдий үеэс ажиллуулахгүй болсныг Вичат мессенжерт үзлэг хийлгэхэд 2019 оны 01 дүгээр сарын 11 гэхэд ажиллаж байсан, 3 дугаар сарын 11 хүртэл ажиллаж байсан ба ажил өгөхгүй байсан нь нотлогдож байхад шүүх нэхэмжлэгч ажил үүргээ гүйцэтгэж байсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй гэсэн нь дээрх эргэлзээг давхар нотолж байгаа ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой эргэлзээгүй талаас нв үнэлээгүй. Нэхэмжлэгч талтай ашиг сонирхлын зөрчилтэй хариуцагчийн 50 хувийн хувьцаа эзэмшигч төдийгүй компанийн үүсгэн байгуулагч болох М.Анараас гэрчийн мэдүүлэг авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8.1-д заасныг зөрчсөн тул нотлох баримт гэж үзэхгүй. Улсын Дээд шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 03-ны 33 дугаар тогтоолын 15-д ажлаас халсан тухай шийдвэр гаргаагүй атлаа ажилтны ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй бол тухайн үеийн цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу ажилтанд олгоно гэсэн байдаг. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт хариуцагч МЛ компаниас 2 270 075 төгрөгийг гаргуулж У.Г-д олгож гэдгийг хэвээр үлдээж харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас тээврийн мэргэжилтнээр ажиллуулахыг даалгах, 2019 оны 3, 4, 5 дугаар сарын хөлстэй тэнцэх олговор 3 288 889 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэсэнг өөрчилж олгуулахаар гэж, 2 дахь хэсэгт заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан У.Г-д 2 270 075 төгрөгийн цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохдоо нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “МЛ” ХХК-д даалгаж гэснийг хэвээр үлдээж, 3 288 889 төгрөгийн цалин хөлстэй тэнцэх олговорт нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “МЛ” ХХК-д даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч У.Г нь хариуцагч “МЛ” ХХК-д холбогдуулан 2019 оны 1-3 дугаар сарын цалин хөлсөд 3 000 000 төгрөг, ажилласан хугацааны ээлжийн амралтын олговор 558 964 төгрөг, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, урьд эрхэлж байсан тээврийн мэргэжилтнээр ажиллуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр тээврийн мэргэжилтний албан тушаалд сарын цалин 500 000 төгрөг гэж тохиролцон хөдөлмөрийн гэрээ байгуулсан, 2019 оны 01 дүгээр сараас цалин олгохгүй, ажлаас халсан тушаал гаргаагүй атлаа энэ оны 2 дугаар сарын сүүлээр ажил хийлгэхгүй болсон. Хууль бусаар хөдөлмөрлөх эрхийг хязгаарласан гэж,

Харин хариуцагчаас У.Г  нь манай компанийн 30 хувь буюу 200 нэгж, 6 000 төгрөгийн хувьцаа эзэмшигч болсон боловч мөнгөн хөрөнгө оруулалт хийгээгүй, өөрийн ажлын оролцоо, хөдөлмөрөөрөө хувьцаа эзэмшигч болохоор тохиролцсон, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй, өөрийн хүсэлтээр хувьцаа эзэмшигчээс хасагдаж, ажлаас гарсан. Бид компанийн эзэмшлийн автомашиныг ээлжийн амралтын мөнгө, цалин, ногдол ашигт тооцож түүнд шилжүүлэн өгсөн тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ. /хх58/

Ажил олгогч нь У.Г-г 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс тээврийн мэргэжилтний албан тушаалд томилон ажиллуулж байснаа 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасанд үндэслэн ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн байна.

Уг тушаалыг танилцуулаагүй гэж нэхэмжлэгч маргасан боловч 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “МЛ” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн ээлжит бус хурлын тэмдэглэлд “...өөрийн хүсэлтээр компанийн хувь эзэмшлээс татгалзаж, ажлаасаа гарах хүсэлтэй байна. Ээжийн бие муу, ар гэрт асуудалтай байна, харин Тоёота акуа 1226 УНЛ улсын дугаартай автомашиныг надад шилжүүлж өгнө үү, ...нэг баг болж цааш ажиллах сэтгэл үнэхээр алга автомашиныг хувьдаа авмаар байна” гэж тэмдэглэгдсэн нь хэрэгт баримтаар авагдсан.

Хариуцагч “МЛ” ХХК-ийн У.Г-г 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдрөөс ажилдаа ирээгүй гэх тайлбарыг нэхэмжлэгч няцааж тээврийн мэргэжилтний ажлын байрны чиг үүргийг 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл гүйцэтгэж байсан талаар баримтыг гаргаж, шүүх үзлэгийн тэмдэглэлээр баталгаажуулжээ. Харин У.Г нь 2 дугаар сард ажилласан гэдгээ баримтаар нотлоогүй. Мөн гэрч С.Анар “...У.Г-г ажлаас гарна...” гэж хэлсэн талаар шүүхэд мэдүүлсэн байна.

Нэхэмжлэгч нь тухайн өдөр хурал болоогүй, хуралд оролцоогүй гэх боловч 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хувь эзэмшлээсээ татгалзсан гэдгээ зөвшөөрсөн, мөн компанийн эзэмшлийн автомашиныг түүний өмчлөлд шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.

Иймд У.Г-г ажлаас чөлөөлөгдөх хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзсэн ажил олгогчийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийг тээврийн мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй нь зөв.

Хариуцагч нь автомашиныг хувьцаа эзэмшигчдийн ногдол ашигт тооцож нэхэмжлэгчид шилжүүлсэн хөрөнгө шилжүүлсэн тухай баримт /хх64/ авагдсан тул автомашиныг нэхэмжлэгчийн цалин хөлс, ээлжийн амралтын олговорт өгсөн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

Ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлөхдөө ажил үүргээ гүйцэтгэж байсан хугацааны цалин хөлс, ээлжийн амралтын олговрыг олгоогүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт нийцэхгүй тул шүүх 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс  2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны 1 сар 17 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор 1 711 111 төгрөг, ээлжийн амралтын олговорт 558 964 төгрөг, нийт 2 270 075 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь хууль зүйн үндэслэлтэй.

Харин нэхэмжлэгчийг 2019 оны 3-5 дугаар сард ажил үүргээ гүйцэтгэж байсан гэдгийг эргэлзээгүйгээр нотлох баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.  

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/01799 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67 573 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            А.МӨНХЗУЛ

                                                                  ШҮҮГЧИД                           М.НАРАНЦЭЦЭГ

                                                                                                              А.ОТГОНЦЭЦЭГ