Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2021/00103

 

 

2021 01 28 001/ХТ2021/00103

 

 

 

 

У.Гүррагчаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/01799 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1488 дугаар магадлалтай,

У.Гүррагчаагийн нэхэмжлэлтэй,

Маммот линк ХХК-д холбогдох

 

Ээлжийн амралт, ажилгүй байсан хугацааны олговорт 5,558,964.00 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, тээврийн мэргэжилтнээр ажиллуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч У.Гүррагчаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цэрэнханд, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарт: У.Гүррагчаа нь 2017.08.15-ны өдөр Маммот линк ХХК-д анх ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээ байгуулж сарын 500,000 төгрөгийн цалинтай гэж, 2017.08.15-ны өдрийн 17/02 тоот ажилд авах тухай тушаал гарган тээврийн мэргэжилтэн гэсэн байнгын албан тушаалд томилон тогтоосон. Гэвч компанийн үйл ажиллагаанаас шалтгаалаад хөдөлмөрийн гэрээнд цалинг 500,000 төгрөг гэдгээр гэрээ байгуулсан боловч бодит байдал дээр миний сарын цалин 1,000,000 төгрөг юм. Миний нийгмийн даатгалын дэвтэр болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэргээр энэ нь нотлогдох юм. Тус компани нь У.Гүррагчааг ажилд орсон цагаас эхлэн цалинг нь Хаан банк болон Худалдаа хөгжлийн банкны дансаар нь өгдөг байсан ба гэнэт 2019 он гармагц нь түүний цалинг өгөхгүй болсон ба асуухаар боломжгүй байна өгнө гэдэг болсон, бүр сүүлд энэ оны 2 сарын сүүлээр ажлаас халсан тушаал шийдвэр гаргаагүй байж ажлыг нь хийлгэхгүй болсон байна. Тиймээс өөрийг нь ажиллуулахгүй гэхээр нь санхүүгээсээ нийгмийн даатгалын дэвтрээ авч хартал 2017.12.01-нээс ажилд авсан мэтээр нийгмийн даатгалын дэвтэрт бичилт буруу хийсэн төдийгүй нийгмийн даатгалын дэвтэр болоод эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нь 2019 онд ямар ч бичилт хийгээгүй гэдгийг мэджээ. Тэрээр бодохдоо компанийн санхүүгийн асуудал хүндхэн болоод л миний цалинг одоохондоо өгч чадахгүй байгаа юм байна, нийгмийн даатгалын дэвтэр болоод эрүүл мэндийн даатгалыг минь төлөөд тасалдуулахгүй байгаа байх гэж бодож итгэж байсан. У.Гүррагчаа нь тус компанид ажиллахдаа нэг ч удаа зөрчил дутагдал гаргаж байгаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүрд гүйцэтгэж өөрт нь оногдсон ажлаа маш сайн гүйцэтгэж хийж байсан. Тиймээс ажлаас халсан тушаал, шийдвэр гаргаагүй боловч ажлаас халсан гэж хэлээд ажиллуулахгүй байгааг хөдөлмөрийн хууль зөрчсөн гэж үзэж байна. Уг маргааныг хөдөлмөрийн маргаан таслах урьдчилан шийдвэрлэх комисс байхгүй болно. Иймд Маммот линк ХХК-аас 2019 оны 1, 2, 3, 4, 5 сарын цалин 5 сая төгрөг, ажилласан хугацааны ээлжийн амралтын 558,964 төгрөг, нийт 5,558,964 төгрөгийг гаргуулах, мөн нийгмийн даатгалын дэвтэр болоод эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж, тээврийн мэргэжилтнээр ажиллуулахыг Маммот линк ХХК-д даалгуулахаар тус тус нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч байгууллагын шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Уг хэрэг нь ажилтан болон ажил олгогч хоорондын хөдөлмөрийн маргаан гэхээс илүүтэйгээр хувь эзэмшигчдийн хоорондын маргаан юм. У.Гүррагчаа нь 2017.08.15-нд Маммот линк ХХК-д 30 хувь буюу 200 нэгж 6000 төгрөгийн хувьцаа эзэмшигч болсон. Ингэхдээ У.Гүррагчаа нь мөнгөн болон биет хөрөнгө оруулалт хийгээгүй өөрийн ажлын оролцоо хөдөлмөрөөрөө хувьцаа эзэмшигч болохоор тохиролцсон. Гэхдээ 2018 оны сүүлээс эхлэн харилцан үл ойлголцол гарах болж, 2019.01.07-ны өдрөөс хойш ажилдаа ирэхээ больж, улмаар 2019.02.26-ны өдөр харилцан тохиролцсоны үндсэн дээр өөрийн хүсэлтээр хувьцаа эзэмшигчээс хасагдсан мөн ажилтан байхаа больсон. У.Гүррагчаа нь 2019.01.07-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүйг гэрчлэх бусад ажилчид байгаа ба тухайн үед бид холбогдож уулзаж учраа олон үүссэн асуудлыг шийдэж эцэслэе гэж удаа дараа мэдэгдсэн боловч завгүй гэсэн шалтгаанаар уулзаж амжихгүй явсаар 2019.02.12-ны 16 цагт бид Сүхбаатар дүүрэгт уулзаж эцсийн тохиролцоогоо хийсэн. Тухайн үед У.Гүррагчаа нь байгууллагын эзэмшлийн Тоёота Акуа маркийн УНЛ 1226 улсын дугаартай авто машиныг хувьдаа авах, 2019 оны 1, 2 дугаар сарын цалин болон амралтын мөнгө бодуулж авах, нийгмийн даатгал төлөх, мөн дээрээс нь ноогдол ашиг авах саналтай байсан боловч энэ нь байгууллагын ашиг орлогын хэмжээтэй харьцуулан ноогдол ашиг хэлбэрээр хуваарилахтай нийцэхгүй, хэт ихийг шаардсан байсан тул тэр нөхцөл байдлаа санхүүгийн материалаа үзүүлэн тайлбарласан. Байгууллагын зүгээс Тоёота Акуа маркийн УНЛ 1226 сери дугаартай авто машиныг У.Гүррагчаад шилжүүлэн өгч бусад саналыг авах боломжгүй гэсэн саналтай байсан ба үүн дээр хувь нийлүүлэгч нар болох У.Гүррагчаа, М.Анар, Б.Оюунболд бид харилцан тохиролцон гар барилцан уулзалт дууссан. Тохиролцсон ёсоор У.Гүррагчаа нь хөрөнгө оруулалт хийгээгүй ч ноогдол ашгаас даруй 3 дахин их буюу 12 сая төгрөгийн үнэлгээтэй өмчийг байгууллагын нэр төр, У.Гүррагчаагийн эхийн бие муу учир унаа шаардлагатай, мөн цаашид ямар ажил хийх нь тодорхой бус зэрэг асуудлуудтай үлдэж байгаа гэдэг үүднээс байгууллагын зүгээс шилжүүлэн өгсөн. У.Гүррагчаа байгууллагын хувь нийлүүлэгч, ажилтнаас өөрийн хүсэлтээр больсон. Гэтэл шүүхэд ажлаас үндэслэлгүй халагдсан гэх нэхэмжлэлийг гаргажээ. Байгууллагын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/01799 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55,2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Маммот линк ХХК-иас 2,270,075 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч У.Гүррагчаад олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас тээврийн мэргэжилтнээр ажиллуулахыг даалгах, 2019 оны 3, 4, 5 дугаар сарын хөлстэй тэнцэх олговор 3,288,889 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч У.Гүррагчаад 2,270,075 төгрөгийн цалин хөлстэй тэнцэх олговорыг олгохдоо нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Маммот линк ХХК-нд даалгаж, 3,288,889 төгрөгийн цалин хөлстэй тэнцэх олговорт нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Маммот линк ХХК-д даалгах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч У.Гүррагчаагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,850 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Маммот линк ХХК-иас 51,271 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч У.Гүррагчаад олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1488 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/01799 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2019.06.17-ны өдрийн 101/ШШ2019/01799 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.08.09-ний өдрийн 1488 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна. Үүнд:

1. Шийдвэрийн үндэслэх хэсэгт "... Ажил олгогчийн ажилтныг ажлаас чөлөөлөхдөө үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.1-т ажилтан санаачилсан бол хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоно гэж зохицуулсан тул тус үндэслэлд дүгнэлт өгөх нь зүйтэй гэжээ. Мөн ...Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан 2019.01.02, 01 сарын 14-ний өдрийн хурлын протокол, гэрчийн мэдүүлэг, 2019.02.26-ны өдрийн 01 дугаар Хувьцаа эзэмшигчээс чөлөөлөгдөх тухай тогтоол болон Хөрөнгө шилжүүлэх тухай баримтуудыг харьцуулан дүгнэхэд нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэл зоригтой байсан гэж үзэхээр байна. Хэдийгээр ажилтан У.Гүррагчаа нь хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай хүсэлтийг бичгээр ажил олгогчид гаргааүй боловч энэ талаар хүсэлтээ ажил олгогчид амаар илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй гэсэн байна. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 39.1-д хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно гэж заасан байхад шүүх У.Гүррагчааг ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргасан гэж Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хууль зөрчсөн. УДШ-ийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2006.07.03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 14-т Хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл гэдэгт ажил олгогчиин шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хугацаатай ба хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлнэ. гэсэн.

Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... нэхэмжлэгч нь 2019.01.02-ны өдөр хувьцаа эзэмшигчээс чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн, харин ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлээгүй тус хурлын протоколын ажлаас чөлөөлөгдөнө гэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байх боловч тус тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно. гэжээ. Компанийн тухай хуулийн 74.1-д хувьцаа эзэмшигчдийн хурал дууссанаас хойш ажлын 15 өдрийн дотор хурлын тэмдэглэлийг гаргаж, хурлын дарга гарын үсэг зурах бөгөөд уг тэмдэглэлийн үнэн зөвийг хурлын дарга хариуцана гэсэн байхад хэрэгт авагдсан хурлын тэмдэглэлүүд нь хуульд заасан шаардлагыг хангаагүй өөрөөр хэлбэл, хууль ёсны хүчин төгөлдөр болоогүй тэмдэглэлийг шүүх үнэлсэн. Мөн хуулийн 61.9-д хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэр гаргасан тохиолдолд санал, шаардлага хүлээн авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор тухайн хурлыг хуралдуулна гэж заасан байна. Гэтэл хариуцагч Маммот линк компаниас шийдвэр гэж огт гараагүй байхгүй байгаа. Энэ бүх байдлаас үзэхэд хуралдааны тэмдэглэлийг хуурамчаар нөхөн үйлдсэн болох нь тогтоогдсон байхад гэрч гэж тухайн компанийн хувьцаа эзэмшигч н.Анар худал мэдүүлэг өгч У.Гүррагчааг хуралд оролцсон мэтээр хуурамч нотлох баримт үйлдэн шүүхэд өгсөн гэдэг нь харагдахаар байна. Тиймээс өмгөөлөгч би анхан шатны шүүх хуралдаанд дээрх нотлох баримтыг ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар нотлох баримтаас хасуулах хүсэлтийг анхан шатны шүүх хуралдаанд гаргасан боловч энэ хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй болно.

Мөн нэхэмжлэгч У.Гүррагчаа нь өөрийгөө хэдий үеэс ажиллаж байсныг, хэдий үеэс ажиллуулахгүй болсныг Вичат, мессенжерт үзлэг хийлгэхэд 2019.01.11 гэхэд ажиллаж байсан бөгөөд 03 сарын 11 хүртэл ажиллаж байсан ба түүнд ажил өгөхгүй даалгахгүй байсан нь нотлогдож байхад шүүх "...нэхэмжлэгч ажил үүргээ гүйцэтгэж байсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй... гэсэн атлаа харин хуурамч нотлох баримтуудыг үнэлж шийдвэрийн үндэслэл болгосон нь ИХШХШТХ-ийн 40.1, 40.2-т заасны дагуу нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж чадсангүй.

2. У.Гүррагчаа нь компанийн хувьцаа эзэмшигчээс татгалзсан харин ажлаас чөлөөлөх хүсэлтээ гаргаагүй байхад нь ажил олгогч У.Гүррагчааг ажлаас чөлөөлсөн гэх шийдвэрийг 2019.02.26-ны өдөр гэж огноолж нөхөж гаргасан. Ажил олгогч У.Гүррагчааг ажлаас чөлөөлөх хүсэлт 01 сарын 02-ны хурал дээр гаргасан гэж тэмдэглэл нөхөн үйлдэж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.1-д зааснаар цуцалсан бол түүний өргөдөл хүсэлт гаргасан гэдэг нотлох баримт шүүхэд гаргах ёстой бөгөөд гаргааүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх У.Гүррагчааг компанийн хувь эзэмшигчээс татгалзсаныг ажлаас чөлөөлөгдөх хүсэлт илэрхийлсэн гэж үзэж ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй гэж үндэслэлгүйгээр дүгнэлт хийжээ. Магадлалын хянавал хэсэгт "... автомашиныг хувьцаа эзэмшигчдийн ногдол ашигт тооцож нэхэмжлэгчид шилжүүлсэн хөрөнгө шилжүүлсэн тухай баримт /хх-64/ авагдсан тул автомашиныг нэхэмжлэгчийн цалин хөлс, ээлжийн амралтын олговорт өгсөн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй... гэсэн атал 2019.01.02-ны өдрийн Маммот линк ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлийг хариуцагчийн тайлбар болон хх-60, хх-64-т авагдсан хөрөнгө шилжүүлэх тухай автомашин шилжүүлэх баримт зэргээр үгүйсгэж байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзсэнгүй. Өөрөөр хэлбэл, ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч У.Гүррагчааг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлэхэд ажил олгогч Маммот линк ХХК-ийн зүгээс ямар нэгэн шахалт шаардлага, зүй бус нөлөөл үзүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул түүнийг өөрийн сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай хүсэлтийг гаргасан гэж үзэв гэсэн. Гэтэл нэхэмжлэгч У.Гүррагчаагаас анхан шатны шүүх хуралдаан дээр даргалагч та яагаад хувьцаа эзэмшигчээсээ татгалзах болсон юм бэ? гэсэн асуултанд Б.Оюунболд, М.Анар нар намайг хувьцаа эзэмшигчээсээ татгалзахыг санал болгосон гэж хэлдэг. Энэ байдлаас харахад Маммот линк ХХК буюу ажил олгогч нь У.Гүррагчааг хувьцаагаа өөрөө сайн дураар өгөөгүй юм байна улмаар ажлаас гарах гээгүй гэдгийг ч давхар нотолж байхад шүүх түүнийг хууль зөрчөөгүй өөрөөр хэлбэл, ажил олгогчийн зүгээс ямар нэгэн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл байх учиргүй бөгөөд ажилтан өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр өргөдөл гаргасан гэж дүгнэсэн нь буруу болсон бөгөөд энэ нь ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, ач холбогдолтой байдлаар дүгнэх зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэстэй.

2019.01.02, 01.14-ний өдрийн протоколуудыг нотлох баримтад үнэлэн шийдвэрлэсэн нь бодит үнэнд нийцэхгүй. Учир нь У.Гүррагчаа нь дээрх өдрүүдэд хурал болоогүй, би оролцоогүй гээд бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй /компанийн хуульд зааснаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулах мөн мэдэгдэх гэх мэт хуулиа зөрчсөн баримт/ байхад шүүгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч У.Гүррагчааг тулган хурлын протоколын агуулгыг зөв юм уу, хувьцаа эзэмшигчээсээ татгалзсан нь үнэн ажлаасаа гарна гэсэн нь худлаа гээд байгаа юм уу гэж асуусан ба У.Гүррагчаа нь хувьцаа эзэмшигчээсээ татгалзсан нь үнэн ажлаасаа гарах хэсэг нь худлаа гээд байхад зөвхөн хэт нэг талыг барьж түүнийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хууль зүйн хувьд буруу дүгнэлт болсон гэж үзэж байна. Мөн хэрэгт гэрч М.Анар нь нэхэмжлэгчтэй ашиг сонирхлын зөрчилтэй, хариуцагч Маммот линк компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч төдийгүй компанийн үүсгэн байгуулагчийн нэг болох үүргээ гүйцэтгэх замаар уг хэргийн байдлыг мэдэх болсон зохигчийн төлөөлөгч болох хүн. Маммот линк ХХК нь үүсгэн байгуулагч нь 3 хүн байгаа ба энэ хэрэгт нэг нь нэхэмжлэгч У.Гүррагчаа, нөгөө нь хариуцагч Б.Оюунболд, үлдсэн нь гэрч М.Анар юм. ИХШХШТХ-ийн 43 дугаар зүйлийн 43.8.1-д гэрчээр дуудах буюу мэдүүлэг авч болохгүй гэж заасан байхад М.Анар гэж хүнийг гэрчээр дуудаж мэдүүлэг авч хууль зөрчсөн тул нотлох баримтаар тооцуулахгүй байх үндэслэлтэй атал шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгож хууль зөрчсөн. Улсын дээд шүүхийн 2016.07.03-ны 33 дугаар тогтоолын 15-т Ажлаас халсан тухай шийдвэр гаргаагүй атлаа ажилтны ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй бол тухайн үеийн цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилтанд олгоно гэсэн байдаг. Гэвч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, талуудын маргаанд хамааралтай Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Компанийн тухай хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байгааг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх залруулах боломжтой атал анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт ч оруулахгүй хэвээр нь үлдээж хууль зөрчсөн. Иймд ИХШХШТХ-ийн 176.2.2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.17-ны өдрийн 101/ШШ2019/01799 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт хариуцагч Маммот линк компаниас 2,270,075 төгрөгийг гаргуулж У.Гүррагчаад олгож гэдгийг хэвээр үлдээж, харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас тээврийн мэргэжилтнээр ажиллуулахыг даалгах, 2019 оны 3, 4, 5 дугаар сарын хөлстэй тэнцэх олговор 3,288,889 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг өөрчилж олгуулахаар гэж, 2 дахь хэсэгт заасан ХТХ-ийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч У.Гүррагчаад 2,270,075 төгрөгийн цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохдоо нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Маммот линк ХХК-д даалгаж гэснийг хэвээр үлдээж, 3,288,889 төгрөгийн цалин хөлстэй тэнцэх олговорт нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Маммот линк ХХК-д даалгах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг өөрчилж шаардлагыг хангаж хэмээн өөрчилж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч У.Гүррагчаа нь хариуцагч Маммот линк ХХК-д холбогдуулан 2019 оны 1-3 сарын цалин хөлсөд 3,000,000 төгрөг, ажилласан хугацааны ээлжийн амралтын олговор 558,964 төгрөг, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, урьд эрхэлж байсан тээврийн мэргэжилтнээр ажиллуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ... өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн, харилцан тохиролцож цалин, ээлжийн амралтын мөнгө болон хувьцаа эзэмшигчийн ноогдол ашиг гэж 12,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг өгсөн, нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх хариуцагч Маммот линк ХХК-иас 2,270,075 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч У.Гүррагчаад олгож, олгох мөнгөний хэмжээнд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид Маммот линк ХХК-нд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас тээврийн мэргэжилтнээр ажиллуулахыг даалгах болон 2019 оны 3-5 сарын хөлстэй тэнцэх олговор 3,288,889 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

1. Зохигчдын хооронд үүссэн маргаанд хоёр шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д нийцсэн байна.

 

Хэргийн баримтаас үзвэл Маммот линк ХХК нь У.Гүррагчаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2017 оны 8 сарын 15-ны өдрөөс тээврийн мэргэжилтний албан тушаалд томилон ажиллуулж байсан, 2019 оны 02 сарын 26-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн байна.

 

Анхан шатны шүүх зохигчдын тайлбар, хөдөлмөрийн гэрээ, ажлаас чөлөөлсөн тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Маммот линк ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн ээлжит бус хурлын тэмдэглэл, шүүхийн үзлэгийн тэмдэглэл, гэрч С.Анарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, зохигчдын хооронд үүссэн маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэглэх ёстой зүйл, заалтыг зөв хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн гэж үзнэ.

 

2. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримтын хүрээнд шүүх хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т нийцнэ.

 

Хариуцагч нь 12,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг нэхэмжлэгчийн цалин хөлс, ээлжийн амралтын олговор, хувьцаа эзэмшигчийн ноогдол ашигт тооцож нэхэмжлэгчид шилжүүлсэн, хөдөлмөрийн маргаанаас илүү хувь эзэмшигчдийн маргаан гэсэн тайлбар гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг зөв тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн байх тул компанийн хувьцаа эзэмшигчээс чөлөөлсөн шийдвэртэй холбоотой үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүйг буруутгах үндэслэлгүй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Хэрэгт авагдсан 2019 оны 01 сарын 02-ны өдрийн хувь нийлүүлэгчдийн хурлын тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг, компанийн эзэмшлийн Тоёота Акуа маркийн УНЛ1226 дугаартай автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн зэрэг баримтыг шүүх зохигчдын тайлбартай харьцуулан дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчөөгүй байх тул ...У.Гүррагчааг ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргасан гэж Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хууль зөрчсөн тухай нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй.

 

Нэхэмжлэгч нь гомдолдоо ... хууль ёсны хүчин төгөлдөр болоогүй хурлын тэмдэглэлийг шүүх үнэлсэн гэсэн боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан баримт гаргаагүй байна.

 

Гэрч М.Анар нь хариуцагчийг төлөөлж эрх зүйн маргаанд оролцож байсан тухай баримт хэрэгт авагдаагүй байх тул ...Анар гэж хүнийг гэрчээр дуудаж мэдүүлэг авч хууль зөрчсөн гэсэн гомдол үндэслэлгүй, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.8.1-д заасныг зөрчөөгүй байна.

 

Иймээс шүүхийн шийдвэр, магадлалд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах өөрчлөлт оруулахаар гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/01799 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1488 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,573.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ

 

ШҮҮГЧ Д.ЦОЛМОН