Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 001799

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн УЗ90032257 регистрийн дугаартай, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 25 байр, 3а тоотод оршин суух Лхагвасүрэн овогт У. Г-гийн нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Монгол улсын хуулийн этгээд 6180728 регистрийн дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Норт центр 111 тоотод оршин байх, “М линк” ХХК-д холбогдох,

Ээлжийн амралт, ажилгүй байсан хугацааны цалинд нийт 5,558,964 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, тээврийн мэргэжилтнээр ажиллуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.Г-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бнар оролцов.            

                                              

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

У.Г- нь 2017 оны 08 сарын 15-ны өдөр “М Линк” ХХК -д анх ажилд орсон. Намайг анх ажилд ороход хөдөлмөрийн гэрээ байгуулж гэрээндээ сарын үндсэн цалин 500,000 төгрөгийн цалинтай гэж 2017.08.15-ны өдрийн №17/02 тоот ажилд авах тухай тушаал гаран тээврийн мэргэжилтэн гэсэн байнгын албан тушаалд томилон тогтоосон. Гэвч Компанийн үйл ажиллагаанаас шалтгаалаад хөдөлмөрийн гэрээндээ цалинг 500,000 төгрөг гэдгээр гэрээ байгуулсан боловч бодит байдал дээр миний сарын цалин 1,000,000 төгрөг юм. Миний нийгмийн даатгалын дэвтэр болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэргээр энэ нь нотлогдох юм. Тус компани нь У.Г-г ажилд орсон цагаас эхлэн цалинг нь дансаар Хаан банк болон Худалдаа хөгжлийн банканд байнга дансаар нь цалингаа өгдөг бэлнээр бус байсан байдаг гэнэт 2019 он гармагц нь түүний цалинг өгөхгүй болсон ба асуухаар боломжгүй байна өгнө гэдэг байсан, бүр сүүлдээ буюу энэ оны 2 сарын сүүлээр ажлаас халсан тушаал шийдвэр гаргаагүй байж ажлыг нь хийлгэхгүй болсон байна. Тиймээс өөрийг нь ажиллуулахгүй гэхээр нь санхүүгээсээ нийгмийн даатгалын дэвтрээ авч хартал 2017 оны 12 сарын 01-ээс ажилд авсан мэтээр нийгмийн даатгалын дэвтэрт бичилт буруу хийсэн төдийгүй нийгмийн даатгалын дэвтэр болоод эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нь 2019 онд ямар ч бичилт ч хийгээгүй гэдгийг мэджээ. Тэрээр бодохдоо компанийн санхүүгийн асуудал хүндхэн болоод л миний цалинг одоохондоо өгч чадахгүй байгаа юм байна нийгмийн даатгалын дэвтэр болоод эрүүл мэндийн даатгалыг минь төлөөд тасалдуулахгүй байгаа байх гэж бодож итгэж байсан юм. У.Г- нь тус компанид ажиллахдаа нэг ч удаа зөрчил дутагдал болон удирдлагаас үүрэг даалгаврыг цаг тухай бүрд гүйцэтгэж өөрт нь оногдсон ажлаа маш сайн гүйцэтгэж хийж байсан. Тиймээс л ажлаас халсан тушаал шийдвэр гаргаагүй боловч ажлаас халсан гэж хэлээд ажиллуулахгүй байгааг хөдөлмөрийн хууль зөрчсөн гэж үзэж байна. Уг маргааныг хөдөлмөрийн маргаан таслах урьдчилан шийдвэрлэх комисс байхгүй болно. Иймд “М Линк” ХХК-аас 2019 оны 1, 2, 3, 4, 5 сарын цалин 5 сая төгрөг, ажилсан хугацааны ээлжийн амралтын 558,964 төгрөг, нийт 5,558,964 төгрөгийг мөн нийгмийн даатгалын дэвтэр болоод эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж, тээврийн мэргэжилтнээр ажиллуулахыг “М Линк” ХХК-д даалгуулахаар тус тус нэхэмжлэлийг гаргаж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Уг хэрэг нь ажилтан болон ажил олгогч хоорондын хөдөлмөрийн маргаан гэхээс илүүтэйгээр хувь эзэмшигчдийн хоорондын маргаан юм. У.Г- нь 2017 оны 8 дугаар сарын 15-нд М Линк ХХК-д 30% буюу 200 нэгж 6000 (зургаан мянга) төгрөгийн хувьцаа эзэмшигч болсон. Ингэхдээ У.Г- нь мөнгөн болон биет хөрөнгө оруулалт хийгээгүй өөрийн ажлын оролцоо хөдөлмөрөөрөө хувьцаа эзэмшигч болохоор тохиролцсон. Гэхдээ 2018 оны сүүлээс эхлэн харилцан үл ойлголцол гарах болж, 2019 оны 01-р сарын 07-ны өдрөөс хойш ажилдаа ирэхээ больж, улмаар 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр харилцан тохиролцсоны үндсэн дээр өөрийн хүсэлтээр хувьцаа эзэмшигчээс хасагдсан мөн ажилтан байхаа больсон. У.Г- нь 2019 оны 1-р сарын 7-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүйг гэрчлэх бусад ажилчид байгаа ба тухайн үед бид холбогдож уулзаж учраа олон үүссэн асуудлыг шийдэж эцэслэе гэж удаа дараа мэдэгдсэн боловч завгүй гэсэн шалтгаанаар уулзаж амжихгүй явсаар 2019 оны 02-р сарын 12-ны 16 цагт бид Сүхбаатар Дүүрэг дэх “ЭМ БИ” паб-д уулзаж эцсийн тохиролцоогоо хийсэн. Тухайн үед У.Г- нь байгууллагын эзэмшлийн Тоёота Акуа маркийн УНЛ 1226 сери дугаартай авто машиныг хувьдаа авах, 2019 оны 1, 2 дугаар сарын цалин болон амралтын мөнгө бодуулж авах, нийгмийн  даатгал төлөх, мөн дээрээс нь ноогдол ашиг авах саналтай байсан боловч энэ нь байгууллагын ашиг орлогын хэмжээтэй харьцуулан ноогдол ашиг хэлбэрээр хуваарилахтай нийцэхгүй, хэт ихийг шаардсан байсан тул тэр нөхцөл байдлаа санхүүгийн материалаа үзүүлэн тайлбарласан. Байгууллагын зүгээс Тоёота Акуа маркийн УНЛ 1226 сери дугаартай авто машиныг У.Г-д шилжүүлэн өгч бусад саналыг авах боломжгүй гэсэн саналтай байсан ба үүн дээр хувь нийлүүлэгч нар болох У.Г-, М.Анар, Б.Оюунболд бид харилцан тохиролцон гар барилцан уулзалт дууссан. Тохиролцсон ёсоор У.Г- нь хөрөнгө оруулалт хийгээгүй ч ноогдол ашгаас даруй 3 дахин их буюу 12 сая төгрөгийн үнэлгээтэй өмчийг байгууллагын нэр төр, У.Г-гийн эхийн бие муу учир унаа шаардлагатай, мөн цаашид ямар ажил хийх нь тодорхой бус зэрэг асуудлуудтай үлдэж байгаа гэдэг үүднээс байгууллагын зүгээс шилжүүлэн өгсөн. У.Г- байгууллагын хувь нийлүүлэгч, ажилтнаас өөрийн хүсэлтээр больсон. Гэтэл шүүхэд ажлаас үндэслэлгүй халагдсан гэх нэхэмжлэлийг гаргажээ. Байгууллагын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно гэв.

 

     Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

      ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч У.Г- нь хариуцагч “М линк” ХХК-д холбогдуулан ээлжийн амралт ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 5,558,964 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, тээврийн мэргэжилтнээр ажиллуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлээ “... ажил олгогч нь хуульд зааснаар ажлаас халж, чөлөөлсөн тушаал гаргаагүй боловч 2019 оны 02 дугаар сарын сүүлээс ажил хийлгэхгүй, ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн ... ” гэж тодорхойлсон.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ “... ажилтны өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн бөгөөд харилцан тохиролцож түүний ар гэрийн шалтгааныг харгалзан үзэж цалин, ээлжийн амралтын мөнгө болон хувьцаа эзэмшигчийн ноогдол ашиг гэж 12,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг шилжүүлж өгсөн тул хүлээн зөвшөөрөхгүй ... гэж тайлбарласан.

Ажил олгогч “М линк” ХХК-ийн захирлын 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 17/02 дугаар тушаалаар У.Г-г тус компанид тээврийн мэргэжилтний ажил албан тушаалд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн хөлс төлж байсан болох нь зохигчдын тайлбар, ажилд авах тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажилтны нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргээр нотлогдож байхаас гадна энэхүү үйл баримтын талаар талууд маргаагүй. /х.х-ийн 5-11 дахь талд/

“М линкТэгш дүүрэн хүслэн” ХХК-ийн захирлын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/01 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалтыг үндэслэн У.Г-г тээврийн менежерийн үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байх ба уг тушаалыг ажил олгогч нь ажилтанд танилцуулаагүй гэж нэхэмжлэгч маргасан. /х.х-ийн 59 дэх талд/

Ажил олгогчийн ажилтныг ажлаас чөлөөлөхдөө үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т “ажилтан санаачилсан” бол хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоно гэж зохицуулсан тул тус үндэслэлд дүгнэлт өгөх нь зүйтэй.

Хэрэгт авагдсан “М линк” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хувь нийлүүлэгч нарын ээлжит бус хурлын протоколд “... Энэ дутагдлуудыг хүлээн зөвшөөрч байна. Нэгэнт ийм үйлдэл гаргаж явсан учраас засна гэж амлаж чадахгүй байна. Иймд өөрийн хүсэлтээр компанийн хувь эзэмшлээс татгалзаж, ажлаасаа гарах хүсэлтэй байна. Ээжийн бие муу ар гэрт асуудалтай байгаа болохоор ажилдаа сэтгэл гаргаагүй нь үнэн. Харин та бүхэн компанийн нэр дээр байгаа ажилд унаж байгаа Тоёота Акуа маркийн УНЛ 12-26 машиныг шилжүүлж өгнө үү. Тэгээд л ажлаасаа гарья ... “ гэж, мөн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний протоколд “ ... 01 сарын 02-нд ярилцаж тохиролцсоноос хойш Г- нь нөхцөл байдлыг өөрөөр эргүүлж өөрийн дураар аашилж байгаа нь компанийн дотоод үйл ажиллагаанд нөлөөлөөд зогсохгүй ажилчдын сэтгэл зүйд ч нөлөөлж, уур амьсгалыг эвдэж байна ...” гэжээ /.х.х-ийн 61-62, 132-133 дахь талд/

Нэхэмжлэгч У.Г- нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хурал болоогүй, тус хурлын протоколд дурдагдсан агуулгаас компанийн хувьцаа эзэмшигчээс татгалзсан хэсгийг хүлээн зөвшөөрч, харин ажлаас өөрийн хүсэлтээр гарах хүсэлтээ илэрхийлээгүй гэж маргасан.

Шүүх хуралдаанд гэрч Анар мэдүүлэхдээ “... У.Г- ажлаас гарна гэснийг гэрчилж байна. У.Г- ажилдаа анхаарахгүй. Мөн үйлчлүүлэгчтэй эвгүй харилцсан учраас цаашид ямар саналтай байгаа талаар асуухад ажлаасаа гарна, өөрийнхөө хувийг авна. Мөн компанийн нэр дээр байдаг “Акуа” машиныг авах хүсэлтэй байна гэж хэлсэн. Эхлээд зөвшөөрөөгүй ч сүүлд нь бид машин авахыг зөвшөөрсөн. Ингээд У.Г- өөрийн хувь эзэмшлээс татгалзсан. Үүний дараа 3 сарын дундуур шүүхээс нэхэмжлэл ирсэн байсан ...” гэж мэдүүлсэн.

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан 2019 оны 01 дүгээр сарын 02, 01 дүгээр сарын 14-ны өдрийн хурлын протокол, гэрчийн мэдүүлэг, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай “Хувьцаа эзэмшигчээс чөлөөлөгдөх тухай” тогтоол болон “Хөрөнгө шилжүүлэх тухай” баримтуудыг харьцуулан дүгнэхэд нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэл зоригтой байсан гэж үзэхээр байна. /х.х-ийн 61-62, 64-65, 132-133 дахь талд/

Хэдийгээр ажилтан У.Г- нь хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай хүсэлтийг бичгээр ажил олгогчид гаргаагүй байх боловч энэ талаар хүсэлтээ ажил олгогчид амаар илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хувьцаа эзэмшигчээс чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн харин ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлээгүй тус хурлын протоколын ажлаас чөлөөлөгдөнө гэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байх боловч тус тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

Нэхэмжлэгч У.Г-г ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлэхэд ажил олгогч “М линк” ХХК-ийн зүгээс ямар нэгэн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл үзүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул түүнийг өөрийн сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай хүсэлтийг гаргасан гэж үзэв.

Дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч У.Г-г ажлаас чөлөөлсөн хариуцагч “М линк” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/01 дугаартай тушаал хууль зүйн үндэслэлтэй байх тул тээврийн мэргэжилтнээр ажиллуулахыг даалгах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт “Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй” гэж, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт “Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно” гэж, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно. Мөнгөн урамшуулал олгох журмыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажил олгогчийн шийдвэрээр зохицуулна” тус тус зохицуулснаар ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлөхдөө ажил үүргээ гүйцэтгэж байсан хугацааны цалин хөлс, ээлжийн амралтыг биеэр эдлээгүй тохиолдолд зохих олговрыг олгох зэргээр холбогдох тооцоог хийх үүрэгтэй юм.

Хэрэгт авагдсан “Хөрөнгө шилжүүлэх тухай” баримтад “ ... хувьцаа эзэмшигчийн өөрт ногдох хувь ашигт оролцуулан тооцож дээрх хөрөнгийг шилжүүлэн өгч байгаа болно” гэснээс үзэхэд байгууллагын эзэмшлийн Тоёота Акуа маркийн УНЛ 12-26 дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн 2019 оны 01, 02 дугаар сарын цалин, амралтын мөнгө, хувьцааны ноогдол ашигт тооцон шилжүүлж өгсөн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

Түүнчлэн, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш нэхэмжлэгч ажилдаа ирээгүй, ажил үүргээ гүйцэтгээгүй гэх хариуцагчийн тайлбар хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч “М линк” ХХК-иас 2019 оны 01, 02 дугаар сарын цалин хөлстэй тэнцэх олговор болон 2018 оны ээлжийн амралтын олговрыг тус тус гаргуулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн нэг сарын цалин хөлс болох 1,000,000 төгрөгөөр тооцон /2019 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг дуустал/ 1 сар 17 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорт 1,711,111 төгрөг, ээлжийн амралтын олговорт 558,964 төгрөг нийт 2,270,075 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч болон ажилтан нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч У.Г-д дээрх цалин хөлстэй тэнцэх олговор олгохдоо нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасч тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

Иймд, дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, тээврийн мэргэжилтнээр ажиллуулахыг даалгах, 2019 оны 03, 04, 05 дугаар сарын хөлстэй тэнцэх олговор 3,288,889 төгрөг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нотолж шүүхээс үзлэг хийж бэхжүүлсэн Вичат мессенжерийн Gary_0322 хаяг дахь мессеж, docs.google.com буюу google drive-н [email protected] болон компанийн google хаягийн линкэнд хийсэн баримт болон ачаа хүргэлтийн баримтуудаар нэхэмжлэгч ажил үүргээ гүйцэтгэж байсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно. /х.х-ийн 154-192 дахь талд/

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн хүрээнд буюу зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн гэрээний харилцаанд эрх зүйн дүгнэлт хийсэн тул хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчээс чөлөөлсөн шийдвэр болон хөрөнгө шилжүүлсэн этгээд болон тэдгээрийн хооронд үүссэн аливаа харилцаа нь хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55,2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “М линк” ХХК-иас 2,270,075 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч У.Г-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас тээврийн мэргэжилтнээр ажиллуулахыг даалгах, 2019 оны 3, 4, 5 дугаар сарын хөлстэй тэнцэх олговор 3,288,889 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

  2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч У.Г-д 2,270,075 төгрөгийн цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохдоо нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “М линк” ХХК-нд даалгаж, 3,288,889 төгрөгийн цалин хөлстэй тэнцэх олговорт нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “М линк” ХХК-д даалгах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч У.Г-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,850 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М линк” ХХК-иас 51,271 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч У.Г-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.