Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2023/02983

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б

Хариуцагч: ШГА

Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дугаар 01 тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийг 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б, өмгөөлөгч Э.Ш, хариуцагчийн төлөөлөгч А.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулж Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дугаар 01 тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Б миний бие Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн .. захирамжтай шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгчөөр оролцсон ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад миний өмчлөлийн барьцаа хөрөнгө ... өртөөний хэсэг 24 мкв талбайтай түгээгчийн байр, 3 ш түгээгүүр, мөн хаягт байрлах 6540 мкв талбайтай газрыг эд хөрөнгийн анхны болон хоёр дахь дуудлага худалдаагаар борлогдоогүй тул үл хөдлөх хөрөнгийг хуульд заасны дагуу төлбөр авагчид санал болгож хурлаар оруулж улмаар 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн санал болгох ажиллагааны үеэр хамтран худалдан борлуулахаар тохиролцож эвлэрсний үндсэн дээр төлбөр авагчаас 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлтийг гаргасан. Төлбөр авагчийн уг хүсэлтийг хүлээн авч тус газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1/30 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ШШГТХуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т заасан үндэслэлээр дуусгавар болгосон. Уг ажиллагаа дуусгавар болсноос хойш барьцаа хөрөнгийг тус банк бус санхүүгийн байгууллагатай хамтран буюу дангаараа худалдахаар эрмэлзэж ирсэн ба тус байгууллагаас миний хөрөнгийг маш бага үнээр худалдах саналыг тавьж саналын зөрүү гарсан, түүнчлэн цар тахлын улмаас худалдан авагч олдоогүй. Энэ хугацаанд 290,000,000 төгрөг төлсөн. Одоогийн байдлаар төлбөрийн үлдэгдэл 219,164,682 төгрөг байна. Төлбөр авагч нь төлбөр төлөгчтэй эвлэрч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгуулсан мөртлөө хүсэлт гаргаж 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн дугаар 22/15 тогтоолоор дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж улмаар дээрх үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчийн нэр дээр шилжүүлэх ажиллагааг явуулсан байдаг. Уг үйл явдлыг миний зүгээс эс зөвшөөрч хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж тус шүүхийн шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн. Гэтэл Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ерөнхий шийдвэр гүйцэтгэгч 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрий дугаар 01 тогтоолоор ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1/30 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тогтоолыг хүчингүйд тооцож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин явуулахаар шийдвэрлэж миний эрх ашиг, сонирхолыг ноцтой зөрчиж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохтой холбоотой талуудын эвлэрлийг шийдвэр гүйцэтгэгч, эрх бүхий албан тушаалтан нь хуульд нийцүүлэн шийдвэрлээгүйгээс нэгэнт дуусгавар болсон ажиллагааг сэргээлгэх хүсэлт, гомдлыг төлбөр авагчаас дахин гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4, 301 дүгээр зүйл заалттай нийцээгүй байна. Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч ШШГТХуулийн 271 дүгээр зүйлийн 271.3.3-т заасныг үндэслэн шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй, албан тушаалтан аливаа гомдлыг шийдвэрлэхдээ дээр дурдсанчилан хууль зөрчиж, илт нэг талыг барьсан шийдвэр гаргахыг түүний бүрэн эрх биш гэж үзэж байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дугаар .. тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргаж байна гэв.

2. Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх алба шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбар гаргаж байна. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/.. захирамжаар Б.Баас 509,164,682 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 1,464,391 төгрөгийн хамт гаргуулж ...ББСБ ХХК-нд олгож, төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангахаар шийдвэрлэж, гүйцэтгэх баримт бичигт 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн үүргийг биелүүлээгүйгээс үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгүүдийг хурааж, шинжээчийн тогтоосон үнэлгээг талуудад танилцуулж, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулсан боловч дээрх хөрөнгүүд худалдан борлогдоогүй. Төлбөр төлөгч Б.Баас хөрөнгө битүүмжилсэн, хураасан болон албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчөөс ...91 мкв талбайтай дэлгүүр, 270 мкв талбайтай гараж, ... 575 мкв талбайтай газрын хамт 290,000,000 төгрөгөөр худалдан борлуулж төлбөрөөс хэсэгчлэн барагдуулсан. Үлдсэн барьцаа ...өртөөний хэсэг 24 мкв талбайтай түгээгчийн байр, 3 ширхэг түгээгүүр, 6450 мкв талбайтай газрыг 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн дотор худалдан борлуулж, үлдэгдэл 219,164,682 төгрөгийг барагдуулахаар талууд хоорондоо эвлэрсэн хүсэлтийг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1/30 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт, өөрчлөлт 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 07 /1109/ дугаар Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдсэн. Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т Монгол улсын хуулийг Улсын их хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд болно гэж заасан, уг хуулийн заалтыг дагаж мөрдөхөөс өмнө буюу 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон, төлбөр авагч ... ХХК-ийн хүсэлт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д төлбөр төлөгчөөс шүүхийн шийдвэрт заасан хөрөнгө, мөнгийг гаргуулснаар төлбөрийг биелүүлсэнд тооцно гэж заасан, уг төлбөрийн үүрэг бүрэн хангагдаагүйг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 22/15 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн. Гэтэл төлбөр төлөгч Б.Баас дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа сэргээх тухай тогтоолыг хүчингүйд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж Баянгол дүүргийн шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэрээр дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоол-ыг хүчингүйд тооцож, шийдвэрийн үндэслэх хэсгийн 12 дугаар хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг төлбөр төлөгч, төлбөр авагч нар эвлэрсэн үндэслэлээр дуусгавар болгохдоо барьцаа хөрөнгийг 6 сарын хугацаанд худалдан борлуулаагүй бол хэрхэх талаар тодорхой тохиролцоогүй буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудын эвлэрэл бүрэн биш, тодорхойгүй байхад эвлэрсэн үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 дэх заалтыг баримтлан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь хуульд нийцээгүй, мөн 14 дэх хэсэгт дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан сэргээх үндэслэлд хамаарахгүй байх ба тодорхой бус эвлэрлийн гэрээгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосныг хүчингүй болгох байтал хууль зөрчиж сэргээсэн байна гэж дүгнэн шийдвэрлэсэн. Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн магадлалд мөн дурдаж шийдвэр хэвээр үлдсэн. Магадлалд 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар 1/30 Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тогтоол нь хуульд нийцүүлэн хэрхэн зөвтгөж явуулах нь хариуцагчийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэн явуулах байсныг дурдсан гэв.

3. Нэхэмжлэгчээс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн дугаар 102/ШШ2022/0... шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дугаар 210/МА2022/0... магадлал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дугаар ... тогтоол, Нийслэлийн Прокурорын газрын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн дугаар ... Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол, Үл хөдлөх хөрөнгийг худалдахад зуучлах гэрээ, Өдрийн сонин, Нийслэлийн Прокурорын газрын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Гомдлын хариу өгөх тухай албан бичиг,

4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч талаас төлбөр авагч ...-ын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн гомдол гаргах тухай албан бичгийг нотлох баримтаар шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч нь төлбөр төлөгчтэй эвлэрсэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг тус газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн .. дугаар тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т зааснаар дуусгавар болгосон. Гэтэл Шийдвэр гүйцэтгэх албаны ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дугаар ... тогтоолоор ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүчингүйд тооцож иргэн миний эрх, ашиг сонирхолыг ноцтой зөрчсөн. Мөн төлбөр авагч нь хуульд заасан гомдол гаргах эрхээ алдсан, гомдол гаргах эрхгүй, хугацаандаа гомдол гаргаагүй байхад өөрийн бүрэн эрхэд нийцээгүй хууль зөрчиж илт нэг талыг барьсан шийдвэр гаргасан тул ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол хүчингүй гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

3. Хариуцагч нь төлбөр авагч, төлбөр төлөгч нар хөрөнгийг 6 сарын хугацаанд худалдан борлуулаагүй бол хэрхэх талаар тодорхой тохиролцож эвлэрээгүйг хуулийн зохицуулалтад нийцээгүй гэж дүгнэн сэргээсэн. Уг сэргээсэн тогтоолыг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд хандаж шүүхийн шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан сэргээх үндэслэлд хамаарахгүй, тодорхой бус эвлэрлийн гэрээгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосныг хүчингүй болгох байтал хууль зөрчиж сэргээсэн гэж дүгнэсэн тул төлбөр авагчийн хүсэлтээр ерөнхий шийдвэр гүйцэтгэгч ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хуульд нийцүүлэн хэрхэн зөвтгөж явуулах нь хариуцагч байгууллагын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэгдэх асуудал гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон.

4.1.1. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Б.Б, төлбөр авагч ... ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Санал болгох ажиллагааны үеэр үл хөдлөх хөрөнгийг 6 сарын хугацаанд нэр шилжүүлэхгүйгээр хамтран худалдан борлуулахаар тохиролцон эвлэрч, хүсэлт гаргаж уг тохиролцоог үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т заасан заалтыг баримтлан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ... тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгаж, хувийн хэргийг хаасан байна.

Төлбөр авагч ... 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ирүүлсэн хүсэлтийг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн дугаар ... Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолоор дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээжээ.

Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг төлбөр төлөгч, төлбөр авагч нар эвлэрсэн үндэслэлээр дуусгавар болгохдоо барьцаа хөрөнгийг 6 сарын хугацаанд худалдан борлуулаагүй бол хэрхэх талаар тодорхой тохиролцоогүй буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудын эвлэрэл бүрэн биш, тодорхойгүй байхад эвлэрсэн үндэслэлээр буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 дэх заалтыг баримтлан шийдвэр гүйцэтгэх ажиллагаг дуусгавар болгосон нь хуулийн зохицуулалтад нийцээгүй, дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан сэргээх үндэслэлд хамаарахгүй, тодорхой бус эвлэрлийн гэрээгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосныг хүчингүй болгох байтал хууль зөрчиж сэргээсэн нь үндэслэлгүй. Тус 2020 оны ... дугаар тогтоолоор дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрхэн зөвтгөж явуулах нь хариуцагчийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх асуудал гэж дүгнэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 22/15 тоот дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон, эдгээр үйл баримтад талууд маргаагүй.

4.1.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр заавал биелэгдэх үр дагавартай бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.3-т Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 271.1, 271.2-т заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж мөн хуулийн 271 дүгээр зүйлийн 271.3.3-т заасныг үндэслэн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн үйлдсэн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ... дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаг дуусгавар болсон тухай тогтоолыг 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дугаар ..тогтоолоор хүчингүйд тооцжээ.

Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч өөрт хуулиар олгогдсон бүрэн эрхийг хэрэгжүүлж тогтоол гаргасан нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

5. Нэхэмжлэгчээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны ерөнхий шийдвэр гүйцэтгэгч Ч.От холбогдуулан гаргасан гомдолд хэрэг нээхээс татгалзсан Прокурорын газрын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн дугаар .. прокурорын тогтоол, мөн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан Нийслэлийн Прокурорын газрын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Гомдлын хариу өгөх тухай албан бичгийг тус тус ирүүлсэнд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

6. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т зааснаар хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дугаар ... тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА