Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/01876

 

2023 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/01876

 

Б.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2023/02983 дугаар шийдвэртэй,

 

Б.Бын нэхэмжлэлтэй

Ш холбогдох,

 

Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч Э.Шинэзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Миний бие Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01611 захирамжтай шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгчөөр оролцсон ба миний өмчлөлийн барьцаа хөрөнгө анхны болон хоёр дахь дуудлага худалдаагаар борлогдоогүй тул талууд хамтран худалдан борлуулахаар тохиролцож эвлэрч, төлбөр авагчийн хүсэлтээр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1/30 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т заасан үндэслэлээр дуусгавар болгосон.

1.2. Төлбөр авагчийн хүсэлтээр 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн дугаар 22/15 тогтоолоор дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээснийг эс зөвшөөрч хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

1.3. Гэтэл Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрий дугаар 01 тогтоолоор ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1/30 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тогтоолыг хүчингүйд тооцож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин явуулахаар шийдвэрлэж миний эрх ашиг, сонирхолыг ноцтой зөрчиж байна.

1.4. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дугаар 01 тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.  

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/01611 захирамжаар Б.Баас 509,164,682 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 1,464,391 төгрөгийн хамт гаргуулж “-ББСБ” ХХК-д олгож, төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэж, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, хуульд заасан журмын дагуу явуулан анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулсан боловч барьцаа хөрөнгүүд худалдан борлогдоогүй.

2.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа Багахангай дүүргийн 2 дугаар хороо, өртөөний хэсэг 24 м.кв талбайтай түгээгчийн байр, 3 ширхэг түгээгүүр, 6,450 м.кв талбайтай газрыг 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн дотор худалдан борлуулж, үлдэгдэл 219,164,682 төгрөгийг барагдуулахаар талууд хоорондоо эвлэрсэн хүсэлтийг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1/30 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон.

2.3. Төлбөр авагч “-ББСБ” ХХК-ийн хүсэлт, уг төлбөрийн үүрэг бүрэн хангагдаагүйг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 22/15 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн боловч төлбөр төлөгч Б.Баас дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа сэргээх тухай тогтоолыг хүчингүйд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж уг нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэсэн.

2.4. Хариуцагч байгууллага өөрийн бүрэн эрхийн хүрээнд төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 дүгээр тогтоолоор ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 1/30 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тогтоолыг хүчингүйд тооцсон нь хуульд нийцсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.  

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш холбогдох Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дугаар 01 тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 108 дугаар магадлалд төлбөр авагч нь хуульд заасан үндэслэлээр нэгэнт дуусгавар болгосон шийдвэрт гомдол гаргах эрхгүй талаар тодорхой заасан байхад Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

4.2. Хэрэгт авагдсан Нийслэлийн прокурорын газар болон Улсын Ерөнхий прокурорын газрын шийдвэрт “...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн төрийн албан хаагчийн мэргэжлийн ур чадвартай холбоотой үйлдэл гэж үзэхээр байна...” гэж дүгнэснээс үзэхэд Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч шийдвэрээ гаргахдаа хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэдгийг прокурорын байгууллага ч мөн дүгнэсэн байна.

4.3. Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.3.1-д заасан эрхээ хэрэгжүүлэхдээ буюу шийдвэр гаргахдаа хуульд заасан үндэслэл, журам, дараалал, хуулийн хугацааг баримтлах ёстой гэж үзэж байна.

Төлбөр авагч “-ББСБ” ХХК нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсноос хойш 3 жил гаруй хугацааны дараа, давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 2 сарын дараа гомдлын дагуу холбогдох шийдвэрийг гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.4, 8.1.6, 29 дүгээр зүйлийн 29.1.4, 29.3, 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4, 301 дүгээр зүйлийн 301.1, 301.2 дахь хэсэгт тус тус заасныг зөрчсөн.

4.4. Б.Б миний зүгээс өмнө нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 290,000,000 төгрөгийн төлбөрийг барагдуулсан ба өнөөдрийг хүртэл төлбөр авагчийн үлдэгдэл төлбөр болох 219,000,000 төгрөгийг барагдуулахаар сонинд зар өгч, өөрийн эд хөрөнгүүдээ, бодит зах зээлийн үнэлгээгээр нь худалдан борлуулах талаар идвэхи санаачилга гаргаж ирсэн бөгөөд энэ талаарх баримтуудаа шүүхэд баримтаар гаргаж өгсөн болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжпэгчийн нэхэмжлэлийг хангаж, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

 

5. Хариуцагч давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хэргийг хянаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Ш холбогдуулан Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1611 дугаар захирамжаар Б.Баасанбазраас 509,164,682 төгрөг гаргуулж “-ББСБ” ХХК-д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.   

Энэ шийдвэрийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой баримт хэрэгт бүрэн авагдаагүйгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан эсэх, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1/30 дугаар “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай” тогтоол хуульд нийцсэн эсэх нь тодорхойгүй байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3 дахь хэсэгт “Гомдол гаргагч гомдлын хууль зүйн үндэслэл, нотолгоог гаргах, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөгч гомдлыг зөвшөөрч байгаа эсэх, хэрэв зөвшөөрөхгүй байвал татгалзал, түүний хууль зүйн үндэслэлийг нотлох замаар мэтгэлцэнэ”, 159.4 дэх хэсэгт “Шүүх аж ахуйн нэгж, байгууллага тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцэж буй эсэх, шийдвэрийг эрх бүхий этгээд аргасан, гомдол үндэслэлтэй эсэхийг тогтооно” гэж зааснаас дүгнэвэл шүүх гомдлыг үндэслэн хариуцагч байгууллагын ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг дүгнэхэд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой баримтад дүгнэлт хийх учиртай. Гэтэл хариуцагч байгууллага нь ажиллагаа хийсэн баримтыг гаргаж өгөөгүй байхад уг дүгнэлтийг хийхэд учир дутагдалтай байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

 

4. Хэрэгт ач холбогдол бүхий баримт байхгүйгээс хэргийн үйл баримт бүрэн тогтоогдохгүй байх бөгөөд дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2023/02983 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЦОГТСАЙХАН

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ

 

                                              ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА