Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/00604

 

 

 

 

 

 

             

    2024        03           25                                       210/МА2024/00604

 

Б.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Энэбиш, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2024/00533 дугаар шийдвэртэй,

 

Б.Бын нэхэмжлэлтэй

ШШГЕГт холбогдох,

 

Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Шийдвэр гүйцэтгэх газар нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1/30 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг МСГ ХХК -тай хамтарч дуусгасан.

1.2. МСГ ХХК -ийн захирал болон хуулийн зөвлөх, эдийн засагчтай нийлээд арав гаруй хүн эвлэрлийн гэрээ байгуулсан. Тухайн үед эвлэрлийн гэрээг ямар үр дагавартай талаар тайлбарлаж өгсөн. Гэтэл дуусгавар болсон тогтоолыг шийдвэр гүйцэтгэгч сэргээсэн.  МСГ ХХК гомдол гаргахдаа хуульд заасан хугацааг зөрчсөн. Мөн би МСГ ХХК -ийн төлбөрийг өгөхгүй гээгүй, төлнө гэсэн ба авсан зээлийнхээ 60 хувийн төлсөн гэж үзэж байгаа. 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дуусгавар болсон тогтоолыг хүчингүй болгосонг хүлээн зөвшөөрөхгүй байна.

1.3. Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.3.1-д заасан эрхээ хэрэгжүүлэхдээ буюу шийдвэр гаргахдаа хуульд заасан үндэслэл, журам, дараалал, хуулийн хугацааг баримтлах ёстой.

 Төлбөр авагч МСГ ХХК шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсноос хойш 3 жилийн дараа давж заалдах шатын шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 2 сарын дараа гомдлын дагуу холбогдох шийдвэрийг гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1.4 дэх хэсэг, 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэг, 301.1, 302 дахь хэсгийг тус тус зөрчсөн байна.

1.4. Төлбөр авагчийн төлбөрийг барагдуулахын тулд шатахуун түгээх станцаа худалдахаар “Өдрийн сонин”, “1950” гэх мэт заруудын сайтад зар тавьсан.

Би МСГ ХХК -тай хамтарч ажиллах талаар зөндөө санал тавьж байсан боловч хөдөлмөрлөж босгосон бизнесийг үнэгүйдүүлэх гээд байгаад гомдолтой байна. Иймд Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1611 тоот захирамжаар Б.Баас 509,100,000 төгрөг гаргуулж МСГ ХХК -д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн.

2.2. Шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн үүргийг биелүүлээгүйгээс барьцаа хөрөнгийг битүүмжилж хураагаад үнэлгээ тогтоолгож, уг үнэлгээг талуудад танилцуулаад анхны болон 2 дахь албан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй.

2.3. Б.Баас хөрөнгө битүүмжилсэн болон хураасан ажиллагааг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 2820 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Ингээд төлбөр төлөгчөөс Баянгол дүүргийн 10 дугаар хороонд байрлах, 2 үл хөдлөх эд хөрөнгө, газрын хамт 290,000,000 төгрөгөөр худалдан борлуулаад төлбөрөөс хэсэгчлэн төлсөн байгаа. Үлдэгдэл 219,100,000 төгрөгт талууд хоорондоо эвлэрсэн. Энэ эвлэрлийг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Дуусгавар болгосноос хойш МСГ ХХК -иас гомдол гаргаад ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 2215 тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн. Ингээд төлбөр төлөгчөөс сэргээсэн тогтоолыг хүчингүй болгуулахаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад 2022 оны 3624 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Шүүхийн шийдвэрт  шийдвэр гүйцэтгэх ажиллагааг төлбөр төлөгч, төлбөр авагч нар эвлэрсэн үндэслэлээр дуусгавар болгохдоо барьцаа хөрөнгийг 6 сарын хугацаанд худалдан борлуулаагүй бол хэрхэх талаар тодорхой тохиролцоогүй буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудын эвлэрэл бүрэн биш тодорхойгүй байхад эвлэрсэн үндэслэлээр ажиллагааг дуусгавар болгосон нь хуульд нийцээгүй байна гэж, мөн дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан  ажиллагааг сэргээх үндэслэлд хамаарахгүй, тодорхой бус эвлэрлийн гэрээгээр шийдвэрлэсэн ажиллагааг дуусгавар болгосныг хүчингүй болгох байдлаар хууль зөрчиж сэргээсэн гэж дүгнэсэн.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 2108 дугаар магадлалд “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр заавал биелэгдэх үр дагавартай, төлбөр төлөгч төлбөр авагч нарын эвлэрлийн үр дагавар тодорхойгүй байхад эвлэрсэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон хуульд нийцээгүй байна, 2020 оны 0130 дугаар тогтоолоор дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрхэн зөвтгөж явуулах нь хариуцагчийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх асуудал” гэж дүгнэсэн.

2.4. Үүнийг үндэслэн Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01/30 гэсэн тогтоолоор ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгож ажиллагаа үргэлжлэх явцад шүүхэд нэхэмжлэл гаргаад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн байгаа.

Түүнээс МСГ ХХК -тай хамтарч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон асуудал байхгүй. Мөн Авлигатай тэмцэх газраас Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийг хууль зөрчсөн гэж дүгнэсэн зүйлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1/3 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 01 тоот тогтоолоор хүчингүй болгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 263 дугаар зүйлийн 263.2,  271 дүгээр зүйлийн 271.3.1, 271.3.3 дэх хэсэгт заасантай нийцсэн.

3.2. Газар эзэмших эрхийг шилжүүлээгүйгээс уг асуудал үүсчихсэн байгаа. Барьцаа хөрөнгөөс Ү-22******** тоот 24 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг МСГ ХХК -д шилжүүлсэн. Газар эзэмших эрхийг ийнхүү шилжүүлэн өгөөгүй учир төлбөрт тооцож авах боломжгүй.

 Б.Б тухайн газрыг худалдаж өр төлбөрийг төлөх тухай асуудлыг ярьдаг боловч зөвхөн тухайн хөрөнгөөр бус өөрийн мөнгөн хөрөнгөөр төлбөр төлөх бүрэн боломжтой байсаар атал хугацаа хожиж, энэ мэтээр хойшлуулж бидний эрх ашгийг ноцтой хохироож байгаа тул  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.  

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасныг баримтлан 2023 оны 03 сарын 27-ны өдөр дугаар 01 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүчингүйд тооцох тухай тогтоолыг хүчингүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

5.1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/01611 дугаар захирамжаар Б.Б-аас 509,164,682 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1,464,391 төгрөгийн хамт гаргуулж МСГ ХХК -д олгож, төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд Багахангай дүүргийн **************** түгээгчийн байр, 3 ширхэг түгээгүүр, 6450 м.кв талбайтай газар, Баянгол дүүргийн 1**************** хаягт байрлах, 91 м.кв талбайтай дэлгүүр, 270 м.кв талбайтай гараж, Баянгол дүүргийн ***************************тоот хаягт байршилтай, 575 м,кв талбайтай газраар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн.

Шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн үүргийг биелүүлээгүйгээс үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгүүдийг хурааж, шинжээчийн тогтоосон үнэлгээг талуудад танилцуулж, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулсан боловч дээрх хөрөнгүүд худалдан борлогдоогүй.

5.2. Төлбөр төлөгч Б.Баас хөрөнгө битүүмжилсэн, хураасан болон албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/02820 дугаар шийдвэрээр нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлсэн.

5.3. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчөөс Баянгол дүүргийн ********* талбайтай гараж, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, ************* м.кв талбайтай газрын хамт 290,000,000 төгрөгөөр худалдан борлуулж, төлбөрөөс хэсэгчлэн барагдуулсан.

Үлдсэн барьцаа хөрөнгө болох Багахангай дүүргийн ********** талбайтай түгээгчийн байр, 3 ширхэг түгээгүүр, 6450 м.кв талбайтай газрыг 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн дотор худалдан борлуулж, үлдэгдэл 219,164,682 төгрөгийг барагдуулахаар талууд хоорондоо эвлэрсэн хүсэлтийг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1/30 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон.

5.4. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 3/-т  “Монгол Улсын хуулийг Улсын Их хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтлэснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт, өөрчлөлт 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 07 /1109/ дугаар “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдсэн. Уг хуулийн заалтыг дагаж мөрдөхөөс өмнө буюу 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон.

5.5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт "төлбөр төлөгчөөс шүүхийн шийдвэрт заасан хөрөнгө, мөнгийг гаргуулснаар төлбөрийг биелүүлсэнд тооцно” гэж заасны дагуу төлбөр авагч МСГ ХХК -ийн хүсэлтийг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 22/15 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн.

5.6. Төлбөр төлөгч Б.Баас “дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа сэргээх тухай тогтоол”-ыг хүчингүйд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2022/03624 дүгээр шийдвэрт “дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоол”-ыг хүчингүйд тооцож, шийдвэрийн үндэслэх 12 дугаар хэсэгт “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг төлбөр төлөгч, төлбөр авагч нар эвлэрсэн үндэслэлээр дуусгавар болгохдоо барьцаа хөрөнгийг 6 сарын хугацаанд худалдан борлуулаагүй бол хэрхэх талаар тодорхой тохиролцоогүй буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудын эвлэрэл бүрэн биш, тодорхойгүй байхад эвлэрсэн үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 дэх заалтыг баримтлан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь хуульд нийцээгүй”, мөн 14 дэх хэсэгт “Дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан сэргээх үндэслэлд хамаарахгүй байх ба тодорхой бус эвлэрлийн гэрээгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосныг хүчингүй болгох байтал хууль зөрчиж сэргээсэн байна” гэж дүгнэн шийдвэрлэсэн.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2022/02108 дугаар магадлалын 8 дугаар хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр заавал биелэгдэх үр дагавартай, хуульд зааснаас бусад тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудын эвлэрэл нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх агуулга, үр дагаварт чиглэгдсэн байна. Төлбөр төлөгч, төлбөр авагч нарын эвлэрлийн үр дагавар бүрэн биш, тодорхойгүй байхад эвлэрсэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон хариуцагчийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1/30 дугаартай тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т нийцээгүй...”;

 магадлалын хянавал хэсгийн 9-т “2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1/30 дугаар тогтоолоор дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрхэн зөвтгөж явуулах нь хариуцагчийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх асуудал болохыг дурдах нь зүйтэй” гэж дүгнэсэн.

 Шүүхийн магадлал, төлбөр авагч хуулийн этгээдийн гомдлыг тус тус үндэслэн Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 дүгээр тогтоолоор ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 1/30 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тогтоолыг хүчингүйд тооцсон нь хуульд нийцсэн. Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимтай бөгөөд үлдэгдэл 219,164,682 төгрөгийн төлбөр өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй, төлбөр авагч-хуулийн этгээдийн эрх ашиг хохирч байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

 

6. Нэхэмжлэгч талын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн.

6.1. Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчээс бүрэн эрхээ хэрэгжүүлж доод шатны албан тушаалтны шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журам хуулийн хугацааг баримталсан.

Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч 01 дугаартай тогтоолыг гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 29 дүгээр зүйлийн 29.1.4, 29.3, 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4, 301 дүгээр зүйлийн 301.1, 302 дугаар зүйлд заасныг тус тус зөрчсөн.

МСГ ХХК -аас 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хааж өгнө үү гэх хүсэлтийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасны дагуу талууд эвлэрсэн гэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.

Төлбөр авагчаас 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр НШШГГт “шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж өгнө үү” гэх агуулгатай гомдол гаргасны дагуу ерөнхий шийдвэр гүйцэтгэгч 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр тухайн гомдлыг хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгосон.

Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд төлбөр авагчийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн гомдлыг хүлээн авч шийдвэрлэхдээ “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зүйл заалтууд нь гомдлыг шийдвэрлэхтэй хэрхэн нийцэж байгаа, гомдол гаргах хугацааг хэрхэн яаж тооцсон, гомдол гаргах эрхгүй гэх үндэслэлээр дуусгавар болсон хэргийг ямар байдлаар шийдвэрлэх талаар тогтоолд тусгаагүй буюу хуульд заасан үндэслэл журмыг баримтлаагүй” гэж үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч ШШГЕГ ШГАнд холбогдуулан Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. Анхан шатны шүүх уг гомдолд 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШЗ2023/07852 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэхдээ хариуцагчийг ШШГЕГ ШГА гэж тодорхойлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хариуцагч байгууллагыг солих ажиллагаа хийгээгүй атлаа шийдвэрт нэрийг нь НШШГГ гэж буруу тодорхойлсоныг дүгнэлт өгөх замаар залруулах боломжтой байна. 

 

3. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1611 дугаар захирамжаар Б.Б-аас 509,164,682 төгрөг гаргуулж МСГ ХХК -д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Уг шийдвэрийг албадан гүйцэтгэх баримтыг үндэслэж 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 16251363 дугаар “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай” тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

3.1. Төлбөр авагч МСГ ХХК 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1/1/11 тоот албан бичгийг НШШГГт илгээж, уг албан бичгээр “...Багахангай дүүрэг, 2 хороо Өртөөний хэсэг 24 мкв талбайтай түгээгчийн байр, 3 ширхэг түгээгүүр, /УБД-2209000102/, Багахангай дүүрэг, 2 хороо, Өртөөний хэсэг 6450м кв талбайтай газар /НТД18688249870847, гэрчилгээний дугаар №000431572/ үл хөдлөх хөрөнгийг төлбөрийн үлдэгдэл 219,164,682 төгрөгийн төлбөрт тооцож МСГ ХХК-ийн нэр дээр шилжүүлэх санал болгох хурлаар 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр оруулж талууд харилцан тохиролцож 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн дотор барьцаа хөрөнгийг худалдан борлуулж зээлийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоож гүйцэтгэх хуудас баримт бичиг, ажиллагааг хааж өгнө үү” гэсний дагуу шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай” 1/30 тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т заасныг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна.

 

3.2. Төлбөр авагч “МСГ” ХХК 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1/1/179 тоот албан бичгээр “...“МСГ” ХХК-ийн нэр дээр эд хөрөнгийг шилжүүлэх санал болгох хурлыг 2021 оны 01 дүгээр сард оруулсан боловч хөрөнгийг төлбөр төлөгчийн нэр дээрээс шууд худалдан борлуулахаар төлбөр төлөгчийн хүсэлтээр шийдвэрлэсэн бөгөөд өнөөдөр хүртэл худалдан авагч гарч ирээгүй, төлбөр тооцоо огт хийгдээгүй байгаа болно. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж төлбөрт санал болгох хурлыг дахин оруулж хөрөнгийг төлбөр авагчийн нэр дээр шилжүүлж өгнө үү” гэснийг үндэслэн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 22/15 дугаар “Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай” тогтоол гарч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн байна.

 

3.3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 4-182/10811 дугаар “Худалдан борлогдоогүй хөрөнгийг санал болгох тухай” албан бичгийг “МСГ” ХХК-д хүргүүлж, уг албан бичгээр “... дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.5 дах хэсэгт заасны дагуу шинжээчийн тогтоосон үнэ 100,000,000  төгрөгөөр тооцон авах санал болгож байгаа...” гэснийг төлбөр авагч “МСГ” ХХК 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1/1/187 дугаар албан бичгээр “...Багахангай дүүрэг, ************** мкв талбайтай түгээгчийн байр, 3 ширхэг түгээгүүр, /УБД-22**************/, Багахангай дүүрэг, ****************6450м кв талбайтай газар /НТД18***************, гэрчилгээний дугаар №000*************/ үл хөдлөх хөрөнгийг зээлийн төлбөрийн үлдэгдэл 219,164,682 төгрөгийн төлбөрт тооцож, “МСГ” ХХК-ийн нэр дээр шилжүүлж аваад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгохыг зөвшөөрч байна” гэж мэдэгджээ.

 

3.4. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 4-182/11418 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг төлбөр төлөгч Б.Бт хүргүүлж, худалдан борлогдоогүй хөрөнгийг шинжээчийн тогтоосон 100,000,000 төгрөгөөр тооцон авч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болгох тухай хүсэлт ирүүлснийг мэдэгдсэн байна.

Үүнийг төлбөр төлөгч Б.Б эс зөвшөөрч 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 22/15 дугаар “Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай” тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

3.5. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдийн 102/ШШ2022/03624 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2022/02108 дугаар магадлалаар 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 22/15 дугаар “Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай” тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаар тогтоолоор “төлбөр авагчийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн гомдлыг хүлээн авч шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гаргасан гомдлыг шийдвэрлэх хуульд заасан хугацааг хэрхэн тооцож байгаа, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4, 29.3 дах хэсэгт заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож хувийн хэргийг хаасан ажиллагааны талаар гомдол гаргах эрхгүй гэсэн хуулийн зохицуулалтад төлбөр авагчийн гомдол хэрхэн нийцэж байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй” гэх үндэслэлээр хүчингүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт алдаатай байх тул давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзэв.

 

4.1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2022/02108 дугаар магадлалд 2020 оны 1/130 дугаар тогтоолоор дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрхэн зөвтгөж явуулах нь хариуцагчийн байгууллагын эрх гэж дүгнэсэн. 

4.2. Үүний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаар “Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүчингүйд тооцох тухай” тогтоолоор “Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг үлдэгдэл төлбөрт тооцон худалдан борлуулж, зээлийн төлбөрийг төлүүлэхээр талууд харилцан тохиролцсон үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 113 дугаар зүйлийн 113.1 дэх заалтыг зөрчсөн … Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн үйлдсэн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1/30 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоол”-ыг хүчингүй тооцсугай.” гэж шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 271 дүгээр зүйлийн 271.3.1, 271.3.3-д заасантай нийцжээ.  

Өөрөөр хэлбэл,  Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн үйлдсэн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1/30 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоол”-ыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаар “Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүчингүйд тооцох тухай” тогтоолоор хүчингүй ажиллагааг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2022/02108 дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш явуулсныг хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэхгүй болно.

 

5. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2024/00533 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ШШГЕГ ШГАнд холбогдох Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЦОГТСАЙХАН

 

                                         ШҮҮГЧИД                                      Э.ЭНЭБИШ

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА